НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Ж.ШАРАА: Дууны сүнс нь аялгуу юм

ner.mn     Нийтлэгч
4 сарын өмнө /2017-08-11 12:57:46 GMT +8 / | 1984 удаа уншсан

1960-1980 онд Монголын нийтийн дууны урлагт од болон гялалзаж явсан Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт хөгжмийн зохиолч Жамбалын Шараа гуай энэ жил билгийн тооллоор 80 насны сүүдэр зэрэгцэж байна. Насан өндөр болсон ч хөнгөн шингэн,наргиа хөөрөөтэй,ануухан мэт гялалзаж яваа энэ хүн уран бүтээлийнхээ урт замд нийтийн болон хүүхдийн 100 гаруй дуу, дан хөгжмийн 70 гаруй бүтээл, жүжиг, бүжгийн олон хөгжим зохиосон бөгөөд өнөөдөр ч аялгуу дууныхаа ертөнцөд уран бүтээлээ туурвисаар явна. Ажил хөдөлмөрийнхөө гарааг эхэлсэн, С.Гончигсумлаа багшийнхаа нэрэмжит Хөгжим бүжгийн коллежид Ахмадын хорооны Удирдах Зөвлөлийн гишүүн, тус Зөвлөлийн “АБА” сангийн тэргүүний албыг хашиж суугаа эрхэм хүнтэй эрт эдүгээгийн тухай хөөрөлдсөнөө толилуулъя.

Б.Магсаржав

-Таны төрсөн нутаг, аав, ээж, хүүхэд насныхаа тухай дурсамжаар яриагаа эхлэе?
-Би чинь “Жаахан шарга”-ын, жанжин Сүхбаатарын, Магсар хурцын Дугаржавын нутгийн хүн. Миний аав Жамбал бол Дугарын наймдугаар хүү болж төрсөн, одоогийн Сүхбаатар аймгийн Асгат сумын 4-р багийн малчин ард байсан юм. Аав минь их хөдөлмөрч, дуу цөөнтэй, ажилсаг хүн байсныг би арван нас хүртлээ ээж аавынхаа гар дээр өсөж хүмүүжсэн болохоор марталгүй санадаг юм. Ан гөрөө байнга хийдэг, мал сүргээ жилийн жилд өсгөдөг байсан. Намрын гурван сард Жамьянжанцан гэдэг нөхөртэйгээ хоёул тарваганы анд яваад ирэхдээ тарваганы махыг дэлгэж хатаагаад, том цагаан авдарт дүүргэж хадаад, өөхийг нь шарлаагаад, шар тос шиг болгочихсон авчирдаг байсан. Тэр махыг өвөл, хаваржин хэрэглэцгээж, өөхөөр нь шарвин хайрч иддэг байлаа. Арьс хөрс элдэнэ. Миний том ах Доржийг таван жил Ардын цэрэгт алба хаагаад, сэлэм далайсан баатрын дүрстэй тэмдэг (Халх голын ялалтын тэмдэг) зүүгээд ирэхэд нутгийнхан “Одон Дорж” хүндэлж, аав ээж хоёр маань хүүдээ таван ханатай гэр зэхчихсэн, хурган дотортой дээл, тарваган дотортой дээл, үнэгэн лоовууз гээд л бүх юмыг нь бэлдээд угтаж байсан юм. Сэрүүн хүйтэн улиралд үнэг, чоно, зээр агнадаг байлаа. Аав ч тэр, Жамьянжанцан гуай ч тэр ан ав хийхдээ амьтны нялх үр, эх амьтныг хөнөөхийг цээрлэдэг байсныг санана. Байгаль, амьтнаа их л хайрладаг байсан шиг. Тэр үеийн жирийн хүмүүс байгалиа яаж хамгаалахаа сайн мэддэг байсан нь аавын маань үйлээс харагддаг юм. Ээж минь гэр орныхоо ажлыг хийдэг, тэр цагийн эзэгтэй нарын адил л нэгэн байлаа. Ээжийг Бадамлянхуа гэдэг, нутгийнхан Лянхуа гэж дууддагсан. Нүд хөмсөг сайхантай, яралзсан цагаан шүдтэй, үргэлж гэрэл цацруулан инээмсэглэж явдаг, зан сайтай хүн байж билээ. Даанч тэд маань намайг багад бурханы оронд одсон. Ээж минь намайг сургуульд орохын урьд жил өөд болж, аав минь намайг дөрөвдүгээр анги төгсөөд Улаанбаатар хот руу сургуульд явах болоход шуудангийн машинд суулгаж өгөөд араас минь харсаар хоцорсон юм. Тэр өвөлдөө ааваасаа хагацсан. Одоо эргээд бодож байхад миний хүн төрх, монгол ахуй, монгол зан заншил бүгд ээж аавын минь надад өвлүүлсэн үлгэр дууриал юм гэж санадаг, биширдэг. Ганц шүтээн минь ээж, аав хоёр.
-Сурсан сургууль, ажиллаж байсан байгууллагын тухайд?
-1948 онд Асгат сумын бага сургуульд орсон. Манай сургуулийн захирал Гонгоржав, хичээлийн эрхлэгч Аюуш, ангийн багш маань Халзан сумын сургуулийн долдугаар ангийг төгссөн Дашдоржийн Шагдарсүрэн гэдэг залуухан эмэгтэй байсан. Нөхөр нь сумын бага эмч Далантай. Тэр үед долдугаар анги төгссөн хүн чинь одоогийнхоор бол дээд сургууль төгссөн мэргэжилтэн адил тооцогддог байлаа.Түүгээр ч барахгүй дөрөдүгээр ангиа онц төгссөн бол шууд багшилдаг ч удаатай. Мөн Халзан сумын сургуулийн долдугаар анги төгссөн Бадарчийн Сүхбаатар гэдэг залуухан багш ч ажиллаж байсан. Залуу багш нар өөдрөг сэтгэлтэй, шавь нартаа урам хайрлаж чаддаг, олон зүйлийн тухай мэддэг болохоор сонин сайхныг их ярьж таниулдагсан. Дөрөвдүгээр ангид Сүхбаатар багш биднийг дааж төгсгөсөн. Их зарчимч, шударга хүн байж билээ. 
-Бодвол, тэр үед Сүхбаатар багш Танаас нэг их олон ахгүй байсан болов уу?
-Тэгэлгүй яахав, дөнгөж долоо төгсөөд ирсэн хүн чинь мөн л хүүхэд гэсэн үг.
-Манай нутгийнхны бахархал болсон Доржийн Гомбожав, түүний үеийнхэн дөнгөж долдугаар анги төгсөөд Их сургуульд сурч төгсөж ирээд багшлахад ахлах ангийнхаа шавь нарын заримтай бараг насны зөрөөгүй байсан гэдэг юм.
-Тийм ээ, сайхан залуучуудаар А үсэг заалгаж, амьдралынхаа зам, зүгийг заалгасандаа баярлаж  явдаг даа.
-Ярианы далимд асуухад, Таны ургийн овгийг юу гэдгийг хэлэх үү? 
-Хүн бүр гэдэг. Намайг бага байхад хүмүүс удам судраа мартчихсан үе. Юмны учир мэдэхгүй болохоор аав ээжээсээ ч асууж амжаагүй, бүр сүүлд ахаасаа асуухаас айгаад мэдэж чадаагүй юм. Тэгээд л ийм овогтой болсон доо.
-Бага сургуульд хамт сурч байсан нөхдөө санана уу?
-Шүхэрдорж, Цэнд-Арслан гэдэг хоёр найзаа сайн санадаг. Яагаад гэвэл бид гурав ангийнхаа онц сурлагатнууд байсан. Шүхэрдорж их сайхан зурдагсан. Бид гурав дөрвөө төгсөөд аймгийн Цэргийн хэлтсээс өгсөн шийдвэрийн дагуу Улаанбаатарт Офицерийн сургуульд суралцах хуваарь авсан. Улаанбаатарт ирээд эгчийндээ буусан. Тэднийх одоогийн Чойжин ламын сүмийн хашаанд байсан юм. Хашаан дотор нэг давхар модон байшинд цэргийн хувцастай, гоё гоё хүмүүс ирдэг, намайг хөдөөнөөс ирсэн хүүхэд болохоор гэрээс гаргахгүй, гарвал төөрөөд явчихна гээд эгч өглөө ажилдаа явахдаа цай, гамбир зэхэж орхино. Би хөдөөнөөс ирэхдээ нэг утаа зуусан морин хуур, төмөр лимбэ гэсэн хоёр хогшил чирсэн байсан. Тэднээрээ оролдож өдөр өнгөрөөнө.1952 он юмсан.
-Тэгж ирэхдээ хуураа хуурдаж, лимбээ үлээж сурсан байсан уу?
-Суралгүй яахав. Манай сумын Улаанбулангийн эрхлэгч Бүдүүн Буд гэдэг хүн сайхан хуурдаж лимбэддэг, сайн дурын уран сайханчид. Түүнээс сонсголоороо хөгжимдөхийг сурдаг байлаа.
-Морин хуурандаа хамгийн анх ямар дуу хуурдаж сурав даа?
-“Хүмүүн төрөлхтөн”. Бүдүүн Буд гуай намайг хөгжим сургахын тулд нөгөө аялгуугаа лимбэдэхдээ “Миний гарыг хараад дагаж дар” гэнэ. Тэгээд л би лимбээ үлээж дуу гаргалгүй, Буд гуайн хуруу аялгууны дагуу хэрхэн хөдлөхийг нь дууриан давтана. Тэрнийг “битүү үлээх” гэнэ. Сайхан аялгуутай, сурахад хялбар дуу байсан.
-“Битүү үлээх” гэдэг бол “Битүү амьсгаа” биш байх нь ээ?
-“Битүү амьсгаа” биш. Тэр бол мундаг эд. Би 1961 онд Свердловскийн Уралын хөгжмийн дээд сургуулийг төгсөж ирээд нөгөө алдарт хөгжимчин, “Үхэрчин хүү” гэгдэж олноо алдаршсан Цэрэндорж гуайтай танилцахдаа тэр тухай мэдэж авсан. Бас алдарт дуучин Дорждагва гуайтай ч танилцсан. Цэрэндорж гуай шанзны багш хийж байсан. Магсар хурцын Дугаржав гуайг ид сайхан дуунуудаа зохиож байх үед Цэрэндорж гуай театрын хөгжимчин байж. Тэр үед хөгжимчид, дуучид бүгдээрээ майхан хөсөгтэй хөдөө гарцгаагаад дуу хөгжмөө амьдрал дундаас олж зохиоцгоодог байсан байгаа юм. Наваан-Юндэн гуай “Баян Монгол”,”Үхэрчин хүү” дууны үгийг зохиосныг та нар мэднэ. “Баян Монгол” дуунд дахилт байхгүй байж. Гэтэл Дугаржав гуай малчдын “Гүүргий, гүүргий” гэхийг сонсчихоод “Ерөөсөө дахилтад нь ”Гүүргий, гүүргий, гүүргий, гүүргий, гүүргий” гээд оруулчихъя” гэсэн гэдэг. Бас тэнд үхэр хариулж явсан хүний нэрийг мэдэхгүй болохоороо дууныхаа хэмжээнд тааруулаад “үхэрчин хүү Цэрэндорж би” гэж оруулъя” гэсэн байна. “Ингэж л би чинь дуунд мөнхөрсөн хүн шүү дээ” гэж Цэрэндорж гуай их л баяртай дурсаж байсан.
-Та Офицерийн сургуульд сурахаар ирчихээд яаж яваад урлагийн замд орсон юм бэ?
-Хотод найман сард ирэхэд их халуун байсан. Гэрийнхээ хаяаг шуучихаад л эгчийгээ ажилд явсан хойгуур нөгөө хуур, лимбэ хоёроо оролдож өдрийг бардаг боллоо. Эгч ажлаас ирсэн хойноо нөгөө модон байшин руу хааяа очно. Нэг өдөр эгч хэлж байна "Миний дүү, энэ байшинд ирдэг Цэнд-Очир гуай надаас “Танай дүү ямар сургуульд сурахаар ирсэн юм бэ” гэж асуухаар нь “Офицерийн сургуульд” гэсэн чинь “сард 120 төгрөгийн стипенди(тэтгэмж)-тэй урлагийн сургууль байдаг юм. Танай дүү урлагт дуртай сонирхолтой хүүхэд шиг байна. Тэнд шалгуулчихвал яасан юм” гэлээ” гэв. Би бушуухан “Тэгье, тэгье, тэнд шалгуулъя” гэчихлээ. Маргааш нь эгч Цэнд-Очир гуайд хэлжээ. Цэнд-Очир гуай ч “Тэгье. Би маргааш ажилдаа очихдоо дагуулж яваад шалгуулчихъя” гэсэн гэнэ.
-Офицерийн сургуульд сурах гэсэн хүн чинь хуур, лимбэ тэр холоос чирч ирдэг ер ямар учиртай байв гэдэг сонирхолтой юм?
-Надад байсан төрөлхийн жаахан авьяас л намайг хөтөлж байсан байна гэж боддог юм. Цэнд-Очир гуай “Эрхэм уран зохиолч” цолтой байсан. Намайг дагуулаад тэр үед “Урлагийн хороо” хожим Соёлын Яам болсон газар хүрч ирсэн. Эрхэм уран зохиолч маань тэнд нэг газрын нь даргын албыг хашиж байсан бололтой. Нэг намхан бор хүнд “Энэ хүүхдийг урлагийн сургуульд аваачаад шалгуулаарай” гэж даалгалаа.Нөгөө хүн уриалгахан хүлээж аваад л намайг дагуулж явав. Одоогийн Гадаад Яам, Сүхбаатарын талбай хоёрыг л тогтоолоо. Урлагийн сургууль нь одоогийнхоор Хуучин Циркийн ард нэг давхар цагаан байшинд байсан. Тэнд, дагуулж явсан хүн маань нэг хүнтэй уулзаад “Цэнд-Очир гуай явууллаа” гээд ирсэн учраа ярилаа. Нөгөө хүн хүлээж аваад “одоогоор энд шалгахгүй байгаа. Хөгжимт драматик сургууль дээр шалгана. Та тэнд очоод шалгуулчих” гэнэ.Бид хоёр дахиад л нөгөө газар луу нь явлаа. Цэнд-Очир гуай тэр хүнд “Наадах хүүхдээ гараасаа салгаж болохгүй шүү. Хөдөөний хүүхэд. Төөрчихнө” гэсэн юм. Хоёулаа яваад Хөгжимт драматик театр, одоогийнхоор Дуурийн театрт ирлээ. Тэр үед Драмын театр тусдаа гараагүй, Хүүхэлдэйн театр ч хамт байсан. Хонь хурга нийлж байгаа юм шиг олон хүн бужигнасан газар байна. Миний урьд үзээгүй, шал өөр ертөнц. Би чинь сумынхаа улаанбулангаас өөр газар очиж үзээгүй, аймгийн Соёлын ордныг ч мэдэхгүй байсан. Нэг өрөөнд ороод очсон чинь, ёстой л лусын дагина гэмээр сайхан хүүхэн биднийг угтлаа. Дагуулж ирсэн хүн маань бас л Цэнд-Очир гуай гэж байгаад учрыг ярилаа. Нөгөө сайхан эмэгтэй “Одоохон” гээд гарч явсанаа эргэж ирээд бид хоёрыг дагуулж нэг өрөөний үүдэн дээр очоод хүлээлгэж байгаад дуудаж оруулав. Хоёр сайхан залуу сууж байна. Одоо бодож байвал, халимаг үсээ толийтол самнаж тосолсон байсан юм билээ. Өрөөний нэг буланд гялалзсан том хар авдар байна. Амьдралдаа хараагүй, том, гоё авдар байна. Угтаж авсан залуучууд зэрэгцэж сууж байгаад нэг нь нөгөө авдрыг онгойлголоо. Баахан хар цагаан юм үзэгдлээ. Ямар сонин авдар вэ гэж би бодож байв. Авдрын дэргэд сууж байсан хүн хэлж байна "Би үүнийг одоо дуугаргана. Дээшээ, доошоо янз бүрийн авиа гарна. Чи тэр авиаг дууриаж дуугараарай” гэлээ. Хар цагаан хоёроос нэгийг нь дарахлаар дуу гарах юмаа. Би гарсан авиаг нь дууриаж дуугараад байлаа. Тэгж тэгж “За, боллоо” гэнэ. Авдраа хаачихлаа. Нөгөө нэг залуу нь нэг харандаа надад өгөөд, өөрөө нэг харандаа бариад “Би энэ ширээний буланг цохино. Чи анхааралтай сонсоод, намайг дууриагаад цохиорой” гэнэ. Би нөгөө хүний хэлснээр хийлээ. ”За, болно” гэнэ. Нөгөө гоё эмэгтэй босож ирээд,”Миний дүү босоод ир” гээд миний гарыг үзэж үзэж, намайг эргүүлж тойруулснаа “За, болно” гэлээ. Тэгснээ бид хоёрыг үүдэнд хүлээж бай гээд гаргалаа. Хоорондоо зөвлөлдөх бололтой. Удалгүй дагуулж явсан хүнийг маань дуудаж оруулсанд, “За, хүү минь, чи тэнцлээ” гэсээр нөгөө хүн гарч ирлээ.
-Тэр гурван хүн хэн хэн байсан бэ?
-Буцаж явахдаа нөгөө хүн хэлж байна. "Энэ гурван хүн бол морин хуурч Жамьян, удирдаач Чулуун, хийл хөгжимчин Цэрэндолгор нар шүү дээ гэв. Хожим нь би манай хөгжмийн урлагийн агуу их хүмүүс намайг шалгаж урлагт орох замыг нээж өгсөн юм байна гэж мэдсэн дээ. Тэгж тэнцээгүй бол би Офицерийн сургуулийн сонсогч болох байсан. Гэтэл Офицерийн сургуулийг хоёр жилийн дараа татан буулгасан. Тэгэхлээр миний их урлагийн замыг заасан хүн бол Эрхэм уран зохиолч Цэнд-Очир гуай, урлагт хөтөлсөн нь тэр гурван агуу хүмүүс байсан.
-Гэтэл тэднээс өмнө Таныг морин хуур, лимбээр хөгжимдөх дадлага чадвартай болгосон хүн бол бүр анхны багш чинь байж дээ?
-Тэгэлгүй яахав. Бүдүүн Буд гуай миний авьяасыг нээсэн хүн. Би сумын улаанбуланд хуур лимбээс гадна мандолинаар “Хүмүүн төрөлхтөн”-ийг дарж бүжиглүүлдэг байлаа.
-Буд гэдэг хүний удам хойч нь хаана явдаг бол?
-Харамсалтай нь, би багадаа нутгаасаа гараад урлагийн сургуульд дөрвөн жил, Зөвлөлтөд Хөгжмийн дээд сургуульд зургаан жил сураад, нутгаасаа холдчихсон болохлоор мэдэх юм юу ч үгүй. Ахаасаа ч болов олон юмыг асууж мэдэлгүй өнгөрөөсөндөө одоо л харамсаж явдаг.
-Буд гэдэг хөдөөний нэг жирийн хүн, алдарт хуурч Жамьян, агуу Жамьянгийн Чулуун, гайхамшигт авьяастан Цэрэндолгор гэсэн агуу хүмүүс л Таны багш байж дээ?
-Тэгэлгүй яахав, тэр их хүмүүсийн алсын хараа, энэ хүүхдийг нэг юманд хүргэчихье гэсэн сайхан сэтгэлийн буянаар л би гэдэг хүн өдий зэрэгтэй яваа юм шүү дээ.
-Таны дуу хөгжимд авьяастай гэдгийг Цэнд-Очир гуай яаж мэдсэн байх вэ?
-Тэр хүн өөрөө тэр үеийн манай урлагийн бүх юмыг мэдэж байснаас гадна охин нь Цэргийн Ансамбльд сурч байж. Ансамблийнхан миний хуур лимбэ оролдохыг мэдэж. Тэгээд тэд миний тухай Цэнд-Очир гуайд хэлсэн бололтой.
-Боловсон хүчний хэрэгцээ их, авьяас, сонирхолтой хүмүүсийг эрж судалж байж дээ?
-Манай үеийн ахмадууд хүний авьяас чадварыг их нарийн ажиж судалдаг, хүний, өөрийн гэхгүй, улсад маань хэрэгтэй гэж өөд нь татаж авдаг байсанд нь одоо ч тэднийг биширч, тэднээр бахархаж явдаг даа. Би амьдралынхаа тухай дурсамжийг бичиж байгаа, түүндээ эрхэм хүмүүсээ оруулж байгаа.
-Ингээд уран сайхны сургуульд тэнцчихлээ?
-Намар нь сургуульдаа орлоо. Хөгжимт драматик театрын дэргэдэх Хөгжимт драматик сургууль гэж байлаа. Хийлийн ангид гурван жил сурлаа. Зөвлөлтөөс багш ирж шалгалт аваад...
-Хуур, лимбэ дардаг хүнийг хийлийн ангид авдаг нь ямар учиртай байсан юм бол?
-Олон төрлийн хөгжимд сургахаар элсүүлж байсан юм билээ. Миний хувийн үзүүлэлт гэх юмуу даа, хийл сурахад л таарна гэж үзсэн шиг.
-Хийл гэдэг их нарийн ур дүй шаардах хөгжим шиг?
-Ай даа, Яруу тунгалаг найрал хөгжмийн хаан шүү дээ. Хийлээр оркестрыг хөглөдөг. Нарийн мэдрэмж, сонсгол гээд л тэр бүх юмнаас надад бага сага юм байсан шиг байгаа юм. 
-Таныг хийл хөгжимд суралцах замыг нээсэн Цэрэндолгор гэдэг хүн бол гайхамшигтай хөгжимчин хийлч байсан гэж урлагийнхан ярилцдаг юм билээ. Монголчууд төдийгүй гадаадын хөгжмийн мэргэжилтнүүд ч өндөр үнэлдэг байсан гэсэн?
-Тэгэлгүй яахав, байгалиас заяасан төрмөл авьяас. Чулуун багш, Жамьян багш, Цэрэндолгор багш гээд л тэд чинь байгалиас заяасан төрмөл авьяастнууд байсан.
-Жамьян гуай, Чулуун гуай хоёрын тухай ч нэлээд дурсаж бичицгээсэн байдаг. Харин Цэрэндолгор гуайн тухайд яагаад ч юм, тодорхой бичсэн нийтлэл, дурсамжийг би ер олж үзээгүй байх юм. Чулуун гуайг Чехэд ч гэл үү, суралцахаар очиход нь хэсэг зуур байлгаж байснаа, "Танд манай энд сурах юм алга аа. Та нутагтаа буц даа” гэдэг домог гэмээр яриа байдгийг би сонссон юм байна?
-Үнэн, үнэн. Хүлээж авсан газрынхан нь харж, таньж байна шүү дээ. Байгалиас заяасан авьяастай болохоор сургуульд ч явалгүй л агуу их болцгоодог байна шүү дээ.
-Та Уралын хөгжмийн дээд сургуульд хэн хэнтэй, хэдүүлээ очоод, хэн гэдэг багшийн шавь болов доо?
-1955 онд Уралын консерваторид Монголын 12 дуучин, 2 хөгжимчин суралцахаар явсан. Хоёр хөгжимчний нэг нь Отгонбаярын Бэгз гэдэг хийлчин, нэг нь би. Ц.Пүрэвдорж гуай, Баатар, Лувсандамдин, Дамиран, Банди, Х.Цэрэнсодном, Цэвэлсүрэн гуай, Нямсүрэн, Дарьсүрэн, Даариймаа зэрэг 12 дуучин. Уралд анх хөл тавьсан гадаадын оюутан нь бид байлаа. Свердловск тэр үед хаалттай хот. Биднийг их хүндэтгэж, эхэндээ “Урал”  зочид буудалдаа хүлээж авлаа. Хожим нь оюутны байранд шилжицгээсэн. Наум Абрамович Шварц гэдэг профессор миний багш болсон. Тэр хүн бол Уралдаа алдартай, нэрд гарсан гурвал хөгжимчний нэг. Азаар миний онолын багш бол хөгжмийн зохиолч, Уралдаа нэртэй Топорков гэдэг онолын өндөр боловсролтой хүн байсан нь надад их нөлөөлсөн.
-Шварц багшаараа заалгаж байхдаа Та нэг аялгуу зохиосон гэдэг юм билээ?
-Төгсөх ангид байхдаа би Топорков багшийнхаа тусламжтайгаар хийл, төгөлдөр хуурт зориулсан “Монгол аялгуу” гэдэг зохиол бичсэн. Миний анхны зохиол. Шварц багш маань үзээд “Шалгалтад өөрөө тоглоорой” гэлээ. Шалгалтад тоглоод амжилттай боллоо. Дараа нь нэг өдөр Шварц багш маань “Би чиний зохиолыг хөгжимдөж Свердловскийн радиод бичүүлнэ” гэлээ. Би эхлээд итгэж ядлаа. Ийм том хүн миний юмыг тоглоно гэж юу байхав. Тоглож байгаа байлгүй гэж бодлоо. “Дараагийн хичээл дээр клавираа аваад ирээрэй” гэнэ. Дараагийн хичээл дээр нь клавираа авч очсонгүй. Тэгтэл багш клавирыг нэхлээ. Би толгойгоо маажаад “Багш аа, би мартжээ” гэвэл “За яахав, дараагийн хичээл дээр аваад ирээрэй” гэв. Дараа нь өглөө. Удалгүй багш хэлж байна “Би Свердловскийн радиод бичүүлчихсэн шүү. Чи төдний өдрийн төдөн цагт сонсоорой” гэлээ. Хэлснээр нь сонсоход оюутан миний тоглох, тэр том профессорын тоглох хоёр шал өөр сайхан байсан даа. Багшдаа баярлаж, багшаараа бахархаж байсан. Зуны амралтаараа бичлэгийг нь багшаасаа гуйж аваад Монголын радиод очиж сонсгосон. Гончигсумлаа багш радиогийн уран сайхны удирдагч байсан. Багш өрөөнийхөө сонсох аппаратаар тавьж сонсоод радиогийн алтан фондод шууд авч билээ.
-Тэгэхлээр таны уран бүтээл дан хөгжмөөс эхэлсэн байх нь ээ?
-Тийм. Би нийтийн дуу зохиож уран бүтээлийн замд ороогүй. Дан хөгжмийн зохиолоор Монголын хөгжмийн урлагт анх хөл тавьсан нь миний онцлог гэх үү дээ.
-Өмнөх ярианаас нэг зүйлийг нөхөж тодруулах гэсэн юм. Хөдөөний хүүхэд таныг хийлийн ангид анх оруулсан учир юу байсан юм бол?
-Чулуун багш хийлчин, Цэрэндолгор багш бас хийлчин, Жамьян багш виолончель, морин хуурын хүн. Тэд л намайг өөрсдийнхөө замыг үргэлжлүүлэг гэж бодсон юм болов уу даа.
-Хийл гэдэг их нарийн хөгжим юм шиг Одоо, Паганинигаас эхлээд л бодоход дэлхийн хөгжмийн хамаг суу билигтэнгүүд хийлч байсан шиг.
-Тийм. Хийлчдээс хөгжмийн зохиолч, удирдаач болсон нь олон.
-Таны “Монгол аялгуу” Монголын радиогоор хэдэн онд анх эгшиглэсэн бэ?
-Шууд, 1960 онд. Гончигоо багш өөрийн гараар миний клавир дээр “Зохион байгуулах Товчоо”  гэсэн тамгаа дарсан нь одоо надад хадгалагдаж байгаа. Монголын хөгжмийн зохиолчдын Холбоо 1964 онд анхдугаар их хурлаа хийж, Хөгжмийн зохиолчдын Холбоо тамга тэмдэгтэй болж, байгууллага болсон түүхтэй. Түүнээс өмнө Гончигоо багш Зохион байгуулах Товчоог байгуулаад түүгээрээ Хөгжмийн Холбоо байгуулах бэлтгэлээ хийж байсан байгаа юм. Соёлын Яамны нэг өрөөнд Мааяа гуай тэр хоёр үргэлж конторлодог байсныг мэдэх юм. Би бол  1961 оны Хөгжмийн Холбооны  гишүүн шүү дээ. 
-Та чинь Монголын Хөгжмийн зохиолчдын Холбооны ууган гишүүдийн нэг байх нь байна шүү дээ?
-Тийм. Гончигоо багш өөрийн гараар гишүүний батлах бичиж өгөхдөө 1961 гэхийг андуураад 1661 гэчихсэн байгаа. Багшийн гарын үсэгтэй. Гишүүний нэг жилийн татвар 36 төгрөг байлаа. Хөгжмийн Холбооны ойг тэмдэглэх талаар ярилцсан чинь манай залуу дарга нар анхдугаар их хурлыг хийсэн 1964 оныг Хөгжмийн Холбоог үүсгэн байгуулсан жил гэж тогтоох гээд байсан. Гэтэл зохион байгуулах Товчоог Гончигоо багш 1957 онд байгуулсныг миний анхны клавир дээр дарсан тамга гэрчилж байгаа юм. Ингээд Холбооны байгуулагдсан жилийг 1957 он гэж тогтсон. 1964 онд анхдугаар их Хурлаа Хүүхэлдэйн театрт хийсэн. Би анхдугаар их хурлын төлөөлөгчдийн нэг.
-Тэгвэл энэ 2017 онд 60 жилийн нь ой болох нь байна шүү дээ. Тэмдэглэх үү?
-Тэмдэглэнэ. Гончигоо багш бол Монголын Хөгжмийн зохиолчдын Холбоог үндэслэгч мөн.
-Гончигсумлаа гуай бол хөгжмийн сайн зохиолчоос гадна зохион байгуулагч хүн байж дээ.
-Зохион байгуулагч. Багш бол үнэхээр нягт нямбай, маш их хөдөлмөрч, бүтээлдээ нарийн чанд хандана. Тэр хүний шавь болсондоо маш их бахархдаг. Надад хөгжмийн онол заасан, дуурьсахуйн ухааныг заасан хүн.
-Саяхан би зурагтаар Гончигсумлаа гуайн зохиосон “Наянбулаг” дууг нэг цэргийн хүн дуулахыг сонслоо. Сайхан дуу байна билээ шүү.
-Тэр бол сүүлийн үед зохиосон дуу. Батсүрэнгийн шүлэг. Ер нь агуу их Мөрдорж багш, Гончигоо багш нарын дуунуудад хэлэх юм байхгүй. Гайхамшигтай. Одоо хүмүүс 1000 дуу бичсэн, 800 дуу бичсэн л гэж цээжээ дэлдэцгээх юм. Тэд тийм олныг хийгээгүй. Гэвч хийсэн болгон нь ардын дуу болдог. Энэ чинь дууныхаа ая, үгийг жинхэнэ ёсоор сонгож, шүүж хийдгийн ач. Манай үеийнхэн, залуу үеийнхэн тэднээс л үлгэр жишээ авах ёстой.
-За, ингээд Уралын хөгжмийн дээд сургуулийг төгсөөд ирлээ?
-1961 онд төгслөө. Хөгжим бүжгийн дунд сургуулийн багш боллоо. Зөвлөлтийн 30 гаруй мэргэжилтэн бүх төрлийн хөгжимд хүүхдийг сургахаар ажиллаж байлаа. Би 12 хүүхэдтэй хийл хөгжмийн анги дааж авлаа. Тэр онд сургуулийн гурван давхар хичээлийн байр ашиглалтад орсон юм.
-Анхны шавь нар чинь хэн хэн байв аа?
-Анхны шавь нар тэтгэвэрт гарцгаасан. Дуурийн театрт ажиллаж байгаа Наранцэцэг, Пагма, Оюун, Ганболд нарыг мэдэж байна. 1961-1968 он хүртэл сургуульдаа хийл хөгжмийн багшаар ажиллаж байхдаа олон дууны хөгжим зохиож, ихэнхийг нь Зангад маань дуулж бид хоёр од болж байлаа. Тэгтэл намайг мэргэжлийн хөгжмийн зохиолч болгоё гэцгээгээд 1968 онд Хөгжмийн зохиолчдын Холбооны нэр дээр ЗХУ-ын Казань хотын консерваторид явууллаа. Холбооны нарийн бичгийн дарга Г.Бирваа гуай намайг дуудаж “хөгжмийн зохиолчийн мэргэжлээр суралцахаар явах уу” гэж асуулаа. Би “хаана” гэж асуувал “ЗХУ-ын Казанийн консерваторид” гэж байна. "Казанид бол би явна шүү" гэлээ. Казанид суралцах сонирхолтой байсны шалтгаан нь тэнд пентатоник суурьтай хөгжим бичүүлж сургадаг юм л даа. Пентатоник гэдэг бол “Таван хөг” гэсэн шиг утгатай.Татар, монгол хоёрын хөгжим тэр талаар ижил. Сургуулийн захирал Жиганов гэдэг профессор манай Холбооны анхдугаар их хуралд урилгаар оролцож байсан юм. Казанийн консерваторийг үндэслэгч, мундаг хүн. Бирваа гуай хэллээ, "Сургуульд хоёр хүн явна. Гурван хүнийг өрсөлдүүлнэ” Нөгөө хоёр маань Хангал, Боролдой нар байсан. Зөвлөлтөөс багш нар ирж шалгаад элсүүлсэн. Казанид хүрээд очтол вокзал дээр консерваторийн проректор буурал өвгөн тосож авахдаа “Москва та нарыг манай сургуульд биш, Свердловскод сурга гэсэн. Харамсалтай байна. Уучлаарай” гэлээ. Тэр үед бүх асуудлыг зөвхөн Москва шийддэг байсан болохоор яах ч арга байсангүй гэнэ. "Волга" зочид буудалдаа буулгаад маргааш нь Жиганов гуай биднийг хүлээж авлаа. Гончигоо багшийн явуулсан захидлыг түүнд дамжууллаа. Жиганов гуай биднийг сургах боломжгүй болсондоо харамсаж байгаагаа илэрхийлж байна. Монголын хөгжмийн зохиолчид манайд сурах нь их тохиромжтой юмсан. Учир юун гэвэл манайд Пентатоникоор бичихэд сургадаг гэлээ. Санхүүгийнхээ хүмүүст биднийг Свердловск явах билет авч өгөх үүрэг өгсөнд нөгөөдүүл нь вагоны билет авч өгөх гэсэн бололтой. Гэтэл Жиганов гуай “Та нар өчнөөн хоног вагонд нүдүүлж ирсэн хүмүүсийг онгоцоор явуул” гэж байна. Тэгээд биднийг онгоцонд суулгаад зогссонгүй, нэг багшид томилолт өгч дагалдуулан Свердловск хүргүүллээ.  Жиганов гуай бидэнд тэгж элэгсэг ханддаг учир нь өөрөө татар хүн байсан юм билээ. Свердловскийн консерваторид би урьд нь 6 жил сурсан болохоор бүгд танил, миний үеийнхний зарим нь багш болчихсон байсан. Захирал Д.Б.Гибалин гуай биднийг өөрийнхөө ангид авсан. Миний санаанаас Жиганов гуайн үг салахгүй байлаа. Гибалин багш татар удмын хүн боловч орос школтой гэж. Тэгтэл 1969 онд манай УБДС-д хөгжмийн зохиолчийн анги нээх болов. Свердловскт би ямар ч зовлонгүй, хэдэн жил болоод автоматаар диплом бичүүлж аваад харьж болох байсан ч одоо надад тэнд сурах юм байхгүй байлаа. Тэгээд нутаг буцахаар шийдлээ. Амралтаараа буцаж ирээд Боловсролын яамны орлогч сайд Санжаасүрэн (С.Зориг агсны аав) гуайд буцаж ирье гэж учирлалаа. Намайг дэмжиж байсан ахмадууд гадаадад хөгжмийн зохиолч болсон дипломтой болгоё гэж л хичээж байсан бололтой. Санжаасүрэн гуай намайг Алма-Ата-д очиж сурна уу гэлээ. Тэгээд Алма-Ата яваад очлоо. Хангал, Сангидорж, Сүндэд гурав сурч байна. Ахмадбек байна. Кушмяров гэдэг профессорын удирдлаганд сурч эхэллээ. Хэдэн удаа хичээл хийсэн чинь санаанд нэг л таарсангүй. Бас л буцмаар санагдлаа. Намайг Улаанбаатарын УБДС-ийн хөгжмийн зохиолчийн анги л дуудаад байлаа. Учир нь тэнд миний агуу багш нар, Мөрдорж, Гончигсумлаа, Билигийн Дамдинсүрэн гээд л аваргууд багшилж байгаа. Тэднээрээ л заалгамаар санагдаад байлаа. Нэг сар болчихоод буцлаа. Манайхан ч, сургуулийнхан ч гайхаж байна. Ар гэрийн амьдрал хэцүү байна гэж шалтаглалаа. Буцаад л Санжаасүрэн гуай дээрээ ирлээ. Би зовлон тоочлоо. Соёлын Яамны Балчиндорж гуайг ч гуйлаа. Санжаасүрэн гуайгаас гуйж байгаад УБДС-д Мөрдорж багшаараа заалгахаар боллоо. Намайг буцаж ирсэний дараа Хангал Уралын консерватор руу шилжиж, Сангидорж үлдсэн юмдаг.
-Та дууны уран бүтээлээ юунаас эхэлсэн бэ?
-1962 онд Намсрайжавын шүлгээр “Чиний минь хайр” гэдэг анхны дуугаа бичсэн. 1962 онд Ховдоос Зангад ирсэн. Бид хоёр 35, 36 гэсэн зэргэлдээ хоёр өрөөнд ажилладаг байлаа. Сургууль найрал дууны ангитай. Дорждагва гуай тэнд “Чиний минь хайр” дууг радиогоор Ардын жүжигчин Загдсүрэн заасан, радиод ч Дарьхүүтэй цуг бичүүлсэн. Дараа нь тэр дууг Зангад дууллаа. Сайхан дуулсан. Олон түмэн сайн хүлээж авсан. 1962 онд “Хавар ирлээ шүү, хүүхнүүд ээ” дуугаа зохиож, Зангад дууллаа. Тэр оноос 1968 он хүртэл миний бараг бүх дууг Зангад дуулсан юм. “Хар-Ус нуурын шагшуурга”, ”Миний ээж”, ”Мөрөөсөл”, ”Эх орны тухай дуу” гээд л... Манай Зангад ч ёстой хоолойтой төрсөн хүн шүү. Ганц жишээ хэлэхэд, “Дуучин болов оо би” дууг дуулахаар бэлдэж байхдаа өнгө өгсүүлэхийг гуйхлаар нь хоёрдугаар октавын “ля” хүргээд өгөхөд торохгүй дуулж байгаа юм. 1968 онд Зангадыг Улсын филармонийн гоцлол дуучнаар Намсрайжав гуай татаж авч, би сургуульд явах гээд бид түр салсан. 1960-аад оны дунд үеэс миний бүтээлүүдийг нэг загварчлалд орж болзошгүй хэмээн сануулах хүн гарлаа. Би ч бодлоо. Арга барилаа өөрчлөх хэрэгтэй. 1964 онд Лхашидын шүлгээр “Миний хөөрхөн дүү” гэдэг хүүхдийн дуу хийлээ. Цэцэрлэгийн хүүхдүүд, энд тэндгүй дуулж гарсан. Би урамшлаа. Өөрчлөгдөж болох юм байна гэж... 1965 онд “Гэгээн өглөө сайн байна уу” дууны хөгжим зохиолоо. Радиогийн хөгжмийн редакцийн Дарамын Батсүрэнд өглөө. Маргааш нь Батсүрэн аялгуунд нь таарсан үг зохиочихсон гэж утасдаж байна. Хүүхдийн дууг хүхдүүдээр дуулуулъя гэж бодоод төгөлдөр хуурын багш, Зөвлөлтийн мэргэжилтэн Софроновт үзүүллээ. Дэмжлээ. Төгөлдөр хуурын ангийн Уламбаярын Цэцэгмаа хөгжимдөж, найрал дууны ангийн Наранцэцэг гоцолж, Даариймаа, Жавзмаа гэсэн хэдэн хүүхэд  дуулж радиод бичүүллээ. Бас л хүүхдүүд хот хөдөөгүй дуулах болсон. Тэгтэл “Соёл утга зохиол” сонинд Манибадар гэдэг хүний захидал нийтлэгджээ. Тэр хүн манай сургуулийн бүх хүүхэд дуулж байна гээд талархлаа илэрхийлэхийн хамт “Яагаад хөдөөгийн малчин түмэнтэйгээ мэндэлдэггүй юм бэ” гэсэн байна. Батсүрэндээ хэлтэл, дорхон нь нэг бадаг нэмээд оруулчихлаа. Дахин бичүүлээд түгээлээ. Батсүрэнгийнхээ чадлыг магтаж хэлэхэд, аялгуунд тааруулаад нэг л бичдэг. Ямар ч засваргүй хийнэ. Хөгжмийн мэдлэг, мэдрэмж их сайн.
-Та бас “Долоон нас” гэдэг дуу зохиосон байсан. Шүлэг нь хэнийх вэ?
-Нөгөө агуу их Эрээнцавын Нямсүрэнгийнх шүү дээ. “Цог” сэтгүүл дээр гарсан урт шүлэг байсан. Эхнэр маань түүнийг надад үзүүлээд дуу болгож болох уу гэлээ. Тэр жил хүүхдийг долоон наснаас нь сургуульд оруулдаг болсон юм. Бас манай Баттөр хүү долоо хүрч байсан. Ингээд л тэр урт шүлгээс боломжтой мөрийг нь түүж аваад дуу болголоо. Эвлэлийн Төв Хорооны даргын туслах Жамьянд үзүүлбэл “Найрамдал” зусланд долоо хоногийн томилолт өгье, дуу болгоод аваад ир, одоо ийм дуу хэрэгтэй байна гэлээ. Дуугаа хийчихээд Хүүхдийн ордны гурван Урнаа гэдэг эгч дүү нараар дуулуулсан. Тэд бол одоогийн дэлхийн дуучин Урнаа, хүний их эмч Урнаа, гавьяат жүжигчин Урнаа нар. Радиод бичүүлээд түгэхэд нь Галмандах маань их үнэлж, Нямсүрэн маань баярлаж талархсан захидал ирүүлсэн.
-Ярьсаар байтал дууны шүлгийн яруу найраг гэсэн асуудал гараад ирлээ. Яруу найраг дотор дууны шүлэг гэсэн өвөрмөц төрөл байна гэж би боддог. Зарим утга зохиол судлаачид зөвшөөрдөггүй. Жанцанноров гуай бол харин миний саналыг зөвшөөрдөг. Та юу хэлэх бол?
-Их чухал сэдэв. Дууны яруу найраг гэдэг бол их өвөрмөц төрөл гэж би ч боддог. Агуу их Нацагдорж, уянгын дууны их мастер Явуухулан, том төлөөлөгч Бадраа, Батсүрэн гэх мэт яруу найрагчдын бүтээлүүдийг би дуу болгож ирсэн. Нацагдоржийн “Миний ээж” гэдэг дөрвөн мөрт бол агуу шүлэг.Монгол эх хүний дүрийг гайхалтай гаргаж чадсан. Явуухулангийн “Хар-Ус нуурын шагшуурга” шүлэгт ая хийсэн. Тэгэхдээ тэд дууны үг гэж бичээгүй нь ойлгомжтой. Дуу гэдэг бол хоёр жигүүртэй байдаг юм. Нэг жигүүр нь яруу найраг, нөгөө жигүүр нь ая. Дуу гэдэг өөрөө яруу найраг. Яруу найраг өөрөө хөгжим. Энэ хоёр нийлээд урлаг. Дууны амин сүнс нь аялгуу. Моцарт “Хөгжмийн амин сүнс нь аялгуу” гэж хэлсэн байдаг. Дуунд ч адил.
-Тааруухан шүлэг сайхан аялгуунд чирэгдээд алдаршиж явдаг. Яваандаа алга болно. Сайхан аялгуу нь амьдарч үлддэг?
-Мянган сайхан аялгуунд муу шүлэг чирэгдээд удаан амьдрахгүй. Хичнээн мундаг шүлэг байгаад муу аялгуунд дуу болон амьдарч чадахгүй.
-Тэр шүлэгт өөр хүмүүс дахин аялгуу оруулаад амьдруулдаг?
-Тийм. Ардынхаа сайхан дуунуудыг бодоод байхад аяыг нь ч, үгийг нь ч хэн нэгэн бие хүн л зохиосон байгаа. Тэд цагийн эрхэнд мартагдсан ч, дуу нь амьдарсаар байна. Дуу сэтгэлээс төрж, дуу зүрхэнд мөнхөрнө. Дуу дуучныг төрүүлдэг юм.
-Та бид хоёрыг ингэж “Дуу бол хоёр жигүүртэй” гэж хэлэхлээр дууг дуулсан дуучин, хөгжимдсөн хөгжимчин гомдох болов уу?
-Үгүй. Дуучин, хөгжимчид бол гүйцэтгэгчид. Хөгжмийн зохиолч, яруу найрагч нь халин одовч ард түмэн, өөр дуучин, өөр хөгжимчин тэр дууг дахин дахин шинээр дуулсаар, хөгжимдсөөр л байдаг. Барилгатай жишиж хэлбэл, архитектор л зохиогч нь, барилгачид бол гүйцэтгэгчид.
-Та Явуухулан гуайтай танилууд байсан уу?
-Яаж танил байхав дээ.Тэр хүн алдарт хүрчихсэн байхад би уран бүтээлээ дөнгөж эхэлж байлаа. “Хар-Ус нуурын шагшуурга”-аар л танилцсан. Хэдэн дуу хийж олонд танигдахтай болоод байтал, нэг өдөр Оба Очирбат (Намжимын Очирбат) хармаанаасаа нэг гар бичмэл гаргаж ирээд “Миний багшийн шүлэг байгаа юм. Чи энэнд ая хийж чадах уу” гээд надад өглөө. Үзье гээд авлаа. Үзээд байсан чинь цохилт энэ тэр нь сайхан таарч байна аа. Тэгэхдээ бас мэдэхгүй үг байна. ”Шагшуурга” гэж юу болохыг мэдэхгүй. Ая хийчихлээ. Залуу байсан, айхыг мэдэхгүй. Явуухулан гуай руу утасдлаа. Хэллээ. Ирээд сонсоно уу гэлээ. Зөвшөөрөөд, дорхоноо яваад ирлээ. Сүүлд нь тэгж зоригтой ярьсандаа жаахан зовлоо. Сонсоод “Сайхан аялгуу болсон байна” гэлээ. Шагшуурга гэж юуг хэлдгийг асуулаа. Чиний мэдэхгүй байх аргагүй гээд Явуухулан гуай хэлж байна, “Хар-Ус гэдэг чинь гайхамшигтай. Чи үзээгүй болохлоор аргагүй” гээд нуурын тухай ярьж өглөө. Надад сайхан уран сэтгэмж төртөл ярилаа. Дууныхаа хэмнэлийг эвдэх хэрэгтэй юм байна гэж бодогдоод 3/4, 2/4; 3/4, 2/4  гэж эхнээс нь дуустал өөрчиллөө. Зангаддаа үзүүлсэн чинь, Хар-Ус нуураа мэдэх юм чинь сайхан болж байна гэж аваад л дууллаа. Радиод бичүүлэхэд Гончигоо багш уран сайхны удирдагч нь байсан. Шагнал авах болсон чинь 300 төгрөг гарсан байсан. Тэр үед клавиртай сайн дуунд 250 төгрөг, дунд зэргийнхэд 200, таарууханд нь 150 төгрөг гэх мэтчилэн өгдөг байсан. Дараа нь радиогоор очихдоо Гончигоо багшийн өрөөгөөр орсон чинь “Чи Хар-Ус нуурын шагшуурга”-аа ноотлоодох” гээд ноотны цаас өглөө. Удалгүй Залуучууд оюутны их наадам боллоо. Байгалийн сэдэвтэй дууны уралдаанд Эвлэлийн Төв Хорооныхон  миний дууг шалгаруулах комисст оруулжээ.  Хөгжмийн холбооны дарга болохлоороо Гончигоо багш л оруулсан байх. Тэр уралдаанд тэргүүн байранд шалгарч 600 төгрөгийн шагнал, диплом хүртлээ. Багш надаар дуу ноотлуулсны учрыг сүүлд нь бодож байвал, намайгаа шалгаж л байж. Бичлэг сонсоод, солигдмол хэмнэлээр яваад байхлаар Шараа ингэж хийж үү, дуучин ингэж дуулав уу гэдгийг л мэдэх гэсэн бололтой. Миний багш нарын хайр нь дотроо, хал нь гаднаа байх юм даа гэж бодох болсон доо. 
-Хамтарч хийсэн дуу нь уралдаанд түрүүлчихсэн юм чинь Явуухулан гуайтай эргэж уулзсан биз дээ?
-Уулзаагүй л дээ. Айна. Очоод гар барьчихаж чадахгүй, холоос л толгой дохих төдий явна. Харин нэг сайхан учрал болсон нь 1964 онд Монголын Хөгжмийн зохиолчдын Холбооны анхдугаар их хурал болоход Улаанбаатар зочид буудалд хүлээн авалт хийлээ. Томчуул ирлээ. Зангад бид хоёр ч яахав, өлгүүр хавьцаа суудалтай. Нэг хартал Гончигоо багш Явуухулан гуай хоёр ярилцаж байснаа Явуухулан гуай бид хоёрыг харчихангуутаа жүнзтэй архиа бариад бид хоёр руу ирлээ. Шууд оросоор “Хар-Ус нуурын шагшуурга” дуу бол дахин давтагдашгүй бүтээл. Тэрний төлөө энэ хундагыг ууя. Ажлын амжилтын төлөө” гээд өргөж байна. Тэр үгнээс илүү үнэлгээ гэж юу байхав. Түүгээр ч барахгүй миний дууг анхдугаар их хурлын илтгэлд сайшаасан байдаг. Тэр дуу манай нийтийн дуунд шинэчлэл хийсэн юм. Ер нь бол би дуу, хөгжмийн урлагт хоёр шинэчлэл хийсэн. Нэгд, энэ дуу. Солигдмол хэмнэлийг эхнээс нь дуустал барьсан. Хоёрт, 1971 онд Ардын Хувьсгалын 50 жилийн ойгоор “Эх орны уянга” симфонетта, гурван ангитай, чавхдаст хөгжмийн оркестр бичиж, манайд байгаагүй төрлийг бий болгоод, ойд зориулсан Улсын уралдаанд тэргүүн байрын шагнал авсан. Олон газар тоглосон. Манай хөгжмийн томчууд, Жамьян багш, Дашдулам гуай, Цэвэлмаа, Даариймаа зэрэг хөгжимчид, Зөвлөлтийн мэргэжилтнүүд оролцсон чавхдаст найрал хөгжим хөгжимдөж радиогийн алтан фондод орсон.
-“Хар-Ус нуурын шагшуурга”-аар Таны уран бүтээлийн цоо шинэ үе эхэлсэн гэж хэлж болох нь ээ дээ?
-Тийм. Хожим ХХ зууны шилдэг дуугаар шалгарсан.
-Танд зууны шилдэг дууны Батламж өгсөн үү?
-Үгүй. Дуулсан хүнд нь цом өгсөн байдаг. Манайд яруу найрагч, хөгжмийн зохиолчид, ерөөсөө оюуны бүтээлийн эздийг үнэлдэггүй шүү дээ.
-Тэрнээс хойш Та Явуухулан гуайн бүтээлээр дуу зохиосон уу?
-Зохиолгүй яахав. "Би хаана төрөв", "Эх орны тухай дуу", "Сартай шөнийн дуу", "Ганга нуур", "Шилийн Богд”... гээд л. Явуухулан бол өөрөө хөгжим. Дарьгангын тухай цуврал гурван шүлэг бичсэний “Алтан Овоо”-нд нь хийгээгүй. Надад хүнддэх байх гэж бодсон.
-"Ганга нуур" шүлэгт “Ганга нуураас ниссэн хун 
Намартаа заавал цуглардаг,
Ганга нуураас явсан хүн 
Насандаа заавал эргэдэг” гэж байдаг. Гайхалтай үнэн бөгөөд уран байгаа биз.
-“Хар-Ус нуурын шагшуурга”-ыг хийхдээ 
“Хотон шувуудаа явчихлаар
  Хатан Хар-Ус уйдаа юу” 
гэдэг хоёр мөрнөөс дууныхаа бүх аялгууг олсон.
-Наадах чинь Мөрдорж гуай “Зөвлөлтийн дайчдын хөшөө” дууг хийх гээд баахан зовсоноо 
“Гэрэлт хөшөөний хүйтэн чулуу 
Гэгээн наранд бүлээн байдаг юм” гэдэг хоёр мөрнөөс дууныхаа аялгууг олсон гэдэг домог гэмээр яриатай төстэй юм даа.
-Та “Хавар ирлээ шүү, хүүхнүүд ээ” гэдэг нэртэй дууны цахим зээрэнцэг хэвлүүлсэн байдаг. Тэнд цөөн дуу орсон байна билээ. Бусад дуунуудын, дан хөгжмийн бүтээлийнхээ цахим зээрэнцэгийг хийлгэж нийтийн хүртэл болговол сайн сан?
-Бэлдсэн цомог олон бий. Хэвлүүлэх чадал хүрэхгүй байна...
-Жамцын Бадраа гуайтай хийсэн бүтээлийнхээ тухай, Бадраа гуайн дууны шүлэг бүтээдэг арга барилын  тухайд Та юу боддог вэ?
-Бид хоёр нэлээд хэдэн дуу хийсэн. Эхлээд би аялгуу хийдэг, түүнд Бадраа гуай үг бичдэг. "Мөрөөсөл" гэж дуу байна. 
“Цэцэгтэй хөндийгөөр 
Цэнгэлтэй ч явж билээ 
Амраг хайрт чамтайгаа 
Ахиад яаж учирна даа 
Хатиртай  морьдынхоо    
Хазаартай хөг нийлүүлээд 
Хонгор хайрт чамтайгаа 
Хоршин дуулж явсан сан” 
гэхлээр монгол ахуй нүдэнд харагдаад байгаа юм. Мундаг мэдрэмжтэй.    
-Бадраа гуайн дууны шүлгийн онцлог юу юм бэ?
-Аялгууг их мэдэрнэ. Түүнд таарсан утгатай, сайхан үгтэй шүлэг зохионо.
-Та Явуугийн шүлгэнд аялгуу хийсэн, Бадраа гуай Таны аялгуунд үг хийсэн. Ялгаа байна аа?
-Ялгаа байна. Эндээс л “Дууны яруу найраг гэж тусдаа юм байхгүй” гэх үг үндэсгүй болох нь харагдаад байгаа юм. Бадраа гуайтай ижил гэмээр арга барилтай хүн бол Батсүрэн. “Амартөвшин”, “Дэлгэрхэн дэлхий”... гээд нэмж хэлэх хэрэгтэй. “Хослох заяа” гэдэг дууг Бадраа гуайтай хамгийн сүүлд хийсэн.
-Дуу болгон түүхтэй, дуу болгон хувь заяатай. Та монголын хөгжмийн аваргууд болж мөнхөрсөн багш нарынхаа тухай ярьж өгнө үү?
-Тэр агуу их хүмүүсийн тухай би дүгнэлт хийнэ гэж юу байхав. Гончигсумлаа багш бол их өндөр боловсролтой, алсын их хараатай хүн байсныг би түрүү хэлчихсэн. Мөрдорж багш бол байгалиас заяасан агуу их авьяас. Монголын Моцарт бол агуу их Мөрдорж. Монгол ахуй монгол зан заншлыг нэвтэрхий мэддэг хүн байсан. Билигийн Дамдинсүрэн гуай бол их сайхан монгол аялгуутай, цар ихтэй хүн болохлоор “Учиртай гурван толгой”,”Хэнтийн өндөр ууланд”-ыг бүтээсэн.
-Эндээс таны багш нар монголынхоо, ардынхаа аялгуун дээр суурилж уран бүтээлээ туурвидаг байсан юм шиг харагдаад байх юм. Одоо европын хөгжмийн суурин дээр зохиолоо бичдэг хөгжмийн зохиолчид манайд олон байх шиг санагддаг. Ц.Нацагдорж, З.Хангал гэдэг ч юм уу, Х.Билигжаргалыг ч бас тийм юм болбуу гэж бодох юм.
-Сурсан сургуулиасаа л болдог байх. Миний агуу багш нарын хувьд бол Монголдоо төлөвшсөн хөгжмийн зохиолчид шүү дээ. Миний аз болоход би тэднээсээ сурсан болохоор өөрийн гэсэн барилтай болсон юм болов уу. Миний бүтээлийг монгол хүн сонсож, сэтгэлийн цэнгэл эдэлж л байвал хангалттай гэж боддог.
-Гэвч Та Уралын хөгжмийн дээд сургууль төгссөн орос школьтой хүн шүү дээ?
-Тэглээ ч миний үндэс энд, Монголд тавигдсан юм. Багш нар маань намайг хөглөсөн. Гончигоо багшийн хэлсэн нэг үг бий "Чи Способины гармони-оор хөгжим бичихгүй шүү“ гэж. Чухал үг.
-Тэр нь юу юм?
-Дуурьсахуйн ухаан гэж байна. Орос Зөвлөлтийн хөгжмийн онолч, насаараа Москвагийн консерваторид багшилсан хөгжим судлаач Игорь Владимирович Способин гэж хүн байсан юм. Тэр хүний онолоор бичихгүй шүү гэсэн үг. Уралд намайг сургаж байсан миний багш нар ухаантай хүмүүс. “Чиний хөгжмийг бид сайн байна, муу байна гэж хэлэхэд учир дутагдалтай. Яагаад гэвэл бид Монголыг мэдэхгүй. Танай ард түмэн л таны бүтээлийг алга ташин хүлээж авч байвал, Та тэр улсын хайртай хөгжмийн зохиолч мөн” гэж. Энэ үг их зүйлийг хэлж байна.
-Эндээс урлагийн үндэсний мөн чанар гэдэг зүйл харагдаад байна.Хөгжмийг ч тэр,яруу найргийг ч тэр ерөөсөө урлагийг уран бүтээлчид хамгийн түрүүнд ард түмэндээ,үндэстэндээ зориулж бүтээнэ, ард түмнээрээ үнэлүүлж, тэгээд хүн төрөлхтөнд хүргэнэ.Эхлээд ард түмнээ бодохгүй бол хүн төрөлхтөнд хүргэнэ гэж байхгүй гэж.
-Тийм. Миний агуу багш нар, тэднийг бараадсан бид монгол аялгуу, монгол хэмнэл энэ бүгд л монголын хөгжмийн зохиолч шүү гэдгийг харуулаад байгаа юм. Тийм биш бол хуулбарласан дууриамал болно. Монгол ахуй, монгол соёл, монгол зан заншил гэдэг гайхамшиг. Бид эдгээрийгээ алдвал, монгол биш болно.
-Танаас хэзээ хойно уран бүтээлийн замд мордсон залуучуудын заримын талаар цухас ярья. Гончигоо багш чинь нас барахаасаа нэлээд өмнө зурагтаар нэг удаа ярихдаа Шаравыг их магтаж байсан. "Шарав бол агуу их аялгууч хүн" гэж хэлснийг санаж байна. Юуны учир тэгж хэлсэн юм бол?
-Яахав, нөгөө монгол ахуй, соёлоос  шим тэжээлээ авсан гэсэн үг. Монгол аялгуу, монгол хэмнэл гэдэгт л учир байна. Хэмнэл гэдэг чухал.
-Та түрүү Пентатоник гэж яриад байсан. Тэр чинь монгол аялгууны суурь уу?
-Монгол аялгууны суурь. Монгол аялгуу таван хөгөөс бүтдэг. Дөрөв, долдугаар өнгө нь байхгүй.
-Европын хөгжим бол?
-Хагас бүтэн хөгүүдтэй. Пижигнэсэн, пажигнасан юмнууд бол тэнд амар.
-Та бол Монголын дуу хөгжмийн урлагийн алтан үеийн нэртэй төлөөлөгч.Таны бүтээлүүдийг бидний үеийнхэн дурлан сонсож,үглэж,дуулж явсан.Ард түмэн чинь Таныг өндөр үнэлсэн.Харин төр засаг чинь хэр үнэлсэн бэ дээ?
-Ард түмний үнэлгээнээс илүү үнэлгээ гэж ерөөсөө байхгүй. Төр засаг бол баталгаажуулж л өгдөг. Баталгаажуулах эсэх нь жич асуудал.
-За, үүнийг ингээд орхичихъё. Өнөө, манайд хөгжим дууны урлаг хөгжиж байна аа. Жишээлбэл, рок поп ороод ирлээ. Энэ урсгалын тухайд Та юу боддог вэ? Модернист урсгал юм даа?
-Поп урсгал монголд байж болно.Урьд нь ч байсан. Монгол ардын дуунд ч бий. Миний тэр "Нууран дундаа нугас шувуу” гээд байдаг дуу ч монгол поп. Яг тэр жинхэнэ рокууд, метал рок, хүнд рок монголын хөрсөнд амьдрахгүй. Амьдрахгүй. Би эсрэг байдаг. Тэд бол өөрийнхөө хөрсөн дээр, баруундаа оршихоос манайд тогтохгүй. 1990 оноос хойш энэ урсгалуудыг их дэвэргэснээс болоод монгол тансаг аялгуу, хэмнэл алдагдаж эхлээд байна. Энэ бол шууд хэлэхэд Эмгэнэл. Тийш нь хошууруулаад, залуучуудын тархийг угаагаад байгааг хар тамхитай зүйрлэж болно. Монголчуудын тал нутаг шигээ талбиун уужим сэтгэл алдарч, галзуу хэмнэл эзэмдэж эхэлснийг олон жишээгээр хэлж болно. Тэгж болохгүй. Оюун санааны алуурчид Монголд аль хэдийнэ ороод ирсэн. Тэд бол эдийн засгийн алуурчдаас ч аймшигтай.
-Урлагийн бүх төрөл, тэр дундаа хөгжмийн урлаг нийгмийн амьдралд шууд нөлөөтэй. Өнөөгийн Монголын амьдрал, аж төрөл, ялангуяа, залуу үеийнхний маань амьдралын гэрэл сүүдэр манай хөгжмийн өнөөгийн байдалтай шууд холбоотой байх л даа. Та бол Монголын хөгжмийн зохиолч бөгөөд дэлхийн хөгжмийн зохиолч.Дэлхийн хөгжмийн урлаг хаашаа явж байна гэж Та боддог вэ?
-Дэлхийн хөгжмийн урлаг олон сорилтыг даван туулж байна. Ганц манайд байгаа байдал ч биш. Буцаад л, сонгодогуудаа, Моцартыгаа, Чайковскийгээ... хайж эхэлж байна. Сонгодог хөгжим л хүнийг ариусгаж, юм бодуулдаг. Түүний жишээ бол манай уртын дуу. Нүд алдам уудам тал, тансаг сайхан аялгуу. “Уяхан Замбуутивийн наран”-г бод. Үнэхээр энэ ертөнцөөс тасраад өөр ертөнцөд оччихож байгаа юм шиг. Хүн гэдэг амьтан хүссэн хүсээгүй зэрлэг араатан болоод дуусна гэж байхгүй, буцаад л ирнэ. Цаг зуурын үзэгдэл олон байна.
-Сонгодог хөгжим оршдогоороо оршин байх болно. Би яруу найргийн тухайд ч тантай ижил бодолтой байдаг.
-Тийм. Дашдоржийн Нацагдоржийг тоохгүй хүн байж болно. Тэр бол тэр хүний л бодол. Тэгэхдээ нэг бодох юм бий. Монгол гэдэг цөөхүүлээ, эмзэг. Америк биш, европ биш. Энд л ухаантай хандах хэрэгтэй.
-Аялгууны хувьд бол өнөөдрийн дуу, та нарын ид бүтээж байсан үеийнхний хаана нь ч хүрэхгүй юм шиг надад санагддаг.
-Өнөөдөр бол муухан аялгууг техникийн хүчээр зодож, рекламдаж хүнд сонсгож байна. Хүн надад хэлж байна "Та ганц CD байхгүй, ганц клип байхгүй” гэж. Гэтэл зарим хүмүүс үй олон ая зохиогоод CD, клип хийлгээд л... Олон дуу зохиосон хүний дууг дуулсан дуучид нь л мэдэж байх шиг...
-Зарим хүмүүс хөгжмөөр залуу үеийнхнийг хордуулж байгаад л харамсах юм.
-Одоо, одоо ч юу байхав, 2000-аад оноос эхлээд мэдээллийн хэрэгслүүд 1960-1980 онд зохиосон дуунуудыг олонтаа нэвтрүүлэх боллоо.Олон хэлбэрийн уралдаанууд зохион байгуулагдах боллоо. Гэтэл сүүлийн үед гавьяат, алдар цол авсан зарим хүмүүс мартагдах боллоо. Зарим нь мартагдахгүйн тулд алтан үеийнхний дууг олноор нь дуулах боллоо. 
-Тэр чинь нөгөө л цаг зуурын үзэгдэл гэдэг мөн. Ардын сайхан дуунуудыг, "Уяхан Замбуутивийн наран"-г дуулсаар л байх болно. Африкийн хэмнэлийг монголд хүлээж авахгүй шүү дээ. Аялгуу хэмнэл гэдэг л амин сүнс нь.
-Урлагийг ойлгодог хүмүүс Та бид хоёр шиг бодолтой байгаа гэдэгт итгэлтэй байна.
-Эрх чөлөө гэдэг нэрийн доор бүх юмыг задгайруулснаас болоод хүн болгон хөгжмийн зохиолч, хүн болгон яруу найрагч гэж цээжээ дэлдэх боллоо.

-Яахав, хүн болгон бүтээх гэж оролдоод,чадах нь үлдээд,чадахгүй нь хаягдана биз дээ?
-Тэгж бодож болох ч, төлөвшиж амжаагүй залуу үеийнхний тархийг хордуулж байгаа нь гамшиг. Цэцэрлэг яслийн хүүхдэд ямар дуу зааж байна вэ гэвэл, англи дуу гэнэ. "Энэ дууг мэдэх үү?", "Мэдэхгүй", “Ямар дуу дуулж чадах вэ?” “Англи дуу” Ийм л байна шүү дээ.
-Тэр байтугай цэцэрлэгт орж байгаа нялх хүүхдийг англи хэлээр хүмүүжүүлэх гэж оролдож байна шүү.Ойрхон “Монгол хэлний тухай” хуулиар тэр явдлыг хорих шийдвэр гарсан шиг.Биелэгдэж байгаа  эсэхийг манай дарга нар мэдэж л байдаг байх даа.
-Тэр чинь оюун санааны "алуурчдын" хийж байгаа ажил л даа. Монголчуудын үр удмыг англи болгох гэж байгаа юм уу, мэдэхгүй. Хэлийг нь устгаад, зан заншлыг нь устгаад, соёлыг нь устгачихвал үндэстэн байхгүй болно. Том гүрний бодлого явж байна. Эдийн засгаар, их гүрний мөнгөөр үндэстнийг устгах ажил хийж байна. Ямар сайндаа л би “Сая төгрөг өгсөн ч захиалгаар дуу хийхгүй” гэж хэлээд шоглуулж байхав дээ. Намайг их баян болоо юу гэж нөхөд шоолцгоож байсан. Баяндаа биш л дээ. Үзэл бодлоо худалдахгүй л гэсэн юм.
-Та одоо наян насны сүүдэр зэрэгцсэн ч цог хийморьтой гялалзаж байна. Уран бүтээлийнхээ хэтийн төлөвийг юу гэж харж байна вэ?
-Зүгээр суухгүй байгаа. Хөгжмийн зохиолчийн зүрх зогсоход л аялгуу нь тасарна. Д.Нацагдоржийн “Миний нутаг”-аар Магтаал бичиж байна. Манайд уламжлаад ирсэн “Алтайн магтаал” ч гэдэг юм уу, байна. Нацагдорж бол Монголоо бүхэлд нь харж бүхэлд нь нэг цул болгож хараад дуулсан байна. Түүнийг нь би магтаал болгоё гэсэн юм. Дуу биш, магтаал. Бичээд “Хөсөгтөн” хамтлагт өгсөн. Юм болгоод очно гэсэн. Хүлээгээд л сууж байна. Төрийн шагналт зохиолч Б.Догмидтой “Алтан соёмбын дуулал” гэж дуу хийлээ. Оркестровк, анажировкийг нь хийчихсэн, дуучин ч бэлэн байгаа. Гэх мэт... Цаашдаа ч хийнэ. "Эх орны уянга"-аа CD болгох санаатай бүгдийг бэлдчихсэн. Эргэн дурсвал, 1972 онд Ж.Самбуу даргыг нас барахад гашуудлын ёслол дээр нь миний “Эх орны уянга”-ын II ангийг, тийм арга хэмжээн дээр дэлхий даяар дуурсгадаг заншилтай П.И.Чайковскийн Дөрвөлийн II ангитай хамт эгшиглүүлсэн юм. Энэ юу болов гээд сурагласан чинь ажил хариуцсан хүмүүсийн хуралдаан дээр “Чайковский ч яахав, зүй ёсны хэрэг.Харин монгол хүн юм чинь монгол аялгуу эгшиглүүлэх юм биш үү” гэсэн асуулт гарсан шиг байгаа юм. Тэгээд л миний тэр хөгжмийг эгшиглүүлсэн юм билээ.
-Багш нар тань Таныг дэмжиж өргөж, юманд хүргэж явсныг Та олон зүйлээр баталлаа. Шавь нар чинь Таныгаа өргөж байна уу?
-Тэднээс маань сайн яваа олон хүн бий. Монгол Улсын төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай дуучин Х.Уртнасан, Ардын жүжигчин Баадайжав, гавьяат багш Цэрэнпилийн Ерөө, урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Насанбуян, гавьяат жүжигчин, дуучин Жавзан, урлаг судлалын доктор Б.Батжаргал, Төрийн шагналт дуучин Д.Болд, хийлч, хормейстер, профессор Тельман гээд л... Тэд маань мэргэжлээрээ сайн яваа нь багшийгаа өргөж байгаа хэрэг гэж л боддог шүү.
-За, ингээд хоёулаа нэлээн хүнд хүнд юм ярьчихлаа. Одоо жаахан инээдэмтэй юм ярих уу?
-Инээдэмтэй юу байдаг билээ?
-Яагаав, нөгөө... 
(Ингээд Шараа гуайн уран бүтээлтэй холбоотой, ганц нэг инээдэмтэй явдлыг дурсацгаалаа...)
-Шараа гуайн нэг залуу найз нь эрүүлжүүлэхэд хүргэгдэж очжээ. Жаахан сэхээ ороод, эндээс яажшуу гаръя даа гэж бодож гэнэ. Тэгтэл нэг дууны үг санаанд нь оржээ. Мань хүн эрүүлжүүлэхийн цагдаад хандаж-Миний дүү “Замын  голоор алхалсан цагдаа ах аа, сайн байна уу” гэдэг дуу мэдэх үү гэж асууж. Цагдаа-Мэдэлгүй яахав гэж.-Ах нь тэр дууг чинь зохиосон хүн гэх маягийн үг хэлж дээ. Тэгтэл цагдаа "Өө, тэгвэл таныг юу боллоо гэж эрүүлжүүлэх билээ" гээд гаргаж явуулжээ. Нэг шөнө хоёр цагийн үед Шараа гуайн гэрийн утас дуугарч гэнэ. Утсаа авбал дүүргийн Цагдаагаас ярьж байна гэж. Шараа гуай сандарчээ. Юу болов гэсэн чинь “Манай эрүүлжүүлэхэд нэг хүн (тэр нь нөгөө алдарт “Дурлалын вальсын эзэн” байж) ирсэн юм. Ямар ч бичиг баримтгүй, ганцхан таны энэ утас бичсэн цаас л байна. Хөгжмийн зохиолч гэнэ” гэж. Шараа гуай-Ээдээ, дүү нар минь наад хүнээ эрүүлжүүлж болохгүй шүү. Наадах чинь мундаг хүн шүү. Зүгээр гаргаад явуулчих гэж. Нөгөө хүн -Зүгээр гаргаж явуулж болохгүй ээ. Бид тань руу машин явуулчихъя. Та хүрээд ир гэж. Давхиад очжээ. "Дурлалын вальсын эзэн” өрвийчихсэн амьтан сууж байж гэнэ. "Дурлалын вальс”, ”Хангай шиг түшигтэй аав”, ”Манай нутгийн хавар” гээд бүтээлүүдийг нь ярьж, жаал магтаж байгаад, батлан даалтад нь гарын үсэг зураад л аваад гарч. Мань хүн их л баярлаж байна гэнэ. Шараа гуай ноднин Говьсүмбэр аймагт уригдаж очиж. Дарга нар нь хүлээж аваад дайлж. Тэгтэл нэг дарга нь хэлж байна гэнэ "Шараа гуай, Та “Гэгээн өглөө сайн байна уу” дууныхаа нэрийг мэдэх үү гэж. Шараа гуай-Зүгээр л “гэгээн өглөө сайн байна уу” л гэдэг шүү гэж. Дарга-Үгүй ээ, бид таны дууг “Унтуулдаггүй дуу” гэж нэрлэдэг шүү гэжээ.
-За, Та надад олон чухал, олон сайхан зүйл ярьж өглөө. Танд уран бүтээлийн өндөр амжилт, урт нас, удаан жаргалыг ерөөе.
-Баярлалаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.