НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Эндрю Лойд: 40 жилийн дараа мөрөөдлөө биелүүлж Монголд ирлээ

Б.Алтанхуяг     Нийтлэгч
7 сарын өмнө /2017-04-21 16:22:32 GMT +8 / | 1513 удаа уншсан

Энэ удаагийн дугаартаа бид Хойд Сибирь буюу Якутскаас аяллаа эхлээд Непалын Гурха хүртэл явган аялал хийж буй Англи улсын иргэн Эндрю Лойдтой уулзаж ярилцсан билээ. Тэрээр Непалд болсон хүчтэй газар хөдлөлтөд нэрвэгдсэн айл өрхүүд, ялангуяа хүүхдүүдэд тус болох зорилгоор уг аяллыг эхлүүлэхээр шийдэж хүмүүсээс интернэтээр дамжуулж хандив босгож байгаа юм.

-Анх энэ аялалд явахаар зориглож, гэрээсээ гарахад ямар мэдрэмж төрсөн бэ. Айдас, хөөр баярын аль нь илүү  байв даа?
-Тэр өдөр намайг гэрээс гарахад тэнгэр бүрхэг ч гэлээ тогтуун байсан. Нэгэнт өмнөө зорилго тавиад шийдвэрээ гаргачихсан учраас ямар нэгэн айдас төрөөгүй. Миний дотор догдлол ч төрөөгүй, их амгалан тайван байсан. Хамгийн их айж байсан зүйл минь цөл. Би элсэн цөлийг хэрхэн туулахаа мэдэхгүй байсан. 
-Гэхдээ л шийдчихсэн болохоор зориглоод гэрээсээ гарчихсан хэрэг үү?
-Тийм. Нэгэнт шийдвэрээ гаргачихсан болохоор эргэлзэх зүйл байгаагүй. Би Монголын иргэн, “Offroad Mongolia” аяллын компанийн удирдлагууд болох Н.Байгалмаа, И.Нямдорж нартай сайн найзууд. Тэд цөлийг хэрхэн туулахыг сайн мэддэг. Тиймээс ч би нэг их айсангүй. Энэ хоёр нэг гэр бүлийн хүмүүс юм л даа. Надад маш их тус болж байгаа. Би үргэлж талархаж явах болно. 
-Аяллынхаа зорилгын талаар дэлгэрүүлж ярихгүй юу?
-Непалд болсон хүчтэй газар хөдлөлтөөр олон мянган хүн осолдож амиа алдсан. Маш аймшигтай мэдээ байсан. Бид байгалийн өмнө хүчгүй, өчүүхэн амьтад. Гэхдээ хүн төрөлхтөн бие биенээ хайрладаг шүү дээ. Тэд байнга дайтаж, химийн бодисоор нэгнээ хороогоод байдаг араатнууд биш. Тиймээс би хүмүүст туслахыг хүссэн. Хүмүүс ч маш сайн дэмжиж байгаа. Аяллаас олсон мөнгө гамшигт нэрвэгдсэн айл өрх, өнчин хүүхдүүдэд тусламж болж очно. 
-Сибирийн өвөл, Монголын говь цөл, Төвдийн өндөр уулсыг явган туулна гэдэг үнэхээр хүнд аялал. Үргэлж дэргэд байх хамтрагчгүйгээр ганцаараа аялна гэдэг бүр бэрх шүү дээ. Аялалд явах шийдвэрийг гэр бүлийн тань хүмүүс хэрхэн хүлээж авсан бэ?
-Мэдээж туршлагагүй бол ингэж хол аялахад хэцүү. Дээр нь намайг дэмжиж тусалдаг хүмүүс их байгаа. Гэрийнхэн маань надад итгэдэг, хайртай болохоор миний шийдвэрийг үргэлж дэмжиж ирсэн. Эхнэр маань анх жаахан тээнэгэлзэж байсан ч сүүлдээ зөвшөөрсөн. Би дөрвөн сайхан хүүхэдтэй. Тэд маань ч аавыгаа сайн дэмждэг. 
-Хүмүүс ихэвчлэн ямар туслалцаа үзүүлдэг вэ?
-Аялж явахдаа би хүмүүсээс нэг л зүйл хүсдэг. Надтай ярилцаасай гэж. Тухайн нутгийн онцлогийг ярьж, надтай аялалын маань талаар хөөрөлдөж байвал их том тус хүргэлээ гэсэн үг. Надад их олон найз бий. Уулзаж байгаагүй ч цахимаар танилцаж сэтгэл зүрхнээсээ энэхүү аяныг маань дэмждэг хүмүүс ч олон байгаа. Тэд найзууддаа миний тухай хэлэх үед найзууд нь надтай уулзаж аялалд маань тус хүргэдэг. 
-Очсон газруудаас чинь таныг уулга алдуулсан газар нь ямар улсын нутаг байв даа?
-Газар болгонд л сайхан модод, нуга хөндий, байшин барилгууд байдаг. Гэхдээ монгол хүнтэй ярьж байгаа болохоороо ингэж хэлж байна гэж битгий бодоорой. Би Монголын тал нутгийг үзээд “Өө, бурхан минь. Гайхалтай” гэж өөрийн эрхгүй уулга алдсан. Энэ нутагт аж төрдөг нүүдэлчдийн ёс заншил, эсгий гэр гээд л бүх зүйлс нь сонирхолтой. Сибирийн тайгаар явсаар Монголд ирэхэд сэтгэл өөрийн эрхгүй баясч байсан шүү.    
-Сибирийн тайгаар ид хүйтэн байхад дайрч өнгөрчээ. Өмнө нь тийм хүйтэн газраар аялаж байсан уу?
-Ойд ганцаараа хонож, гал түлээд л сайхан байсан. Үслэг хувцас өмсч, морь унаж явсан. Тосгоны Оросууд бас тус болсон. Хүйтний тухайд ярих юм биш. Даарна гэдэг бол наад захын л асуудал юм билээ. Өмнө нь тийм хүйтнийг олон үзэж байгаагүй. Их зузаан хувцастай, дээр нь нэг газраа суухгүй үргэлжийн хөдөлгөөнтэй байсан болохоор даараагүй шүү. Хэзээ дуусах нь мэдэгдэхгүй их ой, цасан дундуур алхаад л, алхаад л байсан даа.
-Нохой хөлөглөсөн чарга унаж яваа зургийг тань харсан. Өмнө нь унаж байсан уу, энэ аяллын явцад л анх удаа энэ чаргаар аялаж үзэв үү?
-Энэ аяллын явцад л үзсэн. Өмнө нь хойд тивд очиж нохой чарга хөлөглөж үзэхийг хүсдэг байсан. Ер нь миний хүсэл биелээд л яваад байгаа. 
-Би ч бас нохойтой чарга унаж явахыг хүсдэг л дээ. Ямар мэдрэмж төрсөн бэ, сайн барихгүй бол унаж бэртэх магадлал өндөр гэсэн?
-Тийм шүү. Сайн барихгүй бол унаж магадгүй юм билээ. Чанга хашгираад л давхиад баймаар санагдсан. Тэр мэдрэмжийг ямар нэгэн зүйлтэй зүйрлэж дүрслэн хэлэхэд миний үг дутна. Анхны цас ороход хэчнээн сайхан билээ. Салхигүй тогтуун, том  том цас цонхны цаана будраад л үнэхээр гоё харагддаг. Яг тийм мөчид мэдэрдэг шиг аз жаргалтай байсан даа.
-Шөнө ойд ганцаараа хонохдоо айсан уу. Ямар нэгэн амьтны дуунаас цочиж барих тохиолдол гарч байв уу?
-Үгүй. Огтхон ч айгаагүй. Би өөрөө мал малладаг, фермерч хүн. Байгальтай ойр өссөн, уул ус, ой модонд хайртай. Тиймээс айх шалтгаан байгаагүй. Чоно улихыг олон удаа сонссон. Эвгүй мөртлөө сонирхолтой санагдаж байсан.
-Өөрийн гэсэн ферм, малтай байдаг гэхээр надад их сайхан санагдаж байна. Та фермерийнхээ амьдралын талаар манай сонины уншигчдад ярьж өгөөч...
-Би өөрөө малчин хүн. Фермийнхээ бүх үйл ажиллагааг хянаж, малаа бэлчээрлүүлж, өвс тэжээлийг нь цагийн хуваарийн дагуу өгдөг. Ер нь бол манайд үүнийг бодит байдлын ферм гэж хэлдэг. Ийм нэг Шотланд хэлц үг байдаг юм. “Чи малаа хайрлавал, мал чинь эргүүлээд чамайг хайрлана”. Энэ нь чи малаа хайрлан өсгөж үржүүлснээр дараа нь малынхаа ашиг шимийг тэр хэмжээгээр хүртэнэ гэсэн утгатай. Би Англи улсын иргэн, Уэльс үндэстэн. Уэльсчүүд Монголчуудтай их төстэй. Учир нь бид мал маллаж, махыг нь идэж амьдардаг. Гэлээ ч байгалиа эвдэн сүйтгэж хор учруулахыг малчин хүн үзэн яддаг. Үүгээрээ бид төстэй зан чанартай байдагт би их баярлаж явдаг. Бид өөрсдийн өмчилж авсан газарт байшингаа барьж, малаа бэлчээрлүүлж амьдардаг бол Монголчууд тэгдэггүй. Маш том газар нутагт дураараа нүүдэллэж амьдардаг. Энэ эрх чөлөө нь надад маш их таалагддаг.
-Монголд анх удаа ирж байгаа гэсэн. Өмнө нь манай эх орны талаар уншиж, судалж байсан уу. Хэрэв тийм бол Монголд ирээд хамгийн түрүүнд юу хийнэ гэж боддог байсан бэ?
-Жаахан хүүхэд байхдаа анх удаа Монголын тал нутгийг харуулсан гэрэл зураг үзээд очих юмсан гэж мөрөөдаж билээ. Дөчин жилийн дараа мөрөөдлөө биелүүлж Монголд ирсэндээ үнэхээр их баяртай байна. Би энд ирээд хамгийн түрүүнд цөл харахыг хүссэн. Мөн би нэг удаа баримтат кинон дээр гурван юм уу, дөрвөн настай хүүхдийг нүцгэнээр нь сарлаг унуулаад явж байгааг харсан. Надад үнэхээр хачирхалтай санагдаж билээ. Гэтэл жаахан хүүхэд сарлагийн нуруун дээр маш тайван байж чаддаг тухай сонссон. Тиймээс би хоёрдугаарт хүүхдийг бүүвэйлэх мэт алхаж явдаг сарлаг харж, түүнийг хариулж яваа хүмүүстэй уулзаж ярилцахыг хүсдэг. Гуравдугаарт монгол орны соёл, ёс заншил, эрийн гурван наадам, ялангуяа хурдан морины уралдааныг үзэхийг хүсдэг. Монголчуудын наадам их сүрлэг, сайхан болдог. Сонирхол татам, уулга алдмаар зүйл олонтой. Тэр бүхнийг харж, судалж мэдэхийг хүсдэг дээ. 
-Монголд ирээд сарлаг харсан уу?
-Харж байсан. Би уулан дээгүүр давхилдаж байгаа олон сарлагийг үзсэн. Хөөрөөд дагаад гүйчихмээр санагдаж байсан шүү.
-Монголоос сарлагийн тугал авч фермерт өсгөн үржүүлэх бодол төрөв үү?
-Сарлаг хүйтэн газар, уулын оройд байдаг амьтан. Миний байдаг газар бол маш их чийгтэй байдаг. Хааяа 20 метр хүртэл хүчтэй салхилдаг. Тэр өдрүүдэд замаар ачааны машин явахыг хориглох нь ч бий. Гэтэл сарлаг чинь тогтуун салхитай, сэрүүн агаартай газар амьдрах дуртай юм шиг санагдсан. Тэр их урт үсийг нь харахад л хүйтэнд дуртай гэдэг нь ойлгомжтой шүү дээ. /инээв/ Тиймээс фермер хүнийхээ үүднээс гэж хэлэхэд ямар ч амьтан өөрийн дасан зохицож чаддаг тэр газраа байх ёстой. Тэмээ эсвэл сарлагийг би ферм дээ аваачиж гаршуулах ямар ч боломжгүй.
-Ферм чинь хөндий талд байдаг уу, эргэн тойрон уулсаар хүрээлэгдсэн газар бий юу?
-Манай гэр уулын энгэрт байдаг байсан. Өвөл дөхөөд сэрүү унах бүрт маш олон хүмүүс бүх хонио туугаад, морио унаад уулын энгэрийг зорьж ирдэг. Нэг ёсондоо өвөлжөөндөө бууж байгаа нь тэр. Тухайн үеийн дүр зураг надад маш гүн сэтгэгдэл үлдээдэг байсан. Одоо гэтэл хүмүүс машинтай, малаа хариулж, хоол тэжээлийг нь өгөхдөө хүртэл технологи ашигладаг болсон. Бид өмнө нь байсан сайхан ахуйг үгүй хийж, ёс уламжлалаа алдаж байгаа мэт санагддаг. Азаар миний аав энэ бүхнийг жигшиж үздэг хүн тул бид нар одоо ч малтайгаа амьд харилцаа үүсгэж ажилладаг. Хоол тэжээлийг гараараа өгч, мориор хонио хариулж бүх л зүйлсийг хүн бусдын ажлыг хөнгөвчилөх зорилготой машинуудын тусламжгүйгээр хийх ёстой гэж би боддог. Үгүй бол бид малнаасаа ашиг шим хүртэж чадахгүй, хонь минь биднийг хайрлахаа болино. Удмаараа дагаж ирсэн мартаж болохгүй нэг сургаал байдаг. “Чиний амьдралыг тэтгэж байгаа амьтдыг чи хайрлах хэрэгтэй” гэж аав минь захисан. Үүнийг би алхам тутамдаа санаж явдаг. 
-Аавынхаа тухай яриач?
-Би ааваасаа илүү өвөөтэйгөө ойр байсан. Учир нь аав биднийг өглөө унтаж байхад л ажилдаа гарчихдаг, шөнө болсон хойно эргэж ирдэг байсан. Гэхдээ жаахан байхдаа өвөөгийн ярианаас би аавыгаа их мундаг хүн гэдгийг мэддэг байж билээ. Хөдөлмөрлөх шиг сайхан зүйл байхгүй гэдэгт хатуу итгэдэг байсан хүн. Би ч бас үүнд итгэдэг. 
-Та сая манай Үндэсний музейг үзлээ шүү дээ. Ямар үзмэр танд хамгийн их таалагдсан бэ?
-Би танай музейг үнэхээр их дурлаж үзсэн. Үзмэрүүдэд ямар их татагдаж, сонирхож байсныг минь музейг үзэхэд зарцуулсан цагаас харж болно. Нэг давхарыг нь үзэж дуусаад хоёр дахь давхарын талыг үзэж байхад л музей хаах цаг болчихсон байсан. Монголын тухай дурсах бүрт хүн болгон Чингис хааны тухай ярьдаг, бүгд тэр агуу их хааныг мэддэг. Харин надад энгийн иргэдийн амьдрал ахуйг тусгасан эртний үзмэрүүд их таалагдсан. Нүүдэлчин ухаан гэж юу байдаг юм, зүүг яаж бүтээсэн, малаа хэрхэн маллаж ирсэн, гэрээ яаж барьдаг зэрэг нь надад их сонирхолтой байсан.
-Энд олон хонохгүйгээр аяллаа цааш үргэлжүүлэх ёстой байгаа шүү дээ. Явах болоход Монголд үлдмээр санагдах, хоргодох зүйл байна уу?
-Маш олон зүйл байгаа. Би Англи орондоо байт харвааны багт тоглодог юм. Тиймээс Монголын сурын харваачидтай уулзаж, нөхөрлөж, сур харвах уламжлал, яагаад тийм гайхалтай мэргэн харвадаг учрыг нь судалмаар байна. Мөн миний нэг алдсан зүйл бол бүргэдээр ан хийх уламжлал. Манай нэг хүү бас шувуугаар ан хийх клубт явдаг. Гэхдээ тэд ихэвчлэн жижигхэн шонхор шувуу ашиглаж ан хийлгэдэг. Түүний бүүр нарийн сургачихсан байдаг болохоор нэг их сонирхолтой санагддаггүй. Харин Монголчуудын бүргэдээр ан хийх уламжлал нь хачин сонин зүйлсээр дүүрэн. Хүнд жинтэй тэр том шувууг нэг гарынхаа шуун дээр өргөөд морьтой давхина гэдэг гайхалтай хэрэг. Би дахин Монголд ирэхдээ гэр бүлийнхэнтэйгээ хамт ирнэ. Энэ бүх сонин сайхан зүйлсийг ганцаараа харж мэдрэх биш гэр бүлийнхэнтэй хамт харж, аз жаргалаа хуваалцмаар байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.