НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Орландо Блум: Үнэндээ би Леголаст АТААРХДАГ

П.Соёлдэлгэр     Нийтлэгч
1 жилийн өмнө /2017-02-24 11:27:04 GMT +8 / | 3184 удаа уншсан

 

Түүний тухай үлгэр байвал “Эрт нэгэн цагт үсгээ хооронд нь хольж солиод уншиж чаддаггүй, маш алдаатай бичдэг байсан нэгэн жаалхүүг Британийн  Кентербери хотын сургуулийн хүүхдүүд  шоолон инээдэг байжээ” гэж эхлэх байсан биз. Харин энэ жаалхүү эдүгээ кино урлагийн ертөнцийн нэгэн од болсон юм. Түүний тоглосон “Бөгжний эзэн”, “Карибын тэнгисийн дээрэмчид”, “Сайн эмч”, “Хуйвалдааны онол”, “Шадар гурван цэрэг”, “Хоббит: Таван армийн тулаан” зэрэг олон киног манай гарагийн сая, сая үзэгчид сайн мэднэ. “Миний дэврүүн мөрөөдөл тээсэн гэнэн үе ард хоцорч, одоо жинхэнэ бодит байдалтай тулгараад байна” гэж  Орландо Блум “The Sunday Times” сонины сурвалжлагчтай ярилцахдаа хэлжээ. 

-Энэ 2017 оны эхээр өөрөө 40 нас хүрлээ. Бас өнгөрсөн арванхоёрдугаар сард “Бөгжний эзэн”киноны эхний анги дэлгэцэнд гарсны 15 жилийн ой болсон...Эдгээр үйл явдал сэтгэлийг чинь хөдөлгөсөн байх даа...
-Мэдээж. Гол нь эдгээр үйл явдлаар далимдуулан найзуудтайгаа уулзан оройг зугаатай өнгөрүүлсэндээ сэтгэл хангалуун байсан.  Мөн цаг хугацаа зугуухан өнгөрч байгааг мэдэрсэн.  Яая гэхэв, бүсгүйчүүд шиг “Бурхан минь, 15 жилийн өмнө би ямар залуухан байгаа вэ” гэж уулга алдалтай биш..../ инээв/  Юутай ч, амьдралын маань нэг шинэ үе эхэлсэн бололтой... Миний дэврүүн мөрөөдөл тээсэн гэнэн үе ард хоцорч, одоо жинхэнэ бодит байдалтай тулгараад байна. 
-“Бөгжний эзэн”, “Хоббит” кино хоёулаа  тус тусдаа гурван ангитай.  Яг одоо таныг эдгээр зургаан ангийг эхнээс аваад дуустал нь үз гэвэл, бүгдийг нь нэг дор үзэж чадах уу?
-Наадах чинь нэг гоё үдэшлэг зохиое гэсэнтэй адилхан сонсогдож байна. Найз нараа цуглуулаад хамтдаа энэ киног үзэхээс буцахгүй. Гэхдээ дуугийн нь хаачихаад, зөвхөн дүрсийн нь харангаа шөнөжингөө бүжиглэвэл сайхан аа...
-Өнгөрсөн хугацаанд хийж ирсэн ажилдаа ямар дүн тавих вэ? 
-Тав хасах... Би маш сайн ажилласан, гэхдээ үүнээс илүү сайн тоглож болох байсан гэсэн мэдрэмж дандаа төрдөг. Леголас миний ажлын амжилтыг тодорхойлогч дүрүүдийн нэг. Энэ эльфийн  түүхээс бид Дундад дэлхий гэдэг юу болохыг бүгдийг нь мэдэж чадна. Миний хувьд “Хоббит”-ын гурамсан цуврал илүү таалагддаг. Энд гардаг олон дүрийг хараад бид яагаад “Бөгжний эзэн” кино хийж эхэлснийг ойлгох болно. 
-Энэ дүрийг бүтээхийн тулд амьдралынхаа 15 жилийг зориулсан. Эдгээр он жил өөрийн чинь хувьд, нүд ирмэхийн зуур өнгөрөв үү эсвэл дуусашгүй мэт удаан үргэлжлэх шиг санагдав уу...
-Кино зураг авалт маш баялаг сонирхолтой байсан тул уйдах зав гараагүй. Нөгөө талаар энэ нь олон чухал, сонирхолтой зүйлийг өөртөө агуулсан миний амьдралын томхон хэсэг байлаа. Леголос бол үнэн хэрэгтээ бодит байдал дээр надад тохиолдсон үйл явдлуудын хэсгийг хооронд нь холбож өгсөн дүр юм. Яг л хэлхсэн сувдан сондор мэт....
-Тэгэхэд та  бүх цагаа хоббитын тухай киноны зураг авсан Шинэ Зеландад өнгөрүүлсэн гэдэг...
-Шинэ Зеландад миний хоёр дох хүүхэд нас өнгөрсөн гэхэд болно. Энэ бол үлгэрийн юм шиг л орон. Миний дүрд яг тохирсон...
-Энэ киноны найруулагч Питер Жексоны талаар ярих зүйл байгаа болов уу?
-Кино зургийн талбайд гарсан эхний өдөр санаанд минь  тод үлджээ. Би буруу хувцас өмсчихсөн байсан...Зураг авах үеэр л үүнийгээ мэдсэн. Тэгэхэд найруулагч надад “ Чи киноны дараагийн хэсэгт гарахдаа өмсөх хувцасыг өмсчихсөн байна” гэж хэлсэн юм. Би ичиж зовсондоо болоод хэлэх үгээ мартаж, сандарсандаа хамаг хөлс цутгачихсан. “Уайльд”-эд хэсэгхэн газар гарсныг эс тооцвол, энэ нь миний анхны тоглосон  бүрэн хэмжээний  уран сайхны кино байсан юм. Ер нь бол Питер Жексонтой хамт ажиллана гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг байлаа.
-Тэгвэл зураг авалт дуусах үед  киноны “ахмад” зүтгэлтэн болж чадсан уу?
-Питер Жексон сүүлчийн хэсэгт “Бөгжний эзэн”киноны хөгжмийн таслалыг оруулсан. Тэгэхэд би хамгийн чухал нэг хүнд  сэлмийн ганц далайлтаар үхлийн цохилт өгөх ёстой байлаа. Гэхдээ хэн нэгнийг цааш харуулахаар ухасхийхдээ уйлмаар санагдсан. 
-Бродвейн театрт “Ромео, Жульетта”-д тоглодог байсан. Тэр үед үнэнээсээ уйлдаг байсан уу?
-Эргээд бодоход тэгэхэд амьдралын маань бас нэг сонирхолтой үе байжээ. “Хоббит”-од хамтдаа тоглосон найзууд маань надад тусладаг байсан. Би Лос-Анжелест амьдардаг  болохоор  Нью-Йоркт байргүй байсан юм. Тэгсэн чинь Питер Жексон өөрөө надад “ Бродвейд ажиллаж байх хугацаанд манай байранд бай “ гэсэн. Түүний байрны нэг өрөөнд бас илбэчин Гэндальфийн дүрд тоглосон Йен Маккелен амьдарч байлаа. Тэр Бродвейн театрын өөр нэг жүжигт тоглож байсан юм. Бид ажлын дараа бааранд орж, хундага дарс тогтоон, амьдралын талаар ярьдаг байлаа. 
-Анх кинонд тоглож байсан үеэс чинь хойш зураг авалтын талбайд ямар өөрчлөлт гарав?
-Би хөгширч, Леголас залуужсан/инээв/ Тухайлбал, “Аватар”-ын зургийг авахдаа маш том гэгчийн асарт тусгайлан тайз зассан. Манай киноны зургийг авахдаа дүрүүддээ тохируулан жирийн хүмүүст, бас одой нарт зориулсан хоёр талбай зассан. Энэ бүхэн техникийн хувьд нэлээн хэцүү л дээ. Ер нь бол орчин үеийн кино үйлдвэрлэл хөгжингүй технологи ашиглаж, гайхалтай тусгай дүрслэлээрээ олныг алмайруулж байна. Хүмүүсийг кино үзүүлэхийн тулд маш их мөнгө зарцуулдаг. Хөгжмийн урлаг, кино ертөнц аль аль нь сонирхолтой тал руугаа хувьсан өөрчлөгдөж байна. 
-Таны тухай сонин хэвлэлд гардаг мэдээлэл анхаарлыг чинь татдаг уу?
-Миний талаар бичсэн элдэв зүйлийг уншихгүй байхыг хичээдэг. Ямар нэг үдэшлэг, уулзалтын үеэр хэн нэгэн сайхан бүсгүйтэй ганц хоёр үг солиход л маргааш нь биднийг дотно харилцаатай болсон мэтээр бичиж эхэлдэг.
-Нэг үдэшлэгийн үеэр Австралийн нэрт загвар өмсөгч Миранда Керр та хоёрыг танилцаж хожим нь гэрлэсэн гэдэг. Харамсалтай нь,  энэ гэрлэлт бүтэлгүйтсэн...
-Үнэндээ би өөрийнхөө баатар Леголаст атаархдаг. Ойн савдаг буюу эльфүүдийн хайр дурлал, бусдад ээнэгшин дасах сэтгэл нь  жирийн хүмүүсийнхээс илүү гүн гүнзгий, тогтвортой байдаг. Тэд үхэшгүй мөнх оршдог тул хайр сэтгэл нь ч хувиршгүй юм. 
-Одоо Миранда Керртэй уулздаг уу?
-Бид чинь шоу бизнесийн хүмүүс. Тийм болохоор тааралдах боломж байнга гардаг. Хэдийгээр салсан боловч хэн, хэн нь соёлтой байх ёстой биз дээ. Үүнээс гадна бидний бяцхан хүү Флинн өсөж том болж байгаа шүү дээ. 
-Хүүдээ яагаад Флинн гэсэн нэр өгсөн юм бэ?
-Би уг нь охинтой болбол хайртай эмээгийнхээ дурсгалд зориулан  Эвелин гэсэн нэр өгье гэж боддог байлаа. Манай эмээг Эвелин гэдэг байсан юм. Гэтэл хүү төрсөн болохоор Эвелинийг бага зэрэг өөрчлөн Флинн гэсэн нэр болгосон.
-Хүү чинь шууд гурван улсын иргэний паспорттай болсон гэдэг үнэн үү?
-Тиймээ. Би Британийн, Миранда Австралийн иргэн. Хүү маань АНУ-д төрсөн тул америкийн иргэн. Үүний зэрэгцээ аав, ээжийнхээ төрсөн орны иргэн болсон.
-Сүүлийн үед та өмнөхөө бодвол арай өөр дүрд тоглодог болжээ... Энэ нь  зориуд хийж байгаа сонголт уу?
-Чи хүүхэдтэй болчихоороо эргэн тойрноо өөрөөр харж, аль чухал сонирхолтой гэсэн талыг нь нээхийг хичээхийн зэрэгцээ ямар дүрд тогловол зохих вэ гэдгээ ч эрэгцүүлэн боддог. Би амьдралыг улам гүнзгий авч үзэхийг хүсэж байна. Энэ нь миний ажилд ч, дүрийн сонголтонд ч тусгалаа олох болно.  
-Та аавтайгаа дотно байдаг уу...
-Би их сонин түүхтэй хүн л дээ. Бага байхад минь нас барсан аавыгаа би төрсөн эцгээ гэж боддог байлаа. Аавыгаа нас барахад сэтгэлээр унаж, түүнийг байнга үгүйлдэг байсан. Харин 13 настай байхдаа төрсөн эцэг минь өөр хүн байдгийг мэдсэн. Одоо аавтайгаа холбоотой байдаг. Аав Флиннд их сайн. Надад ч маш түшиг болдог.  Би өөрийгөө азтай хүн гэж боддог.
-Ер нь таныг азтай хүн гэдэг л дээ. Жүжигчний мэргэжлээр сурч байсан хүн нэгэн сайхан өдөр кино хийх багт ороод зогсохгүй улмаар дэлхийд нэрд гарсан од болсон...
-“Бөгжний эзэн” кинонд тоглосныхоо дараа санаанд ч оромгүй алдаршсан. Дараа нь “Карибын тэнгисийн дээрэмчид” кинонд тоглолоо. Тийм болохоор өдөр бүр хувь заяандаа талархаж явах хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой. Энэ бүхэн надад маш том боломж олгосон. Би драмын жүжигт тоглох үнэхээр дуртай. Бас киноны продюсерээр ажиллахыг хүсдэг байлаа. Дээрх кинонуудын дараа драмын жүжигт тоглоод зогсоогүй “Сайн эмч”киноны продюсерээр ажилласан....
-Өөрөө “Бөгжний эзэн” кинон дээр мөнхийн нөхөрлөлдөө, “Карибын тэнгисийн дээрэмчид” дээр үүрдийн хайр сэтгэлдээ үнэнч байхыг “тангарласан”. Харин “Сайн эмч” кинон дээр болохоор Гиппократын тангарагаа “зөрчсөн”. Өчигдөрийн “далайн дээрэмчин” ийм нүгэл үйлдсэндээ сэтгэл хангалуун байсан гэдэг...
-Би анх энэ киноны зохиолыг уншиж эхлээд дуусгалгүй хойш тавиад “Би чадахгүй. Бүр юунаас яаж эхлэхээ мэдэхгүй байна” гэж өөрөө өөртөө хэлж байлаа. Нэг эмч өвчтөндөө дурлаад түүнийг эмнэлэгтээ удаан байлгахыг тулд зориуд гэмтээдэг тухай миний уншсан эх зохиол дээр гардаг юм. Естой байж боломгүй зүйл тул ийм кинонд яаж тоглохоо мэдэхгүй байсан. Гэвч найзуудтайгаа зөвлөлдсөний эцэст энэ кинонд тоглохоор шийдсэн. Эмч хүнтэй уулзаж ярилцаж үзлээ. Би өөрөө эмч хүнийг хүндэтгэдэг. 21 настай байхдаа гурван давхрын  цонхон дээрээс унан, нуруугаа гэмтээчихсэн юм. Эмчийн ачаар л тэргэнцэр дээр суусан тахир татуу хүн болоогүй. Энэ нь миний тоглосон кинонууд дундаас хамгийн төвөгтэй санагдсан кино байсан. 
-Та гэнэтийн золгүй явдалд өртөмхий хүн үү?
-Ярих ч юм биш. Есөн настайдаа цанаар гулгаж яваад хөлөө гэмтээчихсэн. Насанд хүрсэн хойноо хавиргаа хугалж, тархиа хагалж байлаа. Гар, хөлийн хуруугаа хугалах нь энүүхэнд... Хачирхалтай нь, энэ бүхэн кинонд тоглосноос бус зүгээр л өөрийнхөө хайхрамжгүй байдлаас үүдсэн хэрэг. Нэг л мэдэхэд санаандгүй явдал тохиолддог юм. 
-Холливудын кинонд тоглохдоо америк аялгатай ярьж сурахад хэцүү байсан уу?
-Амаргүй байсан. Ингэж ярьж сурахын тулд хичээллэх нь зугаатай санагддаг байлаа. Би одоо хүртэл мартаад хааяа британи аялгаар ярьчихдаг юм. Гэхдээ хэн ч намайг зэмлэдэггүй.
-Бүтээх юмсан гэж боддог дүр бий юу?
-Байлгүй яахав. Гамлетэд тоглохыг хүсдэг хэдий ч энэ бодол маань намайг жаахан айлгадаг. Ийм боломж олдох эсэхийг мэдэхгүй байна. 
-Хамгийн хайртай дүрээ нэрлэ гэвэл... 
-Леголас... Гайхалтай сайхан домгийн өгөөмөр сэтгэлтэй баатар...

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.