НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

М.Энхболд: Манай нутгаар ирээрэй, Миеэгомбын Энхболдынх хаана вэ гэвэл захын хүн заагаад өгнөө

Б.Ганчимэг     Нийтлэгч
3 сарын өмнө /2017-06-23 22:21:18 GMT +8 / | 7717 удаа уншсан

 

Уншигч тантай би өнөөдөр нэгэн содон зочин уулзуулах гэж байна. Түүний нэр Миеэгомбын Энхболд....

 

-Сэтгүүлч хүний хувьд тантай тааралдсандаа олзуурхаж байна. Нэг овогтой нэг нэртэй ийм хүмүүс хэр олон бол. Та сонирхож, судалж үзсэн үү. Монголд яг Миеэгомбын Энхболд гэж та хоёроос өөр хүн байдаг гэнэ үү?

-Байхгүй. Хэрэндээ л асууж сурагладаг юм. Өөр хүний тухай ёстой дуулаагүй. Бат-эрдэнэ гэдэг нэртэй хүн жишээ нь 15000 байдаг гэнэ. Гэхдээ тэдний дотор ижил овогтой хүн байхгүй. 

-Та анх М.Энхболд даргыг хэзээ яаж олж мэдсэн бэ?

-Улс төрд гэх юм уу даа, ер нь л олны анхааралд анх орж ирсэн цагаас нь л анх мэдсэн. Миеэгомбын Энхболд гэж сонсоод анх их хачирхалтай, бас сонин санагдаж байсан. Овог нь адилхан байлаа гэхэд нэр маань яахаараа ингэж таардаг байнаа гээд би их гайхаж боддог байсан.

-Үнэхээр сонин тохиолдол. Ингэхэд таны аав юу хийдэг ямар хүн бэ?

-Манай аав бага залуу насандаа хөдөө мал аж ахуй эрхэлж байгаад Дорноговь аймгийн хүн эмнэлэгт орж ажилласан. Тэгээд дараа нь сумынхаа хүн эмнэлэгт шилжиж ажилласан. Дараа нь сумандаа худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж байгаад хожим малчин болсон. Малынхаа захад өндөр насны тэтгэвэртээ байж байгаад хоёр жилийн өмнө өөд болсон доо. Аав маань ажилч хичээнгүй, үргэлж ажлын төлөө л явдаг хүн байсан. Нутаг усныхан маань сайн мэднэ дээ.

-Миеэгомбо гэдэг нэрний учрыг ер нь та ааваасаа асууж байв уу. Ямар утгатай нэр юм бол?

-Асууж сонирхож байсан. Миеэгомбо гэж бурханы нэр юм билээ. Бурхан багшийн зүрхэн тарни гэдэг шиг Миеэгомбын зүрхэн тарни гэж байдаг. Аливаа ажил үйлс, эрхэм үйлийг даатгадаг зүрхэн тарни гэж аав маань надад хэлж байсан.

-Таны аав яагаад танд Энхболд гэж нэр өгсөн юм бол?

-Манай ах эгч нар  Уранчимэг, Хишигням, Дэлгэрэхбаяр Дэлгэрням гээд янз бүрийн нэртэй. Надад Энхболд гэдэг нэр л хайрласан. Энх тунхын бэлгэдэл, бат бэхийн бэлгэдэл шингэсэн сайхан нэр л гэж өөрийнхөө нэрийг боддог ш дээ. Эцэг эхийн хайрласан нэрээ сэвгүй авч явахыг л хичээдэг.

-Би таны овог нэрийг илүү сонирхоод өөртэй тань уншигчдаа танилцуулахаа жаахан хойш тавьчих шиг боллоо. Говийн хүн гэж дуулсан ?

-Би Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын хүн. Миеэгомбо овогтой Энхболд. Малчин.

-Та дандаа л малчны хөдөлмөр эрхэлж байв уу?

-Үгүй. Би улсад бас ажиллаж байсан. Бараг 19 жил ажиллаж байгаад малчин болсон хүн.

-Өмнө нь ямар ямар ажил хийж байв?

-Худгийн моторчин, багийн төвийн сахиул, сүүлд найман жил ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд жижүүрээр ажиллаж байгаад сая нэг сард мал дээр гарлаа. Одоо хүүтэйгээ хамт мал маллаж байна .

-М.Энхболд даргыг улс төрд гарч ирсэн цагаас хойш мэдсэн юм байна. Монголчууд бид нэр нэгтийн чих нэг гэж ярьдаг. Түүний өмнөөс нүүр улайж байсан, ийм хүнтэй нэр нэг байх ч гэж дээ гэж бухимдах үе тохиолдож байсан уу ?

-Байхгүй ш дээ. Сайн сайхан явааг нь хараад бахархаж, амжилт хүсч суудаг. Манай амидаа чинь өөрөө их аятайхан, нүдэнд дулаахан, тулхтай, олон түмний дунд нэр хүндтэй сайхан хүн  ш дээ. Надтай яг ижилхэн нэртэй нэг хүн улс орныхоо төлөө, Төрийн өндөр албанд зүтгэж явахад чинь сэтгэлд баяр бахдалтай шүү дээ. Гоё шүү дээ. Одоо зарим нь амьдаа чинь нэр дэвшиж байна, чи юу бодож байна гээд л надаас их асууна. Миний мэдэх, ойр тойрны хүмүүс маань дандаа л Миеэгомбын Энхболд гэсэн малгай өмсчихсөн дэмжээд явж байх юм байна шүү дээ. Тэгээд би наад малгайнаасаа надад нэгийг өгчих, өөрөө өөрийнхөө малгайг өмсөөд явъя даа гэж хэлээд нэг малгай олж авсан. /инээв/

-Та төрийн тэргүүнийг ямар хүн байгаасай гэж боддог вэ? Таны харж байсан төрийн тэргүүнүүдээс хамгийн их сэтгэлд үлдсэн төрийн тэргүүн хэн байна ?

-Бүгд л гаднаас нь харахад хүнийхээ хувьд аятайхан, дүн нуруутай хүмүүс байсан. Ерөнхийлөгч хүн бол нуруутай, тулхтай, ер нь арай л түшигтэй хүн байхгүй бол болохгүй харагддаг юм л даа. Сайхан энергитэй, сайхан үзэл бодолтой Монгол орноо гэсэн сэтгэлтэй л байвал болоо доо. Ард түмнээ мэдэх, ард түмнийхээ амьдралыг мэдэх тийм л Ерөнхийлөгчтэй байх сайхан. Ардчилал гараад хорин хэдэн жил боллоо, Улаанбаатараас өөр хөгжиж байгаа газар алга байна шүү дээ. Монголоо мэддэг ард түмнээ мэддэг тийм л хүн хэрэгтэй байна даа. Гэхдээ л бас Төр засгийг удирдаж авч явах мөчлөгтөө энэ улс орны төлөө ажиллах гэж олуулаа ялж орж ирсэн бол илүү нягт, уялдаа холбоотой, нэг бодлогоор ажиллаж чадах олонлог л байх хэрэгтэй. Нэгэнт л өнгөрсөн сонгуулиар Монгол ардын нам гараад ирсэн юм чинь Ерөнхийлөгч нь бас МАН-аас байвал ажил нь эрчимтэй явах талаасаа хэрэгтэй л санагдах.

-М.Энхболд даргыг зурагтаар гарч байвал та яадаг вэ?

-Сувагаа солихгүй хараад дуусгана шүү. (инээв)  Бас Монгол оронд байгаа 6000 гаруй Энхболд дотроос хоёулханаа овог нэгтэй, нэр нэгтэй хоёр юм чинь бусдаас илүү л хүндэтгэнэ шүү дээ. Яг төрсөн он сарыг нь би мэдэхгүй байгаа юм. Харин эхнэр нь надтай нэг сард их ойролцоо өдөр төрсөн юм билээ. Нэгдүгээр сарын 6-нд. Би нэгдүгээр сарын 8-нд төрсөн. 

-Оноор бол та М.Энхболд даргаас дүү юу?

-Би долоо дүү. Яг төрсөн он сар нь хэзээ байдаг юм бас сонин л байх л даа. Би найз нөхөддөө тоглоомоор хэлж байсан юм. Бид хоёр чинь нэг өдөр төрсөн юм байна лээ ш дээ, надаас долоо л ах юм байна лээ гэж. Нөгөө хэдээрээ тоглож байхгүй юу. (инээв)

-Танай нутгаар зуншлага хэр байна?  

-Гайгүй ээ. Гэхдээ урьд зунуудыг бодвол жаахан тиймхэн. Удахгүй сайхан болчихно доо.

-Ноолуураа энэ жил санасанаараа арилжаалж чадав уу?

-Чадсан чадсан. Энэ хавар сайхан хавар байсан. Хавар эрт цастай байсан, мал сайхан ногоо идсэн дээ.Одоо бороо тавиухан ороод өгвөл сайхан даа.

 -Танайх хэдэн хүүхэдтэй вэ?

-Манайх гурван хүүхэдтэй. Том хүү маань мал дээр гараад малчин болсон. Миний охин Эрхүүд Эдийн засагчаар сурч байна. Бага хүү маань Энэтхэгт Шашны сургуульд суралцаж байгаа. Яваад дөрвөн жил сурчихлаа, одоо 13 настай.

Том хүүгээ бол малчин болгосон юм байна шдээ тэ

-Том хүүгээ малчин болгоод, нөгөө хоёрыг нь гадаадад сургаж байгаа юм байна. Та мундаг аав юм аа?

 -Мундаг ч юу байхав, би дундыг баримтлаад л явж ирлээ.

-Та багадаа сурлага сайтай байж л дээ?

-Үгүй үгүй, бас л дундыг баримтлаад л. (инээв) Онц монц сураад шуугиулаад байхгүй. Учиргүй муу аваад унжийгаад байхгүй, дундуур нь л....

-Тэр чинь л сайхан шүү дээ. Сургуульд хаана сурав ?

-Өвөрхангайн усны аж ахуйн ТМС –ыг төгссөн. Тэгээд л орон нутагтаа очиж худгийн моторчноор ажиллаж эхэлсэн дээ.

-Худгийн моторчин чинь гоё мэргэжил шүү дээ. Ялангуяа говьд бол онцгой мэргэжил. “Моторын дуу” киног мэднэ биз дээ. Ангасан мал гүйхээрээ ирэхэд усаа тавьж өгч байх бас л гоё биз ?

-Аргагүй сайхан даа. Манай говьд ч тэгээд ус гэдэг чинь чандмань эрдэнэ.

-Танд баярлалаа. Таны амьдралд сайн сайхныг хүсье. Заавал танай нутгаар очноо?

-Танд ч гэсэн ажлын амжилт хүсье. Манай нутгаар ирээрэй. Миеэгомбын Энхболдынх хаана вэ гэвэл захын хүн заагаад өгнөө.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.