НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Хөөрсөн түмэн ба дэгс хичээхүй

Н.Энхболд     Нийтлэгч
3 жилийн өмнө /2017-08-01 15:13:53 GMT +8 / | 6607 удаа уншсан

XIX зууны сүүлээр Сцилион Сегелийн “La folla criminale” нэртэй ном гарсан байдаг. Оросоор орчуулж, “Преступная толпа” нэртэй гаргасан уг номын нэрийг манай Б.Даш-Ёндон гуай “Хөөрсөн түмэн ба гэмт хэрэг” гэж монгол хэлэнд хөрвүүлэн уншигчдын хүртээл болгосон. Номыг улс төр, нийгэм, сэтгэл судлал сонирхогч хэн бүхэн дахин нэг уншаад үзвэл яг л манай өнөөдрийн дүр зураг харагдана.
Энэ номонд хөөрсөн, бухимдсан түмэн хичнээн сайн хувь бодгалиудаас бүрдсэн байсан ч эцэстээ гол төлөв муу үр дагаварт хүргэсэн үйлдэл хийдэг гэдгийг нэн үнэмшилтэй гаргаж олон жишээ татсан байдаг.
С.Сегел “... сайн сэтгэлт хүмүүсийн олонхи нь… Хөөрсөн түмний дунд орчихдоо сэтгэцийн дууриахуйн лайтай хуулийн дагуу өөрсдийгөө хүрээлж буй этгээдүүдтэй адилаар биеэ авч явахад хүрдэг...” гэсэн байна. Эс тэгвээс хөөрсөн түмнээс өөр үг хэлсэн, өөр үйлдэл хийсэн хүн өөрөө хохироход хүрдгийг ч харуулжээ.
Бас нэгэн зохиолын тухай. Грекийн их сэтгэгч Феофрастын “Зан авир” хэмээх зохиол бий. Хувь хүмүүсийн янз бүрийн зан авирын тухай энэ номыг уншихад тодорхойлолт бүрийн мөр, үгийн цаана бидний сайн мэдэх хэн нэгний нүүр царай, ааш аяг аажмаар тодрон харагддаг нь нэн инээдэмтэй бөгөөд эмгэнэлтэй. Номын “Дэгс хичээхүй” гэдэг бүлэгт “... дэгс хичээгч … (бол) … угаасаа биелүүлж чадахгүй амлалт өгдөг. Хэрэг явдлыг зөв зүйтэй гэж санал нэгтэй зөвшөөрцгөөчихсөн байхад мань хүн ганцаараа илэрхий буруу зүйл ярин татгалзана... Тэрээр замаасаа гажиж заавал тойруу жимээр оруулна, тэгээд цаашаа хаашаа явахаа өөрөө мэдэхгүй будилна” гэсэн байдаг.
Хол, ойрын хоёр номоо түр орхиод өнөөдөртөө эргэн ирье. Монгол Улсын Их хурлын гишүүдийг ард түмэн дор хаяж, дор хаяж шүү, 4 жил харж, сорьж, бодож байж сонгоод өөрийнхөө өмнөөс шийдвэр гаргах эрх өгөөд төрд илгээдэг. Нэгэнт 3 саяулаа нэг дор суугаад асуудал шийдэж чадахгүй учир төлөөлүүлсэн хүнээ аливаад өөрийн бодлоор гэхдээ аль болох олон хүний эрх ашигт нийцсэн шийдвэр гаргаж байгаасай гэж найддаг. Угаасаа гадна, дотнын олон сөрөг хүчин зүйлд амархан автаж болох эмзэг орчинтой учир төрөө тогтвортой байгаасай гэж залбирдаг. Улсын их хурал энэ бүхэнд олон талаас нь бодож тулхтай хандана гэж хүсдэг. Амьдрал баян хойно 4 жилийн хугацаанд юу ч тохиолдож болох. Тэр бүрийд аливаа шийдвэр гаргагч анхааралтай, сэргэг байж тал талаас нь харж уян хатан гэхдээ иргэний зоригтой байр суурьтай байх учиртай.
Тодорхой мөчид өрнөж буй аль нэг үйл явц, уг ярианы сайн, муу үр дагаврын эцсийн шалгуур цаг, хугацаа. Гэтэл тухайн цагийн нийгмийн зарим хэсгийн байр суурь, уур амьсгал эсвэл улс төрийн түр зуурын сонирхлын улмаас хэсэг бүлгийн зүгээс санаатайгаар, зарим тохиолдолд үнэхээр ч бухимдахдаа асуудлын мөн чанарыг гуйвуулж ялааг заан болгох, зааныг ялаа болгох нь манай нийгэмд алхам тутамд гардаг. Чухам үүнийг л ялгаж салгаж асуудалд хамгийн нийтлэг эрх ашгийн зүгээс хандаж байх нь сонгогдсон, томилогдсон эрх мэдэлтнүүдийн мэдлэг, боловсрол, амьдралын туршлага, ноён нуруу, эрэгцүүлэн бодох чадвараас хамаарах юм. Аливаа шийдвэр гаргахдаа сэтгэлийн хөдөлгөөнд автаж биш нийтлэг эрх ашигт хөтлөгдөх нь бидэнд илүү хэрэгтэй баймаар. Болж буй зарим үйл явдал ийм бодол руу хөтлөөд байна.
Саявтар УИХ оффшорын гэх хуулийг хэлэлцэж баталлаа. Эрх мэдэл, албан тушаалаа ашиглан олон хүний хувааж хүртэх ёстой баялгийн хэсгийг хувьдаа завшсан луйварчидтай тэмцэх, тэдэнд хариуцлага тооцох утгаар нь тэр хуулийг санаачилж ярьж эхэлсэн.
Гэтэл явцад нь нийгэм ч, улс төрчид ч асуудлыг хөөрөгдөн дэвэргэж оффшорчдыг хамгаалагчдыг илрүүлэх ардчилсан уралдаан өрнөн нэг маягийн “шулмын ав”-д мордоцгоолоо. Эцэстээ өөрсдийнх нь эхлүүлсэн сүржигнэл өөрсдийг нь дараагийн болчимгүй мэдэгдэл, алхам руу түлхсээр байгаад дүнд нь хэрэгжүүлэхэд туйлын бэрхшээлтэй, харин ч шийтгэл хүлээвэл зохих байж магадгүй этгээдүүд гэсгээлээс зайлчих цоорхойтой гэж олон хүн дүгнэсэн хууль гарах нь тэр.
Оффшор бүсийг ашиглан идсэн, уусан, завшсан шамшигдуулснаа нууж шууд болоод тойруугаар улсдаа, бусдадаа цэвдэг хандагчдад зохих хариуцлага хүлээлгэхийг хэн ч эсэргүүцэхгүй нь ойлгомжтой. Харин үүнийг нэг тийш болгох маань л ойлгомж муутай, хэрэгжүүлэхэд тун бэрхшээлтэй юм болчихлоо л доо.
Гэхдээ би энэ бичвэрээр оффшорын тухай ярих гэсэнгүй, энэ бол дотоодоос эхтэй асуудалд дотроосоо бухимдсан түмэн, бид өөрсдөө энэ удаа яаж хандсны зүгээр л нэг жишээ. Дараагийн удаа өөр нэг асуудлыг гаднаас санаачилж, дэгс хичээгчдийг гаднаас хөөрөгдөөд эхэлбэл юу болох бол? Гоё гоё нэртэй хувьсгал мандаж сүүлд нь зүс ч үгүй үлдсэн улс орнуудын хувь заяа бидэнд нэгийг өгүүлж хоёрыг бодогдуулах ёстой бус уу.
Бид заримдаа “хөөрсөн” түмний шахалтад орж дэгсдүүлж хичээгээд могойг дутуу алаад хаясантай адилхан л алхам хийчих юм даа. Сегел, Феофраст хоёр бид аль эртнээс л хэлсэн шүү дээ гээд мушийж суугаа байх даа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.