НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Ники Минаж: БИ БУУЛТ ХИЙХИЙГ ХЭЗЭЭ Ч ЗӨВШӨӨРӨХГҮЙ

П.Соёлдэлгэр     Нийтлэгч
1 жилийн өмнө /2017-08-01 16:09:03 GMT +8 / | 1522 удаа уншсан

Түүнийг “Биллбоард”-ын жагсаалтыг олон удаа тэргүүлж ирсэн анхны эмэгтэй реппэр, өвөрмөц төрхтэй, этгээд араншинтай, жүжиглэх дуулахдаа авъяаслаг од гэдэг. “Би таван нас хүртлээ Карибын тэнгисийн өмнөд хэсэгт оршдог Тринидад арал дээр, хөгжилтэй сэргэлэн, дуулж бүжиглэдэг, эрч хүчтэй, хөдөлмөрч хүмүүсийн дунд эмээтэйгээ хамт амьдарсан. Тийм учраас багаасаа хүний амьдрал дуу хөгжимтэй салшгүй холбоотой байдгийг ойлгон мэдэрдэг болсон” гэж Ники Минаж “VOA” радиогийн сурвалжлагчтай ярилцахдаа хэлжээ.

-Сайн уу, чи телевизийн шоу нэвтрүүлгээр байнга гардаг. Харин радиогоор нэг их яриад байдаггүй...
 -Гэхдээ миний дуунууд радио долгионоор тасралтгүй цацагдаж байгаа биз дээ. 
-Тэр ч тийм шүү. Чиний “Hey Mama” дуу гэхэд л радио хит болсон. Ингэхэд чи олон цомог гаргасан. Гэвч ганц л цомогтоо өнгөрсөн амьдралынхаа талаар өгүүлсэн байдаг...
-Аан, “Pinkprint”-ийг хэлж байна уу. Тийм ээ, энэ цомогтоо гэр бүл, үхэл, хагацлын тухай харуулахыг зорьсон юм. Бас хэн нэгний өмнө буруутай мэт санагддаг мэдрэмжээ тусгахыг хичээсэн...
-Мэдрэмж ээ?
-Тиймээ. Яагаад ч юм бэ, ойр дотнын хүмүүст тохиолдсон золгүй явдалд би буруутай юм шиг санагдах тийм мэдрэмж үе үе төрдөг...
-Юунд өөрийгөө буруутгаад байгаа юм бэ? 
-Ажилтай завгүйгээсээ болж, ээжтэйгээ байнга уулзаж чадахаа больж, сайхан боломжийг алдаж ирсэн. Дараа болоё гэж хойшлуулсаар явж байхдаа аливаа зүйл хурдан өөрчлөгддөг гэдгийг мартдаг. Хүмүүс мөрөөдөлдөө хүрэхийн тулд хайрлаж явдаг хэн нэгнээ орхихоос өөр арга байдаггүй. Олон жүжигчин буруугаа мэддэг ч энэ мэдрэмжээ ил гаргадаггүй.
-Гэрийнхэн чинь Нью-Йоркт амьдардаг хэвээрээ юу?
- Хэвээрээ.  Харин би  Лос-Анжелест амьдарч байна. Ижийгээ тэвэрч, ах, дүү хоёроо үнсэх завгүй  явсандаа өөрийгөө буруутгадаг. Би Нью-Йоркт байнга очдог ч ажлын цагийн хуваариасаа болоод тэдэнтэйгээ уулзаж амждаггүй байсан. Ингэж хэлэхэд санаа зовмоор байгаа биз дээ...
-Чи хэчнээн алдартай ч гэсэн папарацци нар зургийг чинь бараг авч чаддаггүй. Хувийн амьдрал чинь сайн хамгаалалттай байдаг бололтой. Нууцлаг байдлаа алдахаас айдаг хэрэг үү?
-Ямар нэг хэмжээгээр... Энэ нь надад шөнө унтахад саад болдоггүй. Гэхдээ хувийн амьдралын минь халдашгүй байдал надад онцын ач холбогдолгүй гэвэл худлаа хэлсэн болно. Телевизийн шоу нэвтрүүлэгт оролцож, сэтгүүлч сурвалжлагч нартай ярилцахдаа нээлттэй байхыг хичээдэг ч хүн л юм болохоор нууцаа хадгалж үлддэг. Зөвхөн сэтгэл зүрхэнд минь байх ёстой зүйлээ хадгалж чаддагтаа баярладаг. 
-“Anaconda” клипээс  чинь болж чамайг багагүй шүүмжилсэн. Тэр ч байтугай аав чинь хүртэл чамд нээлттэй захидал бичиж байсан...
-Түүний захидлыг хараад байдаг чадлаараа хашхичиж бухимдлаа тайлсан. Мөн “Тэнэг минь амаа хамхи. Аав аа, түр баяртай” гэж хэлсэн. Шүүмжлэгчдийг ч гэсэн хашхичиж загнасан. Харин дараа нь бүгдийг мартаж орхисон. Өнөөдөр чи үүнийг санууллаа. Энэ нь сайн уу, муу юу гэдгийг тодорхой хэлж мэдэхгүй байна. Юутай ч, би уураа удаан бариад байж чаддаггүй, нэг дүрсхийн хашхичаад  дараа нь мартчихдаг. 
-Аав чинь тийм ч шилдэг эцэг  байгаагүй байх гэсэн бодол надад төрсөн. Учир нь би чиний бага насны амьдралын тухай уншсан юм...
-Одоо энэ талаар яриад яахав. Миний тухай бичсэн хэн боловч  аавыг архи уудаг, хар тамхи татдаг байсан, согтуудаа гэрээ хүртэл шатаахыг завдсан гэдэг юм. Энэ бүхэн өнгөрсөн түүх. Тэр надаас илүү ээжийг минь их зовоодог байсан. Өнгөрсөн өдрүүдэд болсон явдлыг зүгээр л мартчих хэрэгтэй. “Таагүй явдлыг мартаж, хэн нэгэнд өгөөмөр хандаж сурах нь ухаалаг алхам юм” гэж гайхалтай сайхан ээж минь сургадаг байсан. Намайг хүмүүсийн өмнө нүүр улайхгүй амьдрах замыг засаж өгсөн хүн бол миний ээж.  -Чи байнга л твиттерт байх юм. Чиний тухай бичсэн блогийг уншдаг уу?
-Би блог уншдаггүй болохоор тэнд миний талаар юу гэж бичсэнийг мэдэхгүй. Хүмүүс миний твиттерийг хараад намайг интернэтээр “хэсэгч”-дийн нэг гэж боддог байж магадгүй. Миний талаар интернэтэд юу гэж бичдэгийг мэдэхгүй. Энэ нь сонирхолыг минь татдаггүй. 
-Үнэхээр сонин биш байдаг уу, нэг бол чи тоохгүй байгаа мэт дүр эсгэдэг үү?
-Анхандаа сонин санагддаг байсан нь үнэн. Одоо бол үгүй. Яагаад гэвэл, өөрийнхөө тухай ямар нэгэн юм сонсох нь дарамттай санагддаг. Заримдаа тэдний муу үгийг сонссоноос сонсоогүй нь дээр байдаг. Хүмүүс хэн нэгнээ ил далд элдвээр шүүмжлэх их дуртай. Тэд урлагийнхан ямар чухал хүмүүс болохыг төдийлөн анзаардаггүй. Жүжигчид бол тэдний түшиг тулгуур юм. Тэд дуучдын дуулахыг сонсох дуртай. Жүжигчдийн тоглолтыг ч үздэг. Энэ бүхнээс маш сайхан таашаал авч урам зориг ордог боловч тэд үүнийгээ сайн ухаардаггүй байж магадгүй. Гэхдээ хүмүүс намайг уйгагүй хөдөлмөрлөж, маш сайн тоглолт хийхэд хүргэдэгт нь талархдаг. Юутай ч тэдний ачаар би амжилтанд хүрсэн гэж боддог. Миний жинхэнэ нэрийг Оника Таня Мараж гэдэг. Харин үзэгчидтэй Ники Мираж гэсэн нэрээр танил болсон юм. Энэ нэрийг би өөрөө өөртөө бодож олсон юм. Би таван нас хүртлээ Карибын тэнгисийн өмнөд хэсэгт оршдог Тринидад арал дээр, хөгжилтэй сэргэлэн, дуулж бүжиглэдэг, хөдөлмөрч хүмүүсийн дунд эмээтэйгээ хамт амьдарсан. Тийм учраас багаасаа хүний амьдрал дуу хөгжимтэй салшгүй холбоотой байдгийг ойлгож мэдэрдэг болсон. Төрж өссөн арлынхны маань эрч хүч миний цусаар гүйж байгаа гэдэгт итгэдэг. Хожим ээжтэйгээ цуг Нью-Йоркт ирээд арлаа их санадаг байсан. Ээж минь ухаантай хүн байсан болохоор хүүхдүүдээ их хотын амьдралд хурдан дасгаж, өөрсдийгөө авч явах чадвартай болгосон. 
-Чи 500 сая доллартай болж, таван цомог гаргаад гэр бүлтэй болж хүүхэд төрүүлнэ гэж хэдэн жилийн өмнө ярьж байсан. Энэ бодол чинь хэвээрээ юу? 
-/инээв/ Тэгэхэд би одоог бодвол арай гэнэн байж... Хүн амжилт олох тусмаа улам ахидаг гэдгийг ойлгодоггүй явжээ. Одоогоор би байгуулсан гэрээнийхээ дагуу нэлээн хэдэн цомог гаргах хэрэгтэй болоод байна. Цомог бол хэн нэгнийг ялгаварлан “гадуурхдаггүй”,  харин урам зориг оруулж, сэтгэлийн тэнцвэртэй байдал, гандан буурашгүй хүч чадлыг шингээсэн байдаг. Хэрэв аз таарч гэр бүл, үр хүүхэдтэй болвол хэсэг хугацаанд тайзаа орхино. Тэгээд цаашдаа юу болохыг харна. 
-Тэгвэл, шоу бизнесийн амжилт гаргахыг хүсдэг хүмүүсийн тухай, ялангуяа эмэгтэйчүүдийн талаар ямар бодолтой явдаг вэ?  
-Нэгэн хэвийн өдрүүдийг амар тайван өнгөрөөж яваа хүмүүсээс илүү мөрөөдөлдөө хүрэхийн төлөө зүтгэж яваа эмэгтэйчүүдийг их үнэлдэг. Тэд өөрийнхөө үнэ цэнийг ойлгодог, яавал зорьсондоо хүрч чадахаа мэддэг хүмүүс. Би охид бүсгүйчүүдийг амжилтад хүрэхэд урам зориг өгч, тэднийг өөртөө итгэлтэй болоход нь туслахыг хүсдэг. Намайг бага байхад ээж аавтай дандаа мууддаг байлаа. Гэхдээ ээж минь санхүүгийн байдлаасаа болоод түүнийг хаяж чаддаггүй байсан. Тэгээд ч тэр үү нэг үе надад амьдрал нь мөнгөнөөс хамааралтай байдаг эмэгтэй хараал хүрсэн хүн шиг харагддаг байсан. Харин эмэгтэй хүн зөвхөн мөнгөнөөс болж эрэгтэй хүнтэй цуг байдаггүй гэдгийг сүүлд ойлгосон л доо. Зарим нь ядуу эрийг ч, нөгөө нь баян хүнийг ч орхидоггүй. Энэ чинь л эмэгтэйчүүд бидний сул тал. 
-Ники Минажийг өвөрмөц төрхтэй гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг...
-Чамд л гэж хэлэхэд, миний гадаад төрх өөрт минь хэзээ ч таалагдаж байсангүй. Би өөртөө ч таалагддаггүй яг хэн юм бэ. Яагаад? гэж толинд хараад өөрөөсөө асууж байсан. Ихэнх эрчүүд гоолиг нарийхан цагаан хүүхнүүдэд дуртай. Хэнд махлаг хар бүсгүй хэнд таалагдах вэ дээ гэж боддог байлаа. Гэвч аажмаар энэ бодол минь өөрчлөгдсөн. Би өөрөө өөрийгөө өөрчилж чадсан, гаднах төрхөө ч гэсэн... Харин хэчнээн хичээгээд ааш зангаа засаж чадаагүй. Бодсон санаснаа шулуухан хэлчихдэг, хурц зантай. Хүнд удаан уурлаад байж чаддаггүй. Сайн муу явдлыг мартахдаа амархан. 
-Этгээд хувцасласныг чинь хараад хүмүүс чамайг Леди Гагатай зүйрлэдэг...
-Би Донателла Версачегийн загварын ордонтой хамтарч ажилладаг. Бага байхаасаа л өөрийгөө үлгэрийн ямар нэгэн баатрын дүрээр дүрсэлж, тэдэнтэй адилхан хувцаслан, тэдний амьдралаар амьдрахыг хичээдэг байлаа. Энэ нь аажмаар миний хувцасны сонголтонд нөлөөлсөн байж магадгүй.
-Багадаа үлгэрийн ямар баатарт дуртай байсан бэ. “Үнсгэлэнжин”-д үү...
-Яг тодорхой хэлж мэдэхгүй ч, хүүхэд юм чинь ялан дийлж байгаа баатарт дуртай байсан болов уу. Гэхдээ хүүхдүүд айдаг аймшгийн дүрээс огтхон ч эмээдэггүй, харин эсрэгээрээ тэрнийг дуурайж тоглодог байсан. Манай арлынхны амьдралын төлөө тэмцэгч зоримог чанар миний мах цусанд шингэсэн байдаг. Би багаасаа тавьсан зорилгодоо хүрч сурсан. Дунд сургуульд байхад мундаг охид биднийг үгэндээ оруулах гэж сүрдүүлдэг байсан ч тэднийг хүлээн зөвшөөрсөн удаагүй. Хэзээ ч тэдний өмнө толгой гудайлгаж үзээгүй. Чухам хэдийд гэдгийг сайн санахгүй байна, нэг л өдөр бизнесийн хүрээнд орж баяжин, хүмүүст туслах юмсан гэсэн бодол толгойд орж ирсэн. 
-Одоо чи шоу бизнесийн ертөнцийн хамгийн алдартай хүний нэг боллоо... Чам шиг ийм амжилтад хүрэхэд юу анхаарвал зохих бол? 
-Миний бодлоор юуны өмнө  өөрийгөө залхуу лазан хүн биш гэдгийг харуулах ёстой болов уу. Би одоо ч гэсэн дууныхаа үгийг арав, хорь дахин шалгаж засдаг. Бүхнийг анх удаа эхлэж байгаа мэт цаг ямагт хичээнгүй сайн ажиллах ёстой. Уран бүтээлийн хувьд, би хэзээ ч буулт хийхийг зөвшөөрөхгүй. Миний уран бүтээл гоё сайхан байгаасай гэж хүсдэг. Миний ажил хүмүүст таалагдах ёстой. Тэдэнд би өөрийгөө энэ бүтээлийг хийхэд маш их цаг зарцуулсан гэдгээ харуулах хэрэгтэй. Үзэгчид намайг орчин үеийн хамгийн хүчтэй реппэрийн нэг, бизнесийн салбарт амжилт олсон эмэгтэй, сайн жүжигчин гэж хүлээн зөвшөөрөөсэй гэж хүсэж, тэмцэж ирсэн.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.