НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

ЭХНИЙ ДОЛООН САРЫН БАЙДЛААР 11.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧИРЧЭЭ

ner.mn     Нийтлэгч
4 сарын өмнө /2017-08-01 16:37:53 GMT +8 / | 460 удаа уншсан

Монгол Улсын хэмжээнд 2017 он гарсаар 07 дугаар сарын байдлаар нийт 2944 удаа аюулт үзэгдэл, осол тохиолдож, үүний улмаас 127 хүн амь насаа алдаж, 46 хүн гэмтэж бэртэн 530.9 мянган толгой мал хорогдож, 11.8 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Эдгээрийн хор уршгийг арилгахад Онцгой байдлын албаны албан хаагчид болон орон нутгийн иргэд нийт 21450 хүн, 3579 автомашин ажиллаж, 733 хүний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 13.8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Засгийн газар, Онцгой байдлын алба болон орон нутгаас 8.5 тэрбум төгрөг зарцуулжээ.
 
Өнгөрсөн онтой харьцуулахад улсын хэмжээнд аюулт үзэгдэл, осолд өртөж нас барсан хүний тоо 28-аар, гэмтэж бэртсэн хүний тоо 6-аар тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Мөн аюулт үзэгдэл, осолд нас барсан хүний тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20-иор буюу 15.7 хувиар өссөн байгаа нь объектын түймэрт нас барсан хүний тоо 6-аар, усны осолд нас барсан хүний тоо 11-ээр, бичил уурхай, нурангины осолд нас барсан хүний тоо 4-өөр тус тус нэмэгдсэнтэй холбоотой байна.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад аюулт үзэгдэл, ослоос аварсан хүний тоо 258-аар, аварсан эд хөрөнгө 0.6 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна.

Энэ оны эхний 7 сард ой, хээрийн түймэр өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 34.9 хувь, хүчтэй салхи шуурга 65.0 хувь, шүлхий 92.9 хувь, аянга 57.1 хувь, бичил уурхай, нурангины осол 42.9 хувиар тус тус нэмэгдсэн нь нийт аюулт үзэгдэл, ослын тоо 3.4 хувиар өсөхөд нөлөөлжээ.
Мөн 2017 оны эхний 7 сард эрэн хайх, аврах ажиллагааны 254, тээврийн хэрэгслийн ослын 67, нийт 321 удаагийн дуудлагаар давхардсан тоогоор Онцгой байдлын албаны 2792 аврагч, 514 автомашин ажиллаж, 796 хүнд анхны тусламж үзүүлэн, 65 хүний амь насыг авран хамгаалаад байгаа аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.