НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Цэцэг бүр өөр өөрийн ааш аястай байдаг байна

    Нийтлэгч
3 жилийн өмнө /2017-05-18 16:19:46 GMT +8 / | 7543 удаа уншсан

Цэцэг агаар чийгшүүлж, орчны дуу чимээг намсгаж, цахилгаан хэрэгслийн хорт туяа, тамхины утааг өөртөө шингээн авч хүчилтөрөгч ялгаруулдаг аж. Цэцэгс эзэн нь хэдий чинээ хайрлана, төдий чинээ сэтгэлийн тэнхээ өгөх сайн энерги ялгаруулдаг. Энэ удаагийн дугаартаа удахгүй болох цэцгийн баярыг угтан цэцэгсийн тухай өгүүлнэ. Цэцэг сонирхдог иргэд анхаарлаа хандуулна уу.

Тэрилж
Манай оронд олон төрлийн цэцэг ургадаг. Сүүлийн хэдэн жил гаднаас төрөл бүрийн тасалгааны болон таримал цэцэг орж ирэх болсон. Үүний нэг "Энэтхэг" хэмээн нэрлэгддэг Тэрилж юм. Дотроо олон янз байдаг байна. Энэ нь хамгийн өргөн тархалттай. Япон Тэрилж нь нэлээд ховор. Эдгээр нь 30-50 см өндөр ургадаг. Европчууд үүгээр зул сарын баяр болон шинэ жилээр орон байраа гоёж чимэглэдэг. Цэцгээ сонгон авахдаа олон бундуйтайг нь сонгох хэрэгтэй. 

Буруу арчилгаа явуулснаас хэдхэн долоо хоногт цэцэг навч нь ойчиж эхлэх аюултай. Хойтон жил болтол цэцэглүүлэхийн нууц нь маш сайн усалж байх хэрэгтэй гэнэ. /хөрс нь байнга чийгтэй нойтон байх ёстой/. Агаарын их халуун, хурц гэрэлд дуртай. Ургалтын хугацаанд гарах хүндрэл нь навч хорчийх явдал юм. Түүний гол шалтгаан нь ус хангалтгүйтэй холбоотой. Энэхүү цэцэг хүний сэтгэлийг уяраах чадалтай аж. Мөн гал тогоонд тавих хэрэгтэй аж.

Айргана
Энэ цэцэг тод ягаан, 3-4 ширхэгээр нэг ишэн дээр байрлаж ургадаг онцлогтой. Цэцгийн голч гурван см. Навч нь хурц ногоон, гурвалсан навчны шилбэ уртавтар турь муутай цэцэглэлтийн үед доошоо унждаг. Унждаг ургамал гэхэд болно. Хоёрдугаар сараас долдугаар сарыг дуустал цэцэглэдэг. Намар 30-40 хоног сэрүүн нөхцөлд байлгаад 12-14 хэмд шинэ нахиа гарангуут дулаан байранд оруулна. Шулуун гэрэлд навч нь шарлаж унах аюултай. Хавраас намарт их хэмжээгээр, өвөлд усаа багасгах хэрэгтэй. Хувааж суулгаснаас хойш 25-45 хоногийн дараа цэцэглэнэ. Энэ цэцэг агаарыг цэвэршүүлдэг байна.


Ялдам цэцэг
Ялдам цэцэг нь хэмжээ гадаад байдал цэцгийн өнгө хэлбэрээрээ маш олон янз. Ирлиз ялдам цэцэг ерөнхийдөө 30-100 см навч 2.5-5 см урттай навчны зах нь үл мэдэгдэн хөрөөлөг цэцэг 4-8 см урттай. Амин хэлбэрээр нь бутлаг, унждаг модлог гэж ангилна. Олон янзын холимог дүрс цэцэг нь хонхон хэлбэрийн унждаг цагаан, ягаан, улаан, хөх ягаан өнгөтэй байдаг байна. Тасалгааны ургамлууд дотроос хамгийн гоё цэцэглэдэг ургамал. Хавраас намар хүртэл тасралтгүй цэцэглэнэ. Цэцэглэлтийн дараа навч нь зулгарч эхэлдэг. Иймээс өвөл сэрүүн тасалгаанд байлгадаг. Ишний тайрдсаар хавар зун үндэслүүлнэ.


Сарнахай
Энэ цэцэг Сарнын цэцэгтэй адилхан анхилуун үнэртэй, 15 см голчтой. Навч нарийн бүсэрхүү нэг метр урттай. Сарнахайн болцуу нь 15 см-ийн голчтой боловч цэцгийн нахиа нэг метр өндөртэй болдог. Дэлгэрч байгаа цэцэг нь цэцгийн хоолойн хамт 17.5 см урттай түүнийг ургуулж байгаа хүн маш тэвчээртэй байх хэрэгтэй бөгөөд суулгасан болцуу нь хэдэн жилийн дараа цэцэглэдэг. Зундаа нарны шулуун гэрлээс зайдуухан байлгах. Навчаа байнга арчих хэрэгтэй бөгөөд ишний тайрдсаар зун, үндэслүүлэхэд ургамлын даавар хэрэглэн хөрсөө доороос нь бага зэргийн халаана. Энэ цэцэг унтлагын өрөөнд сайн ургадаг аж. 

Алтангол
Дараагийн танд хүргэх цэцэг бол Алтангол юм. Энэхүү ургамал нь тасалгааны нөхцөлд хоёр метр хүртэл өндөр ургадаг. Баг цэцгийн нахиа нь өндөр биш. Цэцэг цагаан, гол нь алтлаг дөрвөн см голчтой. Навч нь үсэрхэг 22 см урт. Алтанголыг Гажнайгана, Удумбартай хамт байрлуулахад өвөрмөц хослол болдог аж. Хурдан ургадаг. Тайралтыг сайн хийж өгөх нь зүйтэй гэнэ. Цэцэг нь хавар эрт дэлгэрдэг. Сайн гэрэлтэй нөхцөлд өвөл ч цэцэглэдэг. Зундаа өдөр бүр усална. Өвөлдөө усаа багасгана. Энэ цэцэг өрөө тасалгааг чимдэг. Ажлын өрөөнд байвал зохимжтой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.