НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Я.Содбаатар: ЯЛАЛТ бол ард түмний бидэн дээр тавьсан БООЦОО

    Нийтлэгч
3 жилийн өмнө /2017-03-31 11:47:44 GMT +8 / | 5929 удаа уншсан

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Я.Содбаатар энэ удаагийн зочноор маань уригдлаа.
 

-Сайн байна уу? Тантай ярилцлага хийгээгүй нэлээн хэдэн жил завсарлажээ. Хуучны танил зочинтойгоо дахин уулзаж байгаа нь надад их таатай байна?
-Баярлалаа, Надад ч мөн таатай байна.
-Бид бас л сонин цаг үед уулзаж байна. Өнгөрсөн дөрвөн жил манай улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам парламентын сонгуульд ялагдал хүлээсэн он жилүүд байв. Гэвч саяны УИХ-ын ээлжит сонгуульд 65 суудал авч, үнэмлэхүй ялалт байгууллаа. Улс төр сонирхогч, ажиглагчдын үзэж буйгаар бол МАН 40-45 суудал авч ялах нь тодорхой байсан. Үлдсэн 20 хувь бол сонгуулийн босгон дээр оноо авна гэж тооцсон АН-ын цочмог, алдаатай мэдэгдэл дээр нь савлачихсан. Үр дүнд нь энэ удаагийн парламентад танай намаас тооцоолоогүй 20 гаруй тоглогчид орж ирсэн. Та бол мэдээж шинэ хүн биш. Гэхдээ тэдэнтэй хөл хэл нийлэхэд хугацаа орно. Энэ парламентын дугуй ер нь жигдрэх нь үү. Аль хэр эргэж байна вэ? Үүнд Та хариулахгүй юу? Мэдээж хоёулаа чөлөөт ярилцлага хийж байгаа учраас намын зарчим гэдгийг таягдан хаяж таарна шүү дээ...
-Юуны өмнө энэ удаагийн сонгуулиар Өвөрхангай айм­гийн нутгийн зон олон маань надад маш өндөр итгэл хүлээлгэж, УИХ-д сонгосон явдалд би их баяртай байгаа. Би үүнийг өндөр итгэлээс гадна хариуцлага ирж байна гэж харж байгаа. Ер нь бол парламент болгон онцлогтой байдаг. Өнгөрсөн 2012-2016 оны парламент бол хүчний тэнцвэр ойролцоо учраас Байнгын хорооны төвшинд асуудалдаа их ач холбогдол өгдөг. Намуудын бүлэг ач холбогдол багатай, Байнгын хорооны хуралдаан дээр хувь гишүүдийн тоглолт ихтэй, тэндээс нам хамааралгүй асуудлаа ойлгуулсан нь чуулган дээр дэмжлэг авдаг байв. Өнөөдрийн парламентын онцлог бол нэг нам дангаараа 65 суудалтай болчихлоо. Ийм үед УИХ дахь намын бүлэг дээр гол ачаалал ирдэг. Эрх баригч намын бүлэг дээр асуудлаа сайн яриад дэмжлэг авчихвал цаашаа Байнгын хороо, чуулганаар үндсэндээ асуудал багатай явчихдаг.
-Өөрөөр хэлбэл Та намын бүлэг энэ парламентын гол "гал тогоо" гэж хэлж байна уу?
-Яг тэгж байна. Энэ бол өмнөх парламентаас ялгарах нэгдүгээр онцлог. Хоёрдугаарт, ард түмэн өнгөрсөн сонгуулиар МАН-д нэлээн "савласан" санал өгсөн. Энэ нь үндсэн гурван шалтгаантай байна гэж би хувьдаа харж байгаа. Нэгдүгээрт, АН-ын өнгөрсөн дөрвөн жилийн алдаа оноог дүгнэж, энэ утгаараа АН-д нэг сайн "ухамсарын шанаа" өглөө шүү дээ. Хоёрдугаарт, шинэ үеийнхний сонголт МАН-д ирсэн юм байна гэж би харж байгаа. Шинэ үеийнхэн гэдэг бол шинэ нийгмийг бүтээх гэж явж байгаа залуучууд. Урьд өмнө сонгуульд нэг их ач холбогдол өгдөггүй, идэвхтэй оролцдоггүй байсан тэр хэсэг энэ удаа сонгуульд идэвхтэй оролцож, ихэнх нь МАН-д саналаа өгсөн. Үүнийг дагаад сүүлийн жилүүдэд анх удаагаа энэ сонгуулийн ирц өндөр байлаа шүү дээ.
-Ирцийн хувьд үнэхээр тэгсэн шүү...
-Тийм, 1990 оноос хойш сонгуулийн ирц дандаа унаж байсан. Гэтэл энэ удаа ирц сайжирсан. Тэр ирцийг сайж­руулсан масс хаанаас гараад ирэв гэхээр нөгөө юм бүтээдэг, өрх гэрээ, хамт олноо, ах дүүгээ авч явдаг бизнесийн салбарт яваа залуус шүү дээ. 30-40 насны, амьдралын эрчтэй яваа энэ залуучууд бол өмнөх сонгуулиудад ордоггүй байсан байхгүй юу. За даа, хэн нэг нь сонгогдож л байдаг юм чинь гэсэн ойлголттой явдаг байсан. Учир нь өнгөрсөн дөрвөн жилд тэд илүү ихийг ухаарсан байна.
-Тэгэхээр сонгогчдын боловсролд гарсан тэр өөрчлөлтийг дагаж сонгуулийн ирц сайжирсан гэж Та харж байна уу? Эсвэл улс төрийн урагшгүй, төвөгтэй нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэж байна уу?
-Яг ч тийм биш байх. Дээр дурдсан хэсэг маань өн­гөрсөн дөрвөн жилд "Би энэ сонгуульд оролцохгүй л бол миний амьдралд муугаар нөлөөлдөг юм байна" гэдгийг харсан юм шиг байгаа юм. Өмнө нь сонгууль болж л байдаг. Тэр өдөр нь тэд зах дээр арилжаа наймаагаа хийгээд хэдэн төгрөг олохоо л чухалчилдаг байж. Харин сүүлийн сонгуулиар "улс төрд би сонголтоо хийхгүй бол болдоггүй юм байна" гэдгийг амьдрал дээрээ ухаараад, зарим газар бүр дугаарлаж байгаад саналаа өглөө шүү дээ. Тэд хэн байв гэхээр дундаж, харьцангуй залуу хүмүүс байсан. Урьд өмнө аль ч намыг дэмждэггүй байсан тэдний сонголт өнгөрсөн сонгуулиар МАН-д ирсэн. Энэ нь цаанаа юу харуулж байна вэ гэхээр "энэ нам л эдийн засгийн хүнд хэцүү энэ үед улс орныг аварч чадах болов уу" гэсэн итгэлээр сүүлийнхээ бооцоог тавьсан гэж би ойлгож байгаа. Энэ бооцоог хэрвээ МАН алдах юм бол нийгмийн харилцаанд том доргилт гарна. Үүнийг МАН ойлгож, нэг ёсондоо нийгмээс ирж байгаа хариуцлага гэж хүлээж авалгүй, "бид ялчихлаа" гэдэг ялалтын уур амьсгалаар бялхаж, эрдэж асуудалд хандах юм бол буруудна. Энэ бол манай ард түмний, ялангуяа залуу, дунд үеийнхний бидэн дээр тавьсан бооцоо.
-Тэгэхээр өмнө нь сонгуульд санал өгдөггүй байсан хэсэг бүлгийн үнэлэмж нэмэгдэж орж иржээ. Гэхдээ тэд МАН гэдэг брэндэд итгэж саналаа өгөв үү? Эсвэл илүү нарийн хандаж намаас мандат авч чадсан танай нэр дэвшсэн багт найдав уу? Танай нам харьцангуй залуу хүмүүсийг огцом оруулж ирлээ шүү дээ. Энэ ер нь нөлөөлсөн үү?
-Ер нь бол үе үеийн парламент солигдож л байдаг. Энэ парламентын хувьд гэхэд л 40 гаруй гишүүд нь анх удаа парламентын босго давсан хүмүүс байгаа. Тэр хүмүүсийн дундаж насыг аваад үзвэл нэг ёсондоо цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын үеийн хүүхэд анх удаа парламен­тын гишүүн болж орж ирж байх жишээтэй. Ийм их онцлогтой парламент бүрдлээ. Одоо бид нар бол дунд үеийнхэн болчихож. Жишээ нь, 1990 онд би наймдугаар ангийн хүүхэд гүйж явсан. Тэгэхээр бид нар өмчийн харилцаа, үг хэлэх эрх чөлөө, шашин шүтэх эрх, эвлэлдэн нэгдэх эрх гэдэг юмыг хүүхэд байхаасаа мэдэрсэн. Би ес, аравдугаар ангид байхдаа л хүүхдийн байгууллага байгуулаад явж байлаа. Нэг ёсондоо бид нарын байгуулах гээд, бид нарын зориод байгаа тэр ардчилсан нийгэм, тэр зах зээлийн харилцааны мөн чанарыг амьдрал дээрээ мэдэрдэг тэр үе орж ирж байна. Би бол хэзээ ч ахмадуудаа үгүйсгэдэггүй, гэхдээ үүний өмнө нь явж байсан манай 1990 оны хүнд үеийг авч гарсан, 2000 оны эхэн үеийн хүнд үеийг туулсан нөхдүүдийн амьд­ралынх нь хүн болж төлөвшсөн тэр үе нь социализмын үе. Өөрийн гэсэн өмчгүй, шашин шүтэж, үгээ чөлөөтэй хэлж болдоггүй тийм нийгэмд их сургууль төгссөн, тийм харилцаанд хүний амьдралд хөл тавьсан, тийм харилцаанд хамт олон дунд орж, нийгмийн амьтан болсон хүмүүс байхгүй юу. Энэ их төвөгтэй явц л даа.
 

Энэ БООЦООГ бид алдах юм бол нийгмийн харилцаанд том ДОРГИЛТ гарна

-Түүнээс биш саяны сонголтод брэнд нам гэдэг юмны ач холбогдол бага байсан гэж үү?
-Нэгдүгээрт бол дээр хэлсэн миний санаа. Хоёрдугаарт, намын брэндээр л бид ялчихлаа гэж бодож байгаа. Яагаад вэ гэхээр МАН л эв нэгдэлтэй, МАН бас нэг туйлбартай, арай тулхтай нь юм байна гэж ойлгосон. Үүнийг үгүйсгэх боломжгүй.
-Манай сонгогчдын боловсролд сайн тусдаггүй нэг зүйл бол сонгож байгаа тэр бүлэглэл, намынхаа мөрийн хөтөлбөртэй их бага ажилладаг. Тэгээд ч гарч ирээд гишүүд мөрийн хөтөлбөрөө их бага ярьдаг шүү дээ. Сонгуулийн өмнө хэсэг ярьж байгаад л больчихдог. Улс төрчидтэй уулзаад ажиглаж байхад бараг юу амлаж байснаа мартчихсан байдаг. Та нар нэр дэвшихээс өмнө намын мөрийн хөтөлбөрийнхөө боловсруулалт дээрээ хэр нухацтай ажилласан бэ? Ер нь танай намын сонгуулийн мөрийн хөтөлбөр хэр мөрийн хөтөлбөр болсон бэ? Жишээлбэл, Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэсэн уриан дээр чинь одоо болтол маш олон анхаарлын тэмдэг улалзаж байна, үүнд Та нэг хариу өгөхгүй юу?
-Мөрийн хөтөлбөрийг боловсруулах асуудлыг МАН нэлээн нухацтай авч үзэж, олон түмний дунд хэлэлцүүлэг, судалгаа тооцоог хийсэн. Гэхдээ бидэнд мөрийн хөтөлбөр боловсруулахад хоёр хүчин зүйл хүндрэл учруулсан юм байна гэж би одоо харж байгаа. Нэгдүгээрт, бидэнд өгч байсан тоо баримтууд, статистик болон бидний өөрсдийн судалгаанд байсан мэдээллүүд бодит байдалтай зөрсөн тал бий. Жишээ нь, бид засгийн эрх аваад л эргээд үзэхэд манай өрийн асуудал, манай төсвийн байдал, гадаад, дотоод харилцааны маш олон асуудал дээр хаалттай байсан асар олон тоо баримт илэрсэн. Энэ нь бид мөрийн хөтөлбөрөө боловсруулах явцдаа нөхцөл байдлыг арай өөдрөгөөр авч үзчихсэн юм байна аа гэсэн хандлагыг харуулж байгаа юм. Нэг ёсондоо бид мөрийн хөтөлбөрийн суурь үзүүлэлт болсон эдийн засаг, нийгмийн үзүүлэлтүүдээ өөрсдөд байсан мэдээллийнхээ хүрээнд боловсруулсан. Гэтэл тэр хүрээ маань АН-ынхны засгийн эрх барьж байх хугацааг их өөдрөгөөр аваад үзчихсэн байсан. Тиймээс бид бодит байдлыг үзээд үнэхээр цочролд орсон. Сонгуульд ялсны дараа бидэнд тооцоогүй, хэдэн их наядаар тоолох өр гарч ирсэн. Гадаад харилцааны олон асуудал гарч ирсэн. Мөн бидэнд тооцогдоогүй дотоод бодлогын алдаанууд гарч ирсэн. Байдал арай ийм хэмжээнд очсон гэж бид хараахан бодоогүй. Мэдээж нөхцөл байдал хүндэрсэн гэдгийг мэдэж байсан ч арай ийм биш гэж бид тооцож байсан.
-Гэхдээ Та нар чинь хоёр жил шахам хугацаанд хамтарч засаг барьсан нөхдүүд шүү дээ...
-Тийм, бид засаг барилцаж байх үеийнхээ тоогоор явчихгүй юу. Хамтарч байх үед Сангийн сайд, Шадар сай­дыг манайх авсан байсан тэр үеийн тоогоор явчих­сан. Гэтэл бидний засгаас гарсны дараа 2015 оны найм­дугаар сараас хойш, сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловс­руулсан 2016 оны 3, 4 дүгээр сарын хоорондох 7-8 сард гарсан тооцоолоогүй, тооцоолошгүй өөрчлөлтүүдийг бид дутуу харсан байсан, нэгдүгээрт энэ. Хоёрдугаарт, манай намын мөрийн хөтөлбөр дээр байгаа хоёр дахь бид бүхний санааг зовоож байгаа нэг зүйл бол мөрийн хөтөлбөрийг иргэдэд сурталчлахдаа нэлээн уянгын халилтай нэр томьёонууд хэрэглэж явсан нь өөрөө эргээд бодит амьдрал дээр хэрэгжүүлэхэд алдаа оноотой байна уу даа гэж би шүүмжлэлтэй хандаж байгаа. Давуу тал нь гэвэл яг үнэнийг хэлэхэд манайх шиг ингэж дунд хугацааны мөрийн хөтөлбөрөө урт хугацааны мөрийн хөтөлбөртэйгөө уялдуулж, бүх салбарыг хамарсан мөрийн хөтөлбөр боловсруулж гаргадаг улс төрийн хүчин Монгол Улсад одоохондоо МАН-аас өөр байхгүй. Тухайлбал, АН гээд байгаа манай нөгөө гол өрсөлдөгч улс төрийн хүчин бол сонгуульд тодорхой асуудал барьж ордог. Жишээ нь: хүүхдийн мөнгө, эх орны хишиг, авлигатай тэмцэнэ гэдэг ч юм уу тодорхой асуудал бариад тэрийгээ тойрч ярьдаг. Манай нам шиг тэнд байгаа нисэхийн асуудал, энд байгаа малчин, эмчийн асуудал гэх мэт нийгмийн бүх харилцааны асуудлыг мөрийн хөтөлбөртөө тусгах гэж АН оролддоггүй. Нийгмийн бүх харилцааг зохицуулах гэдэг учраас манай намын мөрийн хөтөлбөр урт нүсэр, хүн уншиж ойлгоход хэцүү, зузаан гардаг.
-Одоо үүнийгээ олж харсан нь сайн тал шүү дээ...
-Тийм ээ, бид мөрийн хөтөлбөрөө маш сайн боловс­руулах гэж оролдсон. Мөрийн хөтөлбөрөө маш сайн сур­талчлах гэж оролдсон. Мэдээж мөрийн хөтөлбөрийн хэрэг­жилтийг хангах гэж нам гарч ирдэг учраас. Гэхдээ Монголын улс төрд байгаа нэг гажиг бол улс төрийн намуудын платформ буюу байр суурь, үзэл бодол, үнэт зүйл ялгагдахаа больчихсон. Бүгдээрээ ард түмнээс санал авахын тулд, ард түмэнд таалагдах буюу нийгмийн салбарын амлалтыг л амладаг болсон. Мөнгө, халамж амладаг болсон. Нөгөө барууны үзэл баримтлалтай, ажлын байр, хатуу либерал бодлого амлах ёстой улс төрийн хүчин маань биднээсээ бараг зүүн талд гараад коммунизм, социализмыг амлаад эхэлчихсэн. Гэтэл улс төр л юм чинь бид тэрнээсээ давж гарч амлаж чадахгүй бол хүнд болчих гээд байдаг.
-Ер нь бол Монголд нутагшиж ядаж байгаа, одоо ч гэсэн бид бүрэн дүүрэн дүгнэлт гаргахад хэцүү байгаа Монгол дахь ардчилсан нийгэм гэдэг ойлголтыг дагаад олон эргэлзээ, төөрөгдөл, гажуудлууд үүсч байна. Бид ерөөсөө "Мөрөөдлийн ардчилал", "Дүр эсгэсэн ардчилал"-ыг байгуулжээ гээд л судлаачид дуу нэгтэй ярьж байна. Манай олон нийт болохоор ардчилсан үзэл санааг тээгч гэхээр Ардчилсан намыг л гэж хараад байдаг л даа. Үнэхээр ардчилсан үзэл санаа гэдэг юмыг Ардчилсан нам тээгч хэвээрээ байна уу, үгүй юу? Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Танд ямар мэдрэмж төрөв.
-Би бол АН-ын гишүүд, энэ намыг дэмжиж байгаа сонгогчдод хүндэтгэлтэй ханддаг хүн. Энэ бол байх ёстой, үзэл бодлын нэг том салбар шүү дээ. Харин энэ намыг толгойлж, нүүр царай нь болж яваа хэсгийн хөрөнгө мөнгөтэй холбогдсон, эрх ашгийнхаа эрэмбийг алдсан, үнэт зүйлээ уландаа гишгэж, манлайлах чадвараа алдсан байдал нь уг улс төрийн хүчний байр суурийг хойш нь татсан байх гэж бодож байна. Ер нь АН Монголын түүх, нийгэм, улс төрийн амьдралд чухал үүрэг гүйцэтгэх ёстой. Гүйцэтгэх ч үүрэгтэй, даалгавартай байхгүй юу. Гэхдээ намыг толгойлж байгаа хэсэг нь үүнийгээ ойлгож, машинаа зөв жолоодож авч явж байна уу, үгүй юу гэдэгт л асуудал байна шүү дээ. Тэр утгаараа МАН, АН хоёр хамт байж, энэ Монгол гэдэг айлын багана болж явах ёстой юм. Айлын нэг багана муудах юм бол тооно нь хазайна шүү дээ. Тэр айлын амьдрал доголдоно. Тийм учраас энэ хоёр нам бие биенээ хурцалж, жинхэнэ шударга өрсөлдөөний талбарт бодлогоор өрсөлдөх ёстой. Сайн өрсөлдөгч байж сайн үр дүнд хүрнэ. Тэр утгаараа би АН илүү зөв байр суурь дээр очиж, илүү орчин үеийн болж, илүү нээлттэй, олон түмний оролцоотой нам болоосой гэж хүсдэг.
-Ер нь мэргэжлийн улс төрийнхөн АН-ыг одоогийн энэ уналтаа илүү том баялаг болгож төлөвшөөсэй гэж хүсч байгаа.
-Өнөөдөр нэг зүйл их тод харагдаж байна. Би бол улс төрд ороод 20-иод жил болчихож. Ингээд харж байхад 1990 оны АН-ыг байгуулаад, МАН-аас нэг хэсэг нь гараад явж байсан үйл явц дунд үзэл бодол, үнэт зүйлээ дагаж байсан нь хэр юм бол доо гээд харахаар зарим эргэлзээ төрөөд байгаа юм. АН-д өнөө муу хэлээд байдаг биднээсээ илүү коммунизм ярьдаг хүн байж л байх юм. Биднээс илүү зүүний социал демократ үзэлтэй хүмүүс байх юм. Гэтэл манай нам дотор АН-д байдаггүй либерал үзэл ярьдаг хүмүүс байдаг шүү дээ.
-Тийм зүйл ажиглагддаг шүү...
-Сүүлийн үед эрдэмтэн судлаачдын төвшинд ардчилал, либерал үзэл, либериализм, глобализм буюу даяаршил өөрөө зөв үү, буруу юу гэх мэтээр ихээхэн маргаан дагуулж байна. Европын холбоонд нэгдэж байснаа гарлаа гээд, хаа сайгүй хил дамнасан олон улсын чөлөөт худалдааны хэлэлцээрүүд байгуулагдаж байснаа зарим нь түүнээсээ гараад, хэлсэн ярьснаасаа буцаж байх жишээтэй. Үүний цаана юу яваад байна гэхээр манай үзэл санаа, үнэт зүйл эргээд хоёр зүйл дээр л хуваагдах байх гэж хараад байна. Нэг нь цэвэр үндэсний баялаг дээр түшиглэсэн, үндэснийхээ үзэл санаагаа илүү томоор авч явдаг хэсэг, нөгөөдөх нь илүү орчин үеийн буюу арай дэвшилтэт барууны үзэл санааг дэмждэг хэсэг гэсэн. Тэгэхээр энэ хоёр дээр тулгуурлаж манай улс төрийн намуудын үзэл санааны дахин хуваарилалт явагдах болов уу? Тэр нь магадгүй Үндсэн хуулийн өөрчлөлтөөр юм уу, эсвэл нийгмийн дахин доргилтоор ч юм уу хийгдэж таарна. Тэгж байж энэ хоёр нам жинхэнэ утгаараа үзэл санааны хувьд төлөвших болов уу. Жишээ нь, МАН бол илүү үндэсний үзэл санаа, түүн дотроо тэр нийгмийн баримжаатай, ардын засгийн буюу анхныхаа тэр бүгд тэгш журамтай амьдаръя гэсэн уриан дороо баян хоосны ялгаа багатай, дундаж давхаргыг дэмждэг, тэр нь дотроо үндэсний язгуур эрх ашгийг дээдэлдэг үзэл санаан дээр илүү төлөвшөөд явах ч юм уу. Тэр либерал үзэл, барууны дэвшилтэт үзэл санаа, хүн төрөлхтөний өвийг илүү баримталж авч явдаг нь АН байх гэх мэт. Магадгүй улстөрчид нь ч үүнийг даган хоёр тал руугаа явж, энэ нь улс төрийн үнэт зүйл болж, намууд нь төлөвших байх гэж харж байна.
-Сонин санаа байна. Одоо бидэнд өр гэдэг нэг асуудал бий болсон. Иргэдийг бухимдуулж байгаа нэг асуудал бол энэ өр болчихлоо. Нэг хүн, нэг айл тэдэн сая төгрөгийн өртэй болчихлоо, тэдэн жилийн дараа тэд болох нь, өрийнхөө ард гарахгүй нь. Өрөнд идэгдчихлээ гэж хашгирцгааж байна. Монголчууд яснаасаа өрөнд дургүй, өрнөөс их айдаг сонин ард түмэн шүү дээ. Нэгэнт улстөрч хүнтэй ярилцаж байгаа учраас улсын энэ өрийн талаар Танаас тоо, баримт асуумаар байна л даа. Яагаад гэхээр өнгөрсөн онд М.Энхболд даргыг ОХУ-д айлчлах үеэр аль хэдийнэ тэглэгдчихсэн хэмээн бидний ойлгож ирсэн өрийн асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа тухай асуудал хөндөгдсөн. Дээр нь өнгөрсөн дөрвөн жилд босгосон бондуудын асуудал бий. Ер нь танай намын Засгийн газар хэдий хэмжээний өр өвлөж авсан бэ?
-МАН өмнөх засгаас 22 тэрбум ам.долларын өртэй улс хүлээж авлаа. Өрийн асуудал нэгэнт хөндөгдөж байгаа тул үүн дээр хоёр зүйл хэлэх ёстой. Нэгдүгээрт, аливаа өр зээл тавина гэдэг бол үүнийгээ эргэн төлж чадах уу гэдэг хүний ч, байгууллагын ч, улсын ч чадавхи гэж байдаг. Тухайлбал, Монгол Улс ямар хэмжээний өр зээл аваад эргүүлэн төлөх чадавхитай вэ гэхээр нэг тоо гарна шүү дээ. Гэтэл өнөөдрийн байгаа байдал байх ёстой хэмжээнээсээ хэтрээд улаан гэрэл асчихсан, анивчиж байна шүү дээ. Нэг ёсондоо Монголын эдийн засаг өнөөдөр сэхээнд орчихсон, дусал залгуулчихсан байж байна. Гэхдээ оношоо зөв тавьж чадаагүй, тухайн үедээ ямар ч байсан халууныг бууруулаад түр аргалсан үгдэрсэн өвчинтэй адилхан болгочихсон. Ер нь бол хоёр янзын өр зээл байдаг. Нэг нь арилжаа­ны буюу бизнесийн зорилготой, тухайн авсан хугацаандаа ашгаа өгөөд эргэн төлөгдөх зээл. Үүнийг бонд гэж байгаа. Монгол Улс энэ арилжааны зээлийг 1990 оноос хойш гаднаас аваагүй явсаар 2012 оноос янз бүрийн нэршилтэй бонд, зээл авч эхэлсэн. 1990-2012 оны хооронд бид хөнгөлөлттэй зээл авч байсан. Хөнгөлөлттэй зээл бол хүү бага, хугацаа урт, шаардлага гараад төлж чадахгүй бол олон улсын Парисын клубын зарчмаар ч юм уу бидний ОХУ-д "их өр" төлсөн зарчмаар хөнгөлдөг, чөлөөлдөг, бас хойшлуулж болдог. Ийм зээлийг бид голдуу зорилтот төсөл, хөтөлбөрт ашиглаж ирсэн. 2012 оны хавар л анх удаа Монгол Улс Хөгжлийн банкин дээр бонд гаргаж, 580 сая ам.долларын арилжааны зээл авч байлаа шүү дээ. Гэтэл 2012 онд АН засгийн эрх авснаас хойш хөнгөлөлттэй зээл бараг аваагүй, дандаа арилжааны зээл авчихсан. Арилжааны зээл авахдаа хуга­цааны хувьд 3-10 жил, хүү нь 4-11 хувьтай авсан. Энэ нь Монгол Улсыг богино хугацааны өрийн дарамтад оруул­сан. Урт хугацаандаа бол эдийн засаг гэгээтэй байгаа шүү дээ. Богино хугацаандаа ойрын 3-5 жилд хүү маш өндөртэй өрийн дарамтад орчихоод байна.
 

Ардчилал, зах зээлийн нийгмийн харилцааны мөн чанар нь ИТГЭЛЦЭЛ

-Одоо Танаас Мэргэжлийн Засгийн газрын талаар асуулт асууя. Мэргэжлийн Засгийн газар гэдэг нэр томьёог асуудал болгох гээд, эсвэл мушгиж тоглолтод оруулах гээд давтаад байгаа юм биш шүү. Нэгэнт л танай намынхан өөрсдөө өгсөн нэр шүү дээ. Тэгэхээр эдийн засгийн хямралтай, өр зээл ихтэй ийм хүнд хэцүү үед эдийн засгийн бодлого тодорхойлдог Сангийн сайд ч юм уу УИХ-ын ЭЗБХ-ны дарга, банкуудын удирдлага үнэхээр мэргэжлийн, өндөр чадвартай хүмүүс байх ёстой. Гэтэл одоогийн Сангийн сайдыг гэхэд л нийгмийн зүгээс маш их басамжлал, үл итгэх итгэлээр харж байна. Улстөрчийнхөө имижийг нийгэмд бага харуулсан хүн ч гэмээр. Иймэрхүү итгэл төрөхгүй байхаар хүмүүс ажлыг урагшаа явуулдаггүй шүү дээ. Миний асуух гээд байгаа гол зүйл бол энэ гол салбарууд дээрээ Та бүхэн боловсон хүчнээ хэр оновчтой сонгож, томилж чадсан бэ? Ажиглагчид болохоор танил тал, мөнгө төгрөг дагасан харилцаагаар явцуу хүрээнд томилгоо хийсэн гэж шүүмжлэлтэй хандаж байгаа. Та өөрөө ч нийгэм дэх энэ уур амьсгалыг мэдэрч байгаа байх. Яг тэр чухал цэгүүдэд томилгоо хийхдээ Та нар алдсан уу? Эсвэл хүмүүс хэтэрхий яараад, хэтэрхий хурдан гайхам үр дүн нэхээд байна уу?
-Хүнд бол ачаа үүрүүлж байж мөн чанар нь тодордог юм байна л даа. Зарим томилогдсон албан тушаалтнуудын ачаа авснаасаа хойш гаргаж байгаа бодлогын болон зан чанарын үйлдлийн алдаанууд нь нийгмийн шүүмжлэлийн бай болоод байна. Ганцхан сайдууд ч биш, УИХ-ын гишүүд дээр ч ийм зүйл гарч байна. Тайзны нэгдүгээр эгнээнд гарч ирж, гоцлол дуучин хийж үзээгүй хүний хоолойг хүмүүс сайн мэддэггүй. Түүнтэй адилхан улс төрд гоцлол болж гарч ирэхэд түүнийг зарим хүн шүүмжилдэг, зарим нь магтдаг шүү дээ. Сангийн сайдаар Б.Чойжилсүрэнг сонгоход би дэмжсэн. Яагаад гэвэл энэ хүн УИХ-д гурван удаа суучихсан, Монголын зах зээлд том ажлын байр бий болгосон салбарыг босгож, татвар төлж, нийгмийн хариуцлага дунд явж ирсэн хүн. Энэ утгаараа энэ хүнд шинэ нүдээр эдийн засгийн хүндрэлийг харах, гарах гарц олох чадавхи байгаа гэж намын бодлогоор томилогдсон хүн гэж харж байгаа. Яг тулгамдахын хувьд бол нөхөр нэлээн тулгамдаж байх шиг байна. Үр дүн, шийдэл хүлээх хугацаа бол арай дуусаагүй байгаа. Энэ засагт итгэсэн итгэлийн гал бөхөөгүй байна. Мэдээж энэ хүн түүхэнд энэ удаагийн Засгийн газрын нэг гол дүр, фигур болж бичигдэх нь гарцаагүй болчихлоо. Зарим намдуу­хан явж байгаа, эдийн засаг өсөлттэй үед Сангийн сайд харагддаггүй шүү дээ. Энэ удаа бол өр зээл ихтэй, эдийн засаг хүнд байгаа учраас нөхрийг илүү анзаараад байх шиг байна. Ер нь манай нам боловсон хүчний бодлого дээр алдаж онож байгаа юм байна. Зарим нь хэтэрхий залуужуу­лах гээд, тухайн ажлын байр дээр нийцэх үү, үгүй юу гэх мэт. Улс төр талаасаа болоод байдаг, мэргэжил талаасаа, ний­гэмд хүлээн зөвшөөрөгдөх талаасаа харж үзэх юм байна. Аливаа улс төрийн хүчний бодлого дээр нээлттэй, нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх дээрээ хэл ам дагуулдаг л даа. Энэ талаасаа шүүмж бол байгаа. Тэр шүүмжийг зөв шингээж аваад явах ёстой. МАН сонгуульд ялснаасаа хойш анхныхаа намын Бага хурлаа хийхдээ зөвхөн боловсон хүчин, хариуцлагын асуудлыг ярилаа шүү дээ. Нэг ёсондоо бид иргэдийн өгсөн өндөр итгэлийг хариуцлагаар хариулах ёстой. Ард түмэн итгээд манай намд саналаа өгсөн. Тиймээс нам итгээд албан тушаал өгч байна. Энэ итгэлийг дааж чадахгүй бол хэн нь ч байсан ажлаа өгөөд л явах ёстой.
-Ер нь МАН дотоод амьдралын уур амьсгал нь халуун, нягт нам л даа, өрсөлдөгч намтай нь харьцуулахад. Бие биедээ ч их зөөлөн ханддаг гэж би хардаг. Аливаа хэрэг явдалд орооцолдсон ч, шорон оронд орсон ч эргэж тойроод, тэрийгээ хаяхгүй чирээд л...
-Тэр бол хүн ёсны харилцаа шүү дээ.
-МАХН-ын гишүүн шахуу хүнийг харилцаа холбооны салбарт дарга болгож ч байх шиг. Тэтгэвэрт гарсан, мэргэжлийн бус хүнийг стратегийн хувьд чухал бүртгэлийн салбарын даргаар тавьж ч байх шиг... Нэг даргын эхнэрийн дүүг огцом том дарга болгож ч байх шиг. Мисс, дуучдыг ч орхихгүй татаж авч явдаг. Иймэрхүү, зарим талаар инээдтэй гэмээр хандлага дээр Та эгдүүцдэг үү?
-Хаана хэлэх үү л гэдэг асуудал байгаа юм. Намын удирдах зөвлөл, бага хурлын гишүүн, өмнө нь намын шат шатны байгууллагад ажиллаж байсан хүний хувьд нийгэмд гарч ирээд үүнийг хэлээд явах уу, намын тухайн шат шатны хурал дээр, шийдвэр гаргаж буй үйл явц дээр хэлэх үү гэдэг асуудал байгаа. Би бол илүү бодитой хэлэх ёстой газар нь л үгээ хэлж байх ёстой гэж боддог. Хэлж ч яваа.
-Энэ нь улстөрчийн бодлого, намын сахилга баттай холбоотой юу?
-Аливаа зүйлийн эцсийн үр дүн нь зөв болж засагдаж байх ёстой. Эцсийн үр дүнд хүрэхдээ хатуу, зөөлөн аргыг хослуулах хэрэгтэй. Тэгэхгүй аливаа асуудлыг бүгдийг шоу болгоод нийгэмд ил тавиад байх нь намын ажилд ч, төрийн ажилд ч зохимжтой биш. Жишээ нь манай улс парламент, төрийн ажлаа хэтэрхий ил болгож байгаа шүү дээ. Гаднын чагнадаг, тагнадаг байгууллага байлаа гэхэд хэдэн телевиз, сониныг нь хараад л уншчихаж болохоор, бид нууц юмгүй болсон шүү дээ. Үндэстэн гэдэг, төр гэдэг, дээр нь улс төрийн нам гэдэг чинь аль аль нь өөрийн гэсэн нууцтай, өөрийн гэсэн хар хайрцагны бодлоготой байх ёстой. Тэр болгон ил гараад байх нь магадгүй олон түмэнд танигдах талаасаа хэрэгтэй л байдаг байх. Гэхдээ ард түмэн хэн нь хэн бэ гэдгийг ялгаж салгаад ойлгодог. Нөгөө талаар бол манай нам дотоод соёл нь сонин нам шүү дээ, би бол Ардын намд ороод нэг зүйл мэдэрсэн. Тэр бол тэгш боломж.
-Үнэхээр тэгж чаддаг гэж үү?
-Би төрийн, намын аливаа асуудалд оролцож, шийдвэр гаргалцахдаа байнга шүүлтүүр хийдэг нэг л асуудал байдаг. Тэр бол тэгш боломж. Аливаа нам, төрөөс гарч байгаа шийдвэр хэн нэгний боломжийг битгий хаагаасай л гэж боддог. Монголчууд бид ийм цөөхүүлээ, хоёр том гүрний дунд оршдог. Тиймээс Монгол үндэстэн цаашид мөнхөд оршиход бүх иргэнд нь тэгш боломж л байх ёстой. Өөрөө хэрвээ зүтгээд явбал ямар ч баялаг бүтээдэг том компанийн захирал болдог, төрийн ямар ч албан тушаал хашиж болдог, ямар ч эрдэм мэдлэгийн оргилд гардаг, ямар ч сайхан амьдралд хүрч болдог тэгш боломж их чухал. Африкийн ч юм уу тэр ядуу орнуудад иргэддээ бүгдэд нь тэгш боломж өгдөггүй. Тийм учраас бидний гаргаж байгаа аливаа шийдвэр хэн нэгний ямар нэгэн боломжийг хааж байгаа юм биш биз гэдгийг би илүү нягт харахыг хичээдэг. Өөрийгөө ч ингэж төлөвшүүлсэн.
-Би намын байгууламж гэдэг ойлголт дээр Танд асуулт тавимаар байна. Өнөөдөр танай сөрөг хүчин АН гэхэд 26 жилийн дараа нөгөө л намын байгууламж гэдэг юмаа засч янзлахаар тэрэн дээрээ эргэж ирж байна. МАН-ыг институцийн хувьд хөгжсөн, бэхэжсэн нам гэж ярьдаг. Энэ чадамж одоо ч хэвээрээ байгаа юу?
-Үүнд эргэлзээ байхгүй.
-Жишээлбэл, сүүлийн 20 жилийн хугацаанд МАН-ын хөгжилд НАМЗХ гэдэг Таны ажиллаж байсан байгууллага өөрийн гэсэн маш том үүрэг хүлээж ирсэн гэж би хувьдаа хардаг. Энэ байгууллагын нам доторх чадамж хэвээрээ юу? Яагаад гэвэл Та НАМЗХ-ын угшилтай улстөрч. Намын шийдвэр гаргах ажиллагааг харж байхад Удирдах зөвлөлийн чадвар сүүлийн жилүүдэд муудсан, гудамжинд сайн дурын ажил эрхэлж байгаад ороод ирж ч байх шиг. Бага хурлын тань бүтэц ч ялгаагүй. Ямар нэгэн намын даргын сонгууль боллоо гэхэд тэнд хүчээр технологи хийж болдог. Үүнийг та ч, би ч мэдэж байгаа. Гэтэл энэ намд ард чинь 200-гаад мянган гишүүн байж байдаг. Энэ бүх байгууллагын чадамж шинэ үеийн улс төрийн хүчин байхад хэр нийцэж чадаж байна вэ?
-МАН бол хамгийн сайн зохион байгуулалттай бүтэц. Энэ нь нэг талдаа бидэнд асар их боломж олгодог. Нөгөө талдаа энэ нь манай сул тал. Шийдвэр тэр олон дамжлага, бүтцээр дамжиж удааширдаг. Эргээд намаа хүнд байдалд оруулдаг. Жишээ нь тэр бүтцийн байгууллага болгоноо санхүүжүүлэх гэх мэт. Ер нь цаашид улс төрийн намууд илүү олон нийтэд нээлттэй, бодлогын илүү нарийн аргачлалуудтай болох чиглэл рүү хөгжих ёстой. ХХ зуунд улс төрийн намууд бүтэцдээ тулгуурладаг байсан бол ХХI зуунд бодлого дээр тулгуурладаг болж байна. Тийм учраас бид бодлогын судалгааны хүрээлэнгүүд байгуулах, түүндээ тулгуурласан хэлэлцүүлгээр олон нийттэйгээ ойртсон бүтэцтэй байх гээд оролдоод байна. Гэхдээ улс төрийн намын барьж байх ёстой гурван алтан зарчим байдаг. Үүний хоёр нь манайд сул байсан учраас зарим сонгуульд ялагдаад яваад байна. Нэгдүгээрт, улс төрийн нам бол манлайлах чадвартаа амин сүнс нь явдаг. Манай бүх улс төрийн нам манлайлах чадвараа алдаад байна. Тийм учраас цаг үедээ хөтлөгдөөд нийгэмдээ таалагдах гээд яваад байна. Зүй нь улс төрийн нам олон түмний өмнө явж, хэзээ юу болох, ямар төвшинд хүрэх вэ, ямар арга хэмжээ авах вэ гэдгээ иргэдэд шууд хэлж чаддаг, манлайлагч байх ёстой. Хоёрдугаарт, улс төрийн нам өөрийн үнэт зүйлийн зарчим дээр хатуу зогсох ёстой. Энэ асуудал бас манай намуудад орхигдоод байгаа. Тэгэхээр тухайн улс төрийн намыг хүлээн зөвшөөрөх нийгмийн хандлага суларчхаж байгаа юм. Улс төрийн нам нь эрх ашгаараа нэгдсэн бүлэглэл болж харагдаад байгаа. Гуравдугаарт, залгамж чанар. Мафи гэх мэт хүний нийгмийн бусад бүлэглэлээс ялгарах улс төрийн намын онцлог бол эдгээр манлайлал, үнэт зүйл, залгамж чанар шүү дээ. Энэ гурван зарчмыг барьж байж нам хүлээн зөвшөөрөгддөг.
-Танай намын дарга нар фракцгүй нам гээд байсхийгээд зарладаг. Гэтэл бодит байдал дээр хотын бүлэг, Зүүний хүчний холбоо, дээр нь залуучуудын бүлэг нь гэхэд дотроо хоёр хуваагдчихаад байж л байна.
-Улс төрийн намууд дэргэдээ залуучуудын байгуул­лагууд­тай байдаг нь жишиг. Хаана ч ийм л байна. Залуучуудын байгууллагаар дамжуулан нийгмийн залуу хэсэгтэй харилцахаас гадна боловсон хүчнээ бэлтгэх гол бааз суурь нь болдог. Үүнийг хийхийн төлөө У.Хүрэлсүх тэргүүтэй хүмүүс маш их ажилласан. Энэ байгууллагаар дамжиж намын маш том боловсон хүчний нөөц бий болсон. Өнөөдөр намын даргаасаа эхлээд бүх шатанд намын залуучуудын байгууллагаар дамжсан бэлтгэгдсэн боловсон хүчнүүд байгаа. Төр, засгийн түвшинд ч ялгаагүй. Өнөөгийн намын 35-аас доош насны залуучууд нийгэмдээ, намдаа үнэлэгдэх, залгамж болж, өмнөх уламжлалаа хадгалж явах, нам дотроо нөлөөтэй, байр суурьтай байх нь НАМЗХ-ны өнөөгийн удирдлагын хэрхэн ажиллахаас л шалтгаалах асуудал. Хувь хүний хувьд би залуучуудыг маш сайн дэмжиж байгаа. Намын удирдлага, төр засгийн төвшинд харьцангуй залуучуудын дуу хоолой байгаа гэж харж байгаа. Өнөөдөр манай намын залуучууд, эмэгтэйчүүд, оюутны байгууллагын дарга нар бүгд парламентын гишүүн болчихсон, намын удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна. Би бол намын хамгийн анхны оюутны байгууллагын дарга. 1990-ээд оны тэр үеийг өнөөдөртэй харьцуулахад эдгээр байгууллага бодлого ярьдаг байгууллагууд болсон байна. Цаашид ч намыг илүү хөгжихөд тус болох чиглэлээр эдгээр байгууллага явах ёстой.
-Фракцын хувьд?
-Фракцын хувьд МАН-д албан ёсоор ийм зүйл байхгүй. Гэхдээ мэдээж ажил амьдралын холбоос, сэтгэл, үзэл бодол, үйл ажиллагаагаараа ойрхон байдаг нөхдүүд бол байгаа. Энэ бол аль ч үед байдаг. Ер нь бол улс төрийн фракц гэдэг юм асуудал дээр бий болж гарч ирээд, асуудлаа шийдээд л тардаг бүтэц шүү дээ. Одоохондоо манай аль ч намд ийм фракц үүсээгүй байна. Харин ч бүр манайд фракц гэхээр илүү эдийн засгийн агуулга, эрх мэдлийн хуваарилалттай холбоотой харагдаад байгаа. Ийм фракц АН-д илүү их хөгжиж байх шиг байна.
-Бид нар Оюу толгойг зургаан жил бөөн юм болж байж хөдөлгөсөн. Одоо Таван толгой гацаанд байна. Оюу толгойг хөдөлгөсний дараа уул уурхайд түшиглэсэн орлогууд маань манайд үр өгөөжөө өгөх нь өгсөн. Нөгөө талаар авлигажих, хэрэг төвөгт орох мэтээр зовлон хураасан байдал ч үүслээ. Төслүүдийг цаашид хөдөлгөх асуудал дээр танайх ямар бодлого явуулах юм бэ? Үүгээрээ би Таны өөрийн чинь дотор явдаг хөгжлийн тухай концепцуудыг сонирхож байна л даа. Үйлдвэржилт санал болгодог улстөрч тун цөөхөн байна. Дандаа халамж амлаад л явлаа шүү дээ. Тэгэхээр яавал бид үсрэнгүй биш юмаа гэхэд бусад хөгжиж буй орнуудтай нэг завин дээр сууж тэгширч явах вэ?
-Тэгэхээр Монгол Улс яаж хөгжих вэ? Яаж тогтвортой сайхан амьдралыг бий болгох вэ гэдэг талаар бүх л хүний зүрх цохилж яваа. Гэхдээ түүнд яаж хүрэх вэ гээд дүр зургийг нь харахаар оролдож байгаа нэг хэсэг хүмүүс байна. Тэр хэсгийн үр дүн гарч байна уу? Яг хөгжлийн зөв бодлого явж байна уу гэдэг дээр нэг их хайгаад байх зүйл бас алга. Бид нар хуулиа сайн гаргаж, сайн мөрдөх хэрэгтэй, бодлого тогтвортой байх ёстой. Олон улсын жишиг стандарт буюу ажил амьдралаа явуулдаг тоглоомын нийтлэг дүрмийнх нь хүрээнд ажиллаж амьдардаг болох хэрэгтэй. Тэгээд аливаа асуудал дээр шинжлэх ухааны судалгаан дээр үндэслэж, мэргэжлийнх нь хүрээнд шийдвэр гаргах л чухал. Өөр нууц юм байхгүй. Харамсалтай нь мэдсээр байж зарим зүйл буруу яваад байна. Жишээ нь, уул уурхайн салбар бол Монголын ойрын хөгжлийг чирч явах салбар. Үүнийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Үгүйсгээд ч өөр одоохондоо хөрөнгө мөнгө олох салбар байхгүй байна. Дунд хугацаандаа, урт хугацаандаа бол энэ уул уурхайгаас олсон хуримтлалаараа Монгол гэдэг айл дараагийн олон жилийн хөгжлийнхөө суурийг тавих ёстой гэдэг хөгжлийн концепц бол хамгийн зөв гэж боддог. Ерөнхий жишгээр аваад үзэхэд хүн ч гэсэн ээж ааваас тусгаарлаж таван ханатай гэр бариад, цаашдаа таван ханатай гэрээ байр байшин, нэг өрөө байраа гурван өрөө байр болгож ахиулах гэх мэтээр хөгжөөд явдаг шүү дээ. Үүнтэй яг адилхан улс орны хөгжил явна. Зүйрлэвээс их мөрөн, далайн усанд ч гүехэнээс эхэлж хөл тавьж гүн рүү шумбаж ордог шүү дээ. Орон орон өөрийн баялгаас шалтгаалж хөгжлийн га­рааны хуримтлалаа янз бүрээр хийдэг. Жишээ нь Солон­гос, Япон оёдол, хөнгөн үйлдвэрийн салбараа дэмжиж тэндээс олсон орлогоос хуримтлал бий болгож эхэлсэн байх жишээтэй. Хятад бол хүний хүчинд тулгуурласан үйлдвэрүүдээ босгож ирсэн. Тухайн улсад ямар баялаг байна, түүгээрээ хуримтлал бий болгодог. Монгол бол дэлхийн 200 гаруй орны доторх нэг л тоглогч. Энэ зах зээл дээр юугаа зарж чадах вэ? Түүндээ л захирагдах ёстой. Тэгэхээр бид нарт одоохондоо байгалийн баялаг л байна. Хэдийгээр бид далайд гарцгүй ч Хятад гэдэг дэлхийн хамгийн том зах зээл болох "хүн далай"-н дэргэд байна. Дэлхий тэр аяараа Хятад, Энэтхэг, Азийн орнууд руу юмаа зарж амьдрах гэж өрсөлдөж байна. Гэтэл бид хажуу айлдаа юмаа зарж чадахгүй л байна. Нэг гайгүй харилцаа сайжраад л маргааш нь муудчихдаг. Тиймээс хоёр хөрштэйгөө маш сайн ойлголцох ёстой. Нүүгээд явж чадахгүй шүү дээ. Энэ хоёртойгоо учраа эхлээд олж байж, дараагийн айлуудтай ярина, өөр сонголт байхгүй. Хөгжилтэй холбогдуулан товчхон дүгнэж хэлэхэд Мон­голд байгаа нөөц, гадаад дотоод зах зээлтэй, ирээдүйтэй гэж болохоор дөрвөн салбар л бидэнд байна. Нэгд, уул уурхай, хүнд үйлдвэрлэл, хоёрт, хөдөө аж ахуй- экологийн бүтээгдэхүүн экспортлох  боломж, гуравт, хоёр хөрш, бүс нутгийг холбох газар зүйн байршил, давуу талаа ашиглаад дэд бүтцийн томоохон төслүүд хэрэгжүүлээд тэндээс мөнгө олох, дөрөвт, манайд хөгжиж болох нэг гол салбар мэдээллийн технологи IT, оюуны бүтээл, чадамжаа ашиглаж, бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх.
 

Манай орон "ТҮЦ"-ний эдийн засаг шиг бүтэцтэй 

-Дээр ярьсан хоёр хөрштэйгөө харилцах асуудалтай холбогдуулаад асуухад яг одоо манай гадаад харилцаа ямар төвшинд байна. Өмнөд хөрштэй үүссэн зөрчил юу болов? Хоёр хөрш маань нийлээд ямар мессеж хаяж байна. Шинэ засаг энэ тал дээр ямар дэвшилттэй зүйл хийж байна вэ?
-Гадаад харилцааны хувьд юун түрүүнд хоёр хөрштэйгөө маш сайн харилцах хэрэгтэй гэдгийг дээр хэлсэн. Албаны, ажил хэргийн харилцаа төдийгүй хүн хоорондын харилцааг хөгжүүлэх, үүнд анхаарах нь их чухал байна. Яг л Давосын уулзалт мэт механизмыг ашиглах. Энэ бол 1990-ээд оноос хойш гадаад харилцаанд гарсан нэг том дэвшил шүү дээ.
-Ерөнхийлөгчийг бол би энэ талын харилцааг маш сайн ашиглаж ажиллаж байгаа гэж боддог...
-Оролдож байгаа. Гэхдээ яг ОХУ, БНХАУ хоёр улсын­хаа язгуур эрх ашгийг манайхан бага тооцсон байхгүй юу. Өнөөдрийн ОХУ, БНХАУ-ын манайх руу хандан явуулж байгаа бодлого бол сүүлийн 100 жилийн л бодлого шүү дээ. Энэ улсыг нэг их мандуулж хөгжүүлэхгүй, гэхдээ аль нэг нь авахгүй "жийргэвч" улс байлгах бодлого. Аль нэг нь авах гэвэл нөгөөдөх нь уурладаг. Бид нар тухайн үедээ зөв нүүдэл хийж тусгаар тогтнож, үндэстнээ сэргэн мандуулж чадсан. Манай өвөг дээдэс маш гайхалтай өрөг нүүж ХХ дугаар зууны үндэсний тусгаар тогтнолын шатрын өрөг дээр хожсон. Одоо бидний нуруун дээр ХХI дүгээр зуунд эдийн зас­гийн тусгаар тогтнолоо хангаж чадах уу гэдэг шатар өрөгдчихөөд байна. Яг одоогоор бол бид шалуулчихаад, хаашаа орох вэ гээд бодлогошроод сууж байна шүү дээ. Өмнө нь бид нэг хүнтэй шатар тоглож байсан бол одоо хажуудаа 2-3 компьютер тавьчихсан, тэр хүнд нүүдлийг нь хэлж өгдөг роботоор зэвсэглэсэн хүмүүстэй тулчихаад байна. Тийм учраас одоо бид нар илүү уран нүүхгүй бол болохгүй. Энэ хоёр хөрш болон дэлхий нийтэд гарч байгаа бодлогын ерөнхий чиг хандлага Монголд нөлөөлдөг болчихлоо. Монголын эдийн засаг арай жаахан тэлээд, дуу хоолой нь сонсогдоод ирвэл тэдний оролцоо нэмэгдээд, дагаад хамаарал нь бий болдог. Бид нээлттэй, олон улсын төвшинд гаръя гэсэн. Энэ тоглолтдоо хожихын тулд нүүдэл болгоноо бодож хийх зайлшгүй шаардлага тулгараад байна. Хятад, Орос хоёр улсын хоёулангийнх нь эрх ашгийг манайх тэнцүү байлгаж баймаар байгаа юм. Аль нэгийнх нь эрх ашиг багасаад ирэхээр л манай тусгаар тогтнолд аюул учирдаг түүх байна шүү дээ. Би бол сүүлийн үед Оросоосоо арай холдоод байгаа юм биш биз дээ гэж болгоомжилж байгаа. Оросыгоо жаахан налах хэрэгтэй байна. Тэнцвэртэй л байлгах нь чухал шүү дээ.
-Баялаг бүтээгчид маань ойрд жаахан ууртай байгаа. Өмнөх эрх баригчдын үед тэднийг жаахан гомдоосон, хатуу харгис бодлого явуулсан, барьж хорьж эрх чөлөөнд нь халдсан. Өнөөдөр Та нар гарч ирээд Эрдэнэтийн 49 хувийг төрд авах шийдвэр гаргачихлаа. Нэг хэсэг нь үүнийг хувийн хэвшлийн эрх чөлөөнд халдсан, өмчийг эргээд нийгэмчилсэн булаан дээрэмдэх үйл ажиллагаа гэж байна. Дэлхий нийт, хөрөнгө оруулагчдад энэ нь айдас болж харагдана гэсэн шүүмжлэл явж байна. Энэ баялаг бүтээгчидтэй харилцах харилцаа, тэднийг босгож ирэх асуудлаар Танд ямар үзэл баримтлал байдаг вэ?
-Би бол ардчилал, зах зээлийн нийгмийн харилцааны мөн чанар нь итгэлцэл юм байна гэж ойлгоод байгаа юм. Надад ард түмэн итгээд миний өмнөөс хууль гаргаарай, төрийн эрх барилцаарай гээд төлөөлөл болгоод явуулж байна. Түүнтэй адил хөрөнгө оруулалт ч итгэлцэл дээр явдаг. Харамсалтай нь бид нар тэр суурь болсон итгэл, итгэлцлээ хөсөр алдчихсан. Тийм учраас хамгийн түрүүнд бид тэр итгэлийг сэргээх, бий болгох бодлогоо тэгшлэх, зөв болгох хэрэгтэй байна. Тэгэхгүйгээр мянга сайхан юм яриад хэрэггүй. 1990 оноос хойш муу сайн хэлүүлж явсан ч монголчууд маань Монголд итгэх итгэлийг бий болгож чадсан. Тэгээд бид тэр 2009, 2010, 2011 оны тэр гайхамшигтай эдийн засгийн өсөлтүүдийг бий болгож эхэлсэн. Өмнөх олсон итгэл маань хүнтэй анх учирсан, түүнээс олсон итгэл байсан. 2012 оноос харамсалтай нь итгэлийг алдсан. Одоо хүнтэй хоёр дахиа учраад итгэлийг нь авна гэдэг хэцүү. Асар их хөдөлмөр, оролдлого шаардана. Хоёрт, зах зээлийн харилцааны хоёр дахь суурь зарчим нь өмчийн харилцаа. Энэ өмчийг хамгаалах, өмчид халдахгүй гэдэг баталгаа их чухал байдаг. Гэтэл өнгөрсөн дөрвөн жилд 5000 гаруй аж ахуйн нэгжийг шалгасан байдаг. Нийт аж ахуйн нэгжийн тал нь үйл ажиллагаагаа зогсоосон. Өмч рүү дайрсан харилцаа хэрээс хэтэрсэн. Одоо бараг бид Үндсэн хуулийн хүрээнд өмчийн харилцааг баталгаажуулж авах ёстой. Монголын 40-өөс доош насныханд бол өмч гэдэг амьдралынх нь нэг хэсэг. Түүнээс дээш насныхан өөр ойлголттой байж магадгүй. Тийм учраас өмчийн харилцаа, баталгааг хуульд маш сайн тусгах хэрэгтэй байна. Тэгж байж итгэлцэл бэхжинэ, суурь зарчим мөрдөгдөнө. Нөгөө талаар манай баялаг бүтээгчдэд туссан нэг өвчин бол төр дээр үүссэн адил гэнэт баяжвал гэдсэнд халтай гэдэг шиг эдийн засгийн өсөлтийн үр дүнгээр мөнгөжсөн. Дэлхийн зах зээл дэх үнийн өсөлт ч нөлөөлсөн. Энэ үеэр гэнэт баяж­сан хүмүүс их олон байгаа, төр ч ялгаагүй. Хаашаа мөнгөө хийх вэ гээд байж ядаж байсан. Энэ үед бизнесийнхэн бүх л бизнес ашигтай юм шиг бодоод бүгд рүү орсон. Нөгөөдөх нь нурсан. Эргэж босож ирэхэд хүндрэлтэй болсон. Үүнээсээ бид сургамж авах ёстой. Бид тэр хүн төрөлхтөний хүрээд байгаа хөгжлийн төвшинд хүрээгүй байна. Гэхдээ тийшээ явах хэрэгтэй. Монголын эдийн засаг бол ТҮЦ-ний эдийн засаг шиг бүтэцтэй. Бараг ашиг байхгүй. Гэтэл ядаж супер маркетийн эдийн засагтай болж байж ашиг олно, түүнээсээ хуримтлал бий болгоно. Тийм учраас яаралтай тэлэх хэрэгтэй байна. 2008 оны хямралын үед С.Баяр даргыг Ерөнхий сайд байхад бид цуглараад Монголын эдийн засгаа 10 тэрбум ам.долларын эргэлттэй болгох юмсан гэж ярьж байсан. Энэ зорилгодоо хүрсэн. Одоо 40 тэрбум ам.долларын эдийн засагтай болгох хэрэгтэй байна. Тэгвэл ямар ч бизнес зөв явбал ашигтай ажиллах, ажил хийж байгаа хүн цалингаараа хангалуун амьдрах боломж бүрдэнэ. Нэг ёсондоо эдийн засгийн багтаамж саваа томруулбал, хутгаж авах шанага томорно шүү дээ. Бидэнд одоо тогтвортой бодлого явуулах асуудал л чухал байна. Энэ бол хөгжлийн суурь. Тийм учраас баялаг бүтээгчдээ дэмжинэ гэдэг ийм суурь асуудлыг л шийдэж өгөх явдал байгаа юм.
 

Хархорин хүссэн ч, эс хүссэн ч ХХI зууны Мон­голын хүн амын нэг төвлөрөх төв цэг болно

-Өнгөрсөн сонгуулиар танай өрсөлддөг намынхныг лидерийн хомсдолд орлоо гэж дотроосоо ч, гаднын ажиглагчид ихээхэн шүүмжилсэн. Танайхан дотроо энэ асуудлаа ярьдаг уу? Гэтэл Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нар тойргоо сольсон ч ямар ч асуудалгүй сонгогдож байна. Энэ бол бахархмаар зүйл. Эдгээр хуульчдыг олон нийт дэмжсэн. Ямар утгаар гэхээр манай улс төрийн хямрал үргэлжлээд эцэст нь Үндсэн хууль дээр тулдаг болоод удаж байна. Үүнийг засаасай гэсэн итгэлээр дэмжсэн байх. Та нар одоо Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж чадах уу? Нэг хэсэг нь өөрчлөх шаардлагагүй гээд хэвтчихдэг тал бас бий шүү дээ...
-Үндсэн хуулийг нэмэлт өөрчлөлтийн төвшинд өөрчлөх ёстой гэж бодож байгаа. Шинэ Үндсэн хуулийн асуудал бол арай болоогүй гэж үздэг. Энэ Үндсэн хууль маш сайн үүргээ гүйцэтгэсэн, одоо ч гүйцэтгэж байгаа, цаашдаа ч нэг хэсэгтээ үүргээ гүйцэтгэх хууль. Гэхдээ Үндсэн хуулийн 25 жилийн алдаа оноог дүгнээд үзэхээр их засварт орох шаардлага байна. Энэ засварыг хийхгүй бол илүү том байшин барих хэрэг гарна. Нийгмийн хандлага, бухимдал ийм байна. Үүнийг ард түмэндээ ойлгуулаад засвараа хийх ёстой. Хийхдээ хоёр зарчмыг хатуу баримтлах ёстой гэж бодож байна. Өнгөрсөн дөрвөн жил сөрөг хүчин байхад би Үндсэн хуулийн өөрчлөлтөөр нэлээн дуугарсан. Одоо манай намын бүлэг дээр Д.Лүндээжанцан гишүүнээр ахлуулсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг судлах ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Би энэ ажлын хэсгийн зохицуулагчаар ажиллаж байгаа. Засгийн газрын төвшинд эрдэмтдийн ажлын хэсэг гараад дүгнэлтээ гаргах гэж байна. Үндсэндээ Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага байна уу? Өөрчилбөл юуг нь өөрчлөх вэ гэсэн дүгнэлтийг гаргах ажлын хэсэг гэсэн үг. Үндсэн хууль өөрчлөхдөө тулбал ямар хоёр зарчим баримтлах вэ гэхээр, нэгд ард түмнээс санал асуулга явуулж, зөвшөөрсөн тохиолдолд, хоёрт нийт олон түмний оролцоог хангах ёстой. Нийгэмд байр сууриа эзэлсэн хүмүүсийг үүнд татан оролцуулах хэрэгтэй. Тэгж байж өөрчлөлт маань хүлээн зөвшөөрөг­дөх чанартай болно. 1999 оны өөрчлөлт бол нийгэмд "дор­дуулсан долоо" гээд хүлээн зөвшөөрөгдөөгүй шүү дээ. Хийвэл гурван чиглэлийн өөрчлөлт хийнэ гэж байгаа. Нэгд хэн хариуцлага үүрэх вэ? Хэнд хариуцлага хүлээл­гэх вэ? гэдгийг тодорхой болгох шаардлагатай. Өнөөгийн Үндсэн хуулиар хариуцлагын механизм саармагжсан. Ха­риуцлагагүйн зуд нүүрлэсэн. Тиймээс Ерөнхий сайдад эрх мэдлийг нь ч, үүрэг хариуцлагыг нь ч өгье гэж бодож байна. Парламентыг хоёр шатлалтай болгох хэрэгтэй. Томилгоо, төсвийн эрх мэдэлд парламентын нөлөө багатай байх. Ингэж байж хариуцлагын тогтолцоо бий болно. Хоёрт, улстөржилтийг цэгцлэх хэрэгтэй байна. Монгол оронд улстөржилт хэрээс хэтэрлээ. Улстөржилт хаана илүү байна вэ гэхээр орон нутгийн сонгууль дээр. Ах дүүс, эхнэр нөхөр л хоёр тал болоод л үзээд байна. Тийм учраас нутгийн өөрөө удирдах байгууллагад улс төрийн нам нэр дэвшүүлдэггүй, иргэд өөрсдөө нэр дэвшүүлдэг. Магадгүй сум, дүүргийн Засаг даргыг ард түмэн шууд сонгодог байх. Улс төрийн намууд анхны шатанд сум, баг дээр үйл ажиллагаа явуулахыг хориглох хэрэгтэй байна. Тэгэхгүй бол нам төвтэй тогтолцоо руу эргэж орох гээд байна. Гуравт, 1990 оноос хойш үүссэн нийгмийн харилцаануудаа зөв, нийтлэг жишиг рүү явуулах өөрчлөлт хийгдэх ёстой гэж үзэж байгаа. Энэ хүрээнд өөрчлөлт оруулахаа ярилцана гэж ойлгож байна.
-Та бол манай Монголын алдар цуутай аймгуудын нэг Өвөр­хангай аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн. Үүний өмнөх парламентын сонгуулиар Өвөрхангайд урьд өмнө үүсч байгаагүй нөхцөл байдал үүссэн. Танай намын хоёр нэр дэвшигч ялалт байгуулсан мөртлөө маш олон толгой эргүүлэм үйл явдлын дунд хоёулаа парламентын гадна дөрвөн жил байсан. Та бүхний саяны байгуулсан ялалтад тэр байдалд дургүйцсэн нутгийн олны дургүйцэл нөлөөлөв үү? Эсвэл баян хүмүүс болон тодорхой нөлөөллөө бүс нутагт тогтоосон компаниудын хамааралд байдаг байдлаасаа гарах оролдлого нь нөлөөлөв үү?
-Олон түмэн өөрсдийнхөө үнэлэлтийг өглөө л дөө. Сонгуульд олон хүчин зүйл нөлөөлдөг, тэр дунд таны дурдсан нөхцөлүүд ч байсан байх. Ер нь бол хэн сон­гогчидтойгоо ойр байсан тэр хүнийг л ард түмэн сонгодог. Эрх мэдэл, хөрөнгө чинээ, албан тушаал гэхээсээ илүү сонгогч бол намайг хэн ойлгож байна, миний өмнөөс намайг хэн төлөөлж чадахаар байна вэ гэдгийг их хардаг. Тийм учраас УИХ-д сонгогдсоноосоо хойш аль болох нут­гийнхантайгаа ойр байж, олон очиж, сэтгэлээсээ хандаж байна. Сэтгэлээсээ хандаж байхад бүх зүйл болноо л гэж би боддог хүн шүү дээ. Би сонгогчдодоо үнэнээ л хэлдэг. Энэ асуудал ингээд болж байна. Энэ нь ингээд болохгүй байна гэх мэтээр. Би шидтэн биш болохоор бүхний хүслийг биелүүлж чадахгүй. Гэхдээ болж байгаа, болохгүй байгаагаа эргэж мэдэгддэг, байнга эргэх холбоо, харилцаатай байдаг. Үүнийг би Д.Лүндээжанцан ахаасаа харсан, сурсан юм. Энэ хүн бол Монголын парламентад найм дахиа сонгогдсон, бараг парламентын түүхэнд дахиж ийм хүн гарах болов уу даа. Надад ч дээрх явж ирсэн зарчмыг барьж ажиллаарай гэж өөрөө захидаг. Би тэрийг нь мөрдлөг болгож явдаг. Бас нутгийн минь уул ус, өвөг дээдсийн сүлд бас намайг түшиж яваа гэж залбирч явдаг даа.
-Хүний өссөн төрсөн нутаг ус, орчин, удам гэдэг зүйлс тухайн хүний манлайлалд их үүрэг гүйцэтгэх юм. Таны тухай нутгийн тань хүмүүсээс асуухад багаасаа л толгой сайтай хүүхэд байсан гэж их ярьдаг л даа. Танд хүүхэд насны тэр манлайлал тань ер нь хэрэг болсон уу?
-Хүн ер нь амьдралдаа янз бүрийн капитал хуримтлуу­лаад л явдаг юм байна л даа. Энэ нь ганцхан эд хөрөнгө ч биш. Тэр хуримтлал дотор хүний удам судар их чухал юм байна. Миний өвөө бол Эрдэнэзуу хийдийг дахин сэргээлцсэн, дэд хамба, бага ламаар нь ажиллаж байсан хүн. Манай аав ээж сэхээтэн хүмүүс, одоо насны жаргалаа эдлээд сууж байна. Энэ хөгшчүүдийн буян гэж мэдээж асар их шүү дээ. Би бас хүүхэд байхаасаа дандаа сайн хүмүүстэй учирч явжээ. Өөрөө ч сайн сайхан сэтгэлтэй явахыг хичээж явсан. Зөв л явбал зөөлөн замбуулин гэдэг үнэн шүү. Сайн багш нарын гараар хүүхэд байхаасаа л дамжаад Монголын шинжлэх ухааны оргил гэж болох хүмүүсийн бүгдийнх нь шавь болж, гар дор нь хүмүүжсэн. Тийм учраас тэр итгэл надад их ташуур өгдөг. Дараа нь улс төрд ороод Монголын төрийн түүхийг бүтээж яваа хүмүүстэй ахан дүү болж, хамт нэг ширээнд сууж асуудал шийдэж яваа нь бас хувь заяа гэж боддог. Энэ их хувь заяаг дааж явахыг хичээдэг. Миний хүүхэд насыг манай нутгийнхан мэднэ. Гэхдээ ярихаар өөрийгөө магтсан юм шиг болчих гээд байдаг. (инээв) Би багадаа олимпиадад их ордог хүүхэд байлаа. 9, 10 дугаар ангидаа улсын олимпиадад хоёр удаа аймгаасаа шалгарч орж байлаа. Физик, математикаар л явдаг хүүхэд байж. 10 дугаар анги төгсөхдөө улсын математикийн 27 дугаар олимпиадаас их сургуулийн хуваариа шууд авч байсан. 4, 5 дугаар ангиасаа олон нийтийн ажилд оролцож, 6 дугаар ангидаа МПБ-ын төв зөвлөлийн чуулганы хүндэтгэлийн тугийг өргөж, "Пионерын үнэн" сонинд бүтэн нүүр ярилцлага өгч явлаа. Есдүгээр ангид байхдаа Ахлах ангийн сурагчдын холбоог улсын хэмжээнд байгуулж, аймагтаа ахлах ангийн хүүхдүүдийн чуулганыг зохион байгуулж байлаа гээд яривал уг нь их түүх бий. Спортоор бас их хичээллэдэг, нэлээн идэвхтэй хүүхэд байсан л даа.
-"Пионерын үнэн" сонин гэсэн чинь хамаг дурсамж сэргэж байна шүү. Гоё, гэгээтэй түүх байна...
-Ер нь бол лидер хүүхэд байсан. Яаж үүнийгээ мэдсэн гэхээр 2008 он, өнгөрсөн 2016 оны сонгуульд нутагтаа нэр дэвшээд очиход "Бид нэг үеийнхэн" гээд миний дээшээгээ 2-3 үе, доошоо бас 2-3 төгсөлтийнхэн сум болгон дээр зохион байгуулалттайгаар намайг дэмжсэн байхгүй юу. Яагаад гэвэл чи хүүхэд байхдаа бидний лидер байсан, онц сурлагатан байсан, одоо бид чамайг дэмжинэ гээд нам хамаарахгүй намайг дэмжсэн. Тэр утгаараа би нэг үеийнхний урд яваа учраас ачаа авдаг л даа. Энэ итгэлийг бас дааж явах ёстой. Нөгөө талаар хүнд хамгийн хэрэгтэй зүйл бол найз нөхөд байдаг юм билээ. Би юугаар баян бэ гэвэл найзаар баян. Ялангуяа хүн насан туршдаа багынхаа найз нартай явна гэдэг ховор бөгөөд бас их учиртай юм байна гэж боддог. Багын найз бол хүнийг эрх мэдэл, хөрөнгө чинээ гээд амьдралын олон зүйл рүү ороогүй байхад учирсан учраас яг бие биенээ хүнээр нь үнэлдэг. Би өнөөдрийг хүртэл багын найз нар, 10 жилийн ангийнхныхаа дунд амьдарч яваа хүн. Энд нэг зүйл дурдахад жаахан бүтэл муутай яваа хүмүүс багын найзаасаа хөндийрчихсөн байдаг юм шиг санагдсан шүү.
-Нийгэм төр түшиж яваа хүмүүсийнхээ "шилэн намтар"-ыг их хүлээдэг болчихжээ. УИХ-ын гишүүд харьцангуй гайгүй, гэхдээ зарим улстөрч энэ талаар битүү, хатуу явдаг. Эхнэр хүүхэд нь хаана, юу хийдэг вэ гэх мэтээр хүмүүс их сонирхдог. Таны гэр бүлийн "шилэн түүх"-ийг сонирхмоор байна. Нөгөө талаар амжилттай яваа нэг хүний цаана илүү том зүтгэлтэн байдаг гэсэн ч нэг ойлголт бий. Тийм учраас Таны өөрийн чинь зохион байгуулсан гэр бүл хэмээх байгууламж, түүнд Таны гүйцэтгэдэг үүрэг, мөн Таныг өдий хүртэл бүтээлцсэн эмэгтэйн тухай сонирхмоор байна?
-Манайх хоёр хүүтэй. Миний хань эмч хүн. Бид оюутан байхдаа танилцсан. Ер нь бол хүн анхны харцаар дурлаад, хайр сэтгэлтэй болоод, гэр бүл болж амьдардгийн нэг жишээ бид хоёр л доо. Том хүү АНУ-д цэргийн дунд сургууль төгсөөд, одоо Мичиганы их сургуульд технологийн чиглэлээр сурч байна. Бага хүү энэ жил дунд сургуулийн долдугаар анги. Эр хүнийг цэргээр дамжуулж бэлддэг англи-саксоны загвар байдаг. Сингапур, БНСУ зэрэг улс бас үүнийг авсан, тэд хүнээ ингэж хүмүүжүүлж бэлтгэдэг. Үүнийг манай монголчууд Оросоор дамжуулж социализмын үед аваад гурван жилийн цэрэг гэж бэлдэж байсан. Хүний нийгмийн суурь бүтэц гэр бүл бол тогтвортой байх ёстой. Гэр бүл тогтвортой байхын тулд эр хүн ноён нуруутай, сэтгэлийн тэнхээтэй байх ёстой. Тийм хүнийг бэлтгэдэг системийг Монгол Улс алдчихаад байгаа юм. Би энэ асуудлыг их ярьдаг. Өөрөө ярьчхаад хүүгээ нялцгануулаад байлгаад байж болохгүй шүү дээ. Тийм учраас 15-16 настай байхад нь АНУ-д 28 орны 400 гаруй залуучуудтай цэргийн ахлах сургуульд сургасан. Дандаа бид цуг байхгүй, аавын бийд газар үзэж, хүнтэй танилц гээд хүүгээ явуулсан. Хүү маань төлөвшил, бие бялдарын хувьд ч сайн хөгжиж байгаа. Миний эхнэрийн хувьд Өмнөговь аймгийн харьяат, бас л сурлагатай хүүхэд байсан. Одоо бол гэрийнхээ гурван эр хүний төлөө л амьдралаа зориулж явна даа. Би бол эхнэртээ надаас өгч чадах юу байна, тэр бүхнээ л өгье гэж боддог. Яагаад гэвэл улс төрд явж байхад намайг төдийгүй ар гэрээ тэр чигээр нь авч яваа хүн. Хэрвээ надад амжилт гэж байдаг бол миний амжилт миний ханьд ч оногдох ёстой гэж би боддог. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бол сайн сайхан явахын үндэс. Манайх гэдэг айл хайр бялхсан халуун дулаан тийм нэг зөөлөн амгалан гэр бүл дээ.
-Өвөрхангай аймаг нэлээн хөгжсөн харагддаг. Сая эргээд очиход мэдрэгдэхээр өөрчлөлт ер нь гарч уу?
-Өвөрхангай бол амьжиргаа сайтай газар. Үйлдвэрлэл, зам харилцаа хөгжсөн, хүн ам ихтэй, мал ихтэй. Тийм учраас хүмүүс нь амьжиргаа сайтай байдаг. Миний сонгогдсон хойд талын сумдад гэхэд л хүмүүс самар түүгээд амьдралдаа нэмэрлэчихдэг, өр ширнээсээ гарчихаж байна шүү дээ. Энэ мэтчилэн амьжиргааны талаасаа харвал боломж ихтэй. Нөгөө талаас харьцангуй төвийн аймаг учраас хүмүүсийн амьжиргаа нь тогтвортой болчихсон, жигд амьдралтай газар. Хүмүүс нь үүнийгээ дагаад дөлгөөн төвшин дүү.
-Энэ жил танай аймаг хэдэн сая мал тоолуулав?
-Таван сая мал тоолуулсан, олон аварга малчин төрсөн. Монгол Улс бас энэ жилээс Улсын хошой аварга малчин, Улсын аварга саальчин гэж шалгаруулж байгаа, манай аймгаас ч төрлөө. Улсын хошой аварга болсон Н.Төмөрбат гээд залуу бид хоёр багын найзууд, аав нь манай сургуулийн захирал Найгал гээд хүн байсан. Төмөрөө маань сурлага сайтай мөртлөө мал дээр гарна гээд гарчихсан юм. 2010 оны үед Улсын аварга малчин болсон, сая хошой аварга боллоо. Н.Төмөрбат маань бас сумын ИТХ-д нэлээд олон сонгогдчихлоо. Аварга малчны улаан халзтай гэрийг нь би хүргэж өглөө.
-Нэг үе Өвөрхангайн малчид Булганд их нүүдэллэж амьдардаг байсан. Айлын туслах малчнаар. Бүр манай нэг аварга малчин хөгшин "Лүндээжанцаан бадарчингуудаа аваач" гэж хэлээд эгдүүцлийг нь хүргэж явлаа шүү дээ. Одоо энэ байдал засарсан уу?
-Байгаль цаг уурын нөхцөл байдал, алтны нүүдэл гэх мэтээс болоод нэг үе малчид их нүүдэллэсэн. Мал их өссөн ч бэлчээр, хилийн цэсийн маргаан гаргадаг байсан. Одоо бол эргээд зохицож байх шиг байна. Ер нь бол мал ихтэй, газар нутаг багатай учраас манай аймгийнхан бусад аймгийн нутагт амьдардаг байдал байсан. Одоо бол зохицоод, илүү ажилсаг хэсэг нь мал дээрээ үлдээд, байгалийн шалгарлаар зарим нь төв рүү нүүсэн. Одоо манайхан отор нүүдэл хийгээд бусад аймагт очоод байдгаа больсон байна. Өвс тэжээлээ тэндээ бэлтгэчихэж байна, ерөнхийдөө зах зээлийнхээ харилцаанд дасаж байна гэж харж байгаа.
-Өвөрхангайн Уянгын модон эдлэл гэж алдартай брэнд байсан. Тэр брэнд одоо байна уу?
-Байгаа, Өвөрхангайн хойд талын таван суманд байдаг нэг алдартай зүйл нь модон урлал, сийлбэр, гэрийн урлал. Эдгээр урлалын чиглэлээр Монгол Улсад Урлагийн гавьяат зүтгэлтэн таван хүн төрсөн байдаг нь тавуулаа энэ нутгийнх. Энэ нутгаас л алдартай сийлбэрчид, гэр урлаачид төрдөг, өнөөдөр ч Улаанбаатарын зах зээлд нийлүүлэгдэж байгаа нийт гэрийн 30 хувийг энэ нутгийнхан хангаж байгаа.
-Гар урлал хийдэг тэр дэг жаяг нь залгамжлагдаад явж байгаа гэсэн үг үү? Гэр бүлийн бизнес маягаар хөгжиж байна уу, өөр зохион байгуулалт хийв үү?
-Тийм, дэг нь залгамжлагдаад явж байна. Гэр бүл, ах дүүсээрээ энэ ажлаа хийдэг. Бид ч янз бүрийн байдлаар дэмжиж байна. Би гэхэд Монголын Урлагийн зөвлөлтэй хамтраад, бусад олон улсын байгууллагуудад хандаад сийлбэрийн урлагийг улам хөгжүүлэх чиглэлээр шинэ хөтөлбөр эхлүүлэх гээд хөөцөлдөж л явна.
-Өвөрхангай аймаг бол манай төр шашны онцгой голомт, дээр нь манай анхны хот Хархорум байдаг газар. Хархорумыг чиглүүлсэн, энэ хотын туурь дээр хийхийг хүссэн олон том мөрөөдөл байдаг. Улсынхаа нийслэлийг хүртэл шилжүүлье гэх мэт. Энэ бүхэн мөрөөдөл, үлгэр болоод үлдээд байна. Таны сэтгэлд энэ талаар ямар мөрөөдөл байдаг вэ?
-Хархорин хүссэн ч, эс хүссэн ч ХХI зууны Мон­голын хүн амын нэг төвлөрөх төв цэг болно. Гэхдээ илүү төрийн захиргаа, боловсрол, түүх соёлын чиглэлийн төв байх болов уу гэж хардаг. Тухайн газрын хөгжлийн чигийг харах юм бол тэр их өвгөдийн үлдээсэн өлгий нутаг, өвийг бид нар онгичоод байж болохгүй. Тэднийг нь тэр чигээр нь хадгалаад төрийн захиргааны зарим байгууллагууд, соёл боловсролын зарим байгууллагууд тийшээ шилжих ёстой. Би өөрөө Монголын "зургаан төвт хөгжлийн загвар" гэж нэг зүйлийг их ярьдаг хүн. Улаанбаатар хот, хойд талдаа 300 км-ийн зайд байгаа Дархан, өмнөд талдаа бас 30 км-т байгаа Чойр хот, энэ хоёр хоёулаа хүнд үйлдвэр, уул уурхайн чиглэлийн хотууд, бас Багануур-магадгүй цаашдаа их дээд сургуулиудын төвлөрсөн цэг, төв рүүгээ Хархорин-төрийн захиргаа, түүх соёлын цэг, цаашаагаа баруун аймгийн Ховд хот-бүс нутгийн стратегийг хангасан хот, зүүн талдаа Чойбалсан хот гэж. Яг нэг цэг, нэг шугам дээр байгаа ийм хөгжлийн загвар болох газрууд. Төр зөв бодлогоор дэмжээд өгвөл бүсчилсэн хөгжлийн загварууд энд л төвлөрнө. Нөгөө талаар үе үеийн парламент дээр Хархоринд хот суурин байгуулах асуудал яригдаж, ажлын хэсэг гарч ажиллаж ирсэн. Өнгөрсөн 2015 онд Их Монгол Улсын Хархорум хот байгуулагдсаны 795 жилийн ой болсон. Ойн хүрээнд энэ чиглэлд хийж байгаа эрдэм шинжилгээ, судал­гаануудын талаар хурал хийж ярилцсан. Ер нь цаашдаа төрөөс баримтлах бодлого, арга хэмжээний талаар бид нар холбогдох байгууллагуудад санал, зөвлөмжөө хүргүүлсэн. Хархорин бол улсын чанартай хот байна. Байхдаа илүү түүх соёл, төрийн захиргааны төвлөрсөн хот байгаасай л гэж харж байгаа. Тийм өгөгдлүүд нь бий.
-Саяхан улсын хэмжээнд өнгөрсөн жилд элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн амжилтаар нь аймгуудыг байр эзлүүлэхэд Өвөрхангай аймаг тэргүүлсэн байна лээ. Танд бас баяр хүргэе. Үнэхээр Өвөрхангайн хүүхдүүд мундаг юм аа?
-Нэгдүгээрт, Өвөрхангайн ард түмэн оюуны өндөр чадвартай. Хоёрт, маш сайн багш нартай, боловсролын систем сайтай. Би хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй, энийг амьдралынхаа утга учир болгосон олон гайхалтай багшийг нэрлэж чадна. Хүүхэд байхдаа бас Хархорин, Есөн зүйл, аймгийн төв гээд хэд хэдэн сум дамжин сурч байсан. Бүгд л жигд, багш нар маань хүүхдийн төлөө л гэсэн хүмүүс байсан. Тийм учраас олон мундаг хүмүүс төрсөн дөө. Нөгөө талаар 1990 оноос хойш МАН засаглалаа алдаагүй учир Өвөрхангай аймгийн төрийн алба тогтвортой. Тэгсэн мөртлөө залуучуудаа шат дараалан дэвшүүлэн ачаа үүрүүлдэг, боловсон хүчнээ чадваржуулдаг. Энэ бол тогтвортой бодлогын үр дүнгийн л нэг жишээ.
-Монголчуудын үндэсний баяр бол наадам, цагаан сар хоёр. Нэгэнт энэхүү ярилцлага маань цагаан сарын дараахан болж байгаа болохоор танд сүүлийнхээ асуултыг үлдээж байна. Та сонгогчид, нутгийн зон олондоо зориулсан мэндчилгээгээ илгээвэл сайн сайхны ерөөлөөр ярилцлага маань өндөрлөх нь.
-Нүүдлийн соёл иргэншлийг тээж яваа Монгол түмний хамгийн бахархалт баяр бол наадам, цагаан сар хоёр. Олон сар жилээр нүүж явчихаад эргэж ахан дүүсээрээ цуглаж уулздаг, тэгж баяр баясал, мэдээлэл авдаг байсан. Өнөөдөр ч гэсэн ураг төрлөө мэдэлцэж, удам судраа ярилцдаг, баяр хөөр болж угтан золгодог баяр бол Цагаан сар. Энэ өдрүүд бол бидний Монгол гэдгээрээ бахархдаг, Монголоороо гоёдог, Монгол хүнээ мэдэрдэг өдрүүд байдаг. Тийм уч­раас миний ч хамгийн дуртай баярын нэг бол цагаан сар. Парламентаас өнгөрсөн жил шийдвэр гаргаж, цагаан сар, наадмаар амрах хоногийн тоог нэмсэн. Хүйтний ам цаашилж, урин хавар ирж байгаа энэ өд­рүүдэд нутгийнхаа зон олонд хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж байна. Бүгдийн сэтгэл тэнүүн, аз жаргалтай, элбэг хангалуун амьдрахын ерөөлийг өргөн дэвшүүлж байна.
-Ярилцлагын маань зочноор оролцож, илэн далангүй чөлөөтэй ярилцлага өгсөн Танд баярлалаа. Таны төр түших ажилд амжилт хүсье!
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.