НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Дэлхийн дундаж анги мөхөж байгаа тухай пикеттигийн таамаглал хэрэгжиж байна

ner.mn     Нийтлэгч
9 сарын өмнө /2017-02-17 13:16:20 GMT +8 / | 2431 удаа уншсан

Линн Стюарт Паррамор (Alternet)
Эдийн засагч Н.Тэнгэс

Эдийн засгийн хэлбэлзэл дунд эрх тэгш байдлыг хангах явдал олон орнуудын хувьд нэн чухал зорилт болсоор байна. Шинэ судалгааны дүнгээс үзвэл хэт баян хүмүүс дэлхийн баялгийн тэн хагасыг эзэмшдэг болсон байна. Харин энэ үйл явц үүгээр дуусч байна уу, эсвэл дөнгөж эхэлж цаашид үргэлжлэх нь үү? гэдэг асуудлын гол нь юм.
Хөрөнгө оруулалтын хамгийн том компаниудын нэг болох “Credit Suisse”-ийн саяхан гаргасан “Дэлхийн аж байдлын тойм” гэсэн илтгэлд дэлхийд эрх тэгш бус байдал урьд өмнө байгаагүй хэмжээнд хүрсэн талаар шинжлэн бичжээ. Судлаачид 2008 оноос хойш хувь хүмүүсийн эд хөрөнгийн хэмжээ жил дараалан их хэмжээгээр өсч байгааг харуулжээ. Энэ нь хөрөнгийн зах зээл өссөнтэй голлож холбогдох бөгөөд угийн баян байсан хүмүүст улам л ашигтайгаар үйл явц өрнөсөөр байна. Америкт зарим нь нийтийн хоолны газруудад цагийн 10-хан долларын төлөө хөлсөө асгаруулан зүтгэж байхад тэдгээр компаниудын хувьцаанд хөрөнгөө оруулсан хүмүүс ганц хуруугаа хөдөлгөлгүй атал хөрөнгө нь үлэмж хэмжээгээр өсөж байдаг. Ийм байдлыг дэлхийд хаа сайгүй харж болно.
Дэлхийн нийт баялгийн нэг хүрэхгүй хувийг хамгийн орлого багатай дэлхийн хүн амын тэн хагас эзэмшиж, энэ ганц хувиа авч үлдэхийн төлөө бүх чадлаараа мэрийж байхад нөгөө тал дээр хүн амын хамгийн баян чинээлэг 10 хувь нь дэлхийн баялагийн санаанд оромгуй 87 хувийг эзэмшиж, хүн амын хамгийн баян чинээлэг 1 хувьд дэлхийн баялагийн 48,2 хувь ноогдож байна. Одоохондоо шүү.
Хэт баячуулын баян чинээлэг байдлын гол хор нь Францын эдийн засагч Томас Пикетти-гийн “XXI зууны капитал” номонд бичсэн зүйлд оршиж байгаа юм. Тэд нэгэнт том хөрөнгөтэй болж чадсан бол түүнээс цааш юу ч хийхгүй зүгээр суусан ч улам баяжих болно. Эдийн засгийн энэхүү бодит байдлыг Пикетти хялбар боловч айдас хүрмээр r>g гэсэн томъёгоор дүгнэн илэрхийлжээ.
Ерөнхийдөө энэ нь капиталын ашгийн үзүүлэлт (r) эдийн засгийн өсөлтийн үзүүлэлтүүдээс (g) түргэн өсч байвал баячуул улам баян ядуус улам ядуу болсоор байна гэсэн үг. Түүхийн туршид эдийн засгийн өсөлтийн бүх үзүүлэлт капиталын ашигт ажиллагааны үзүүлэлтүүдээс ямагт хоцорч байсан болохоор үүнийг гаднаас ямар нэгэн нөлөө үзүүлж байж, жишээлбэл, эд баялагт өндөр татвар ногдуулахгүйгээр өөрчлөх аргагүй. Тэгж гэмээ нь “r” нь “g”-ээс бага байвал хэт баячуулын тоо багасана харин “r” нь “g”-ээс их байвал удам дамжисан хөрөнгөний хэмжээ улам ихэснэ. "Forbes" 400-д багтсан хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг харвал эхний хэсэгт нь багтсан хур баячуудын тоо сүүлийн 20 жилд эрх тэгш байдлыг эрхэмлэсэн бодлогыг зогсоосноос хойш нилээд нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл хамгийн баян эхний 10 хүн дотор Билл Гейтс, Марк Цукерберг зэргийн бизнес эрхэлдэг хүмүүсээс Уолтоны гэр бүлийнхэн мэтийн хур баячуудын хүүхдүүд илүү олон байгаа юм. Эдгээр хүмүүс бүхэлдээ нийгэмд ямар ч ач тустай юм хийгээгүй хэрнээ гартаа байгаа мөнгөөрөө бидний амьдарч байгаа нийгмийн улс төрийн өнгө аясыг тодорхойлж байна.
Түүхэнд үүнээс арай тэнцвэртэй үе байсан. Дайны дараа тэгш бус байдлыг хязгаарладаг байлаа. Засгийн газрууд баячуудын хөрөнгийг хэт хурдан нэмэгдэхийн эсрэг арга хэмжээ авч, тансаг үл хөдлөх хөрөнгөнөөс өндөр татвар хураадаг байлаа. Үүний зэрэгцээ бага орлоготой давхрагуудын орлогыг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг сайжруулах арга хэмжээ боловсруулж байсан. Гэвч түүхэнд энэ бол ховор тохиолдол. Ийнхүү арга хэмжээ авалгүй удсан тул баячууд улам эрх мэдэлтэй болж, хувьсгал, дайн дажин зэрэг бусад уршиг дагуулсан гай гамшиг тохиолдох байдал өөрчлөгдөхгүй хэвээрээ үргэлжилнэ.
"Credit Suisse"-ийн илтгэлд бичсэнээр: “Эд хөрөнгийн тэгш бус байдал хүн төрөлхтний түүхийн ихэнх хэсгийн туршид байсаар ирсэн. Баян чинээлэг хүн гэж гол төлөв газар өмчилсөн хүнийг хэлдэг байсан ба эд хөрөнгийг хичээнгүй хөдөлмөр, авъяас чадварынхаа ачаар гэхээс илүү хүчээр эзэлж, өвлөх замаар олж авдаг байжээ. Гэлээ гэхдээ хэд хэдэн хүчин зүйлийн улмаас ХХ зуунд өндөр хөгжилтэй орнуудын хувьд эрх тэгш бус байдал багасах хандлагатай болсон нь түүхэн шинэ үе эхэлж байгаа мэт ойлгогдож байсан хэдий ч одоогоор энэ хандлага зогсонги байдалд орж, бүр ухрах магадлалтай болоод байна” гэж тэмдэглэжээ. Бид XIX зууны Их Британи, эсвэл XVIII зууны Франц шиг үе удам дамжсан асар их хөрөнгө бүхнийг гардан шийдэж, бусад нь үлдэгдлийнх нь төлөө зодолддог байсан эрх тэгш бус байдал ид өрнөж байсан үе рүү эргэж эхэлж байгааг Пикетти анхааруулж байна.
Статистик мэдээ, нэр томъёо ийнхүү эрх тэгш бус байдлын үр дүнд бий болж байгаа хүний зовлон гачигдлыг бүрэн илэрхийлж чадахгүй л дээ. Гэхдээ Дэлхийн элитүүд манай гаригийг хувийн жипээрээ хөндлөн гулд зүсч, хашаа татсан хувийн байшингуудаасаа компьютерийн дэлгэцнээ хувьцааныхаа үнийн өсөлтийг харан сууж байхад нийгмийн нэн ядуу хэсэг нь өвдсөн хүүхдийнхээ эмийг ямар мөнгөөр авахаа мэдэхгүй шөнөжин нойргүй өнгөрөөж байна. Сайн боловсрол, боломжийн ажил, хоргодох орон гэр – энэ бүхэн амьдралыг утга учиртай, нэр нүүртэй болгож өгдөг бөгөөд үүнээс үүдэлтэй амгалан тайван байдал улам бүр холдоод байх шиг. Урьдчилж тооцох боломжгүй ганцхан юмнаас болоод чиний амьдрал ядуу зүдүү байдалд орчих вий, нэгэнт орчихвол эргээд гарах аргагүй болно гэсэн бодолд цаг ямагт хүмүүс санаа зовон сэтгэлийн там эдэлж түгшүүрлэнэ.
Дээрээс бас бусад санаа зовоосон байдал ажиглагдаж байгааг хэлэх ёстой. Консерватив талыг баримталдаг "American Spectator" сэтгүүлийн нүүрэн талд нүдний шил зүүсэн хөрөнгөтөнг цус урссан гильотин руу чирч явж байгаа олон түмний зураг тавьсан нь Францын хувьсгалын үеийн алан хядлагыг санагдуулж байна. Зургийн доод талд: «Ангийн шинэ дайн: шинэ үеийн хөрөнгө хураалтын халхавч болсон Пикетти-гийн онол» гэж бичжээ. Энэ зурагийг дагуулж бичсэн өгүүллэгэд Жеймс Пирсон баячуулыг шийтгэж, нааддаг хөрөнгийг нь хураахыг хүсч байгаа, зовлон үзсэн үй олон шинэ ангийнхан хувьсгал гаргаж болзошгүй талаар сэрэмжлүүлсэн байна.
Тиймээ, буй болж байгаа нөхцөл байдал өгөх нэг хариу ийм байж болно. Эрх тэгш бус байдал нийгмийг тогтворгүй болгох аюултайг хүлээн зөвшөөрч, тухайн үедээ Америкийн «Шинэ бодлого»-ын нотолсон шиг хүчирхийллийн бус арга хэмжээ авах өөр бас арга зам байж болно. Энэ нь юу гэвэл, татварын боломжит реформ, үйлдвэрчний эвлэл, эдийн засгийн зохицуулалт, компаниудын удирдлага, өндөр цалин, шагналыг өөрчлөх, хямд төсөр боловсрол, ажлын байрыг нэмэгдүүлэх хөтөлбөр, нийгмийн баталгааг сайжруулах явдал болон бүх нийтийн эрүүл мэнд юм.
Эс тэгвээс бид бүхнийг бахь байдгаар нь үлдээвэл 2007-2008 оны эдийн засгийн хямралаас илүү гамшигтай тулгарахыг хүлээнэ гэсэн үг. Тэгвэл бүсээ бүсэлцгээ. Замд маш их донслох вий.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.