НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Мөрөөдөлгүй Монгол

Н.Энхболд     Нийтлэгч
2 жилийн өмнө /2017-03-10 10:44:34 GMT +8 / | 3625 удаа уншсан

Хүн болгон мөрөөдөлтэй. Тус тусад нь аваад үзвэл монгол хүн бүр бас мөрөөдөлтэй. “Америк мөрөөдөл” гэж бараг хэлц болсон үг байдаг.
Ерөнхийдөө бол үндэстний хувьд баримжаагаа болгодог, тэр үндэстний хэв шинжийг тодорхойлж байдаг итгэл үнэмшил, эсвэл үзэл санааг тэр мөрөөдөл нь гэж ойлгодог. Тухайлбал, Америк мөрөөдөл гэгч нь ардчилал, эрх, эрх чөлөө, хүн бүрт хүртээмжтэй боломж, тэгш байдлыг шингээсэн эрмэлзэх зүйлсийн цогц бөгөөд эдгээр үзэл санааг аливаа саад, хориг багатай нийгэмд цуцашгүй хөдөлмөрлөж байж гүйцэлдүүлнэ гэсэн ойлголт гэж толь бичгүүдэд тайлбарлажээ. Америкийн зохиолч, түүхч Жеймс Т.Адамс "Хүн бүрт өөрийнх нь чадварт нь тохирсон тэгш боломж нээгдсэнээр амьдрал илүү сайхан, илүү баян, илүү төгс дүүрэн болох ёстой юм" гэж аль ХХ зууны эхээр тайлбарласан байдаг.
Ийм мөрөөдөлтэй иргэдээс бүрдсэн Америк улс өнөөдөр хөгжлийн ямар түвшинд байгааг дэлхий мэднэ. Өнөөдрийн Монгол хүн ямар мөрөөдөлтэй юм бэ? Мөрөөдөлдөө хүрэх гэж тэмүүлсэн Монгол хүний хөдөлмөр, хичээл зүтгэл улсын маань хөгжил, дэвшилд ямар нэмэр оруулдаг бол? Хувь хүний мөрөөдөл улс үндэстнийхээ зорилготой хэр нийцдэг бол? Ийм асуултуудын хариуг эрдэмтэд, судлаачид, шинжээчид, сэтгэгчид, улс төрчид, ер нь хүн бүр эрэх ёстой санагдана.
Манайд нийгмийн өөрчлөлт огцом явагдаж хувь хүн болоод нийгмийн сэтгэлгээ, эрхэмлэх зүйлс тэс өөр болсон. Өмнө нь нүгэл байсан олон зүйл буян, буян нь нүгэл болов. Оюун санааны төлөвшил, нийтээрээ зөвшөөрдөг, ажил амьдралдаа мөрддөг, тэгснээр хувь хүн ч, нийгэм ч хөгждөг хамтын үзэл санаа, итгэл үнэмшил ус агаар шиг хэрэгтэй болжээ.
Ардчилал, чөлөөт зах зээлийн эдийн засгийг сонгосон атлаа хуучин нийгмийн үе шигээ амьдрах гэсэн эрмэлзэл байсаар байгаа, шинэ нийгмээс тавьж байгаа шаардлагуудаас зөвхөн өөрт нь хэрэгтэй гэж үзсэн дүрмийг барих гэж оролддогоосоо болж бид одоо болтол үндэстнийхээ хувьд тодорхой эрхэмлэх зүйлс, мөрөөдөлгүй явж ирлээ.
Эрх чөлөөний тухай ойлголтын тулгуур санааны нэг нь бусдын эрхийг өөрийнхтэй адил үнэлж, хүндлэх тухай асуудал байдаг. Хувь хүний эрх чөлөөг хязгааргүй мэт ойлгож авирлах болсноос нийтийн, үндэстний том эрх ашгаа санаатай, санамсаргүйгээр арын эгнээ рүү түлхсээр байгаад эвсэж ойлголцдоггүй бодьгалуудын цуглуулга шиг болсон нь өнөөдрийн Монголын нийгмийн хамгийн том эмгэнэл болоод байна.
Амьдрал сайхан болно гэж дөрвөн жилд нэг удаа мөрөөднө. Дараагийн дөрвөн жилд удаах мөрөөдөл өмнөхөө цохиж унагана. Хувь хүн гэнэт баяжиж хурдхан эрх мэдэлтэй болохыг мөрөөднө. Харин тэр нь бусдын бас нэг иймэрхүү мөрөөдөлтэй тулж зөрчлийн эх тавина. Гэтэл хөгжиж дэвшсэн, үндэстнийхээ хувьд дээшилж дэлхийн долоон тэрбум хүн дотор өөрийн бахархах байр суурийг хүсдэг ард түмэн тогтвортой бодлого, үзэл санааны нэгдсэн тугтай байж гэмээ нь амжилтад хүрдгийг эрт, эдүгээгийн түүх нотолсоор.
Бид хүний эрх, эрх чөлөө хангагдвал бусад сайн сайхан бүхэн өөрөө гүйгээд ирнэ гэж горьдсоор жарны талыг үдлээ. Болж бүтэж, ахиж байгаа зүйлүүд байна аа. Гэхдээ санаа зорилгоо нэгтгэж нэг тийшээ харж тууштай байсан бол үүнээс ч ихийг амжуулах байсныг үгүйсгэх хүн ховор биз.
Энэ хооронд бид улсаа бүсчлээд хөгжүүлье, дэлхийтэй хөл нийлүүлж мянганы зорилтуудыг хангая, ядаж олсон орлогоо холыг харж ухаалаг зарья, төсөв, сахилгаа эмхэлье гэж хэд хэдэн удаа мөрөөдөж үзэв. Үүнийгээ хэрэгжүүлэх хууль тогтоол ч гаргав. Харамсалтай нь энэ бүхэн цаасан дээр үлдэж өнөөдөр бид том зургаар нь харвал юунд хүрэх гэж, хаашаа явж байгаагаа мэдэхээ байсан, дахиад хэлэхэд үндэстнийхээ хувьд мөрөөдөлгүй улс болжээ.
Сүүлийн хорь гаруй жил Монгол Улс, монгол хүний амьдрал орчин, сэтгэлгээнд ямар өөрчлөлт гарав, бид хаанаас хөдлөөд хаана хүрэв, цаашид яах вэ гэдгийг нэлээд цогцоор нь авч үзсэн “Монголын нийгмийн өөрчлөлт” нэртэй судалгааны бүтээл 2008 онд гарч, 2013 онд засвар, нэмэлт орсон хоёр дахь хэвлэл нь гарав. Энэ нь манайхны нийгмийн салбаруудад гарч буй өөрчлөлтүүдийг бүхэлд нь авч үзсэн анхны томоохон оролдлого байх. Номын төгсгөлд “...гол нь улс орныхоо цаашдын хөгжлийн асуудлыг авч үзэх сэтгэлгээний үндэс суурийг тавих нь чухал байлаа...
...Монголчууд бид цагтаа сэхээрээд, хийх ёстой юмаа олоод хийчихэж чадвал хорвоод хэний ч дор орохгүй” гэсэн байна. Энд бичсэн “хийх ёстой юм” бол миний бодоод байгаа “монгол мөрөөдөл”. Монгол мөрөөдөл байхгүй байгаа нь хийх ёстой юмаа олоогүй байгаагийн шинж. Хамтаараа бодъё, тал талаас нь ярилцъя. Монгол мөрөөдлөө, хийх ёстой юмаа олъё, тохиръё.
Гэхдээ Америк мөрөөдлийн хүртэл биелэх баталгаа нь цуцашгүй хөдөлмөр байдгийг марталгүйгээр...

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.