НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Барбадос гүнж Рианна: Амжилтандаа ЖИВЭХИЙГ хүсэхгүй байна

П.Соёлдэлгэр     Нийтлэгч
8 сарын өмнө /2017-05-12 13:23:15 GMT +8 / | 997 удаа уншсан

 

Рианна реппер Жей Зигийн өөдөөс эгцэлж харж чадахгүй чичирч суусан нь саяхан мэт боловч тэр үеэс хойш даруй 10-аад жил өнгөрчээ. Тэгэхэд тэр хөгжмийн урлагийн ертөнцөд анх удаа хөл тавьж байсан юм. Барбадосоос Нью-Йоркт ирээд удаагүй байсан түүний дуулахыг сонссон реппер Жей Зи “Охин минь бид “дуу”-тай гэрээ байгуулдаггүй. Жүжигчидтэй хэлэлцээ хийж тохиролцдог юм. Гэхдээ чиний хоолой бидний сонирхлыг татлаа” гэж хэлжээ. Энэ явдал 2005 онд болсон гэдэг. Тэгэхэд Рианна дөнгөж 17 нас хүрч байв. Энэ тухай Рианна “Эн-би-си” телевизийн “Элленийн шоу” нэвтрүүлэгт оролцохдоо дурсаад “Би 30 жилийн дараа өнгөрсөн амьдралаа эргэж хараад хүмүүсийг баярлуулахын тулд чадах бүхнээ хийсэн. Харин миний хувийн амьдралд минь баярлаад байх зүйл алга гэж хэлэхийг хүсэхгүй байна. Тиймээс хожмын өдөр сэтгэл хангалуун байхын төлөө өнөөдөр юу хийх ёстой вэ гэдгээ хааяа боловч бодохыг хичээдэг” гэж ярьжээ. 
 

-Рианна, сайн уу? Хаагуур юу хийгээд яваад байна. Өнгөрсөн удаа чи манай шоунд оролцож, бид хамтдаа цагийг сайхан өнгөрүүлсэн. Тэгсэн чинь чи усанд хаясан чулуу шиг чимээгүй алга болчихлоо. Үзэгчид маань чамайг санасан бололтой. Рианнаг шоундаа дахин оролцуулаач гэж надаас хүссэн.
-Тийм үү, сонсоход таатай байна. Намайг аялан тоглолт хийгээд дэлхийгээр “хэсч” явдгийг чи мэдэж л баймаар юм. Танай шоу нэвтрүүлэг хойшид ч бас гарах болсонд баяр хүргэе. Энэ нэвтрүүлгийг 2020 онд хүртэл явуулах гэрээ хийсэн гэж сонссон.
-Баярлалаа. Үнэнийг хэлэхэд, шинэ зүйл хайсаар байгаад заримдаа толгой өвдөх шиг болох юм.
-Ойлгож байна Эллен. “Оскар”-ын шагнал гардуулах ёслолыг удаа дараа хөтөлж байсан, хошин шогийн нарийн мэдрэмжтэй чам шиг хүнд шоу нэвтрүүлгийнхээ зочдоор хүссэн зүйлээ яриулж, үзэгчдийн сонирхлыг татах нь хэцүү зүйл биш байх болов уу...
-Рианна чи өөрчлөгдсөн байна шүү. Хүнд тал засаад л...
-Тиймээ, Эллен. Бүх зүйл өөрчлөгдөж байна. Цаг хугацаа өнгөрөх тусам өөрийгөө өөрчлөгдөж байгааг мэдрэх юм. 
-Ингэхэд манай нэг найз өнгөрсөн амралтын өдөр чамайг караокед дуулахыг сонссон байсан. Тэр “Үдэшлэгийн үеэр санамсаргүй караоке-д орсон чинь тайзан дээр гэнэт Рианна гарч ирээд Мэри Жей Блайжийн дууг маш сайхан дуулсан” гэж ярьж байсан.
-Зочид буудалд болсон үдэшлэгийг хэлж байна уу. Намуухан, дулаан орой байсан. Би яагаад ч юм бэ, сэтгэл гэгэлзсэн намуун оройд дуртай байдаг. Тэгэхэд үдэшлэгийн танхимын зэргэлдээ тасалгаанд караоке байсан.  Би тэсэлгүй тэнд орсон юм. Бон Жовийн дуунууд тэнд байгаагүй. Тэгээд Мэри Жей Блайжийг сонгосон.
-Караокед Бон Жовийн дууг дуулах дуртай юм уу?
-Тэгэлгүй яахав. Асуух хэрэг юу байна. Би поп, "R&B" төрлийг сонгодгийг чи мэднэ. Жен бас миний туслах бид нар нэг үе хамтдаа караокед орж галзуу юм шиг дуулдаг байлаа. Одоо ч гэсэн караокед орох дуртай. 
-Инстаграм, твиттерт чи бусдын анхаарлыг татахгүй байхын аргагүй тийм зурагнуудаа тавьсан байна. Тэр зургануудыг хамтдаа одоо харъя...  /ханан дээрх дэлгэц дээр зургуудыг гаргав/ Чи караокед дуулж байна, далайн эргээр зугаалж явна. Харин энд Барбадост байгаа бололтой. 2000 оны эхээр чамайг Барбадосын жирийн нэг жижигхэн охин гүйж явсан гэхэд итгэхэд хэцүү байна шүү. 
-Барбадос дүрээрээ байна. Үнэндээ би Барбадос арлаа одоо ч их санадаг. Харамсалтай нь, тэнд дандаа очоод байх зав олдохгүй юм. Төрсөн гэрээ, хайртай клубээ, найз нөхдөө санадаг. Тэгэхэд бүх зүйл санамсаргүй болсон. Эхнэр нь Барбадост амьдардаг байсан продюссер Эван Рожер амрахаар манай арал дээр ирсэн юм. Тэр амралтынхаа үеэр дуу хөгжмийн бичлэг хийдэг байлаа. Найз минь намайг түүнтэй танилцуулж миний дуулахыг сонсгож, студид нь бичлэг хийлгэсэн. Продюссер надад сайн муу ямар нэгэн үг хэлээгүй. Гэхдээ дараа нь миний дууны бичлэгийг холбогдох газруудад тараасан байсан. Хамгийн түрүүнд дуу бичлэгийн “Def Jam” компаниас хариу ирсэн. Ингээд Нью-Йорк явсан даа. Тэгэхэд реппер Жей Зи миний дуулахыг сонсоод “Охин минь бид “дуу”-тай гэрээ байгуулдаггүй. Жүжигчидтэй хэлэлцээ хийж тохиролцдог юм. Гэхдээ чиний хоолой бидний сонирхлыг татлаа” гэж хэлсэн. Би сандарч догдолсондоо болоод бараг гурав хоног унтаж чадаагүй. 
-Чи 2005 онд “Pon de Replay” дууныхаа бичлэгийг гаргаж өөрийгөө дэлхий дахинд таниулсан. Карибын тэнгис орчмын арлынхны ер бусын хэмнэл, орчин үеийн поп хөгжмийн аялгуу тэр даруйдаа үзэгчдийг байлдан дагуулж чадсан. Дараа нь “Umbrella”,“Diamonds” гээд ар араасаа гарч ирсэн дуунууд бүгд л чиний “нэрийн хуудас” болсон. Хэн ч чамайг ингэж алдарших юм гэж санаагүй байх.
-Ийм амжилт олоход хэдэн арван жил шаардагдах үе ч байдаг. Мөн санамсаргүй гэнэт толгой эргэм амжилтад хүрэх ч тохиолдол байдаг. Надад “санамсаргүй амжилт” гэдэг нь илүү тохирох байх. Хэрэв миний тухай кино хийе гэвэл хоёр өөр жүжигчнийг тоглуулах хэрэг гарах байх. Нэг нь миний 17 настай байх үед тоглох. Өөртөө итгэл муутай, инээмтгий, туранхай даруухан охины дүрийг бүтээх. Нөгөө нь одоогийн миний дүрд тоглох хүчтэй зоримог хүн хэрэгтэй байх болов уу. Яагаад гэвэл, өнгөрсөн хугацаанд би маш их зүйл мэдэж авсан. Амьдралд минь олон сайхан үйл явдал тохиолоо. Мөн эргэж дурсмааргүй таагүй явдал ч зөндөө болж байлаа. Миний дүрийг бүтээх жүжигчин бас өндөр өсгийт өмсөж, архи ууж чаддаг байх хэрэгтэй /инээв/.
-Тэгвэл хэзээ нэгэн цагт чиний тухай кино хийх бол найруулагчид нь энэ тухай хэлнэ ээ /инээв/. 
-Мартаж болдоггүй юм шүү за, за энэ бол наргиан /инээв/. Би одоохондоо дэлгэцийн бус хэвлэлийн л  нэг “дүр” болж байх шиг байна даа.
-Чи найруулагч зохиолч Миранда Жулайтай ярилцахдаа “Амжилтандаа живэхгүй байхыг хүсч байна” гэж хэлсэн байсан.
-Үнэнийг хэлэхэд анх магтаал сонсоход таатай санагдаж байсан. Аажмаар энэ нь үгээр илэрхийлэхэд хэцүү нэг тийм сонин мэдрэмж төрүүлэх болсон. Амжилтын сайхан “амт”-тай зэрэгцэн айдас аюулыг мэдэрч хөл минь газраас хөндийрэх шиг болсон. Яагаад ч юм бэ, энэ бүхэн миний амжилтын эцсийн цэг байж магадгүй гэсэн бодол төрөх үе байдаг. Тийм болохоор амжилтаа тэмдэглэн баярлаж байхдаа ч дараа юу хийх вэ гэж бодож эхэлдэг. Амжилтандаа живэхийг хүсэхгүй байна.
-Ээж чинь чиний амжилтанд тайван хандаж чаддаг уу?
-Ганц охиноо ганц ч таньдаг хүнгүй газар руу явуулах нь ээжид минь хэцүү санагдаж байсан нь мэдээж. Хэдийгээр би хоёр эрэгтэй дүүтэй ч гэсэн ээж минь надад илүү их анхаарал тавьдаг байсан. Гэхдээ ижийг минь зөвшөөрүүлж чадсан бурханд талархахаас өөр аргагүй. Би найман настай байхдаа толины өмнө зогсож байгаад дуулдаг байсан. Дунд сургуульд сурч байхдаа үеийнхээ охидтой хамтарч хөгжмийн хамтлаг байгуулж байлаа. Тийм болохоор ээж минь намайг дуу хөгжимд дуртай гэдгийг минь ойлгодог байсан. Тэгээд л миний хүслийн эсрэг сөрөн зогсож чадаагүй байх. Ээж минь “Чи явж зорилгодоо хүрэхийг хичээ. Чамайг өөрийгөө хамгаалж явах чадвартай гэдэгтэй итгэж байна. Төрсөн гэрийн чинь хаалга чиний өмнө байнга нээлттэй байдаг гэдгийг мартаж болохгүй шүү” гэж захисан. Хожим ээж минь “Хамгийн гол нь чи амжилтанд хүрч чадлаа шүү дээ” гэж хэлж байсан. Харин миний авахуулсан зурагнуудыг хараад толгойгоо сэгсэрч “Ингэх л ёстой юм байх даа” гэж байсныг санаж байна. Миний задгай зурагнууд түүнд таалагддаггүй байсан бололтой     /инээв/. 
-Чи одоо хаана амьдарч байна. Чамайг нэг газраа тогтмол байдаггүйг мэднэ. Аялан тоглолт, албан ажлаар байнга энэ тэнд явдаг.
-Уг нь надад Лос-Анжелест, Нью-Йоркт байр бий л дээ. Гэхдээ би тэнд зөвхөн хонохын тулд очдог. Бас зочид буудалд заримдаа найз нөхдийндөө буудалладаг. Тэр ч байтугай автобусандаа хооллож, унтах үе гардаг. Аялан тоглолтоор байнга явдаг болохоор иймэрхүү янзтай амьдрах юм даа. 
-Тохилог сайхан байранд тухтай амьдрахыг хүсэхгүй байна уу?
-Тэгэлгүй яахав. Би 30 жилийн дараа өнгөрсөн амьдралаа эргэж хараад хүмүүсийг баярлуулахын тулд  чадах бүхнээ хийсэн. Харин миний хувийн амьдралд минь баярлаад байх зүйл алга гэж хэлэхийг хүсэхгүй байна. Тиймээс хожмын өдөр сэтгэл хангалуун байхын төлөө өнөөдөр юу хийх ёстой вэ гэдгээ хааяа боловч бодохыг хичээдэг. Юутай ч, гучин нас хүрэхээрээ амьдралынхаа хэв маягийг нэг эрэгцүүлж бодно. Тэгээд яахаа шийднэ. 
-Чи хувь тавилан байдаг гэдэгт итгэдэг үү?
-Хуучин итгэдэггүй байсан. Одоо итгэдэг болсон. 
-Крис Браунаас больсон уу... Дрейк та хоёр хамтдаа аялан тоглолтоор явах уу?
-Дрейктэй аялан тоглолтоор цуг явж байгаагүй. Тийм боломж олдвол дуртайяа явна. Крис Брауны тухайд гэвэл, нуулгүй хэлэхэд хувь тавилан биднийг учруулж, салгасан гэж боддог. Бид эхлээд сайн найзууд байсан, дараа нь дотноссон боловч энэ нь аюул дагуулсан. “Грэмм”-ийн шагнал авахаар явж байх замдаа түүнд хүний өөдөөс харахын аргагүй болтлоо машин дотор зодуулсныхаа маргааш нь амьдралд минь дахиад ийм явдал битгий тохиолдоосой гэж бурханд залбирсан /санаа алдав/. Крис миний уран бүтээлд сайнаар нөлөөлсөн хүн гэдгийг үгүйсгээгүй ч, түүнийг уучилж чадаагүй. 
-Уучлаарай, энэ талаар дахиж асуухгүй ээ.
-Зүгээр дээ. Энэ тухай надаас хүмүүс асууж, би хариулсаар байгаад дасчихаж дээ.
-Чи хүмүүсийн төлөө буяны үйлс их хийх юм. Барбадост хөхний хавдрын оношилгоо, эмчилгээний төв нээж, өвчтэй хүүхдэд туслах сан байгуулсан. Бас хүүхдүүдийг боловсролтой болгох зорилгоор тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж байгаа.
-Би багадаа телевизийн нэвтрүүлгээр нэг жижигхэн хүүхэд өвдчихсөн уйлж, гэрийнхэн нь мөнгө муутай учраас хүүхдээ сайн эмчлүүлж чадахгүй байгааг харсан юм. Тэгэхэд тэр хүүхдийг их өрөвдөж туслах юмсан гэж бодож байсан. Өвчтэй хүүхдэд туслах боломж надад дуучин болсны минь дараа олдож би сан байгуулсан. Сурах хүсэлтэй хүүхдэд зориулсан тэтгэлэгт хөтөлбөр бий болгосон. Энэ бүхэн миний хүсэл мөрөөдлийн минь нэг хэсэг юм. Би багадаа мөнгөтэй болж хүүхдэд туслах юмсан гэж хүсдэг байлаа.  Надад аз таарч мөнгөтэй болж хүслээ гүйцэлдүүлэх боломж олдсон. 
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.