НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Михаил Задорнов: Либералчууд үргэлж бидний өнгөрсөн рүү нулимж байдаг

А.Наранцэцэг     Нийтлэгч
10 сарын өмнө /2017-02-02 10:52:07 GMT +8 / | 16510 удаа уншсан

Оросын алдарт зохиолч Михаил Задарновын сонирхолтой ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.  

-Михаил Задорнов эдүгээ 65 настай. (энэхүү ярилцлагыг тэрбээр 2013 онд өгсөн юм) Харин түүний энерги, биеийн байдал хэн бүхэнд байхааргүй залуу хүү шиг л байна. Концерт тоглож, ном бичиж, кинонд оролцож, ертөнцийг тойрон явдаг. Ерөөс түүний амьдрал дүв дүүрэн. Хаанаас ийм их хүч гарна вэ гэж гайхширмаар харагдах юм. Магадгүй цаг хугацаа түүний өмнө хүчгүй байдаг юм болов уу?... Гэвч Михаил Николаевич үүнтэй санал нийлсэнгүй, цаг хугацаа түүнийг хангалттай мэдэгдэхүйцээр өөрчилсөн гэнэ.

-Мэдээж насны эрхээр би маш их өөрчлөгдсөн, наад зах нь л гэхэд би ухаалаг болсон юм шиг санагддаг. Илүү ухаалаг болсон шүү. Ухаан гэдэг зүрхнээс гардаг, ухаан-машин юм бол, оюун ухаан-жолооч нь. Жолоочгүй машин үргэлж осол гаргадаг. Иймээс л зүрх хүнийг болон түүний тархийг удирдах хэрэгтэй. Харин ухаантай хүн гэж алдаа хийдэггүй хүнийг биш, хийсэн алдаан дээрээ дүгнэлт, гаргалгаа хийдэг хүнийг хэлдэг байх. Би бусад шиг л зөндөө алдаа гаргадаг, гэхдээ дахиж давтахгүйг хичээдэг.
-Тэгвэл таны өнгөрсөнд ямар алдаанууд үлдсэн бэ?
- Жишээ нь, би их уудаг байсан. Харин одоо уудаггүй. Маш их цаг хугацаа маань ямар ч утгагүй найзуудын яриан дунд алдагдсан шиг байна. Энэ ч бас засах хэрэгтэй болсон алдаа минь байв. Одоо ч гэсэн ярилцах шаардлага гардаг, гэхдээ өмнө нь долоо хоногийн дөчин цагийг чалчиж өнгөрөөдөг байсан бол, одоо хоёр цагаас хэтрүүлдэггүй. Бас нас нь яваад ирэхээр хүний шүд яагаад унадаг вэ. Бага идэх ёстой болохоор гэдгийг ойлгосноос хойш би бүрмөсөн махнаас татгалзсан. Энэ чинь идэхээ боль гэсэн хамгийн том л сануулга шүү дээ. Надаас байнга л та дэглэм барьж байгаа юм уу гэж асуудаг. Би дэглэм бариагүй ээ, зүгээр л би тааралдсанаа чихээд байдаггүй. Дэглэм барина гэдэг чинь бас л алдаа. Дэглэм бариарай гэж зөвлөмөөргүй байна, учир нь эцэст нь үс, хумс унаж, бэлгийн дур хүсэл буурч, сэтгэл тавгүйрхэж, депрессд орно. Зүгээр л юм бүхэнд хэмжээ бий. Хортой хүнс гэж байна, энэ бол мах, чихэр. Чихэр гэснээс одоохондоо амттанаас татгалзаж чадаагүй л байна, сэтгэлийн тэнхээ хүрэхгүй байх шиг. Эмч нар холестерин ихтэй хүнс битгий ид гэж хэлдэг шүү дээ, энэ их буруу, бага багаар идэх хэрэгтэй, тэгэхгүй бол сэтгэл гутралд орно, амиа хорлох шулуун замаа тавьж байна л гэсэн үг. Ер нь холестериноос л сэтгэл санаа дээрддэг юм шүү дээ.
-Биеийн ачааллын талаархи таны онол? Та өөрөө бол толгой дээрээ тогтдог, гар дээрээ ч явдаг, хэдэн цагаар ч хамаагүй явган сэлгүүцэж чаддаг шүү дээ!
- Нэгдүгээрт, фитнесыг хэтрүүлж, дараа нь эргэж ч чадахгүй болтлоо булчингаа хөгжүүлэх хэрэггүй. Хамгаалалтын албаны энэ бухнууд комикс номон дээр зурахад л зүгээр байх, тэд сарлаг шиг эв дүйгүй хөдөлдөг шүү дээ. Зөвхөн дорнын арга зүйг сонирхох хэрэггүй. Тэд тайтгаруулж, тайвшируулж, уран бүтээлч амьдралаас холдуулдаг. Одоо их йогоор хичээллэх болжээ, гэхдээ ихэнх тохиолдолд энэ жинхэнэ його биш байдаг л даа. Философгүй його бол зүгээр л сунгалтын гимнастик. Гэсэн ч тийм муу ч юм биш л дээ. Би бүх зүйл дээр Конфуцийн философийг дагаж явахыг хичээдэг. Худаг руу хувингаа огцом шидэх юм бол, тэр живнэ. Хэрэв түүнийг маш удаан буулгавал ус авч чадахгүй. Иймээс дундаж хурдыг баримтлах хэрэгтэй, үргэлж дунджыг сонго. Би хамт олны дунд маш бага байдаг, надад цөөхөн ч итгэлтэй найзууд маань үлдсэн, хэнд ч танигдаагүй, хэний ч танихгүй шинэ найзуудтай ч болсон. Зугаа цэнгээг бол цагийн гарз гэж боддог. “Та энэ бүхнийг яаж амжуулдаг юм бэ?” гэдэг асуултанд “би цагаа олон хүнтэй өнгөрөөдөггүй” гэж хариулдаг. Өмнө нь их тэгдэг байсан, бурханы авралаар тэр бүхэн ард үлджээ.
-Таны хийж бүтээсэн бүхнээс, хамгийн бахархмаар нь юу байсан бэ?
-Тийм ном, концерт байдаг. Санахаар халуун ч биш, хүйтэн ч биш, байсан уу байсан. Харин тийм уран бүтээлүүд байна, санах төдий сэтгэл санаа дээшлээд ирдэг. Миний хувьд хамгийн эхэнд энэ бол Оросын боловсролын тухай кино. Одоогийн байдлаар YouTube-д сая хүн үзсэн байна, одоо хүртэл өдөрт 3-4 мянган хүн үзэж байгаа. Бүр илүү таатай нь, миний ажиглалт үр дүнгээ өгөх нь. Жишээ нь, би Ерөнхийлөгчийн Тамгын газартай ямар ч холбоо байхгүй, яаж байж ч болох вэ дээ. Би чинь гол намыг нь шүүмжилдэг юм чинь. Тэдний нэг нь миний блогийг уншдаг байх. Ямар нэг бодлоо бичсэнээс хэдэн сарын дараа ч юм уу, ямар нэг хариу үйлдэл хийдэг. Жишээ нь, хоёр сарын өмнө би "Аpple"-н бүтээгдэхүүнүүд хүний байршил тогтоодог, энэ нь АНУ-ын Тагнуулын төв газрын тусгай бүтээл ба тэнэгүүд л үүнд баригдаж байна гэж бичсэн. Жирийн тэнэгүүд хэнд ч хэрэггүй, төрийн тэнэгүүд л хэрэгтэй байхгүй юу. Манай Ipad-тай ерөнхий сайд ямар нэг нууц газар луу оччихоод, өөрөө мэдээгүй байж байгаад л улс орны асуудлыг гадагш задруулах нь байна. Тэд сарын дараа Ipad-наасаа татгалзаж, манай генералууд шиг бүх тэмдэглэлээ харандаагаар бичдэг болсон. Нээрээ би бас манай генералууд дараагийн дайнд яг ялна, яагаад гэвэл тэд харандаагаар бичдэг гэж бичиж байсан юм байна. Аянгатай үед тоон панелууд, шингэн кристалууд муу ажилладаг. Одоогийн энэ бүх шинэ дэвшилтэд бүтээгдэхүүнүүд шинжлэх ухааны биш, бизнесийн төлөө.
-Таныг ретроград гэж нэрлэж болох нь ээ?
-Миний концертод их олон залуучууд ирэх болсон. Би өөрийн гэсэн маркетинг хийсэн. Үзэгчдийн 70 хувь нь 30 хүртэлх насны, 20 хувь нь 20 хүртэлх насныхан байна гэж. Тэд амьдралаа яаж аз жаргалтай болгох вэ гэдэг асуултад зөвлөгөө авахаар над дээр ирдэг юм. Би муугүй амьдарсан, бусдад жоохон заах эрх байгаа болов уу. Би тарган диетолог, бас үрчлээтсэн косметолог ч биш. Тийм ээ, америкчууд тэнэг л дээ, гэхдээ манайд ч бас дүүрэн тэнэгүүд байна шүү дээ. Ер нь америкчуудыг бодвол бүр илүү итгэмтгий. Саяхан Украинд очсон юм. Шинэ юм юу байв. Сонгууль. Цаг үргэлж тэнд сонгууль болж байдаг, үргэлж хэн нэгнийг нь сонгоно, дараа нь хулгайллаа гээд санаа алдаад л үлдэнэ. Сонгуулийн систем нь тийм ч зөв бишид л асуудал байгаа байхгүй юу. Хотын хуралдаан болоод хамгийн настай, хамгийн ухаантай, тархи нь хэдэн цааснаас хамааралгүй, пиардаад ч авч чадахгүй тийм хүмүүсийг сонгож байх үед байдал маш өөр байсан л даа.
-Гэхдээ ахмадууд үргэлж ухаалаг байдаггүй, бас зөнөсөн нь ч байна...
-Санал нэг байна, яагаад гэвэл тэд шүд нь уначихаад байхад л мах чихээд байдгаас болж байгаа юм. Коллективууд өөрийн хүнээ дүгнэж болж байна. Коллективоор л сонгох хэрэгтэй. Гэтэл намаараа сонгож байна. Нам бол коллектив биш, сүрэг мал. Чононууд нэгдмэл сүрэг болоод олзоо агнаад өөртөө хэсэг хүртдэг, тэд нэг нэгээрээ ан хийж чадахгүй шүү дээ. Сонгуульд ямар ч сайн юм байхгүй. Адаглаад үгийг нь хар л даа: “урна”(сонгуулийн хайрцаг, орч.) Хогонд л зориулсан. Эсхүл шарилд. Тийш нь юу хийж байна? Бюллетень!(мэдээ, хуудас, эмчийн акт, орч.) Өвчтэй хүмүүст л үүнийг өгдөг биз дээ. Эрх мэдэлтнүүд урьдаас таныг өвчтөн шиг үзэж, таныг тохуурхаж байна. Би ерөөсөө капитализм, “славянство” хоёрыг тохирохгүй гэж үздэг.
-Тэгвэл “славянство”- той юу тохирох юм бэ?
-Бид капитализмаас ч тэр, социализмаас ч тэр сайн бүхнийг нь авах хэрэгтэй. Хятадад одоо юу болж байна. Яаж үүнийг тодорхойлох вэ. Хятадууд Зөвлөлт холбоот улсаас сайныг нь, бүр мэдэгдэхүйц дэвшилтэд хувилбараар нь авсан. Хятадууд хүчтэй болохын тулд эдийн засаг хэрэгтэй, гэхдээ дотоод үнэт зүйлээ алдаж болохгүй гэдгийг ойлгосон. Тэгээд тэд Конфуц, Мао Зедунийг үлдээснээр коммунист намын удирдлага доор капитализмыг бий болгосон. Бид Хятадын замналаар явах ёстой гэсэн үг биш л дээ. Тэдний арга барилаар өөрсдийн хөгжлийн замыг тодорхойлох хэрэгтэй.
-Тэгвэл яагаад Европ, Америкд капитализм тохироод байхад, манайд болдоггүй юм бэ?
-Бид чинь дүрмын бус шүү дээ. Европчууд сайхан амьдарцгааж байна л гэж боддог. Би Европ руу явахаа байсан, тэнд үнэхээр уйтгартай. Надад Орос орноор аялах нь хамаагүй сонирхолтой байдаг. Харин Европ доройтож байна. Нэгдүгээрт, тэнд сайхан битгий хэл сонирхолтой эмэгтэйчүүд ч цөөхөн. Би тэнд амьдардаг байсан бол гей болох байсан биз. Хоёрдугаарт, тэдний үзэсгэлэн, тэдний дуу, мөнгийг сүсэглэж байгаа нь гээд л бүгд таалагддаггүй. Зүгээр л тэдний амьдрал ашгийн төлөө амьдрал. Энэ бүгд авралгүй доройтол. Европд уран бүтээл байхгүй, амьдрал нь зааврын дагуу, иймээс тэнд ахуйн таатай амьдрал сайн хөгжсөн байдаг байх. Гэсэн ч тэнд бачимдмаар, Орост байдаг шиг биш л дээ.
-Та эх оронч юм. Орост хоёр эмгэнэл байна, эх орончид ба либералчууд гэдэг. Энэ талаар та юу гэж бодож байна?
-Эх оронч гэж төрөө биш эх орноо хайрладаг хүнийг хэлнэ. Өнөөдөр эрх мэдэлтнүүд маш зальтайгаар эх оронч үзлийг хувьчлаад, төрөө хайрладаггүй хүн, эх орныхоо эсрэг хүн гэж итгүүлж байна. Либерал биш ч гэсэн эрх мэдэлтний эсрэг зөндөө л хүн байна. Гэсэн ч тэд энэ ангиллаа шахаж байна. Өнөөдөр хүмүүст их олон зүйлийг ятгахыг хичээж байна л даа.  
-Та үндсэрхэг үзэлтэн мөн үү?
-Үгүй ээ, яасан ч үгүй. Массын бэртэгчингүүд эх орон, төр, үндсэрхэг үзэл, эх оронч үзлээ ойлгож, ялгахгүй байна. Би бол өөрийн ард түмэндээ хайртай хүн. Өөрийн хүн арддаа. Би миний ард түмэн л илүү байгаасай гэж бодно. Мэдээж бид бусад үндэстэнд байгаа сайн бүхнийг нь сурна. Жишээ нь, би еврейчүүдээс амьдралын зарим ахуйн асуудалд оновчтой хандаж сурна. Еврей хүн үргэлж хэдэн төгрөг үрж болохоо мэддэг. Еврейчүүд асуултанд логиктой хариулдаг. Харин Славянчууд энэ дээр асуудалтай. Славян бүсгүйгээс асуугаарай “Иван хэдэн настай вэ?” гэж. Тэр хариулна, “Ой, тэр ч шившигтэй амьтан даа!” л гэнэ.
Би өөрийн үндэстэндээ хайртай учраас би тэр үндэстэнд болохгүй байгаа юмыг заавал хэлж, засахыг хүснэ. Би үндсэрхэг үзэлтэн байж чадахгүй. Учир нь бусад үндэстнийг нулимж байгаа хүн, өөрийн үндэстнээ доош нь хийж байгаа хэрэг. Хэрэв би еврейчүүд биднийг доош нь хийсэн, тиймээс бидний амьдрал муу байна гэвэл би славянчуудыг доромжилсон болно. Би өөрийнхөө сул дорой, хэрэггүй амьтан гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Би үргэлж хэлдэг, өөрийнхөө азгүйтлийн буруутанг олмоор байвал толинд хар гэж. Үүгээр л жинхэнэ эх оронч хүн үндсэрхэг үзэлтнээс ялгарч байгаа юм. Гэхдээ өнөөдөр улстөрчдөд ард түмнийг хувааж, хооронд нь хэрэлдүүлэх ашигтай. Тэднийг аврах хэн нэгэн сайн ахад итгүүлж, сонгуульд нь санал өгүүлэхээр гүйлгэхийн тулд шүү дээ.
Яг үнэндээ би либералчуудыг үзэж чаддаггүй. Либералчууд эрх мэдлийн эсрэг турхирахдаа өөрсдийн гэсэн юуг ч санал болгодоггүй. Либералчууд үргэлж бидний өнгөрсөн рүү нулимж байдаг. Улсын түүхэнд байсан сайн сайхан бүхнийг муучилдаг. Гол нь либералчууд барууны үзлийг баримталдаг, энэ л миний дургүйг хүргэдэг.
-Яг юун дээрх үзэл баримтлал вэ?
-Бүх зүйл дээр. Барууныхан “ёстой” гэж хэлвэл, тэгэх л ёстой. Жишээ нь гей-парад. Гей-парад одоо ардчиллын бэлгэ тэмдэг болчихлоо. Либералчууд үргэлж гей-парадыг дэмждэг. Би хэлж байна шүү дээ, гейчүүд чимээгүй амьдарч л байна биз, гей-парад надад яг ямар хэрэгтэй юм бэ? Тэд намайг өөртөө татахыг хүсээд байга юм уу, хаашаа юм. Газмановтой хамт саяхан эрчүүдийн парад хийхээр төлөвлөсөн юм. Шоу бизнест бид хоёр бараг долоон хүнийг тоолоод байна. Ер нь гейчүүд жил ирэх бүр ихсээд байна. Дайн байхгүй үед бол, хэлэхэд хэцүү ч үнэндээ, хүн төрөлхтний төрөлтийг бага зэрэг барьж байхын тулд гейчүүд хэрэгтэй. Төрөлтийг ихэсгэх хэрэгтэй гэнэ. Үнэндээ хэрэггүй. Эхлээд хүнийхээ чанарыг сайжруулах хэрэгтэй, дараа нь төрөлтөө. Заанууд цөөн, хулганууд их байна. Улс орноор дүүрэн согтуу хулгана үржүүлж ханалаа. Би хэлээд байна. Энэ бол эх оронч үзэл. Хэрэв кавказчуудыг дарахын тулд бидэнд олон хүн хэрэгтэй гэвэл өөр хэрэг. Энэ бол үндсэрхэг үзэл.
-Тэгэхээр та улсаа хайрладаг ч, эрх мэдлийг бол үгүй юм байна, тийм үү?
-Өнөөдөр надад манай засгийн газрын гадаад бодлого маш их таалагддаг ч, тэдний дотооддоо юу хийж байгаа үнэхээр таалагддаггүй.Надад Сирийг хамгаалж байх таалагддаг. Надад Каддафийг өгөх таалагдаагүй, би энэ тухай их бичсэн. NPO (Nonprofit organization)-г жоохон шахсан нь таалагдсан, Америкт тийм юм байдаггүй, бидэнд ямар хэрэгтэй юм. Энэ бол бусдын мөнгийг шимээд сурчихсан хүмүүст л хэрэгтэй. Би тэднийг тагнуул гэж боддоггүй, бусдын мөнгийг сорж байхаар, тэд хамтралд тариан талбай дээр ажилласан нь хамаагүй дээр. Сноудены асуудал бас их марзан. Путин түүнд “Единая Россия”-д орох нөхцөл тавьж. Тэр эхэндээ эргэлзэж, гэтэл түүнд Саранскд, Депардьетэй хамт нэг давхарт байр өгөхөөр амлаж. Медведев нэмээд түүнийг Твиттерийн модератор болох санал тавьж. Байр, ажил, нам – бүгд бэлэн байхад Сноуден тэссэнгүй. Бүр сонирхолтой нь Путин Америкийн эсрэг юу ч хийхгүй байхыг Сноуденаас шаардсан. Харин оросын эсрэг, хүссэнээрээ! Яагаад вэ гэвэл түүнтэй түүнгүй манайд хэн хэнээс хэдийг хулгайлж байгааг бүгд мэддэг болохоор.
-Та гэр бүлийнхээ тухай юу ч ярьдаггүй. Та ер нь гэрлэсэн юм уу?
-Мэдээж. Миний гэр бүл бол миний гэр бүл. Би тэдний тухай пиардаад байхыг хүсээгүй, тэд тайван л амьдрахыг хүсч байгаа. Бид амьдралдаа чөтгөрүүдийг оруулмааргүй байна. Би янз бүрээр л амьдарсан, гэхдээ одоо хэрэггүй зүйлтэй орооцолдмооргүй байна. Бид амрах гэж өөр орон руу явж байна. Үнэндээ  бид дуртайяа гэгч нь орос орноороо явахсан, тэгэх л юм бол заавал наалдаад л авна. Маш төвөгтэй. Эхнэр, охинтойгоо би гайхалтай сайхан харилцаатай байдаг. Илүү юм би юу ч хэлэхгүй. Нэг л үг хэлэхэд, манай сэтгүүлчид барьж аваад олон хэвлэлээр мушгиад, хачирлаад тараачихдаг. Яг ийм явдал Галкин, Дроботенко хоёртой Казахстанд хамт байхад болсон юм. Бид гурав саунд орлоо, усанд шумбаад, хөгжилдөөд л. Би эрхлэгчдээ “бид цагийг сайхан өнгөрүүллээ гэж ярив. Тэр өөрийнхөө бас нэг шоу бизнестэй холбоотой найз бүсгүйдээ хэлж, Галкин, Дроботенко хоёрын байсан саунаас Задорнов их аз жаргалтай гарч ирсэн гээд. Харин тэр нь сэтгүүлч нарт, Галкин, Дроботенко хоёрын тэврэлдэж байгааг Задорнов харсан гээд дэгсдүүлээд чалчив. Тэгээд л интернетэд “Галкин, Дроботенко хоёрыг гей гэж Задорнов хэллээ” гэдэг зохиомол сенсаац цацагдчихаж байгаа юм. Би амьдралдаа тийм юм яриагүй байхгүй юу. Сэтгүүлчдэд хуруугаа өгөх төдийд л тэд гар, хөлийг чинь хазна.
-Та их эвтэйхэнээр өөрийн ярихыг хүсэхгүй байгаа сэдвээсээ намайг холдууллаа. За яахав... яаж төрсөн өдрийн баяраа тэмдэглэх гэж байна даа?
-Яаж ч биш. Тайзан дээр баяраас баярын хооронд явж л байдаг нөгөө жүжигчдийн бүрэлдэхүүн ирээсэй гэж хүсэхгүй байна. Тэд бүгд бие биендээ яг адилхан үгээ л хэлдэг, хүний ёсны бүх сайн сайхан аз жаргалыг хүсэе гээд л , аз жаргал хүний ёсны биш байж болдог юм шиг л. Тэд худлаа долигнохоор л урам хугараад байдаг юм. Би явна. Өөрийнхөө хайртай, надад хүч тэнхээ өгдөг газруудынхаа нэг рүү нь. Миний хувьд Юрмала байна. Одоо энэ нүсэр тоглолтууд болдог танхимын эсрэг талд чинь би төрсөн юм шүү дээ. Эсвэл Курилийн арлууд руу. Би тэнд судалгааны ажлаар явж байсан юм. Хааяа Курилийг Сибирээр солих дуртай. Эсвэл Коктебель. Ийм л гурвалжин байна даа.
- Яагаад Коктебель гэж?
-11-16 нас хүртлээ би Коктебельд байлаа, тэнд зохиолч нарын уран бүтээлийн гэр байдаг. Тэнд Волошин, Мария Степановна, бэлэвсэн эхнэр Волошинагийн гэр бий. Бидний зохиолч хүүхдүүдийг зун болгон тэр байшинд аваачдаг байсан юм. Биднийг амьдарч байхад жижиг бүтээн байгуулалт өрнөж байв, бүгд л тэнд танилцсан. Би чинь тэр хүртэл Москвад ч биш Ригад амьдарч байсан. Коктебель миний хувьд хөгжлийн чухал газар болсон, тэндээс их олон зүйл сурсан. Би байгалийн гоо сайхныг мэдэрсэн, нөхөрлөл гэж юу байдгийг мэдсэн, анхны үнсэлт, романтик харилцаа. Биднийг Окуджава уулаар дагуулж явж, Евтушенко шүлгээ уншиж өгдөг байв. Төсөөлж байна уу, ямар гайхалтай хүүхэд нас байсныг. Энэ чинь эцэг эхээ зөв сонгосны минь үр дүн байхгүй юу. Өглөөний 5 цаг 10 минутанд нар мандах үед би төрсөн. Одоо ч би бүхнээс илүү өглөөд хайртай, өглөөний анхны нарны цацрагт. Иймээс надад “цэнэглэх” гэдэг таалагддаг, биеийн тамир, спорт гэдэг утгаараа биш. Гэгээ, туяа гэдэг үгнээс цэнэглэх гэдэг үг гаралтай юм шүү дээ.
-Бүтэн сайнд энэ газруудаас хаана нь баярынхаа өдрийг өнгөрөөх гэж байна даа?
-Хэлэхгүй ээ. Гол нь одоогоор телевизүүд над руу аймшигтай дайрч, чих тавин байна. Телевизүүдэд “Явж буй натур” гээд хэлтэс байна,хүн удахгүй үхэх бол, гялс тэрнээс нь өмнө кино хийдэг. Энэ удаа над руу дөчөөд компани залгалаа. Миний өөрөө ч олж мэдээгүй ямар нэг өвчний минь талаар тэд мэдчихсэн юм уу даа л гэж таамаглах юм. Миний тухай урьдчилан кино хийх гээд байгаа нь, би буцаж буй натур болохоор л тэр юм болов уу. Тэдний хэлдгээр брэнд гэж намайг нэрлээд байгаа нь үнэн хэрэгтээ миний арьсаар амьдрах гээд байгаа хэрэг. Ийм  продюсеруудад миний дургүй хүрдэг. Та бол брэнд гэж надад зусардана. Та бол од гэнэ. Энэ үгэнд би брэнд гэдгээс нь илүү уур хүрдэг юм. Өөрийгөө од гэж дорд мэдрэмжийн комплекстой хүн л нэрлэнэ. Нэг мэдлэггүй залуу эмэгтэй бусад л залуучууд шиг над руу цахимаар бичиж байна. Та бол миний хувьд “звИзда”! Энэ нэр л надад таалагддаг. Би тэр “звизда” нь болоод л явж байя.
Цорын ганц баяр маань долоон сарын 26-ны өдөр Питерт болно. Би питерчуудын өмнө гарах дуртай. Хэн ч тэднээс илүү инээдэггүй юм. Тэд бүх төрийн түшмэлүүдээ Москва руу явуулчихаад, өөрсдийн тэндээ авч үлдсэн амьдралаасаа таашаал авч амьдарч байна. Түшмэлт ёсноос цэвэрлэгдсэн хоёр дахь нийслэл рүүгээ би дуртайяа явдаг. Миний хувьд тэр одоо нэгдүгээр газар.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.