НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

ХИЛЭН ТАВАГТ “СЭТГҮҮЛ” ТЭМЭЭНЭЭС ХИЛ ХЯЗГААРГҮЙ ИНТЕРНЭТ ХҮРТЭЛ

ner.mn     Нийтлэгч
4 сарын өмнө /2017-08-11 12:13:30 GMT +8 / | 589 удаа уншсан

Л.Норовсүрэн

Олон жилийн тэртээ Их сургуулийн сэтгүүлчийн ангид элссэн нэг оюутан охин “сэтгүүлч гээд байхаар нь сэтгэн боддог хүн болох юм байна гэж бодоод элсчихсэн чинь сонинд юм бичдэг хүн болох байсан юм байна” хэмээн харамсаж суусныг санаж байна. Ажаад байхад өнөөдөр ч тэр оюутан шиг бодолтой хүн, тэр тусмаа бүр сэтгүүлч мэргэжилтэй хүн цөөнгүй байдаг бололтой юм. Манай томоохон сонинуудад “Сэтгүүлчид сэтгэхээ больжээ” гэсэн гарчигтай, бас тийм агуулгатай нийтлэл хэд хэд гарч байсан. Нэлээд нэрд гарч яваа нэг залуу сэтгүүлч тун саяхан нийтлүүлсэн өгүүлэлдээ “Оюутан ахуйд багш маань сэтгүүлч гэдэг чинь сэтгэн бодох гэсэн үг. Сэтгэж чадахгүй бол сэтгүүлч болж чадахгүй” хэмээн номлосныг байнга санаж явдгаа дурссан байв. Тэр багш мэргэжлийнхээ түүхийг бага мэддэг байснаас зөвхөн үгийн төсөөтэй байдлыг үндэслэн цээжний бангаар залж багачуудын тархийг угаасан бололтой. Энэ мэтээс үзэхэд мэдээллийн эриний улаач болсон сэтгүүлчид маань “сэтгүүлч” гэдэг үгийнхээ гарал үүслийг ч мэддэггүй юм биш биз гэсэн эмзэглэл төрсөн нь энэхүү төсөрхөн өгүүллийг тэрлэх шалтаг болсныг өчсүгэй.
Юуны өмнө сэтгүүлч гэдэг үг сэтгэн бодох гэдэгтэй ямар ч холбоогүйг итгэлтэй хэлье. Үүнийг нотлохын тулд өнгөрсөн түүхийн гүн лүү лавхан өнгийх хэрэгтэй болно. Сэтгүүлч гэдэг үг “хурдан тэмээ”-ний нэр байсан  гэвэл танд итгэмээргүй санагдах байх. Гэвч энэ бол түүхийн баримтаар нотлогдсон үнэн юм. Монголчууд их эртдээ тэмээгээр довтолгож мэдээ занги солилцдог байж. Тэр тэмээ онцгой хурдан байхаас гадна газрын холыг туулах чадвартай байх ёстой нь мэдээж. Зэгзгэр өндөр биетэй, хөл урттай байх нь улаа нэхэхэд тохиромжтой хурдан тэмээний шинж гэж үздэг байсан аж. Хэвтэж байгаа тэмээний урд хоёр хөл өвчүүний хормойн хоёр талд, хойт хоёр хөл нимгэн цавины урд хэсэгт яв цав таараад гэдэс хээл нь газарт жигд сууж өгсөн байдгийг бид мэднэ. Гэтэл хурдан тэмээний  хөл ер бусын урт учир хэвтэх үед таваг нь гэдэсний голд тэвхдэж хэвлий доогуур нь гэрэл сэтгэж харагддаг байжээ. Тийм тэмээг “сэтгүүл“ тэмээ гэдэг байсан. Өнгөрсөн зууны гучаад онд зохиогдсон Шагжийн тольд “Сэтгүүл тэмээ”-хэвтвээс хэвлий нь газарт хүрэхгүй, нэгэн өдөр мянган газар явбаас болох тэмээний нэр. Сэтгүүл довтолгохуйд хэрэглэх тул ийн нэрлэжээ” гэсэн байдаг. Энэ бол нэлээд сүүлийн үеийн баримт. Энэ үг бүр монгол лугаа угсаа гарал нэгтэй табгач хүний байгуулсан Умард Вэй улсын  түүх шастирт тэмдэглэгдсэн байдаг. Тухайн үеийн” Мулганы дуу (mulange)-нд дайнаас буцаж ирсэн цэрэг эрийг хаан эзэн нь хүлээн авч гавьяа тэмдэглээд хөхиүлэн шагнахын тулд юу хүсч байгааг нь асуухад:
Харц би бээр хэргэм зэргийг хүсэхгүй
Хилэн тавагт сэтгүүл тэмээгээ унуулаад
Хөвгүүн намайг нутагт минь илгээнэ үү? хэмээн гуйсан тухай гардаг. Өмнөд Сүнгийн Ян Юй, Мин улсын Ян Шэн нарын зэрэг бичгийн мэргэд “сэтгүүл тэмээ”-ний тухай ном зохиолдоо дурдсан нь бий. Түүнчилэн Тан улсын үед зохиогдсон “Еү Ян цэ цу” гэдэг номонд “тэмээний араншин нь ичимтгий” гэсэн бол, “Мулганы хуудас”-д “сэтгүүл тэмээ”, “хилэн таваг” гэсэн үгс тааралддаг. Тэрхүү “сэтгүүл тэмээ”-г тодорхойлохдоо “хэвтвээс хэвлий нь газарт хүрэлцэхгүй, хөлөө хумиваас гэрэл сэтгэн харагдахуй, мянган газар явмуй” гэсэн байдаг. Харин “хилэн таваг” гэдэг нь хурдан тэмээний  өргөмж нэр юм. Өөрөөр хэлбэл хурдан тэмээг хилэн гөрөөстэй адилтгасан үг бололтой. Эртний сурвалжуудад “Хилэн гөрөөс Чингис хаанд тэнгэрийн санааг дамжуулсан” гэдэг домог байдаг. Ганц үүгээр зогсохгүй тухайн цагтаа бачим тулгуу мэдээг дамжуулах гол унаа болж байсан хурдан тэмээг монголчууд ихэд эрхэмлэж “барс тавагтай” гэхчилэн элдэв хурдан, хүчирхэг амьтдын шинжийг тохож ярьдаг уламжлалтай байжээ. 
Мин улсын Ян Шэн “Шэн Ань-ий шүлгийн үг” гэдэг бүтээлдээ Дуань Цэн ши-гийн тайлбараас “түүвэр сэтгүүл тэмээ” гэснийг онцлон дурдаж, “Тангийн ёсон болбоос өртөөнөө сэтгүүл тэмээт элчийг талбиж баймуй. Хил боомтын цэргийн чухал учир үгүй болбоос тэр элчийг зоригоороо томилж үл болмой. Ян Бижи хатан бээр далдуур сэтгүүл тэмээт элчийг довтолгон Ан Лу шань-д бэржгэр луугийн нүд хайралбай. Тэр учир үлгэрт харагдмуй” гэсэн байна. Үлгэр гэдэг нь Сүн улсын Юай Ши-гийн Ян Дэй жин-гийн гадаад намтрыг хэлсэн аж. Түүнд “Дээр эзэн Бижи хатандаа бэлгэт луугийн тархи арвыг хайрлахуйяа Бижи бээр сэмээр сэтгүүл тэмээт элчийг довтолгож Сан Лу шань-д гурвыг нь бариулж хүргэвэй” гэж буй. Эдгээр түүхэн баримтаас үзвэл сэтгүүл гэдэг үг их эртдээ хурдан тэмээний нэр байсан нь тодорхой болно. 
Анх хурдан тэмээний нэр байсан “сэтгүүл” гэдэг үг түүхэн хөгжлийн явцад тэрхүү тэмээгээр довтолгож мэдээ хүргэдэг онц эрхтэй хүнийг заасан нэр болж хувирсан байна. Үүнийг нотлох итгэмжит сурвалж олон бий. XVIII зууны эхэн үед зохиогдсон “Хорин нэгт” хэмээх тайлбар тольд “Цэргийн хэрэгт довтлох хүмүүнийг сэтгүүл хэмээмүй”, “Дайсныг дарсан баярын мэдээг дээр сонсгон айлтгахыг сэтгүүл довтолгомуй хэмээмүй” гэжээ. Уг тольтой нэгэн үеийн бүтээл болох “Манж үгийн таван хэлний толь”-д “сэтгүүл”-(хэрэг заргын зүйл), “сэтгүүлч”-(хүний зүйл), “сэтгүүл довтолгомуй”-(байлдах, дийлэх зүйл) гэсэн үгс байна. 1925 онд мөнхүү “Таван хэлний толь”-иос зөвхөн монгол, хятад үгийг түүж эмхэтгэсэн Тэмгэтийн толь болон “Монгол-хятад-манж үгсийн Сан хэ”-д “сэтгүүл”, “сэтгүүл довтолгомуй” гэсэн үгнүүд гардаг. 
Сэтгүүл гэдэг үгийн гурав дахь үеийн утга, хэрэглээ нь өнөөгийн бидний ойлголттой нэлээд дөхөж иржээ. Тухайлбал “Манж-япон хэлний толь”-д “Өртөөгөөр дам дамаар хүргэх дээрхийн зарлиг, эвхмэл зэргийн зүйл” гэсэн бол, XX зууны дөчөөд онд Дэмчигдонров вангийн зохиосон толь бичигт “Олонд тархаан мэдээ өгөх бичгийн нэр буюу бас цэргийн хэрэгт довтлохыг сэтгүүл хэмээмүй” гэсэн нь мэдээ хүргэдэг хүнийг зааж байсан “сэтгүүл” гэдэг үгийн утга цааш хувирч тэр хүний авч яваа мэдээ ба бичгийг заах болсон байна. Өнгөрсөн зууны эхний хагаст зохиогдсон монгол хэлний толь бичгүүдэд тэрхүү утгын шилжилт тодорхой тусгагдсан байдаг. Тухайлбал нэрт бичгийн хүн Шагжийн “Эрэхүйеэ хялбар болгон зохиосон монгол үгний тайлбар-Чандманийн эрхи” хэмээх тольд “Сэтгүүл-цэргийн хэрэгт довтлох хүнийг, бас урьдын цагт аливаа буулгасан зарлиг, айлтгах хэргийг өртөөгөөр хүргүүлэхийг, бас эдүгээ Засгийн газар ба Нам, Залуучуудын эвлэлийн Төв Хорооноос дармал даран давхин гаргаж тархаах бичгийн нэр” гэсэн байна. Ийнхүү “сэтгүүл” гэдэг үг эхлээд хурдан тэмээг, дараа нь түүнийг унаж мэдээ занги хүргэдэг хүнийг, бүр сүүлд тэр хүний авч яваа мэдээ болон бичиг захидлыг заадаг үг болжээ.
Хожим тэмээг халж, морин өртөөгөөр мэдээ занги солилцох болсон үеэс “сэтгүүл тэмээ” гэдэг үгнээс гаралтай “сэтгүүл” гэдэг үгийн хэрэглээ эрс багасч, бараг мартагдахад хүрсэн байна. Нэг үгээр хэлэхэд сэтгүүл довтолгох ёс нь өртөөний сүр хүчинд дарагдаж хоцорчээ. “Монголын нууц товчоо”-ны 281 дүгээр зүйлд Өгэдэй хаан эцгийн сууринд гарснаас нааш бүтээсэн дөрвөн сайн үйлийн тоонд “Элч явуулж харилцах ба элдэв хэргийг зөөлгөх өртөө замыг тавиулсан”-ыг дурдсан байдаг. XIII зууны үед байгуулагдсан өртөө замын сүлжээ нь үнэн хэрэгтээ өнөөгийн интернетийг байгаа эд бодисынхоо хэр чинээгээр үүсгэн байгуулсан хэрэг байлаа. Хаант төрийн зарлиг заавар, зар тунхаг, захиа зарлалыг нэгдсэн журмаар зохион байгуулж, туурвин бичих ба тараан явуулах дүрэм хэмжээ тогтоож, улсын бүх өнцөг буланг хэрэн сүлжсэн өртөө улааны албатай болсон нь тухайн үедээ өнөөгийн интернэтийг орлож байсан хэрэг юм. 
Их Монгол Улсын үед Монголын нутгийг хэрсэн 120 гаруй өртөөний хооронд морь, үхэр, тэмээгээр улаа нэхэж байснаа, Юань улсын үед өртөөний тоо 1400-д хүрч, морь, үхэр, тэмээ, нохой, сал, завь зэргээр мэдээ чимээ хүргэж, захиа шуудан дамжуулдаг болсон байдаг. Ийнхүү өртөө шуудангийн өргөн сүлжээ буй болсон нь монголчуудын мэдээлэл харилцааны түүхэнд гарсан том дэвшил төдийгүй өвөг сэтгүүл зүйн үндсийг баттайгаар тавьсан хэрэг байв.
Бидний өвөг дээдэс “Айлын ховыг хүүхэд зөөнө, аймгийн ховыг бадарчин зөөнө” хэмээн хэлэлцдэг байсан нь монголчуудын мэдээлэл харилцааны хэв маягийг нэн оновчтой тодорхойлсон хэрэг юм. XX зууны эхээр хойт, урд хоёр их гүрэн Монголд нөлөөлөх зорилгоор монгол хэлний тогтмол хэвлэл гаргахдаа мөнөөх "сэтгүүл" гэдэг хуучны үгийг сэргээн хэрэглэснийг тэдгээр хэвлэлүүд “Монгол ер үгийн сэтгүүл”, “Монгол утгын сэтгүүл”, “Ихэд нийтлэх монгол бичгийн сэтгүүл”, “Шо фаны өдрийн сэтгүүл”, “Монгол Төвдийн долоон өдрийн сэтгүүл” гэх мэт нэрээр гарч байснаас мэдэж болно. Ингэж эрт цагийн “сэтгүүл тэмээ”-нээс улбаатай “сэтгүүл”хэмээх язгуур монгол үг дахин хэрэглээнд орж эхэлсэн байна. Тэгэхдээ “сэтгүүл” нь мэдээлэл цуглуулж, боловсруулж, дамжуулах үйл ажиллагааны, харин “сэтгүүлч” нь тэрхүү үйл ажиллагааг эрхэлдэг мэргэжлийн хүний нэр болж орчилжсон юм.
Эрт цагт “сэтгүүл” хэмээх хурдан тэмээгээр өртөө дамжин довтолгож залгуулдаг байсан мэдээ зангийг өнөөдөр хормын төдийд хорвоогийн дайдад цацдаг ид шидтэй хэрэгсэл гарсан нь интернэт юм. Бөөрөнхий дэлхийг хавтгай болгосон энэ шидтэнг хориглон тогтоох хүч энэ ертөнцөд үгүй болжээ. Өнөөдөр дэлхийн хүн амын 42,0 хувь буюу 3,2 тэрбум хүн интернэт хэрэглэдэг болсон бөгөөд энэ тоо 2020 он гэхэд 53,0 хувьд хүрэх төлөвтэйг эрдэмтэд тогтоосон байна. Эдүгээ өндөр хөгжилтэй орнуудын хүн амын 73,0 хувь, хөгжиж байгаа орнуудын хүн амын 30,0 орчим хувь нь интернэтийн хэрэглэгч болжээ. Түүний дотор бидний оршин суугаа Ази тивийн хүн амын 48,0 хувь нь онлайн хэрэглэгч болж дэлхийд тэргүүлэх болов. Тэр дундаа хорин жилийн өмнө сургийг нь сонсох төдий байсан монголчуудын хоёр сая нь энэхүү даяар сүлжээний байнгын хэрэглэгч болж дэлхийн 200 гаруй улсын 127-д жагсдаг болсон байна. 
Эдгээр цөөхөн баримтаас үзэхэд оосор бүчгүй орчлонг аалзны тор шиг сүлжсэн интернэт хэмээх сүлжээ нь Сэтгүүл зүйн өнөөдрийн түрлэг, ирээдүйн хандлага болжээ. Их зохиолч Д.Нацагдорж нэгэнтээ “Байн байсаар бүх дэлхийг бүрхэж, зөвхөн нарыг хэвээр үлдээх октябрь” хэмээн дуу алдаж байсан удаатай. Харамсалтай нь тийм юм болсонгүй. Харин байн байсаар бүх сонин хэвлэлийг халж, зөвхөн интернэтийг хэвээр үлдээх Сэтгүүл зүй айсуй явна уу гэсэн бодол төрөх болсныг нуух юун билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.