НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Марио Арлати: Би орчин цагийн алхимич

П.Соёлдэлгэр     Нийтлэгч
4 сарын өмнө /2017-08-11 12:37:00 GMT +8 / | 763 удаа уншсан

Түүнийг орчин үеийн хамгийн эрэлттэй зураачийн нэг гэдэг.  Марио Арлатийн бүтээлд зураачийн сэтгэл хөдлөл, хувийн туршлага, мартагдашгүй сайхан дурсамжийн илэрхийлэл болсон олон өнгө хослосон байдаг. “Сайхан өнгө зохицол  өдөр тутмын амьдралыг дүүргэж өгдөг” гэж Марио Арлати хэлсэн юм.  Тэрээр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн авангард зураач төдийгүй  бизнесийн салбарт ихээхэн  амжилт олсон хүн. Италийн энэ зураач жил бүр 1500 орчим бүтээлээ борлуулдаг. “Марио Арлатийн одоо хэрэгжүүлж буй  орон сууцны “ART” төсөл нь  уран барилга, хийц загвар, урлагийг холбосон Оросын уран барилгын шинэ эрин эхэлсний  бэлгэдэл болох юм. Энэ цогцолборыг барьж дуусмагц Марио Арлати уран сайхны хувьд ач холбогдолтой, дэлхийн хамгийн том урлагийн бүтээлийг туурвисан хүний нэг болж, Гиннесийн дээд амжилтын номонд бичигдэх юм” гэж Британийн урлаг судлаачид түүнийг энэ 2017 онд  Лондонд  үзэсгэлэнгээ гаргах үеэр хэлжээ. Зураач Марио Арлатитай “Еcho.msk” радиогийн сурвалжлагч уулзаж ярилцсан байна. 

-Таныг өнгөний “шидтэн” гэдэг... Өнгөний сонголтоо хэрхэн хийдэг вэ?
-Аа өнгө үү... Энд хар цагаан хоёр өнгө байна гэж бодьё. Миний хувьд эдгээр өнгө нь “гэрэл” “сүүдэр”, “амьдрал” “үхэл” юм.Гэхдээ өөр талаас нь аваад үзвэл, би хар өнгөн дээр шар өнгө нэмсэн. Яагаад гэвэл энэ нь цагаантай сайн зохицно.  Тэгвэл хар өнгөтэй сайн нийцдэг цагаан дээр улаан өнгө , мөн хар цагаантай хослодог цэнхэр өнгийг нэмнэ. Энэ бүгдийн дараа гэгээ оруулахын тулд шаргал өнгийг сонгосон. Эдгээр өнгийн ихэнх нь дэлхийн олон орны далбаанд байдаг. Тийм болохоор эдгээр өнгө нь дэлхийг бэлгэдэж байгаа юм. 
-Танд онгод оруулдаг зүйл байдаг л байх...
-Цэцэг... Ялангуяа Ибица арлын цэцэгс. Энэ нь намайг шинэ бүтээл туурвих эрчим хүчээр цэнэглэдэг . Ибица Газар дундын тэнгист оршдог болохоор байгалийн хувьд үгээр илэрхийлэхийн аргагүй үзэсгэлэнтэй. Гэхдээ би  аялах, оршин суух газраа үргэлж байнга өөрчлөх дуртай. Бүтэн жилийн турш нэг газраа байх боломжгүй. Очсон газар бүрт минь төрсөн сэтгэгдэлээ зургаараа дамжуулан хүмүүст хүргэдэг.  Москвад гэхэд л надад онгод оруулдаг газар бий. Улаан талбайн дэргэд дэхь цайны газарт оройдоо орж, Кремлийн ханыг ширтэн суух дуртай. Үнэндээ би дэлхийн хүн. Америк, Бельги, Франц ер нь хаана л бол хаанаа очдог. Хоёр сар тутам Лондонд, бас Ибицад очих дуртай. Гэхдээ миний хайртай хот бол Милан байсан, байсаар ч байх болно.  Тэрчлэн янз бүрийн томоохон төсөл онгод оруулах бас нэг эх булаг минь болдог. 
-Та яагаад зураач болсон юм бэ? 
-Би айлын бага хүүхэд л дээ. Аав минь бизнес эрхэлдэг тул зав муутай байсан. Тэгэхэд 22 настай байсан том ах минь миний хүмүүжлийг хариуцдаг байлаа. Намайг 14 настай байхад ах маань дээд сургуулийн эдийн засгийн ангид сурдаг байсан юм. Аав  намайг өмгөөлөгч болоосой гэж хүсдэг байсан. Харин ах  маань намайг тодорхой шинжлэх ухаанд дуртай болгох гэж байдаг чадлаараа хичээсэн дээ. Түүний ачаар би одоо ч  тооны машингүйгээр чээжээр ямар ч оронтой тоог үржүүлж, хувааж, нэмж хасч чадна. Ах гадагш гарах болгондоо надад түүнийг ирэхээс өмнө дуустал нь бодох тооны даалгавар өгөөд явдаг байсан юм.Түүнийг гарангуут би Чайковский, Бах нэг бол Pink Floyd, Doors хамтлагийн хөгжим тавьж сонсонгоо тоо боддог байлаа. Тоо бодож дуусангуутаа зураг зурна. Одоо болтол би зураг зурахдаа хөгжим сонсдог. Бас одоо ч гэсэн математик гэхээр үстэй толгой минь арзайдаг хэвээрээ. Би 1968 онд Миланд байдаг Кастелло Сфорцескогийн зургийн сургуульд орж суралцсан. Алдартай зураачдын сор болсон бүтээлүүдтэй танилцаж, тэдний зурах арга барилыг  судалдаг байлаа. Гэхдээ энэ үед Италийн нийгмийн амьдрал тайван бус байсан юм. Оюутны бослого,хөдөлгөөн гарч, улс төрийн жагсаал цуглаан байнга болдог байв. Тэгээд би арга буюу сургуулиа орхиж, нэг зураачийн урланд ажиллаж эхэллээ. Чухам эндээс би зураач болох замаа нээсэн. 1970 онд би Ибицад нүүж очлоо. Тэнд испани найзуудын маань нэг нь намайг Ван Дер Вуртын уран зургийн галерейн эзэн Карл Вандерворттой танилцуулсан юм. Хожим нь энэ галерейд би уран бүтээлийн анхны үзэсгэлэнгээ гаргасан. Төд удалгүй Карл арлыг орхиж Европ руу явлаа. Түүнтэй танилцсан нь миний амьдралд онцгой үйл явдал байсан юм.  Түүний нөлөөгөөр би нэг үе фигуратив чиглэлээр зурдаг байснаа больж, авангард хэв маягийг сонирхдог  болсон..
-Зураг зурж эхлэж байхад чинь ямар аугаа зураачийн бүтээл таныг урамшуулан зоригжуулах эх булаг болж байв? Одоо хэний бүтээлийг сонирхдог вэ?
-Марк Ротко, Ив Кляйн, Клиффорд Стилл мэдээж оросын авангард  Марк Шагал, Казимир Малевич зэрэг алдартай зураачийн бүтээлүүд одоо ч гэсэн надад онгод хайрлаж, намайг зоригжуулж байдаг. Тэдний бүтээсэн бүхий л аугаа туурвилууд, сайн танил болсон  бүтээлээр нь  хойд насандаа ч “амьсгалж” болно. Яагаад гэвэл, тэдний бүтээл бүр нь ямар нэг байдлаар сэтгэл хөдөлгөдөг. Энэ сэтгэл хөдлөлийг эртний үеийнх ч юм уу эсвэл  абстракт урлагаар  дамжуулан янз бүрээр илэрхийлж болно. Ямар ч зурагт бидний анзаардаггүй зүйл байдаг.  Өөрөөр хэлбэл, олон зурагнаас авсан жижиг сажиг тэр зүйлсийг хүмүүс бид анхаардаггүй. Харин энэ жижиг элементүүд зурагт хадгалагдан үлдэж, хожмын өдөр шилдэг бүтээл болдог. Би Миланд гаргасан нэг үзэсгэлэндээ хуучин, шинэ бүтээлийг харьцуулсан сэдэвт анхаарлаа хандуулсан юм. Сонгодог алдартай  зураачдын бүтээлийг өөрийнхөө авангард зурагтай зэрэгцүүлэн тавьж байгаа байдлаар үзэсгэлэнгээ зохиомжилсон. Мэдээж миний ажилд сонгодог зургийн элемент ямар нэг хэмжээгээр туссан байгаа...
-Эдүгээ таны хийж байгаа ажил олны сонирхолыг их татаж байна...
-Асуудлын гол нь 45 мянган кв.метр талбайд аварга том зураг зурахад оршиж байгаа юм. Үүнийг дэлхийн хамгийн том зураг болгож, Геннисийн дээд амжилтын номонд оруулахын төлөө бид ажиллаж байна. Хана туурга, хаалга, шалнаас өгсүүлээд сууцны гадна нүүрэн талд зураг зурна. Хамгийн дээд давхар нь хүртэл миний анхаарлын төвд байх болно. Надад газар тэнгэрийн завсар 140 метр өндөрт зөвхөн хамгаалалтын олстой дүүжигнэж байсан үе бий. Энэ үед төрж байсан онцгой мэдрэмж  миний уран бүтээлд шинэ өнгө нэмж байлаа. 
-Барилгын нүүрэн талыг  зураачийн “зотон” болгож ашиглах санаа хэрхэн төрөв? Танд “ART”-тай харьцуулж чадахуйц тийм төсөл бий юү..
-Намайг энэ төсөлд оролцохыг миний найз, архитекторч Данте Бенини санал болгосон. Данте Бенинийн студи уран барилгын шилдэг цогцолбор барих тендерт ялсан юм. Ингээд тэд надад хүмүүс дотор нь ороод амьдарч болохуйц дэлхийн хамгийн том урлагийн бүтээл хийх ер бусын санал тавихад би дуртайяа хүлээн авсан.Түүний надад илгээсэн утасны дуудлага бол миний амьдралд нэгэн шинэ зүйл эхлүүлэх дуудлага болсон юм. Миний, зураачийн хувьд энэ төсөл сонирхолтой “адал явдал”-аас өөрцгүй зүйл. Бид хамтдаа бодсоны эцэст “ART” цамхагийн төрхийг зохион гаргасан. Энэ бол “КРОСТ” концерны дуртайяа хүлээн авсан, бидний бодож олсон “өнгөн дундах амьдрал” гэсэн санаа юм. Тус компанийн шинэчлэл хийх гэсэн зоримог алхамын ачаар бидэнд урлагийн бүтээлээ нийтийн хүртээл болгох боломж олдсон. 
-Таныг дэлхийн олон хотод ажилладаг гэдгийг мэднэ. Энэ удаа Москвад ажиллах нь....
-Би Москвад авьяслаг, мэргэжлийн ур чадвартай олон хүнтэй танилцсан.  Чухам энд миний оролцож байгаа  “ART”төсөл хэрэгжих үйл явц эхэлсэн.  Энэ төслийг хэрэгжүүлэх ажилд зөвхөн оросоор зогсохгүй дэлхийн олон орны мэргэжилтэн оролцож байгаад би бахархаж байна.
-Та барилгын нүүрэн талын зургийг анх удаа зурж байна. Үүний зэрэгцээ орон сууцны цогцолборын зургийг зурахдаа олон өнгө хослуулах санаа гаргасан...
- Би ярилцлагын эхэнд хар цагаан өнгөн дээр ямар, ямар өнгө нэмдэгээ хэлж байсан... Үүнийг дахин дараах байдлаар тайлбарлаж болно. Танд байгаа хар цагаан хоёр өнгө  бол бүх будагны өнгийг дээр нь нэмж “хийж” болох чингэлэг л гэсэн үг. Үүгээр зохицсон олон өнгөний хослол гаргаж болно. Энэ нь “алхими”-ийн үр дүн юм. Чиний сэтгэлээрээ дуудаж байгаа тэр өнгийг өөр аль нэг өнгөн дээр нэмж болно. Сонгосон өнгөө арилгаж, дахин сэргээж, бас өөр өнгөн дээр нэмж болно. Өөрөөр хэлэхэд, би орчин цагийн алхимич гэсэн үг.
-Таны бодлоор орчин үеийн зураач шуугиан чимээтэй хотод уу , нэг бол олны хөлөөс хол, алс зэлүүд газар ажиллаж амьдрах ёстой юу?
-Миний сэтгэл тайван, тогтвортой  байвал ямар ч газар би байж чадна. Надад олон хүн холхисон Улаан талбай, ая тухтай чимээ шуугиангүй Ибица арлын аль нь ч ялгаагүй. Хаана ч байсан би юуны өмнө тайван байхыг эрхэмлэдэг. Тухайн улс орны оршин суугчид  яаж амьдарч байна вэ яг тэдэн шиг л аж төрөхийг хичээдэг. Ибица арал дээр очоод гоймон иддэггүй, Испани үндэсний хоол идэхийг эрхэмлэдэг. Очсон орныхоо хэлийг мэдэхгүй ч телевизийн нэвтрүүлгийг нь үздэг. Энэ бүхэн намайг тухайн орны нөхцөлд хурдан дасан зохицоход тусладаг. 
-Дэлхий нийтийн туршлагаас харж байхад урлаг хот газрын салшгүй хэсэг нь байдаг. Гудамж талбай нь хязгааргүй тэнгэрийн дор байдаг музей болж хувидаг... Таны бодлоор орон сууцны “ART”цогцолбор урлагийн “галерей”болж чадах уу...
-Би дэлхийн олон орноор чамлахааргүй их явсан хүн. Тийм учраас орон сууцны “ART” цогцолборыг дэлхийн анхны уран зургийн “галерей” болно гэж хэлж чадна. Хүн бүхэнд хүрч чадах урлагийн ийм бүтээлийг анх удаа хийж байна. Ийм өвөрмөц “галерей”-г эртний андтайгаа хамтран бүтээж байгаагаараа бахархаж байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.