НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Сансрын тойрог замд золтой л үлдчихээгүй

П.Соёлдэлгэр     Нийтлэгч
1 жилийн өмнө /2017-04-07 12:43:17 GMT +8 / | 2116 удаа уншсан

Валентина Терешкова сансарт нисэхдээ “Цахлай” гэсэн дуудлагын дохиотой байсныг нь бэлгэдэн, Владимир Путин түүнд “Цахлай Волга мөрөн дээгүүр нисэж байна” зураг, “Цахлай Волга мөрөн дээр бууж байна”гэсэн баримал бэлэглэжээ. Оросын ерөнхийлөгч Владимир Путин дэлхийн анхны сансрын нисэгч эмэгтэй Валентина Терешковаг 80 насны ойгоор нь хүлээн авч уулзахдаа “Дэлхийн сансрын анхны эмэгтэй нисэгч цаг ямагт Эх орондоо үнэнч зүтгэдэг хүний үлгэр жишээ, бэлгэ тэмдэг болж ирснийг”онцлон тэмдэглэсэн байна. Валентина Терешкова бол сансарт ганцаараа ниссэн цорын ганц эмэгтэй. Түүний дараагийн эмэгтэй нисэгчид бүгд  багийн бүрэлдэхүүнд орж, сансарт нисч иржээ.  ВалентинаТерешковагийн “Восток-6” хөлгөөр хийсэн нислэг 1963 оны зургадугаар сарын 16-наас 19-ний өдрүүдэд гурав хоног үргэлжилж, ХХ зууны түүхэнд үлдсэн юм. Дэлхийн  сансрын анхны нисэгч эмэгтэй, хошууч генерал цолтой анхны эмэгтэй, “ХХ зууны гайхамшигт эмэгтэй”, ЗХУ-ын баатар,  Төрийн Думын гишүүн Валентина Терешкова төрсөн өдрийнхөө ойн өмнөхөн Ярослав мужид очих үеэр түүнтэй “КП” радиогийн сурвалжлагч уулзахад “Би Ярославын газар нутагт төрж, өссөн. Тийм болохоор, энд надад гэртээ ирж байгаа юм шиг л санагддаг” гэж хэлжээ. 

-Валентина Владимировна, тантай уулзах боломж гаргасанд баярлалаа.
-Би одоо юугаа ярих болж байна аа. Та нар миний тухай бүгдийг мэдэж байгаа шүү дээ.
-Гэхдээ өөрт чинь  ярих зүйл үлдсэн байлгүй яахав. Бас одооны амьдралыг чинь хүмүүс сонирхоно гэдэгт итгэлтэй байна. Таныг 80 насныхаа ойгоор шүхрээр бууна гэсэн яриа сонссон? 
-Хэнээс сонсоов? Би тэгээд хаана шүхрээр буух болж байна?
-Энд Ярослав мужид... Яг хаана гэдгийг нь тодорхой хэлж мэдэхгүй. Нэлээн дээгүүр алба хашдаг хүн ингэж хэлж байсан. 
-Энэ ярилцлагыг миний ойгоор гаргах гэж байгаа бол шүхрийн талаар ярьсны хэрэггүй. Би шүхрээр дуртайяа буух байсан. Харамсалтай нь, чи ч мэдэж байгаа, одоо миний хувьд шүхрээр “наадаад” байх үе  биш гэдгийг...  
-Тэгвэл бодитой юм биш бол үүнийг хоёулаа ярианаасаа хасчихъя. 
-Та нар хасна гэж амлачихаад дараа нь бичээд нийтэлчихдэг.
-Үгүй дээ. Энэ чинь радиогоор гарна шүү дээ.
-Хэрэв шууд нэвтрүүлэг биш бол та нар яриа засаад эвлүүлчихэж дөнгөх байлгүй (инээв).
-Би үнэндээ Терешковагийн жинхэнэ төрхийг харуулах гэсэндээ дээрх асуултыг асуусан юм. Миний энэ асуулт хожим олон зүйлтэй холбогдох болно. Тэгээд ч Ярославт шүхрээр буух гэсэн мөрөөдөл тэр үеийн Валя Терешковаг дахин танд мэдрүүлэхэд туслаж магадгүй юм.
-Битгий зохиогоод бай л даа...Юутай ч энэ бол миний төрсөн газар нутаг. Бас эндэхийн нисэх клуб сэтгэлд дотно газрын нэг. Эндэхийн агаар нь хүртэл онцгой санагддаг. Шүхрээр хамтдаа хичээллэж байсан охид хөвгүүдийн тэр төрх сэтгэлд тод үлдсэн байна. Бид сансар огторгуйг эзэгнэнэ гэсэн том мөрөөдөл тээж явсангүй. Зүгээр л өөрийгөө ялан дийлэх, шүхрийн спортоор хичээллэж, шүхрээр бууж сурах гэсэн жирийн хүсэл мөрөөдөлтэй байсан юм. Зөвхөн өдөр ч биш бас шөнө, хуурай газарт төдийгүй гол мөрөн дээр шүхрээр буух дасгал хийдэг байсан. Бид мөн тухайн үеийн ЗХУ-ын Агаарын нисэх хүчний өдөр наймдугаар сарын 18-нд Волга мөрөн рүү үсрэх шүхэрчдийн багийн бүрэлдэхүүнд орохыг хүсдэг байлаа. 
-Тэгээд Волга мөрөн рүү үсрэв үү?
-Тэгэлгүй яахав.
-Хэдэн удаа?
-Харамсалтай нь ганцхан удаа, тэр баярын өдөр. Миний бага дүү намайг шүхрээр буухыг харуулах гэж ээжийг ятгаж талбайд авчирсан байсан. Нисэх онгоцноос шүхэрчдийг үсрэх үед овог нэр, ажлын газар, хэдэн удаа шүхрээр буусныг нь зарласан. Би Волга мөрөн дээр буун, шалба норсон амьтан ээж рүүгээ очоод “Ээж ээ, та намайг харав уу. Одоо та намайг шүхрийн спортоор хичээллэхийг эсэргүүцэхгүй биз дээ” гэж асуулаа. Тэгтэл ээж минь намайг үсрэхийг эрс эсэргүүцэж “Хэрэв осолдож гэмтвэл гэртээ битгий ирээрэй” гэж хэлж байсан.
-Таныг сансарт нисэх гэж байгаа тухайгаа ээждээ хэлээгүйн учрыг одоо л ойлгох шиг боллоо...
-Юуны өмнө энэ нь маш нууц зүйл байсан юм.
-Королев хориглосон хэрэг үү?
-Үгүй, Королев биш, тусгай албаныхан.  Ганц би ч биш, сансарт анх удаагаа нисэх хүн нууцыг задруулахгүй гэсэн гарын үсэг зурдаг байсан юм.
-Нийтэд албан ёсоор мэдээлэх хүртэл үү?
-Тийм ээ. Би сансрын нислэгийн буудлын талбай руу явахынхаа өмнө ээждээ хэдэн захидал бичсэн юм. Тэрнийгээ нислэгийн бэлтгэлийн Төвд үлдсэн хүмүүст өгөөд “Хэдэн өдрийн дараа үүнийг ээжид минь явуулаарай” гэж хүслээ. Тэгээд миний сансарт ниссэн өдөр буюу 1963 оны зургадугаар сарын 16-нд ээж минь миний шүхрээр хэрхэн үсэрч байгаа “үлгэр”-ийг уншаад сууж байсан гэдэг. Би захидалдаа “Намайг ЗХУ-ын шүхрийн спортын шигшээ багийн хоёрдугаар бүрэлдэхүүнд оруулсан. Шүхрээр бууж байгаа. Санаа бүү зов, бүх зүйл сайн байна.” гэж бичсэн. Түүнийг миний захидлыг уншиж суух яг тэр үед намайг сансарт ниссэн тухай зарласан юм билээ. Тэгэхэд манайх телевизоргүй байсан юм. Ээж миний захидлыг унших гээд радиогоо ч асаагаагүй байсан гэдэг. Тэгтэл хөршүүд минь гүйлдэн орж ирээд “Елена, чиний охин Валентина сансарт ниссэн байна” гэхэд ээж “Та нар юугаа яриад байгаа юм бэ. Би түүний захиаг уншаад сууж байна. Валя шүхрээр үсэрч байгаа. Энд ямар ч сансар гэсэн үг алга” гээд хөдөлсөнгүй. Телевизортой нэг хөрш минь ээжийг гэртээ дагуулж оруулаад мэдээ үзүүлжээ. Мэдээг хэд дахин давтсан болохоор ээж минь итгэсэн байх.
-Нисэх гэж байгаа нь гэрийнхэнд нь цухас боловч дуулгаж болоогүй юм байх даа.
-Би дээр хэлсэн шүү дээ. Үүнийг эрс хориглож байсан гэдгийг... Би дотроо ижийгээ их өрөвдөж байсан. Сүүлд ээж минь намайг нисэх онгоцны буудал дээр угтахаар ирсэн. Нислэг дууссан тухай Никита Сергеевич Хрущев тэргүүтэй дээд удирдлагуудад илтгэлээ. Би тогтсон журмын дагуу илтгэж эхэлтэл гэнэт ээжийнхээ “Охин минь намайг хуурчээ” гэж чанга хашгирахыг сонслоо. Би илтгэхээ секунд хэртэй зогссон байх... Илтгэж дууссаны дараа би ижийгээ тэврэхэд  ээж минь “Охин минь намайг хуурлаа” гээд уйлаад л байсан.Би түүнийг тайвшруулан “Дараа хоёулаа энэ талаар ярья тэгэх үү” гэлээ. Харин  Никита Сергеевич Хрущев, Алексей Николаевич Косыгин нар дөхөж ирээд ээжид “Елена Федоровна, энэ талаар маш их нууцалсан учраас охин чинь танд юу ч хэлээгүй юм” гэж хэлсэн. Хожим ээж минь намайг өөрийг нь хуурсаныг дурсаж байсан даа. Ээж минь эх хүний өгөөмөр сайхан сэтгэлээр охиндоо санаа зовдог байсан. Тэр яагаад ч юм бэ шүхрийн спортыг аюултай гэж санадаг байж...Тэгээд бүр намайг сансарт ниссэн гэхээр санаанд нь багтахгүй байсан бололтой. Гэхдээ ээж минь орчин үеийн хүн байсан. Би зөвхөн Королев, Гагарины ачаар сансрын нисгэгч болсон юм биш. Бас ээжийнхээ ачаар... Ээж минь Аленка охины минь өсгөлцөж, надад  Жуковскийн нэрэмжит цэргийн агаарын инженерийн академид суралцах, сансрын нисгэгчдийг бэлтгэх Төвд ажиллах, гадаад, дотоодын орнуудаар явах боломж олгож, гэр бүлийн минь ар талын найдвартай, үнэнч туслагч минь байсан юм. Ээжийн минь үхэл надад тун хүнд туссан даа. Ижийг минь надаас булааж авсан Эх дэлхийг уучлахад хэцүү байсан. Ээж минь нэг удаа надаас чи сансарт нисч явахдаа тэнд аавыгаа хараагүй биз гэж асууж байсан. Тэгэхэд би, намайг Алтайн хязгаарт газардахад нэг их настай эмэгтэй дөхөж ирээд “Охин минь чи бурханыг харав уу” гэж асуусныг санасан юм. Түүнд юу гэж хариулахаа анхандаа сайн мэдэхгүй байсан. Бид нар тэгэхэд шашингүй үзлээр хүмүүждэг байлаа шүү дээ. Гэсэн хэдий ч “Би бурханыг харсангүй. Миний хөлөг бурханы явдаг замаас өөр замаар явсан болохоор түүнтэй тааралдсангүй. Гэхдээ тэр миний сэтгэл зүрхэнд надтай ямагт хамт байсан” гэж хэлсэн юмдаг. Мөнөөх эмэгтэй намайг тэвэрч аваад “Охин минь баярлалаа” гэлээ. “Би бурханыг хараагүй гэж хэлсэн шүү дээ. Та яагаад баярлалаа гэж хэлэв” гэхэд тэр “Чи намайг гомдоогоогүй болохоор би баярлаж байна” гэсэн. 
-Таныг загалмайлсан уу?
-Тэгэлгүй яахав. Намайг бараг дөрвөн настай байхад эмээ минь намайг загалмайлсан. Харин би сүмийн ламтныг зан үйлээ буруу хийлээ гэж санасан юм уу яасан юм бүү мэд, түүний гарыг нь хазчихсан гэсэн. Эмээ минь  яагаад ч юм бэ, чиний алдар цуу түгэх болно гэж ярьдаг байсан. 
-Эмээ чинь үнэн л хэлж дээ... Ингэхэд сансрын нисэгч Георгий Береговой та хоёрыг машинтай явж байхад гэнэт буудаж эхэлсэн гэдэг...
-Кремльд болсон явдлыг хэлж байна уу?
-Тийм, уг нь ЗХУКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Леонид Бережневт халдахыг завдсан террористуудын сум сансрын нисэгчдийн сууж явсан машиныг оносон гэж ярьдаг.
-Тэгэхэд машинд бас Андрей, Леонов хоёр байсан юм. Тэгтэл яг миний суудлын хажуугаар олон сум шунгинаж өнгөрсөн. Нэг нь ч намайг оноогүй. Сүүлд миний суудлын хавьд есөн газар сумнаас болж цөмөрсөн байсан. Тэнгэрээс аав минь намайг хамгаалсан байх. Миний аав Владимир Аксенович 27 настайдаа Финландын дайны үеэр амь үрэгдсэн юм. 26 настай байсан ээж минь, гурван хүүхэдтэйгээ үлджээ.  Тосгоныхон аавыг минь  маш сайхнаар дурсдаг байсан. Аав минь тракторчин, баян хуураар сайхан хөгжимддөг,  шударга хүн байсан гэдэг. 
-Машинд шунгинан сум орж ирж байхад ямар нэг аймшигтай хэрэг болж байгааг ойлгосон уу?
-Бид хамгийн түрүүнд жолоочдоо туслах гэж оролдсон. Гэхдээ түүнийг сум шууд оносон байсан. Үүний улмаас хоёр хүүхдийн аав Илья Жарков амь үрэгдсэн. Түүний дэргэд сууж явсан хамгаалалтын офицер шархадсан. Машины цонхны шил бутран үйрч миний гуталд шигдсэн тул  би анхандаа босч чадахгүй байсан. Тийм учраас гутлаа тайлуулах хэрэг гарсан. Миний хөлийг нэлээн их зүссэн болохоор тэсэхийн аргагүй их өвдөж байлаа. Энэ үед хамгийн түрүүнд бие муутай ээж, бяцхан хүүхэд минь санаанд орж ирэн, тэд нар маань надгүйгээр яах бол гэсэн бодол төрж байсан. 
-Энэ нь сансарт тохиолдсон явдлаас илүү аймшигтай санагдсан уу?
-Энэ хоёрыг хооронд нь зүйрлэхийн аргагүй.
-Яагаад гэвэл, та Сансарт нисэхийн тулд маш хүнд сорилтыг даван туулсан... Газардах гэж хөлгөө Эх дэлхий рүүгээ залтал, харин хөлөг  эсрэг тал руугаа эргэсэн гэдэг.
-Үнэндээ би сансрын тойрог замд золтой үлдчихээгүй юм аа. Энэ нууцыг олон жил хадгалсан. Хөлгийн программд ямар нэг алдаа байгааг би эхний хоногт анзаараад Сергей Павлович Королев, Юрий Гагарин хоёрт хэлсэн. Хөлөг буулт хийхийн оронд улам дээш хөөрч байсан. Ингээд намайг Эх дэлхийд газардахаасаа өмнө хөлөг минь “нөгөө тийшээ” нисээд байлаа. Тэгэхэд хөлгийн автомат программд алдаа гарсныг мэдсэн. Королев, Гагарин  хоёр надтай байнга холбоо барьж байсан болохоор би хэрэгтэй мэдээллээ аваад программын алдааг тэр даруй залруулж, буултын системээ тохируулсан. Тэгэхэд миний ойролцоо өөр хөлгөөр нисэж явсан Валерий Быковский ч надтай байнга холбоо барьж байсан. Бид чинь бүгд Королевын “дэгдээхэйнүүд”. Королевын урмыг хугалж болохгүй шүү дээ. Хожим бараг 30-аад жилийн дараа зохион бүтээгч эрдэмтэн Евгений Васильевич Шабаров анхлан миний нислэгийн үеэр гарсан алдааны талаар нийтэд ярьсан. Үүний дараа л би тэр талаар  дуугарсан.  
-Та 1960,70-аад оноос эхлээд удирдах ажил хийх болсон. Өөрөө амрах завгүй ажиллах юм.
-Ээж минь биднийг ганцаараа өсгөсөн болохоор хар багаасаа сайн ажиллах ёстой гэсэн ойлголттой болсон. Том эгч, дүү минь бүгд хөдөлмөрч хүмүүс байсан. Нөгөө талаар би чинь дайны үеийн хүүхэд. Дайны дараа даарч хөрч, өлсөж цангаж байлаа.  Энэ бүх хүнд хэцүүг даван туулахын тулд маш их ажиллах ёстой байсан. Ээж минь тэгж сургадаг байлаа. Хурдан том болж ээждээ туслах юмсан гэж бодож, сургуульдаа сурч, бас үйлдвэрт ажилладаг болсон. Аажмаар мөрөөдөлд минь жигүүр ургасан. Ялангуяа 1960-аад оны эхээр Юрий Гагарин сансарт нисэх тэр үед залуус шүхрийн спортыг улам их сонирхдог болсон. Би ч тэдний адил шүхрийн спортоор хичээллэж эхэлсэн. 
-Өөрөө харилцан ярилцахад тун энгийн хүн юм. Таны энгийн байдал намайг гайхшруулж байна шүү.
-Би өөрөөр ямар байх ёстой гэж?
-Та бол домог, түүхэн хүн шүү дээ...1980-аад оны сүүлээр сэтгүүлчид тантай уулзаж, хөлгийн бүхээгт гарсан эвдрэлийн тухай,  өөрийг чинь Андриян Николаевтай хэрхэн гэрлэсэн талаар асуухыг хүсдэг байсан. Гэтэл та хэнтэй ч уулздаггүй байсан. Харин сүүлийн жилүүдэд л нээлттэй болсон бололтой.
-Нэгд, би хэзээ ч өөрийгөө домог гэж бодож байсангүй. Хоёрт, хэн нэгэнтэй уулзаад өнгөрсөн түүх яриад суух зав багатай хүн. Зав гарвал Ярославт очихыг хүсдэг. Би Ярославын газар нутагт төрж өссөн. Тийм болохоор, энд надад төрсөн гэртээ ирж байгаа юм шиг л санагддаг. Думд ч гэсэн надад хийх ажил их байдаг. 
-Өөрөө Ангараг руу нисэхийг хүссэн. Харин зээ нар чинь таныг  явуулаагүй гэсэн.
-Юу гэж дээ.
-Андрей, Алеша хоёр надад  “Манай эмээ Ангараг руу нисэхийг хүсдэг юм. Бид түүнийг явуулахгүй” гэж ярьж байсан.
-Би чинь бие даасан хүн шүү дээ./инээв/ Тиймээ, сансрын нислэг зүүдэнд минь байнга орж ирдэг. 
-Ямар байдлаар?...
-Янз бүрээр... Ихэнхдээ би сансарт оччихсон Эх дэлхий рүүгээ харж байна гэж зүүдэлдэг.
-Танай том зээ Алеша чинь сансрын нисэгч болохоос буцдаггүй  бололтой.
-Түүнийг цэргийн алба сайн хаасанд нь  сэтгэл хангалуун байгаа... Десентийн цэрэг гэдэг онцгой анги шүү дээ. Бага зээ Андрей минь хийлээр сайн тоглодог юм. Ээж нь эмч  хэдий ч  хөгжимд авьяастай хүн. 
-Магадгүй таныг дуурайсан байх.
-Би нэхмэлчин байхдаа ардын хөгжмийн чуулгад украин, белоруссын үндэсний хөгжмийн зэмсгээр хөгжимддөг байсан. Тэр үеэс хойш олон жил өнгөрчээ.
-Хэрэв танд Ангараг руу нисэх боломж олдвол... 
-Нисэхээс буцахгүй. Заримдаа хүн боломжгүй зүйлээ мөрөөдөх сайхан байдаг шүү дээ. Нуулгүй хэлэхэд, Ангараг руу нисэж чадвал тэндээс буцаж ирэхгүй байсан ч яахав гэж бодсон удаатай. Би Ангараг гаригийг судалж, энэ талаар Королевтой олон удаа ярилцаж байсан. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.