НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Л.Нямаа: Монголын нууц товчоо байхад би сайн номоор цангахгүй

Б.Алтанхуяг     Нийтлэгч
8 сарын өмнө /2017-03-28 21:17:20 GMT +8 / | 4567 удаа уншсан

Хэнтийн яруу найргийн дэг сургуулийн гол багш МЗЭ-ийн шагналт, яруу найрагч, утга зохиол судлаач Ломбын Нямаатай ярилцлаа.

-Утга зохиолын төлөөх амьдрал маш хэцүү, зовлонтой гэж ихэнх хүмүүс дүгнэдэг. Танд үнэхээр уран зохиолоос өөр шимтэн дурлах зүйл байгаагүй юу? 

-Миний олж авсан их сургуулийн боловсрол надад гүн ухаан, түүх, уран зохиолд дурлан судлах хүсэл зоригийг өгсөн. Энэ нь сайн багш нарын ач гавьяа гэж бодож явна. Монгол Улсын Их сургуульд сурч байхад филисофич Норовсамбуу, Содномгомбо, Нямдорж, түүхийг Чимэдцэрэн, Лхамсүрэн, уран зохиолыг Шархүү, Дамдинсүрэн, Гаадамба нар зааж оюун ухаанд минь танин мэдэхүйн дөл хаясан. Өнөөдөр дэлхий дахин сэтгэлгээний боловсролыг филисофи, түүх, уран зохиолоос олж авна гэж бичиж байна. Оюутны ширээнд байх даа л  уран зохиол, яруу найрагт амьдралаа зориулах юм шүү гэж бодож, мөрөөдөж явсан. Өнөөдөр хүний амьдрал гүн ухаанжиж, уран сайханжих  тал руугаа явж байна. Тал хараад дуулмаар болдог, уул хараад нисмээр санагддаг, гол хараад сэтгэлийнхээ амар амгаланг мэдэрч чаддаг уран зохиолын ертөнцөд шимтэн дурлах нь миний чин сэтгэлийн хүсэл байсан юм.

-Утга зохиолын гадна зогсолгүй дотор нь хөлөө дүрчихсэн болохоор зуны хугацаанд амжуулж унших ном зохиолоос авахуулаад хийх зүйлс их байгаа болов уу? 

-Танин мэдэхүйн ертөнц рүү нэг алхвал эргээд гарах хаалга олоход бэрх байдаг. Уран зохиол үүнтэй адил хагацан салах аргагүй татах хүч юм. Зуны амралтаар өөрийн сумандаа очиж Энхбаяр ерөнхийлөгчийн санаачлагаар хэвлүүлж бүх сумдын номын санд тараагдсан дэлхийн утга зохиолын дээж 50 ботийг нэлээд эргүүлж хардаг. Энэ зуны амралтаар Хятадын гүн ухаантан Күнзийн “Лунь-Юй буюу бодрол агаад яриа” суут бүтээлийг туулах санаа байна.  Манай монголчууд сайн ном уншиж ухаарахаа туулах гэж хүндэтгэн ярьдаг. Күнзийн уудам дэлгэр ертөнц рүү ороод үзье. Зуны өглөө таван цагт босоод Күнзийг уншиж сууна гэдэг жаргал бус уу. Орчуулагч Чинбаяр дүүгийн дуун хөрвүүлсэн Жеймс Жойсын “Зураачийн залуугийн хөрөг” романыг бас уншина. Жойсын зохиолыг мэдэрч ухаарахад их хэцүү. Жойсыг унших даа шуугианаас өөрийгөө салгаж уншихгүй бол зохиолынх нь амин сүнс, утга санаанаас зугтсан хүн шиг болдог. Зун ер нь ном уншихад их таатай улирал. Бусдад нь миний сэтгэл догдлоод тайван сууж ном ширтэх боломж олгодоггүй юм. 

-Улирлын байдал яагаад зохиолын дотор онцгой байр суурь эзэлдэг юм бол. Тухайн нэг зохиолч ганцхан борооны тухай эсвэл дан ганц цасны тухай бичиж болохгүй юу? 

-Жилийн дөрвөн улирал бол орчлонгийн жам. Орчлонгийн жам ёсны олон мянган эргэлтийн дунд хүний оюун ухаан эрийн цээнд хүрч байна. Зохиолч, найрагчид тийм л оршихуйн жам ёсыг мэдэрч зарим нь хавар, зарим нь намар, зарим нь анхны бороо эсвэл цасны гэгээн будраанд дурладаг биз ээ. Дэлхийн ихэнх том зохиолчид намрыг яруу найргийн улирал гэдэг. Бид их Нацагдорж, Нямсүрэнгийн “Дөрвөн цаг” зэрэг жинхэнэ нүүдэлчний уянгын яруу найргаас авахуулаад Галсансүхийн “Постмодерн дөрвөн улирал” шүлэг хүртэл улирал даган уярч хайлсаар байна. Ихэнх уран бүтээлчид хавар, намарт ид бүтээн туурвидаг. Зун бол зохиол бичдэг хүн байхгүй байх.

-Энэ талаар судалгаа хийж байсан уу. Үгүй бол шуудхан тулгачихаж болохгүй биз дээ? 

-Өвөл бол зарим нэг зохиол бүтээл төрсөн байдаг. Харин зуныг дүрслэнэ үү гэхээс зун бичигдсэн зохиол он сараас нь харахад хүртэл цөөхөн байдаг нь мэдэгддэг. Хэт гоёмсог зүйлд агуу бүтээлчид татагддаггүй байх. Тэд хамгийн энгийн зүйлээс гоо сайхныг нээхийн тулд л шинэчлэгдэн ургаж буй хавар, хагдран унаж буй намрын улиралд дуртай байдаг биз. Амин сүнс нь эндээ л байгаа юм.

-Амин сүнс гэснээс зохиолынхоо гол агуулгыг өөрсдөө ч мэддэггүй зохиолчид их олон байдаг. Үүнийг нь шүүмжлэгч, уншигчид нээн илрүүлж байдаг нь утга зохиолын хөгжлийг илэрхийлж чадах уу? 

-Яруу найраг, зохиол, тэр ч бүү хэл байгаль эх өөрөө бурханы оюун санааны бүтээгдэхүүн юм. Зохиолын амин сүнсийг үнэндээ хүн төрөлхтөн хэзээ ч тайлж чадаагүй бөгөөд өдий хүртэл хайсаар ирсэн. Зохиолын нуугдмал амин сүнсийг нээн илрүүлэх нь судлаачдын заавал хийх ёстой зүйл. Манай багш Гаадамба “Судлах юмтай зохиол байдаг. Түүнийг харах билгийн нүд судлаачид л бий” гэж хэлдэг байсан. Судлах юмтай зохиол ихэсвэл утга зохиол хөгждөг. Тийм зохиолуудыг дагаад уншигчид ч олшрох нь зүй ёсны хэрэг. 

-Тэгвэл нэг ийм зүйл бий. Муу зохиолч олон, сайн зохиолч цөөн уншигчидтай байдаг гэдэг. Ер нь зохиолчид өөрийн гэсэн уншигчдыг бий болгох нь чухал байдаг уу?  

-Зохиолчдын эрхэм зорилго бол зохиолынхоо хүрээнд уншигчдыг татан оруулах явдал мөн. Гэвч зохиолыг ойлгож уншдаг цөөн хэдхэн хүн байхад болно. Тэд л зохиолч доо дуулиантай алдрыг өгдөг. Дэлхийд Жэймс Жойсын уншигчид цөөн. Харин Чейзын уншигчид олон. Манайд ч гэсэн өнөөдөр Аюурзаны уншигч 300 байхад, Шүүдэрцэцэгийн уншигч 3000 байна. Уг нь сайн зохиолын уншигчид олширвол саарал зохиолын үнэ цэнэ унаж үгүй болох юм ш дээ.

-Шүүдэрцэцэгийг саарал зохиолч гэж хэлж байна уу? 

-Бичиж, бүтээж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ утга зохиолыг ч гэсэн бөхийн дэвжээтэй адил ёс бус зүйлсээр сэвтүүлж болохгүй биз дээ. Энэ талаар өөр зүйл хэлэх нь илүүц байх. Уншигчид ойлгоно гэж найдаж байна. Уг нь Шүүдэрцэцэг энэ ярилцлаганд дурсагдах ёсгүй юм. Би л дурсчихлаа. Мэргэн уншигчдаас хүлцэл эрье.

-Уншигчдын хэмжүүр ямар байвал зөв гэж бодож байна. Өөрөөр хэлбэл та уран бүтээлчээс гадна уншигчийн хувьд юу эрж хайдаг вэ? 

-Би түүхээ эрж хайдаг. Түүхийн номуудыг бараг бүгдийг нь уншсан гэхэд нэг их хилсдэхгүй байх. Сайн номуудыг л сонгож уншихгүй бол энэ их номнуудыг уншихад нас хүрэхгүй гэж хүмүүс ярьдаг. Сайн номуудыг нь ч сонгож уншаад нас хүрэлцэхгүй. Тиймээс бүгдийг нь унших хэрэгтэй. Бид гурван цагийн биш өнгөрсөн, одоо үе гэсэн хоёр цагийн ном уншина. Ирээдүй цагт гэж байхгүй. Тиймээс би сайн гэсэн бүгдийг уншдаг, саар гэсэн номуудыг ч харчихдаг. 

-Сайн уншигч, хувь хүнийхээ хувьд өнөөдөр та жинхэнэ шинэчлэл хийсэн сайхан зохиолоор цангаж байна уу? 

-Би сайн зохиолоор хэзээ ч цангахгүй. Бидэнд “Монголын нууц товчоо” байна. Би Монголын түүхийн холбоотой бүх зохиол, судалгааны өгүүллүүдийг уншсан. Мянган он улиран өнгөрөвч ач холбогдол нь үл арилах өв гэж хүндэтгэн хадгалдаг. ИЗОУИС-ийн хүүхдүүдэд би түүхч Балжиннямын “Дэлхийн монголчуудын түүх” есөн боть номыг уншуулахад сурагчид маань “Багшаа бид ямар агуу түүхтэй улс вэ. Ямар гайхалтай сэтгэлгээтэй юм бэ. Ганцхан тоонд л гэхэд хичнээн их бэлэгдэл байдаг юм бэ” гэх зэргээр дуу алдан гайхацгаадаг.  Дахин хэлэхэд өнөөдөр ширээн дээр минь “Монголын нууц товчоо” байхад би сайн зохиолоор цангахгүй. Анх хоёр дугаар ангид байхдаа уншиж байсан. Хамгийн анхны минь уншсан ном л доо. Тухайн үе дээ хэцүү үгнүүдийг нь юу гээд байгааг ойлгоогүй.  Ямар ч гэсэн тэгээд үсэглэж байгаад уншиж  дуусаад багшдаа шалгуулж байсан. Багш маань ч бас шалгаж л байсан юм даа.

-Хоёрдугаар ангийн хүүхэд, тэгээд бас анхны уншсан ном гэхэд нэлээд хүнд зохиол барьж авчээ? 

-Харин тийм. Өүлэн, Тэмүүжин гээд л олон баатруудын нэрийг тухайн үед холиод явчихдаг байлаа. Зарим үед аймаг хүмүүсийн нэрийг хольчихоод юу болоод байгааг нь ч мэддэггүй байсан. Гэхдээ л уншиж дуусгасан. Би өөрийгөө дунд сургуульд байхдаа их тэнэг хүүхэд байж дээ. Ядаж л Жангар уншихгүй гэж боддог байлаа. Одоо бодоход өөрөөсөө тийм зориг гарсанд нууцхан бахархдаг юм. Уран бүтээлч хүнд өөрийн гэсэн бахархал, ялимгүй омголон зан байх хэрэгтэй. Дарма Батбаяр зохиолч Чеховын хэлсэн үгийг яруу найрагч Өлзийтөгсийн номны өмнө ишилсэн байдаг шүү дээ. Чехов ингэж хэлсэн байдаг юм. “Алив надад юуны тухай бичихийг минь хэлээд өг. Би бичээд өгье” гэж. Жинхэнэ уран бүтээлч, гайхалтай зоригтой уран бүтээлчийн л хэлэх үг.

-Нууц товчоог зохиолч Батбаяр гуай “Мементог-бүтээхүй” зохиолдоо “Монголын нууц товчоо бол өс хонзонгийн түүх, монголчуудын түүх бол мөн адил өс хонзонгийн түүх юм” гэж хэлсэн байдаг. Ингэж хэлсний цаад учрыг тайлбарлаж өгөөч? 

-Би их сонин юм ярьж өгье. Монголчууд дэлхийн олон гайхамшгуудыг бүтээсэн. Бид мэддэг ч ярьдаггүй. Өнөөгийн залуус бол мэдэх ч үгүй байх. Батхаан жижиг вант улсуудыг нийлүүлж Оросыг нэгтгэн “Алтан ордны улс”-ыг байгуулсан. Доголон Төмөр хаан Делид Энэтхэгийг нэгтгэсэн. “Таж Махал”-ыг Чингисийн удмын хаан хатандаа зориулж босгосон гэдэг. Тэд ертөнцөд агуу зүйлсийг бүтээж өөрсдөө дахин агуу зүйлсийн төлөө тэмүүлж бүтээсэн бүхнээ орхин явдаг. Яг л Павичийн “Салхины дотоод тал” романы өгүүлэмжтэй ижил логик байгаа юм. Өөрсдөө ч их эрх мэдлийн зөрчилтэй, атаа хорсол, шунаг хүсэл ихтэй байцгаасан. Тиймээс би Батбаярын тодорхойлсон нь зөв гэж үздэг. Гэхдээ өнөөдөр түүхийн зарим дурсгалууд тэртээ зууны үйл явдлуудыг бодит реализм талаас нь авч үзэхгүйгээр улс гүрнийхээ үзэл суртлыг их шингээдэг болчихсон л доо.

-Ер нь гадаадынхан Монголын уран зохиолын талаар юу бичдэг, ямар байр суурьтай байдаг юм бол... 

-Мишигийн Цэдэндорж багшийн минь хэвлүүлсэн номууд бий. Гадаадынхан Монголын уран зохиолын талаар бичсэн шүүмж, тэмдэглэл, задлан шинжлэлийн өгүүллэлүүд байдаг юм. Одоо жаахан ховордсон байх. Гэхдээ их дээр сургуулиудын номын сангуудаар би гэж бодож байна. Манай эх орны уран зохиол маш сайн. Одоо ч шинэ хөгжилд хүрч байна. Уран зохиол ямар ч филисофи, утга агуулаггүй хүүрнэл биш гэдгийг бага ч болов хүмүүс ойлгож эхэлсэн. Хэдэн жилийн өмнө судлаач Батхуягийн эмхэтгэж, хэвлүүлсэн “Нэн шинэ үеийн яруу найраг” номыг хараад их баярлаж байлаа. Тэр их сайн ном. Шүлэг зохиол сонирхдог залуус үзэх л хэрэгтэй. Басхүү гадаадад монголчуудын талаар их яригдаж байна. Өнгөрсөн онд л гэхэд Мэнд-Ооёо дэлхийн яруу найргийн дээд шагнал хүртсэн. Мөн саяхан Аюурзаны “Бөөгийн домог” роман Солонгос улсад хэвлэгдсэн буйг мэдсэн. Энэ бидний хөгжил, шинэчлэлтийг харуулж байгаа хэрэг. 

-Та өөрийн багш Цэдэндорж агсны тухай сайхан дурсамжуудаасаа хуваалцаач? 

-Уран бүтээлийн их аянд намайг өргөж мордуулсан энэ хүний тухай ярихаас өмнө надад байнга захидаг байсан нэг үгийг нь хэлмээр байна. "Хүний нүүр рүү харж байгаад хэлж байгаа сайшаалын үгийг хараал мэт газар унага, Хүний нүд рүү эгцэлж харж байгаад хэлсэн шүүмжлэлийн үгийг ерөөл мэт тосч ав, тэгвэл чи хүн болно". Багш минь үргэлж ингэж захидаг байлаа. Цээжинд минь байгааг бодоход багшийнхаа үгийг мартаагүй л яваа юм байна. Миний багш шиг олон шавь төрүүлсэн хүн Монголд байхгүй. Дээр нь шавь нартаа маш өндөр шаардлага тавьдаг байсан. Очирбатын Дашбалбар, Мягмарсүрэн зэрэг олон шавь нар нь бага залуугаасаа дэлхийн утга зохиолын амт шимтийг мэдэрдэг байсан. Энэ нь яруу найрагт хөгжил бий болгосон. Хамгийн сүүлд би нэг ярилцлага хийгээд салсан юм. Надад захих даа “Өглөө бүр биеийн хөдөлгөөний дасгал хийдэг шиг оюун ухааны дасгал хийж, өөрийн хүслийн тухай 20 минут бодож бай” гэж хэлсэн юм. Их олон юм захисан заримыг нь санахгүй байна. 

-Дурсамжийг тань хөндсөнд уучлаарай. Танд ярихад хэцүү байгааг мэдэж байна...

-Зүгээр дээ. Хөгшрөөд жаахан сэтгэл хөдлөхөөр хоолой зангираад ирдэг болчихож. Нээрэн миний муу нэг тэмдэглэлийн дэвтэрт шүлэг бичиж үлдээсэн байдаг юм. Би аваад ирсэн, чамд дуудаж өгье. Болно биз дээ.

- Тэг л дээ. Бололгүй яахав...

-Оргүй хоосноос ирсэн бид

Орчлон дэлхийд амьдрахдаа

Салж чадахгүй болсны учрыг

Санаж явбал тэр мөнхрөл. Ойрд хараагүй юм байна. Уншихад сайхан байна шүү. Энэ шүлгийг биччихээд салах даа “Хоёулаа гар барина. Би гараа шатаасан ч сэтгэлээ шатаагаагүй гээд шархтай гараа хүчлэн өргөж гар барьсан юм”. Тухайн үед яагаад бэртсэн байсныг нь ярьмааргүй байна. Ямартай ч энэ тухай миний “Амьд ододтой хөөрөлдсөн алтан хором” номонд бий. Багш минь Ломбын Нямаа гэдэг шинэ тивийг нээсэн хүн. Шавь төрүүлнэ гэдэг тив нээхтэй адил.

-Та ч бас их олон шавьтай. Хэнтийн яруу найргийн сургуулийг үүсгэн байгуулагч гэдэг. Төрүүлсэн шавь болгон тань Монголын яруу найраг, утга зохиолд шинэчлэл хийсэн гэгддэг. Харин тэдний тухай багшийнх нь бодол ямар байдаг бол? 

-Би өөрөө Гаадамба, Цэдэндорж, Мөнх зэрэг мундагчуудын  байгуулсан уран зохиол судлаачдын дэг сургуулийн шавь. Аливаа уран зохиолын дэг сургуулийн оршин байх хууль нь уламжлалаас шинэчлэл хийх явдал. Монголын уран зохиолд Хан Хэнтий, Дарьганга, Улаанбаатар, Булган, Увс зэрэг аймаг, хотын дэг сургууль байсан. Одоо ч Хэнтийн яруу найргийн дэг сургууль бий. Энэ сургуулийн мандан бадрах замд ардчилсан хувьсгалаар гарч ирсэн Монголын оюун санааны тэсрэлт их нөлөө үзүүлсэн. Яруу найрагч Галсансүх, Одгэрэл, Занданхүү, Сонинбаяр зэрэг Монголын утга зохиолын гал голомтыг тулалцах олон авьяаслаг залуус Хэнтийн яруу найргийн дэг сургуульд байсан. Одоо ч байгаа. Энэ ертөнцөд хүний олж чадаагүй орон зайг олж харна гэдэг бүтээлч хүний төрөлхийн авьяастайг илтгэн өгүүлэх шинж чанар юм. Дэлхийн олон орны яруу найрагчид сэтгэлийн тухай бичсэн. Галсансүх л гэхэд “Сэтгэл гэдэг эрхтэн элэг шиг үрэвсэж

Сэтгэл гэдэг эрхтэн толгой шиг өвдөж

Сэтгэл гэдэг эрхтэн ходоод шиг цоорч

Сэтгэл гэдэг эрхтэн зүрх шиг зогсдог” гэж шинэчлэл хийсэн. Бүхий л зүйлсийн амьдлаг хийгээд, сүнслэг чанар энэ шүлэгт агуулагдаж байдаг. Иймэрхүү жишээ би олныг хэлж чадна. Маш өчүүхэн зүйлээс жинхэнэ зохиолын мөн чанарыг таньж, урлана гэдэг л агуу бүтээлч юм. Одоо би шавь нараа ямар болсныг нь хэлж, өөрийгөө хэн бэ гэдгийг ярихгүй. Шавь нар минь өөрсдийгөө, бас намайг тодорхойлж өгөх биз. 

-Нээрэн Аюурзаны сонголтоор “Миний амьдардаг ертөнц” шүлэг тань “Монголын сонгомол яруу найраг” антологид хэвлэгдсэн. Бүтээлүүдээс тань энэ шүлэг хамгийн сонгомол нь байж чадах уу? 

-Сонгомол зохиолуудаар бүтээлийн эмхэтгэл хийнэ гэдэг маш том соёл. Антологи бүтээх соёл бол тухайн хүний мэдрэмж, өөрийнх нь сонголт юм. “Миний амьдардаг ертөнц” шүлэг энэхүү номд орж, өдгөө хүмүүс уншиж байгаа нь миний хувьд бахархал билээ. Надад нэг зарчим байдаг. Дэлхийн олон яруу найрагч бичсэн сэдвээр тэдэнтэй уралдаж бичих. Улаанбаатар хотод ирснээс хойш 10 жилд өөрийн сэтгэлгээнээс түүж 2000 гаруй шүлэг бичсэн. Гэвч би түүнээс хатуу шалгуураар шүүрдэж 100 шүлэгтэй ном гаргана. Энэ бол миний баримталдаг зарчим. Дээрх антологид бол яалт ч үгүй миний өөрийн шалгуураар нэгт тавьдаг шүлэг маань орсон гэж боддог. Би ч энэ ном гарсныг дуулаад муу шүлэг орж, яруу найргийн түүхийг бузарлаагүй  байгаасай гэж аавдаа мөргөж залбирсан. Яг хүслээр минь болсон доо.

-Аав тань гөрөөчин хүн байсан гэсэн. Байгаль эхээ хайрлах, хүн байхын мөн чанарын тухай олон зүйлийг хэлж сургасан болов уу? 

-Тэгэлгүй яахав. Аав минь ан хийх дээ өөрийнхөө хэрэгцээгээр ан хийж, хэрэгцээнээс илүү олон амьтан агнаж, байгаль дэлхийгээ сүйтгэдэггүй ёс суртахуунтай хүн байсан. Ангийн цээрлэл гэж гайхамшигтай цээрлэл байдаг. Жишээлэх юм бол тухайн нэг амьтанг үр төлөө гаргаж байх үед нь ч юм уу орооны үед нь алж болохгүй. Авласан ангийнхаа цусаар байгалийг бузартуулж болохгүй гэх мэтийн маш олон цээрлэлийг баримталдаг байсан. Одоо анчид биш ангуучид л их олширч дээ. Аав минь хүүхэд насны минь олон сайхан дурсамжуудад байдаг. Би бараг л могойн чуулган дунд өссөн хүүхэд. Миний төрж өссөн Хорхойт гэдэг газарт олон могой байдаг байлаа. Пийшин, ор дэрэн дээгүүр гулсаж явдаг тэр олон могойн нэгэнд ч хатгуулаагүй л юмдаг. Харин аав минь намайг 13 настай байхад бурхан болж билээ. Гэхдээ би их хатуужилтай өссөн. Аав минь намайг эрт ухаажуулахын тулд бага балчирт минь орхиж явсан гэж бодоод шүд зуудаг байлаа. Түүнийг ойлгох ухаарал бага насанд минь байсанд гайхдаг юм. “Зовлон бол цэцэн хүний багш” гэж Байроны хэлсэн үг байдаг даа.  Амьдралаас амсаж үзэхийн тулд л би өөрийн дуртай бүхнээ хийж, аавынхаа араас буян үйлдэхийг хичээж явсаар өдийг хүрсэн дээ.

-Тиймээс та амьдралаас амсаж үзэх гэж л зохиол бичдэг байх нь. Одоо таны дурсамжийг хөндөж, сэтгэлийг тань зурсан асуултаа зогсооё. Амьдрах, бусдыг хайрлах дур хүслийг өдөөж, сэтгэлд тань хамгийн их ташаагдсан нэг номыг нэрлэхгүй юу? 

-Энэтхэгийн суу билэгт хүү Махамата Гандигийн “Миний амьдрал” ном надад гэрэл гэгээ өгсөн. Би энэ номыг жилд нэг удаа уншдаг. Энэ ном надад тэнгэрлэг их хүчийг өгдөг. Хуудас бүр нь хамгийн ариун, увидас шидээр бүтээгдсэн байдгийг залуус мэдэх хэрэгтэй. Гандигийн энэ ном төгс ялалт, хөгжил дэвшилд хүргэх ухааныг шингээсэн байдаг. 

-Дээр яригдсан дэг сургуулийг үүсгэн байгуулцсан өөр нэг гавьяатай эрхэм бол Нямдорж агсан байх аа? 

-Жинхэнэ яруу найргийн замыг залуучуудын өмнө нээж өгсөн хүн. “Шүлэг бичих авьяасыг бага наснаас нь төлөвшүүлдэг. Цэцэрлэгээс нь яруу найргийн хичээл заах хэрэгтэй” гэж ярьдаг хүн байлаа. Өөрийнх нь шүлгүүд маш их гүн ухаантай байдаг. Ганц муу хожуулын талаар хүртэл ямар их гүн гүнзгий, утга агуулгатай шүлэг бичнэ гээч. Ер нь яруу найргийн гүн ухааны энэ чиглэлийг Монголд Нямдорж хөгжүүлсэн. Үүнийхээ ачаар эсгийний үйлдвэрт цөлөгдсөн хүн дээ. Анхны ном нь “Үүлэн бор”, дараагийнх нь “Онон хатан ижий” юм. Өөр зөндөө сайхан ном бий. Хоёр дах номыг нь гарснаас хойш дарга нар хүйтэн хөндий хандах болсон гэдэг. Одоо ч манай төр засаг оюуны хомсдолтой байна. Үнэхээр энэ хүний хэлснээр боловсролгүйгээр 21 дүгээр зууны яруу найраг, утга зохиол уншигчгүй болчихсон байлаа. Аюурзана  дэлхийн яруу найраг, өгүүллэгүүдийг шинэ үеийн номын сан цуврал болгон хэвлүүлж хар, улаан номууд орчуулж гаргасан. Энэ нь уншигчдыг шинээр бүрэлдэхэд их нөлөөлсөн. Уран зохиолын ертөнцөд бол саяхны асуудал. Тиймээс саяхнаас л ном зохиол уншдаг шинэ нийгэм дахин бүрэлдэж эхлээд байна. Хамгийн гол нь дэлхийн бүх яруу найрагчдын бүтээлийг орчуулж чадахгүйгээс хойш хэний ямар бүтээлийг орчуулах вэ гэдэг нь чухал зүйл. Үүнийг маш сайн мэддэг хүмүүсийг нэгийг би Аюурзана гэж боддог.

-Үнэхээр манай нийгэмд ном, шүлэг бичдэг хүүхэд залуус тэр ч бүү хэл хөгшид ч их олон болж. Гэтэл уран зохиолд бүхнээ зольж, сэтгэлээсээ бүтээл төрүүлдэг нь цөөхөн. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ? 

-Монголын их гүн ухаанч Агваанбалдан “Бүтээдэг үнэн ганцхан буй” хэмээн сургасан байдаг юм. Бүтээн тууривах нь эрх чөлөөт иргэний давуу тал боловч бүтээлд хариуцлагатай хандах нь хүн чанарын сорилт юм. Уран зохиол, яруу найраг, дуу, хөгжим бол зүгээр л мөнгө, алдар нэр олоход зориулагдсан зүйл биш. Харин урлагийг бүтээгчид нь түүхийн гэрч, уран сайхны ертөнцөд амьдрах өчүүхэн орон зай олдсонд талархах хэрэгтэй. Олон жилийн өмнө хэвлэгдсэн Увс аймгийн залуучуудын “Зүс бүгэг андууд” ном монгол түмний ирээдүйн том уран бүтээлчдийг таниулж өгсөн. Муу ном зохиолч нь амьд байхад номын тавиур дээр амьсгал хураадаг юм билээ. Өөрөөр үхэж буй ном ч бий. Жишээ нь би аймгийнхаа номын санд мянган ширхэг ном хандивласан. Сайн ном ч их олон байсан. Гэтэл тэдэн дунд байсан Г.Маркесын “Зуун жилийн ганцаардал” л гэхэд хэн ч уншаагүй, чийгттэл нь хадгалчихсан, хавтас нь наалдчихсан байсан. Нэг ёсондоо амь тавин тэлчилж байгааг нь хараад сэтгэл өвдөж билээ. Ер нь сэтгэл зүрхээ тухайн хийж буй зүйлдээ зориулж жинхэнэ зохиол туурвих нь ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээж байгаа хэрэг. Гэтэл сайны хажуугаар саар гэгчээр Монголын яруу найрагт жинхэнэ бүтээл гарахаасаа илүү найргийн тэнгэрлэг хөрсөн дээр өмхий шарилж их ургаж, хазаар өвс шиг хийсээд хаа сайгүй тэнэж байна. Хүмүүс бичсэн болгоноо ном болгож, түүнийгээ яруу найраг гэж ойлгож байгаа нь эмгэнэлтэй. Сайн шүүмжлэгч, задлан шинжээчид үүнийг үгүй болгож, уран зохиол цэвэр сайхан болно гэдэгт итгэж л байна.

-Утга зохиолын хөгжил шүүмжлэгчидтэй нягт холбоотой байдаг. Өнөөдөр Монголын уран зохиолд Набаковтой адил утга зохиол задлан шинжээч байгаа болов уу? 

-Манай уран зохиолд нэг зохиолч, найрагчийг дагнаж судалгаа хийсэн, шүүмжийг тэтгэсэн хүмүүс олон болоосой, ганцхан зохиолын том судалгаа хөгжөөсэй гэж боддог. Зохиол төрсөн түүх, эх дүр, эх бичиг судлал, уран сайхны үнэн цэнэ, уран чадварын асуудлыг нэг дор задлан шинжилж анализ хийдэг нь шүүмжлэгчдийн ажил. Тэд л уран зохиолын хүрээнд хамгийн том сэнтийд залрах, хөгжлийг тодорхойлох хүмүүс. Б.Явуухулангийн “Тэхийн зогсоол” найраглалыг судалъя гэвэл амьтны инстиктик, сэтгэл зүйг судлах шаардлагатай. Дэлхийн шүүмжлэгч хэмээн өргөмжлөгдсөн Валидимир Набаков нэр хүндтэй том сургуулиудад урилгаар очиж лекц уншдаг байсан байна лээ. Би Набаковыг ганцхан Гоголийн уран бүтээлийн талаар өгүүлснийг нягт сайн үзэж байсан юм. Тийм шүүмжлэгч бидний дунд, манай эх оронд бий гэж боддог. Гэхдээ үүнийг яг одоо хэлмээргүй байна. Цаг хугацаа аяндаа суутнуудаа өргөмжилнө. 

-Та өөрөө оросоор маш сайн уншдаг. Таны номын сангийн номуудыг харахад Набаковын Жеймс Жойс, Прүст, Кафкад бичсэн бүхий л шүүмжүүд байх юм. Яагаад зөвхөн Гоголийн уран бүтээлийг задалсан шүүмжүүдийг нь онцолж харах болов?

-Энэ миний уншигчийн сэтгэлгээтэй холбоотой. Би гайхалтай яруу найрагч эсвэл зохиолч болохын тулд ном уншиж байгаагүй. Би зүгээр л сайн уншигч байхын тулд олон жилийн зарцуулсан. Одоо ямар ч хүнд номыг задлан шинжлэл хийгээд, ёгт утгыг нь тайлаад уншчихна. Харин Гоголь бол уншигчийн хувьд тайлагдашгүй оньсого байдаг. Түүний “Петербургийн туужис” ном манайд орчуулагдсан. Үүнийг залуус маань бүгд уншаасай хэмээн хүсч байна. Гоголь хүн бүхэн өөрсдөө нэг ертөнц байдаг гэдгийг “Шинель”, “Хамар” туужуудаараа тодорхойлсон зохиолч. Тиймээс би энэ агуу зохиолчийн дэлхийн агуу шүүмжлэгч хэрхэн судалсныг үзэхийг их хорхойсдог байсан. Гэвч Набаковын задаргаа маш хүнд. Тиймээс би нарийвчлан судалж үзэхийн тулд өөр шүүмжүүдийг нь харалгүй зөвхөн Гоголийн тухай дурьдсанд нь анхаарлаа хандуулсан хэрэг.

-Уншигчдын өмнө хүлээсэн хариуцлага зохиолчдод үгүй. Гэвч уншигчид сайн зохиолчоос шинэ зүйлийг үргэлж хүсч байдаг. Таны хувьд энэ хүслийг тайлах болж байгаа юу?  

-Хүмүүс өнөөдөр уншигчид нь зохиолчоосоо түрүүлээд явчихсан гэж их ярьдаг боллоо. Ийм өрөөсгөл ойлголттой байгаад нь сэтгэл харуусах юм. Тийм зүйл байхгүй шүү дээ. Зохиолчид сайн бүтээл туурвиагүй, туурвихгүй зогсчихсон гэж үзэж байгаа бол тэр уншигчид юу үзэж, уншиж, мэдэрчихээд зохиолчиосоо түрүүлээд явчихсан юм. Ийм зүйл байхгүй. Уншигчид сайн зохиолчоос сайн бүтээл гарахыг нь хүлээдэг байж болно. Харин зохиолч бүтээн туурвих цаг мөчдөө л бичиж, тухайн цаг мөчид л бүтээл төрнө. Би их олон ном бичиж байгаа. Эхнийх нь хөөрөлдөөн. Дараагийнх нь хөрөг, мөн ярилцлага, нэг зохиолын судалгаа, шүлгийн дээжис зэрэг байгаа. Одоо миний нас их дээр гарлаа. Үлдээх зүйлүүдээ үлдээх хэрэгтэй гэж бодлоо. Их олон жил ном гаргасангүй. Бичиж байгаа номуудаа улам сайжруулж засч янзлаад сууж байсан юм. Одоо л бүгдийг нь хэвлүүлэхгүй бол болохгүй юм шиг санагдаад байгаа. Ер нь хүн уншиж, маш олон ном уншиж эцэст нь бүх мэдлэг хуримтлагдаж сэтгэлгээн дээрээ төвлөрдөг юм байна. Ингэж төвлөрүүлсэн бүхнээ баринтаглан үлдээх нь зүй ёсны хэрэг болов уу. 

-Шинэ ном гарах агшин бүрт анхны номоо гаргахдаа амсч байсан хөөр догдлолыг мэдэрдэг үү. Эсвэл баяр, гунигийн аль аль нь үгүй байдаг уу? 

-Догдлолгүй яахав. Говьд ангаж яваа хүнд баянбүрд тааралдвал түүний сэтгэл зүрхэнд ямар их хөөр баяр багтахгүй цалгиж байдгийг тааж ядах юмгүй. Яг үүн шиг л байдаг. Хэмингуэй, Маркес нар “Шинэ ном уншигчдын гар дээр тавих болгондоо өөрсдийн биеэр намрын улирал болчих шиг санагддаг юм” гэж хэлсэн байдаг. Ер нь энэ үгийг уншигчид сайн мэдэхгүй байх. 

-Зохиол нэгэнт бичигдээд уншигчдад хүрчихсэн л бол тухайн зохиолчид хамааралгүй гэдэг. Тэгэхээр зохиолчид зохиолынхоо талаар ярих эрх жинхэнэ уран зохилын ертөнцөд байх ёсгүй гэсэн үг үү? 

-Тийм шүү дээ. Зохиол төрсний дараа түүнийгээ яах нь зохиолчийн асуудал. Шууд хэвлүүлэх үү дахин засварлах уу, эсвэл бүр устгах уу гэдгийг зохиолч шийднэ. Оросын их зохиол М.А.Булгаков алдарт “Мастер Маргарита хоёр” романыхаа эхний маш олон бүлгийг биччихээд шатаасан байдаг. Үүнийхээ дараа буг чөтгөрийн тухай сонгодог романыг дахин төрүүлсэн гэх нь бий. Харин нэгэнт хэвлүүлж ном болгоод уншигчдын гар дээр тавьчихсан бол зохиолч амарч болно. Юу ч бодох хэрэггүй. Жинхэнэ уран бүтээлч хүн өөрийн зохиолоо хайрлана уу гэхээс өмгөөлж, хамгаалж, буруу зөвийг шүүж, уншигчидтай хэрүүл хийж явах ёсгүй. 

-Нэг зохиол гарчихвал амрах хэрэгтэй гэлээ. Шууд дараагийн зохиол руу шилжихэд цаг хугацааны зогсолт байх хэрэгтэй гэж үү?

-Яахав дараагийн зохиол бичих сэдэл санаа төлөвлөгдчихсөн байвал шууд л зохиол руугаа орж болно. Тэгж хөдөлмөрлөж байвал сайн л байна. Гол нь хог хэрэггүй. Ихэнх суут зохиолчид тав, зургаан хэвлэлийн хуудас романуудаа хоёр гурав дахин хуулж бичсэн байдаг. Дараагийн бүтээлүүд нь олон жилийн дараа төрсөн нь ч бий. Гёте гэхэд л “Фаус”-таа жаран жил бичсэн шүү дээ. Үүнээс би маш том сургамж авсан. Зохиолд алдаа байх ёсгүй. Ялангуяа түүхэн романд алдаа байх ёсгүй. Миний дотоод ертөнцөд суугаа хүний хэлхсэн үг бүрийг зөв газар байрлуулж, зөв санааг зөв үгээр дүрслэх нь чухал. Магадгүй шинэ ном гаргасны дараа хүн нэг урт амьсгаа авна биз дээ. Тэрхэн зуур цаг хугацаа зогсож болно. Энэ зогсолтыг мэдэрч чадвал утга зохиол ирээдүйд огцом шинэчлэгдэж арьсаа солино гэдэг итгэж байна.

Ярилцсан Б.Алтанхуяг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.