НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

С.Чулуун: Монголчуудын соёл уламжлал хэрхэн хувирч байгааг ЦАГААН САРААС Л харах учиртай

О.Содномпил     Нийтлэгч
7 сарын өмнө /2017-03-10 11:29:51 GMT +8 / | 8275 удаа уншсан

Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, Олон Улсын Монгол судлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, түүхийн ухааны доктор, профессор Сампилдондовын Чулууныг энэ удаа зочноороо урилаа.

-Таныг энэ удаагийн ярилцлагадаа урихдаа Олон улсын Монгол Судлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн даргын хувиар урьсан юмаа. Дэлхийн Монгол судлалын төв маань Монгол улс тэр дундаа Улаанбаатар гэж ойлгодог.
-Баярлалаа. Намайг урьж оролцуулж байгаа явдалд. Олон Улсын Монгол судлалын Холбоо бол анх 1959 онд анхны Их хурлаа Улаанбаатар хотод зохион байгуулж, улмаар 1987 онд Олон Улсын Монгол судлалын холбоо хэмээх албан ёсны байгууллагыг тухайн үеийн Сайд нарын Зөвлөлийн шийдвэрээр байгуулж гуравдагч орныхон багтаж орсон Монголын бараг анхны төрийн бус байгууллага юм. Анхны Ерөнхийлөгч нь та бидний сайн мэдэх Америкийн нэртэй монгол судлаач Оуэн Латимор гуай юм. ОУМСХ нь дэлхийн Монгол судлаачдыг нэгтгэсэн, тэднийг мэдээ мэдээлэлээр хангах, Монгол улсад судлагаа хийх боломжийг бүрдүүлэх зэрэг гол зангилгааг хариуцсан үндсэн цорын ганц байгууллага. Энэ байгууллага хүйтэн дайны хүнд үед ч, 90 оны дараа ч хэвийн үйл ажиллагаа явуулж тогтож үлдсэн байгууллага юм. Гол томоохон ажил нь таван жил тутам зохион байгуулдаг Олон Улсын Монголч Эрдэмтдийн Их хурал. Энэ Их хурлаар удирдлага зохион байгуулалтын асуудлаа шийдвэрлэдэг. 2016 оны наймдугаар сарын 15-18-нд Улаанбаатар хотод 11 дүгээр удаагийн Их хурал хуралдаж шинэ бүрэлдэхүүнээ батлахдаа Унгарын Өтвөш Лорандын нэрэмжит Элтэ Их Сургуулийн профессор Монгол судлаач Бирталан Агнешийг Ерөнхийлөгчөөр,  намайг Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгосон. Энэ бол маш хариуцлагатай хэцүү ажил боловч нэр хүндтэй тээж явах алба. Дэлхийн 30 гаруй орны Монгол судлалын байгууллага, судлаачдын өмнө хүлээсэн үүрэг гэж ойлгож байгаа. Монгол судлалын төв Монгол улсад байсан, одоо ч байгаа, цаашид ч байна гэдэгт бүрэн итгэлтэй байна. Шилжих төвлөрөх хэмжээний газар одоогоор дэлхийд алга даа гэж харж байгаа. Гэхдээ Монголын төрийн мэргэн бодлогоос бас их шалтгаална. 


-Дэлхийн Монгол судлалын өнөөгийн байдлын өнгө төрх ямархан байна вэ?
-Дэлхийн Монгол судлалын өнөөгийн төрхийг шууд тодорхойлоход жаахан бэрхшээлтэй боловч ерөнхий чиг хандлагыг бол харж болно. Дэлхийн Монгол судлалын төвүүд 1990-ээд оны дараагаас бага сага хүнд нөхцөлд орж зарим төвүүд, семинар татан буугдаж байсан. Харин Монголын төрөөс сүүлийн хэдэн жилд Монгол судлалыг сэргээх, дэмжих зорилгоор тодорхой бодлого, хөтөлбөр, дэмжлэгүүдийг үзүүлж эхэлснээр энэ хандлагыг өөрчилсөн. Ялангуяа Ерөнхий сайдын дэргэдэх Үндэсний Зөвлөл, Монгол судлалын гол тулгуур үйл ажиллагаа явуулж буй судалгаа, сургалтын газруудын идэвхжилтээс ихээхэн хамаарч байна. Бодитой дэмжлэг, бодитой бодлого, хамтын ажиллагааг харж болохоор байна. Дэлхийн Монгол судлалын төвүүд уламжлалт судалгааны хэл, түүхийг судлах ажиллагаанд төвлөрөхөөс гадна нийгэм соёлын хүн судлал, археологи, эдийн засаг, орчин үеийн улс төрийн байдлыг судлах явдал ихэссэнээс гадна дан ганц Монгол улсыг бус бүс нутгийн хэмжээнд анхааран судлах явдал идэвхжиж байгаа. Ерөнхийдөө судалгааны хувьд харахад дэлхийн монгол судлалын дотор түүх, нийгэм соёлын хүн судлал, археологи тэргүүлэх үүрэгтэй явагдаж байгаа нь тодорхой. Тэнд сонирхол ч их байна. Мэдээж хэл, аман зохиол зэрэг уламжлалт салбар тодорхой байр сууриа хадгалж байгааг үгүйсгэхгүй. АНУ, Ази, Европд үндсэндээ томоохон их дээд сургууль, хүрээлэн зэрэгт идэвхтэй судалгаа хийгдэж байна. Жишээлбэл, Английн Кембрижийн Их сургууль, Унгарын Элтэ Их сургууль, Польшийн Варшав Их сургууль, Чехийн Прага Их сургууль, ОХУ-ын Дорно дахины Гар бичмэлийн хүрээлэн, Японы Тохоку Их сургууль, Осака Их сургууль, Австралийн Үндэсний Их сургууль, Бээжингийн Ардын Их сургууль, Францын Сорбоны Их сургууль, АНУ-ын Индиана Их сургуулиуд тэргүүлэх үүрэг гүйцэтгэж чадаж байна. Цаашид улам өргөжиж, тодорхой бодлого, систем, бодитой үйл ажиллагааг явуулах үүд улам цэлийх байх гэж итгэж байгаа. Бүгд Монголын талаас бас хамааралтай бус тухайн төвүүд, судлаачдын идэвх зүтгэлээс их зүйл шалтгаална. 
-Гадаадын Монгол судлалын ямар төв хамгийн эрч хүчтэй байна вэ? Мэдээж судалгаа шинжилгээний арга хандлага, эрдэмтдийн нь чадал чансаагаас гадна эдийн засгийн чадавхи бололцоо гэж чухал зүйл байгаа л даа.
-Мэдээж тийм. Гэхдээ бид тэр нь хүчтэй энэ нь сул гэж дүгнэх эрт байна. Ямар уралдаан биш. Гол нь судалгааны төвүүдийг харахдаа уламжлал, эх баримт материалын нөөц, боловсон хүчнийг бэлтгэл, хамтын судалгаа, төсөл хөтөлбөр, хурал семинарыг явуулж байгаа байдал, тухайн сургууль, өөрийн улс орондоо эзэлсэн байр суурь, нөлөө, эрдэмтдийн чадал чансаагаар нь хардаг. Бас Монголтой ажиллах улс төр, эдийн засаг бусад салбарын ач холбогдлоор нь анхаарах хэрэгтэй. Гэхдээ Монгол судлалын төв, судлаачдыг анзаарахад тухайн улс орныхоо хамгийн нэр хүндтэй сургууль, судалгааны төвүүдэд ажилладаг хүмүүс байдаг. Эдийн засгийн нөхцөл байдал өндөр байсан ч тодорхой үр дүнгүй ажиллах, нөхцөл байдал бага боловч томоохон үр дүнтэй судалгааг өргөжүүлж байгаа газруудыг бид ялгаж харж чадна. Ерөнхий байдлаараа манай монгол судлаачид бусад дорно дахин судлаачид, Азийн судалгааныханаас илүү идэвхтэй, үр дүнтэй ажилладаг. Их нөөц, мэдлэгтэй хүмүүс байдаг. Тэд монгол хэлээр яруу тансаг ярьж бичдэгээс гадна манж, түвэд, хятад, орос гээд 2-3 хэлийг давхар эзэмшсэн онол-арга зүйн хувьд тодорхой үзэл баримтлалтай болсноос гадна Монголын түүх, соёл, ахуй байдлын талаар маш нарийн ойлголттой байдаг. Бас их хүндэлж, ирээдүйд нь санаа зовж байдаг. Монгол судлаачид монголын ирээдүйн төлөө сэтгэлээ чилээдэг хүмүүс. 
 

Монгол судлаачид монголын ирээдүйн төлөө сэтгэлээ чилээдэг хүмүүс

-Хуучин цагт Орос, Герман, Унгар, Чех, Польш, Америкт Монгол судлалын төвүүд байсан. Одоо хаана ямар эрдэмтэд байна вэ?
-Байгаа байгаа. 1990-ээд он хүртэл Монгол улс өөрөө нөгөө ертөнцийн хувьд ихээхэн анхаарлын төвд байсан. Нэг ёсондоо “асуудал” байсан. Харин 1990-ээд оноос хойш нэлээд суларсан. Санхүү, монголын анхаарал, судлаачид өөр чиглэлд анхаарах зэрэг явдалтай холбоотой. Харин одоо дахин нэлээд боломжийн хэмжээнд сэргэж байна. Орос бол Монгол судлалын ууган төвүүдийн нэг. 1818 онд Казаний Их сургуульд Монгол хэлний тэнхим байгуулагдаж монгол судлалын анхны төвийг дэлхийд нээсэн. Тэр үед Азийн бусад орны судалгаа сураггүй байснаас гадна монгол өөрөө бусдын эрхшээлд байсан үе шүү дээ. Гэтэл Монгол дэлхийн эрдэмтдийн анхааралд хамгийн тэргүүнд өртсөн байсан. Эдүгээ ч уламжлал, нөөц, судлаачдын тоо зэргээрээ Оросоос илүү улс алга. Мэдээж геополитик, газарзүйн байршил зэрэг нөлөөлдөг байх. Гэхдээ тэд ямар ч хүнд үед Монголын судлалыг орхиогүй юм даа. Саяхан Оросын Шинжлэх Ухааны Академийн жинхэнэ гишүүнээр Монгол гаралтай Б.В.Базаров сонгогдсон нь Оросын дорно дахины судлалд Монгол судлал ямар байр суурьтайг харуулна. Герман, Франц зэрэг улс орнуудад дэлхийд нэр нь түгсэн Э.Хейниш, П.Пеллео, С.Ф.Олденбург, Л.В.Котвич, Л.Легити, О.Латимор, Ф.В.Клеавес, Н.Н.Поппе, Ч.Бауден зэрэг эрдэмтэд ажиллаж байсан. Сонирхолтой нь тэд бүгд Монголын Судар бичгийн хүрээлэнгийн жинхэнэ гишүүн болсон байдаг юм. Өөрөөр хэлбэл манай ахмад үеийнхэн шинжлэх Ухааны анхны байгууллага байгуулж эхэлж байсан тэр хүнд үедээ ч дэлхийд данстай эрдэмтэдтэй харилцаж байсан нь бахархамаар байдаг. Одоо эдгээр эрдэмтдийн 3-4 дэх үеийн шавь нар ид ажиллаж байна. Онолын хэмжээнд судалгаа хийж байгаа, судалгаа нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэд нэлээд байна. АНУ-ын К.Атвууд, Английн Урадын Булаг, Японы Ока Хироки, Оросын Б.В.Базаров, Хятадын Боржигдой Оюунбилэг, Унгарын Бирталан Агнеш, Польшийн Агата Варженский, Солонгосын Ким Хо дун нарын судалгаа дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж байна. Тэд бүгд манай Монгол судлалын Олон улсын Холбооны удирдлага, бүрэлдэхүүнд ажиллаж байгаа нь ч бидний нэр төрийн хэрэг юм. Тэд Монголын судлалын ноён нурууг өнөөдөр тээж явна гэсэн үг. 
-Бид Монгол судлалыг хөгжүүлэхэд эх нутгийнхны хувьд гадаадын залуу эрдэмтэдэд яаж тусалж дэмжвэл зохих вэ? Бид өөрсдөө идэвхи санаачилга ч, хөрөнгө мөнгө ч гаргах хэрэгтэй байх?
-Яг тийм. Судалгааны хувьд Монгол хэмээх энэ улсыг сонгож, бидний түүх, соёл, хэлийг судлах явдлыг амьдралынхаа зорилго болгосон тэдгээр хүмүүсийг бид нандин хүмүүс гэж хайрлах хэрэгтэй. Бүх л насаа монголын төлөө зольсон олон сайхан судлаачид байдаг. Монголоос өөр зүйл тэр хүмүүсийн хувьд утга учир үгүй мэт ажиллаж бурханы оронд явсан хүмүүс ч олон. Өөрөө тэр хүмүүсээр хичээл ном заалгаж байсны хувьд сайн мэднэ. Тийм хувь тавилангаас өөр хувь тавилан ирээдүйн монгол судлаачдад учрах ёстой гэж боддог юм. Ялангуяа судалгаагаа эхэлж байгаа шинэ залуу судлаачдыг зөв залах, судалгаанд нь нэмэр болох, тусламж дэмжлэг үзүүлэх, боломжийг бүрдүүлэхэд Монгол улсын талын үүрэг, оролцоо их. Жаахан дэмжлэг ч багадахгүй. Анх 2010 онд ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж эхэлсэн цагаас эхлэн бага зэргийн сан үүсгэж жилдээ 1-2 судлаачийг хүрээлэндээ хүлээн авч сарын жаахан цалин, байрыг нь хариуцаж байснаар нийтдээ 18 судлаач манайд 1-3 сараар ажилласан байдаг. Одоо ч байна. Тэд маань одоо тухай тухайн улсдаа шинэ ажил олж, нэр хүндтэй судалгааны ажлууд хийж байгаад баяртай байдаг. Мөн эргээд хүрээлэнтэй нягт хамтын ажиллагаатай байнгын холбоотой, залуучуудтай эрдмийн андууд болсныг хараад бахархдаг. Хөрөнгө санхүүгийн хувьд дэмжлэг хэрэгтэйгээс гадна харилцан ойлголцол, тал талын эрх ашиг их чухал. 
-Манай эрдэмтдийн ном бүтээл гадаада бага хэвлэгдэж байсан юм билээ. Орос хэлээр бол нэлээд бий. Англи, Герман, Франц хэл дээр Ренчин гуай, Дамдинсүрэн, Бира гуайн бүтээлүүд бий. Түүхийн сэдвээр гэхэд М.Санждорж гуайн ном гарч тухайн сэдвээрээ багагүй ишлэгдсэн байдаг юм билээ. 
-Тухайн үеийнх нь нөхцөл байдал, судалгааны түвшин, хоёр систем гээд олон зүйл нөлөө үзүүлж байсан байхаа. Мэдээж манай түүхчид суурь бүтээлүүдээ Москвад “Наука” хэвлэлийн газарт нэлээд хэвлүүлсэн байдаг юм. Одоо ч энэ газар нэр хүндтэй хүмүүсийн мөрөөдөл хэвээрээ л байгаа. Харин сүүлийн үед Монголын судлаачид дэлхийн олон орны эрдэмтэдтэй чөлөөтэй харилцаж, хамтран ажиллах болсноор энэ асуудал нээлттэй болжээ. Олон улсын өндөр магадлантай сэтгүүлүүдэд өгүүлэлээ нийтлүүлэх, томоохон хэвлэлийн газруудад номоо хэвлүүлэх, хамтран бүтээл туурвих зэрэг ажлыг Монголын түүхчид, хэл шинжлэлийнхэн идэвхтэй явуулж байна. Цаашид ч улам өргөжих байх. Харин Монгол судлалын төвүүдийн зарим сэтгүүлүүд олон улсын хянан магадлагаатай сэтгүүлийн бүртгэлд нэлээд орсон байдаг шүү. Үүнийг ч монголын судлаачид ашиглах хэрэгтэй. 
 

Сумандаа түрүүлснээс хойш барилдсангүй, номтой л "Барилдаж" байна даа

-Та Оросын Монгол судлалын төвд суралцаж, Будапешт, Бээжин, Тохоку, Осака, Кембриж гээд олон судалгааны хүрээлэн, сургууль, музейд зочин судлаач, профессороор ажилласан эрдэмтэн хүн. Хамтын бүтээлүүд ч гаргасан. Тэдний арга барил, сэтгэлгээний хэв маягийг сонирхмоор байна.
-Монголын түүхийн судалгааны ажлаараа дээрх төвүүдэд ажиллах боломж өчүүхэн надад олдсон юм. Судалгааны ажлыг минь хийх боломж бүрдүүлэх, онол арга зүйн хандлагаас суралцах, хамтын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд маш их нэмэр түлхэц болсон. Энэ дашрамд дээрх судалгааны төвүүдэд урьж ажиллуулсан багш нар, номын нөхөддөө талархаж явдгаа хэлэх хэрэгтэй байх. Мэдээж өөр өөрийн онцлог арга барилтай, уламжлалтай нь аль ч төвөөс мэдэгдэнэ. Оросын хувьд хамгийн баялаг сан хөмрөг, судалгааны уламжлалтай, Англи онол арга зүйн маш сайн уламжлал, дэг сургуультай, Япон асуудлыг маш гүнд нь орж ажилладаг арга зүйтэй, судалгааны орчин үеийн бааз сайн, Бээжин судалгааны эх сурвалж сайн, Унгар өрнө, дорнын дэг сургуулийг бүрэн харж болох гээд онцлог ихтэй. Гэхдээ эцэстээ судалгааны чиг хандлага, зарчим нэг л зүйлд төвлөрнө шүү дээ. Тэр нь судалгааны ерөнхий онолын хүрээнд л өрнөнө. Аль ч улсын Монгол судлаач Монголын соёл, түүхийн утга учир, зүй тогтолыг л танин мэдэх, үнэн зөвөөр судлахад оюун ухаан, цаг, зардалаа барж л суудаг. Монголын судалгааны түвшинг тэд нэлээд үнэлдэг, бас санаа, зөвлөмжөө өгдөг, санал солилцдог эрдэмтэн хоорондын эрүүл харилцаа л явагддаг. 
-Өнгөрсөн зууны эхээр Клягина-Кондратьевийн бичиж үлдээсэн “Монгол сүм хийдүүд: Хэнтийгээс- Хангай хүртэл” ном, гэрэл зургууд одоо суурь туурь нь ч байхгүй олон сүм хийдийг тодруулж өгсөн бүтээл болсон. Гар бичмэл, гэрэл зургуудыг анх яаж олов оо? 

-2009 онд Санкт-Петербургт “Монголын шинжлэх ухааны түүх”-ийн асуудлаар голлон судалгаа хийдэг Т.И.Юсуповатай танилцсан юм. Маш эрч хүчтэй, дайчин, үргэлж шинэ санаа гаргаж ажил хэрэг болгож байдаг эрдэмтэн эмэгтэй. Академич Вавиловын нэрэмжит Байгаль, түүхийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга байсан. Тэрээр надад Санкт-Петербургт байгаа Оросын ШУА-ийн Архивт ийм сонин зүйл байгаа гэж хэлсэн. Би ч өөрөө үзсэн. Маш сонин гэрэл зураг, баримт судалгаа байсан. 1920-иод онд Монголын судар бичгийн хүрээлэнд ажиллаж байсан Кондратьевийн эхнэр санскрит судлаач Клягина-Кондратьевийн бичиж үлдээсэн “Монгол сүм хийдүүд: Хэнтийгээс- Хангай хүртэл” хэмээх гар бичмэл, гэрэл зургийн цуглуулга байсан. Монголын сүм хийдийг сүйдэхээс өмнө нөхөртэйгээ хамт явж бараг 80 орчим сүм хийдийн зургийг авч тодорхойлолт хийсэн байсан. Гэвч түүнийг хэвлүүлэх, хуулбарлах гээд гурван жил гаран зарсны эцэст Японы Осака Үндэсний музейн монгол судлаач, профессор Ю.Коногая гуайн дэмжлэгээр “Senri Ethnological Reports” цувралд гаргасан. Ер нь дэлхийд байгаа соёлын өвөө цуглуулах, хамтран судлах, судалгааны эргэлтэд оруулах, мэдээллийн сан бүрдүүлэх хэрэгтэй байгаа. ШУА-ийн удирдлагын зүгээс энэ асуудалд ихээхэн анхаарч дэмжлэг туслалцааг үзүүлж байгаа. Удахгүй бид сонирхолтой олон баримтуудыг шинээр судалгааны эргэлтэд оруулахаар ажиллаж байна. 
-Гадаадын гэлтгүй Монголын маань хот хөдөөгийн музей, номын сан, архивт ер судалгааны эргэлтэд ороогүй түүхийн баримт зураг гээд их зүйл байгаа. Жишээлэхэд таны 2005 онд Хөвсгөлийн музейгээс илрүүлсэн “Гэрийн үеийн бичиг хүрдэн зураг”, “Шар тууж” байна.
-2005 оны зургаадугаар сард Хөвсгөл аймгийн орон нутагт судлах музейд ажиллаж энэ хүрдэн зургийг олж үзээд судалгааны чухал эх хэрэглэгдэхүүн болохыг тогтоосон юм. Мэдээж Монгол орон маш баялаг. Хөдөө орон нутагт ховор сонин зүйл хайсан хүнд үргэлж олдож байдаг ундрагатай булаг шиг шүү. 2006 онд Шар туужийг Төв аймгийн Ш.Цэрэндоо гуайгаас олж авсан гээд нэлээд их зүйл олддог юмаа. Түүнийг гол нь судалгааны эргэлтэд оруулах, олон түмэнд танилцуулах, хэвлэн нийтлүүлэх нь судлаач бидний тэргүүн үүрэг. Шар туужийг Ш.Чоймаа багш нартай хамтран XVII зууны таван гол сурвалжийг хэвлэн нийтлүүлснээр дундад үеийн Монголын түүхийн тулгуур сурвалжийн голомт Монгол улс болохыг дэлхийд зарласан явдал болсон. Өөр хаана ч ийм цогцоороо байхгүй. Олон ч судлаачдын судалгаанд нэмэр болж байгаа байх. Аймгуудын музей, номын санг ч мөн шүүрдэн үзэх хэрэгтэй. Тэнд учир нь мэдэгдэхгүй, судалгаа хийгдээгүй олон зүйлс байдаг. Гол нь судлаачдад эрэл хайгуулийн зардлаас илүү сэтгэл зүтгэл чухал. 
-Өндөр Гэгээн Занабазарын байгуулсан “Номын их хүрээ-Сарьдаг хийд”-ийн малтлага судалгаа ямар шатандаа яваа вэ?
-Өндөр гэгээний байгуулсан Сарьдагийн хийд буюу Номын их хүрээг манай хүрээлэн сүүлийн дөрвөн жил тасралтгүй малтан судлаж байна. Энэ бол 1639 онд Ширээт цагаан нуурт Өргөөг байгуулснаас хойш 20 орчим нүүж суухдаа үлдээсэн цорын ганц хот болж үлдсэн суурин. Түүнийг уран барилгын талаас нь, бүтэц зохион байгуулалт, соёл, шашны онцлог талаас нь судлах зорилготой ажиллаж байгаа. Нийслэлийн өнгөрсөн хугацаанд ажиллаж байсан удирдлага бас сайн дэмжсэн. Одоо мөн Нийслэлийн төлөвлөгөөнд тусгагдаад явж байна. Явган аялах, шашин мөргөлийн аялал жуулчлалын газар болгох зорилготой юм. Мөн энэ хот нээгдснээр XVII зуунд Монголчууд дэлхий дахинтай харилцсан томоохон харилцааг явуулж байсныг мэдэж чадсан. Европ, Орос, Энэтхэг дэх Моголын эзэнт улс, Мин улс, Балба, Түвэд зэрэг орны эд өлгийн зүйлс гараад байгаа юм. Өндөр гэгээний ур хийцийн 3000 орчим шавар бурхан, XVII зууны цэргийн бүрэн хэрэгсэл зэрэг зүйлс илрээд байна. Энэ жил судалгаагаа үргэлжүүлж явуулна. Бас хөшөө дурсгал, самбар, хамгаалалт гээд олон ажил байгаа. Тэгээд судалгааны эхний үе шат дуусна. Хожим хэдэн арван жилийн дараа бусдыг нь судлах биз дээ. 

-Цагаан сарын өмнөхөн ярилцаж байна. Хүүхэд ахуй үеийн тань цагаан сарыг дурсъя...
-Харин тийм байна. Сар шинийн босгон дээр ярилцаж байгаадаа ихэд билэгшээж байна. Миний хүүхэд үеийн цагаан сар их л сайхан байсан. Мэдээж тэр үеийн хөдөөний хүүхдүүд адил биз дээ. Сум дээр цагаан сар таарсан үед хэсэх айлын тоо гурваас илүү байж болохгүй. Багшдаа сарын өмнө очих айлынхаа нэрсийг өгнө. Мэдээж хамгийн сайн бэлэг өгдөг гурван айлаа эсвэл гурван хэсэг гэр хороололд төлөөлөл болгон нэг нэг айлын нэр өгнө. Тэгэхгүй бол гудамжинд эргүүлд баригдана. Гэхдээ бараг л хэрэгжихгүй дээ. Сумын төвийн айлуудыг толгой дараалан хэснэ. Цоожтой айлыг дахиж эзнийг нь иртэл хэд эргэнэ. Үлдээнэ гэж бол ёстой байхгүй. Айлд ороод юм идэж ууна гэж байхгүй. Үүднээс нэг төгрөгөө аваад л дараагийн айл руу дэгдэнэ. Харин эмээ өвөөгөө дагаад орвол айл арай өөр бэлэг өгнө. Гол айлуудаа тэднийг хөдөөнөөс ирэхийг хүлээж нөөцөлнө. За хөдөө гэртээ бол цагаан сар жинхэнэ утгаараа байсан. Битүүнд адуунд явж хамгийн сайн морио барьж ирцгээгээд ах нар дэлийг нь засна. Өвөө эмээ хоёр маань сарын бэлтгэлээ хангана. Битүүний орой радиогоор бөх яваад л өвөө идээгээ өрөөд эмээ битүүлгээ бэлдэнэ. Хичнээн удаан хадгалсан амттан, гоё чихрүүд, алим зэрэг зүйлс гарч ирэхийг л отно шүү дээ. Өвөө эмээ хоёр маань тэрийг зөвхөн надад л зориулж хадгалсан байдаг байсан. Шинийн нэгний өглөө босоод идээ дээжээ өргөсөн хойно гэнэт хажуу айлын хүмүүс орж ирээд л золгоод сайхан хаваржиж байна уу, мал тарган уу, энэ тэр гээд асуухаар нь их гайхдаг байж билээ. Өчигдөр уулзаад л зүгээр байснаа яагаад ингэдэг юм бол гэж бодоод. Тэгээд ах нараа дагаад л айл хэсэх ажилдаа гарна даа. Нар зөв эргээд л явж өгнө дөө. Хамгийн хэцүү нь ах нар, ахмадууд айлд ороод бууз жигнүүлэх, юм ярих гээд баахан цаг авна. Хүүхдүүд бид нар дараагийн айлд очих гэж байж ядна. Тэгээд айлын хооронд буу халах гэж бооцоотой уралдана. Өвөр дүүрэн хэвийн боов бэлэгтэй цүдийсэн л юм явна. Тэгж байгаад сэмхэн ах нараас түрүүлж давхиад бид нар уулын орой дээр хэвийн боовоороо таваг өрчихөөд аль өнгөтэйг нь авчихаад цааш давхилдана шүү дээ. Орой бүүр шөнө л гэртээ ирцгээнэ. Одоо тэгж морь унаж жинхэнэ утгаараа шинэлдэг эсэхийг мэдэхгүй. Хөдөөнийхөн Портер дээр л овоорсон яваа харагддаг. Миний санаанаас гардаггүй нэг цагаан сар байдаг юм. Аав намайг морь унуулж сургасан юм. Таван нас арай хүрээгүй байсан. Хоёр хөлийг дөрөөтэй баглаад хөлдөж үхэх л шахсан юм. Тэгээд ойрхон нэгэн настай айлд очоод уйлаад... Тэгсэн тавганаас хэдэн бууз хийж өгсний гурав нь мөнгө хийсэн бууз байсан юм. Тэд билэгшээж би онгирч буцаад явахдаа морин дээр огт даараагүй санагддаг юм. 
-Өөрөө хөдөө өссөн хэр морь унаач, дээл “ураач” хүүхэд байв даа?
-Наадмын морь бол нэлээд хэдэн жил унасан шүү. Тэгээд томдоод ирэхээрээ туслах уяач /инээв/. Намайг морь унаж байхад манай суманд улсад цуутай нийгэм цагаан, хилэн хар, Данзанням гуайн хурдууд уралддаг байлаа шүү дээ. Тэр үед наадамд явахад хээрээр майхантай ах нар өвөөтэйгээ явна. Их л гоё байсан санагддаг. Адуунд их явдаг байсан. Манай ахынх нэгдлийн 700 гаруй адуутай. Бид нар харуй бүрийгээс л үдэш болтол адуутай зууралдана. 100 гаруй гүү барина. 30 минут болоод л гарна. Ядрана гэж байхгүй. Хот суурингаас хүмүүс тасрахгүй бум бужигнасан л байдаг байж билээ. Орой шөнө бүр дэмбээднэ, хуруудна. Одоо залуучууд найрлаж ч чадахгүй, дэмбээдчихэж ч мэдэхгүй болсон нь нэн харамсалтай. Айлд буугаад гүү сааж байвал гүү татаад өгөхгүй морддог болсон гэж манайхан хэлж байна лээ. Долоон зуун адууг худаг татаж усална шүү дээ. Манай тэр адууны голомтоос сүүлийн үед бас нэлээд дээгүүр давхиж байх шиг байна лээ. Өнгөрсөн жил Төв аймагт түрүүлж, Нийслэлийн анхны даншигт түрүүлдэг хээр азарга манай голомтын унаган азарга. Харин би цаг заваасаа болоод морь огт сонирхохгүй байгаа. Уг нь ч мориныхоо баруун зүүн, зүсээ мэдэхгүй нөхдүүдийг бодвол сонирхох дадал байгаа л байх даа. Харин үеийн хүүхдүүдтэйгээ ёстой дээлийн зах тасдаж, суганы товч тэсгээлгүй явсан шүү. Сумандаа 2001 онд түрүүлснээс хойш огт барилдаагүй. Номтой л их “барилдаж” байна даа. Нэг хэсэг мөн ч их дуртай байж билээ. Хаана залуус таарна барилдана. Бөх ярина. Том бөх болохыг мөрөөднө. Төсөөлнө дөө.  
-Одоо цагаан сараар хөдөө явж цагаан сарын золголт хийдэг байлгүй?
-Цагаан сараар золгоноо. Хөдөө аав ээждээ, ах дүүдээ золгоно. Өөрөө бол цагаан сар нэг их тэмдэглэхгүй. Харамсалтай нь сүүлийн хэдэн жил ажлаас хамаараад ер нь бараг цагаан сарыг Монголд байсангүй. Энэ жил бас яг томилолт таарах юм билээ. Шинийн нэгний өглөө Санкт-Петербургийн архив дээр ажиллах төлөвлөгөөтэй. Хар хоринг анх байгуулсан хөшөөний хэвний нэг хуулбар тэнд байгааг Японы судлаачидтай хамт очиж хайх юм. Цагаан сар ер нь л хөдөө сайхан. Ах дүүгээрээ жилдээ ганц уулздаг баяр. Үгийн сайныг хэлэлцэж, үйлийн сайныг мөрөөддөг, хүндлэл мэндлэлийн төгс зохицол баяр юм даа. Монголчуудын соёл уламжлал хэрхэн хувирч байгааг цагаан сараас л харах хэрэгтэй. Цагаан сараа тэмдэглэж чадаж байвал бид уламжлалаа тээж чадаж байна, үгүй бол соёлын сүйрэлд оржээ гэж ойлгож болох хэмжүүр юм даа. 
-Олон улсын Монгол судлалын холбоонд одоо хэдэн орны хэчнээн эрдэмтэн хамрагддаг юм бэ? 
-Манай Монгол судлалын холбоо одоогоор 34 орны 400 гаруй гишүүнтэй. Ер нь бол 800 гаран гэсэн тооцоо байгаа. Энэ тоо бол багцаа тоо шүү дээ. Бид нэгдсэн мэдээллийн сангаа үүсгэж, гишүүнчлэлээ тодорхой болгож, удахгүй нэгдсэн зохион байгуулалтаа хийнээ. 
-Ямар ч зүйлд сэтгэл их чухал юм даа. Юу гэхээр өөрийн тань энд тэнд явахдаа хуучны гэрэл зураг, ном хэвлэл, баримт олж ирээд байдагтай холбогдуулж хэлж байна л даа. 
-Тийм байхаа. Сэтгэл зүрх, зорилго байвал санаандгүй сайхан зүйлстэй таарах явдал их шүү. Монголын түүхийн энэ чиглэлийг сонгож энэ амьдралаа зөвхөн үүнд чиглүүлсэн миний хувьд аль болох сайн үр дүнтэй ажлыг гүйцэтгэх нь туйлын зорилго бас үүрэг. Итгэж өгсөн боломжийг миний хувьд ажил болгох хэрэгтэй, шинэ зүйлсийг монголын түүхийн судалгаанд оруулах, боловсон хүчний бүхэл бүтэн нэг үеийг буй болгох, дэлхийн судалгааны хүрээнд нэр хүндтэй байр сууриа, монголын нэр нүүрээ хичээж явах, өөрийн улсын эрх ашгаа тарни мэт сүслэж, түүх-соёлын өвөө нэг ч гэсэн хүнд зөв ойлгуулж байхыг хичээдэг. Монголын судлал монголын нэр нүүр байна гэдэгт итгэж ажилладаг. Цаашид ч өвгөдийн үлдээсэн эх түүх, газар нутаг, өв соёлынхоо төлөө бүхий л хүч, чадлаараа ажиллана. 
-Цагаан сарын өмнөхөн уулзаж байгаа юм чинь билгийн сайхан ерөөлийг тань сонсоё.
-Сайхан ирээдүй байгаа гэсэн билэгтэй сайн ерөөлийг өргөж, дэлхийд Монголыг судлаж, монголын төлөө амь амьдралаа зориулсан бүх монголч эрдэмтэддээ сар шинийн мэнд хүргэж эрүүл энх, эрдэм судлалын амжилт хүсье. Мөн түүхт их Монголын үр хойчис ард түмэндээ тахиа жилийн мэнд хүргэж элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байхын ерөөл өргөе. 


Шинэ цагийн шинэ үеийнхний өнгө төрх

PS: Цаг хугацаа ямар хурдан өнгөрөх юм бэ. Чулуун саяхан л Шинжлэх Ухааны Академийн түүхийн хүрээлэнгийн захирал болж байсан санагдана. Тэрбээр 33 насандаа шинжлэх ухааны тэр дундаа түүхийн хүрээлэнгийн захирал болно гэдэг тийм ч түгээмэл тохиолдол биш. Ажилдаа залуу хүний эрч хүч, чин сэтгэлээсээ хандаж эхэлсний хойтон жил нь ШУА-ийн шилдэг захирал болж билээ. Энэ амжилтаа лав л гурвантаа давтсан. Түүнийг дурдатгахын учир нь шагнал, урамшил, цол хэргэмдээ ч биш мэргэжилдээ, хариуцсан ажилдаа эзний ёсоор хандаж хамт олноо зөв бүрдүүлж, зөв залж нэгэн зорилгод тэмүүлэн ажиллаж буйн жишээ гэж бодож байна. Түүхийн өв сангаа дээдлэн гадна дотноос шинэ сэргэг зүйлийг эрж хайж, судалгааний эргэлтэд ороогүй баримт олж цуглуулж буй нь хувь хүний онцлогтой ч холбоотой биз ээ. Хамгийн сүүлийн нэгэн жишээ хэлэхэд өнгөрсөн жил Английн Эзэн хааны Газар зүйн нийгэмлэгийн архиваас 2000 гэрэл зураг, 500 орчим хуудас түүхийн баримт бичгүүд олж ирсэн юм. Долоон жилийн өмнө түүнтэй ярилцчихаад Түүхийн хүрээлэнгээс алхаад “Зүүн дөрвөн зам” хүртэл үргэлжлүүлэн ярилцаж явснаа санаж байна. Тэр л үеийн хүсэл мөрөөдлөөсөө олон зүйлийг амжуулан хийж дөч хүрсэн эрийн буурь сууриар ажил алба, эрдэм номоо туурвиж явна. Энэ бол шинэ цагийн шинэ үеийнхний өнгө төрх. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.