НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

ХӨГШИН ТӨГЦӨГИЙН ТУХАЙД

До.Цэнджав     Нийтлэгч
3 сарын өмнө /2017-09-01 14:29:52 GMT +8 / | 1174 удаа уншсан

Ийм үг хаа сайгүй залуусын амнаас сонсогдох болжээ."Насны залуугаар гайхуулбал нас багаддаг" гэдэг юм билээ. Нас ахисан хөгшдийг доромжилдог үг хэллэг төдийгүй, хараалаас ч дээрдэх юмгүй гутаалт. Гар утасны засварын газар нэгэн залуу...залуу ч гэж дээ гайхуулаад байх юмгүй 4О шахсан бололтой тэрбээр "Муу хөгшин төгцөг нүднээс далд ор, гарахгүй бол чирээд гаргана шүү" гэж заналхийлж байх юм. Өвгөн ч мөчигөө өгөхгүй бололтой.
Залуу нас гайхуулах нас мөн ч түүгээрээ түрүү барьж хөгшдийг доромжлох, дайрч давшлах, гутаах арга ядсан нас бишсэн. Чамаас хамаагүй илүү оймс элээсэн тэр хүн хэн ч байж болох юм шүү. Магадгүй эрхэм мундаг залуу минь "ТӨГЦӨГ" гэж хэлүүлэх насанд хүрэлгүй явчихвал яана. Төгцөг гэж хэлүүлэгсэд насны буянаа эдэлж яваа аав, ээжээс чинь ялгагдах юмгүй хүмүүс ээ. "Үүл нь гараад бороо орохын цагт үүдэн хоймрын ялгаа юун, Үйл нь ирээд үхэхийн цагт хөгшин залуугийн ялгаа юун" гэж Д.Равжаа 7-хон насандаа энэхүү амьдралын агуу гайхамшигт философи айлдсан бус уу? Насаар гайхуулж болдоггүй хийснээрээ, бүтээснээрээ гайхуулах хэрэгтэй дээ. 20-ын дотор нэр алдраа цуурайтуулсан алдартнууд, гадаадад ч, Монголд олон бийг дурдаад яахав, тийм хүмүүсийг би сайн мэднэ. Олныг дурдалгүй нэгэн жишээг эрхэм ЗАЛУУ танд дуулгая. Гадаадын жишээ л дээ.
Нас ихэд дээр гарсан өвгөн эмгэн хоёр уйгагүй хөөцөлдсөөр байгаад мөнөөх алдарт Харвардын Их сургуулийн захирлын үүдний өрөөнд арайхийж ороод очжээ. Ажил ч их байгаа биз, үргэлж дэлхийн хамаг алдартнуудын татдаг алтан хаалгыг сахиж суусан нарийн бичгийн дарга өвгөн эмгэний ядар дорой царай , хувцас хунарын мууг хараад эс тоожээ. "Өвөө эмээ хоёр минь уучлаарай, Та хоёр байтугай Америкийн том улстөрчид, одууд, саятнууд манай захиралтай уулзах гээд хэд хоногийн өмнөөс захиалга авдаг юм. Бас тэр болгонтой уулзаж амждаггүй юм шүү дээ. Хүлээгээд нэмэргүй" гэжээ. "Ямар байсан уулзаад гарна даа, бидэнд ч бас ажил байнаа" гээд Захирлын үүдийг өдөржин манажээ.Залхаж, дургүйцэж дууссан нарийн бичгийн дарга нь байж ядталаа цөхрөөд захирал дээрээ оржээ " Өвгөн эмгэнийг нэг минут болохноо хүлээж аваач, нойтон хамуу шиг хөгшин төгцөгүүдээс салгахгүй бол би ер нь энэ ажлаа өгсөн ч яахав" гэжээ. "Чи намайг өнгөрч баларсан өтөл ТӨГЦӨГҮҮДТЭЙ ажилладаг гэж бодоо юу? гэж захирал уурлаж...Нарийн бичгийн дарга учирлаж эхлэв. "За оруул, тэд юу ярих юм бэ? нэг хоёр минут уулзсан болгоод гарга" гэж уурсжээ. Залуу захирал хоёр "төгцөгийн" хөлөөс толгой хүртэл ууртайгаар ширвэн харссанаа бараг мэндлэлгүй шахуу "Юу гээв, хөгшидүүд ээ" гэжээ.
-Миний хайрт хүү танай Харвардад сурч байгаад нас барсан юмаа. Бид хоёр хүүгийнхээ төлөө бараг солио туссан. Танай сургуулиар үргэлж бахархдаг байсан. Хүүгийнхээ дурсгалын хөшөөг сургуулийн чинь хашаанд босгох хүсэлтэй байна" гэжээ. 
-Харвардад суралцаад үхсэн болгоны хөшөөг босговол дэлхийн №1 сургууль хүүрийн газар болно шүү дээ. Манайхыг төгссөн Америкийн Ерөнхийлөгчдөд хүртэл ийм хувь заяа олдоогүй шүү гэж уурсаад бушуу гарахыг гар хуруугаар дохиж ойлгуулав.
-Захирал та буруу ойлгожээ, хөшөө ч бишээ...Танай сургуулийн газар, цэцэрлэгт талбайд хүүгийнхээ нэрээр хувиасаа гайгүйхэн шиг сургуулийн барилга барьж өгөх гэсэн юм гэжээ. Захирал залуу "Барилга барих аа, та хоёр хөгшин минь зүүднээсээ сэрээгүй явна уу? Саяхан нэг салбар сургуулийн барилгыг 7 сая доллараар барьсан юм шүү дээ" гэж хэлээд учиргүй шоолж инээжээ.
-Захирал та тоогоо андуураагүй биз гэж эмгэн лавлав.
-За за,та хоёр хөгшин минь инээдмийн шог юм ярих зав цаг алга. Энэ утсыг харав уу? Дэлхийн өнцөг булан бүрээс алдартнууд ярьж байна. 7 сая...дуулав уу? гэхэд "Өвгөөн сонсов уу? Иймхэн мөнгө орсон гэж үү? Ийм бага мөнгөөр ийм том сургууль байгуулж болдог юм бол хоёулаа сургууль байгуулчихна, хө" гэж хэлээд арай тэнхлүү эмгэн өвгөнөө сугадан гарчээ. "Солиотой элий балай хөгшин төгцөгүүдийг ичихгүй над дээр орууллаа" гэж захирал нарийн бичгийн даргаа уурсан загнажээ.
Олон жил ч бололгүй нөгөө агуу Америкт нэгэн шинэ их сургууль өдрийн од шиг гайхшируулан, бүр алмайруулан хамгийн их шуугиан тарьж эхэлжээ. Үй олон алдартай их дээд сургуулийн чансааны дотор алдарт Харвардтай байр булаацалддаг төдийгүй дэлхийн хамгийн шилдэг 1О их сургуулийн жагсаалтад Харвард, Калифорнийн их сургууль, Оксфордын их сургуулийн дараа, зарим жил өмнө орчихсон л явдаг юм даа.
Энэ ямар их сургууль вэ? гэвэл ХӨГШИН ТӨГЦӨГ БУЮУ МӨНӨӨХ ӨВГӨН ЭМГЭНИЙ 16-хан насандаа амь үрэгдсэн хайрт хүү СТЕНФОРДОО зориулан байгуулсан, хүүгийнхээ нэрийг дэлхийд мөнхөлсөн тэр сургууль юмаа. Алдарт Харвардтай өрсөлдөн Стенфордын их сургуульд суралцахыг хүсэж өргөдөл гаргагчдын зөвхөн 7-хон хувийг дээд шалгуураар сонгож авдаг байна. Дэлхийн хамгийн баян энэ сургууль наад зах нь Hewlett , Google зэрэг дэлхийн шинжлэх ухаанд хувьсгал гаргагчдыг бэлтгэн гаргасаар, дэлхийн оюун ухааны гэрэлт цамхаг болсоор байна. Энэхүү агуу Их сургуульд аз нь шовойсон монгол аав, ээжийн хүү, охид маань суралцдаг л байж таарна. Хэрвээ тийм бол нэг нь ч атугай энэхүү сургуулийнхаа тухай залууст хөөрвөл сайнсан. "Хар авдаранд ном бий, хазгар чавганцад эрдэм бий, хамаагүй их басаж болохгүй ээ" гэж Цэндийн Дамдинсүрэн абугай зүгээр ч нэг хэлж хөөрөөгүй байхаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.