НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Тэлдэггүй хот

Г.Баянжаргал     Нийтлэгч
3 жилийн өмнө /2017-07-21 19:06:26 GMT +8 / | 2287 удаа уншсан

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө гэж бий. Одоохондоо нүдэнд торчихоор  үр дүн ховор. Жишээлбэл, энэ ерөнхий төлөвлөгөөнд байгаль орчны шийдэлтэй маш гоё зураг төсөл бий. Тэглээ гээд Улаанбаатар байгаль орчны шийдэлтэй болсон юм хараахандаа алга. Яагаад гэвэл уг төлөвлөгөө тодорхой хуульчлагдаагүй. Дээрээс нь бидний алсын хараа, утопийн түвшинд очиж чадаагүй. Мөн нэгэнт эрх зүйн орчин бүрэн биш тул хэрэгжихэд хэцүү.

Хот төлөвлөлтийн хувьд газар олголт, хотын барилгажилтын хоёр баримт бичиг байдаг. Эхнийх нь газрын зохион байгуулал, кадастрын ажил. Нөгөө нь хот байгуулалтын ажилтай хамаатай. Сүүлийн үед л энэ хоёр баримт бичиг уялдаа холбоотой ажиллах болсон. Гэхдээ эрх зүйн орчноороо зөрчилдөх тал байдаг аж. Манай хотын төвлөрөл мэргэжлийнхэн ажлаа хийдэггүй гэдэгтэй холбоогү. Харин ч мэргэжлийн түвшиндээ сайн явагддаг. Харин гол асуудал хэрэгжилтэндээ байдаг гэнэ. Тухайлбал, эрх зүйн орчин, төсөв улс төрийн нөлөө гэх мэт. Уг нь төлөвлөгөөний дагуу 2010 он гэхэд нийслэлийн нийт өрхийн 60-70 хувийг инженерийн бүрэн хангамжтай орон сууцанд оруулахаар байсан. Гэтэл  шинээр нүүн ирэгсэд эдийн засгийн чадавхиасаа шалтгаалан гэр хороолон нүүд ирээд байгаа.

Нийслэлийн анхны төлөлвлөлтийг 1954 онд хийсэн. Уг нь 1974 он гэхэд 125 мянган хүнтэй хот болно гэж заажээ. Гэтэл 1960 онд нийслэл 180 мянган хүнтэй болсон. хүн амын шилжилт төлөвлөгөөний дагуу ч явсангүй. Араас нь нийгмийн үйлчилгээнээс авхуулаад төлөвлөгдөөгүй өөр асуудлыг бас үүсгэж эхэлсэн. Тиймээс социализмын үед төлөвлөлтийг дөрвөн удаа хийсэн юм. Энэ ямар шалтгаантай вэ. Тухайн үед ерөнхий төлөвлөгөөг гаргаж байсан гадаадын институт улсын хөгжлийг хөдөө аж ахуйтай холбон үзсэн. Гол хөгжлийн салбартай уялдуулаад хүмүүсийн суурин газарт шилжих нь бага гэж тооцоолсон байна. Гэтэл соёл, иргэншлээ дагаад хүн ам хот руугаа сууриших нь ихэссээр . 2012 оны судалгаагаар Улаанбаатар хотын 21 мянган га газрыг гэр хороолол эзлээд байсан. Өөрөөр хэлбэл хот биш гэр хороолол өргөжин тэлсээр. Тэлэх тэлэхдээ гурван жилийн өмнөх статистикаар Улаанбаатарын нэг га тайлбайд 33 хүн амьдардаг болж. Үүнийг дагаад 200 мянгаад жорлон, бохирын нүх бий болсон. Тэдгээр нь хөрсний бохирдол их гэсэн ангилалд багтдаг. Мөн суваг, шуудуу далангууд бөглөрсөн. Эсвэл эвдэрсэн.  Галын аюулын үед ашиглах усны цоргууд байхгүй. Хороолол гудамжууд орц гарцаа хаасан. Өндөр хүчдэл, үерийн замын дор айлууд зөвшөөрөлгүй буусан байдаг. Ундны усны хяналтын талбай дээр орон сууцны хороолол баригдсан. Гэр хорооллын иргэдийн ихэнх нь нүүрс түлдэг. Энэ нь агаарын бохирдлыг 50 хувийг ялгаруулдаг. Түүнчлэн бүртгэлтэй авто машины тооноос үзэхэд 2010 он гэхэд 1 сая 112 мянган хүм амтай хотод 162 мянга 710 машин ноогдож байв. Энэ бол 1975 оныхоос 3.2 дахин өссөн үзүүлэлт юм. Дээрээс нь ногоон байгууламж муутайгаас болоод тоосжилт өндөртэй. Үүнийг гэр хорооллын барилгажилт, дахин төлөвлөлт шийдвэрлэх чадвартай.Энэ мэтчилэн эрүүл ахуй, ариун цэвэр, экологийн наад захын стандартыг зөрчсөн байдалтай. Үүнд норм, стандарт байх нь байгаа. Гол нь мөн л хэрэгжилт тааруу. Хэрэв улсын хүн амын тал орчим хувь нь нэг хотод төвлөрвөл үндэсний аюулгүй байдлын хувьд ноцтой. Газар хөдлөлт, халдварт өвчин, байгалийн гамшиг болоход хүн аюултай. Экологийн асуудлууд гарч ирэхэд яах вэ гэдгийг одооноос бодох ёстой. Шийдэхийн тулд нийгмийн том салбарууд: төр, архитектур, сэтгүүл зүй, эдийн засаг гээд бүгд хамтран ажиллах ёстой:

Тэгвэл хүн амын төвлөрлөө яаж багасгах вэ. Хөдөөнөөс ирж байгаа хүмүүсийг багасгая, төвлөрлийг сааруулъя гэж яридаг. Гэтэл манай  эдийн засаг чөлөөт зах зээлийн тогтолцоотой. Тиймээс oлон сумын зах зээл дэх оролцоо бага. Зарим нь ямар ч оролцоо байхгүй. Тиймээс хүмүүс нь хаяад л явна. Амьдралын наад захын үйлчилгээ, ажлын байраа бодоод хотод ирж таараа. Зөвхөн Улаанбаатар хотод их дээд сургуулийн 75 хувь нь. Банк санхүүгийн байгууллагын олгосон зээлийн 84 гаруй хувь. Аж ахуйн нэгжүүдийн 71 хувь. Худалдаа үйлчилгээний 80 хувь. Их эмчийн 60 гаруй хувь. Иргэдийн сургууль, ажил нь хотын төв рүү чиглэлтэй. Соёлын үйлчилгээний газар нь мөн хотын төвдөө төвлөрсөн. Эмнэлэг, бараа бүтээгдэхүүний том дэлгүүр, зах мөн илүү хотын төв чиглэлтэй. Хотын захдаа номын дэлгүүр, кино театр нь ховор. Сүүлд л “Хүннү Молл” Нисэхийн чиглэлд баригдсан. Тиймээс хотын төв рүү чиглэсэн хөгжлөө гадагшаагаа задлан тэлэх хэрэгтэй болж байгаа юм. Харин хүн амын төвлөрлийг улсын хэмжээнд задлах хамгийн оновчтой арга бол нийслэлээ нүүлгэх. Шинэ хот барих. Улаанбаатар хоттой тэнцэх засаг захиргааны шинэ хотыг байгуулах. Жишээлбэл,  Египт улс ч хүн амын төвлөрөл нь гаарсан Кайро хоттой зэрэгцэхүйц шинэ хотыг босгохоор зэхэж буй. Мөн Бразил орон ч 1960-аад онд амжилттайгаар хэрэгжүүлж чадсан. Энэ бол 1960 оны дөрөвдүгээр сарын 21-нд шинэ нийслэлээр  Бразилиа хот тодорхосн. Ерөнхийлөгч Жуселину Кубичек нь сонгуульд амласнаараа тус хотын ажлыг эхлүүлсэн байдаг. Хотын байгуулалтанд Бразилын шилдэг архикетор  Оскар Нимейер.  Хотын төлөвлөлтөнд нь Лучио Коста нар ажиллав байв. Урилгаар бүр Лө Корбузе ч ирж байсан. Өнөөдөр энэ хот 2 сая 556 мянган хүн амтай. Нутаг дэвсгэрийн хэмжээ 5.802 км квадрат. 1950-аад оны үед хуучин нийслэл Рио де Жанейрод хүн амын төвлөрлийн асуудалд  том нэмэр болоогүй ч, дотоодын эдийн засагт нөлөөлсөн гэдэг. Мэдээж бидэнд Бразил шиг нийслэл босгон эдийн засгийн чадавхи одоохондоо байхгүй. Дээрээс нь шинэ хот барих Жуселину Кубичек том зорилготой улс төрч ч алга.

Харин бид шинэ хот байгуулалтын хувьд Хархорин хотын талаар ярьж байсан. Хархоринд гэдгийн шалтгаан нь усны нөөц,, инженер геологийн хувьд  тохиромжтой .Монгол Улсын төв цэг хажууханд нь буюу Бүрд суманд байгаа. Энэ нь геополитик, орон зай, эдийн засгийн үр ашиг талаасаа ашигтай. Баруун аймгаас Улаанбаатарт ирэх гэж 2000-3000 км замыг туулдаг. Харин Хархорин нийслэл болсноор улсын хаанаас ч ижил зай туулж ирэх боломжтой. Тиймээс зах зээлийн харилцаанд оролцоо багатай  аймгуудын хөгжил ч дээшилнэ. Ингэж нийслэл нь үүргээ гүйцэтгэдэг болно.  Хэрэв зөв төлөвлөгөө, бодлоготой байж чадвал шинэ хот шинэ боломжийг араасаа байлдан дагуулах боломжтой.

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.