НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Высоцкий: Би дургүй

А.Наранцэцэг     Нийтлэгч
10 сарын өмнө /2017-02-17 13:47:50 GMT +8 / | 4678 удаа уншсан

Би дургүй

Би бүх юм заавал сүйрнэ гэдэгт итгэдэггүй
Би амьд мөртлөө үхсэн юм шиг байхад дургүй
Би жилийн бүх улиралд заавал дуртай байх албагүй
Би хөгжилтэй гэх дуу болгоныг заавал дуулах ёсгүй.

Би хөндий хүйтэн мэдэмхийрэлд дургүй
Би хөөрцөглөн баясаж дэвхцэхэд дургүй
Би надад хаягласан захидлыг өөр хүн уншихад дургүй
Би хүний нандин нууц руу өнгийн харахад үнэхээр дургүй.

Би хагас хугас юманд дургүй
Би хүний яриаг дундуур нь таслахад дургүй
Би ар дагзанд буу тулгахад дургүй
Би духанд сум зооход дургүй.

Би таамаглал нэрээр ховоор хөөцөлдөхөд дургүй
Би эргэлзээнд автаж ангайж алмайрах дургүй
Би шагналын үзүүртэй зүүнд хатгуулах дургүй
Би бусдыг байнга өдөж оролдоход дургүй.

Би эрхтэй нь эрхгүйгээ дээрэлхэхэд дургүй
Би тарган цатгалан мухар сүжигт дургүй
Би эндүүрч алдсандаа харамсах дургүй
Би "нэр төр" гэх үг мартагдсанд харамсдаг.

Би нэгнийхээ мууг нь үзэж "нэр төр"-тэй болоход дургүй
Би шувууны далавч хугарч салбаганахад дургүй
Би хэн нэгнийг хэт өрөвдөх дургүй
Би хэн нэгэнд хэт өрөвдүүлэх дургүй.

Би хүчтэй байх, хүчгүй байхын алинд нь ч дургүй
Би өөрөө айж сандрах дургүй
Би гэмгүй хүмүүсийг шийтгэхэд дургүй
Би зүрх сэтгэлээ уудлалцахад дургүй.

Би зүрх сэтгэл рүүгээ нулималцахад дургүй
Би үнэн үг худал болж, үнэт зүйлс үнэгүйдэхэд дургүй
Би тайз, дэлгэцэнд үнэхээр дургүй
Би бүх юм аяндаа сайн болно гэхийг сонсох дургүй
Би зарим юманд дургүй болсон.

Эдүгээ ч дэлхийн сая сая хүний шүтээн хэвээрээ байгаа Владимир Семенович Высоцкий энэхүү ярилцлагыг тэртээх 1979 оны 9 сарын 14-ны өдөр Оросын телевизэд өгч байсан юм. Түүний төрсөн өдөр нэг сарын 25 нд болдог гэдгийг шүтэн бишрэгчид нь андахгүй...Гэхдээ Высоцкийг дурсахад ямар нэг өдөр, тоо хэрэггүй л дээ.Учир нь тэр өөрөө шалтгаан. Учир нь бид түүнийг дурсдаггүй, бид түүнтэй хамт амьдардаг билээ.

Валерий Перевозчиков: Владимир Семенович, бид хамгийн эхэнд зочиддоо уламжлалт болсон хэдэн анкет-асуулт тавьдаг юм. Тэдгээр асуултуудын эхнийхийг нь тавья. Таны зан чанарын онцлог шинж  юу вэ?
-Владимир Семенович: Хамгийн эхэнд толгойд минь ажиллах хүсэл гэж орж ирж байна. Аль болох их л ажиллах шүү. Бас аль болох их онгод орохыг мэдэрмээр байна. Тэгээд тэндээс ямар нэг зүйл гарч л байвал...
-Аз жаргалын талаарх таны бодол?
-Энэ тухай би танд хэлж чадах юм байна. Аз жаргал бол аялал. Хэн нэгний сэтгэл доторх, магадгүй зохиолч эсвэл яруу найрагчийн ертөнц доторх аялал байж болох юм. Ганцаараа биш, хоёулаа. Бодлыг нь хүндэлж, хайрладаг тэр хүнтэйгээ хийдэг тийм нэг аялал.
-Хүмүүсээс үнэхээр хүлцэж чаддаггүй, хамгийн дургүй сул тал юу вэ?
-Биеийн сул дорой байдал биш биз дээ.
-Ерөөсөө л уучламгүй сул тал?
-Тийм юм зөндөө. Би нэг бүрчлэн тоочоод баймааргүй байна. Гэхдээ шунаг, хомхой сэтгэлийг би тэвчиж чаддаггүй. Өөрийн гэсэн байр суурьгүй байх.Энэ нь араасаа маш олон согог дагуулдаг.Тийм хүмүүс өөрийнхөө энэ амьдралаас юу хүсч байгаагаа мэдэхгүй төдийгүй, өөрийн гэсэн бодолгүй, эсвэл аливаа зүйлийн тухай, хүний тухай, амьдралын утгын тухай, за ер нь юуны ч тухай бие даасан бодолгүй, бие дааж ярилцах, сэтгэх чадваргүй байдаг. 
-Тэгвэл эр хүний ямар зан чанарыг үнэлдэг вэ?
-Сайхан сэтгэл, хүч бас ухааны хослолыг. Би пацаануудад гарын үсэгтэй зурагаа өгөхдөө заавал, “хүчтэй, ухаантай бас сайхан сэтгэлтэй хүн болоорой” гэж бичдэг.Ийм л чанаруудын хоршил надад таалагддаг.
-Эмэгтэй хүний ямар чанарыг үнэлдэг бол?
-Би “ухаантай, хөөрхөн бас сайхан сэтгэлтэй байгаарай” гэж бичих байсан байх. Та бүхний боддог шиг заавал гаднаа хөөрхөн байх албагүй.
-Та Высоцкий байгаагүйсэн бол хэн болохыг хүсэх байсан бэ?
-Высоцкий...! Үгүй ээ, та үүнийг ойлгохгүй.Нэг удаа маш алдартай хүн Москвагийн нэгэн компани дээр иржээ.Эргэн тойронд нь байсан хүмүүс түүнийг минутанд хэдэн удаа “Би” гэж хэлэхийг тоолохоор тохиролцож. Эхний нэг минутанд долоон удаа хэлж, хоёр дахь минутанд найман удаа хэлжээ. Би энэ хэтэрхийлэлд автчихвий гэдгээс үнэхээр  айж байна.Бид миний тухай ярьж эхлэвэл би “би-би-би” гэж ярих шаардлага гарна.Би үүнд маш дургүй.
-Таны дуртай афоризм?
- Надад нэг кино найруулагч, зохиолч найз байдаг юм.Тэр өөрөө кино зохиолоо бичдэг, сонинд нийтлэлээ гаргадаг, телевизийн нэвтрүүлгээ хөтөлдөг. Энэ бол Саша Митта. Тэр маань хүн бүрийг онч мэргэн үгсийг бичиж тэмдэглээд, цээжлэх ёстой гэж боддог хүн. Би ийм юм хэзээ ч хийж байсангүй. Би "Veni, vidi, vici"-г л санаж байна, “ирлээ, харлаа, яллаа”. Энэ таатай, бас хамгийн сайн нь.
-Та хэр үнэн хариулсан бэ?
-Туйлын үнэн! Та ойлгож байна уу, надад худлаа хариулах шалтгаан байхгүй.Би энд хэн нэгэнд таалагдахын тулд ирээгүй.Би энд таны сонирхож буй бүх асуултанд үнэнчээр хариулах гэж ирсэн.Надад одоо худлаа ярих, зусардах, дүр эсгэх бол утгагүй зүйл. Хүсч  байвал итгэ, хүсэхгүй байвал боль. Би үг хэлэхдээ, бүх харилцан яриандаа, бүр гэртээ хүртэл үнэнийг ярих  гэж хичээдэг.
-Та нэг удаа: ”Би бусад яруу найрагч нарыг бодвол...”,гэж хэлж байсан. Би ч бас таныг бусдаас илүү яруу найрагч гэж боддог. Харин та өөрийгөө хэн гэж боддог вэ?
-Та мэдэж байна уу, энэ асуултанд хариулах үнэхээр хэцүү юм. Би өрийгөө одоо байгаа тэр л хүн гэж бодож байна. Би урлагийн зарим төрөл, хэсгийг хослуулж, тэд нараас синтез (нийлэг) гаргахыг хичээж байна. Энэ магадгүй урлагийн шинэ төрөл ч юм бил үү. XIX зуунд магнитофон байсангүй, зөвхөн цаас л байлаа. Харин одоо магнитофон, видеомагнитофон ч гараад ирлээ. Яруу найрагч, хөгжмийн зохиолч, жүжигчин эдгээрийн хэн нь гэж өөрийгөө боддог вэ гэж та надаас асуусан. Би танд шулуухан хариулт өгч чадахгүй нь. Ирээдүйд эдгээрийг бүгдийг нь ердөө ганц үгээр нэрлэдэг болох ч юм бил үү. Тэр үед л би танд “Би өөрийгөө энэ гэж бодож байна” гэж хэлье дээ. Одоогоор ийм үг алга. Асуултыг арай хөнгөвчилвөл, эргэлзээгүйгээр би шүлгэн дээрээ илүү ажилладаг. Цагийн аясаар онгод гэж нэрлэгдээд байдаг зүйлийг ойр ойрхон мэдрэх болж. Чиний мөрөн дээр суугаад, шөнө эсвэл үүрийн зургаан цагийн үед, хумсаа мэрээд ч гарнаас юу ч гарахгүй мэт санагдах тэр үед л онгод хэмээх тэр зүйл хүрээд ирдэг.
-Тэгвэл гитар таны өмнө хэзээ гарч ирсэн бэ?
-Гитар бол маш санаадгүй бас сонин байдлаар гарч ирсэн. Би дээр үед бусад л залуусын адил шүлэг бичдэг байв. Олон инээдэмтэй юм бичсэн дээ. Театрын сургуульд байхдаа би нэг том элэглэл зохиосон юм. Бараг хоёр цаг үргэлжилдэг. Хоёрдугаар курст байхдаа би жишээ нь, бүх урлагийн төрлийг элэглэсэн юм. Дуурийг, хошин дуурь болгох гэх мэтээр. Тэр өдрийн сэдэв, бас оюутны сэдвээр бид өөрсдийн текстээ хийдэг, би үргэлж автор нь болдог байсан. Шүлгээр бүр хүүхэд байхаасаа л оролдсон гэсэн үг. Гитар бол ингэж гарч ирсэн. Би гэнэт магнитофон олоод сонсчихов. Тэр үед их муу ажилладаг магнитофонууд байж дээ.  Одоо бол оросын техникүүд их гарч ирсэн, тэндээс л сайн чанар гарч ирж байна. Тэхэд маш таатай сайхан хоолойг би олж сонссон. Тэр үедээ л содон аялгуу бас содон шүлэг байв. Миний мэдэхээр тэр бол Булат байсан. Тэр үед би шүлэгнээс төрсөн мэдрэмжээ хөгжмийн зэмсэг бас аялгуугаар хүчтэй болгож болох юм байна гэдгийг ойлгосон юм. Би үүнийг хийх гэж шууд л оролдож эхэлсэн. Миний толгойнд шүлгийн мөр орж ирэхэд, би шууд л гитараа барьж авдаг байв. Хэрвээ шүлэг хэмнэлтэй нийцэхгүй байвал, би шууд хэмнэлээ өөрчлөөд үздэг байв. Энэ ажиллахад ч тустай. Ер нь гитартай хамт зохиох илүү хялбар байсан. Олон хүмүүс үүнийг дуу гэж нэрлэдэг. Би үүнийг шүлэг гэж нэрлэдэг, тэгж ч тооцдог. Төгөлдөр хуур эсвэл гитарын хэмнэл дээр үндэслэсэн шүлэг. Эхэндээ би төгөлдөр хууртай, баян хууртай дуулах гэж оролдсон. Яагаад гэвэл намайг жоохон хүүхэд байхад эцэг эх маань модон саваан доор л хөгжим давтуулдаг байлаа. Тэд нартаа баярлалаа гэж хэлмээр байна. Би бага зэрэг хөгжмийн боловсролд суралцсан ч, мэдээж бүгдийг одоо мартаж. Гэсэн хэдий ч энэ учрал маань надад тачир ядуу ч энэ заль мэхгүй хөгжмийн зэмсэг болох гитарыг эзэмших боломж олгож. Би заримдаа их болхи тоглодог, заримдаа ч гэж, ихэнхдээ. Над руу хандсан, яагаад ийм зориуд болхи тоглоод байгаа юм бэ гэсэн зэмлэл их сонсогдог. Энэ зориудын болхилол бишээ, энэ санаатай болхилол. Би зориуд ритм, хэмнэлээ хөнгөвчилдөг. Миний үзэгчдэд зөвхөн чихэнд нь биш, сэтгэлд нь миний хэлэх гэсэн зүйл хүрэхэд аялгуу битгий саад болоосой гэсэндээ тэр. Энэ бүхнээс маань л гитар гарч ирсэн. Хэзээ вэ гэж үү, намайг 14-тэй байхад. Сургууль төгссөний дараа.
-Энэ бүгдээс харахад, та үзэгчидтэйгээ шууд холбоотой байхыг эрхэмлэдэг юм байна, тийм үү?
-Мэдээж, маш их, маш их....
-Саяхан Таганкийн театр Парист маш амжилттай тоглолоо.
-Та хаанаас, яаж амжилттай тоглосныг нь мэдэж байгаа юм бэ. Ямар амжилт?
-Сонин дээр бичсэн байсан.
-Надад бол энэ тухай харин тийм ч олон сонинд гараагүй санагдсан. Амжилт бол үнэхээр лут байсан. Сүүлийн үед, манайх ч, дэлхийн ямар ч драмын театр Таганкийн Театр шиг ийм амжилтаар онгирч чадахгүй. Миний бодлоор Питер Брук , юу билээ дээ, “Зуны шөнийн зүүд” жүжгээрээ л онгирч чадах байх.
-Парист гурван концерт тоглосон гэж ярьж байсан?
-Тийм ээ, гурав байсан.Товчхондоо гэвэл бид дөч хоногийн дотор авчирсан жүжигнээсээ хэд хэдийг тоглосон.Би тэнд “Гамлет”, “Дэлхийг донсолгосон арван хоног”-ийг тоглосон. Бид дөрвөн жүжиг авчирсан. Би жүжгийн нөөцийн талд нь ажилласан байна. Дараа нь театр Москва руу явсан. Харин би аль дээр Парист хэд хэдэн үзүүлбэр үзүүлэх урилга авчихсан байсан. Хэд хэдэн удаа ирж, очихгүйн тулд би үлдээд, үзүүлбэрээ тоглохоор тохирсон юм. Нэг талаас цаг хугацаа алдахгүй, нөгөө талаас дараа нь гарз хохиролгүй. Энэ аяллын түүх их сонин л доо. Би танд ярьж өгье. Эхлээд зөвлөлтийн яруу найргийн үдэш болж байсан юм. Би тэнд очсон зохиолч нарын бүрэлдэхүүнд байсан. Долоон мянган хүний нүсэр танхимд, нүсэр багширалдсан хүнтэй тийм оройг өнгөрөөсөн. Тэр орой дуусч, театр ирэхэд би жүжигчний хувиар гарч эхэлсэн. Дараа нь театр явахад, би зохиолчийн хувиар гарч дуунуудаа дуулсаар байсан. Гурван танхим хоорондоо их өөр байсан. Сүүлийнх маш хөгжилтэй байсан. Дөнгөж дуулж эхэлж буй дуучидтай танхимыг  тэд надад өгсөн юм. Тайз маш гоё өнцөгтэй, нэг тийм ухаалагаар хийсэн байсан. Хэрэв хүн бага байвал тайзны өмнө үүсэх тэр хэсэгт бүх үзэгчдийг суулгаж болохоор. Арай их хүн байвал тайзыг бага зэрэг хөдөлгөж болно, тэгвэл бас л бүх үзэгчдэд харагдана. Хэрэв үнэхээр танхим дүүрэн байвал, тайзыг бүр хойшлуулна. Энэ маш ухаалаг зохион байгуулалт. Ялангуяа өөрсдийх нь урьсан хоёр хүнээс өөр хүн ирдэггүй, эхэлж буй дуучдын хувьд. Тэднийг сандралд оруулахгүй байх сайхан арга юм. Надад ч бас ийм зүйл тохиолдож болох байсан. Учир нь тоглолтын мэдээллийг жижигхэн шар цаасан дээр гаргаад, тэр орой нь, зөвхөн тэр дүүрэгт наасан. Элизе Монмартр гэх танхим байсан л даа. Эхний өдөр л 350 хүн ирсэн, ийм хүн ирнэ гэж бидний хэн ч тооцоолоогүй байсан. Миний юу дуулж байгааг болон яаж танхимын талаас илүү зайг дүүргэсэн тийм их хүн ирснийг ойлгохгүй гайхаад франц дарга нь гүйж ирсэн. Ийм юм байх боломжгүй! Реклам хийгээгүй, ер нь юу ч хийгээгүй байхад шүү гээд л. Хоёр дахь өдөр нь 500 хүн. Харин гурав дахь өдөр... Товчхондоо, бид танхимд байсан хүмүүсийн тоогоо бууруулаагүй. Ингэж л тоглолт тавигдаж дууссан. Ингэж л концерт минь өндөрлөсөн. Би бол маш амжилттай дууссан гэж бодож байна. Ямар ч байсан францчууд гайхалтай л гэж ярьж байгаа.
-Францчууд таны дууг ойлгосон гэж үү?
-Би эхлээд үзэгчдийг орос хэлэнд эсвэл орос үгийн урлагт дурлагсад байна гэж бодсон. Магадгүй тийм байсан ч байх. Гэхдээ сүүлийн тоглолтон дээр санал асуулга явуулсан. Энэ их амархан, хэдэн оюутан-социологууд судалгаа явуулсан юм. Танхимд байсан 960 хүнээс 600 нь орос хэлээр ярьдаггүй, огт ойлгодоггүй хүмүүс байсан. Маш богино, 20 орчим секундын жижиг орчуулга явж байсан. Би хэд хэдэн дискээ хамт бичүүлж байсан өөрийн гитарчинтайгаа хамт тоглосон. Францын үндэсний найрал хөгжимийн оркестроос, надтай нэг басист хамтарсан.Би бас гитартайгаа. Би завсарлагагүйгээр 20 цаг ажилласан. Учир нь би завсарлага авах үнэхээр дургүй. Зохиолчийн дуунд завсарлага хэрэггүй гэж би боддог. Яагаад гэвэл яг хамраараа, чихээрээ, нүдээрээ барьж авахгүй тэр зүйлийг, сэрэл мэдрэхүйгээрээ, зургаан мэдэрхүйгээр мэдэрч, яг ийм холбоог үзэгчидтэйгээ үүсгэж байхад завсарлага хийж яаах юм. Завсарлага хийвэл бүгдээрээ бүфет явчихна. Би үүнд дургүй. Иймээс л шахсан юм. 20 цагийн дотор барагцаагаар 30-аад дуу дуулсан. Тэр арга хэмжээ энд болдог зүйлсээс бага биш зүйлээр ялгаатай байсан гэдгийг танд хэлэх нь зүйтэй болов уу. Зарим талаар Москвагаас илүү сэтгэл хөдлөлтэй байсан. Өөрийн эх орондоо зарлиг буулгагч гэж байхгүй. Москвагийнхан үргэлж намайг энд, хажуу хавирганд нь байхыг мэднэ.Театрт очоод л намайг харж, сонсож чадна.Ялангуяа одоо “Өөрийнхөө эрэлд” гэдэг шинэ жүжиг дээр би дуулж байна. Харин тэд мэдэж байсан, дахиж хэзээ ч намайг сонсохгүй байж магадгүй гэдгийг. Зарим үзүүлбэрийн дараа тэд талархсандаа сүрт жагсаал хийх нь холгүй байсан шүү.
-Ямар дуунуудыг францчууд бусад дуунуудаас илүү ойлгож хүлээж авсан бэ?
-Нэгдүгээрт, хэв маяг их чухал. “Зүүдэнд минь шаргал гал”- энэ бол цыган маягийн дуу. Гэхдээ мэдээж тэдний тэгтлээ татагдсан хамгийн үнэт зүйл нь энэ биш л дээ. Дууныхаа нэрээр хэлбэл, “Хүйтэн татлага” байна. Энэ дуу бусдаасаа илүү хүрсэн. Түрэлт, өгөмж ихтэй дуунуудын дараа тэр чийгийг арчих хэрэг гарна. Зарим зүйл дахилтын хэлбэртэй нь сонин. Жишээ нь, нэг тийм хошин дуу байна, “Ой, Вань, хараач, ямар алиа салбадайнууд байгааг...” гээд л. Жүжигчний хувиар тоглоод жүжиглээд өнгөрөх шинжтэй дуунууд байна. Энэ л тэднийг их хөгжөөж байсан. Тэд шууд л текстийг барьж аваад, харж эхлээд, хоцорсон ч инээгээд л. Энэ үеэр миний хуурцаг тэнд гарсан байсан. Дараагийн бадаг эхэлж байхад танхимд инээдэм, учир нь тэд уншиж амжсан байна. Товчхондоо би ямар нэг зүйлийг онцлон тэмдэглэж чадахгүй. Үзэгчдээс бас олон зүйл хамаардаг. Тэр хүн яах гэж ирсэн бэ. Тэр хүн таньдаг хүндээ ”би нэг хогийн юм үзлээ” гэж дараа нь ярих гэж ирсэн бол, тэр яг тийм л юм үзнэ. Ямар ч бэлтгэлгүй зүгээр л ирсэн байж болно. Гол нь түүнд  гайхалтай сэтгэгдэл л төрөх ёстой. Ийм зүйл мэдрүүлэхийн тулд их олон юм хийх ёстой шүү.
-Та “Өөрийнхөө эрэлд” гэх шинэ жүжгийнхээ талаар яриач?
-Маш сонин жүжиг. Энэ жүжиг ч биш, энэ бол үзэгдэл. Театрын үйл явдалд шинэ хэлбэрийг бид гаргасан гэж би бодож байна.Бидний бусдын театр, кино, жүжгэнд бичиж өгсөн зүйлийнхээ араас хааяа халагламаар санагддаг байсан. Тайзнаас буугаад бүгд алга болчихсон. Тэр ажил хайрцаганд орсон гэсэн үг. Үүрд алга болох эдгээр зүйлээр тодорхой нэг кино, жүжиг эсвэл телевизийн нэвтрүүлгийн хэсгүүдээр бид жүжиг хийхээр шийдсэн. Концерт ч юм уу, за мэдэхгүй юм даа, хүссэнээрээ нэрлэцгээ. Эхлээд тайлбар текстэй байсан, би дуудаж уншдаг байлаа. Дараа нь Любимов манай театрын макетыг авчруулж, жижиг дэнлүүгээр гэрэлтүүлэх санааг гаргав. Над дээр улаан гэрэл тусгаад л.  Золотухин, кинонд сэргийлэгчийн дүрийг бүтээж байсан, түүн дээр ногоон цаас суулгасан. Түүнд бүх зам нээлттэй гэсэн үг. Бидэнд яагаад тухтай байна гэхээр бид жүжгээ ямар ч газар, ямар ч хот луу авч явж чадна. Хаана ч түүнийг асар их сонирхол, таашаалтай үзнэ. Эхэндээ сайн ойлгоогүй хүмүүс байсан, харин одоо Москвад энэ бол хамгийн алдартай үзэгдэл. “Мастер, Маргарита хоёр”-той адилхан л орж үзэх нь үнэхээр хэцүү байна. Их хүн ирж үзнэ, харин эхний үзэгдлийн дараа 50-иад хүн гараад явж магадгүй. Учир нь билет олдоод ирсэн ч, юу ч ойлгохгүй байгаа хүмүүс болохоор. Ихэвчлэн худалдааны байгууллагын хүмүүс тийм байдаг. Би нэг удаа худалдааны ажилтан дээр очив, надад жүжгийн байранд зориулсан зарим юм хэрэгтэй байсан юм. Тэр надад өөрийгөө танилцуулав. Би түүнд зүрх алдан байж : “ Хүсч байвал би танд хоёр үзвэрийн билет өгье. Та надад цаг алдалгүйгээр, хурдан, ширээний асуудлыг маань шийдэхэд тусалж чадах хүн болохоор, талархсандаа өгч байгаа юм. Өнөөдөр манайд зочид ирэх юм л даа. "Тэр над руу асар уйдсан, уйтгартай царайгаар Таганкийн бүх кино, зохиолчдын тоглолт юу л байдаг юм, бүгдийх нь тасалбарыг гаргаж ирсэн. Тэр үед надад түүнд санал болгох юу ч байхгүй гэдгийг ойлгосон юм. “Тэгвэл надад ч бас таниас юу ч хэрэггүй” гээд би явсан. Би тэгээд бушуухан тэр газраас гарч холдсон. Би юуны тулд энийг ярьсан бэ гэхээр. Тэр жүжиг маш алдартай жүжиг байсан. Би боддог. Одоо ч тэр худалдааны ажилчид театрыг танихгүй, тэдэнд тийшээ орох хүндрэлтэй хэвээрээ л байгаа байх гэж би бодож байна.
-Та яг одоо ямар асуултыг өөртөө тавимаар байна?
-Танд л гэж хэлэхэд, магадгүй би алдаж байж ч болох... Надад дахиад уран бүтээл хийх хэдэн жил, сар, долоо хоног, хоног, цаг үлдсэн бол? Үүнийг л өөрөөсөө асуумаар байна. Үнэндээ үүнд л хариулт авмаар байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.