НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Орших Эс оршихын ЗӨРЛӨГ ДЭЭР

ner.mn     Нийтлэгч
3 жилийн өмнө /2017-03-31 12:05:03 GMT +8 / | 2773 удаа уншсан

Хуульч В.Удвал

Монгол Улсад ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн баяр ёслол төгөлдөр өндөрлөж, түүнийг өөрчлөх шинэ аянд мордоод буй монголчууд бид орших, эс оршихын зөрлөгт хүссэн ч, эс хүссэн ч тулж ирээд байна. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд парламентын шинэ бүрэлдэхүүн гарч ирэх бүртээ Үндсэн хуулиа өөрчлөх их ажлыг эхлүүлж, үр дүнд хүрсэн эс хүрсэн түүх огт мартагдаагүй байна. Тухайлбал, 2000 (1999) онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг “дордохын долоо” нэрээр  монгол хүн бүр мэддэг болжээ. Үүнийг тэрлэн суугаа судлаач Үндсэн хуулийг огт өөрчлөхгүй  гэж гэдийдэггүй нэгэн бөгөөд харин ч судалгаа шинжилгээнд тулгуурласан шинжлэх ухааны үндэслэл бүхий өөрчлөлт шинэчлэлийг хүсдэг нэгэн билээ. Гэхдээ энд нэмэлт, өөрчлөлтийн талаарх асуудлыг хөндөх гэсэнгүй харин ардчилсан, шинэ Үндсэн хуулиа өөрчлөхийн өмнө түүнийг бид хэрхэн ойлгож, хэрэгжүүлж байгаа талаар үзэл бодлоо өөрийн судалгаанд тулгуурлан хуваалцах гэсэн юм.
1990 онд өмнө нь мөрдөгдөж байсан (1960 оны) Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар Монгол Улсад шинэчлэлийн “асар хүчтэй үер буусан”. Өөрөөр хэлбэл, тухайн үеийн дэлхий дахинд болж байсан глобаль өөрчлөлтөөс бид хоцроогүй юм. Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс (тэр үеийн нэрээр)-д 1980-аад оны дунд үеэс эхэлсэн өөрчлөн байгуулалтын давалгаа, Хятадад болж байсан оюутны хөдөлгөөн, Зүүн Европын орнуудад “сэвэлзсэн” ардчиллын салхи гэх мэт гадаад ертөнцийн өөрчлөлтүүд дээрх Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн өдөөгч нь байсан билээ. Мөн дотоодод бий болсон шинэчлэлийг хүссэн залуучуудын нэгдэл ч өөрчлөлтийн суурь зарчмыг бий болгоход нөлөөлсөн байна. 1988 оны 11 дүгээр сард хуралдсан МАХН-ын Төв Хорооны 5 дугаар бүгд хурлын тогтоолд “БНМАУ-ын Үндсэн хуулийг шинэчлэн найруулах тухай” заалт оржээ. Үүний үр дүнд 1989 оны 2 дугаар сарын 2-нд “БНМАУ-ын Үндсэн хуулийг шинэчлэн найруулах комисс байгуулах тухай” МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны 20 дугаар тогтоол гарч, комиссын даргаар МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ж. Батмөнх,  комиссын нарийн бичгийн даргаар МАХН-ын Төв Хорооны гишүүн, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн хэлтсийн дарга Б.Чимид нарыг томилж байжээ. Ийнхүү 1990 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Ардын Их Хурлын 11 дэх удаагийн 8 дугаар чуулган хуралдаж, 1960 оны Үндсэн хуулийн оршил хэсэг болон 82 дугаар зүйлд байсан нэг нам удирдан чиглүүлэгч байх заалтыг хасаж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан байна. Энэ нь төрийн болон намын нийгэмд гүйцэтгэх үүргийг зааглахад чухал алхам болсон юм. Тухайн үед улс төрийн шинэчлэлийн гол зорилго нь нийгмийн амьдралын бүх талыг ардчилах замаар хувь хүний ашиг сонирхлыг нийт нийгмийн ашиг сонирхолтой зөв хослох, хүний чөлөөтэй хөгжлийг хангах явдал байлаа.
Аливаа Үндсэн хуулийн өөрчлөлтийг суурь зарчмын өөрчлөлт, тухайн Үндсэн хуулийн суурь зарчмыг  өөрчлөхгүйгээр  нэмэлт, өөрчлөлт хийх гэсэн хоёр үндсэн хэсэгт ангилан авч үздэг. Тэгвэл 1990 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт нь өмнөх өөрчлөлтийн хамт суурь зарчмын өөрчлөлт байсан билээ. Учир нь төрийн тухай ойлголтыг онолын төвшинд ч, зохион байгуулалтын төвшинд ч өөрчлөн, шинэчилсэн юм. Тухайлбал, БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулийн “БНМАУ-ын төрийн дээд эрх барих ёс” гэсэн нэгдүгээр бүлэгт а БНМАУ-ын Ардын Их Хурал, б БНМАУ-ын Бага Хурал, в БНМАУ-ын Ерөнхийлөгч гэсэн хэсгүүдийг оруулж, хоёрдугаар бүлэгт “БНМАУ-ын Засгийн газар” гэсэн нэмэлтийг хийн, 1960 оны Үндсэн хуулийн гурав, дөрөвдүгээр бүлгийг тус тус хүчингүй болгосон байна. Энэ нь 1924, 1940, 1960 оны Үндсэн хуульд байгаагүй цоо шинэ зарчмын өөрчлөлт байсан юм. Энэхүү нэмэлт өөрчлөлтийн тухай хуулийн 7 дугаар зүйлд “БНМАУ-ын  Бага Хурлын гишүүнийг БНМАУ-ын Ардын Их Хурал нэр дэвшсэн хүн нэг бүр дээр хэлэлцэж саналыг нууцаар гаргаж сонгоно. Ийнхүү сонгоход хууль ёсоор бүртгэгдсэн намуудын нэрийн жагсаалтаар нийт сонгогчийн саналыг шууд, нууцаар хурааж, түүний дүнг үндэслэн БНМАУ-ын Бага Хурлын гишүүний мандатыг зохих тооны санал авсан намуудад хувь тэнцүүлэн хуваарилна...” хэмээсэн байх бөгөөд энэ нь Монгол Улсад урьд өмнө нь огт байгаагүй олон ургалч үзлийг хүлээн зөвшөөрч, нэг намын  тогтолцоог халах өмнөх өөрчлөлтийн үргэлжлэл болсон байна. БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга П.Очирбат БНМАУ-ын Ардын Их Хурлын 11 дэх удаагийн сонгуулийн 9 дүгээр чуулганд тавьсан “БНМАУ-ын төрийн эрх барих дээд байгууллагын бүтцийг өөрчлөн шинэчлэх тухай БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулийн төсөл” илтгэлдээ: “...Манай төрийн эрх барих дээд байгууллагыг өөрчлөн шинэчлэх асуудлын агуулгын гол нь түүний зохистой бүтэц бий болгож, төр, засгийн эрх мэдлийг харилцан хамаарал, зөв тэнцэлтэй хуваарилах хамгийн оновчтой шийдвэр гаргахад оршиж байна” хэмээн төрийн эрх мэдлийг хуваарилж, хяналт, тэнцвэртэй байлгах Ш.Л.Монтеськегийн ардчилсан онол зарчмыг хуульчлан баталгаажуулах суурийг тавьжээ.   
Үндсэн хуулийн дээрх өөрчлөлтүүдийн үр дүнд орчин үеийн улс орнуудын төрийн байгуулалт дахь Ерөнхийлөгчийн болон парламентын Бүгд Найрамдах Улс гэсэн хоёр үндсэн хэлбэрийн парламентын хэлбэрийг сонгон улс орныхоо хөгжлийн цаашдын чиг баримжааг тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, төрийн эрх барих дээд байгууллагын тогтолцоонд Ардын Их Хурал гэсэн түүхэн нэрийг ард олны саналын дагуу хэвээр үлдээж, бүрэн эрхийг нь шинэчилсэн байна. Түүний онц эрхийн хүрээнд БНМАУ-ын Үндсэн хуулийг батлах, өөрчлөх, Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч сонгох, чөлөөлөх, огцруулах, Улсын Бага Хурлыг сонгох, бүрэлдэхүүнд нь өөрчлөлт оруулах, ажлынх нь тайланг хэлэлцэх, Үндсэн хуулийн хяналтын зөвлөл, Засгийн газрын Ерөнхий сайд, Дээд шүүхийн дарга, Улсын ерөнхий прокурор зэрэг дээд албан тушаалтныг батлах, өөрчлөх, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн үндсэн чиглэлийг батлах зэрэг зангилаа асуудал хамаарч байлаа. Мөн үүний хамт авсаархан, мэргэшсэн бүрэлдэхүүнтэйгээр байнга ажиллаж, хууль тогтоох, хянан шалгах, зохион байгуулах үүрэг бүхий төрийн эрх барих дээд байгууллага Улсын Бага Хурлыг байгуулсан юм. Үүний тулд намуудын нэрийн жагсаалтаар Сонгуулийн хуулийн дагуу сонгогчдын саналыг авч нийт саналын дүнд тухайн намын авсан саналын мандатын тоогоор Бага Хурлын гишүүдийг бүрдүүлжээ. Тэгэхдээ Ардын Их Хурлын депутатуудын дотроос буюу шаардлагатай бол намын гишүүн ба гишүүн бус өөр хүний нэрийг дэвшүүлэн Ардын Их Хурал нэг бүрчлэн хэлэлцэж, депутатууд саналаа нууцаар гарган олонхын санал авсан хүнийг Бага Хурлын гишүүнд сонгогдсонд тооцож байжээ. Тухайн үедээ Бага Хурлыг дарга, орлогч дарга, нарийн бичгийн даргаас гадна 50 гишүүнтэй байхаар тооцоолжээ. Мөн ийнхүү Улсын Бага Хурлыг бүрдүүлэх нь шууд хийгээд төлөөллийн ардчиллыг хослуулсан, шударга ёсны зарчимд нийцсэн арга зам гэж үзэж байв. Ардын Их Хурлын 9 дүгээр чуулганы хуралдаанд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга П.Очирбат тавьсан илтгэлдээ “Бага хурлын гишүүн ямар хүн байх вэ? гэдэг асуудал хөдөлмөрчдийн анхаарал их татаж байна. Төрийн эрх барих байнгын дээд байгууллагад сонгогдож ажиллах хүнийг онож сонгоод зохих төвшинд нь хүргэн ажиллуулж чадвал ард түмний засаглалыг бодитой хэрэгжүүлэхэд шийдвэрлэх нөлөөтэй билээ” гэжээ. Тэрээр цааш нь хэлэхдээ “...хамгийн гол нь байнга ажиллах хууль тогтоох дээд байгууллагын гишүүн бол нийгэм, эдийн засаг, улс төр, эрх зүй, оюун санааны амьдралын улсын хэмжээний гол асуудлыг бие дааж шийдэх чадвартай, засаг, төрийн ажилд мэргэжиж дадлагажсан, нэг үгээр хэлбэл төрийн мэргэшсэн зүтгэлтэн байх ёстой” гэжээ. Энэ нь цоо шинэ байнгын ажиллагаатай хууль тогтоох байгууллагыг бий болгоход, гишүүдийн үүрэг хичнээн ихийг тодотгосон хэрэг юм. Энэ зарчим нь яваандаа мөнгөний шалгуурт унаж, төлөөллийн ардчиллын утгыг алдагдуулан байнгын ажиллагаатай парламентад мөнгөөр уралдан сонгогдох боломжийг нээсэн байна.
Төрийн байгуулалтын шинэчлэлийн анхны зургийг гаргасан МАХН-ын Төв Хорооны 1988 оны V бүгд хурлын баримт бичигт Ардын Их Хурлын даргыг төрийн дээд албан тушаалтан болгох санааг анх дэвшүүлсэн. Гэвч хөдөлмөрчдийн болон эрдэмтдийн гаргасан саналыг харгалзан Үндсэн хуулийн нэмэлтийн төсөлд Ерөнхийлөгчийн тухай оруулж хэлэлцүүлэн баталсан байна. Ийнхүү 1924 оны Үндсэн хуульд “тэргүүлэх дарга Да жунтангүй улс болно” гэснээр биш, шинээр Ерөнхийлөгчийн институцийг бий болгосон билээ.  
Эдгээр өөрчлөлтийн хүрээнд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийг “Засгийн газар” гэж нэрлэх болсон. Энэ өөрчлөлт зөвхөн нэрээр хязгаарлагдаагүй бөгөөд кабинетын зарчмаар ажиллах цоо шинэ “төрийн хуулийг биелүүлэх үндсэн дээр улс орноо удирдаж, хууль тогтоох байгууллагын өмнө үйл ажиллагаагаа хариуцан хэрэгжүүлдэг” байгууллагыг бий болгох асуудал байлаа. Энэ бүхэн ардчилсан зарчмыг үндсээ болгосон төрийн харилцааны үнэт зүйлсийг шинэ Үндсэн хуулиар бататган бэхжүүлэх шаардлагыг бий болгосон юм. Тухайн үеийн их өөрчлөлт, тэр дундаа нийгмийн улс төрийн хүрээн дэх шинэчлэл өөрчлөлт нь бүх нийтээр ардчилалд суралцах, улс төр, эрх зүйн өндөр соёл эзэмшихийг гарцаагүй шаардсан төдийгүй Монгол хүн сэтгэлгээний хувьд өөрчлөгдөх суурийг бэлтгэсэн гэж хэлж болох юм. Гэхдээ бид энэ бүх өөрчлөлтийг ардчилсан шинэ Үндсэн хуулиараа баталгаажуулсан боловч ард иргэддээ түүнийг таниулах, цоо шинэ үнэт зүйлсээр баримжаалсан соёлыг төлөвшүүлэх ажлыг орхигдуулсан юм. 1990-1992 онд хийгдсэн суурь, зарчмын өөрчлөлтүүд нь нэг нийгмийн төлөв байдлаас нөгөө нийгмийн төлөв байдалд шилжих шилжилтийн үетэй давхцаж байсан билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.