НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Дэмьен Шазелл: Ла Ла Ленд гэдэг нь далд утгаараа Лос Анжелесийг хэлж байгаа юм

П.Соёлдэлгэр     Нийтлэгч
1 жилийн өмнө /2017-04-14 12:22:19 GMT +8 / | 1840 удаа уншсан

Найруулагч Дэмьен Шазелл  “Оскар”-ын шагналын шуугиан, мөн“Ла Ла Ленд” киноных нь дуулиан хараахан тасраагүй байхад шинэ бүтээл хийх бэлтгэл ажлаа эхэлж амжжээ. Тэрээр энэ удаа  Саранд очсон анхны хүн, сансрын нисгэгч Нил Армстронгийн тухай кино хийх юм. Жеймс Хансений “ Анхны хүн: Нил Армстронгийн амьдрал” гэсэн номноос сэдэвлэн бүтээж буй уг киноны гол дүрд Райан Гослинг тоглохоор  болжээ. Райан Гослинг найруулагч Дэмьен Шазеллийн “Ла Ла Ленд” киноны нэг гол дүрд тоглосныг үзэгчид сайн мэднэ. Дэмьен Шазелл  долоо хоног тутмын “The Hollywood Reporter” сэтгүүлийн сурвалжлагчтай уулзахдаа “ Хүн мөрөөдөлтэй байна гэдэг маш чухал зүйл. Би киноныхоо баатруудаар дамжуулан таны мөрөөдөл бодитой биш, биелэхгүй ч байж магадгүй. Гэхдээ мөрөөдлөө хэрэгжүүлэхийн төлөө ажилласны  ачаар амьдрал чинь утга учиртай байх болно.” гэж ярьсан юм.

-Одоогоос 85 жилийн өмнө найруулагч Норман Таурог 33 нас хүрэхээсээ 260 өдрийн өмнө “Оскар”-ын шагнал авч байсан юм. Тухайн үед түүнийг энэ нэр хүндтэй шагналын эзэн болсон хамгийн залуу найруулагч гэж бичиж байлаа. Тэгвэл чи энэ шагналыг 32 нас хүрснээсээ хойш 39 хоногийн дараа авлаа. Үүнд хэрхэн хандаж байна вэ? “Оскар”-ын шагнал хүртсэн хамгийн залуу найруулагч боллоо шүү дээ...
-Үнэнийг хэлэхэд энэ талаар юу ч бодож чадахгүй байна. Ер нь би шагнал гардуулах ёслолын ажиллагааны талаар бодохгүй байхыг хичээж байгаа... Кино маань ийм төрөлд нэр дэвших юм гэж санасангүй. Хойшид юу болохыг мэдэхгүй ч гайхалтай олон уран бүтээлчтэй тайзан дээр зэрэгцэн зогссондоо өөрөөрөө бахархсан...
-“Ла-Ла Ленд”-ийг олон хүн “Шербургийн шүхэр”, “Рошфорын бүсгүйчүүд” кинонуудын орчин үеийн Холливудын хувилбар гэж үзэж байна. Яагаад ийм мюзикл хийхээр болов? Энэ чинь аз сорьсон санаа байсан гэдгийг хүлээн зөвшөөрөх үү. Хамгийн сүүлд “Чикаго” мюзикл дэлгэцэнд гарсанаас хойш 16 жил өнгөрлөө. “Чикаго” кино үзэгчдийн талархалыг их хүлээсэн. “Чикаго”-г Бродвейн театрт ихээхэн амжилт олсны дараа кино хийсэн шүү дээ. Тэгтэл гэнэт Жастин Гурвицын цаг хугацааны болоод тайзны шалгуурт орж үзээгүй, хэний ч мэдэхгүй нэг хөгжмийг кинондоо сонгосон...
-Мюзикл хийх санаа оргүй хоосон зүйлээс төрөөгүй. Оюутан байхдаа Жастин бид хоёр хөгжмийн нэг хамтлагт цуг байсан юм. Тэр төгөлдөр хуур, би цохивор хөгжмийн зэмсгээр тоглодог байсан. Тэгээд хэзээ ч юм бэ бүү мэд, нэг өдөр бид рок од болох хүмүүс биш юм байна гэдгээ сайтар ухаарсан. Хөгжим сонирхохоос гадна кинонд дуртай байсан минь биднийг холбодог байлаа. Гэхдээ бид зөвхөн кино үзэх дуртай байсангүй. Жастин аль эртнээс киноны хөгжим бичихийг мөрөөдсөн. Харин би бүр гурван настай байхдаа кино хийнэ гэж ярьдаг байсан гэдэг. Бид Жак Деми найруулж, Мишель Легран хөгжмийг нь бичсэн “Рошфорын бүсгүйчүүд” гэсэн романтик мюзиклийг биширч, Холливудын мюзиклийн хаан гэгдэг Стэнли Доненийн бүтээлийг үздэг байлаа. Эдгээр кино сайхан амттай зүйл идсэний дараа сэтгэл хангалуун байдаг шиг тийм мэдрэмж төрүүлдэг байсан. Бид ч гэсэн бас нэг иймэрхүү кино хийхийг хүсдэг байлаа. Үүний зэрэгцээ аз сорьсон иймэрхүү төсөл хэрэгжүүлэхэд хүрэлцэхүйц хэмжээний тийм их мөнгө бид нар шиг шинэ хүмүүст олдохгүй гэдгийг ойлгож байсан юм. Ийм учраас уламжлалт киноны бүх шинжийг агуулсан “Огцом хэмнэл” кино хийхээр шийдсэн. Энэ киноны хөгжмийг Жастин бас бичсэн. 
-Танай гэрийнхний хэн нэг нь кино үйлдвэрлэлтэй холбоотой юм  уу? Гуравхан настай хүүхдэд яагаад кино хийх хүсэл төрсөн юм бол?
-Аз болоход манай гэр бүлийн хэн нь ч кино бизнестэй ямар ч холбоогүй. Аав минь профессор, математикч, ээж түүхч, дундад зууны үеийн түүхийг дагнан судалдаг. Эгч бид хоёр шинжлэх ухааны талаар янз бүрийн үзэл бодолтой, сонирхолтой гэр бүлд өссөн хүмүүс. Тэгээд ч тэр үү бид хэдийг хоолны ширээний ард сууж байхад  янз бүрийн маргаан нэг бус удаа үүсдэг байсан /инээв/. Үүний зэрэгцээ манай аав ээж хоёр амжилтад хүрэхэд амаргүй тийм мэргэжил сонгохыг эсэргүүцэж байсангүй. Кино урлагийг сонирхохыг минь эхнээсээ л дэмждэг байсан. Аав ээж минь намайг өдөржингөө гэрээсээ гарахгүй ямар нэгэн түүх зохиогоод, эсвэл кино үзээд суухлаар “гадагш гар” гэж шаарддаг л байсан. Тэр ч байтугай, аав “Ингээд суугаад байвал чамайг гудамжинд хүчээр хөөж гаргаад, гэртээ эргэж оруулахгүй шүү” гэж хүртэл “сүрдүүлдэг” байлаа. Гэхдээ тэдний дэмжлэгийн хүч, өөрийнхөө сонголтонд огтхон ч эргэлзээгүйн ачаар кино хийх ажилдаа аль болох сайн бэлтгэж, үүнд анхаарлаа бүрэн гүйцэд төвлөрүүлж ирсэн... 
-Хүүхэд байхдаа хамгийн үзэх дуртай байсан киноноосоо зарим нэгийг нь нэрлэ гэвэл...
-“Бороонд дуулагч”, “Шербургийн шүхэр” мюзиклд их дуртай байсан. Энэ хоёр бол би үзэнгүүтээ дурлаж, санаанд минь үлдсэн кинонууд. Бага байсан болохоор иймэрхүү романтик кино миний сэтгэлийг татсан байх. Мөн “Баярын зочид буудал” гэдэг  ялангуяа Зул сарын баярын үзэхэд таарсан гоёл мюзиклийг үзэх дуртай.  Хүүхэд байхдаа Чарли Чаплины тоглосон тухайлбал, “Их хотын гэрэл”, “Орчин цаг” кинонд дуртай байсан.  Холливудын шинэ үеийнхэн гэгдэг 1970-аад оны үеийн найруулагчдын бүтээлч өвөрмөц онцгой санагддаг. 
-Юутай ч романтик кинонууд чамай мюзиклд хийхэд хүргэжээ. Гэхдээ чи амжилтад хүрнэ гэдэгтээ яагаад тийм их итгэлтэй байсан юм бэ? Үүнээс өмнө Эмма Стоун, Райан Гослинг хоёрыг хамтарч тоглоход зохицно гэдгийг киночид сайн төсөөлж өгөхгүй байсан...
-Тиймээ. Чухам тийм болохоор л энэ нь надад сонин байсан юм. Хамгийн чухал зүйл гэвэл бидэнд сайхан хөгжим байсан. Түүнээс гадна Эмма Стоуныг  “Шөнийн зоогийн газар” гэсэн Бродвейн  мюзиклд анх амжилттай тоглосныг мэднэ. Райан Гослинг “Микки-Маус Клуб”-ын хөгжмийн нэвтрүүлэгт Жастин Тимберлейк Бритни Спирс хоёртой хамт оролцон дуулж, жүжигчин болох замаа эхэлж байсан хүн. Тийм болохоор манай хоёр жүжигчинд ч, надад ч дуулах бага сага туршлага байсан. Мэдээжээр, кино мюзикл тэр дундаа чиний хэлдэгээр цаг хугацаа, тайзны шалгуурт орж үзээгүй хүмүүс мюзикл хийнэ гэдэг амар бүтчих ажил биш. Тийм болохоор Эмма, Райан бид гурав бие биендээ даатгалгүйгээр эрэг дээрээс доошоо харайхыг зөвшөөрсөн хэрэг/инээв/. Мюзикл маш сайн эсвэл маш муу гэж байдаг. Дүрэм ёсоор энэ төрөлд дундаж гэж байдаггүй. Чухам  навс унаж болох энэ осолтой алхам биднээс киногоо сайн хийхийн тулд хамаг хүчээ шавхан ажиллахыг шаардсан. Зарим үед бидэнд байгаа хүчээс ч илүү зүйлийг нэхэж байлаа. 
-Тийм дээ. Зам түгжрэх үеэр дуулж бүжиглэж байгаа хүмүүсийг харуулж байгаагаар кино эхэлдэг. Зөвхөн машины зам дээрх энэ хэсгийн зургийг авахад л гэхэд киночдод маш төвөгтэй байсан болов уу. Үзэгчид үүнийг киноноос анх удаа харж байгаа болов уу. Энэ хэсгийн зургийг үнэхээр Лос-Анжелесийн машины зам дээр авсан хэрэг үү... 
-Тийм. Бидний кино зураг авах машин замын уулзварт 105, 110 гэсэн хоёр зам холбогдож байгаа юм. Бид хоёр өдөр тухайлбал, бямбад мөн дараагийн ням гаригт энэ хэсгийг хоёр цаг хаах зөвшөөрөл авсан юм. Харин тэр бямба гаригт жилийн хамгийн халуун өдөр болно гэдгийг яаж мэдэх билээ. Бүр тэр үед би үүнээс дор муу юм яасан ч тохиолдож болохгүй гэж бодож байлаа. Гэтэл нямд нь битүү манан таарсан. Бороогүй л болохоос “Бороонд дуулагч” киноны зургийг авч байгаа юм шиг надад хэсэг зуур санагдсан. Энэ хоёр өдрийн зургийг, хэн ч  нэг цул зүйл гэдэгт эргэлзэхгүй байхаар яаж эвлүүлэх вэ гэсэн асуудал гарч ирсэн.  Энэ чинь л намайг дуудаж байгаа дохио шүү дээ. Би тэрнийг хүлээж авсан /инээв/. Машины зам хаалттай байгаад зогсоогүй энд үй олон машин, бүжигчид цугласан. Бүжигчдийн багш нарийн ширийн зүйлийг ч гайхалтай яг таг гүйцээж хийсэн байсан. Гэхдээ ямар ч алдаа гараагүй гэсэн хэрэг биш л дээ.  Жишээ нь, дөрвөл хөгжимчдийн сууж байсан ачааны машины хаалга гэнэт гацчихсан. Уг нь киноны эх зохиол дээр гарын ганц удаагийн хөдөлгөөнөөр хаалга онгойх ёстой байсан юм. Машинаа замын голд түгжрэл дунд зогсоочихсон тул сольж болдоггүй. Бидний зөвшөөрөл авсан цаг яваад байдаг.  Тэгэхээр нь машины  хаалганаас олс уяж байгаад хүмүүс татсан /инээв/.
 -Чи их бухимдсан байх даа..Чиний хувьд Лос-Анжелес ямар утга учиртай хот вэ? Жирийн нэг  байршил уу... Аль эсвэл хүмүүс амьдрах газар уу...
-Би Лос-Анжелест есөн жилийн өмнө ирсэн. Бусдад ямар байдгийг мэдэхгүй. Харин миний хувьд энэ хотын сайхан бүхэн нь аажим, аажмаар нээгддэг гэж санадаг. Жишээ нь, тус хотын төв сүүлийн арваад жилд маш их өөрчлөгдсөн. Хотыг гүнзгий судлах бүр түүнд улам татагдах болно. Мөн Лос-Анжелес дэлхийн аль ч хотоос илүү кино урлагийн түүхтэй гүн гүнзгий холбогдсон газар. Энд л романтик Ла оршиж байгаа хэрэг. Нөгөө талаар энд өөрийнхөө ганцаардлыг мэдрэх болно. Би кинондоо Лос-Анжелесийн энэ хоёр талыг харуулахыг зорьсон. Би хүмүүст хүсэн мөрөөдөж, мөрөөдөлдөө хүрэхийн тулд урагшлах замд нь зайлшгүй таарах бэрхшээлийг давж гарахад нь урам хайрлахыг зорьсон юм.
-Ла Ла Ленд гэсэн нэрийн учрыг тайлж хэлнэ үү... 
-Энэ бол этгээд хэллэг л дээ.  Лос-Анжелесийн хоч нэр. Эндхийнхэн хөгжилтэй, аливааг нухацтай биш хүлээж авдаг гэж тоглоом шоглоомоор хэлж байгаа хэрэг. Ла гэдэг нь хотын нэрийг товчилсон үг. Өөрөөр хэлбэл, Ла Ла ленд гэдэг нь далд утгаараа Лос Анжелесийг хэлж байгаа юм. Лос-Анжелес бол “одод”-ын хуран цугларсан газар. Энд дэлхийн булан бүрээс залуус ялангуяа урлагт амжилт гаргах гэсэн мөрөөдөлдөө хөтлөгдөн ирдэг. Хүн мөрөөдөлтэй байна гэдэг маш чухал зүйл. Би киноныхоо баатруудаар дамжуулан таны мөрөөдөл бодитой биш, биелэхгүй ч байж магадгүй. Гэхдээ мөрөөдлөө хэрэгжүүлэхийн төлөө ажилласны ачаар амьдрал чинь утга учиртай байх болно гэдгийг хэлэхийг хүссэн юм. Тус хот дүрээ бүтээж чадаагүй, бичсэн ном нь амжилт олоогүй, мөрөөдөл нь агаарт замхарсан хүмүүсийг урмыг хугалж болзошгүй юм. Гэхдээ мөрөөдөлгүй бол амьдрал уйтгартай шүү дээ. Мөрөөдөж, хайрлан дурлах нь сайхан биш гэж үү... Энэ бүхнийг кинондоо харуулах гэсэн юм.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.