НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

ЗОСЦ-ЗАЛУУЧУУДЫН ОРОН СУУЦНЫ ЦОГЦОЛБОРЫГ СЭРГЭЭЕ

Б.Энхмандах     Нийтлэгч
2 жилийн өмнө /2017-04-26 12:09:31 GMT +8 / | 4576 удаа уншсан

Шинэ юм гэдэг сайн мартагдсан зүйлийг хэлнэ гэсэн хэлц үг байдаг. Тэгвэл 1990 оноос өмнө монголчууд бидний хийж хэрэгжүүлж, бүтээн байгуулж байсан зүйлүүдээс ашиг тустай, хэрэгтэйг нь аваад, өнөөдөр зах зээлийн нөхцөлд тохируулан боловсронгуй болгон амьдрал, ажил хэрэгтээ ашиглах зүйл багагүй байх шиг. 1980 оны дунд үеэс перестройка буюу өөрчлөн байгуулалтын үзэл санааны дор залуучуудыг бүтээн байгуулалтын ажилд оролцуулах хөдөлгөөн нилээд шинэ өнгө аястай, эдийн засаг, санхүүгийн хөшүүрэгтэй болж эхэлсэн билээ. Энэ завшааныг ч залуучуудын байгууллага үр дүнтэй ашиглаж байсны нэг жишээ бол ЗОСЦ буюу Залуучуудын орон сууцны цогцолбор юм. Б.Алтангэрэл, Л.Лантуу, С.Мөнхжаргал, Л.Энэбиш нарын нийслэлийн тухайн үеийн удирдлагуудын шууд дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотын хэмжээнд Нийслэлийн ХЗЭ-ийн Хорооноос 1980-иад оны сүүлчээр хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтын цоо шинэ ажил бол Залуучуудын орон сууцны цогцолбор /ЗОСЦ/ барьж байгуулах явдал байлаа. 
1985 онд миний бие Улаанбаатар хотын ХЗЭ-ийн Хорооны Нэгдүгээр нарийн бичгийн даргын хувиар Москва хотод айлчилж ирсний дараа Зөвлөлтийн залуучуудын комсомолын байгууллагаас хэрэгжүүлж байсан МЖК /Молодёжный Жилищный Комплекс/ буюу Залуучуудын орон сууцны цогцолборын туршлагыг нэвтрүүлэх асуудлыг нилээд хүчтэй тавьж, МХЗЭ-ийн Төв Хороо, Улаанбаатар хотын Намын Хороо, АДХ-ын Гүйцэтгэх Захиргааны холбогдох шийдвэрүүд гаргуулж, энэ ажлыг эхлүүлж билээ. 
Ингэхдээ нийслэлийн эвлэлийн гишүүдийнхээ дундаас янз бүрийн ажил мэргэжлийн шилдэг 36 залууг ажил, хөдөлмөрөөр нь шалгаруулан авч, барилгын нэгэн бригад болгон зохион байгуулж, Улаанбаатар хотын Барилга Трестийн барьж байсан 11 дүгээр хорооллын 9 давхар барилгын 1 орцыг гэрээгээр тэдэнд өгч, байрны барилга угсралт, сантехник, цахилгааны ажлын өртөгтэй нь дүйцүүлэн 2-3 жижиг барилгын өрлөгийн ажлыг гүйцэтгүүлээд, дээр нь өөрсдийнх нь орох байрных нь засал чимэглэлийн ажлыг өөрсдөөр нь гүйцэтгүүлж, залуучуудыг орон сууцжуулах нийгмийн чухал ач холбогдолтой шинэ туршилтыг 1987 онд эхлүүлж, амжилттай хэрэгжүүлэн 1988 онд уг байрыг ашиглалтад хүлээлгэн өгч, анхны 36 залуу өрх өөрсдийн гар бие оролцсон орон сууцтай болж байлаа. 
Энэхүү туршилт дээрээ тулгуурлан цаашдаа Улаанбаатар хотын XVI хороолол буюу Найрамдлын районы Улаанхуаранд ЗОСЦ барих шийдвэрийг Улаанбаатар хотын АДХ-ын Гүйцэтгэх Захиргаагаар гаргуулж, Хорооллын зураг төслийн уралдааныг залуу инженер, архитекторчдын дунд зарлан явуулж, шилдэг төслийг шалгаруулж байсан билээ. Энэ ажил эрчимжих шинжтэй болж, улмаар ЗОСЦ-ын ажлын албыг 1989 оноос МХЗЭ-ийн Төв Хороо дэргэдээ авсан юм.
ЗОСЦ нь залуучуудын өөрсдийнх нь хүчээр өөрсдийнх нь орон сууцыг барьж байгуулах их бүтээн байгуулалтын загвар ажил байсан боловч  харамсалтай нь зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн эхний жилүүдийн эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг давж чадалгүй энэхүү үзэл санаа, бүтээлч ажил унтарсан юм. Гэвч энэ үзэл санаа, бүтээлч ажлыг сэргээх, тэрч байтугай ажил хэрэг болгох боломж өнөөдөр ч байх шиг. Өнөөгийн залуучууд, залуу гэр бүлүүдийн хамгийн тулгамдсан асуудлын нэг бол орон сууцны асуудал хэвээрээ байна. Зах зээл, үнийн өсөлтөөс хамаараад орон сууцаар хангагдах боломж ялангуяа залуучуудад улам хомс байна. Барьж ашиглалтад оруулж буй орон сууцны үнэ ханш тэдэнд хэт өндөр байна. Энэ асуудлын шийдлийн нэгэн гарцыг төр олон түмнийхээ оролцоотойгоор олох боломж байна. Энэ бол залуучуудыг өөрсдийнх нь орон сууцыг барьж байгуулах ажилд татан оролцуулах ЗОСЦ-ын үзэл санааг дахин ашиглах явдал.
Энэ үзэл санааг ашиглаж чадвал орон сууцны үнийн хий хоосон хөөрөгдөлөөс урьдчилан сэргийлэх, залуу гэр бүлүүд хямд аргаар өөрийн хүчээр орон сууцтай болох, хотыг орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх замаар агаарын бохирдлоос салах зэрэг олон эерэг талтай гэдэгтэй хэн ч маргахгүй бизээ. Засгийн газрын бүтцэд Гэр бүл, залуучууд, хүүхдийн хөгжлийн газар байгуулагдаж, ТОСК буюу Төрийн орон сууцны корпораци үйл ажиллагаа нь идэвхижиж, гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хэрэгжиж байгаа энэ цаг үед залуучуудын өөрсдийнх нь хүчээр өөрсдийнх нь орон сууцыг барьж байгуулах их бүтээн байгуулалтын ажилд татан оролцуулах ЗОСЦ-ын үзэл санааг орчин цагт нийцүүлэн авч ашиглах боломж гарч ирж байна. Ингэхдээ:
Нэгдүгээрт, Залуу гэр бүлийг орон сууцаар хангах асуудалтай холбогдуулан УИХ-аар хэлэлцэгдэхээр бэлтгэж буй “Залуучуудын тухай” хуульд эрх зүйн нэмэлт зохицуулалтуудыг хийж өгөх;
Хоёрдугаарт, Барилгын компаниудын зүгээс залуучуудад зориулсан байр орон сууцыг барьж байгуулах ажлыг төр, засгийн зүгээс бодлогоор дэмжихийн зэрэгцээ нийслэлийн удирдлагын зүгээс газар олгож, заслуучуудын хорооллыг бүсчилэн хөгжүүлж, дэд бүтцийг шийдвэрлэж өгөх;
Гуравдугаарт, Барилгын байгууллагууд ТОСК-той гэрээ байгуулан өөрсдийн хөрөнгөөр барилга угсралт, цахилгаан, сантехник угсралтын ажлууд болон байрны орон орц хонгил, нийтийн эзэмшлийн талбайн заслын ажлыг хийж дуусгаснаар барилгыг бүхэлд нь ТОСК-д болон орц орцоор нь залуучуудын орон сууцны баг /ЗОСБ/-уудад худалдаж хүлээлгэн өгөх;
Дөрөвдүгээрт, Шинэ байранд орох хүсэл, сонирхолтой залуучуудыг ТОСК бүртгэн авч,  Барилгын компаниудын барьсан байр, орцуудыг залуучуудын орон сууцны багуудад хүлээлгэн өгч, барилгын төлбөр тооцоог хийж дуусгах;
Тавдугаарт, ЗОСБ-ууд зохион байгуулалтад орж, барилгын ажлын түргэвчилсэн сургалтад хамрагдан өөрсдийн амьдрах байрны гадна тохижилт, орц, хонгилын заслын зарим ажлыг хамтын хүчээр хийж гүйцэтгэх;
Эцэст нь, ЗОСБ-т орсон залуучууд өөр өөрийн худалдан авсан байрны барилгын үндсэн бүтцийг эвдэлгүйгээр дотоод засал, тохижилтын ажлыг өөрсдийн хүсэл, сонирхлын дагуу хөрөнгө мөнгөний боломжид тулгуурлан хийх;
ЗОСЦ нь залуучуудыг орон сууцжуулах ажилд ийнхүү түлхэц болохоос гадна өөр нэгэн ашигтай тал бол өнөө цагт хамгийн их үгүйлэгдэж байгаа залуучуудыг нийгэмшүүлж, хамтын хөдөлмөрт сургаж, нөхөрсөг харилцааг төлөвшүүлдэгт оршино.
Маш хялбархан. Ингээд боллоо. Хуучны мартагдсан сайн зүйлийг сэргээн, зөв ашиглаж чадвал олон асуудлыг нэг дор цогцоор нь шийдэх боломж байсаар байгаа бус уу.
ЗОСЦ-ыг сэргээе гэхийн учир энэ буюу.

2017 оны 4 дүгээр сарын 20                                                  Улаанбаатар хот

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.