НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

LEAD-Mongolia Хөтөлбөрийн Дарга Адам ЛеКлайр: Манлайлал бол эерэг ӨӨРЧЛӨЛТ юм

М.Танан     Нийтлэгч
8 сарын өмнө /2017-04-18 13:14:51 GMT +8 / | 6907 удаа уншсан

Олон улсын World Learning ТББ 2016 оноос хэрэгжүүлж эхлээд буй Ардчиллыг бэхжүүлэх шинэ үеийн манлайлагчдыг чадавхижуулахад чиглэсэн LEAD-Mongolia Хөтөлбөрийн талаар ноён Адам ЛеКлайртай дэлгэрэнгүй ярилцсанаа хүргэж байна.

Адамын хувьд 2016 оны зургадугаар сард энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Монгол улсад ирсэн бөгөөд өмнө нь энэ төрлийн олон улсын төсөл хэрэгжүүлэн Афганистан, Мянмар зэрэг орнуудад иргэний нийгмийн чиглэлээр ажилладаг залуу манлайлагчид, эмэгтэйчүүд болон оюутнуудын төлөөлөлтэй ажиллаж ирсэн арвин туршлагатай. Онцолбол Мянмар улс ардчилсан систем рүү хурдацтай урагшилж байгаатай холбоотойгоор гурван жилийн хугацаанд ижил төстэй хөтөлбөр хэрэгжүүлж өнгөрөгч 2015 оны 11 дүгээр сард анхны ил тод сонгуулиа хийсэн томоохон алхамыг нь үзэх боломж ч олджээ.

Сайн байна уу? Таньтай ардчиллыг бэхжүүлэх манлайлагчдын шинэ үеийг бэлтгэхэд чиглэсэн LEAD-Mongolia Хөтөлбөрийн талаар ярилцмаар байна?

Сайн байна уу. Тэгэлгүй яахав. Монгол улс дахь АНУ-ын Элчин сайдын яам болоод АНУ-ын ОУ-ын Хөгжлийн Сангийн зүгээс Монголын залуу үеийг хөгжүүлэн дэмжих алсын хараатай байсаар ирсэн бөгөөд өсөх ирээдүйтэй залуу манлайлагчдыг дэмжих бодит боломж гарсанаар хөтөлбөрийн маань эхлэл тавигдсан. Улс, нийгэмдээ хэдийн манлайлж буй 25-40 насны залууст ур чадварыг нь нэмэгдүүлэх, илүү их боломж олгон эерэг өөрчлөлт хийхэд нь дэмжих зорилготой хөтөлбөрийн нэг онцлог нь оролцогчид маань төр, иргэний нийгэм, хувийн хэвшил болоод боловсрол, хэвлэл мэдээлэл зэрэг төрөл бүрийн салбарт ажилладаг ч LEAD-Mongolia хөтөлбөрийн дор нэгдсэнээр эерэг өөрчлөлт хийх алсын хараагаа бодит биелэл болгох боломжтой болох юм. Бид хүрээлэн буй орчин, хотжилт, ажилгүйдэлтэй холбоотой ядуурал, ил тод байдал ба авилгын эсрэг гэсэн үндсэн асуудлуудад анхааран ажиллаж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд манлайлал болон бодит төсөл хэрэгжүүлэх, сургалт боловсролын хичээлүүдэд хамрагдах, АНУ-д солилцооны хөтөлбөрт хамрагдах, эцэст нь нийгэмд эерэг өөрчлөлт авчрах төсөл хэрэгжүүлснээр өөрсдийн хийхийг хүсч буй өөрчлөлтийнхөө үр дүнг тодорхой хэмжээнд бодит биелэлээ олохыг нь үзэх зэрэг боломжоор хангаж байна.

Энэ жилийн хувьд онцлогтой байгаа шүү дээ. Монгол дахь хөтөлбөр болон АНУ-д солилцоогоор явах гээд хоёр өөр хөтөлбөр зарлагдаж буй талаар мэдээлэл хүргэвэл?

Тиймээ. Энэ жил  бид хоёр төрлийн хөтөлбөрөө зарлаж өргөдөл хүлээн авах гэж байна. Өнгөрсөн онд хэрэгжсэн LEAD-Mongolia 2016 хөтөлбөрийн оролцогчид маань АНУ-ын Вашингтон хотноо болон Виржиниагийн их сургуульд акамедийн хичээл, төслийн менежмент зэрэг гурван долоо хоногийн солилцооны хөтөлбөрт хамрагдаж ирээд тус тусын төсөл дээрээ ажиллаж эхлээд байна. Энэ солилцооны хөтөлбөрт хамрагдах гол шалгуур нь мэдээж Англи хэлтэй байх. Хоёр дахь хөтөлбөрийн хувьд LEAD-Mongolia хөтөлбөрийн агуулгаар ижилхэн сургалт боловсрол, мэдлэг олж авахыг хүсч буй залууст зориулсан монгол хэл дээр хэрэгжих хөтөлбөр юм.

Бид Монголдоо төдийгүй АНУ-д байх хугацаандаа олон салбарын төрөл бүрийн хүмүүстэй уулзаж танилцах боломжоор хангагдсаар ирлээ. Оролцогчид нийлээд нэг томоохон хүч, магадгүй харилцаа холбооны цогц хэсэг ч үүссэн гэж хэлж болохоор болоод байна. Энэ талаар таны бодол?

Хөтөлбөрийн зүгээс яг ийм харилцаа холбоо үүсээсэй гэдэгт бид найдаж байсан. Өмнөх жилийн хөтөлбөрт оролцогчидтойгоо энэ оны хоёр хөтөлбөрийн нийт оролцогчдоо хамтатган хэрхэн тогтвортой харилцаа холбоо үүсгэж түүнийгээ хадгалж явах вэ гэдэг талаар надад хувийн бодол байгаа ч оролцогчидтойгоо зөвлөлдмөөр байна. Учир нь энэ төрлийн төгсөгчдийн групп маш хүчтэй байж чаддаг. Дэлхий даяар энэ төрлийн хөтөлбөрт оролцогчдын томоохон хэмжээний YSELI, YALI зэрэг нэгдлүүд ч бий. Ижил төстэй холбоог эндээ бий болгосноор илүү том үр дүнд хүрэх боломжтой гэж харж байна.

Бүх нийтийг тэгш хамруулах нь гэдэг ойлголт хөтөлбөрийн нэг том хэсэг төдийгүй бид ч энэ сэдвээр багагүй хичээл үзсэн байна. Уншигчдад энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл?

Бүх нийтийг тэгш хамруулах нь World Learning ОУ-ын байгууллагын маань хувьд маш чухал үнэт зүйлсийн нэг байсаар ирсэн. Тийм ч учраас Монгол дахь хөтөлбөртөө ч онцгойлон оруулсан байгаа. Ардчилал, ардчиллын үйл явцыг дэмжих талаар ярьж эхлэхэд бүх хүмүүсийн дуу хоолойг ижилхэн сонсдог байх гэдэг ойлголт яалтачгүй гарч ирдэг. Өөрөөр хэлбэл нийгмийн бүхий л давхаргын, бүх хүмүүсийн дуу хоолой ижилхэн хүрч, нэгтгэгддэг байхад бид анхаарлаа хандуулдаг гэсэн үг л дээ. Жишээ нь өнгөрсөн оны наймдугаар сард олон нийтийг тэгш хамруулах бодит байдлын талаар судалгаа хийж хөгжлийн бэрхшээлтэй олон иргэдтэй уулзаж холбогдсон ч хамарсалтай нь эдгээр хүмүүс маань аль хэдийнэ энэ төрлийн хөтөлбөрт хамрагдах боломжгүй, бид тэнцэхгүй гэсэн бодолтой байсан. Учир нь тэд тэгш хамрагдаж чадахгүй байдагтаа нэгэнт дассан байгаа юм. Бид эсрэгээр нь та энэ хөтөлбөрт хамрагдах бүрэн боломжтой гэдгийг таниулсаар ирсэн. Хөтөлбөрт хамрагдагчид маань олон талт, нийгмийн өөр өөр гаралтай байснаар бүх нийтийн дуу хоолойг нэгтгэгдэж тэд туршлага, эх сурвалжаа солилцсоноор асуудлыг дотроос нь харах боломжтой болж байгаа хэрэг.

Монгол орон танд ямар санагдаж байна вэ? Хүйтэн бас утаатай өвлийг та амжилттай давжээ. Анх төрсөн сэтгэгдэл төсөөлж байсан шиг нь байсан болов уу?

Тиймээ өнгөрсөн өвөл үнэхээр хүнд байсан ч би даваад гарч чадсан.(инээв) Би одоо ч Монголын талаар маш их зүйл сурч мэдсээр байна. Үлдсэн амьдрал туршдаа сурч мэдээд ч дуусахгүй бизээ. Монгол орны нэг онцлог нь нийгмээрээ хоорондоо маш ойр байж чаддаг бас итгэл найдвар өндөртэй хүмүүс юм. Хүн амын хувьд бага байх хэрээр хүмүүс бие биендээ илүү их итгэдэг нь сайхан санагдаж байна. Уулзсан хүн, байгууллага бүр өөр өөрсдийн сайн сайхан бүхнээ бусадтай хуваалцахад бэлэн байдаг тийм л хүмүүс.

Монгол орны талаарх миний анхны төсөөлөл үнэхээр өндөр байсан. Ази тивийн бүс нутагт ардчилсан нийгэмд амжилттай шилжиж чадсан жишиг улс гэдэг утгаараа манай хөтөлбөрийн оролцогчид маань бүс нутгийн манлайлагчдын чуулга уулзалтад хамрагдан, цаашлаад бүсийн манлайлагчдын LEAD Alliance сүлжээнд багтахаар болж байгаа. Энэхүү сүлжээнд Монголоос гадна Бутан, Киргизстан болон Мянмар улсын залуу манлайлагчид багтаж байгаа. Хөтөлбөртөө энэ хэсгийг багтаасан учир нь Монгол улс үнэхээр л бүс нутгийнхаа хэмжээнд ардчиллын жишиг орон болж чадсаныг өнгөрсөн жилүүдэд ажилласан туршлагаасаа бүрэн харж байна. Ардчилсан нийгэмд шилжих үйл явц нь амаргүй ч маш олон амжилтаар дүүрэн байсан. Бусад орны хүмүүс Монголоос суралцахыг хүсч, урам зоригоор тэтгэгдэх хэмжээнд харж байна. Үнэхээр ч хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд оролцогчидтой хамтран ажилласны дараа энэ бүхэн үнэн болохыг би мэдэрч байна. Ардчилал, иргэний нийгэм, тэдний оролцооны амин сүнс одоо ч маш бодитой идэвхтэй байгаа нь Монгол орны нэг гайхамшигтай чанар юм.

Эцэст нь асуухад Манлайлал гэж таныхаар юу бэ? Манлайлагчдыг дэмжих нь яагаад чухал гэж?

Миний бодлоор манлайлал гэдэг нь эерэг өөрчлөлт юм. Хүмүүст би манлайллын хөтөлбөрт ажиллаж байгаа гэж хэлэхэд ерөнхий дүр зураг харагддаг. Манлайлагч хүн магадгүй илүү нээлттэй харилцаатай, амьдралдаа ямарваа нэг тодорхой чухал байр суурь эзэлсэн улс төрч эсвэл бизнесмэн хүн байдаг гэсэн ойлголт бий. Гэвч миний хувьд манлайлагч хүн энэ ойлголтоос хамаагүй илүү байдаг. Хүн бүр өөр өөр арга замаар, өөр өөрийнхөөрөө манлайлагч юм. Хэсэг бүлэг хүмүүс нэг дор цуглаад санал бодлоо солилцон нийгэмдээ эерэг өөрчлөлт хийж чадаж байвал энэ бол манлайлал. Товчхондоо өөрийн санааг үйл хэрэг, ажил болгож чаддаг байх нь манлайлал билээ.

Өнгөрсөн оны хөтөлбөрт амжилттай хамрагдсан миний зүгээс LEAD Mongolia 2017 хөтөлбөрийг сонирхож байгаа бүхий л залуу манлайлагчиддаа дуулгахад Монгол дахь Хөтөлбөрийн өргөдөл дөрөвдүгээр сарын 10-ны өдөр, АНУ-ын солилцооны Хөтөлбөрийн өргөдөл дөрөвдүгээр сарын 24-ны өдрүүдэд тус тус нээгдэх гэж байна. Та бүхэнд амжилт хүсье!

   Гэрэл зургийг: Б.Чадраабал

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.