НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Исаак НЬЮТОН ба “АЦАГ ШҮДНИЙ ЗӨРӨӨ”

Б.Ерэнтэй     Нийтлэгч
4 сарын өмнө /2017-08-17 17:30:59 GMT +8 / | 643 удаа уншсан

Аугаа их математикч, эрдэмтэн Исаак Ньютон (1642-1727) нь математик, оптик, механик, таталцлын онолын салбарт гайхалтай хувь нэмэр оруулсан суу билэгтэн, тооллын ухааны үндсийг тавьж, солонгын өнгөний учрыг тайлбарлан, бидний биеийн жинтэй тэнцүү таталцлын хүч сар ба гаригуудын хөдөлгөөнийг тодорхойлдгийг тогтоосон, түүнчлэн Английн Эзэн хааны нийгэмлэгийн ерөнхийлөгчийн албыг хашиж байсан гэдгийг манай гаригийн бичиг үсэг тайлагдсан хэдэн тэрбум хүн толгой дараалан мэднэ гэхэд үзүүлэлт нь нэг их хол зөрдөггүй байна.
Хамгийн наад зах нь И.Ньютон цэцэрлэгийн модноос алим унахыг хараад Таталцлын хуулиа нээсэн гэх домог яриаг мэддэг. Харин Эзэн хааны зоосны газарт, монголчууд бидний хувьд ойлгомжтой хэлбэрээр илэрхийлэхэд маш идэвх чармайлт, үр бүтээлтэй ажилласнаар И.Ньютон нь даамал, дарга болж дэвшин Хатан хаанаас Рыцарийн хэргэм шагнуулж явсныг нь мэдэх хүмүүсийн тоо дээр дурдсан хэдэн тэрбумтай харьцуулахад арай ч дээ гэхээр дэндүү цөөн аж.

Хүн төрөлхтөний түүхэнд анхлан цаасан мөнгө гаргаж (1260-аад оны эхэн үед) эргэлтэд оруулсан гавьяатан бол Хубилай хаан. Ялма модны хальсаар алтан угалз ургуулан хийсэн “нэвтрэх эрдэнэ” нэртэй уг цаасан мөнгө (дэвсгэрт) өдий төдий саяар олон оронд түгжээ.
Үүнээс санаа авснаар Перс 1294 онд, Япон 1300-гаад оны эхээр, Энэтхэг 1330-1331 онд цаасан мөнгөтэй болсон агаад бусад газар арай хожуу тухайлбал Америк 1620 онд, Франц 1716 онд, Англи 1800-гаад онд, Орос дараагийн зуунд өөр өөрийн гэсэн цаасан мөнгөтэй болжээ. Сонирхуулахад Хубилай хааны үед монголчууд морин туурай хэлбэртэй мөнгө хэрэглэдэг байсан нь ембүү юм. Энэ мөнгөний жинхэнэ нэр нь “Юань бао” буюу “Юань улсын эрдэнэ” гэсэн үг байснаа сунжран ярианы хэлэнд ембүү болжээ.

Дээр үед зоосыг алт, мөнгөөр хийдэг байсан бөгөөд аажимдаа хоёр талын хээ нь элэгдэж арилан хэн дуртай нь алт, мөнгө давтан нимгэлж байгаад захаас нь хайчилж аваад зоос гэж бусдад өгөхөд анзаарах аргагүй байжээ. Тухайн цаг дор зоосны энэхүү дутуу дулимаг талыг нь ашиглан хямд металлаар хуурамч зоос үйлдвэрлэх гэмт хэрэг газар сайгүй дэлгэрч байв. Энэ үйлдэл ч Англи орныг тойроогүй. И.Ньютон Эзэн хааны Зоосны газар ажиллаж байхдаа зоосыг хуурамчаар үйлдвэрлэх явдалтай тэмцэх зорилгоор иржгэр ирмэгтэй зоос гаргахыг санаачилж ажил хэрэг болгосон байна. Ингэснээр хуурамч зоос үйлдвэрлэгчдийн үйлдэл бүрэн хязгаарлагдан Эзэн хааны мөнгөн санг алдагдлаас аварч чадсан алдар нэр И.Ньютонд ногджээ. 1696 онд Зоосны газрын даамлаар томилогдож, зоосыг шинэчилсэн тэрбээр 1698 онд тус газрын дарга болон дэвшсэн байна. Үүнээс долоон жилийн дараа 1705 онд Хатан хаан Энне нь суут эрдэмтэнд Зоосны газарт хичээл зүтгэлтэй ажилласан гэсэн үндэслэлээр Рыцарийн хэргэм хүртээжээ.
1921 оны Ардын хувьсгалын дараа БНМАУ-ын анхны 1, 2, 5-тын мөнгөний зэс зоос, 50-тын мөнгө, 1 төгрөгийн цэвэр мөнгөн зоос, 10, 15, 20-тын мөнгөний хольцтой зоосыг 1925 онд гаргасан байна. Үүнээс 12 жилийн дараа 1937 онд 1, 2, 5, 10, 15, 20-тын мөнгөний зоосыг дахин хэвлэн гаргажээ. Эдгээр зоосон дээрх үг, тоо нь бүгдээрээ монгол бичгээр байдаг. Харин 1940-өөд оноос нийтийн бичигт кирил үсэг мөрдөх болсон учраас 1945, 1959, 1970, 1980, 1981, 1994 онд гаргасан зооснуудын үг, тоо нь кирил болсон юм.

Тэртээ XYII зуунд И.Ньютоны үед үйлдэгдэж байсан хуурамч зоосны хэрэг манайд 5-тын мөнгөний зэс зоосон дээр давтагдаж байлаа. 1937 онд дэлдсэн (үйлдвэрлэсэн) энэхүү зоосыг хуурамчаар маш ихээр хийсэн байдаг бөгөөд монгол бичгээр “Бүгд Найрамдах Монгол Ард Улс” гэсэн үгэнд нэг ацаг шүд дутуудуулснаар уг хэрэг илэрсэн түүхтэй. Хуурамчаар 5-тын зэс зоос үйлдвэрлэсэн гэмт этгээдүүдийг олсон эсэх нь одоо болтол нууц хэвээр үлдсэн. 1945 оны кирил үсэгтэй шинэ зоосон мөнгө дэлдэж гаргах хүртэл ацаг шүд дутуу хуурамч зооснуудыг гүйлгээнээс олон нийтэд мэдэгдэлгүйгээр буцааж татсан юм билээ.
Бүр хожмоо 1985 онд “Ацаг шүдний зөрөө” детектив кино гарсан нь үүнээс санаа авсан бүтээл. Уншигчид санаж байгаа бол, Санбэйсийн хүрээн дэх банкинд хуурамч мөнгө илэрснээр үйл явдал өрнөж, хуурамч мөнгө үйлдвэрлэгчдийг чекистүүд мөрдөн илрүүлж буй тухай адал явдалт кино гардаг даа. Зохиолыг М.Рэнчин, Д.Мягмарсүрэн нар бичиж, сартваахи Б.Балжинням (хожмын төрийн шагналт) найруулж, гол дүрүүдийн нэг Заяатад жүжигчин Г.Равдан гавьяат тоглосон юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.