НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Боловсрол ба Монголын бүрхэг ирээдүй

ner.mn     Нийтлэгч
2 сарын өмнө /2017-08-11 12:07:32 GMT +8 / | 244 удаа уншсан

Ж.Энхтүвшин

Монгол Улсын ирээдүйн хувь заяа хүүхэд залуусын “Гэгээрэл”-ээс л хамаарна гэдэгтэй бүгд санал нийлэх байх. “Гэгээрэл” гэж юугаа яриад байгаа юм бэ, юун шашинлаг нэр вэ гэж гайхах “дарга” цөөнгүй, “боловсрол” нь байхад болоо биш үү гэж үзэх нөхөр ч олон. Ямартаа л “хүмүүжил” гэдэг нэр томъёог хуулиас  авч хаяхав дээ. Уг нь “хүмүүншил” гэвэл утга учиртаа илүү ойртох. Миний ухаснаар боловсрол, хүмүүншил хоёр хүмүүний зүрх, тархи лугаа шүтэн барилдаж байж гэмээ нь “гэгээрэл” хэмээх салгашгүй бүхэл шинж бүрдэнэ. 
Ертөнцийн түгээмэл жам ёсыг тайлбарлах “арга-билэг”-ийн Монгол ухаанаар бол “Боловсрол” нь аргын, “Хүмүүншил” нь билгийн талыг илэрхийлэх билээ. Ардын хувьсгалын жилүүдэд “Ардыг гэгээрүүлэх яам”, ардчилсан хувьсгалын үед “Гэгээрлийн яам” гэж байгуулагдаж байсан нь санамсаргүй хэрэг биш гэлтэй. 
Хуулиар “Хүмүүншил”-ийн тухай ойлголтыг гээсэн болохоор “Хүмүүншил”-гүй ирээдүйг бэлтгэх бодлого, зорилт хэрэгжиж байна гэж үзэж болох нь ээ. Ийм байж таарах уу. Эргүй эм, эхнэргүй нөхрийн  адил зүрх сэтгэлгүй тархи бэлтгээд байгаа юм биш биз. Миний ажиж байгаагаар ядуухан боловсролтой, хатуухан сэтгэлтэй нэгэн үе нас бие гүйцэж байна. Байгаль дэлхий, эх нутаг, ээж ааваа хайрлах, ах захаа хүндлэх, ахмад буурлаа дээдлэх, айх ичих, хүмүүний бүтээснийг хүндэтгэх сайхан уламжлал нэгэнт бүдгэрэн холдож, муу ёрын совин татах мэт болов. Хумс хуруу, нүүр царай нь эм хүнийх гэлтэй Солонгос маягийн залуу, эрүү түүшүүгээр сахал салмай болсон муслимдуу, за тэгээд учрыг нь олохгүй олон дүр төрхтэй, эрлийз гэмээр зан авиртай, гар утаснаас дүүжлээстэй охид хөвгүүдийг манай нийслэлээс олоход тун хялбар. 
Харин тэд ахмад хүн, Монгол дээлтэй хөрслөг бор царайтай хөдөөний хүн таарвал даан ч тоохгүй дээ. Юм асуусан ч дуугарахгүй, өмхий үнэртсэн юм шиг өөдөөс нь ч харахгүй. Энэ нэг их хилсдүүлэг болоогүй гэж бодож байна. 

Гадаад байдал нь ч дүүрчээ гэж бодоход зуу татчихдаг, мөрийтэй тоглочихдог, мансуурвал ч мансуурчдаг хүүхэд залуус цөөнгүй болсон гашуун мэдээг өдөр бүр сонсох болов. Өдрийн сонины саяхны дугаарт дунд сургуулийн хүүхдүүд ангиараа мансуурсан тухай барин тавин бичжээ. Аюулгүй байдалд занал учирч  байна гэж албаныхны амнаас ч гарах болов. Нийгмийн амьдралын бүх хүрээнд “хүмүүншил”-ийн асуудлыг дэндүү орхигдуулж ирсний гор. Энэ бүхэн хүүхдийн буруу биш бидний буруу. Бид хүүхдээ Монгол хөрснөөс нь хөндийрүүлсэн, өөрсдөө үлгэрлэж чадаагүй эд хөрөнгө, албан тушаал, амар хялбар амьдралыг зорилгоо болгож буруу замд хөтөлсөн. Мансуурал, завхайрал, залхуурал, хөлчүүрэл, хийх юм орох газаргүй гиюүрэл... үр хойчийг минь “цунами” адил бүрхэн хучиж байна. Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ гэдгийг Монголчууд яс махаараа мэдэрч эхэллээ. Бидний Монголчууд хойч үеэ энэ эмгэнэлт харанхуйгаас аваад үлдэх үү, тавиад туух уу. Хүүхэд залуусаа хүн болох зөв замд оруулах нь эдийн засгийн хүндрэлээс гарахаас үлэмж хүнд хэцүү сорилт бөгөөд одоо Боловсролын салбар, Монголын нийгэм энэ сорилтын өмнө тулж очоод байна. 
Үүнд гэр бүл, сургууль цэцэрлэг, сум орон, улс нийгмийн бүх л эд эс нөлөөтэй. Ялангуяа боловсролын тууштай зөв бодлого, шударга зарчим, түүнийг хэрэгжүүлэх оновчтой тогтолцоо, бүх нийтийн хүчин чармайлтаас их зүйл хамаарна. Олон хүчин зүйлийн дотроос хүүхдэд юуг зааж болох, юуг зааж болохгүй, яаж хүмүүншүүлэх талаар хэд гурван санаа хэлэхийг хүссэн минь энэ билээ. 
“Хүүхэд бол асаах ёстой дэнлүү болохоос дүүргэх ёстой сав биш” гэж нэгэн алдартны хэлснийг боловсролынхон хэлэх дуртай. Хатуухан хэлэхэд бид хүүхдээ хогийн тантан болгож гүйцлээ. Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн хүүхэд 16 төрлийн хичээл судалж, өдөрт 6-7 цагийн хичээлтэй байхаар сургалтын төлөвлөгөөнд тусгажээ. Улаанбаатарын ялангуяа захын хорооллын хүүхэд сургуульдаа ирэх, гэртээ харихдаа 2 цаг, 6-7 цагийн хичээлд 5 цаг, өдөрт 6-7 төрлийн хичээлийн даалгавар хийхэд 4-5 цаг, хооллоход 1 цаг 30 минут, амрахад 1 цаг, тоглоход 1 цаг, телевиз үзэхэд 1 цаг, унтаж амрахад 8 цаг зарцуулдаг гэвэл аав, ээж ах, дүүтэйгээ ярилцах, гэр орныхоо ажилд туслах, сонирхсон зүйлдээ цаг зав гаргах боломж нь нэн хязгаарлагдмал. Түгжрэл, гар утсандаа зарцуулах цагийг энд дурдсангүй. Аль цагт нь хөгжих, аль цагт нь хүмүүнших, алинд нь аав ээжтэйгээ цуг байх вэ? “Сургалтын төлөвлөгөө”-гөөр далайлгаж хүүхдийн цагаас бид ийнхүү хумсалсаар ... Сүүлийн 10 гаруй жилд сургалтын төлөвлөгөөг 16 удаа өөрчлөв. Хүүхдээрээ ч сайн тоглох юм даа. Уг нь хуулиндаа хүмүүнлэг энэрэнгүй байх, хүүхдийн боломж онцлогийг харгалзах тухай зарчмыг тунхагласан ч харамсалтай нь хэрэгжсэнгүй өдий хүрэв. Ийм ачаалал, дарамтын дунд хүүхэд сурсан зүйлгүй, хүмүүншсэн ч шинжгүй, учраа олохоо болиод удаж байна.   
Тэр сайд үүрэгдлээ Онцгой байдлын хичээл оруулъя, Монголд ДОХ нэмэгдлээ, эрүүл мэндийг хичээл болгоё, Ерөнхийлөгч чиглэл өглөө ёс зүй заая гэсээр ийм байдалд хүрсэн. Тэр бүү хэл ижил хүйстний талаар хичээл оруулъя гэж хөөцөлдөж явсныг дурдахад хачирхалтай. Хүүхдээ жинхэнэ утгаар нь хогийн сав болгожээ бид. Олон хичээл заахаар л сайн болно, өрсөлдөх чадвартай болно гэж эндүүрэв бололтой. Монгол Улс, Туркмен мэтийн цөөн улстай хамт өрсөлдөх чадварын индексээрээ сүүл мушгиж яваа тухай дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг тайланд дурдсан байх юм. Энэ бол үнэн. Сүүлийн үед манай дарга нар “өрсөлдөх чадвар” гэж их ярих болов. 1940-өөд онд кирилл бичигт шилжсэнээс хойш 50 орчим жил Оросод үйлдвэрлэсэн “боловсрол” хэмээх машинд хүүхдээ суулгаад давхиж гарсан. Бас тийм ч муугүй шүү. Бараг бүгдээрээ уншдаг болжээ гэж Нэгдсэн үндэстний байгууллага үнэлсэн. Машиныхаа сэлбэг, хэрэгслийг Оросоос авдаг байлаа. 90 он гарлаа, 95 онд машинаа сайжруулах хуультай боллоо. Сүүлийн 20 гаруй жил машинаа сайжруулна гэж нилээд өөрчиллөө. Хуучин Орос машиныхаа раман дээр Англи, Герман чигийн мотор тавьж үзлээ. Японоос ч бас бус сэлбэг хэрэгсэл авч сайжрууллаа. Гадаадын сайн засварчдыг өндөр өртгөөр ажиллуулж машинаа янзлууллаа. Гэтэл гадныхан хараад танайх чинь ямар машин хийгээ вэ. Уг нь бараг мориороо уралдвал өлзийтэй дөө гэж жуумалзсан гэдэг. Харин манай жолооч: 
-Германы “Бенз”, Японы “Тоёото”, Английн “Ланд ровер”, Америкийн “Форд”-той уралдана. Энэ Монголчилсон шинэ загвар, өрсөлдөнө дөө хэмээн хээв нэг хариулсан гэдэг. Уралдаан хэдийнээ эхэлжээ. Тэд хаашаа явсан нь бүү мэд, лав л ойр алга. Бид хаашаа явж байгаагаа ч сайн мэдэхгүй давхиад л байдаг. Хаана очиж зогсох юм бүү мэд дээ. Ядаж жолооч маань жолооны үнэмлэхгүй байдаг. За нэг иймэрхүү, жаахан хатуухан зүйрлэл хэрэглэсэн бол өршөөнө биз. Биднийг шоолонгуй байсан тэр хүн минийхээр дэлхийн банкны зөвлөх асан, боловсрол судлаач Гита Стайнер-Хамси. Тэрээр “Боловсролын бодлогын импорт” номондоо “Нийт хүн амынх нь гуравны нэг нь нүүдлийн аж ахуйтай малчид, мөн гуравны нэг нь ядуу ба нэн ядуу бүлэгт багтдаг ч Монголд хэрэгжсэн боловсролын шинэчлэлийн дийлэнх нь суурьшмал хүн амтай, өндөр орлоготой улс орны туршлагад түшиглэсэн байдаг” гэж бараг эхний нүүрэнд ёжтойхон бичиж үлдээжээ.  
Уул нь хүн дуурайснаас өөрийн хөрс суурин дээр олсон хөгжил өрсөлдөх чадварыг авчрах бус уу. Энэ талаар Монголын лийдэр сэтгэгч Дашийн Бямбасүрэн “Орчлонгийн хүрд” номондоо “Монгол улс өөрөөс бүтэж хөгжинө” гэж дурдсан нь бий. “Үеэ өнгөрөөсөн хөгшин өвгөн юу шалих вэ дээ” гэж дарга нар бодоо байлгүй. Юутай ч тэр санаа цухалзахгүй л байна. Өөрийн гэсэн бодлогогүй явахаар шийдсэн бололтой, энэ жил манай яам бодлогын судалгааны нэгжээ татан буулгаад авлаа. 
Ерөнхийлөгчөөсөө эхлээд, сайд дарга нар нэг л их Монгол ёс заншил ярьсан хүмүүс. Тэгээд шахсаар байгаад ёс суртахуун, иргэний боловсрол, бас бус хичээлийг сургалтын хөтөлбөрт оруулж амжив. Хаая, хөөе гэдгийг мэдэрдэг, хаана зогсож суухаа мэддэг наад захын дэг журмыг хичээл зааж, тэр тусмаа “мэдээлэл дамжуулах идэвхигүй арга”- аар хэвшүүлж болохгүйг Монголчууд аль эртнээс амьдралаараа баталжээ. Айлаас эрэхээр авдраа ухаагүйн хар гай бидэнд нүүрлээд байна. Монгол ёс, дэг жаяг бодит амьдрал, ажил хөдөлмөртэй салшгүй холбоотой. Хүүхэд нас, биедээ тохирсон ажил хөдөлмөр хийж байж гэмээ нь тэр зүйлээ мэдэрдэг, учир начрыг нь танин мэддэг, хийж байж гэмээ нь суралцдаг, хийж байж хүмүүншдэг гэсэн энгийн дүрэмд хүнийг хүн болгох Монголын арга ухааны нууц орших. Бид гаднын юмыг даан ч их шүтэх юм. Мэдэх нэг өөр, хийх нэг өөр. Мэдсэн зүйлээ амьдралд хэрэглэх хүртэл үе шатыг эмхэлж онол болгосон Блум гэж Америк хүний гаргасан “таксономи” гээч зүйлийг боловсролын онолчид амны уншлага болгожээ. Энэ онолыг 1956 онд олноо таниулсан бол суурь зарчмыг нь Монголчууд хэдэн зуун жилийн тэртээ баталсан юм. Цаасан дээр буулгаагүй л болохоос... Үеэс үе дамжин уламжилж ирсэн үзэл баримтлал, арга ухаан. “Сонсвол мартана, харвал санана, хийвэл сурна”, “мянга сонсохоор нэг үз” гэх зэрэг Монгол сургаал нь дээрхийн зах зух. Мэдээлэл дамжуулах идэвхигүй аргаар хүүхдээ хүмүүншүүлж болохгүй нь ээ гэдгийг Монгол ухаан ч өнөөгийн шинжлэх ухаан ч батлаад байхад бид бахь байдгаараа. Манай сургалт хэтэрхий “догматик” шинжтэй, амьдралаас хол хөндий байна гэж үзээд 1960-аад оноос политехник боловсролын асуудлыг хөндөж, хүүхэд залуусаа амьдрал, үйл ажиллагаанд ойртуулж байсныг эргэн санамаарсан. Ёс зүй ч гэнэ үү, иргэний боловсрол ч гэнэ үү ямар ч гоё нэр өгсөн ч бид танхимд хичээл зааж хүүхдээ хүн болгохгүй, ёстой л “догма” болж байна. Танин мэдэхүйн үндсийн талаар хоёрхон үзэл байдгийн  нэг нь “таван мэдрэхүйд нь тулгуурла” гэсэн байдаг. Эмпирицизм гэдэг билүү дээ. Үүнийг манайхан мэдмээрсэн. 
Хэн ч шүүмжлэх эрхтэй, шүүмжилсэн бол шийдэх талаар саналаа хэлэх үүрэгтэй. Хоосон шүүмжлэл ирээдүйд тусгүй. Бид юуны өмнө хүүхэд залуусаа хэрхэн хүмүүншүүлэх талаар цэгцтэй, алсаа харсан, тууштай “бодлого” боловсруулмаар. Дэлхийд цор ганцхан Монголын онцлог, түүх соёл, уламжлалт арга ухаандаа суурилсан бодлого боловсруулъя. Мэдээж бусдын сайн юмыг үзье. Хүүхдээ Монгол ахуй, түүх соёл, нүүдэлчдийн бодит амьдралтай холбоё. Яаж? Дунд сургуулийн сурагчид, оюутнуудыг малчны хот, тариан талбай, байгаль, ногоон орчинтой амьд харьцаанд оруулж танин мэдэхүй-бодит үйл- хүмүүншлийн харилцан шүтэлцээнд нь “хүмүүн” болгож авах шийдмэг алхмыг хийе. Төлийн дуу сонсгож, өтөг бууц үнэртүүлж, өглөө оройн сэрүүнд аргамжааны морь хөтлүүлж, ус татуулж, уурга бариулж үзүүлье хүүхдүүддээ? Ямааг ишнээс нь бариарай гэдэг, порлон адил нялцгар хүүхдүүдтэй болмооргүй байна. Танхимын болон танхимаас гадуурх цагийн зохистой харьцааг тогтооё. Танхимын сургалтын цагийг багасгаж, хүүхдийн ачааллыг хөнгөвчлөе. Хүн болж төлөвших, ажил хөдөлмөр хийхэд нь цаг гаргаж өгье.  Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө нь бодлогын илэрхийлэл, сургууль, багшийн хэрэгцээ, хөрөнгө санхүүгийн үндэслэл болохын хувьд ажлаа үүнээс эхэлье. Яагаад болохгүй гэж. Бүгдээрээ “прагматик” байцгаая л даа. Прагматик үзэл баримтлалаар боловсролыг хөгжүүлье, мэдлэгийг бүтээдэг “конструктив” онолыг сургалтад нэвтрүүлье гэдэг мөртлөө яагаад хөдлөхгүй байна. Мэдээж хэрэг “төр бүхнийг хийнэ” гэсэн үзлээсээ салж эрх мэдлээ шилжүүлэх, төвлөрлийг сааруулах, төр юунд оролцох юунд оролцохгүй байх зааг ялгааг тодруулах, боловсролын удирдлага, менежментийг шинжлэх ухаанжуулах, судалгаанд суурилсан бодлого боловсруулах, сургуулийн бие даасан байдлыг бэхжүүлэх, хөдөө орон нутагт ажиллах багшийн үнэлэмжийг нэмэгдүүлэх эрх зүй, эдийн засгийн арга механизм хийх гээд дараа дараагийн ажил их. Өргөн уудам нутаг орондоо таран суух боломж нөхцлийг эрэлхийлэхгүйгээр боловсролын бүү хэл өнөө утаа, түгжирлээс эхлээд нийгмийн бүх тулгамдсан асуудлыг шийдэхгүй гэдгийг “дарга” нар өглөө босохдоо санаж байхгүй бол гоё гоё нэртэй бодлого, арга хэмжээ аваад ямар ч үр дүнд хүрэхгүй гэдгийг амьдрал баталсаар байна. “Учир мэдэхгүй хүүхдүүд улс болж тоглож байна” гэж агуу Ринчиний Чойном бичиж байсан өөрийн эрхгүй санагдана. Товчхон хэлэхэд “Бирд” гэдэг хорт хавдар нь хүнд үедээ орсон, ичих булчирхайгаа авахуулсан хүмүүс удирдахаар яаж ч өөдтэй байхав дээ. 
Сэтгэл зүрх байвал үүнийг хийж болно. Даанч... Их зохиолч маань мэлмий тунгалаг байсан бол “Юутай эмгэнэл, юутай харуусал” гэх байсан даа хөөрхий. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.