НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Жозеф Стиглиц: Монголд "ШОК ЭМЧИЛГЭЭ" бүтэлгүйтсэн, бас алдаа гаргасан

Г.Баянжаргал     Нийтлэгч
9 сарын өмнө /2017-02-17 13:38:45 GMT +8 / | 1249 удаа уншсан

 Нобелийн эдийн загсийн шагналтан, “Тэнцүү бус хувиарлалтын үнэ”, “Даяарчлал ба түүний дургүйцэл”, номын зохиогч, Колумбын их сургуулийн профессор Жозеф Стиглиц 2010 онд манай улсад ирж лекц уншиж байсан билээ. Стиглиц дэлхийн банкны дэд эдийн засагч, дэд ахлах ерөнхийлөгч, Америкийн Эдийн засгийн зөвлөгчдийн консулийн захирлаар ажиллаж байсан бөгөөд тэр чөлөөт эдийн засаг, Олон улсын валютын сан, Дэлхийн Банк зэргийг шүүмжлэлт нүдээр хардагаараа алдартай юм. Түүний Монгол болон байгалийн баялаг ихтэй орнуудын тухай бичсэн нийтлэлийн нэгдүгээр хэсгийг уншигч танд хүргэж байна.

Шилжилтийн эдийн засагтай олон орнуудын адил зах зээлийн эдийн засгийн шилжилт Монголын хувьд сэтгэл гонсойлгосон явдал байлаа. Монголчуудад зах зээлийн эдийн засгийн хөдөлгөөн амьдралын стандартыг сайжруулна, орлогыг ихэсгэнэ гэж амалсан хэдий ч ядуурал, ажилгүйдэл, тэнцүү бус байдлыг ихэсгэжээ. Монгол дэлхийн бусад орнуудтай адилхан хоёрдогч эмгэнэлийг хуваалцдаг. Энэ бол баялгийн хараал эсвэл баялгийн парадокс. Баялагтай орнуудын парадокс бол газрын тос ба бусад байгалийн асар их баялагтай атлаа ядуу дорой байдагт оршдог. Ядууралтай яаж тэмцэх бас эдийн засгийн өсөлтөө ахиулахын тулд эхлээд яагаад алдсан гэдгээ монголчууд ойлгох шаардлагатай. Амжилттай байсан цөөн жишээ л дэлхий даяар бий. Бид яагаад алдаж байсан, бас амжилттай орнуудаас юугаараа ялгаатай байсан гэдгийг ойлгох хэрэгтэй. Гол асуулт бол Монгол энэ алдаа бас амжилтаас юу сурч чадах вэ? 
Би зургаан асуудлыг тус бүрд нь дурдаж, нэг нэгээр нь тайлбарлах болно. Нэгдүгээрт, улс орнууд баялагт хууртдаг. Хоёрдугаарт, цөөхөн хүмүүс ямар ч аргаар бай хамаагүй цөөн хэдэн хүмүүст ашигтай бүхнийг авах гэж улайрдаг. Тэр цөөхөн хүний улайрал нийгмийг бүхэлд нь унагаадаг. Гуравдугаарт, баялагтай орнуудын баялаг бас эдийн засаг үнийн тогтворгүй байдлаас хамаардаг. Дөрөвдүгээрт, олон улсын банкууд нөхцөл байдлыг муутгадаг. Тавдугаарт, Нидерланд эмгэгийн асуудал. Сүүлийнх нь засгийн газрууд баялгаа удаан хугацааны зорилгодоо биш богино хугацааны ашигт зориулан ашиглах хандлагатай байдаг.
Хууртагдсан гэдэг үгийн тайлбараар эхлэе. Эдийн засагчид урамшууллын тухай их ярьдаг. Гэхдээ аливаа компани, уул уурхайн компани, газрын тосны компанид өгсөн урамшуулал бол баялгийг аль болох бага үнээр авах гэсэн арга байдаг. Үүний тулд төрийн албаны хүмүүсийг авлигаддаг. Хэрэв тэднийг ятгаж чадвал баялгийг зах зээлийн хамгийн бага үнээр худалдаж  авна гэсэн үг. Ингээд улс орон алддаг, компани баялгийг доогуур үнээр авдаг. Зарим орнууд төрийн албаны ажилтнуудыг ийм авлигал авахаас хориглосон хуультай. Гэхдээ хэдэн орон ийм хуулийг баталсан нь их гайхмаар. Яагаад эдийн засгийн хямрал ба хөгжлийн байгууллагын төлөөлөгч Америк улс бусад орнуудыг авлигалыг хориглосон хуулийг батлахгүй байхаар ятгадаг юм бэ?
 Газрын тос, ашигт малтмалаар баян орнууд Америкийн засгийн газрыг баялгаа хамгийн доогуур үнэхээр зарахаар ятгах гэж улс төрийн лобби ашигладаг бөгөөд бараг байгалийн баялагтай бүх л орон энэ асуудалтай тулгарч байсан бололтой. Монгол баялгийг зах зээлээс доогуур үнээр зардаг олон орнуудыг нэг. Тиймээс тухайн улс яаж хууртагдаж байна вэ гэхээр юуны тулд зарж байгаагаа мэдэхгүй хууртагдаж, баялгийнхаа бүтэн зах зээлийн үнийг авдаггүй гэсэн үг. Хэвлэл мэдээлэл энэ асуудлыг илчлэхэд том үүрэгтэй. Гэхдээ ихэнх компаниуд энэ бүхнийг нууц байлгах гэж оролддог бөгөөд гэрээний заалтуудыг нууцалснаар хэвлэл мэдээллийхэн мэдэхгүй, тиймээс иргэд баялгаа зараад  яг юуны төлөө аваад байгаагаа ч мэддэггүй. 
Хоёрдугаар асуудал бол цөөн хүмүүс цөөн хүмүүст л таарсан ашиг олох аргыг хайдаг. Латин Америкийн хамгийн их нөөц, газрын тостой Венесуэл улсаар жишээ авъя. Венесуэл баян орон атлаа, гурван хүний хоёр нь ядуу. Газрын тосны бага хэсэг нь л ард түмэндээ хүрдэг нь цаашлаад улс төрийн тогтворгүй байдлыг бий болгожээ. Харин улс төрийн удирдагчид үргэлж цөөн хүмүүст ашигтай байсан уламжлалт системийг өөрчлөхөөр амлах хэдий ч хамаг ашгийг хүртдэг цөөн хүмүүсийн эсэргүүцэлтэй тулгардаг. Бидний заримдаа ярьдаг “жигнэмэг хуваах” гэдэг нь том жигнэмэгийг яаж хуваах дээр тулалдах гэсэн үг бөгөөд үүний төлөө тулалдах тусам жигнэмэг нь улам жижгэрэхийг хэлдэг. Тэгэхээр асуудал нь юу вэ гэхээр хамгийн ядуу орнууд баялгийн төлөө тулалдах тусам, үр дүнд нь хүмүүс улам ядуурдаг. 
Газрын тос бас байгалийн баялгийн үнэ өсч бас буурдаг. Тухайн оронд үнэ өсөхөд тэсрэлт явагдаж, үнэ буурахад дампуурдаг. Дампуурлаар гарсан хохирол тэсрэлтийн үеэр гарсан ашгаас илүү хүнд тусдаг. Гэтэл энэ асуудлуудыг олон улсын банк улам дордуулдаг. Банкууд мөнгө хэрэгтэй хүмүүст зээл өгөх дуртай. Тиймээс үнэ өндөр болбол банкууд зээлэх хүсэлтэй болох бөгөөд тэсрэлт болбол хэтрүүлэн зээл олгодог. Тиймээс тухайн орон  газрын тосноосоо асар их орлоготой байгаад зогсохгүй зээл өгөх хүсэлтэй байгаа банкуудаас бас асар том урсгал цутган орж ирдэг. Гэхдээ эдийн засаг буурах үед банкууд мөнгөө буцаан авахыг шаардсанаас болоод тухайн орны зовлон хоёр дахин нэмэгддэг. Үүнээс сурах чухал сургамжууд байна. Нэгдүгээрт, "бороотой" өдрүүдийн сан гэж байлга. Өөрөөр хэлбэл үнийг тогтворжуулдаг үнийн сантай байх бөгөөд энэ нь үнэ доогуур үед шуургатай тэмцэх чадвартай байна гэсэн үг. Хоёрдугаарт, олон улсын банкуудаас болгоомжил. Цаг сайхан үед мөнгө зээлдэг банкууд цаг дордсон үед мөнгөө нэхдэг. 
Тавдугаар асуудал бол "Голланд эмгэг" буюу тайлбарлахад хамгийн төвөгтэй үг. Гэхдээ улс орнууд байгалийн баялгаа ялангуяа үнэ нь өндөр үед амжилттай зарсны үр дүнд гадаад долларын нөлөөнд өртдөг хамгийн ноцтой явдал бол "Голланд эмгэг". Валютын ханш гэдэг өсөх хандлагатай байдаг болохоор валютын ханш өндөр байх тусам экспортлох нь хэцүү болж, тухайн орны үйлдвэрлэгчид импортуудын үргэлжлэлтэй өрсөлдөхөд бас хэцүү болдог. 
Үр дүнд нь тухайн орон хичнээн сайн байгаад ч үр нөлөө нь багасдаг. Үүнийг анх байгалийн хий бас Хойд далайн газрын тосыг нээн олсны дүнгээр баян болсон Голландад анх явагдсан үзэгдэл учраас "Голланд эмгэг" гэж нэрлэдэг. Гэхдээ баялгаар баян орнууд улам ядуурч, ажилгүйдлын түвшин өсөн, чадваргүй хүмүүсийн тоо улам ихэссээр байна. Тэгэхээр эдийн засгийн өвчин бас нийгмийн өвчин болдог. Тиймээс "Голланд эмгэг"-ийн талаар улс орнууд юу хийж чадах вэ гэхээр мөнгөө яаж үрэх, энэ эмгэг тохиоход няхуур байж, “бороотой өдөр”-т зориулан гадны валютанд мөнгөө хадгалдаг болох хэрэгтэй. Гэхдээ энэ бол хөгжиж буй орнуудад хүндрэлтэй асуудал. Яагаад гэвэл тэдэнд дотроо маш их мөнгө хэрэгтэй байгаа учраас, гадаадад хадгална гэдэг тэнэг хэрэг. Харин гэртээ мөнгө хэрэглэж байхад нь валютын ханш өсвөл тухайн орон эдийн засаг нь сул дорой гэдгээ мэдэж авдаг. Хятад яг үүний эсрэгийг хийдэг. Хятад валютын ханшаа доогуур байлгаж, экспортыг өрсөлдөөнтэй байлган, импортын урсгалыг хаясан. Хятад өөрсдийн том амжилтыг байгалийн баялаг дээр биш харин экспорт дээрээс тулгуурлан хардаг юм. Харамсалтай нь хөгжиж буй орнууд Хятадаас сурсангүй. 
Тэд валютын ханшаа зөнд нь хаядаг бөгөөд энэ нь ихэнхдээ л өндөр валютын ханшны хувь бас өндөр ажилгүйдлыг араасаа дагуулдаг. Эцэстээ, засгийн газрууд баялгаа урт хугацаанд гэхээсээ илүү богино хугацааны ашигтай байхаар бодож зарцуулдаг. Энэ орнууд 2, 3, 4 жилдээ сонгууль хийж, ард түмнээ илүү жаргалтай болгоно ярьдаг ч хөгжил гэдэг удаан хугацааны үйл явц. 
Амжилтанд хүрэхэд хугацаа шаардлагатай. Гэхдээ энд амжилт гаргасан Норвеги ба Африкийн хамгийн ядуу орнуудын нэг Ботсван ордог. Хоёр орон хоёулаа баялгийг ард түмэн хэрэглэх эрхтэй бөгөөд ганцхан өнөөдөр амьд байгаа үе биш, шинэ үеийнхэн баялгаас хэрэглэх хэрэгтэй гэсэн зөвшилцөлтэй. Норвеги орон газрын тосыг хянан зохицуулах Засгийн газрын буюу төрийн энтерпрайз байгуулсан. Түүнийгээ баялгаа хувьчлах гэж байгуулаагүй. Засгийн газрын энтерпрайз хувийн энтерпрайзтай адилхан нөлөөтэй шүү гэдгийг тэд ойлгосон. Ингээд Норвегийн засгийн газрын газрын тосны компани бол дэлхийд хамгийн сайн ажилладаг компаниудын нэг. Хэдий, хувьчлагдсан хэсэг байгаа ч цаана нь засгийн газрын энтерпрайз бий. Ийм төрийн энтерпрайзтай байхын давуу тал бол сонирхлын, эрх ашгийн зөрчлийг арилгадаг. Зорилго нь ашгийг ихэсгэх биш харин улс орны хөгжилд засгийн газар хэрэглэж болох орлогыг ихэсгэх юм. Хувийн энтерпрайзууд нийгэмд өгөх төлбөрөө аль болох  багасгаж, улс орны хөгжилд оруулах хөрөнгө оруулалтаа багасгах гэдэг. Гэхдээ мэдээж ялзарсан засгийн газрын энтерпрайзууд гэж байна аа. Чили л гэхэд нүүрсний уурхайн заримаас нь хувьчилсан. Гэхдээ төрийн нүүрсний уурхайнууд хувийн уурхайтай адилхан сайн ажилладаг ч, тэднээс 10 дахин их нөөц орлогыг бүтээж чаддаг. Өөрөөр хэлбэл, хувийн уурхайнууд дэлхий даяарх хөрөнгө оруулагчиддаа өндөр ашиг хүртээдэг бол төрийн уурхайнууд Чилийн ард түмний хөгжилд ашгаа хүртээдэг гэсэн үг юм. Норвегийн стратегийн чухал нэг хэсэг бол тогтворжуулах сан байсан. Ботсванд ч гэсэн “бороотой өдөр”-ийн сан ч гэж байгаа. 
Дэлхийн улс орнууд ДНБ-ээрээ гаралт, үр дүнгээ хэмждэг. Гэхдээ энэ бол дутагдалтай ухагдахуун. Ялангуяа баялгаар баян орнуудад. Илүү зохистой ухагдахуун бол Үндэсний цэвэр бүтээгдэхүүн ба ногоон ҮЦБ. Ялгаа нь юу гэхээр ДНБ баялгийн хомсдлыг тооцдоггүй. Баялгаа буруу хомсолж амьдардаг орон ядуу болдог.  Ногоон ҮЦБ бол тухайн улс баялаг  хомсдож байна гэдгийг тооцоолдог. Жишээлбэл агаарын бохирдол эсвэл усны бохирдол гээд байгаль орчны доройтлыг тооцож үздэг. Ногоон ҮЦБ ба ялангуяа ҮБЦ, ДНБ гурвын хоорондын ялгаа бол уул уурхай. Хэрэв тухайн улс гадны компанитай гэрээ хийвэл, гадны компани тэр оронд маш бага рояалти төлж, ДНБ өссөнөөр үр дүнг сайн гэдэг. Гэхдээ ДНБ бол сайн боловсруулагдаж чадаагүй ухагдахуун. Баялаг хичнээн хэрэглэгдэж байгаа ч тэр орон ядуурсаар л байдагт учир байгаа юм. ҮЦБ-ий зөв хэмжилт үүнийг харж байдаг. Энэ ухагдахуун тухайн орны гаралт биш дууссаны дараах орлогыг чухалчилдаг. Хэрэв бүх хөрөнгө Канад эсвэл хаанахын ч хамаагүй уул уурхайн компанид очиж байвал Монголын ард түмэнд ямар ч тус нэмэргүй. Тиймээс ҮЦБ улс дотор үйлдвэрлэгдсэн гаралт биш харин улс дотор байгаа хүмүүсийн хүртсэн орлого юм. 15 жилийн өмнө улс орнууд ҮЦБ-ийг хэрэглэдэг байснаа ДНБ-рүү шилжиж, том алдаа гаргасан нь сонирхолтой. 
Ингээд баялаг ихтэй дэлхийн улсууд баян мөртлөө ядуу ард түмэнтэй болж төгсдөгийг тайлбарлая. Өсөлт гэдэг тогтвортой биш, үүнд зургаан асуудал байгаа бөгөөд амжилттай орнууд энэ асуудлуудыг шийдэж чадсан байдаг. Гэхдээ одоо ч гэсэн Монгол энэ асуудлуудыг сайн шийдэж чадахгүй л байна. Монголын асуудал бол коммунизмын системээс шилжсэн, төрийн энтерпрайзаас зах зээлийн эдийн засагт шилжсэн шилжилж. Энд ч гэсэн их амжилт бас их алдаа бий. Орост бас хуучны Зөвлөлтийн улсууд ч гэсэн алдсан. Орост ДНБ арван жилийн турш 40-өөс 50 хувиар буурсан. Зарим хуучны ЗХУ-ын орнууд 70 хувиар буурсан. Ганцхан ДНБ буураад зогсохгүй, ядуурал нэмэгдсэн, дундаж айлын орлого бүр ч багассан. Гэхдээ мэдээж амжилт байсан. Үүний хамгийн том жишээнүүд бол Хятад бас Энэтхэг.  Хятадын орлого сүүлийн 10 жилээсээ 250 хувиар ихэссэн. Сүүлийн 25 жилд жилдээ 8-аас 10 хувиар өсч, ашиг нь тарсан. Ядуурал эрс багассан. Нэг асуулт бол яагаад Хятад, Вьетнам хоёр амжилттай, ЗХУ ингэж алдсан бэ. Асуудлуудын нэг нь “шок эмчилгээ” буюу гэнэтийн өөрчлөлт, шилжилтийг бүтэн шөнийн дотор хийх гэсэн оролдлого. Энэ бодлогыг Олон улсын валютын сан бас ЗХУ хоёр их дэмжиж байсан. Миний хамтрагч Колумбын их сургуулийн Жеф Сакс Орос, Монгол бас хэд хэдэн орнуудад шок эмчилгээг оруулж ирсэн. Бараг хаа сайгүй шок эмчилгээ жинхэнэ сүйрэл болсон. Монгол бол шок эмчилгээний жишээ. Яагаад шок эмчилгээ хөөрхийлөлтэй гэдэг тухай хэд хэдэн шалтгаан байгаа. Энэ тухай дэлхий даяараа ч их ярьж байна. Зах зээлийн эдийн засгийг бүтээнэ гэдэг төвөгтэй хэрэг. Үүнд хууль бас институтууд шаардлагатай. Эдгээрийг ганц шөнийн дотор бүтээж чадахгүй. Ийм учраас шок эмчилгээ дэлхий даяар бүтэлгүйтсэн, алдсан. Хятад, Орос хоёр том ялгаатай. Монгол орон ч гэсэн адил. Харин Хятад хувь хүний хариуцлагатай системийг гаргаснаар олон институт, зах зээлийн үйлчилгээний төрийн байгууллага, төрийн зээлийн байгууллагуудыг байранд нь байлгасан. Гэтэл Орос хувьчлалаа гэнэн явуулсан. Монголын хувьд ч адил. 
Хоёрдугаарт, Орос бас Зөвлөлтийн орнууд хуучны бүтцэнд оруулах дээр явж байсан бол Хятад шинэ энтерпрайзууд бүтээсэн. Ингэхдээ жижиг хот, тосгоны хэмжээтэй энтерпрайзууд шүү. Үүний давуу дал бол сайн алсын хараатай, сайн засаглалтай, сайн корпорацийн засаглалтай, мөнгө яаж үрэгдэж байгааг буюу мөнгөөр ажил бүтээж, орон нутгийн эдийн засгийг өсгөж байгаа гэдгийг маш няхууртай хянаж байгаагаас харагддаг. Оросын хувьд засаглалын асуудалдаа маш бага анхаарал хандуулсан. Ажлын байр бий болгох, санхүүгийн хангамж ба засаглалын асуудлууддаа маш бага анхаарал хандуулсан. Хятад анхнаасаа хөдөлмөрийн зах зээл рүү нэвтэрч байгаа хүмүүст ажлын байр бүтээх хэрэгтэй, тиймээс институт бүтээе, байшин худалдахаас шинэ энтерпрайз бүтээх хүртэл том боломжийг баталгаажуулах хэрэгтэйгээ ойлгосон. Тэд ажлын байр бүтээхгүй л бол ядуурал ихэснэ гэдгээ ойлгож байсан. 
Орос нийтийн сайн сайхны төлөө ямар ч анхаарал хандуулаагүй бол Хятад эсрэгээрээ маш няхууртай анхаарал хандуулсан. Орос бас Монгол шиг орнуудад байсан нэг асуудал бол тэд хувьчлал хийсэн гэхдээ бүрэн төгс аргаар биш. Тэд хувьчлаад л байсан атлаа нийтийн үйлчилгээ, сайн сайхныг бодолцоогүй. Миний хэлсэнчлэн Монгол бол шок эмчилгээ бүтэлгүйтсэн, алдсаны нэг жишээ. Хувьчлал гэнэт явагдсан. Хурдан либералчлагдах, хувьчлал хийхийн хажуугаар аж үйлдвэрийн секторууд нурсаны үр дүнд хүмүүсийн тодорхойлдогоор хөгжил гэхээсээ илүү байдал дордсон... 

Үргэлжлэл бий...

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.