НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Монгол зах зээлийн эдийн засгийн тухай эргэцүүлэхүйд

Н.Энхболд     Нийтлэгч
6 сарын өмнө /2017-03-31 11:58:45 GMT +8 / | 1063 удаа уншсан

Зах зээл бол солилцоо, арилжаа явагдах талбар л юм гэсэн ойлголт бий. Зах зээлийн хамгийн энгийн хэлбэр бол бараа үйлчилгээний шууд солилцоо буюу бидний сүүлийн үед нэрлэж сурснаар бартерын худалдаа. Хоёр этгээд нэг нь хонио нөгөө нь үйлдвэрлэсэн гутлаа, эсвэл нэг нь цементээ нөгөө нь барьсан орон сууцнаасаа нэг байрыг ч юм уу харилцан тохиролцож солилцохыг хэлж буй хэрэг.
Арилжаа, солилцооны хүрээ нь хоёр этгээдээс хальж олон оролцогчтой болох тусам жинхэнэ зах зээлийн шаардлагаар заавал хэрэгжих хүчинтэй гэрээ, хэлцэл эхэлнэ. Харин маргаан гарсан үед тэр тохирсон, ярьсан хэлцэл, гэрээг арилжаанд оролцогч талууд өөрсдөө шийдвэрлэж чадахгүй учир түүнийг хүчээр гүйцэтгүүлдэг гуравдагч этгээд буюу төр зах зээлийн эдийн засгийн хувьд зайлшгүй тоглогч болдог. Төр, хуулийн оролцоогүйгээр зах зээлийн эдийн засгийн гол тулгуур хүчин зүйлүүд болох гэрээ, хэлцэл, өмчлөл, түүнтэй холбоотой бусад зохицуулалтыг төсөөлөхийн аргагүй. Ямартай ч одоогоор ийм эдийн засаг энэ бөмбөрцөг дээр алга. Бартер биш сонгодог зах зээлийн тоглоомын дүрэм арилжаа, солилцоо эхлэхээс өмнө тогтсон байх агаад урьдчилсан ийм нөхцөл, хамгаалалт, итгэлгүйгээр усан тэнэг л биш бол хэн ч томоохон цар хүрээтэй үйл ажиллагаа явуулахгүй нь ойлгомжтой.
1990 оноос манай эдийн засаг хөгжиж, өөрчлөгдөж ирсэн байдлыг ажихад ерөнхийдөө зах зээлийн үл үзэгдэх гар бүхнийг хар аяндаа зохицуулж, төрийн оролцоо хичнээн бага байна төдийчинээ сайн гэсэн үзэл баримтлал бодлогод зонхилж ирсэн байна.
Сонгууль бүрийн дараа төрийн эдийн засгийн бодлогод ялсан намын хөтөлбөрт тулгуурласан гэх өөрчлөлтүүд ордог ч тэр нь гол төлөв улстөржсөн, урьдахаа үгүйсгэсэн, урт хугацааны төлөвлөгөө, тогтвортой хөгжлийн үнэр ч үгүй явж ирсэн гэхэд хилсдэхгүй.
Төлөвлөгөө, сахилга хариуцлага, тайлан ярьсан нэгэндээ “хуучинсаг”, “коммунист”, “хоцрогдсон”, “ардчилал, зах зээлийн дайсан” гэх мэт хаягийг нааж хүчийг нь сулруулан зах зээлд шүтэх баримжааг л ихэнхдээ баримталж эдийн засаг дахь төрийн зохистой оролцоог аль болохоор хойш тавьж ирсэн нь эндээс харагддаг.
Гэтэл ардчилсан, зах зээлийн нийгэмд төлөвлөгөө байх ёсгүй гэж барууны эдийн засгийн ямар ч номлолд байхгүй. Одоо болтол Барууны нэр хүндтэй их, дээд сургуулиудад төлөвлөгөөт эдийн засгийн талаар тэр ч бүү хэл Марксын эдийн засгийн онолыг тусгай курс болгон таниулдаг. Бодох, хэрэглэх зүйл түүн дотор байгаа учраас л тэр. Барууны орнууд бүгд манай хуучин Төлөвлөгөөний комиссоос илүү холыг харсан нарийн төлөвлөгөө боловсруулж, түүнийгээ баримталж ажилладаг, харин тэр нь прогноз, хөтөлбөр г.м өөр өөр нэр томьёотой. Социализмын үед манай Төлөвлөгөөний комисс АНУ болон ЗХУ-д хоёуланд нь хэрэглэж байсан салбар дундын балансын аргыг эзэмшиж, төлөвлөлтийн ажлын компьютержүүлж эхэлж байсан. Харин өнөөдөр улс орноороо хамгийн хол гэхэд нэг жилийн төлөвлөгөөтэй буюу улсын төсвөөс өөр хэтийн төлөвлөгөөгүй улс болоод бид бүтэн нэг үе өнгөрч байна. Нэгэнт л урьд нь бусдын явсан замаар явъя гэсэн бол сайныг нь авч, саарыг нь тойрч явмаар.
Сүүлийн үед олон онолчид, улс төр, эдийн засгийн судлаач, эрдэмтэд капитализм, социализмын аль алинаас өөрийн орны түүх, заншил, геополитик, геоэдийн засгийн нөхцөл байдалд аль болох нийцсэн зам, бодлогыг сонгон авах нь зөв гэсэн байр суурийг илэрхийлж нотолгоо, баталгаа гаргах нь олонтаа болов. Эдийн засгийнх нь ерөнхий хэмжээ, цар хүрээ, нийгмийн баялгийн хуваарилалт, ийн хуваарилахын суурь бодлого аль ч улс гүрний хувьд зөвхөн өнөөдрийнх нь хувьд биш, цаашдын хөгжил, дэвшил, оршин тогтнохуйн нэн чухал суурь болж байна. Өндөр хөгжсөн капиталист нийгмийн өнөөгийн төвшиндээ хүрсэн арга замнал, тухайлбал баялаг бий болгоход капитал, хөдөлмөр хоёрын гүйцэтгэж ирсэн түүх, дэлхий даяараа санаагаа зовоож буй баян, хоосны ялгаа нь эдийн засагчид, улстөрчдийн толгой өвтгөх гол сэдэв нэгэнт боллоо.
Бид яах вэ? Төлөвлөгөө, урт хугацааны бодлого, төлөвлөлтийн асуудлыг түр орхиод ер нь Монголын эдийн засаг хэр зэргийн зах зээл вэ, яаж ойлговол зохистой юм бол гэж бодож үзье.
Зах зээлийн эдийн засаг гэдэг бол юуны өмнө цар хүрээ томтой бодит зах зээлтэй эдийн засгийг хэлнэ. Зах зээлийн эдийн засаг нь XIV-XV зууны үеийн Европт буюу тэр үеийн хамгийн хүн ам ихтэй, харьцангуй бага нутаг дэвсгэр дээр маш нягт оршин сууж байсан орчинд үүссэн түүхтэй. Түүнээс хойш зах зээлийн эдийн засгийн хүрээ зогсолтгүй үргэлжлэн тэлсээр орчин үед олон бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний солилцоо, арилжаа бүх дэлхийг хамарсан. Тэгвэл манай улс гуравхан сая хүнтэй, түүний гуравны хоёр нь хүүхэд, тэтгэвэрийнхэн, ажлын чадваргүй хүмүүс. Хүн амын гуравны нэг нь хөдөө, маш сийрэг 1.5 сая кв.км-т тархай амьдардаг. Иймд нийслэл хотыг эс тооцвол сонгодог утгаараа зах зээл угаасаа бүрдээгүй, бүрдэх нөхцөлгүй гэдгийг юуны өмнө хаа хаанаа сайтар ойлгох шаардлагатай санагдана. Хүнс, өргөн хэрэглээний бараа, худалдаа үйлчилгээ гэсэн цөөн салбарыг эс тооцвол бусад салбарт зах зээлийн хэрэглээ, багтаамж бага, оролцогч цөөн, үйлдвэрлэгч бүр цөөхөн, хуримтлал бий болгох болон худалдан авах чадвар муу, бараа солилцооны давтамж бага, улирлын шинжтэй, дэд бүтэц сул. Ийм байдалд зах зээлийн сонгодог хуулиуд жинхэнэ утгаараа үйлчлэх боломжгүй бөгөөд ил далд ямарваа нэгэн монопольт байдал заавал үүсдэг. Чухамхүү зах зээлийн нөхцөл үндсэндээ бүрдээгүй ийм эдийн засгийг чөлөөт зах зээлийн хуулиуд аяндаа зүгшрүүлчихнэ гэж бид найдан том зах зээлтэй орнуудын туршлага, арга ухаанаар удирдахыг оролдож өдий хүрлээ. Энэ нь морин тэргийг автомашины заавар дүрмээр жолоодохтой адил мэт гэмээр. Бид одоо болтол чухам ямархуу эдийн засагтай улс оронд амьдарч байгаагаа ухаараагүй явна гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу. Дээр нь эдийн засгийн шинжлэх ухааныг хэрэг дээрээ үгүйсгэж, эдийн засагчдыг хувийн компанийн эзэнтэй, менежертэй адилтган ажлыг нь хэн ч хийчихнэ гэж үзэх болсон. Эдийн засгийн судалгааны нэг ч байгууллага үлдээгүй, дээр нь Засгийн газрын эдийн засгийн албадуудад байн байн бүтцийн өөрчлөлт хийж, боловсон хүчнийг нь халж солино.
Бид эдийн засгаа удирдах тогтолцоогүй болсны дээр эдийн засгийг хуулийн актуудаар, улс төрийн эсвэл захиргааны аргаар удирдаж болдог, удирдах ёстой гэсэн албан ёсны биш ч гэсэн нийтлэг ойлголт нэгэнт тогтжээ.
Энэ байдлыг даруй үндсээр нь засах шаардлагатай болж байна. Юуны өмнө манайх шиг онцлогтой, туйлын хязгаарлагдмал зах зээл бүхий эдийн засгийг чөлөөт зах зээлийн гарт зөнд нь орхиж болохгүй нь. Харин ч зах зээлийн хамгийн нарийн бодлого, төрийн маш болгоомжтой атлаа өрсөлдөөн, санаачилга, ухаалаг оролцоо байх ёстой гэдэг дээр хатуу тогтож, Эдийн засгийн удирдлагын тухай хууль гаргах хэрэгтэй байна.
Төсөв, мөнгөтэй холбоотой хариуцлагаа зохицуулах гэж ганц хоёр хууль гаргаснаа дөрвөн жил бололгүй хүчингүй болгоод шидчихсэн. Одоо 2030 он хүртэлх хөгжлийн үндсэн чиглэл, урт хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль гээд хоёр бодлогын баримт байна. Гэтэл шинээр байгуулагдсан Үндэсний хөгжлийн газраас бусад нь энэ хоёроо ч баримталж байгаа юм алга. Бас л Монголын хууль гурав хонодогийн замаар орох вий дээ. Ирээдүйгээ тодорхойлдог тогтолцоотой, түүнийгээ хэрэгжүүлдэг тоглоомын дүрэмтэй, эв нэгдэлтэй болж авахгүй бол Азийн цээжинд ассан ардчиллын бамбар гэдэг гуншингаар хол явахаа болилоо, Монгол Улс. Гэрэл бүдэг, илч сул ийм бамбар хэнд хэрэгтэй юм бэ. Та юу гэж бодож байна?

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.