НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Бурхадын ГАВАЛ

ner.mn     Нийтлэгч
2 сарын өмнө /2017-08-11 12:33:04 GMT +8 / | 922 удаа уншсан

Б.Сүхбаатар

Хачирхалтай гавлын яснуудыг хааяа дэлхийн өнцөг булангуудаас олдог боловч хэнийх, ямар амьтных вэ гэдгийг нь хэн ч тодорхой хэлж чаддаггүй. Ер бусын сунасан толгойтой амьтад нь хэн байв аа? Бидний өвөг дээдэс, гуманоидууд уу? Мутантууд уу? Эсвэл өөр ертөнцөөс ирэгсэд байв уу? Перуд олдсон нууцлаг гавлын яс болон занданшуулсан цогцсыг судалснаар шинжлэх ухаан эдгээр асуултуудад хариулт өгөхөөр одоо л шамдаж байна.

Хулуунууд ба конусууд

Хачирхалтай гавлын яс болон занданшуулсан шарилыг харьцангуй саяхан Перугийн нууцлаг Куско гэдэг хотын орчимд эрдэмтэн Ренато Рикельме олжээ. Тэндхийн Виракога хэмээх толгойг нутгийн оршин суугчид эртний инкуудын бурхандаа сүслэн мөргөж, тахьдаг газар гэдгийг мэднэ. Нэг занданшуулсан шарилынх нь гавлын яс нь илэрхий сунасан, нүдний ухархай нь маш том ажээ. Баруун нүдний ухархайд нь нүдний алимных нь үлдэгдэл байгаа нь онолын хувьд уг занданшуулсан шарилд ДНХ-ийн шинжилгээ хийх боломж олгож байгаа юм.
Тэр хавьд бас өөр иймэрхүү занданшуулсан шарилууд ч олдсон байна. Гайхалтай гавлын яс бүхий эдгээр цогцоснуудыг манай гариг дээр амьдарч байгаа нэг ч үндэстэн ард түмэн, аль ч арьстанд хамааруулах аргагүй ажээ.
Эдгээр гавлын яснуудын насыг болон гарал үүслийг тогтоох нь маш хэцүү юм. Тэдний зарим нь бие биенээсээ илэрхий ялгаатай байдаг. Тэд ямар нэг талаараа орчин үеийн хүнийг санагдуулдаг биологийн өөр өөр төрлүүдэд хамаатай юм гэсэн сэтгэгдэл төрнө. Янз бүрийн гавлуудын маш том хэмжээ болон ер бусын хэлбэрүүд нь шууд нүдэнд тусна. Тэдгээрийг, конус маягийн (буюу пирамид маягийн) гавлууд, хулуу маягийн, тийм ч зөв бус хэлбэртэй болон өмнөх буюу анхны үеийн хүн хэмээгдэх хэлбэр гэсэн дөрвөн бүлэгт хувааж болно.

Таамгууд

Гэхдээ л ямар амьд амьтад ер нь ийм ер бусын толгойтой байдаг юм бол оо? Эрдэмтдийн таамгуудын нэг нь эртний хүмүүс хүүхдийнхээ гавал ясыг янз бүрийн төхөөрөг, хэрэгсэл ашиглан зориудаар өөрчилдөг гэдэгт оршино. Нээрэн ч үнэндээ дэлхийн олон ч ард түмнүүдийн дунд саяхан болтол хүүхдүүдийнхээ толгойн хэлбэрийг өөрчилдөг харгис ёс заншил байсаар ирсэн билээ. Сунгасан толгойн хэлбэрийг гоё гэж тооцдог байжээ. Хүүхдүүдийг бүр нялхаас нь л толгойг нь дух болон чамархайн орчмоор чанга боох, эсвэл банз мод барин боодог байж. Ийм заншил нь газар нутгийн хувьд хоорондоо алс хол оршдог өөр өөр ард түмнүүдийн дунд байсан нь сонирхолтой. Эрдэмтэд уртасгасан гавлыг Египет, Мексик, Перу болон Мальта, Иракийн хойд нутаг, мөн Сириэс олж байжээ. Гавлын ясны иймэрхүү өөрчлөлтүүдийг уламжлал ёсоор төр баригчид, эсвэл тайлгач нарын омгийнхонд хамаарагддаг хүмүүсийн ёс заншилтай холбон үздэг. Ийнхүү, олон тооны гавлын ясны гажуудал нь толгой яг ийм хачирхалтай хэлбэр оруулдаг тусгай боолтыг хүүхэд насанд нь хэрэглэдэг байснаас үүдэлтэй гэж эрдэмтэд үздэг байна. Гэхдээ энэ онолын дутагдалтай тал нь уртасгаж сунгасан, бас дух нь налуу боловч уг гавлын дотор хэсэг нь хүний ердийн гавал ясны адил хэвлийн л бүтэцтэй байдаг явдал юм. Хэлбэрийг нь зориудаар өөрчилсөн гавал яснууд нь конус хэлбэрийнхтэй гэхээсээ илүүтэйгээр дээр дурдсан өмнөх буюу анхны хүний гавлынхтай адилхан байна. Конус маягийн хэлбэртэй гавлын яснууд нь хүмүүс толгойнхоо хэлбэрийг ухамсартайгаар өөрчилдөг байсан эртний соёлын дурсгалуудын дотор байдаггүй.
Бидний эртний өвөг дээдсүүд (ямар ч гэсэн тэдний тухай л яригдаж байна) өөрсдийнхөө толгойг ингэж даажигнах ямар хэрэг байсан юм бол оо? Эртний үлгэр домгоор бол ер бусын чадварыг (ховсдох, далдыг харах г.м.) бурхадтай адил болж байж олж авдаг гэнэ. Гэтэл бурхдын толгой нь хүнийхээс нэлээд ялгаатай байж. Гэхдээ хүмүүс өөр гариг ертөнцөөс ирэгсдийг бурхад гэж боддог байсан бол яана?...
Тэнгэрээс бууж ирсэн бурхдын тухай үлгэр домгууд бий. Тэдний толгой нь ер бусын хэлбэртэй байжээ. Мексикийн майя түмнүүдийн бурхдын дунд өндөр малгай өмсдөг байсан могой-бурхад байдаг байлаа. Тиймээс майягийн “дээдсийн хүрээнийхэн” өөрсдийгөө бурханлиг омгийнхонд хамаатайгаа тодотгохын тулд өөрсдийнхөө хүүхдүүдийг тэнгэрээс ирэгсэдтэй адил болгохын тулд тэднийхээ гавлын хэлбэр дээр “ажиллах” болжээ.
Египетийн бурхад ч мөн уртасгасан малгай өмсдөг байлаа. Тэр ч бүү хэл бүхний мэддэг Пасхи арлын уран баримлууд ч гэсэн уртасгаж сунгасан гавалтай, бас тэдний улаан чулуугаар хийсэн малгай нь үнэн хэрэг дээрээ урт үс нь бөгөөд толгойг нь тойруулаад сонирхолтой хэлбэрээр зассан үс засалт юм гэсэн таамаг ч байдаг.
Билэгдэл, ёслолын зориулалтаар хүүхдүүдийнхээ толгойд механикаар нөлөөлж байсан тухай эрдэмтэд шүүн хэлэлцэж байна. Хүүхэд насанд нь ингэж нөлөөлснөөр гавал ясанд нь хүссэн хэлбэр оруулдаг юм шиг ярьдаг. Гэхдээ энэ таамгууд нь эртний булшнуудаас олдсон гавлуудын хэмжээтэй төдий л тохирохгүй байгаа юм. Гэтэл эдгээр гавлуудад 2500, заримдаа бүр 3500 гр тархи багтахаар байна шүү дээ. Харин энэ тархины жирийн жингээс хамаагүй их байна. Хүний тархины дундаж жин нь ойролцоогоор 1500 гр байдаг. Хүний гавлын багтаамж болон оюун ухааны чадвар нь хоорондоо ямар ч холбоогүй гэдгийг тэмдэглэе. Жишээ нь зохиолч Анатоль Франсын тархи 1017 гр байсан. Харин Тургеневийн тархи 2012 гр байжээ. Перугээс олдсон, аль эрт үхсэн дээрх гавлын эзний гадаад төрхийг сэргээгээд үзэхэд өнөөх олдсон амьтан маань харь гаригийнхныг л илүү санагдуулмаар байсан аж. Гэхдээ энэ таамаг нь мөн л ер бусын олдворуудын бүх онцлогуудыг, нууцлаг гавлуудын бүтцийн бүх л нарийн ширийнийг тайлбарлаж чадахгүй ээ.

Манай дэлхий дээрх ахан дүүс үү?

Бүр манай эриний эхэнд, хоёр мянган жилийн тэртээ, манай Дэлхий дээр бидэнтэй огт адилгүй яс үндэстэй хүмүүс амьдарч байсан гэж үзэх жинтэй үндэслэл бий. Эдгээр хүмүүс нь бидний үеийнхнээс толгой нь сунасан хэлбэрээр ялгаатай байжээ. Тэд хэн бэ? Хаанаас ирсэн юм бол? Одоогоор эрдэмтэд хариу өгч чадаагүй л байна. Эсвэл хүсэхгүй байна уу? Хэрэв тийм бол оюун ухаант хүмүүний үүсэн бий болсон, тэдний бүтээсэн соёл болон соёл иргэншлийн түүхийг шинээр бичих, өөрөөр харах болно шүү дээ…
Уран зөгнөлт кинонуудын ачаар бидэнд хэдийнэ дасал болсон өндгөн толгойт хүмүүс нь яг үнэн хэрэг дээрээ дэлхийн хамгийн жирийн л амьтад гэдгийг олон тооны археологийн олдворууд маш тодорхой харуулсаар байна. Үүний хамт хүн судлалын (антропологи) ухаан хүн болоод анхны хүн төрхт амьтан, сармагчин хоёрын дундах завсрын үеийг эрж хайсан хэвээр байгаа боловч эрт балрын цагт бидний хамт амьдарч байсан оюун ухаант амьтдын хачирхалтай гавлыг анзаарах тун дургүй байх юм. Тийм гавлууд байгааг эрдэмтэд эртний хүмүүс өөрсдөө л тийм болгосон, эсвэл зүгээр л өвчин, мутаци, зэрэмдэглэл гэж тайлбарладаг. Гэхдээ эцэст нь шинжлэх ухааны зарим хуучинсаг зарчмуудыг дахин шинээр харах болсон байж болох юм даа?
 Эрт балрын цагт өндгөн толгойт хүмүүс оршин амьдарч байсан нь түүхийн олон оньсого таавруудыг шинээр харах боломж олгож байна. Хамгийн эртний соёл иргэншил нь шүүмэрийнх гэдгийг бүгд мэднэ. Хадгалагдаж үлдсэн зураг дүрснүүдээс үзэхэд шүүмэрүүд өөрсдөө гарцаагүй жирийн л бөөрөнхий толгойтой хүмүүс байсан байдаг. Харин тэдний удирдагч нар нь чулуун дээр заавал шовгор (конус) малгайтайгаар сийлэгдсэн, эсвэл зурагдсан байдаг байна. Эртний жижиг цутгамал баримлууд ч гэсэн бидэнд тэдний дээдсийн омгийнхон нь өндгөн хэлбэрийн толгойтой амьтад болохыг харуулдаг. Дашрамд дурдахад христосын шашны лам хуврагийн малгай, хаадын титэм болон бусад онцлох малгай, толгойн өмсгөлүүд нь бидний өнөөгийн өдрийг хүртэл дээд эрдэм мэдлэг буюу дээд эрх мэдлийг бэлгэдсээр байгаа. Толгойдоо цэцгэн хэлхээг титэм болгон өмсөх эртний уламжлал маань өнөөх өндгөн толгойтуудаас гарамай юм биш байгаа даа?
Үлгэр домгийн амьтдын (орчин үеийн шинжлэх ухааны нэрлэж буйгаар) уртасгасан хэлбэртэй толгой бүхий элдэв янзын зураг дүрсүүд нь жинхэнэ бодит хөрөг зургууд гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Харин ийм амьтдын бөөнөөрөө олдог баримал, ханын товгор баримал, ханын өнгөт зургууд зэрэг дүрслэлүүдийг тэд жирийн хүмүүстэй зэрэгцэн амьдарч байсан гэдгээр ойлгомжтой тайлбарлаж болно.

Гурван хувилбар

Хожмын неандертальчууд болон кроманьончуудын үеэс эхлэн хүмүүсийн тархи нэлээд том (1600-1750 гр) болсон байсан гэдгийг заавал тэмдэглэх хэрэгтэй. Энэ бол орчин үеийн хүмүүсийнхээс том гэдгийг сануулъя. Тархи ер бусын байдлаар, санаандгүй байтал жижгэрсэн нь гэнэтийн явдал байсан бөгөөд энэ явдал 11-12 мянган жилийн тэртээ болжээ. Яг тэр үед л Бальбек, Стоунхенж, Библос, Иерихоны болон бусад аварга байгууламжууд баригдсан байдаг... Хачирхалтай биш гэж үү? Дүгнэлтээ гаргая. Сунасан гавлын яснууд байгаа явдлыг янз бүрээр тайлбарлаж болно. Нэгд, энэ бол өөр ертөнцөөс ирсэн өндгөн толгойтой бурхдын гавлын яс. Хоёрт, энэ бол балар эртний дээдсийн омгийнхны, өөрөөр хэлбэл манай дэлхийн гаралтай, оюун ухаант, зэргэлдээх салаа мөчрийн (хүмүүстэй харьцуулахад) төлөөлөгчдийн гавал. Харин гуравт гэвэл, энэ бол гавлын ясныхаа хэлбэрийг өөрчлөх замаар бурхадтай адил болохыг хичээсэн хүмүүсийн гавал юм.
Аль ч жинхэнэ шинжлэх ухааны зорилго бол үнэнийг эрж хайх гэдэг нь эргэлзээгүй. Хачирхалтай гавлын яснуудын учрыг тайлах ажилдаа амжилт олохыг эрдэмтэд болон сайн дурынханд амжилт хүсье. Тийм гавлууд байдаггүй гэж дүр эсгэх даанч аргагүй болчихоод байна шүү дээ.
 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.