НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Ц.Нямдорж: Ерөнхийлөгчид нэр дэвшье гэсэн хатуу зорилготой байсан бол би энэ “Эрдэнэт” гэдэг сэдэв рүү орохгүй байсан

Б.Ганчимэг     Нийтлэгч
9 сарын өмнө /2017-02-24 11:01:07 GMT +8 / | 50770 удаа уншсан

УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийг энэ удаа би зочноороо урилаа. Тэр цаг үргэлж хамгийн сонирхолтой, хамгийн эрч хүчтэй ярилцагч байж ирсэн. Энэ удаа ч тэр хэвээрээ, бөөн гал дунд шатаж зогсоно.   


-Сонгуулийн үеэр тантай ярилцсанаас хойш нэлээдгүй хугацаа өнгөрчээ. Нэг харсан чинь та дахиад л бас өөрийгөө тойрсон галан дунд зогсож байна. Энэ Эрдэнэтийн 49 хувийг тойрсон асуудал дээр манай нийгэм талцжээ. Зарим нь эд гарч ирээд хувийн хэвшлийнхний чадан ядан босгосон багануудыг хөрөөдөж эхэллээ. Булаах, буцах бодлогууд явуулж байна гэлцэнэ. Нөгөө хэсэг нь ерөөсөө энэ Эрдэнэтийг тойрсон асуудлуудыг бүгдийг нь ил гаргаж тавих ёстой, өнгөрсөн Засгийн үед хийгдсэн наймааг буцаах ёстой, Кремльд Монголын асуудлыг шийддэг байсан цаг өнгөрсөн гэцгээж байна. Эндээс хоёулаа яриагаа эхлэе.
-Зөвхөн Эрдэнэтийн 49 хувийг яриад байгаа зүйл ерөөсөө биш юм аа. Цаад том утгаараа энэ Монгол Улс цаашдаа яах юм бэ гэдэг асуултын өмнө ирчихээд байна. Намайг Хууль зүйн яаманд байхад төр тойрсон, тендер тойрсон аахар шаахар булхайнууд гардаг л байсан. Тэгээд явцын дунд дарагдаад л, зарим нь  хамгаалалтанд орж хэргээ булзайруулаад л янз янзын юмнууд болдог байсан. Энэ Эрдэнэтийг тойрсон асуудал бол зөвхөн ганц үйлдвэрийн асуудал биш. Энэ хэрэг явдал бол Монгол Төрийн сүүлийн 25 жилийн гажуудлын хамгийн том оргил нь гэж болох явдал. Ийм л юм болчихоод байна. Янз янзын луйвар явагддаг байсан. Гэхдээ ийм далайцтай, ийм олон өндөр албан тушаалтнуудыг хамарсан, ийм нууцлаг, танил тал, албан тушаалаар хэрж хамгаалагдсан луйвар гарч байгаагүй. Улсаас өөрөөс нь эх үүсвэрийг нь гаргаад, эргээд улсынх нь амин сүнсийг худалдаж авсан ийм луйвар гарч байгаагүй юм л даа. Асуудал энд л байгаа. Одоо энэ удаа нэг зогсоовол зогсооно, зогсоохгүй бол ингээд энэ улс дуусна. Ерөнхий зураг яаж харагдаж байна вэ гэхээр нэг хүн далд суучихаад  хүссэн бүх шийдвэрээ Монголын төрөөр гаргуулж чаддаг. Тэр хүн даалгавар өгнө. Салбарын сайд эрх хэмжээ нь хүрвэл тэндээ шийдчихнэ. Эрх хэмжээ нь хүрэхгүй бол Засгийн газарт санал оруулна. Засгийн газраар шийдвэр гаргуулна. Засгийн газрын эрх мэдэл хүрэхгүй бол УИХ-д санал оруулна. Тэгээд их хурал нь шийдвэрийг нь гаргадаг. Тэр нууц хүний өмнө ингэж Төр үйлчилгээ үзүүлдэг,  ийм л юм тогтчихсон байна шүү дээ. Асуудал руу гүнзгий орох тусам улам их мэдрэгдэж байна. Шулуухан хэлэх юм бол мафиоз төрийн бүх систем рүү нэвтэрч, биежсэн хэлбэр рүү орсон. Ийм шинж тэмдгүүд илэрдгээ илэрч, аюулын харанга дэлдсэн учраас энийг таслан зогсоох ёстой гэж үзээд л би энэ рүү орчихсон юм. Би олон удаа хүнд хэцүү нөхцөл байдлыг сэтлэн орж, хайчин дунд сөрж, тэр мөчүүдийн зарим үед нь өөрийн чинь ярилцлаганд орж л явсан хүн ш дээ. Арай мартаагүй байлгүй дээ. 
-Мартаагүй учраас л ахиад галан дунд юу хийж зогсоно вэ гэх асуултаар яриагаа эхэлж байна л даа. 
-Үнэндээ өмнөх тэр нөхцөл байдлуудыг одоогийнхтой харьцуулж үзэхээр зүгээр л инээд хүрээд байгаа байхгүй юу. Одоо жишээ нь, би 2010 оноос энэ төмөр зам тойрсон асуудал ярьж эхэлсэн байх аа. Х.Баттулгатай холбогдуулж. Тэр асуудал одоогийн энэ хоёрыг харьцуулахад тэр асуудал мөн л инээдэмтэй санагдаад байгаа юм. Ийм далайцтай, бүхнийг урхидчихсан, ороогүй, гар хөлөө шургуулаагүй, эзэмшлээ тогтоогоогүй салбар үлдээгээгүй мафижсан ажиллагаа урьд өмнө нь байгаагүй. Ельциний үед еврэй гаралтай этгээдүүд нь Оросын баялагийг яг ингэж цөлмөсөн. Тэгээд Путин гарч ирсэн, тэд нар нь ч зугтаад Англи руу гараад явчихсан л даа. Яг тэр үеийн Орос оронд болсон цөлмөлт одоо манайд энэ Худалдаа хөгжлийн банкийг тойрсон юман дээр явагдаж байна л даа. Холын санаа нь өндөр. Монголын үнэт металын салбарыг бүхлээр нь эрхшээлдээ оруулах, дээрээс нь эрчим хүчний салбарыг. Үнэхээр том байгаа биз. Гол нь энэ бүх санаа зорилгын төлөө явъя, явуулъя гэхэд энэ Худалдаа хөгжлийн банкны  өөрийн эх үүсвэр гэж юу байхав дээ. Энэ бүхний учрыг олж ядаад байх сүртэй ч юм байхгүй. Мөнгийг нь дандаа тойруугаар улсаас гаргадаг. Монгол банк хийдэг. Аль ч засгийн үед тэд ингэж л ажиллаж ирж. Ийм юм руу орсон байна. Надад бол  эргээд бодож байхад миний тэр туулж тэмцэж гарч ирсэн хүнд хэцүү явдлууд өнөөдрийн энэ орж байгаа зүйлийн дэргэд бүр юу ч биш санагдах. Тэр үед чинь би нэг л хүнтэй, нэг л том албан тушаалтантай үзэж байлаа ш дээ. Ийм системийн хувьд хэлбэржсэн, мафиозийн зохион байгуулалтын төвшинд хүрсэн, намууд доторх том албан тушаалтнуудын оролцоотой хамгаалалтын байгууламж хийчихсэн, хөшүүрэг нь бүхнийг мөнгөөр гагнасан ийм бүлэглэлтэй таарч байгаагүй. Үнэхээр бүх төвшнийхөн хамрагдчихсан. УИХ, Ерөнхийлөгч гээд...
-Өмнөх УИХ-д та бас байсан. Жил гаруй хугацааны турш танай нам Засгийн газарт хамтарч ажиллаж байсан. Тэгсэн атлаа дөнгөж сонгуулийн өмнө болсон процесс, энэ үйл явдлыг гишүүд чинь мэдээгүй л гээд байх юм. Үнэмшихэд хэцүү юм л даа. Сая тухайн үед УИХ-ын дарга байсан хүн нь ч өөрөө бараг мэдээгүй шахам өнгөрсөн гээд ярьчихсан. Тэгэхээр тэр үед ямар нэгэн үнэр мэдрэгдээгүй гэж үү?
-Яг Эрдэнэтийн тухайд бол мэдрэгдээгүй. Ер нь "Худалдаа Хөгжлийн банк" ийм мафиозийн бүтэц рүү орчихсон, бүхнийг хамж шимдэг ажиллагаа эхэлсэн гэж бол мэдрэгдэж байсан. Таван толгойд гэхэд энэ "Худалдаа Хөгжлийн банк" гэдэг юм чинь байгаагүй юм ш дээ, 2011 онд. Тэнд бол сураг чимээ ч байгаагүй. Гэнэт 2013 оноос Таван толгойн тодорхой хувь энэ банкны мэдэлд шилжсэн гэдэг яриа гараад эхэлсэн. Дараа нь Хөтөлийн асуудал яригдаад эхлэхээр нь би 2015 оны долдугаар сард УИХ-ын чуулган дээр энэ банкны асуудлыг хөндөж тавьсан байхгүй юу. Хөтөлийг дагаж гарч ирсэн асуудал. Яахаараа арилжааны банкны мэдэлд аж ахуйн нэгж орчихдог юм бэ... гэдэг асуудал гаргаж тавьсан. Тэгээд шахаад эхэлтэл Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддорж надад тэр үед танилцуулга ирүүлж байсан. Тэр үеэс асуудлууд нэг л биш болоод явчихсан юм. Тэгээд л саяын энэ нууцлаг юм чинь явсаар байгаад сонгуулийн өмнө Ч.Сайханбилэг гарч ирж гэнэт мэдэгдэл хийсэн. Дээд зэргээр нууж хийсэн ажиллагаа. 

Шулуухан хэлэхэд мафиоз төрийн бүх систем рүү нэвтэрч, биежсэн хэлбэр рүү орсон

Одоо жишээ нь, тэр гэрээгээр чинь бол Монголын Засгийн газар, Оросын Засгийн газар хоёр чинь энэ гэрээний талууд байхгүй юу. Гэтэл тэр худалдах, худалдан авах ажиллагаанд Монголын Засгийн газраас оролцсон хүн одоо хүртэл олдохгүй байна гээд бод л доо.
-Оросын засгийн газартай бол Эрдэнэтийн 49 хувь чинь аль эрт хамаагүй болоо биз дээ. Хувьд очсон байсан биш үү?
-Үгүй ээ, тэр чинь бол хувьцаа эзэмшигч нь. Оросын "Ростех" компани. Гэрээний тал гэдэг бол хоёр улсын Засгийн газар. Хоёр улсын Засгийн газар оролцоод, тэр гэрээг УИХ батлаад эхлэхээр чинь нийтийн эрх зүйн гэрээ болж хувирдаг. Засгийн газрууд оролцож байгаа гэрээ учраас гэрээг нь УИХ баталдаг. Гэрээг нь их хурал хүчингүй болгодог. Ийм хуулиар явдаг юм, наадах чинь. Тэгэхэд тэр талуудын нэг тал буюу Монголын Засгийн газрыг төлөөлж энэ Эрдэнэтийн асуудал дээр орсон хүн одоо болтол олдохгүй байна шүү дээ. Чи тэгээд бод л доо. Манай талаас хэн гээч нөхөр орсон нь одоо болтол олдохгүй байна шүү дээ. Ийм юм л болоод байна. Тэгээд л уржигдар Зандаахүүгийн Энхболд телевизээр ярилцлагад орж “Би мэдээгүй байсан” гэдгээ хэлж байна шүү дээ. Би тэрийг бараг үнэн болов уу гэж бодоод байгаа юм. Маш цөөхөн хүний хүрээнд бүх юмаа нууцаар хийсэн ажиллагаа шүү дээ. 
-Ерөнхийлөгч бол энэ үйл явдлыг мэдээгүй байх үндэслэл байхгүй биз дээ?
-Ерөнхийлөгч бол мэдэж байсан. Би тийм учраас Ц.Элбэгдоржийг энэ бүхнийг зохион байгуулсан гээд шууд хэлж байгаа ш дээ. Зургадугаар сарын 23-нд Ташкентад гурван улсын Төрийн тэргүүний уулзалт болоход тэр гурван улсын Төрийн тэргүүн номхон зогсоож байгаад л энэ гэрээнд гарын үсэг зур гэж Ч.Сайханбилэгт даалгавар өгсөн байсан байхгүй юу. Тэгээд дараа нь би асуудлыг хөндөөд эхэлсэн. Хариуд нь Ц.Элбэгдорж нийтийн өмнө гарч ирж над руу хоёр цаг агсам тавьдаг чинь үүнийгээ хамгаалж байгаа үйлдэл. Нарийн ярих юм бол тэр зургадугаар сарын 23-ны гурван улсын төрийн тэргүүний уулзалтанд чинь энэ Худалдаа хөгжлийн банкны О.Орхон очсон. Тэр үед Гааль, татварын даргаар ажиллаж байсан С.Пүрэв очсон. Тэгээд гарын үсэг зурах гэж Оросын тал руу баахан санал тавиад Оросын тал нь хүлээж аваагүй. Ийм юм бас болсон. Ийм дайнд дунд л наад юм чинь явагдсан. Үнэхээр Зандаахүүгийн Энхболд мэдээгүй байна гэхээр л ямар өндөр төвшинд нууж байсан нь харагдаж байгаа юм. Мань мэтэд нь бол бүр сураг ч байгаагүй. Би яаж мэдсэн юм гэхлээр зургадугаар сарын 28-нд гэртээ байж байсан чинь Ц.Мөнх-Оргилын утас хоёр удаа орж ирсэн байдаг байхгүй юу. Тэгээд яаралтай юм гарсан юм байна гэж бодоод эргээд залгасан.  Сонгуулийн сурталчилгаа дуусч байгаа өдөр юм чинь. Ингээд хариу эргээд залгасан чинь энэ тухай ярьсан. Энэ Эрдэнэтийн 49 хувийн талаар хачин юм болж байна аа, яаралтай энэ талаар мэдэгдэл хийхгүй бол болохоо байлаа гэдэг юм. Тэгэхээр нь би дарга нартай яриад, та нар тэр мэдэгдэл хийчихгүй юу гэсэн. Тэгтэл Ц.Мөнх-Оргил “Би ярилаа. За ч гэхгүй байна, үгүй ч гэхгүй байна” гэсэн юм хэлж байна. Тэгэхээр нь би намын байран дээр хүрээд ирсэн. Д.Амарбаясгалан байсан. Ө.Энхтүвшин, Ц.Мөнх-Оргил хоёр байсан, тэгээд надтай нийлээд дөрвөн хүн болсон. Тэгээд нэг мэдэгдэл бичсэн. Сонгуулийн дүн гарахын яг энэ урд өдөр амжиж луйвараа хийж байна шүү гэсэн утгатай. Мэдэгдлийн сүүлчийн засварыг би хийгээд, бүгдээрээ гарч мэдэгдэл хийх гэж байсан чинь их хуралд нэр дэвшиж байгаа хүн болохгүй гээд, одоо энэ хотын дарга болдог С.Батболд, Д.Амарбаясгалан хоёр гарч мэдэгдэл хийсэн. Гучин минутын дараа Н.Энхбаяр, З.Баянсэлэнгэ хоёр гарч ирж бас хэвлэлийн хурал хийсэн. Бид нар аминдаа өрссөн байхгүй юу. (инээв) Тэгж наадах луйврын чинь тухай анх ард түмэнд мэдэгдсэн. Бид тэр үед олон түмэнд энэ алдаа завхарлыг засна гэсэн, луйврыг таслан зогсооно гэсэн. Чи санаж байгаа биз. 
-Ер нь бол Эрдэнэт үйлдвэрийнхээ 49 хувийг монголчууд бид авахсан  гэдэг тэр эрмэлзэл, тийш чиглэсэн оролдлого, мөрөөдөл бол бидний зүрхэнд байсаар л ирсэн зүйл шүү дээ.
-Би тэрийг үгүйсгэхгүй. 
-Ардчилсан намынхан “Эрдэнэтийн маань эрдэнэ болсон 49 хувийг бид эргүүлээд авчихлаа. Одоо 100 хувь Монголын талд ирсэн шүү” гэсэн тэр мэдэгдлийнхээ үнэ цэнийг намд нь ялалт авчрах нэлээн том хөзөр гэж тооцсон байх. Гэвч тэр нь сөргөөр эргэж, нөгөө талаас та бүхэн эсрэг эргүүлснээр танай нам бараг өөрсдөө ч хүсээгүй хэтийдсэн ялалтыг нэмж авч ирсэн л дээ. 
-Магадгүй.
-Одоо ажиглагчид, нийгмийн идэвхитэй хэсгийнхэн энэ асуудал дээр талцсан байр суурьтай байна. Манай нийгэм их өөрчлөгдсөн шүү дээ. Тэдний зарим нь яагаад Эрдэнэтийн 49 хувь Монголын мэдэлд ирээд, Монгол компани худалдаж аваад ажиллаж болдоггүй юм бэ. Монголын нэг ч гэсэн компани эх оронч алхам хийлээ. Үүний төлөө юунд нь Ц.Нямдорж тэргүүтэй нөхөд үхчих гээд байгаа юм бэ гэдэг. Энэ нь бүр хатуу уур хилэн, тууштай тэмцэл ч болж хувирч байгаа. Энэ ойлголтод та ямар хариу өгөх вэ?
-Нэгдүгээрт, Ганчимэг ээ хээрийн чонотой нийлсэн гэрийн нохой чононоосоо ч  долоон дор гэдэг үг байдаг юм даа. Энэ ойлголт л надад харагдаад байгаа юм. Үнэхээр өөрийнхөө ингэж олсон, босгосон мөнгөөр ингэж авнаа гээд ил тод яриад, Засгийн газар нь ч энэ асуудал дээр ийм байр суурьтай байна аа гээд УИХ-даа танилцуулаад, юуг ч нуулгүйгээр шүү. Их хурлаас нь тэг гэсэн шийдвэр гаргуулаад тэгээд энэ процесс явсан бол хэн юу ярих юм бэ. Өөрсдийнхөө олсон хөрөнгөөр авсан бол энийг яриад байх юм байхгүй. Мөн биз. Асуудлын гол нь Төртэй нь хуйвалдаж, улсын мөнгөөр хувийнхаа өмч  болгож байгаад л асуудал байгаа юм. Тооцоод байхад 330 орчим сая доллар нь тойруугаар гаргуулаад авчихсан улсын мөнгө. Тэр 400 сая долларын чинь. Арай хэтэрч байгаа биз дээ. Одоо тэр Дарханы 35 км төмөр замын мөнгө гээд өгөх ёсгүй байхад л Засгийн газар нь шийдвэр гаргаад л 90 сая доллар буцаагаад өгчихөж байгаа юм. Монголбанкны Ерөнхийлөгч зээл өгдөг хүн биш, хуулиараа хориотой байдаг юм шүү. Тэр хүн 360 тэрбум төгрөгийн зээл гаргаад л өгчихсөн байгаа юм. Ийм л мөнгөний эх үүсвэр шүү дээ. Дээрээс нь хөгжлийн банкны баахан зээл. Энэ бүхэн чинь юу болж байгаа юм бэ. Энэ Эрдэнэтийн 49-ийг нь барьцаалснаас хойш Эрдэнэтийн орлого зарлага юу болж байгааг мэддэг хүн байхгүй болсон. Зөвхөн энэ жилийн татварын орлогын хэмжээ 223 тэрбум төгрөгөөр буурсан. 
-Еэвэн жинхэнэ ном ёсоороо, хууль ёсны дагуу бүтэн болоод эргэж ирсэн бол ямар ч асуудал байхгүй. Гагцхүү тийм биш өөр аргачлалаар, хууль бусаар явсанд л учир нь байна гэж та хэлж байна уу?
-Улсад байгаа 51 хувийнхаа хяналтыг сэргээ, 49 хувийнхаа худалдаж авсан эх үүсвэрийнхээ учрыг ол гэсэн л үг байгаа ш дээ, Засгийн газарт найман сард бичсэн бичгэн дотор чинь. Засгийн газар давуу эрх гэж нэг юм байгаа л даа тэр гэрээн дотор чинь. Худалдаж авах давуу эрх. Тэрнээс татгалзах эсэх асуудлыг бол Засгийн газрын шийддэг асуудал биш, Улсын их хурал шийддэг асуудал. Энэ улсад чинь мөнгө байсан юм байгаа биз дээ. Улсын мөнгө байсан байгаа биз. Сонгуулийн үеэр чинь нөгөө Таван толгойн хувьцааны мөнгө гэж бараг 500 сая доллар гаргачихсан ш дээ, Засгийн газар. Тэгж сонгуулийн хахууль өгч байхын оронд тэр мөнгөөрөө, тэр давуу эрхээрээ 400 сая доллараа гаргаад 49 хувиа худалдаж авчихаад энэ Монгол Улсынхаа шудрага орлоготой үндэсний  компаниудад дуудлага худалдаагаар худалдчихаж болноо доо. Тендер зарлаад л... Тэгвэл 400 гаруй сая доллараар биш тэрбум доллараар  худалдчих байсан ч юм билүү хэн мэдлээ. Яагаад болохгүй гэж. Тэгэхээр наадах чинь шударга ёсны талаас бол цэвэр албан тушаалын наймаа, улсын мөнгөөр үнэгүйдүүлж байгаад хувийн болгодог байж болшгүй луйвар. 
-Ер нь бол Эрдэнэт олон жилийн хоёр намын хэдэн лидерийн тоглодог, тонгочдог хэтэвч байсан нь үнэн. Та ч өмнө нь Эрдэнэт гэдэг энэ сэдвийг  огт тоодоггүй л байсан. Жишээ нь, их хурлын дарга байсан нэг нөхөр гэхэд 10 жилийн нөөц бүхий вандуй Эрдэнэт үйлдвэрийн аж ахуйд шахчихаж л байсан. Тэр нь сүүлд муудаад малын тэжээлд явуулж байсан баримт яригддаг. Гэвч та дуугарч байгаагүй. 
-Наадах чинь их зовлонтой асуудал. 1998 онд энэ Эрдэнэтийн 49 хувийг тойрсон нэг луйвар бас явагдаад, нэг Засгийн газар унасан шүү  дээ. 
-Ж.Наранцацралтын Засгийн газар.
-Тийм.Тэр үед тэр Эрдэнэтийн асуудлаар ОХУ-руу явсан бичгийг шалгах ажлын хэсэг байгуулагдаж, би тэр ажлын хэсгийг ахалж байсан. Тэр асуудлаар Ж.Наранцацралтын үед Засгийн газар унаж байсан. Тэр үед л Эрдэнэтийн асуудлаар ямар нэгэн өөр ашиг сонирхол орж ирэхэд би тэрийг нь эсэргүүцэж байсан хүн юм. Тэгээд 2000 онд намайг Хууль зүйн сайд болох сурагаар “Хятадын тагнуул” гэх зохиолыг гаргаж ирж, хэрхэвч Ц.Нямдоржийг тавьж болохгүй гэсэн бичиг үйлдүүлэх ажиллагаа энэ ордны гурван давхарт болж байсан. Ингэж би “Хятадын тагнуул” болсон түүхтэй. Энэ нь тэр 1998 оны даалгаварыг нь биелүүлээгүй, ажиллагааг нь таслан зогсоосны хариу нь над дээр тэр хэлбэрээр ирсэн л хэрэг ш дээ. Тэрнээс хойш зөндөө л янз янзын юм болсон. Есөн жилийн турш зэс нийлүүлэх гэрээ хийчихсэн байна гэх мэт эсэн бусын юм дуулдаж л байсан. Гэхдээ би гүйцэтгэх засаглалын төвшинд ажиллаж байсан болохоор өнөөгийнх шиг гүн орж судлах бололцоо гараагүй юм л даа. 
-Тэгвэл одоо шударга үнэний, шударга улстөрчийн эталон гэж хүмүүсийн хардаг, итгэж хайрладаг Ц.Нямдорж өөрөө юу хийж байсан бэ гээд таны хүүтэй холбоотой асуудал гарч ирлээ. Би тэр гэрээг харсан. Нөгөө бусад нөхдүүдийн хийж байсан үйлдлүүдийн, бизнесийн дэргэд инээдэмтэй юм харагдаж буй нь үнэн. Гэхдээ нөгөө олон түмэн чинь үүний хариуцлагыг, тайлбарыг шаардах нь зүйн хэрэг.  Энэ нь өнөөдрийн либералжсан нийгмийн өөрсдийнх нь эрх дарх болчихоод байна. Хүүгийн тань удирдаж байсан компанитай холбоотой энэ баримт гарч ирж таныг ингэж дарамтлах оролдлого болно гэдгийг та тооцоолж байсан уу?
-Тооцолгүй яахав. Тооцох байтугай наадахыг чинь далдуур надад сануулах гэсэн оролдлого ч ирсэн. Ер нь бол миний амыг барих гэж энэ гурван сарын хугацаанд есөн шидийн л юм бодоцгоож байна ш дээ. Зөвхөн миний ч биш энэ ажлын хэсэгт орсон гишүүдтэй далд уулзалт хийх, ятгалга, сүрдүүлэг хийх явдал бол хэрээс хэтэрч байна шүү дээ. Бүр энэ асуудал дөнгөж эхэлж байхад наадахыг чинь нэг иймэрхүү юм байгаа юм байна ш дээ гэж надад шахалт үзүүлэх гэсэн оролдлого явагдсан. Гаргаад тавиа, наадах чинь 10 жилийн өмнөх, ном журмаараа хийгдсэн зүйл л гэсэн. Тэр үед манай хүү төгсөөд ирчихсэн, завсарын үе л дээ. 
-Компани нь өөрийнхөө нэр дээр, ил тод юм билээ.  
Тийм.    
-2.5 тэрбум гэх тоо яригдаад байгаа?
-Наад чинь 2.5 тэрбум биш. 2004 оны ханшаар тооцохоор 300 сая хүрэхгүй төгрөг. 2006 оны эхэнд ялгаагүй бас  300 сая төгрөг юм байна лээ. Хоёр удаагийн л юм ш дээ. 
-Одоо гурван удаа гэж яригдаж байгаа ш дээ.
-Тэр 2004 оных нь гэрээнд дунд нь өөрчлөлт орсон юм байна лээ. Ижил дугаартай гэрээ байгаа байхгүй юу. Гэрээний эхэнд тэдэн тоот гэрээ гэж байгаа. Тэрэнд өөрчлөлт оруулаад нийлүүлсэн цахилгааны тоног төхөөрөмж юм байна лээ. 
-Энэ баримтаар таныг шантаажлах гэж оролдсон юм байна, тийм үү ?
-Оролдсон, оролдсон. Наадах чинь бол наад захын асуудал. Хувь хүн танилын журмаар санамсаргүй маягаар ирж ярьж байна. Сайн таньдаг хүнээр яриулж байна. Гэх мэтээр... Надад юу харагдсан юм гэхлээр ер нь энэ 49 хувийнхаа луйврыг дарахын тулд асар их компромат цуглуулах юм байнаа. Энүүгээр дарамталж хүмүүсийн амыг хаах юм байна гэдэг нэг л зураг харагдаж байгаа юм. Нэг зүйл энэ. Одоо жишээ нь, Ш.Раднаасэдийн талаар байж болох бүх материал ол гэж даалгавар өгсөн сураг дуулдаж байна лээ. Ийм л юм болж байна. Миний гол яриад байгаа юм, ойлгуулах мэдрүүлэх гээд байгаа зүйл бол мафиозын төрийн биежсэн хэлбэр бий болсон байна шүү гэдэг л юм. Энэ зөвхөн Эрдэнэтийн асуудал биш. Тийм учраас иймэрхүү жижиг шантаажинд дарагдалгүй энэ бүхний цаана гарах л асуудал байгаа. 
-Улс төрийн замнал, хуримтлуулсан туршлага, хүлээн зөвшөөрөгдсөн байдал зэрэг ойлголтуудаар авч үзэхэд 2017 онд Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж болох, ид насандаа яваа  тоотой хэдэн кадр байна. Эдний нэг нь таныг гэж ажиглагчид хардаг. Тантай би олон удаа ярилцаж байсан. Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор хоёр, гурван ч удаа асуулт тавьж байсан.  Та нэг л юм хэлдэг.  Би энэ цагаан байшингаас гарахгүй шүү дээ гэж. Өөрөөр хэлбэл намын дэмжлэг надад байхгүй гэсэн санааг шууд хэлдэг. Үнэхээр энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой ямар нэгэн зорилго, улс төрийн төсөл танд байна уу? Тэр төслийн нэг хэсэг нь энэ Эрдэнэтийн 49 хувийг барьж тэмцэж байгаа явдал байж болох юм гэж би хэлэх гээд байна?
-Нэгдүгээрт, Монгол ардын нам энэ Эрдэнэтийн 49 хувийн луйврыг таслан зогсооно гээд амлачихсан. Тэрийгээ хийх ёстой. Түрүүн чи хэлнэ лээ. Ч.Сайханбилэгийн тэр мэдэгдэл хийсэн явдал нь сонгуулийн санал Монгол Ардын Нам руу ханарах нэг том шалтгаан болсон гэж. Би яг өөртэй чинь ижил бодолтой байдаг. Шулуухан энэ бодлоо ч хэлж байгаа. Эрийн сайндаа 65 суудал авчихсан юм биш шүү дээ. Аз эз таарч Ч.Сайханбилэг мангар мэдэгдэл хийж байж, тээнэгэлзэж байсан нийгмийн сэтгэлийг нэг тал руу нь хандуулчихсан. Би сонгуулийн өмнө өөрийн гэсэн тооцоо гаргаж байсан. Тэрэн дээр хамгийн дээд тал нь, бүр үсрээд л 46 санал харагдаж байсан. Надад нэг жаахан баримжаа байсан л даа. Тэгтэл 65 суудал ороод ирсэн. Энэ явдал юм мулталсан ш дээ. Тэгэхээр тэр үед хийсэн мэдэгдлийнхээ дагуу, амласан ярьсныхаа дагуу энэ нам шийдвэр гаргах ёстой юм байгаа биз дээ. Би тэр хариуцлагыг санаж л энэ асуудал руу  орсон. 
-Улстөрчийн хорлонтой хариулт байна даа. 
-Өөрийн чинь асуугаад байгаа тэр ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдэг тооцоогоор энэ тэмцлийг би эхлүүлээгүй. Надад тийм бодол ч байгаагүй. Намайг ерөнхийлөгч болох гэж энийг хийж байна гэж нам дотор ч хардаж байна, гадна ч хардаж байна. Ер нь нам гэдгийг ямар утгаар нь ойлгох юм. Энэ бага хурлын 300 орчим гишүүдийг нам гэж ойлгохгүй л дээ. Ард нь 200 орчим мянган гишүүн байна л даа. Нийт энэ массын хүрээнд хэнийг дэвшүүлэх юм гэдэг санал явах юм бол миний талд санал өндөр байгааг би мэдэж байна. Бага хурал нь ямар шийдвэр гаргах гэдэг асуудал өөрөө төвөгтэй шүү дээ. Ямар систем яаж хөдөлдөг, ямар уулзалтууд болдог, ямар мессежүүд бичигддэг гэдгийг би эрх биш гадарлана. Энэ сонгуульд Монгол Ардын Нам ямар зорилго тавих юм бол, ялна гэдэг зорилго тавих юм уу гэдэгт л асуудал байгаа. Ялна гэж байгаа бол баараггүй ялна гэж бодож байгаа хүнээ нэр дэвшүүлэх байх. Хүслээр шийддэг асуудал биш шүү дээ. Хоёрын хооронд элдэв арга хэрэглэж байгаад, юмыг яаж мэдэх вэ гэдгээр нэр дэвшүүлэлт явагдах юм бол унах нүх харагдаж л байгаа. Энийг бол тэр санаатай байгаа хүмүүсийн дотор ухаан мэдэх асуудал. Хэрвээ би асар их хүсэлтэй байсан бол, шууд утгаараа ерөнхийлөгчид нэр дэвшье гэсэн хатуу зорилготой байсан бол би энэ “Эрдэнэт” гэдэг сэдэв рүү орохгүй байсан. Надад жишээ нь, намын даргын дэмжлэг хэрэгтэй. Би тэр дэмжлэгийг өөрийн гараар устгаж байгаа хүн биз дээ. Мөн биз. Бүр шулуухан хэлэх юм бол үнэн биз дээ. Тийм учраас өнөөдрийн энэ ноцуулан байж ноцолдож байгаа зүйл чинь ерөнхийлөгчийн сонгууль энэ тэртэй огт холбоогүй асуудал. Би ер нь Ерөнхийлөгч нартай таардаггүй хүн ш дээ. Хэнтэй нь ч таарч байгаагүй. Таарч байсан түүхгүй. 

МАН Эрдэнэтийн 49 хувийг зогсооно гээд амлачихсан

Яагаад вэ гэвэл улсынхаа төлөө зүтгэх ёстой нэг номерын хүн жижиг бүлэглэлийн харьяанд оччихоод, жижиг бүлгийн эрх ашгийг хамгаалаад байдаг учраас л шүү дээ. Ийм зүйлтэй л тэмцэж байгаа асуудал.
-Ерөнхийлөгчөө буухын даваан дээр нь буг чөтгөр шиг болгож, зүхэж байгаад буулгадаг нэг тийм балмад жишээ тогтчихов уу даа гэж би хувьдаа эмзэглэдэг. Яг энэ давалгаанд та бас их хувь нэмэр оруулдаг улстөрч. Үнэхээр энэ дөрвөн хүн тийм болдоггүй дөрвөн ерөнхийлөгч байсан юм уу? Дараа дараагийн ерөнхийлөгч гэдэг фигур чинь ер нь хэн байх юм бэ? Олон түмний түшиг нь яаж явах юм, гаргаж ирчихээд л дараа нь авласаар буулгах уу гэдэг асуудал бүр илүү гамшгийн санагддаг болж... 
Хүнээсээ л шалтгаална ш дээ. Элдэв муухай хор, хуйвалдаанд оролцохгүй, улсын ерөнхийлөгчийнхөө, Төрийн тэргүүнийхээ ариун суудал дээр зөв суугаад, бүрэн эрхийнхээ хүрээнд ажиллаад байх юм бол асуудал байхгүй ш дээ. Би тэдэнтэй ил тод “дайн” зарлаж, эцсээ хүртэл тэмцэлдэж, чиний хэлсэн тэр хувь нэмрийг оруулж байсан нь үнэн. Цаашдаа ч хувь нэмэр оруулна. Ерөнхийлөгчөөр сонгогдоно гэдэг асуудал бол улсыг самарна гэсэн асуудал биш шүү дээ, хө. Улсаа самраад, нэр дэвшүүлсэн намаа самраад, бүхний хаан болчихлоо гэж дураараа авирлаад эхлэх юм бол Ерөнхийлөгч болгоны хувь тавилан дандаа хар толботой дуусна. Мөн биз. Хулгай хийж байхад улсын ерөнхийлөгч хүн хулгайгаа зогсоо гэж хэлэх ёстой. Энэ миний хатуу бодол. Хулгайлалтанд оролцох юм бол хохь нь. Харлах ажлаа өөрөө хийж буй нь тэр. Миний зарчим ердөө л энэ. 
-Сая сонгуулийн дараа таныг УИХ-ын дарга болох байх гэж улс төрийн ажиглагчид харж байсан. Хэрэв энэ алба биш бол хэрэгжүүлж байсан бодлогоо үргэлжлүүлж, Хууль зүйн яамны сайдаар ирэх байх гэсэн таамаглал байсан. Хэзээ ч тэдгээр таамаглалууд дотор УИХ-ын дэд дарга болно гэдэг зураг харагдаж байгаагүй.  Энэ чухам юу болоод өнгөрсөн бэ?
-Магадгүй Эрдэнэт дээр асуудал үүсч магадгүй, энэ гай болж мэднэ гэж тооцсон байхыг би үгүйсгэхгүй шүү. Энэ муухай гинжин холбоог таслан зогсоох арга хэмжээ авч магадгүй гэж бэргэсэн явдал байж болох юм. Гэхдээ би надад албан тушаал өгсөнгүй гэж гомдоод байдаг хүн биш. Яг миний натурт бол энэ чөлөөт байдал чинь таардаг эд л дээ. Аливаа албан тушаал нь өөрөө юм хэлэх боломжуудыг хаачихдаг юм. Өөрийнхөөрөө байх боломжуудыг үгүй хийдэг.
-Ц.Нямдорж гэдэг хүнийг тойрдог бас нэг асуултыг би асууя. Таныг  хөрөнгө оруулалтын орчны эрх чөлөөг боомилдог, Монголд хөрөнгө оруулалт татах, Монголын бизнес хөлөө олж босох үйлсэд дургүй, атаат дайсан шиг ханддаг хүн гэсэн тодорхойлолт их явж байна. 
-Тийм үү. Мушгиж гуйвуулсан юм мөддөө ер нь тасрахгүй гэдгийг би мэдэж байна. 
-Одоо ч гэсэн нэг хувийн хэвшлийн том баганыг хөрөөдөж байна гэж би таньд ярилцлагын эхэнд хэлсэн. Эдийн засгийн тооцооллыг Ц.Нямдорж юугаа мэдэх вэ дээ. Ард нь түүнийг түлхэж хөдөлгөх хүч байгаа ч гэх хардлага чих дэлсэх... Үнэндээ манай хөрөнгө оруулалтын орчин гэдэг юм үндсэндээ сүйдчихлээ. Монголд юм хийх  хэрэггүй, тэд найдваргүй гэж гадныхан ярих болсон. Энэ улс орны хөгжлийн тухай, эдийн засгийн том том хөшүүргийг хөдөлгөх, стратегийн ордуудыг ашиглалтад оруулах гэх мэт бодлогууд дээрх таны байр суурь ер нь юу юм. Эдгээр ойлголтуудтай харьцах Ц.Нямдорж гэдэг лидерийн философи нь юу юм бэ?
-Би ч арваад жил хуулийн сайд хийсэн. 2010 оноос хойш 2012 он хүртэл гурван жилийн завсарлагатай. Намайг Хууль зүйн сайд байхад 2000-аад онд энэ бизнесийн орчныг дарамталж, дээрэм тонуул хийж байсан хүмүүс нэг дарагдсан байх аа. Амар жимэр болсон байх аа. Дараа нь бизнес эрхэлж байсан хүн бараг шоронд ороогүй байх аа. Чөлөөтэй ажилласан. Чи яасан амархан мартаа вэ. Би тэр үед ний нуугүй хэлэхэд цагдаагийнхныг “барьж” байсан. Хоёрын хооронд бизнес эрхэлж байгаа хүмүүсийг битгий оролд, бүр яалт ч үгүй гар хөлийг нь гинжлэхээс аргагүй юм биш бол тэр татвар гааль нь учраа олог. Монголын шинэ цагийн хөрөнгөтний эдийн засаг ш дээ, энэ чинь. Капиталын хөрөнгө бий болж, ургаж байгаа гарч ирж байгаа ногоог хамаагүй гишгэж болохгүй ээ. Аль болохоор дарамтгүй байг гээд хөдөлгөдөггүй байсан юм шүү. Чи одоо эргээд сана. Том бизнес эрхэлж байсан хүмүүсээс хэн нь шоронд явсан юм. Нэг ч байхгүй. Энэ бол би ухаантайдаа тийм юм хэлээд байсан юм биш. Би Оросын алдартай Америк судлаач Валентин Зорин гэж хvний бичсэн Америкийн бүх баячуулыг судалсан “Титэмгүй хаад” гэдэг цувралыг ширхэг дараалан уншсан. Америкийн бүх баячуулын амьдралын түүхийг бичсэн ном байдаг л даа. Тэр номыг уншсан явдал бол бизнесийн орчинд хуулийн дарангуйлал, хүчирхийлэл байж болохгүй гэдэг юмыг надад эрт ойлгуулсан. Хууль зүйн сайдын албыг хаших он жилүүдэд энэ ном нэг талаас хашдаг үзэл санааны түшиг маань болж байсан ч гэж болно. Миний философи бол ийм. Харин намайг явснаас хойш энэ өнгөрсөн тав, зургаан жилийн хугацаанд Монголын бүх хөрөнгөтэй, өөдтэй бизнесменүүдийг шоронд хийсэн шүү. Одоо энэ Х.Тэмүүжин чинь тэр бүх үйлдлийнхээ төлөө Ардчилсан нам ард түмнээс уучлал гуйх ёстой гэж яриад байгаа чинь энэ шүү дээ. Ийм явдлууд үнэхээр хийгдсэн биз дээ. Хоёр, гурван сараар нь барьж хориод л. Гэхдээ энэнд хэмжээ хязгаар бий. Одоо энэ “Макс” групын Д.Ганбаатар ч байдаг юмуу, “Гацуурт”-ын Л.Чинбат ч юм уу мөрөөрөө бизнесээ хийгээд, Төрөөс хол явж байгаа хүмүүс байна ш дээ.  Би тэгж л ойлгодог. Ингээд явж байх юм бол эд нартай хэн юу ярих юм. Тэгэхэд одоо энэ зарим нөхдүүд яаж байна гэхээр хамгийн амар арга бол нэг өрөөнд суугаад л, хэдэн дарга нарт хахууль өгчихөөд ил далд тэд нараараа дамжуулж улсын мөнгийг хулгайлаад, улсын үйлдвэрийн газруудыг хувийн болгох бизнес эрхлэх л илүү амар гээд ойлгочихсон. Үүнийгээ хэрэгжүүлэх нарийн арга технологитой болчихсон, мафижчихсан явж байна. Наад "Худалдаа хөгжлийн банк"-ны чинь бүр аргачлал, зам мөр нь ийм. Би энэ Худалдаа хөгжлийн банкийг тойрсон хүмүүсийг танихгүй л дээ. Яг миний хувьд, надад хийсэн муу юм эд нарт байхгүй. Харамсалтай нь эд хийж байгаа ажлаа дэндүү новшийн арга барилаар хийдэг юм билээ. Ийм л юм. Тэд хэрээс хэтэрсэн байна. Авилгын үүр уурхай чинь тэнд л байна.
-Эрдэнэт сэдвийг барьж авч тэмцэхээс өөр арга байгаагүй гэж та хэлж байна. Том улстөрчид тойрох юмнаасаа тойрч болдог. Дуугүй өнгөрөөд байж болдог. Жишээлбэл, танай намын үед ч янз бүрийн юм болж л байсан. Хадгаламжийн банк гээд л өнөөдөр мартагдсан сэдвүүд бий. Тэрбум тэрбумаар нь мөрийтэй тоглочихсон хэрэг гарч л байсан. Энэ үед та дуугүй  байсан л даа гээд асуучихвал та эгдүүцэхгүй биз дээ. Ер нь намын бодлого гэдэг юм ялангуяа нам засаглаж байх үед хүчтэй үйлчилнэ биз?
-Би дуугүй байгаагүй юм. Тэр Хадгаламж банкны 14 тэрбум төгрөг гарч ирээд шалгагдаж байхад чинь би намын бүлгийн дарга байсан. Тэгээд зарим гишүүд дээр бүрэн эрх түдгэлзүүлэх асуудал яригдах үед тэр 14 тэрбум төгрөгөөс энэ яригдаад байгаа хүмүүс маань үнэхээр аваад, үнэхээр тэр мөнгөөр тоглочихсон гэдэг нэг баримт л гаргаад ир. Баримт гаргаад ирэх юм бол өгч явууллаа. Нэгийг л гаргаад өгчих гэж тэр үеийн цагдаагийн дарга байсан М.Ганболд, ерөнхий прокурор байсан М.Алтанхуягт хэлж байсан. Та нар баримтаа гаргаад ир, тэгвэл өгч явуулна гэж. Тэгэхэд баримт гаргаж ирээгүй л байхгүй юу. Баримт гаргаж ирж чадаагүй учраас, бас ард нь улс төрийн зорилготой, хувийн тооцоо бодох гэж байгаа өөр хүний захиалгат ажиллагаа харагдаж байсан учраас би сөрсөн. Ихэнхдээ дуугүй байсан. Түүнээс биш энэ ялзралын чинь эх ундарга бол дээр үеэс л эхэлсэн юм. Тэр Хууль зүйн яаманд чинь ажиллаж байхад бас олон олон хүнд хэцүүтэй тулгарсан юм шүү.  Асуудлуудыг цагдаа нь арай гэж нэг юм боогоод ирэхлээр прокурорын шатанд нь устгадаг, эсвэл шүүхийн шатанд нь устгадаг эсрэгцэл үйлчилж байсан. 2003 онд би дээд шүүхийн ерөнхий шүүгч Ганбатад захидал бичиж байсан хүн ш дээ. Санаж байгаа биз. Энэ шүүхээ татан буулга гэж. Тэгээд сүүлд нь бараг цөхрөнгийн юм болсон ш дээ. Ингэж энэ улсын хэдэн цагдаа нарыг өдөр шөнөгүй ажиллуулж, хөдөлмөр хүчийг нь зарж байхыг зогсооё. Тэртээ тэргүй шүүх, прокурор дээр устгачих юм чинь. Ер нь больсон ч дээр юм уу гэж цөхрөх үе надад гарч байсан шүү. Аминдаа бол би үзээд л байсан. Тэгэхдээ тэр үеийн явдлууд одоогийн энэ Эрдэнэтийн 49 хувийг тойрсон юмтай харьцуулж үзэхэд жижигхээн юмнууд байж дээ.
-Талийгаач С.Зориг, О.Дашбалбар, Одонбаатар гишүүн та дөрөв нэг удаа Тагнуулын газрыг шалгаж байсан. Тэр үед бүгдэд тань их сонин сонин явдал тохиолдсон байдаг. Тэгж мөр зэрэгцээд явж байсан С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэрэг сая 18 жилийн дараа их сонин байдалтай “шийдэгдлээ”. Энэ хэргийн шинэ орчинд үүссэн баримтын мөрөөр би өнгөрсөн хавар Эрдэнэтэд очиж ажилласан юм. Хэдэн ядарсан айл гэрийг очиж сурвалжилсан. Үнэндээ тэр айлуудын амьдралыг нүд халтирмаар болгосон байсан л даа. Би хувьдаа энэ явдлыг ерөөсөө ойлгож чадахгүй байгаа юм. Үнэхээр энэ хэргийн дөнгөнөөс салья гэж шийдсэн бол илүү итгэл үнэмшил дагуулсан, нарийн нандин сценари зохиож бас болно л доо. Энэ удаа хэтэрхий болхи гэмээр, энгийн ажиглагчийн ухамсрын төвшинд ч итгэхийн аргагүй юм гаргаж ирж тавилаа. Та энэ явдлыг ер нь анзаарсан уу?
-Сая С.Зоригийн амь насыг хохироосон хэрэгт шийтгэгдсэн хүмүүсийн тухай яриад байнаа даа. Би чамд хуульчийн философоо ярих уу. Миний ганц үзэн яддаг юм байдаг. Хуульч хүний хийж болдоггүй тэр үйлдэл бол гэмгүй хүнийг хэлмэгдүүлэх. Энэ миний ч ганцхан зарчим юм биш. Нэг гэмгүй хүнийг хэлмэгдүүлсэн дор 10 гэмтэй хүнийг сулласан дээр гэдэг зарчим байдаг. Бүр XVII зуунд хууль эрх зүйн системд тогтчихсон зарчим. Би ингэж гэмгүй хүн мухар сохор баримтаар  хэлмэгдүүлэхийг жинхэнээсээ үзэн яддаг. Тэгээд наад хэргийн чинь эргэн тойронд  янз бүрийн баривчилгаанууд явагдаад байхаар нь чимээгүйхэн гайхсан. Энэ ер нь юу хийгээд байна аа гэж. Гэтэл тэр Эрдэнэтэд байгаа Жавзмаа гэдэг хүн надад нэг өргөдөл ирүүлсэн. Тэгэхээр нь би зориуд тэр хүн рүү ярьсан. Энэ ер нь ямар учиртай хүн юм, чухам юу болоод байгаа юм гэдгийг мэдрэх зорилгоор. Тэгээд нэг удаа 30-аад минут тэр хүнтэй ярьсан. Гол миний асуух гэсэн юм бол тэр Содномдорж гэдэг хүн ГОК-д ажиллаж байсан уу, үгүй юу, ямар нэгэн хамааралтай ажил эрхэлж байсан уу, үгүй юу гэдэг зүйл байсан. ГОК-д ажиллаж байсан, өөрийн малчин энэ тэрээ явуулаад алуулчихсан гэж цуурхал тараагаад байсан шүү дээ. Тэгээд би ярьсан. Тэгж гучаад минут ярихад тэр Жавзмаа гуай надад ер бусын сэтгэгдэл үлдээсэн. Би чарлаад л эхлэх юм бол уу гэж бодсон чинь ер бусын тайван, ер бусын цэгцтэй, уужуу тийм хүн байсан. Тэгээд ярьж ярьж байгаад би  ГОК-д ажилладаг, ажилладаггүйг л мэдэх зорилготой байсан юм чинь бидний яриа дууссан. Тэгээд надад ямар сэтгэгдэл төрсөн гэхлээр ийм хүнээс төрсөн хүүхэд хүн алахгүй дээ гэдэг бодол, нэг тийм мэдрэмж надад төрсөн. Тэгээд би тэр өргөдлийг нь шилжүүлэхдээ “Алдаа гарсан байх магадлал өндөр байна шүү” гэж нууцын зэрэглэлтэй бичиг бичээд явуулчихсан юм. Тэгээд яахав, мөрөөр нь хуулийнхантай уулзаж асуусан. Ордон дотор тэд зөндөө л таардаг юм чинь би бүгдээрэнтэй нь ярилцсан. Энэ ер нь юу болоод байнаа, зөв юм хийгээд байгаа юм уу, та нар гэж. Бүр юу гэж захисан гээч наад хэрэг шалгаж байгаа хүмүүс чинь нэг юмыг үнэн гээд бодчихоороо улайрчихдаг юм шүү. Энэнээс алдаа гардаг. Тийм учраас бүр ямар ч улс төрийн нөлөөгүй, элдэв ашиг сонирхолгүй хэдэн сая мэргэжлийн хэргийг уншаад таньдаг, шударгаар ажилладаг прокурорууд гаргаж байгаад наад хэргээ уншуулаа, та нар. Тэгвэл хэтэд нь гарч болох алдаанаас  холдож магадгүй гэж би таньдаг хүний хувьд тэд нарт захисан. Тэгэхэд тэд “болноо” гээд зүтгээд байсан. Тэгээд хамгийн гайхалтай нь сая шүүх хурлыг хаалттай хийчихэж байгаа юм. Хоёрдугаарт, Б.Булганыг шүүх хуралд оролцуулахгүй байгаа юм. Цорын ганц хажууд нь байсан хүн болох Б.Булганыг асуухгүйгээр шүүх хурал хийнэ гэж ямар юм байдаг юм. Үнэхээр баримтаар нотолчихсон юм бол шүүх хурлаа ил хийчих хэрэгтэй ш дээ. Тэгээд ард түмэнд ийм аймшигтай алуурчид ингэж ингэж алсан байна гэдгийг баараггүй нотлох баримтаар дэлгээд, нийгэмд тайвширлыг бий болгох ёстой байсан юм. Тэгсэн чинь явж явж нэг хачин хаалттай хурал хийж байгаад, бүр хэрэг шйидэх биш, тэрнээсээ долоон дор жонхуу үүсгээд хаячихлаа ш дээ. Тэрнээс хойшхи процессууд байна шүү дээ. Тэр Жавзмаа гуай, дараа нь тэр Чимгээ гээд эмэгтэйн эгч нь, тэр алдартай хэрэг хүлээдэг Амгаланбаатарын өргөмөл эгч нь, хамгийн сүүлд тэр нэг шатаж нас барсан дөрвөн хүний нэгнийх нь эгч эд нарын ярилцлагыг уншлаа. Миний тэр сэжгийг улам лавшруулж, энэ хэргийн орчныг улам ээдрээтэй болгоод хаячихсан. 
-Миний сурвалжлагын дараа ахиж тэр сэтгүүлчтэй уулзаж болохгүй гээд айлгаж ичээч байгаад хоёр эмэгтэйгээр гарын үсэг зуруулсан байгаа юм. Үнэхээр тэсэхгүй л таниас асууж байна л даа.
-Саяхан тэр хэрэг таслагдсаны дараа Ерөнхий поркурор М.Энх-Амгалантай би таарсан. Энэ юу болоод байгаа юм бэ? Одоо та нар давж заалдах шүүх хурлаа нээлттэй хийлгэх арга хэмжээ ав. Ер нь бол манай шүүх захиалгаар хэргийг шийдчихдэг болсон шүү. Долоон сарын 1-ний хэрэгт Ч.Амарболд нарыг цэргийн зүйл ангиар хүчээр ял тулгаж байгаад захиалгаар тэднийг шийтгэсэн. Би тэр үед Ц.Элбэгдорж дээр орж улаан цайм ярьсан. Энгийн зүйл ангийн субьект болсон хүмүүсийг та нар цэргийн зүйл ангиар хүчээр ял тулгаж долдугаар сарын 1-ний хэргийг хааж байна шүү. Хэлмэгдүүлэлт албан ёсоор эхлэлээ шүү гэж нүүр тулж хэлсэн. Тэрний өмнө авилгатай тэмцэхийн Сангирагчаа, Сандуйжав хоёрыг аахар шаахар зүйлээр өөнтөглөж байгаад аваачаад шийтгээд хаячихсан. Эхэлж ажлаа өг гэж баахан дайраад, сүүлд нь хүчээр булааж аваад шоронд хийгээ биз дээ. Одоо дахиад энэ талийгаач С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэрэг. Одоо жишээ нь энэ дотор нэг мундаг юм байгаа. Хэргийг нь шалгаж хүнд 25 жилийн ял өгчихөөд, одоо захиалагчийг нь шалгана гэж байна. Ийм утгагүй юм байж болох уу.  
-17 жилийн дараа Э.Бат-Үүл гишүүнээс үсний шинжилгээ авч явсныг та юу гэж боддог вэ?
-Мэдэхгүй. Э.Бат-Үүлтэй холбогдуулж баахан хэвлэлийн хурал хийгээд л, зөндөө л юм боллоо л доо. Би тэгээд Э.Бат-Үүлийн дайны улстөрчийг ингэж яллагдагчаар татаж байхыг бодоход аймшигтай баримт олсон юм байна гэж бодсон байхгүй юу. Тэгээд дараа нь би тэр шалгадаг байгууллагынхны нэг нь тааралдахаар нь хөндий цохиод асуучихгүй юу. Та нар Э.Бат-Үүлийг яллагдагчаар татаж байхыг бодвол аймшигтай баримт олсон юм байнаа даа гээд... Тэгсэн чинь шал ондоо, бүр хөгийн юм ярьсан байхгүй юу. Тэгэхлээр нь “За, даа наадах чинь ч мэдэхгүй дээ” гэж хэлээд л өнгөрсөн. Долоо хоногийн дараа хэрэгсэхгүй болголоо гэж дуулдсан.
 

Төрийн хүний суудал дээр сууж сур

-“Монголын бизнесийн хөгжилд дургүй Ц.Нямдорж” гэж хэлсэнтэйгээ  холбоотой ахин нэг асуулт асууя. Төмөр зам гэдэг сэдвээр та бараг өнгөрсөн гурван жилийн турш тэмцсэн. Сайд асан Х.Баттулгатай ил, далд нэлээн ширүүн тэмцэл өрнүүллээ. Улсын 280 сая долларыг аваачаад овоолсон шороо болгоод хаячихсан гэдэг домог босгосон. Мэдээж би мэргэжлийн нарийн хэмжүүрээр дүгнэж чадахгүй. Гэхдээ очиж үзсэн юм. Бас гадны улс орнуудад боссон тийм хэмжээний бүтээн байгуулалт, тухайлбал далангуудыг бол үзэж л байсан. Далан гэдэг бол төмөр замын ажлын бараг 60 шахам хувийн ажил. Та ер нь очиж үзсэн үү. Одоо танай намын Зам тээврийн сайд чинь “Үнэхээр юм хийчихсэн юм байна шүү дээ” гээд мэдэгдчихлээ. Энэ бүхнийг та юу гэж тайлбарлах вэ.  Намайг очиж үзэхэд бол овоолсон шороо биш байсан. Яагаад ч тэрийг овоолсон шороо гэж нэрлэхгүй.
-Улсаас улаан мөнгө гаргалгүйгээр, улс ямар ч эрсдэл үүрэхгүйгээр барьчих төмөр зам байсан юм л даа. 2007 онд Засгийн газраас  гурван компанид зөвшөөрөл өгсөн юм. Гашуун Сухайтын 247 км, Нарийн сухайн 47 км гээд...Тэгээд 2008 оны засаг байгуулагдангуут тэрийг зогсоосон. Тэр урд талын хоёр төмөр замын чинь зээлийг нь босгочихсон, 2008 оны есдүгээр сард газар шорооныхоо ажлыг эхлүүлэх гэж байсан байхгүй юу. Тэрийг улс дээр татаж аваад л, тэгээд л цаашаа дампуурал эхэлсэн. 2012 онд тэр төмөр зам ашиглалтанд орчих байсан юм. Улсад ямар ч эрсдэл байхгүй. Тэгээд л дундуур нь ороод зогсоосон. Наад талд нь Таван толгойн шунал л байсан. Бүр 2006 онд намайг их хурлын дарга байхад эд нар чинь Таван толгойд хамтарсан консерциум зохион байгууллаа ш дээ. Тэр үед наад Таван толгойг чинь өөрийн эрхшээлд оруулах томчуудын дайн эхэлсэн байхгүй юу. Тэгээд л эрх мэдэлтэй болсон олигархи нь эрх мэдэлгүйгийнхээ ажлыг тас цохиод л, дундуур нь өөрийнхөө хяналтыг Таван толгойд тогтоох гэж манай Х.Баттулга оролдоод унасан. Тэрийгээ дагуулж төмөр замаа дампууруулаад л ингээд дуусгасан ш дээ. Ц.Элбэгдорж хэлсэн шүү дээ. “Таван толгойг надад өгчих гэж Х.Баттулга над дээр орж ирсэн юмаа” гэж. Тэгээд тэрийг дагаж тэр Оростой ил далд байгуулсан ажил байхгүй болоод, Хятадуудтай очиж нууцаар гарын үсэг зуруулаад, Солонгосуудтай очиж гарын үсэг зуруулаад ингээд дампууруулаад хаясан. Энэний л гор гарч байгаа юм. Тэгээд дундуур нь мэдээж гоё нэртэй төсөл хэрэгжүүлэх нэрийдлээр мөнгө зувчуулах ажиллагаа явагдсан. Одоо тэр Ганбат гэдэг гадаадад зугтчихдаг хүний асуудлыг би тавьж байсан. Хоёр сая долларыг тэр Ганбатдаа өгчихсөн юм байна гэдгийг нь би нүүрэн дээр нь Засгийн газрын хурал дээр хэлж л байсан. Дундуур нь мөнгө энэ мэтээр зувчуулсан юм. Наад юмны чинь цаад талд нэг том юм байдаг байхгүй юу. Төмөр замын далангийн тэр ажил чинь их явдалтай технологитой хийчихсэн эд. Шууд суурийг нь тавиад л дээрээс нь нөгөө элдэв төхөөрөмжүүдээ тавиад тасралтгүй явах ёстой ажил. Ойлгож байна уу.  Хэрээсийг нь тавиад л дээрээс нь гишгүүлээд зулаад зулаад явчих ёстой ажил. Тэгтэл тэр бүх бэлтгэл нь хангагдаагүй, мөнгө нь байхгүй байж байхад шороо овоолоод л суурь тавиад хаячихсан нь бороо шороонд эдэгдээд дуусч байгаа. Ноднин намар надтай тэр төмөр зам компанийнхан уулзсан. Энэ сэтэрсэн, ус бороонд идэгдсэн даланг дахиад хэвийн байдалд оруулахын тулд ахиад хэдэн сая доллар хэрэгтэй гэсэн гээч. Зөвхөн суурийг нь би ярьж байна шүү. 25 сая доллар хэрэгтэй. Тэгээд бодоод үз дээ. Тэгэхээр эцсийн дүндээ наадах чинь юу яваад байна вэ. Би аминдаа энэ улсын сан хөмрөгийг хулгайлдаг явдалтай л үзээд байгаа юм. Энэ дээрэм тонуултай л үзээд байгаа юм. Миний том мөрөөдөл бол энэ улсын Төр нь Төр шиг,  улстөрчид нь улстөрчид шиг, бизнес эрхэлж байгаа хүмүүс нь тусдаа бизнесээ эрхлээд явдаг ийм л хэвийн ёс суртахуунтай улс орныг шүү дээ. Би тэгж яривал бүр шал өөр юм яриад явж байсан хүн ш дээ. Монголд энэ гадны элдэв юм оруулж ирж байхаар улсын бодлогоор гарын арван хуруунд багтах хэдэн сайхан том компанитай болчихоё. Зам тавьдаг нь замаа тавьдаг. Эрчим хүчнийх нь эрчим хүчээ тавьдаг. Тэр компаниудынхаа нэрийг Засгийн газар нь ард түмэндээ зарлачихья. Ийм ийм компаниудыг Засгийн газар бодлогоор дэмжинэ гээд. Солонгосууд нэг хэдэн түлхүүр компанитай байгаа биз. Хёндэ, Самсунг, Эл Жи, Эс Кэй гээд.  Хаана л бол хаана ертөнцийг эзэлж байдаг. Оросод хэдэн сайхан компани байна. Стратегийн хөшүүргүүд болсон. Хятадад нэг хоёр том компани байна. Японд  хэдэн түлхүүр компани байна. Яагаад бид ийм компаниудтай болж болохгүй гэж. Дэлхийн зах зээл дээр гарч болдоггүй юмаа гэж бодоход ядаж Эрээн дээр гараач. Энэ дэвжээ чинь багадаад байна ш дээ гэж би Засгийн газрыг хурал дээр ярьж байсан хүн шүү. Энд нэг л юм байж болохгүй. Одоо энэ худалдаа хөгжлийн банкны хийж байгаа луйвар шиг ийм л юм байж болохгүй.Би үнэхээр чин сэтгэлээсээ хүсдэг. Монголын хэдэн хүчтэй  хөрөнгөтнүүд төрөөсэй гэж. Гэхдээ хулгай луйваргүйгээр. 
-Таныг Хятадын тагнуулч гэж гүтгэгдэж байх үеийг мэднэ. Гэхдээ өнөөдрийн таны туулж байгаа зүйлс тэр үеийн явдлуудтай зүйрлэшгүй хүнд бэрх байна гэдэг үгэнд би жаахан эргэлзээд байх юм. Мэдээж таны зам амар тайван, бас учиргүй дардан байгаагүйг мэдэж байна л даа?
-Би 1998 онд тагнуулын газарт нөгөө хэл амтай шалгалтыг хийв дээ. Тагнуулын газарт намайг оруулж шалгалт хийлгэчихээд дараа нь намайг тагнуулч болгочихсон ш дээ, манай дарга нар. Би больё гэж хэлж байсан. Та нар Ц.Шаравдорж, Ж.Бямбадоржоо явуул гэж Н.Багабандид би хэлсэн. "Юм болгонд чинь би явж байх ямар албатай юм бэ, адилхан улстөрчид байна. Эд нарыг явуул" гэсэн чинь "чамаас өөр хүн чадахгүй" гэж шахсаар байж намайг ажлын хэсэгт оруулчихаад, сүүлд нь намайг тагнуулч болгочихсон юм. Тэгэхэд юу хэцүү байсан гээч. С.Зоригоор гарын үсэг зуруулах хэцүү байсан. Улс төрийн зорилгоор С.Зориг зурж өгөхгүй байж болох л байсан. Тэгээд шалгалтаа хийж, дүгнэлтээ бичиж дуусчихаад С.Зоригийн өрөөнд ороод уулзсан. Наргиантай өнгөөр дурсахад манай С.Зориг чинь их хариуцлагагүй хүн байсан ш дээ, нэг тийм хэнэггүй. Бараг хариуцлагагүй хүмүүсийн уралдаан зарлах юм бол С.Зориг эхний байранд орж мэдэхээр.(инээв) Тийм хэнэггүй хүн байсан. Өрөөндөө шатар тоглоод л, тамхиа татаад л сууж байдаг байсан юм ш дээ. Тэгээд материалаа танилцуулсан чинь С.Зориг шууд гарын үсэг зурсан. Би бахархсан. С.Зоригоор тэгж эхний бөгөөд сүүлчийн удаа бахархсан. Тэгээд орой нь шалгалтын ажлын хэсэг Р.Гончигдоржийн өрөөнд орцгоосон. М.Энхсайханыг дуудаад бүгдээрээ байсан. Тэгээд жаахан тар түр хийцгээгээд, С.Зориг “За, тагнаж чагнасан бол чи огцор. Шалгалтын дүн буруу гарсан бол би огцорьё” гэж хэлээд гарсан юм даа. Би тэгэхэд С.Зоригоор нэг удаа бахархсан. Аргагүй шударга ёсны хэлтэрхий байна шүү гэж би дотроо бодсон. Сая энэ Эрдэнэтийн ажлын хэсэгт дандаа залуу гишүүд орсон. Үнэнийг хэлэхэд надад эргэлзээ байсан. Олон ч удаа хуралдсан. Би ороод нүд рүү нь хардаг байхгүй юу. Дарамтлаад, мохоох гээд өдөр болгон элдэв оролдлого яваад байгаа юм чинь. Тэгээд сая ерөнхий юмаа уншиж үзчихээд, эд нарыг гарын үсэг зурахад нь би эд нараар бахархсан шүү. Шархгүй хүн байх сайхан юм байна. Төрийн төлөө хэцүү байсан ч гэсэн мутраа дарчихдаг л юм байна гэж бодож хоёр дахь удаагаа бахархах сэтгэл надад төрсөн. Ер нь бол бид нарын үеийн сайн юмыг дараагийн үе нь авч үлдээд, бохирыг нь орхиод явах ёстой. Энэ муухай аалзны тор шиг болчихсон авлига, албан тушаал мөнгөний сүлжээг таслах ёстой. Энэ хулгайг зогсоох хэрэгтэй. Ингэж байж цаашаа явна. Харамсалтай нь сая нэг нь анхнаасаа жоохон эвгүй байгаад л байсан. Нүд рүү хардаг ажлаа би ярьж байна ш дээ. (инээв) За даа, энэ ч цаашаа явчих шиг боллоо гэсэн мэдрэмж төрөөд байсан.  Яг л ёсоороо боллоо доо. Нүд сэтгэлийн толь гэдэг үг байдаг. Би улс төрд энэ олон жил явахдаа хүний нүд рүү их хардаг болсон. Шалгалтын ажлын хэсэгт ороод л тодорхой баримттай асуудал тулгаад л нүд рүү нь нэг харахад гөлс гэх юм бол тэгээд л цаашаа явдаг л байхгүй юу. Дарамтанд орж эхэлж байна гэдэг нь илт байдаг.
-Тэгээд тэр нэгээс бусад нь гайгүй юу?
-Шархан дээр нь дарж байна ш дээ, тэр хүнийг. Одоо энэ Ж.Батзанданг бол нэг хэсэг алж өглөө дөө. Ардчилсан намынхан нь өөрсдөө шүү. Шар хаднаас эхлээд л ярьж эхлэж байна ш дээ. Ингэж дарамталдаг байхгүй юу. Тэгэхээр улс төр гэдэг юман дотор бол хоёрын хооронд байвал тэнд байж хэрэггүй. Хоёрын хооронд үхсэн сэхсэний дунд улс төрд байсны оронд байгаагүй нь дээр. Улс төр гэдэг чинь маань, мэгзэм уншиж, гэгээн амьтны дүрд тоглодог ажил биш. Улсын эрх ашиг хөндөгдөхийн цагт сэлмээ сугалаад чадвал чадаад, эс чадвал наана нь сөхрөөд унах ийм л ажил. Миний гэрт хулгай ороогүй юм чинь буянаараа болог гээд сууж байдаг улстөрчид зүгээр л энэ талбараас явсан нь дээр. 
-Танай эмэгтэй гишүүдийг их шүүмжлэх юм. Та харин яаж хардаг вэ?
-Одоо бол их хурлын гишүүдийг шүүмжлэх болоогүй байна. Эд нар бол их хурлын ажилд дасан зохицох шатандаа л яваа. Зургаан сар ч чуулаагүй байна. Ийм үед хоёрын хооронд юмаар эд нарыг дайраад байгаа нь үнэндээ зохистой бус. Тэгэхдээ бас манай эмэгтэй гишүүд, энэ урд талын эмэгтэй гишүүд яаж ажиллаж байсныг харах хэрэгтэй. Т.Ганди ямар байсан билээ, С.Одонтуяа ямар байсан билээ, М.Батчимэг ямар байсан билээ гэдгийг харах л хэрэгтэй. Тэд нарын зиндаанд хүрэхийн төлөө явах хэрэгтэй. Би одоо жишээ нь энэ их хурлын гишүүд дотроос хамгийн залуу гишүүдийг нь өглөө чуулгандаа ирэхэд нь хараад л байгаа. Одоо энэ Гантулга байна, Оюун-Эрдэнэ байна, тэр Учрал байна, Тэмүүлэн байна, Цэрэнбат байна. Энэ хэдэн залуу байгаа. Бүх хэлж, ярьж байгааг нь би хараад байгаа. Аминдаа би эд нарыг гайгүй болчих байх гээд дотроо горьдоод байгаа. Эд нарт би хэлбэл хэлнэ, хэлэхгүй бол өөр хүн хэлэхгүй. Төрийн хүний суудал дээр сууж сур. Энэ дөрвөн жил та нарын хувьд илүү дутуу юманд сатаарч хэрэггүй. Их хурлын гишүүн гэдэг энэ суурин дээрээ хатуу суугаад сурчих. Хууль номуудаа сайн унш. Бүгдийг нь уншиж бүгдийг нь мэдэх бололцоо байхгүй. Нэг сэдвийг сонгож аваад тэр сэдвээрээ хэнтэй ч юу ч ярихад бэлэн бол. Ингэж төрийн суудал гэдэг юман дээр бат сууж сур гээд өөрийнхөө хүүхдэд ярьж байгаа юм шиг л би эд нарт яриад байгаа. Тэгээд л хурал, хууль дээрээ тогтохгүй, оролцохгүй таслахаар нь аминдаа аашлаад байгаа юм. Хоргүй ааш л даа. Надаас өөр хүн зүгээр л сайхан найрсаг ах яваад, эдэнд юм хэлэхгүй. Дараагийн улстөрчдийг бэлтгэх асуудал байгаа. Одоогийн энэ улс төрд орж ирж байгаа зарим залуучуудаас эцэг эхийн буянаар хөрөнгө чинээн дээр суучихсан, дур зоргоороо туйлчих л юм бодоод байгаа дүр зураг надад харагддаг. Зугаалах гэж байгаа бол их хурлын гишүүн байж хэрэггүй ш дээ. Зүгээр л явсан дээр. Энэ тал дээр бол надад сайн ч юм харагдаж байна, муу ч юм харагдаж байна. Битгий муу юм харагдуулаасай гэж аминдаа нүдээрээ эд нарыг чинь би байнга харах юм байна ш дээ. Нойроо дийлж сураасай, үгээ зөв хэлээсэй гэж. Зарим нь ч бүр хачин хачин юм ярих юм. Би ч одоо зарим үед чуулган дээр жигтэйхэн хатуу үг хэлдэг ш дээ. Тэгэхдээ заваан юм би ярьдаггүй. Зарим нь заваан юм их ярьж байна шүү. Энэ чинь тийм юм ярьж болдоггүй газар ш дээ. Үнэндээ энэ Монгол Улс их эгзэгтэй шатандаа ирчихлээ. Гадна талын хоёр их гүрэнтэй харьцах харилцаа ер бусын таагүй болчихсон. Дотор талын эдийн засгийн байдал ер бусын таагүй болчихсон. 
-Далай ламыг урьсан асуудал дээр засаг төр оролцоогүй л гээд байх юм. Хамгаалалтанд авчихсан, Их тэнгэрт бууж байгаад л явсан шүү дээ гэж зарим хэсэг ихэд ундууцаж байгаа харагдсан. 
-Тэрийг аминдаа нуугаад байх шиг байгаа юм. Цаад урд айл чинь бүгдийг л мэдэж байгаа ш дээ. Хэлж ч байна гэж байна лээ. Хэн урьсныг нь, ямар замаар авч ирснийг, хаана байрлаж байсныг гээд. Бараг аравдугаар Богдоор хэнийг тодруулсныг мэдчихсэн байгаа юм бишүү. Хоёрын хооронд нууж байхын оронд ийм ийм юм болчихсон гэдэг үнэнээ хэлсэн дээр дээ. Ер бусын хүнд нөхцөл байдал бий болгочихлоо ш дээ. Засгийн чиглэлийн харилцаа бүтэн зогслоо. Ийм байж болох уу. Энэний төлөө яах ёстой юм. Богдын засгийн өмнөх гадаад нөхцөл бараг бий болчихсон гэж хэлэхэд нэг их үнэнээс хол зөрөхгүй. Хойд талдаа ч тэр, урд талдаа ч тэр. Ингэж амьдарч болох уу. Энэ эцсийн дүндээ хэнийг хорлож байна гээч... Монголын хөгжил дэвшлийг л хорлож байна. Энэ гурван сая хүний амьдралыг хорлож байгаа. Үүний өр төлөөсийг энэ болчимгүй юм хийсэн дарга төлөхгүй ш дээ. Хойноо юу үлдээж байгаагаа эрхбиш харж байгаа байлгүй дээ.  
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.