НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Есөн хөлт СҮЛДИЙГ эрэгцүүлэхүй

Го.Аким     Нийтлэгч
2 жилийн өмнө /2017-02-03 11:32:34 GMT +8 / | 7051 удаа уншсан

Алман наран саран язгуурт
Алмаас мэт эрдэнэ зүрхэт
Алт мөнгөн чимэгт
Аху бүх улсын эзэн болсон сүлд

Цагаан сүлд цэнгүүлэх судраас
 

“Чингис хаан нэгэн удаа байлдаанд ялагдаад, бачимдахдаа унасан мориныхоо хөлстэй эмээлийг өөд хандуулан ангайлган тавьж, “Эцэг тэнгэр минь намайг тэтгэж авна уу, үгүй юү” гэж мөргөхөд агаар тэнгэрт асар их дуу гарч, хар сүлд шүтээн хан Мөнх тэнгэрээс саглагар модонд бууж ирсэн гэнэ. Чингис хаан Мухалийг тосож ав гэсэнд Мухали зарлигаар нь хөтлөн яваа хээр азарганы онгон мундаан дээр тосч аваад тайж тахих тухай Чингис эзэнд сануулсанд Чингис хаан “Мянган улаа базааж, түмэн хонины өтгөөр тахьсугай” хэмээн тангараглаж, есөн ес наян нэгэн хээр азарганы дэлийг намилзуулан хөхөл гэгчийг зооглуулан чимж, түмэн өтөг гүйцэж эс чадваас есөн ес наян нэгэн хонины нэг нэг шийртэй хамтатган, зүлдэ тахилга өргөөд, үлдсэн тоог Хан мөнх тэнгэрийн хөх нохой манай Монголын сүргээс гүйцэтгэн барьтугай” хэмээн тийн тахиад, үндэстнийхээ сүлд сүнс болгон эрхшүүлэн тахьсан гэдэг” гэж Ордосын дархад Шаралдай эрдэмтэн дархадын яриаг уламжлуулан үлдээсэн нь бий. 
Чингис хааны аян дайны хар,  амгалан энхийн цагаан сүлд! Гэвч үүнийг өгүүлэхийн урьд Чингис хаан Халх голын Ор нугын хэлтгий хаданд цэрэг эрсийнхээ тоог гаргаж аравтын тогтолцоонд оруулсан тухай өгүүлсү. “Чингис хаан ав буугаад Абжига Хөдэхэрээс хөдөлж, Халхын Орнугугийн Хэлтгий хад бууж, тоогоо тоололдож, мянган тэнд мянгалж, мянганы ноён, зууны ноён, аравны ноён тэнд түшив... Мянган мянгалан, зуу зуулан, арван аравлан барж,...” гэж МНТ-ны §191-т бичсэн байна. Аравтад хэдэн хүн байсан бэ? гэдэг асуултад янз бүрээр хариу өгч байгаа. Өөрөөр хэлбэл, арван хүн, нэг ноён, нийт арван нэгэн хүн байсан гэх нь бий. Тэгвэл би есөн дайчин байгаад ноёнтойгоо арван хүн байжээ гэж хэлэх байна. Жагсаал бол дайсанд сүрийг үзүүлэх дайны чухал зан үйл. Тэгвэл дөрвөлжлөн жагслаа гэхэд хоёр хүн илүүдэж, сондгойрох болно. 10 хүн бол 9 нь хааш хаашаагаа гурав гурваар жагсаад, аравтын ноён жагсаалын өмнө байж байна. Зуут, мянгат мөн чингэж жагсана. Ингэж жагсахад дөв дөрвөлжин юм л харагдана биз дээ. Аян дайны замд бол гурав гурваараа эгнэн явна. Уран сайхны кино энэ тэр дээр харуулж байгаа шиг замбараагүй явах юм гэж хаа байх вэ. Чингисийн ялалт нь цэргийнхээ зохион байгуулалтад байсан гэдгийг америк Жон Мэнээс эхлээд Витерфорд хүртэл эрдэмтэд бүгд хүлээн зөвшөөрчээ. Чингис хаан ийм жагсаалаар дайсандаа анх сүрийг үзүүлж, зүрхийг үхүүлсэн нь Наху гүнээ наймантай байлдах үед юм. Чингис хааны цэргийн жагссан байдлыг харсан Жамуха сэцэн “Миний анд Чингис хааны байлдах арга, жагсаалыг та нар огт өөр гээд байгаагүй билүү” гэж өөрийн эрхгүй дуу алдснаар бодчих. Энэ тогтолцоог зарим эрдэмтэд зуут, мянгатын гэж нэрлэдэг. Гэвч Чингис хаан чухамхүү аравтын нэгжийн зохион байгуулалтаас хамаг бүгд шалтгаална гэж үзэж байсан нь “Арван хүнийг байвал зохих ёсоор засаж чаддаг хүн бүрт мянгат буюу түмтийг өгсөн ч болно. Тийм хүн тэдгээрийг засаж чадна” гэснээс нь тодорхой. Мөн “МНТ”-д “Хулгана жил зуны тэргүүн сарын арванзургаан, улаан тэргэлээ туг сацаад морилруун...” (§ 193) гэжээ. Энэ нь Найман хэмээх хүчирхэг аймгийн Таян хантай Монголын тал нутагт нэг нь л хаан байхын төлөө эрэгчин эмэгчнээ үзэлцэх их тулааны өмнө хар сүлдээ тахьсан хэрэг. Өөрөө туг гэж байхад яагаад сүлд гээд төөрөөд явчихав аа? гэж уншигч асууж мэдэш. “МНТ”-д тугийн утгаар сүлд гэдэг үгийг хэрэглэсэн нь ганц ч байхгүй. Жамуха сэцний хараа их туг, Чингисийн есөн хөлт цагаан тугийн тухай л өгүүлэгдээд байгаа. Чингэхлээр сүлд гэдэг нэр томъёо арай сүүлд үүссэн болов уу гэж бодном. Тухайлбал онго шүтээний сүлдэр гэдэг үгийг тугийн утганд шингээснээс сүлд гэх болсон болов уу. Ухаа нь, “Дэй сэцэн өгүүлрүүн: “Есүхэй худ би энэ шөнө зүүд зүүдлэв. Цагаан шонхор наран сар хоёрыг атган нисч ирж гар дээр минь туув... Юун зүүд аху. Та, Хиад иргэний сүлдэр ирж заасан ажгуу” гэсэн, мөн Жамуха “илүү төрөлхт андын Сүлдэрээ дарагдав аа, би” гэсэн нь түүнийг батлах мэт. Хар сүлд дөрвөн хөл туг буюу элч тугтай байжээ. Саган сэцэний “Эрдний товч”-д “Онон мөрний тэргүүнээ байлган хатгасан есөн хөлт цагаан тугаа босгон, Дэлүүн болдог дур явуулан хатгасан дөрвөн хөлт хар сүлдээ босгож...” хэмээсэн нь түүнийг нутлана. Дэлүүн болдогийн баруун талын уул буюу Дадал сумын баруун хойт уулыг Тугийн овоо гэх бөгөөд энд Хар сүлд тахиж байсан тухай нутгийн өвгөд өгүүлж байсан лугаа дээрх нь бас таацаж байгааг хэлсү. Шаралдай абугай бичсэн нь “Хар сүлдийг Чингис хаан анх тосч авахад Мухалийн дөрвөн шадар баатраар бариулж зогсоогоод, хаантан өөрөө туг сүлдэндээ мөргөж, “Өнөө эс завдав. Дараагаар дөрвөн хөл оруулж, үеийн үед нийт Монголын дархан шүтээн болгож тахья” гэж андгайлан тангарагласан домогтой бөлгөө” гэжээ. Тийм ээ, домогт үнэн буй, үнэнд домог буй” гэж молхи би хэлэхдээ дуртай билээ. Эртний зэвсэг судлаач Ж.Базарсүрэн үүнийг батлан бичихдээ “Алин боловч төрийн цэргийн туг сүлд дөрвөн элч сүлд буюу хөлтэй байсан учир ийн буюу” гэжээ. Иймд хар сүлд гэдэг дөрвөн хөл, гол сүлд гэсэн таван юм байжээ. Тэгвэл энэ нь аравтын тогтолцоогоор үзвээс аравны тэн хагас байна биш үү. Ялдар дурдахад, Говь-Алтай аймгийн Буян уул суманд нэгэн хар тугийн сураг гарч байна. Энэ тухай домгийг сийрүүлбээс Буян уул сум Баатар вангийн хошуу гэж нэрлэгдэж байжээ. Тахьдаг шүтээн нь буурал богдын сүлд гэж байсан юм. Буурал Богдын сүлд бол Чингис хаан Наянтай голын найман түмэн хар хасагтай дайлалдаан хийж байх үест алдсан сүлд юм байжээ. Тэр хөө хар азарганы нуруунд явсан юм гэнэ. Тэр замд нь Баатар вангийн хошууныхан таарч, Буурал Богдын сүлдийг хар азаргатай нь хамт Баатар вангийн тамганд хүргүүлсэн гэнэ. Хар азарга зөнөж үхээд, уулыг түүнээс хойш хар азарганы нуруу гэх болжээ. Хар азарганы үхсэн хойно сүлдийг өөрчилж, дээд талд нь гуулин дог хийгээд,  орой дээр нь хүний нүүрний дүрс гаргаж, сэрээ хийж, хар азарганы дэл сүүлээр яндарласан  гэдэг. Сүлдний дор найман давхар олбог дэвсэж байсан. Тэр олбогноос Баатар вангийн хошууныхан аваад энхэр хүүхдийн дээр хаддаг байсан нь ганц нэг айлд байдаг байсан. Тэр тугийг гурван жилд нэг удаа тахиж, гурван насны морь уралдуулдаг, туг тусга дуудлагатай байсан, энэ нь    
Наянтай голын
Наян түмэн
Хар хасгийг
Үйрэн тайран хийсэн
Богд Чингис хааны
Буурал богд сүлд ээ.
Уг нь хөө хар байсан юм.
Одоо өвгөн болж бууралтжээ.
Мордсон газраа
Морин хүнстэй
Үдэлсэн газраа
Үхрэн хүнстэй
Хоносон газраа
Хонин хүнстэй
Чухамхүү найман түмэн хар хасагтай хийсэн дайлалдаан гэдэг нь Найманы Таян хаантай хийсэн тулалдаан байж болзошгүй. Харин дөнгөж тахиад мордсон хар сүлдээ тэндээс алдсан гэдэг нь эндүүрэл. Гэвч энэ нь домог л доо. Мөн Чингис хаан хэзээ ч хасгуудтай байлдаж байгаагүй бөгөөд хасаг гэдэг нэр Монголын түүхийн сурвалж бичгүүдэд огт дурдагддагүй. Энэ нь нэлээн хойно буюу сүлдийг “буурал болсон” үед зохиогдсон болохоор Баатар вангийнхан найман нарыг өөрсдийн мэддэг хар хасагтай андуурсан байх аа. Ямартай ч хар сүлдний хөл туг Говь Алтайд байсан нь илт байна гэж хэлэх байна. Үндэсний түүхийн музейд хадгалагдаж байгаа нэгэн хар сүлдний оройд хохимой толгой байгаа нь дээрх домогтой авцалдаж байгаа бөгөөд шарын шашин дэлгэрснээс хойш зохиогдсон Хар сүлдний дуудлагад “түг түмэн дайсны тэргүүнийг молцоглон зүүсэн хар сүлд” гэж гарч байгаа нь түүн лүгээ тохирч байх юм аа. Уг өчиг дуудлагыг сийрүүлсү.
Алтан сүлд хэмээн нэрийдсэн
Аяа, сүр хараа ихэт
Догшин хар сүлд чам дур
Тахин өчин мөргөмү
[Цалман очирт илдээ барьсан]
Залуу царай чинь догшин хилэнт
Зангидсан үснирээ тэгшид сэрвийлгэсэн
Аянга гялалзсан, жад юугаа далайсан
Аяа, чам дур тахин өчин мөргөмү.
Нүүрээ тойрсон мянган хар нүдтэй
Нууц үйлийгг нэгэн бээр үл эндэгч
Нүүр магнайдаа тойрон чимэгтэй
Богд сүлд чам дур тахин өчин мөргөмү.
Сүлдэр их хүчтийн тулд
Сүмбэр уулын оргил дахь Сударсаны эзэн
Хан хурмаст тэнгэрийг өмнөө сөгдүүлэн байсан
Богд сүлд чам дур тахин өчин мөргөмү.
Мятаршгүй их зоригтын тулд
Мянган хар нүдээ хялайн харж,
Мөнгүй олон шулмасыг хөл дороон мөлхүүлсэн
Богд сүлд чам дур  тахин өчин мөргөмү.
Хатан зоригт, догшин сэтгэлтийн тулд
Хатгуурт жадаа далайж, хүзүүндээ эрих болгон
Түг түмэн дайсны тэргүүнийг моцоглон зүүсэн
Богд сүлд чам дур тахин өчин мөргөмү.
Үзэн ядагч хар зүртний омгийг дарж,
Үлэмжийн олз, хүсэхүйн эдийг хайрлан соёрх.
Харш гай тотгорыг замаас хаман зайлуулж,
Өшилтэй дайсны зүрх шантруулан ялуул.

Ренчин багштны “Үүрийн туяа” романдаа оруулсан эл өчигт хар сүлдийг бурханчилж буюу бурханы шашны догшин сахиусуудын дүрд оруулан дүрсэлсэн нь тодорхой ажээ. Ж.Саруулбуянгийн дурсгасан “Чингис хааны Алтан сүлд Тэнгэрийн сан” номыг үзэж байтал уг өчигийн нэгэн хувилбар байвай. Тэрчилэн Хатагин овогтны тахиж байсан сэрээн догтой хар сүлд бий бөгөөд үүнийг манай хатагин зохиолч Цогт-Очир судалж, молхи миний бие Төрийн дархан Төр тогтохоор унан гээгдсэн дунд үзүүрийг урлуулсан билээ. Цогт Очир гуай тэр хар сүлдний дуудлагыг хагас дутуу боловчиг олсныг би “Сэтгэлийн тахилгат уул буюу хатагины арван гурван овоонд өргөсөн арван гурван чулуу” номдоо оруулснаа энд сийрүүлсү.
Сартуул улсын олз мөрийг авчирсан их хар сүлд ээ
Тангут улсын олз мөрийг авчирсан их хар сүлд ээ
Ирэх дайсны ирэх мөрийг иргүй болго
Буцах дайсны буцах мөрийг буруу болго...
Нэхий дээлээ нөхөөс болтол
Нэгэн биеэ эцэс болтол
Төмөр сэлмээ төө болтол
Төрсөн биеэ төгсгөл болтол
Чин үнэнчээр зүтгэхээ
Цэргийн ёсоор тангараглаж,
Харах нүд мэт хамгаалахаа
Хар амиараа андгайлъя...

Энд шашны нөлөө ороогүйгээр онцлог гэдгийг дурдмаар байна. Ялдар дурдахуйд, Их хар сүлд Мөнх тэнгэрээс бууж ирсэн учирт тэнгэртэй харьцуулж байхын үүднээс ямагт гадаа байрладаг, шилбэ нь арвангурван тохой байдаг ёс бүхий ажаам. Үүнийг үл өгүүлэн, есөн хөлт цагаан тугны тухайтад өгүүлсү. “МНТ”-д бичсэн нь: “Төдий сисгий туургатан улсыг шударгатгаж, барс жил Ононы тэргүүнээ хурж, есөн хөлт цагаан туг байгуулаад...” (§ 202) гэжээ. Үүнээс үзвэл есөн хөлтэй гол цагаан туг байсан нь тод байгаа юм. Өөрөөр хэлбэл есөн туг биш арван туг! Байсан гэж миний бие үзэж байна. Үүнийг аравтын тогтолцоогоор тайлбарлах учиртай юм. Энэ тухайтад талийгаач Нагаанбуу судлаач нэг хурал дээр ярьж байсан шиг санагдана. Нагаанбуугийн зөв байсан даа. Гэвч хэн ч тоогоогүй байх аа. Энэ удаа хүнд үнэмшүүлэхийн үүднээс уг үндсээр нь тайлбарлах гэж оролдож буй минь энэ ээ. Тийм ээ их цагаан сүлд маань есөн хөлтэй байжээ. Гэтэл бид найман хөлтэй туг тахиж байна. Мэдэхгүйн болон мартуулсны хар гайгаар сүлдээ буруу байгуулсан төр маань нэг л өөдлөж өгөхгүй байна уу даа гэлтэй. Ухаа нь, Лу. “Алтан товч” болон “Чингис хааны их өчиг”-т есөн өрлөгийн тухайтад гардаг. Есөн өрлөг гэж байгаагүй, энэ нь есөн өр хэлтрэх гэсэн утгатай гэх мэтээр мэргэд маргадаг ч хэрэв есөн өрлөг гэж байсан бол дээр нь Чингис хаан нэмэгдээд, арав болно. Мөнөөхөн аравтын тогтолцоо! Энд илүү хошуулахад Чу мэргэнийг Юлай Чуцай гэж үздэг хүн нэлээд байвч миний бодоход тайчуудыг дарж байхад Юлай Чуцайн сураг ч байгаагүй, Чу мэргэн гэдэг бол Чулуун баатар байж магадгүй, Чингис хаан “...Боорчи, Мухали, Борохул, Чулуун баатар эд дөрвөн хөлгүүдээ дэргэдээ авбаас...” (§ 209) гэж айлдаж байгаагаар үүнийг тайлж болох мэт. Есөн өрлөгийн нэг ойрадын Хар Хиру нь миний сая дурдсан хоёр зохиолд гардаг бөгөөд Увсын Хархираагийн уулыг Хар Хиругийн нэрээр нэрлэсэн нь сунжраад Хархираа болсон гэх домгийг Увсын өтгөс над ярьж өгч байсныг дурдахад илүүдэхгүй. Үүнийг үл өгүүлэн өгүүлэхэд миний гадарлаж байгаагаар Монголын нутгаас цагаан сүлд лав гурав олджээ. Нэг нь Хан Хөхийд элжигэнүүдийн тахьж байсан цагаан сүлд, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутаг дахь Сүлд нь Хөх овоонд тахьж байсан цагаан сүлд, мөн Өвөр хангай аймгийн Шанхын хүрээнд хадгалагдаж байсан цагаан сүлд энэ гурав болно. 
“Өвөр Монголд  Ордост, Албор нэрт газарт Лигдэн хааны цагаан сүлдийг тахьж байна. 1868 онд хотонгуудын үймээний үеэр Сүлдийг хотон буюу манайхны нэрлэдгээр хуй хуй нар дээрэмдэж, алтан сэрээг нь авч явснаас оронд нь хүрэл сэрээ хийжээ. Хятадын соёлын хувьгал буюу “дөрвөн дээрэмчин”-ий үед бас дахин тоногдсон.” Энэ яриаг Эрих сэцэн эрдэмтнээс дуулаад, мөн уг сүлд арван гурван тохой гэхэд нь гайхаж, цагаан сүлдний шилбэ есөн тохой байдгийг санасан боловч очиж үзэхээр шийдэн тийш зорьвол тэр нь хар туг байлаа. Миний бодсон нь, юу гэвэл  Лигдэн хаан Эзэн богд Чингисийн тамгыг хадгалж байсныг түүний хүү Эрххонгор Ордосын Толин цайдам гэдэг газар Манжид бууж өгөхдөө манж эхнэрийнхээ  ятгалгаар Чингисийн тамгийг манжуудад өгсөн гэж өвөрлөгчид над ярьсныг санахдаа Лигдэн хаан Чингисийн тамгыг барьж явсан юм чинь Их цагаан сүлдийг нь бас тахьж байсан байж магадгүй гэж бодсон минь тэр билээ. Гэвч их санасан газар есөн шөнө хоосон гэдгийн үлгэр болсон доо. Энэ хар сүлд сэрээнийхээ угт тольтой байсан. Толийг сүлдний нүд гэж нэрлэдгийг л мэдэж авсан даа. Миний бодоход, манайд байгаа цагаан сүлднүүд нь хөл буюу элч сүлднүүд болов уу гэж таамагланам. Тэгвэл Их цагаан сүлдний эх нь хаана байна? Ордос дахь Чингисийн онгонд тахьж байгаа цагаан сүлд эх сүлд мөн үү? Элч сүлд Монголоор тарсан нь, Байгаль нуурын баруун талд Култуки гэж газар буй. Түүнийг буриад нөхөд маань хөл туг гэсэн нэр гэж тайлж өгч байсан. Чингэхлээр тэнд нэг хөл туг байсан, чухам тэр нь хар сүлдний элч туг уу, цагаан сүлдний элч туг уу? мэдэх аргагүй. Хар сүлдний дуудлага дотор цагаан сүлдийг дурдсан зүйл байгаа нь, 
Ертөнц дор Суут богдын 
Есөн өрлөгүүд
Төрийн түшээ
Есөн хөлт цагаан тугаа босгоод
Ертөнцийн эзэн болсон
Мөнх тэнгэрийн дээч заяагаар үүдэж
Монгол улсдаа сүлд болсон...
гэжээ. Хан Хөхийд тахьж байсан цагаан сүлдний өчиг дуудлага гэж байгаа боловч тэр нь хар сүлдний дуудлагын үг өгүүлбэр голлосон, цагаан сүлдээ нэг бол найман хөлтэй, нэг бол есөн хөлтэй гээд будлиулсан мэт тул энэ удаа уул “Туг цэнгүүлэх судар” гээчиийг энд оруулаагүй болно.
Ер цагаан сүлд нь есөн хөлтэй, их хар сүлд нь дөрвөн хөлтэй байсан, үүнийг аравтын тогтолцооны үүднээс тайлбарлавал ийм болой. Түүхчид Хар сүлдийг нэлээн судалсан боловч цагаан сүлдийн судалгааг нэлээд орхигдуулсан юм уу гэмээр. Магадгүй, молхи би олж үзээгүй байж!

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.