НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Ш.Чимэдцэеэ: “Түмний эх” дууг сайхан дуулснаар даншиг наадам өнгө ордог байсан

Б.Алтанхуяг     Нийтлэгч
2 сарын өмнө /2017-08-18 15:53:45 GMT +8 / | 760 удаа уншсан

-Наадам дөхөөд ирэхээд монгол хүн бүрийн сэтгэлд гялбаа татдаг. Та наадмын өдрүүдээр юуг хамгийн их үгүйлж, санадаг вэ?

-Цагаан сар, эрийн гурван наадам хоёр монгол үндэстний ёс заншил, уламжлалын дотроо тээж явдаг хамгийн сайхан баяр ёслолууд болохоор аргагүй юм даа. Сүхбаатарын онгон зэрлэг тал нутагт морио унаад наадамлаж явсан мөчүүдээ л хамгийн их үгүйлдэг. Тэр үед их сайхан байж дээ гэж боддог бус ярих дургүй хүн л дээ. Одоо ч муухай нь юу байхав. Орчин үеийн соёл иргэншилтэй хөл нийлүүлэн алхаж буй монгол түмэн минь харин ч нэг сайхан нааддаг болоод байна. Хомсдож, гачигдах зүйл ч алга. Цэнгэлдэх хүрээлэнгийн гадуур, дотуур хүнд хэрэгтэй бүхий л зүйлс байна. Хамгийн гол нь морио унаад галигуулж явсан бага насаа юунд тэгж их үгүйлэн санадаг юм бол гэж хааяа гайхдаг байсан.

-Байсан гэхлээр та хариултыг нь олчихсон хэрэг үү?

-Хүн нас ахих тусам л ухаажиж, томоождог. Эрж явсан асуултынхаа хариуг ч олж авдаг. Харин тэр болтол алдаж, онох хүний амьдрал үргэлжилсээр байдаг шүү дээ. Миний үгүйлсэн зүйл бол зүгээр л сайхан дурсамжуудаа дэргэдээ байлгаж чаддагтай минь холбоотой санагдсан. Хүн дурсах сайхан мөчүүд олонтой, түүнийгээ дараа нь марталгүй цээжиндээ хадгалж явна гэдэг амьдралаас өөртөө авч үлдэж буй бэлэг гэж боддог. Нутгаа санадаггүй хүн гэж үгүй ямар нэг гэгээлэг сайхан мөчүүдээ дурсаж л, үгүйлэн санаж явах нь амьдралд улам дурлуулдаг.

-Дарьгангын Чимэдцэеэ, “Жаахан шаргын Чимэдцэеэ” гээд нутгийнхаа театрт дуулдаг байсан үед тань монголчууд таныг хэдийн мэддэг болчихсон байсан гэдэг байх аа?

-Уртын дуу гэлтгүй дуунд дуртай байсан болохоор чадах чинээгээрээ л хичээдэг байсан. Нутгийн олон түмэн минь ч их тусалж дэмждэг байлаа. “Жаахан шарга” театрт дуулж байсан үеүд бол миний амьдралын хамгийн жаргалтай мөчүүд. Сүхбаатарынхан намайг хүндэлж, энгэртээ тэвэрч, алган дээрээ бөмбөрүүлдэг байлаа. Жаргалтай газар мал тогтдоггүй гэдэг шиг нэг л мэдэхэд их хотыг зориод ирчихэж билээ.

-Гэхдээ хот руу ирэх ямар нэг том мөрөөдөл, зорилго танд байгаагүй гэж үү. 70-аад оны үед Соёлын яамны бодлогоор уртын дуучид бэлтгэж, аймаг бүрээс нэг, нэг сайн дуулдаг хүнийг хотод авчирч, мундаг уртын дуучдын шавь болгож, хичээл заалгаж байсан юм биш үү?

-Тийм шүү. 1974 оны үед байх аа, уртын дуучдын Соёлын яамны бодлогоор бэлтгэж байсан. Дуу дуулах авьяастай, урлагт сэтгэлээ өгөхөөр зориг шулуудсан хүүхдүүдийг Н.Норовбанзад, Ж.Дорждагва, С.Сүглэгмаа, Б.Лхамжав гээд хоолойн цар хүрээ нь тэнгэрийн хаяанд хүрдэг мундаг том дуучдад шавь болгон оруулдаг байсан. Би ч хотод очиж дуулахыг хааяахан хүсэлгүй л яахав. Өндөр, өндөр байшин барилга, өргөн сайхан гудамж, машин тэрэг, хүн зон хөлхсөн Азийн цагаан дагинад ажиллаж, амьдрахыг мөрөөдөхгүй хүн байхгүй. Харин би тэнд амьдрахыг мөрөөддөггүй, томоохон театрт дуулчихаад л нутагтаа ирэхийг боддог байсан.

-Тэгвэл их хотыг зорих өөр томоохон шалтгаан танд байсан хэрэг үү?

-Тийм ээ.

-Юу байсан юм бол?

-Ээжээсээ болсон юм л даа. Ярихад жаахан хүнд сэдэв байгаа юм.

-Харин ярьчихвал хүний  сэтгэл онгойдог гэдэг биз дээ. Ээж тань хот руу явуулахыг хүссэн хэрэг үү. Хүн л болсон хойно үр хүүхдээ сайн сайхан явж, алдар хүндийг оргилд гарахыг хүсдэг шүү дээ?

-Үгүй дээ, ээж минь өөд болсон юм. Тиймдээ ч нутагтаа суухад сэтгэлд хүнд байсан. Яг дэргэд минь байгаа шиг атлаа байхгүй, холын холд одсон мөртлөө дэргэд байгаа мэт санагдаад байдаг юм билээ. Ээжийгээ санасан сэтгэлээ дэвтээх гэж, түрч атугай шаналлаасаа ангижрах гэж их хотыг зориод, эндээ шингэчихсэн юм л даа.

-Хагацал гэдэг мэдээж маш аймшигтай зүйл шүү. Та ээжийнхээ тухай яриач?

-Хүн болгоны хувьд ээж нь гайхамшиг. Ээжээс нь илүү зүйл гэж үгүй. Багад бол загнадаг, ороолгодог, муухай ааштай нэгэн л санагдана. Гэвч тэр хүний зөөлөн булбарай гар энгэртэй тэвэрч, уян зөөлөн дуу нь том болох тусам чихэнд хоногшиж үлддэг. Эх, эцгийн ачийг “Дэлхийгээс зузаан, тэнгэрээс өндөр, уулнаас хүнд” гэж зүйрлэн хэлсэн байдаг. Би ч гэсэн ийм ойлголттой явдаг. “Дэндүү их ачийг тань хариулахад, Дэлхийг бэлэглэсэн ч багадах юм” гэж Энхзул дуулдаг шүү дээ. Гэхдээ яагаад ч юм ачийг нь хариулах шүүдрийн ус цуглуулж явлаа.

-Тэгээд та цай чанаж өгсөн хэрэг үү?

-Тийм ээ, гэхдээ энэ нь ганц удаа л өндийж хариулсан ачийг нь хариулсантай тэнцдэг гэдэг. Жаахан байсан болохоор л тэр биз. Нэг үдэш унтахдаа өглөө эртлэн сэрж тавиур дээр байгаа шанаганы толгойг аваад явнаа гэж шийдсэн. Үүр цайхаас өмнөхөн дөрвөн цагийн үед шанаганыхаа толгойг бариад хөл нүцгэн явсан юм. Тэгээд нар бүр унины дундуур байхад ирсэн. Шүүдэр нь хатаад өвсний толгой дээр ч үлдээгүй болоо биз. Үнэхээр болж өгдөггүй хэцүү юмтай зүйрлүүлж л тэр үгийг хэлсэн юм байна гэдгийг ойлгосон. Жаахан юмтай ирээд түүгээрээ цай чанаж өгсөн дөө. Өдөр ирэх тутам ээжийнхээ ачийг хариулахсан гэж шаналаад байх хэрэггүйг ойлгосон. Шүүдрийн ус цуглуулж, цай чанах гэж гүйж явснаас ажил төрлөө сайн хийж, зөв шудрага сайхан амьдарч явбал ээж хүн баярладаг. Хамгийн гол нь ээжийнхээ дэргэд өвдөж, зовж болохгүй, эрүүл чийрэг, баясгалантай байх хэрэгтэй. Би лав үсийг нь самнаж өгөх дуртай байж билээ, ээж минь баярладагсан.

-Ээждээ юу хийж өгч хамгийн их баярлуулсан бэ?

-Шүүдрийн усаар цай чанаж өгөхөд “Битгий дэмий юм хийгээд бай! Ажлаа л сайн хийвэл барав” гэж билээ. Тухайн үед нь нэг их гомдсон нөхөр байв аа. Одоо бодоход инээдтэй ч юм даа. Ээжийгээ хоёр удаа айхавтар баярлаж байхыг нь харсан юм. Яг нэг үйл явдлын үеэр л дээ. Тэр нь намайг гавьяат авахад тохиолдсон. Гавьяат болсныг минь сонсоод бүр жигтэйхэн их баярлаж билээ. Охин нь өөрийн ариун цагаан сэтгэлээр хөдөлмөрлөж, тэрхүү хөдөлмөрөө эх орондоо үнэлүүлж байхыг хараад эх хүн баярлахгүй гээд яах ч билээ дээ. Би Улаанбаатараас онгоцоор нисч нутагтаа хүрсэн. Харин ээж минь “шаахайт” унаад надад баяр хүргэхээр онгоцны буудал дээр нүдэндээ баярын торгон нулимс цийлэлзүүлэн зогсч байж билээ. Тэр үйл явдлыг би үргэлж тодхон санаж байдаг. Намайг онгоцноос буугаад очих үед ээж минь дээлээ товчилж байсан. Холоос охиноо тосох гэж яараад дээлээ ч товчихоо мартчихсан байсан болов уу. Миний эцэг уг нь Жамбал гэдэг хүн байсан ч аав, ээж хоёр амьдралын шуурганд буруудсан юм уу даа. Ямартаа ч ээж минь Шар гэж сайхан хүнтэй суусан. Өөрөөс нь арваад дүү хүнтэй ханилж олон ч сайхан хүүхдийн эцэг эх болсон. Би дүү нарынхаа эцгээр овоглодог юм. Ихэнх хүмүүс үүнийг мэдэж байгаа байх. Тэр үед Шар аав аягатай сүүтэй, хадагтай намайг тосч авч байсан. Тэгэхэд ээж минь ханиараа, охиноороо маш их бахархаж, баярлаж байсан санагддаг.

Харин хоёр дахь нь “Тэнгэр ээж минь өршөө” дууны шүлгийг зохиогоод аяыг нь Батсайхан гэж найзаараа хийлгэж, дуу бэлэн болсны дараа ээждээ сонгоход хоёр дахиа их баярласан даа. Тэр үед ээж надад “За, миний охин ээжийнхээ бүх л өндийж хөхүүлсэн ачийг хариулсан гэж бодоорой” гэж хэлж байсан нь санаанаас гардаггүй юм.

-Үнэхээр сайхан дуу. Би багадаа ээждээ дуулж өгчихөөд “За ингээд таны ачийг хариулчихлаа” гэж хэлдэг байлаа шүү дээ. Эх хүн бүү хэл, залуу хүү би өөрөө дуулахад аньсганд нулимс чийгтээд ирдэг юм.

-Тийм үү. Сэтгэгдлийг чинь сонсоход сайхан байна. Ээждээ дуугаар цэцгэн эрхи бүтээж өгөе гэсэн хүсэл минь энэ дууг зохиож л биелсэн дээ. Хүн өөрөө ээж болохоороо л зовлонг нь ойлгож, ухаардаг юм билээ. Эсвэл илүү их томоожиж, юмны гүн утгыг, хэн нэгнийг хараад царайнаас нь сайн, хүн үү, муу хүн юм болов уу гэдгийг таньж мэддэг шиг амьдралын туршлага суудаг байх л даа. Одоо хоёулаа ээжийн тухай яриагаа зогсоохгүй бол хамаг л зүйлээ тооччих шиг боллоо. /инээв/

-Та багадаа төрсөн эцэгтэйгээ ойр байгаагүй юу?

 -Байгаагүй ээ. Би дүү нарынхаа аавтай л их ойр дотно байж, ярилцдаг байсан. Намайг хүний үр гэж үздэггүй, маш сайн аав шүү дээ. Харин миний тухайд бол өөр зүйл яригдана. Төрсөн эцэг минь их өндөр насыг зооглож саяхан өөд болсоон. Сүхбаатарын хурдан угшлын “Орлойн адуу” гэж ярихыг дуулж байсан уу.

-Тэгэлгүй яахав, багадаа ч олон удаа сонсч байсан.

-Би тэр Орлойн баян Сувд гээч хүний ач охин билээ. Орлойн баян Сувд, Орлойн хув Дагва, Орлойн Чоймбол гэлэн гээд ах дүү гурав гээд их баячууд байсан гэдэг. Харамсалтай нь бүгд хөрөнгөө хураалгаад буудуулсан. Харин Орлойн баян Сувдын хүүхэд Жамбал гэж байсан. Би тэр хүний охин үр нь. Ээж маань бүүр сүүлд дуучин болсны хойно төрсөн эцгийгээ мэдэж ав, одоо хөөрхий аав нь насан өндөр ч болж гэж захисан. Сүүлд аав хотод ирээд хэсэг хугацаанд хамт аж төрсөн. Энэ хүн байгаагүй бол би төрөхгүй шүү дээ. Охин нь болж төрснийх гэж бодоод гурван өөрөө байр авч өгөхөд их л хөөрч байж билээ. Аавыгаа би хэзээ ч муугаар боддоггүй. Залуу хосуудын амьдрал болж бүтэхгүй олон зүйл тохиолдоно. Ямартаа ч үнэхээр буянтай хүн байсныг нь сүүлд л мэдсэн.

-Таны уртын дууны анхны багш хэн бэ?

-Яалт ч үгүй буцаагаад ээжийн тухай сэдэв рүү оруулаад байх юм. Учир нь миний дууны анхны багш бол ээж минь, би ээжийгээ гэж боддог. Ээжид минь олны өмнө гарч дуулах, одоо үеийнх шиг сайхан боломж олдоогүй ч гэлээ охиныхоо өмнө дуулдаг байсаан.

-13 хүүхэд өсгөж, хүмүүжүүлж явсан эх хүн болохоор зав нь олдоогүй юм болов уу?

-Тийм шүү. Дээр нь нэгдлийн мянга гарнаар тоологдох их малыг хариулж, усны тунгалагийг дагуулж, дээр нь 13 охиноо хүн болгох гэж зүтгэж явсан хүнд тийм зав хаанаас олдоо аж. Харин ээж чингэлэг тэргээр аргал түүдэг байлаа. Тэгж явахдаа л их сайхан дуулдаг, дүү нарыг ч хачин сайхан уянгалаг хоолойгоор бүүвэйлдэг хүн байсан. “Харалдай тайжийн  хүүлэй бүүлэй

Хар лусын хааны ажлай бүүлэй

Зэндгээ мэргэний зээлэй бүүлэй

Зэгсэн гуагийн хүүлэй бүүлэй” гээд их сайхан бүүвэйлнэ. Хонь хургаа голчихоод хөхүүлэхгүй байвал их сайхан тойглоно. Амьтан ч бас дуунд уярдаг гэдгийг бага балчираасаа тэгэхэд л ойлгосон. Ээжийг тойглож суухад хургаа голсон хонины нүднээс нулимс гарсан үзэгддэг байж билээ. Би ээжийнхээ тухай хамаг сайхныг дурсаж ярих их дуртай хүн дээ. Учир нь ээж надад “Хүнд жаргалаа дэлгэж, зовлонгоо нууж яваарай” гэж захисан юм.

-Энэ бүүвэй чинь Монгол Ардын үлгэрт гардаг шүү дээ. Харалдай тайж нэгэн бүсгүйд хайртай болоод, тэр бүсгүй нь бөгж залгиад ухаан алдчихсан байхаар нь шороонд булж дөнгөлгүй гоёмсог авс урлаад модон дээр тавьчихдаггүй юу. Өнөөх модыг нь буга шөргөөж авс ойчиход эмэгтэй хахаж бөгж амнаас нь унаснаар үйл явдал өрнөдөг дөө. Би уншиж байсан юм байна?

-Тийм үү. Би ч бас уншиж байсан болов уу, одоо л мартчихаад байгаа байх. Миний ээж ийм л ухаантай сайхан хүн байж. Сумын наадамд ээжийг л харах гэж хүмүүс ирдэг байсан гэдэг. Харин би ээжийгээ үнэхээр дуурайж чадаагүй. Тэр их гоо үзэсгэлэн, сэтгэлийн сайхан нь сүлэлдэхээр хүн үнэхээр үлгэр, туульд гардаг шиг хацар гоо хатан болдог байсан байх.

-Дэлхийн олон том тайзан дээр дуулж, Монголынхоо уртын дууны гайхамшгийг хүнд төрөлхтөнд бишрүүлж, тэднээр эх орноо хайрлуулж явсан хүмүүсийн нэг бол та шүү дээ. Таны дуулж явсан хамгийн том, хамгийн дурсамжтай ямар орны тайз байв?

-Хамгийн сайхан тайз бол тал нутаг. Зах хязгааргүй ертөнцөд дуугаа хадааж, хоолой нь эцэж ядрахгүй бол хүссэн хэмжээгээрээ дуулж болно. Дээр нь чөлөөтэй, дураараа дуулж, орилсон ч энэ тайзны нэг ч үзэгч нь чамайг шүүмжлэхгүй, шоолохгүй. Урлаг, тэр дундаа монгол уртын дууныхаа ач буянаар НҮБ-ын танхим, Оросын их театр, Японы “Сантори холл”, АНУ-ын “Карнегги холл”, Герман болон Италийн томоохон тайзуудад ч мөн дуулж явсан. 40 гаруй улс оронд тоглолтоор очсон доо. Тэр болгонд уртын дууныхаа гайхамшиг, монголчуудынхаа эрдэм ухааныг гадныханд мэдрүүлж, таниулахаас гадна өөрөө улам их хүндэтгэн биширч, хайрлаж билээ. 

-Тал нутаг гэснээс таныг хонин жилийн “Хөхөө” сарын тэргүүнд “Хоолой” гэдэг газар эхээс мэндэлсэн тухай уншиж байсан. Хөхөө донгодох хэчнээн сайхан сонсголонтой тухай манай ард түмэн ам уралдан шагшдаг. Дээр нь хоолой гэдэг нэртэй газар төрсөн байдаг нь цаанаасаа л нэг учир шалтгаантай байсан шиг санагдах юм аа.

-Хүний унасан газар, угаасан ус гэдэг маш их энергитэй зүйл гэж боддог. Нэг нутаг, нэг голын ай саваас олон бөхчүүд төрсөн, эсвэл өөр нэг нутгаас олон дуучид, яруу найрагчид мэндэлсэн байх тохиолдол монголд цөөнгүй бий. Тиймээс газар гэдэг хувь хүнд авьяас билэг, ур ухаан, асар хүчтэй энерги хайрладаг гэж боддог. Тиймдээ ч хүн байгаль хүйн холбоо нэгтэй гэж ярьдаг байх.

-Хоолой гэж их л ховор нэртэй газар юм даа?

- Баяны хоолой, Дэлийн хоолой, Гашууны хоолой гээд Монгол Улсын газар нутгийн нэршил дунд “хоолой” гэдэг үг орсон газрын нэрийг тоолж баршгүй. Гэхдээ дан ганц “Хоолой” гээд нэрлэчихсэн газар ховор шүү. Хүн өтлөхөөрөө нутгаа, тураг өтлөхөөрөө уулаа гэдэг. Тэгж их өтөлж хөгширөөгүй гэж өөрийгөө бодох хэдий ч нутгаа санаж, бага насаа үгүйлэх минь улам л ихсээд байх юм даа. Учир шалтгаан буй болоод ингэж их бодогдоод буй биз.

-Таны бага нас ер нь хэрхэн өнгөрсөн бэ. 13 хүүхэдтэй айлын дундахь болж төрнө гэдэг бас тэсвэр тэвчээр, ууч сэтгэлийг хүнд өвлүүлдэг болов уу гэж санагдах юм, тийм үү?

-Чиний хэлдэг зөв. Бусдыг хайрлаж, дүү нараа халамжилж, бусдыг уучилж чаддаг сайхан сэтгэлийг олж авдаг. Аливаа зүйлд ууч сэтгэлээр хандана гэдэг хүний хамгийн сайн чанар. Өөрийнхөө жаахан биенээс илүүг мөрөөдөж, түүндээ тэнцэж чадах ухаарлыг бага наснаасаа олсон. Социализмын үед төрсөн болохоор олон хүүхэдтэй айлын зовлон нь их байсан байлгүй. Багадсан хувцсаа цэвэрхэн эдэлж хэрэглээд дүү нартаа шилжүүлнэ, дундаа ганцхан хувцас эдэлж хэрэглэх нь ч энүүхэнд байдаг. Ямар нэгэн зүйлд шууд хандахгүйгээр цаад нарийн учрыг ойлгож, багаасаа ухаан суудаг. Ингэж л би хүмүүжсэн. Дүү нар, эгч ах нарынхаа дунд дэгдэн дүүлж, цэлгэр сайхан талдаа салаа гэзгээ хоёр тийш хаялан гүйж, дуулж хүн болсон жаргалтай нэгэн. Энэ бүхнийгээ дурсахаар амьдралд дурлаж, хэчнээн сайхан өнгөрүүлсэн бага насныхаа дурсамжинд өөрийн эрхгүй автчихсан сууж байдаг.

-Өнгөрсөнд үлдээсэн сайхан дурсамжуудаа санах их дуртай юм аа даа. Анх урлагт хөл тавьж байсан үеэ дурсвал?

-Мартаж болохгүй сайхан юмсыг алийг тэр гэхэв дээ. Цээжиндээ хадгалж яваад, дуртай үедээ гаргаж ирээд цэнхэр дэлгэц харах шиг үзээд суучихна шүү дээ. /инээв/ Анх 15 настай байхдаа урлагийн үзлэгээр сумын клубт анх удаа, өдгөө Сүхбаатар аймгийн театрын нэр болсон алдарт дуу “Жаахан шарга”-ыг дуулж байв аа. Гэтэл сумандаа шалгараад аймаг, аймгаасаа шалгараад зүүн бүсийн аймгууд, тэндээсээ магнайд цойлж явсаар түрүүлээд Улаанбаатарт ирж билээ. 1975 онд дуучин болох хүсэлтэй, авьяастай улсыг курст суулгана гэж Соёлын хэлтсийн дарга Доржцэрэн багш дуудаад хот руу очсон. Ингээд дээр дурдсан Норовбанзад хэмээх домог болсон цэвэрхэн цагаан авгай, Сүглэгмаа хэмээх Лордын танхимын үзэгчдийг суудлаасаа бостол нь дуулж явсан бүсгүй, тэтгэвэртэй гарчихсан ч урлагаасаа хөндийрч чадахгүй суугаа Дорждагва, Лхамжав гэж хоолойн цараа нь талын хаяа хүрдэг дуучин дөрвийн дөрвүүлэнгийх нь шавь болсон удаатай.

-Таныг их багаасаа шүлэг найрагт дурласан гэж сонссон. “Тэнгэр ээж минь өршөө”, “Тавилан” зэрэг олон түмэнд хүрсэн сайхан дууныхаа шүлгүүдийг та өөрөө зохиосон байх аа?

-Тийм ээ. Их багаасаа шүлэг найраг, номонд хорхойтой хүүхэд байсан. Харж байна уу, миний номын санд бүр эртний унших бичгээс авахуулаад олон сайхан зохиол, дуу хуурын болоод өөрийн минь бүтээсэн шүлгийн, дууны номнууд ч бий. Ном л байхгүй бол би хэзээ ч амьдарч чадахгүй, өөрийгөө ойлгож, таньж мэдэхгүй юм шиг санагддаг. Уртын дууны талаар сонин, сэтгүүл дээр байгаа шүүмж судлал, бичвэр, нийтлэл бүрийг уншдаг. Өөрийн минь талаар бичсэн юмыг хүртэл шүү. Дээр нь хүн судлал, түүхийн номнууд унших дуртай. Яруу найргийг бол үргэлж хайрлаж, бахдаж, биширч уншдаг. Хүмүүсийн ихэнх нь намайг шүлгийн номтой гэж мэдэхгүй. Гэтэл надад яруу найргийн түүвэр нэлээдгүй бий. Бага байхдаа олдсон ном, сонин бүгдийг нь уншдаг байсан. Бүр харганы өргөсөнд тээглээд үлдчихсэн сонингийн тасархай олоод учиргүй их баярладаг сөөсгөр охин явсан даа.

-Тэгээд дээр нь юу ч байсан хамаагүй уншаад суучих уу, харганыхаа дэргэд суугаад?

-Бүүр дэргэд зогсож байгаад л уншчихна.

-За, одоо таниас асуух гээд хадгалаад байсан асуулт руугаа ороё. Та уртын дуу дуулж байх үедээ ямар мэдрэмж авдаг вэ?

-Дуулж байх үеийнхээ мэдрэмжийг яруу найргаар л илэрхийлж гаргах хүний дотоод эрчим хүчтэй л зүйрлэж болох юм даа. Оргүй хоосон, бүр холын холоос, хэний ч харж үзээгүй, сонсч чадахгүй зүйлсийг авчраад олон түмэнд харуулж, аялгуулан дуулж өгч байх шиг мэдрэмж төрдөг.

-Тэгэхээр уртын дуу ямар нэгэн чинадын зүйлстэй холбогдоод байдаг гэсэн үг үү?

-Надад тэгж л санагдаад байдаг юм. Шүлэг бичдэг болоод ч тэр үү, ерөөсөө л нисч тэнгэртэй холбогдчихоод буцаад буух шиг мэдрэмж авдаг. Худлаа нэг их хэлбэр хөөсөн үгс гэж уншигчид маань ойлгочих вий дээ.

-Хүн бүхэн өөр өөрийнхөөрөө ойлгодог. Гэхдээ таныг хэлбэр хөөсөн дуучин гэж бодох хүн байхгүй. Монголчууд танд хайртай байдаг шүү дээ. Таны талаар элдэв муулсан хар пиар үзэглэсэн сэтгүүлчийг би л хувьдаа харж байгаагүй?

-Тэр ч тийм шүү. Би хүмүүсийн энэ их хайр хүндэтгэл, сайхан сэтгэл рүү ус цацчихгүй юмсан даа л гэж бодож явдаг. Дуулсан дуу шигээ жаргалтай сайхан амьдрахгүй ч гэлээ, дууныхаа үг шиг үлгэр дууриаллыг бусдад үзүүлж, ээж шигээ эх хүн байх хэчнээн их жаргал билээ. Ганц хүн айл болдоггүйтэй адил ээж аав, дүү нар, цаашлаад монголын ард түмэн, эх орон минь байгаагүй бол би өдийд энэ зэрэгтэй дуучин болчихсон Америкийн тэр том “Карнегги холл”-ын тайзан дээр гараад нүүр бардам инээж, уулаа өндөлзтөл, ус мөрөн харгин урсах шиг уянгалуулан дуулж чадахгүй байсан.

-Нээрэн нэр алдар нь түгсэн томоохон дуучид “Карнегги холл”-ын тайзан дээрээс асар олон үзэгчдийн өмнө зогсоод дуулдаг шүү дээ, тийм биз дээ?

-Үнэхээр тийм. Америкийн дуурийн томоохон дуучид нь хүртэл цөөхөн гардаг гэсэн. Яалт ч үгүй шилэгдсэн шилмэл авьяастай хүмүүс энэ тайзан гардаг гэдгийг нь сонсоод анх их сандарч билээ. Гэхдээ дуулахаасаа өмнө тайвширчихсан. Би чинь монгол хүн шүү дээ, тэр дундаа Алтан овооны бэлд ариун Гангын нуурын хөвөөнд төрж өссөн Дарьганга нутгийн охин, монгол түмний охин гэж өөрийгөө зоригжуулаад тайз руу гарахдаа их л сэргэлэн цовоо болчихож билээ.

-Одоогоор ямар уран бүтээл ажиллаж байгаа вэ, наадмаар дуулуулах гээд аймаг сумдаас захиалга их ирдэг үү?

-Их ирнэ ээ. Харин сүүлийн үед нутагтаа очиж дуулсангүй. Тийшлэх санаа байгаа. Гэхдээ их хотынхоо баяр наадмын нээлт, үр хүүхэддээ хоргодоод байдаг юм. Аваад явж болох ч ард нь нээлтийн үеэр намайг дуулахыг зөндөө хүн хүлээж байгаа гэж бодохоор төвддөггүй юм.

-Чимэдцэеэ л үүнийг дуулж, амьдруулж чадна гэж хийсэн олон бүтээл байдаг уу. Хүмүүс тэгж ярьдаг шүү дээ. Үүн дээр та ямар бодолтой байдаг вэ?

-Надад маш том хариуцлага ирж байгаа нь тэр. Нөгөөтэйгүүр урлагийн хүний хувьд миний хүлээх ёстой үүрэг тэр юм. “Зүүдний говь”, “Ээжийнхээ ачийг яалаа даа”, “Тэнгэр ээж минь өршөө” зэрэг дуунуудыг сонсогчид “та л амьдруулахгүй бол өөр хэн ч чадахгүй” гэж олон удаа хэлж байсан. Ард түмнийхээ энэ их хайрыг дааж явахыг хичээдэг.

-Энэ л мундаг сайн уртын дуучин болно доо гэсэн шавь танд байдаг уу?

-Миний бэлтгэсэн шавь бүхэн л тийм бодол төрүүлдэг. Монголчууд их авьяастай, нэг зүйлийнхээ төлөө сэтгэлээ дайчлан зоригтойгоор тэмцэж чаддаг ард түмэн. Дуртай зүйлээ хийгээд эхэлвэл дургүй нь хүрч замын голоос хаядаггүй хүмүүс гэж боддог. Зарим нь урлагаас хөндийрч бизнесийн салбар руу хальтарч болно. Тэгвэл тэр хүн анхнаасаа дуучин бус бизнесийн хүн байсан, дургүй зүйлээ л хөөж явсан гэсэн үг.

-Өнөөдрийн энэ их шоу бизнес давамгайлсан, поп урсгал, рок хөгжимд хүмүүс дурласан цаг үед уртын дуу цаашид замхран арилах вий гэх эмзэглэл төрдөг. Танд ч бас тэгдэг үү, уртын дууны хувь заяа хаашаа эргэх бол гэж бодсон удаа бий юу?

-“Түмний эх” дууг сайхан дуулснаар даншиг наадам өнгө ордог байсан. Тэр их баяр цэнгэл наадмыг энэ дуу эхлүүлж наадам үргэлжилдэг. Дууг сайхан дуулахгүй бол түмэн олон сайхан наадаж чадахгүй. Яг үүн шиг уртын дуугаа талын нүүдэлчид минь орхихгүй гэсэн итгэлийн гялбаа унтардаггүй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.