НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Г.Мэнд-Ооёо: Нэг чулуунаас эх уулыг нь, нэг уулнаас нэлэнхүй орчлонг таньж болно

Б.Алтанхуяг     Нийтлэгч
7 сарын өмнө /2017-03-17 15:07:50 GMT +8 / | 5608 удаа уншсан

“Чингис хаан одонт”, МУСГЗ, зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёог энэ удаагийн дугаарынхаа зочноор урилаа. Тэрээр саяхан Италийн нийслэл Ром хотноо болсон "Яруу найргийн хөргүүд" хэмээх Олон улсын яруу найргийн наадамд зочноор оролцоод ирсэн билээ. 2000 гаруй жилийн түүхтэй Адрияний сүмд болсон тус уншлагад Азиас хоёр зочин урьсан нь Г.Мэнд-Ооёо, Солонгосын яруу найрагч Ко Юн хоёр байсан юм.

-Та саяхан Ром, Парисаар аялаад ирсэн байна. Явсан хүнээс үг дуул гэдэг дээ. Явсан ажлынхаа сонин сайхнаас хуваалцаач? 
-Италийн нийслэл Ром хотноо болсон "Ritratti di Poesia" буюу "Яруу найргийн хөргүүд" хэмээх Олон улсын яруу найргийн наадамд зочноор оролцож шүлгээ уншлаа. 2000 гаруй жилийн түүхтэй Адрияний сүмд болсон нэг өдрийн яруу найргийн уншлаганд Азиас хоёр зочин урьсан нь Солонгосын яруу найрагч Ко Юн бид хоёр байлаа. Бас хэвлэн нийтлэгчид, дүрслэх урлаг, хөгжмийн алдартнууд, яруу найрагчдын тухай бичдэг сэтгүүлчид цугларсан байв. Италийн элит хүрээнийхэн цугларсан тэр гайхамшигт сүмд 20 минут шүлгээ уншлаа. Орчуулгыг дэлгэцээр гаргаж цөөн хоромын шууд ярилцлага хийсэн. 
-Тэнд бас лекц уншсан гэсэн...
-Тийм. Парис хотноо Францын Шинжилгээ, судалгааны их сургуульд "Монгол нүүдэлчин ахуй ба оюун санааны хээр тал" нэртэй лекц уншсан. Парис хотын Олон улсын соёлын хотхон дахь Монакогийн соёлын төвд 2016 оны "Леополд Седар Сенгор" олон улсын яруу найргийн шагналт, Монакогийн алдарт зохиолч хатагтай Сабин Пеглион бид хоёрын хамтарсан "Газар, тэнгэрийн хооронд - Монгол орныг яруу найргаар харахуй" сэдэвт үдэшлэг мөн болсон юм. Миний нүүдэлчний сэдэвт бүтээлүүд болон хатагтай Сабин Пеглионы Монголд аялахдаа бичсэн шүлгүүд, яруу найрагт зориулсан хөгжим, байгалийн дуу авианы хослол юм. Тайзнаа хоёр орны төрийн далбааг байршуулж, элчин сайдууд нь үзэгчдийн танхимд хүрэлцэн ирсэн байсан. Бүтэн хоёр цаг үргэлжилсэн энэ уншлага үнэхээр гайхалтай, миний яруу найргийн хамгийн аз жаргалтай мөчүүдийн нэг байлаа. Францын жүжигчин, кино найруулагч Анн-Силва Мэйза миний шүлгүүдийн орчуулгыг үзэгчдэд хүргэж маш сайхан уншина лээ. Яруу найргийн үдэшлэгийн зохиомжийг монгол судлаач Рафаэл Блоншие бичсэн. Монакогийн яруу найрагч Сабин Пеглион манай эх орноор аялж, Монголын тухай хоёр ч ном хэвлүүлсэн нь франц хэлт уншигчдад хүрсэн байна лээ. Нэг үгээр хэлбэл Парис хот дахь Монголын дуу хоолойг цуурайтуулсан үдэш байлаа. 
-Парист хэвлэлийн газарт уулзалт хийж байгаа тухай мэдээлэл та цахим хуудсандаа тавьсан байсан. Ямар ном хэвлэгдэхээр болов? 
-“Bruno Dousey” хэмээх зөвхөн яруу найргийн ном хэвлэж амжилттай ажиллаж буй хэвлэлийн газар байдаг юм байна. Миний франц хэл дээр орчуулагдсан шүлгүүдийг олж үзээд, уулзъя гэсэн хэрэг. Миний 60 шүлэгтэй номыг хоёр жилийн дотор гаргахаар хэлэлцэж тохирлоо. Наана нь уншигчдадаа танилцуулах, орчуулга дээр ажиллах гээд ажил их байдаг аж. Номоо хэвлэгдэн гарахаар зохиогчийг урьж, хотуудаар нээлт хийж аялдаг гэнэ. Тус хэвлэлийн газар Францад 300 гаруй номын дэлгүүртэй хамтарч ажилладаг төдийгүй, Канад, Бельги, Швейцарт ч номоо борлуулдаг юм байна. Цаашдаа Монголын орчин үеийн яруу найргийн түүвэр антологи гаргах боломжтой гэж тохиролцсон.


-Монголын уламжлалт ахуй, зан заншил, үүх түүхтэй холбоотой зохиолуудыг дэлхий нийтээр түлхүү сонирхон уншдаг. Гэтэл бидэнд суурь сэтгэлгээг орчин үеийн урлаг, утга зохиолтой холбосон зөгнөлт зохиолууд ч бий. Тэдгээрийг орчуулж гаргах тал дээр ямар бодолтой явдаг вэ?
-Үүд хаалга бол хэдэн тийшээ цэлийтэл нээгдсэн. Бид өөрсдөө хичээх, төр засаг бодлогоор дэмжих хэрэгтэй. Монголын сэдвээр гадаадын зохиолчидын бичсэн номуудтай гадаадын зах зээл дээр өрсөлдөх сайн бүтээл, сайн орчуулгуудыг бий болгож тэр орон зайг эзэгнэх боломж харагдаад байна. 
-Таныг "Чингис хаан" одон хүртсэнд олон хүн баярласан. Хамгийн гол нь хүн төрөлхтнй оюун санааны дээд ундарга болсон уран зохиолын төрлөөр дагнан бүтээлээ туурвидаг хүнд төр засаг энэхүү шагналыг олгосонд олзуурхаж байна. Мөн та 1996 онд Жанрайсиг шүтээнийг бүтээн залахад манлайлж оролцсоны учир Соёлын гавъяат зүтгэлтэн болсон байх аа? 
-Монгол төрөөсөө дундаа 20 жилийн зайтай ийм л хоёр шагнал хүртсэн. Уран зохиолч, бичгийн хүний хувьд "Чингис хаан" одон аваад цээжнийхээ үгийг хэлсэн дээ. Ном соёлоо дээдэлдэг хүмүүс одоо ч тааралдахдаа тэр үгийг дурсаж, талархалын урмаар мялаадаг юмаа. 
-Өнөөдөр Монголчууд өв соёлоо мартаж, гадаадын соёлын нөлөөнд хэт гүнзгий автсан гэж ярих хүмүүс элбэг болсон. Өөрийн тань үйлдэл, бүтээсэн ном зохиол бүхэн тань, эх орноо хайрлах, ёс заншлаа дээдэлж явахыг сануулсан байдаг. Түүнээс бус энэ талаар залуусыг хурцаар шүүмжилж хэлж ярьсан зүйл байдаггүй юм билээ? 
-Дашбалбар маань сэрүүндээ "Яруу найраг дахь нялхасын өвчин" энэ тэр гээд хурцхан бичдэг байсан даа. Миний арга барил бол өөр юм. Би бол Монгол өв соёлоо дээдлэх, хэл бичгээ эзэмшихийг, гадаад ертөнц биднийг монгол гэдгээр л хүлээн авах боломжтойг өөрийнхөөрөө үлгэрлэж сануулахыг хичээдэг. Нийтлэл, тэмдэглэлдээ ч байнга бичдэг. Олонхи нь өөртөө тусган хүлээж авч байгаа нь ажиглагдаж байна. Ер нь бол мэргэжлийн байгууллагууд, тухайлбал Хэл зохиолын хүрээлэн, Их дээд сургуулийн уран зохиолын тэнхимд ямар нэг хэмжээгээр судалгаа дүгнэлт хийгдэж байх ёстой. Энэ ажилд төрөөс санхүүжилт өгч дэмжих хэрэгтэй. 
-Та "Алтан-Овоо" бүтээлдээ "Том дуугаръя гэвэл нутгаа дуул, дэлхийд гаръя гэвэл ус нутагтаа хайртай бай" гэсэн байдаг. Уул усандаа залбирч, заяа тавилангаа даатгадаг ард түмэн бол Монголчууд. Өөрийн төрж өссөн нутгийн тухай яриач?
-Наад үгийг чинь би өөр газар хэлсэн юм. Нэгэн сэтгүүлч надтай ярилцаж суугаад таны талаар нэг зохиолч "Танай Мэнд-Ооёогийн дэлхий гэж юу байдгийм. Жалгаа л бичдэг хүн шүү дээ. "Алтан-Овоо". Хойшлоод Эрээнцав, жаахан баруун тийш Равжаагийн говь. Хаана байна тэр дэлхий нь?" гэж асуусан, Та юу гэж хариулах вэ?" гэсэн юм. Тэгэхээр нь би "Дэлхийд гаръя гэвэл нутагаа л бич, том дуугарая гэвэл нутгаа л дуул" гэж хариулсан минь жаахан засвар орчихож. Ер нь "Алтан-Овоо" туурвилын гол санаа нь "Алтан-Овоо бол манай дэлхийн багасгасан биет. Нэг чулуунаас эх уулыг нь, нэг уулнаас нэлэнхүй орчлонг таньж болно" гэсэн аавын минь сургаал юм даа. Тэгэхээр Дарьгангачуудын нутгийн чулуугаа шүтэх ёс их учиртай гэж бодож байна. Нутгийн чулуу бол бяцхан уул юм. Дарьганга бол байгалийн, түүхийн, соёлын гайхамшигт баянбүрд. Миний дэлхий. Ийм нутагт төрсөн минь олдошгүй хувь заяа. 
-Удахгүй Монгол түмний үндэсний томоохон баяр цагаан сар болох гэж байна. Таны бага насны үед хүүхэд бүхэн цагаан сарыг хүлээдэг, өвөртөө бэлэг түнтийтэл чихчихээд явдаг байсан байх. Багадаа шинийн нэгэнд өглөө босоод хамгийн түрүүнд юу хийдэг байсан бэ. Бага насныхаа дурсамжаас хуваалцаач?
-Таван настайд минь даахь үргээснийг би санадаг юм. Толгойдоо тун хориг хүүхэд байж. Аав даахиа үргээлгэвэл цагаан сараар цуг айл хэснэ гээд тонгорогоо нийлж байж билээ. Өвөл нь аавтайгаа цуг цагаан сарын хэсэл хийсэн. Нэхий дээлтэй, хярсан малгай минь цантчихсан давхиж явсан зураг одоо ч тод санагддаг. Шинийн нэгний өглөө өвөлжөөний хойд дээрх толгой дээр чулуу, аргалаар "индэр" гэж тавцан засаад дээр нь идээ будаа өргөдөг байж билээ. Уул ус тэнгэр газрын эздэд сар шинийнхээ идээ будааг өргөж байгаа хэрэг л дээ. Уур цан савсаж, аагтай цай, амтат буузны үнэр сэнгэнээд үдэш шөнөөр малын хороон дээр мөсөн дэнлүү гэрэлтээд, бэлэг сэлтээ тоолоод  нэг л ер бусын дүр зураг сэтгэлд үлджээ. 
-Бага байхад бэлэг авах чухал байсан байх. Харин өнөөдрийн Мэнд-Ооёод энэ баярын юу нь хамгийн их таалагддаг вэ?
-Ахмад буурлаасаа ерөөлийн үг сонсож, бэлгэтэй сайхан үгээр хэлэлцэж, тэнгэрийн байдал, тэр өдрийн өнгийг эерэг өөдрөгөөр тайлбарлаж, уцаар бухимдалыг ор тас мартсан, ёстой л сайн үгс, сайхан сэтгэл тал хангай дүүрээд сэтгэлийг цэлмээж, баяр баясгаланг хөхүүлэн, тэр жилдээ тэгш жаргалтай байхын өлзий хутгийг соёрхдог доо. Ер нь бол цагаан сараар үгийн сайныг хэлэлцэх нь үнэнхүү жаргалан. 
-Та төрийн дээд "Чингис хаан одон" хүртэх болсноо дуулсан тухайгаа "Өвөлжөөндөө бууж гэрээ дулаалаад шинэ гарах номынхаа дардасаа уншиж суутал утас эгшиглэж энэ гайхамшигтай мэдээг дуулгав" гэж хаа нэгтэй бичсэн байсныг уншиж байсан санагдана. Өдгөө ч гэсэн та монгол гэрт аж төрдөг гэсэн. Үндэсний ёс заншилаа хадгалж үлдэхийн тухайд ая тух илүү ч, нийт олон үүнийг хэлбэрдэлт гэж ойлгоод байх шиг?
-Үр хүүхдүүд өнөр өтгөн болоод ач зээ нар өсөөд бид хоёр хашаандаа гэр барьж гарсан юмаа. Дөч гаруй жил цуглуулсан хэдэн ном маань ч багтахаа байлаа. Хашаандаа гарааш маягийн нэг юм барьж хуучирсан номын сангаа тавиад дотор нь  нилээд ном хураалаа. Нэг хэсгийг нь цаасан хайрцагт хийлээ. Ажил, урландаа өрлөө. Тэгээд ч багтах янз алга. Бас бус гар бичмэл, гадаад дотоодоос бэлэглэсэн ховор сонин бэлэг сэлт, соёлын өв, гарын үсэгтэй ном, урлагийн бүтээлүүд гээд хамаг юмаа хайрцагт савлаад өөрсдөө гэр төхөөрч суусан минь тэр л дээ. Монголын соёлын түүхийн нэгэн өв гэж үзээд хадгалж хамгаалж байгаа ухаантай. Нэг номын сан бариад үлдээх санаа бий. Ер нь бол юм бичихэд монгол гэрт илүү аятайхан. Тооноор тэнгэр, хаалгаар газар харагдаад арай л өөр, үзэг цаас ч уриалгахан болчих шиг санагддаг юм. 
-"Шинэ гарах номын дардасаа уншиж суув" гэсэн нь таны аль ном бэ?
-"Гол ус тунгалагших цаг" баримтат уран зохиолын ном маань юм. Одон аваад хэлсэн үгээ энэ номдоо оруулж амжсан даа. "Хэлсэн үгэндээ эзэн нь өөрөө оршиж байдаг" гэж гарчигтай.
 

Алтан-Овоо бол манай дэлхийн багасгасан биет

-Таны тус бүтээлийг уншиж суухад "Хүмүүн тогтвоос тэнгэрийг ялмуй" хэмээх Тайваньд бичсэн тэмдэглэл тань илүү их сэтгэл хөдөлгөсөн. Тус тэмдэглэлд бийрлэж амжаагүй өөр сайхан учрал сэтгэлд тань тодоор үлдсэн дурсамж бий юу? 
-Түүнээс хойш арван хоёр жил өнгөрчихөж. Манай гараг дэлхий дээрх үзэг нэгтнүүдийн дотроос дорнын бичиг соёлын гайхамшигийг үлгэрлэдэг анд Юй Си-гийн урланд очсон анхны тэмдэглэл тэр юмаа. Очих болгонд түүний урлан ер бусын гайхалтай ном судар, бичиг соёлын зүйлээр арвижсан байдаг. "Оюун санааны хээр тал" эсээ нийтлэлийн номыг минь үзсэн бол тэнд "Хорин нэгдүгээр зууны дияанч" гэсэн нийтлэл байгаа. Манай хүн хоёр жил хиртэй чимээгүй болчихсон юм. Уржнан гэнэт урилга ирээд хүрч очлоо. Юй Си маань хоёр жил тойрон аглаг ууланд бясалгал хийж, залуудаа хийсэн арав гаруй жилийн аглагийн дияанчлалаа үргэлжлүүлжээ. Тэгэхдээ бүр гэгээрлийн мөрд оржээ. Ийнхүү миний анд бээр яруу найраг, бичиг соёл, дияаны үйлсээрээ ариуслын хутгийг олж, сахил санваар хүртэж, анхдугаар Дао-И гэгээнтэн гэгдэх болсон байв. Тэглээ гээд түүнд хувцаснаас бусад нь өөрчлөгдсөнгүй. Шүлгээ бичиж, романаа туурвиж, уран бичлэгээ бичиж, алиа хошин яриагаараа хөгжөөж, амандаа дуу аялж, гэгээрлийн илтгэлээ айлдсаар л байна. Тэр яруу найргаар дамжин гэгээрэлд хүрч болохыг нотолсон хүн. Ирэх 8 сард түүний бичиг соёлын үзэсгэлэнг Монголчууддаа толилуулах болно. Бичгийн хүн гэж ямар байдгийг бидэнд харуулна. 
-Нэлээд хэдэн жилийн өмнө Лос Анжелос хотод Дэлхийн яруу найрагчдын дунд зарласан наадамд  "Хуучин сүмийн дээгүүр саран мандахад" шүлгээрээ та тэргүүн байр эзэлж байсан. Тэр үеэ дурсвал... Танд хамгийн сайхан урмын үгийг ямар улсын хэн гэдэг зохиолч хэлж байсан бэ? 
-Шагнал гардуулах ёслол дээр миний шүлгийг англи, франц хэлнээ орчуулсан Имрэ Золдош гэж Унгар гаралтай яруу найрагч над руу хүрч ирээд "Би орчуулахдаа анзаараагүй нэг зүйлийг сая орчуулгаа уншихдаа анзаарлаа. Таны хуучин сүм чинь шинэ сүм болчихсон байна шүү дээ. "Хулсан лимбэний аялгуун дотор диваажин оршино" гэсэн байна. Жинхэнэ амилсан яруу найраг гэж энэ байна" гэсэн шүү. Маргааш нь Тайваний яруу найрагч Юй Си намайг буудалдаа урьж, "Чиний шүлгүүдээс би өөрийн насан туршийн анд нөхрөө оллоо. Бид хоёр нэг зүгт явж байна" гэсэн. Түүнээс хойш бид хоёр Альпийн цаст уулсын дундуур, үзэсгэлэнт Женева нуурын хөвөө, Дунай мөрний эрэг, Карлаварын алдарт рашаан, Номхон далай, Чи-Лан уулын үүлэн дундах тэргүүнд ертөнцийн мөн чанар хийгээд яруу найргийн тухай төгсгөлгүй яриа дэлгэж явна. Бид хоёрын андлалыг жирийн нөхөрлөлөөс нэгэнт хэтийдээд оюун санааны төгөлдөршил тийш замнасан зохиолч, бичгийн хүмүүсийн нөхөрлөл гэж хэлж болох байх аа. 
-Өнөө жил манай оронд дэлхийн олон орны яруу найрагчид чуулах болсон сайхан мэдээ сонссон. Үйл ажиллагааны талаар ямар зохион байгуулалттай хийхээр төлөвлөсөн бэ?
-"Монгол дахь Дэлхийн яруу найргийн өдрүүд" нэртэй "Байгалийн оюун санаа ба хүмүүний сэтгэлийн байгаль" гэсэн агуулгын доор зургаан өдрийн үйл явдал зохион байгуулна. Юуны өмнө энэ хүрээнд Дэлхийн яруу найргийн 37 дугаар их хурлыг хүлээн авна. Улаанбаатарын яруу найргийн Олон улсын наадам зохион байгуулна. Говь руу Олон улсын яруу найрагчдын уран бүтээлийн аялал хийнэ. Яруу найргийн хэсэгчилсэн уншлагууд болно. В.Инжинаши 180, Гомбын Сэр-Од 100, Ч.Лхамсүрэн 100, Ч.Чимид 90, Д.Нямсүрэн 70, О.Дашбалбар 60 жилийн ой тохиож буйг Дэлхийн яруу найрагчдад танилцуулна. Бид 200-250 орчим яруу найрагчид, хэвлэн нийтлэлч, судлаачдыг хүлээн авна. Дэлхийн хэмжээний, олон улсын яруу найргийн чухал байгууллагууд ирнэ. Миний тэргүүлдэг “Соёл, Яруу найргийн Академи”, МЗЭ, МҮЧЗХолбоо зохион байгуулахад хамтран ажиллана. Засгийн газар, нийслэлийн захиргаа, орон нутаг дэмжинэ гэж найдаж байгаа. 
-Таны номын сан үнэхээр баялаг сайхан санагдаж байна. Ихэвчилэн түүх соёл, шашин судлалын номууд уншдаг болов уу гэж харагдана. Миний таавар зөв үү?
-Уран зохиол, түүх, шашин соёлоос гадна шинжлэх ухааны зарим салбар газар зүй, археологи, хэл шинжлэл, экологи, амьтан, ургамал судлал, квант физикийн нийтлэг номуудыг унших дуртай.
-Үг өөрөө их увдистай зүйл учир хар бараан бус гэгээлэг сайхан зүйлсийг яруу найрагчид дуулах ёстой гэдэг. Та үгийн шидийг юу гэж үздэг, хэрхэн мэдэрдэг вэ? 
-Үгийн увдис шид, эрчим хүчний тухай энэ цаг үед хамгийн анх би дуугарсан юмаа. 2001 онд Сиднейд болсон Дэлхийн яруу найрагчдын 21 дүгээр их хурал дээр "Яруу найргийн эрчим хүчний шидэт долгион" нэртэй илтгэлийг тавьж анх гаргаж ирсэн, нилээд ч шуугисан. Дараа жил нь Румынд Дэлхийн Урлаг Соёлын Академиас надад утга зохиолын доктор цол олгосон юм. Ер нь бол манай өвөг дээдсийн шашин шүтлэг уугуул билиг ухаанд байсан зүйл, бичгийн мэргэдийн баримталж байсан мэдлэг л дээ. Түүнийг XXI зууны яруу найрагт хандах ойлголттой холбож өгсөн нь миний оролдлого. Миний "Гол ус тунгалагших цаг", "Оюун санааны хээр тал" хоёр номын улаан шугам дундуур үгийн шид, эрчимийн санааг тодосгосон өгүүлэмж явж байгаа. Одоо зарим нь хуулаад л илтгэл өгүүлэл болгоод жаахан өөрчилж найруулаад энд тэнд цацаж байгаа нь харагддаг. Хоосон хуулбарлан давтах биш, цааш хөгжүүлэх хэрэгтэй байгаа юм л даа. 
-"Шилийн Богд" романы үйл явдлын шугаманд гардаг газруудад та очиж судалгаа хийсэн үү. Романд домог түүхүүд их гардаг, тэдгээрийг та сүүлд уншиж судалсан уу, хүүхэд ахуй цагтаа сонсч байснаа марталгүй явсаар ийн бичиглэсэн үү? 
-"Шилийн Богд" роман бол аяндаа миний сэтгэлд амьдралын туршид бүрэлдэн бий болсон бүтээл. Түүх биш, үлгэр домгийн эвлүүлэг ч биш. Дарьганга өв соёл дунд өсөж торних тэр л он цагуудад зүрх сэтгэлд боловсорсон уран сайхны цогцлол. Археологийн олдвор, хууч домгийн улбаа хийгээд ахуйн дундаас соёлын өвийг сэргээн цогцлоодог тэр тиг хуулиар зохиогчийн гаргаж авсан бичлэг гэж ойлговол зохино. Онгон элсний Оройн ганц модны тухай гарна. Хууч яриа ч юм шиг, үгүүлэмж ч юм шиг үлгэр домог ч юм шиг, бодитой ч эсвэл хийсвэр ч юм шиг оройн ганц мод байгаа. Хоёр мянга гаруй жилийн өмнө Жагарын орны Наландагийн цэцэрлэгээс таяг болгон тулж ирсэн мөчир элсэн бөөрөгийн хонхорт үндэслэж ургаад, он цагийн уртад оройд нь гарч ирж шувуудын чуулган, соёлын диваажин болж байгаа. Энэтхэг орноос дэлгэрсэн эрдэм соёлын бэлгэдэл.. Ингээд романы үйл явдлуудтай уялдана. Манай зарим уншигч, судлаачид түүх уншиж домог цуглуулаад л зохиол болгочихдог юм шиг санадаг бололтой. Нэгэн цогц амьд бүтээл болж боловсрох уран сайхны өсөлтийн тухайн жам ёс байдаг. Тэгж бүтсэн гэдгийг л хэлмээр байна. 
-Хүүхдэрхүү ч юм уу гэмээр нэг асуулт асуучихъя. Та өөрийгөө уншсан зохиолуудынхаа нэг дүрээр илэрхийл гэвэл хэний ямар зохиолын баатар байх байсан бол? 
-Яг өөрийгөө илэрхийлчихмээр баатартай тааралдаж байсангүй. Зарим нэг төсөөтэй өчүүхэн хэсгүүд бол байдаг л даа. Харин миний өөрийн "Шилийн Богд" романыг хөтөлж яваа "Агшуу" хэмээх шонхор бол миний түүх соёл, түүний бахархал бардамнал болоод эрсдэл, харамсалыг туулсан оюун билиг, зүрх сэтгэлийн нислэг юм. Шувуу л болохоос зохиолч өөрөө нисч яваа юм. 
-Магадгүй энэ асуултад л танаас оновчтой хариулт авмаар санагдлаа. Өнөөгийн залуус хоорондоо их адилхан бичдэг, ялгарах зүйлгүй. Хүн бүрээс нэг шүлгийг нь аваад хэвлүүлчихвэл нэг хүнийх шиг уншигдана гэж ахмад зохиолчид шүүмжилцгээх болсон. Үүн дээр та ямар бодолтой явдаг вэ? 
-Цаг үеийн өнгө, нийтээр шохоорхох уран сайхны таашаал нь нэгэн үеийн залуусын бүтээлийг төстэй болгодог нь байдаг л зүйл. Харин энэ их ижилсэл дундаас өөрийгөө ялгаруулж, шинэ содоныг эрж олж, нээж цолгорох нь чухам сод авъяас, эрдэм ухаан, цуцашгүй хөдөлмөрийн үр шим болно. Ажиглахад олонхид нь Д.Нямсүрэнгийн яруу найргийн нөлөө илт харагддаг. Бүр зарим нь түүний нөлөөнөөс гарч чадахгүй зогсчихсон байх. Зогсолтгүй унших хэрэгтэй, эрэх хайх хэрэгтэй. Бүх цаг үеийг унш. "Изм"-д бүү авт. Монгол хөрсөн дээрээсээ үндэслэ. Өөрийгөө нээ. Дотоод ертөнцийнхөө гоо сайхныг олж харах хэрэгтэй л гэж хэлэх байна. 
-Ер нь залуучуудынхаа зохиолыг уншдаг биз ээ. Ирээдүйд итгэж явдаг, сайн бүтээлч болно гэж найддаг залуучуудаас нэрлэ гэвэл хэнийг нэрлэх вэ? 
-Хэн нь ялгарч гарч ирэх нь вэ гэж ажиглаж л байдаг. Одоогийн цэл залуу үеийнхнээс бол О.Цэнд-Аюуш л сугарч гарч ирж байна даа. Нэмж хэлэхэд шүлэг зохиолоо бичиж, ганц нэг ном хэвлүүлээд "Болор цом"-д уншаад, гэлдэрч явахыг зохиолч, яруу найрагч болчихлоо гэхгүй ээ. Зохиолч, яруу найрагч хүн бүх талаараа төгөлдөрших ёстой. Ариусан гэгээрэх, мэдлэгийн оройд гарах, нийгмийн оройлогч бие хүн болж төлөвших ёстой. "Болор цом", "Алтан өд"-ийн хооронд ганц нэг юм хийгээд хаа хүрдэг юм. Даацтай том юм хий. Ахмад үетэйгээ өөрсдийгөө харьцуул л даа. О.Дашбалбарын шашин соёлын мэдлэг, газар шорооныхоо төлөө тэмцэх эрч хүч, ард түмний дуу хоолой байх эр зориг, арван ботьтой тэнцэх өв бүгд залуу насных байлаа шүү дээ. Саяхан л "Болор цом"-д шуугиулж байсан ерээд оныхон Дашбалбараас ах болчихсон тавин нас руугаа очиж байна. Нийгэмд юу бүтээв? Ямар томоохон төсөл хөтөлбөр дээр ажиллав? Монголд хэрэгтэй юу хэн санаачилав? гээд асуулт бөглөх юм бол бардамхан хариулттай хүн хоёрын зэргээс илүү бол уу? Би ч бас залуудаа монгол бичгээ сэргээх, морин хуурын өвөө дэлгэрүүлэх хөдөлгөөнийг нөхдийн хамт өрнүүлж, түүх соёлын хосгүй дурсгал "Мигжэд Жанрайсиг" хөтөлбөрийг хэрэгжүүлж, "Сувдан сондор" соёл, эрдэм шинжилгээний аялал зохион байгуулаад Монголдоо юм хийх гэж хирдээ зүтгэж л явлаа. Ер муу юм болоогүй. Харин ч тэнгийн ачаа дааж, тив дэлхийг харах алсын хараа суусан л гэж боддог. 
-Хүн бүхэнд өөр өөрийн гэсэн зовлон бэрхшээл бий. Таны дотор юу болж, юунд шаналж явдгийг хэн ч мэдэхгүй. Маш их ганцаардаж, аливаа нэг зүйлийн талаар бодож шаналсан үедээ юу хийдэг вэ? 
Арав гаруй жилийн өмнө би "Ганцаардах тусам" гэж нэг шүлэг бичсэн байдаг. 
Ганцаардах тусам би өөрийгөө улам тод сонсож
Ганцаардах тусам би өрөөлийн  ганцаардлыг ойлгож
Ганцаардах тусам би үл үзэгдэхүйн  дүрсэд нэвтэрч
Ганцаардах тусам би үл  сонсогдохуйн уянгыг анирлаж
Ганцаардахуйн эрх чөлөөнд дүүлмүй.

Нэг ийм бадаг бий. Ганцаардал, шаналал энэ бүхэн зовлон бэрхшээл огт биш, харин боломж. Яруу найрагч, зохиолч хүн бол оюун санааны хязгааргүй эрх чөлөөг эдлэх тэр ур чадвар юм. 
-Уншигчид дахиад таниас шинэ бүтээл хүлээгээд эхэлчих шиг боллоо. Та ямар нэгэн шинэ бүтээл эхэлсэн үү? 
-Тиймээ. Нэгэн шинэ бүтээл цээжинд маань боловсроод "Чам уруу би явж байна" гэж уншигчдадаа хэлье дээ.  

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.