НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Хананы эсрэг

Б.Энхболд     Нийтлэгч
3 сарын өмнө /2017-09-01 14:06:27 GMT +8 / | 454 удаа уншсан

Германы алдарт найруулагч Акин Фатих уг киног найруулсан гэдгийг кино сонирхогч дунд мэдэхгүй хүн үгүй. Түүний киноны гол баатрууд маш ээдрээтэй хувь тавиланг туулдаг.

Аль ч киног нь сонгоод үзсэн, нойрмоглох, дэлгэцнээс нүдээ салгаж өөр зүгт бодол санаагаа чиглүүлэх ямар ч боломж танд гарахгүй. “Хананы эсрэг” чухамдаа тийм л кино. 
Тус кино нь Берлиний кино наадмаас “Алтан баавгай” шагналыг 17 жилийн дараа хүртсэнээрээ Германы кино урлагт хүндтэй байр суурь эзэлдэг. Уг кинонд архичин, хар тамхинд донтогч 40 гаруй насны Турк эр болон Хамбургт амьдардаг, хуучинсаг эцэг эхээ зовоохгүйг хичээх ч эрх чөлөөг хүсэмжлэгч 20 орчим настай Сибел хоёрын учралын тухай өгүүлнэ. 
Гол дүрийн жүжигчин Бирол Унел цэргийн алба хаагаагүй учраас Туркт буцаж очих л юм бол баривчлагдах байв. Харин Туркийн Засгийн газар түүнд өршөөл үзүүлсний ачаар Германд очсоноосоо хойш 10 жилийн дараа анх удаа эх орондоо буцан очиж киноныхоо зураг авалтыг дуусгасан байна. Ингээд бодоход амьдрал нь хүртэл яг кино шиг хөвөрсөн тус залуу “Хананы эсрэг” киноны дүрд чухам тохирч байгаа юм. 
“Хананы эсрэг” кино нь “Хайр, үхэл, чөтгөр” сэдэвт гурамсан киноны тэргүүн бүлэг юм. Хоёрдугаар хэсэг буюу үхэл гэсэн сэдэвт бүтээл нь “Эсрэг талд” (Auf der anderen Seite, 2007) гэдгийг уншигчид андахгүй. Энэхүү бүтээл нь Бремен, Хамбург, Станбулд амьддах хайр сэтгэл буюу үхлээр холбогдсон гэр бүлийн зургаан хүний талаар өгүүлдэг. Гол дүрүүдийн хоёр нь золгүй тохиолдлоор нас бардаг бөгөөд ард үлдэгсэд нь нэг нэгнээ хайж эхлэх ба бие биенээ уучилдаг. Амьдрал ямарч цаг үе, нөхцөлд үргэлжилсээр байдаг  гэдгийг л тэр харуулахыг хүссэн мэт. 
Харин “Хананы эсрэг” кинонд мөн Турк болон Герман орны соёлын талаар өгүүлдэг. Турк улс зөвхөн тэртээ алсад орших, ээж аавынх нь төрөлх нутгаар зогсохгүй үйл явдлын гол талбар болдог. Акин “epd Film” кино сэтгүүлд өгсөн нэгэн ярилцлагандаа: “Миний эх орон хэмээх ойлголт тэлсэн. Газар зүйн хавтангууд хоорондоо ойртдог шиг Турк, Герман орон миний хувьд нэгдмэл ойлголт юм” хэмээн дурдсан байдаг. Тус кино нь Турк, Хорват, Филиппин, АНУ-д мөн амжилт үзүүлж, олон шагналын эзэн болсон. 
Сибел хэдийгээр үзэсгэлэнтэй, ухаалаг бүсгүй боловч ээж, аав нь зөвхөн Турк хүнтэй гэрлүүлэхийг хүсдэг. Харин тэрээр Германд ахуй үедээ нэгэн Турк эрд гэрлэх санал тавих авч өнөөх нь амьдралаас хэдийн залхсан, орой бүр нэг л газарт очиж уудаг нэгэн тул “Зайл” гэж хэлнэ. Сибел шар айрагны шил хагалан бугуйгаа зүсэх бөгөөд, өнөөх залуу нь хурд хэтрүүлэн машин жолоодсоноос болж аваарт орно. Ингээд тэд эмнэлэгт илүү дотно танилцаж эцэст нь хуримаа хийдэг. 
Харин энэ гэрлэлт хайр сэтгэл дээр тогтсонгүй. Тэдний хэн хэн нь өөр хүмүүстэй харилцаатай байх бөгөөд амьдрал нь зугаа цэнгэл, өөрийн өөрсдийн ертөнцтөө үргэлжилж байв. Харин нэгэн үдэш Сибелийг уушийн газар хүн доромжилсноор нөхөр нь түүнийг сонсч тэвчилгүй шилээр цохисноос болж шоронд ордог. Сибел энэ үед Турк рүүгээ буцна. Яг энэхүү үйл явдлаас бол тэд бие биедээ хэчнээн хайртай байснаа, ганцаараа аж төрж чадахгүйгээ ухаардаг. 
Харин бүх зүйл нэгэнт оройтжээ. Эцэст нь уулзалдаж гурван ч шөнийг хамт өнгөрөөх боловч Турк эрийг даган зугтах гэж байсан Сибел нөгөө өрөөнд хүүтэйгээ тоглож буй нөхрийнхөө дууг сонсдог. Төгсгөлийн мөчид шийдвэр яаж гарсан нь ингээд тодорхой боллоо шүү дээ. Тэд хэдий хагацан салж буй ч, өөрсдийн ертөнцийг аварч чадсан нь чухал. Тиймээс л найруулагч Акин “Герман, Турк хоёр миний хувьд нэгдмэл” хэмээн тодорхойлсон буй. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.