НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Би дүрдээ гологдохоос хамгийн их айдаг

П.Соёлдэлгэр     Нийтлэгч
1 сарын өмнө /2017-09-04 16:54:21 GMT +8 / | 454 удаа уншсан

Эмэгтэй хөлдөөх камер дотор унтаж байгаад гэнэт сэржээ. Яагаад сэрснээ тэр ойлгосонгүй. Юутай ч  эмэгтэй хүчилтөрөгчийн нөөц  барагдаж дуусахаас өмнө хөлдөөх камераас амжиж гарах хэрэгтэй байлаа. Харин загасчны завийн ахмад мөн л гэнэт тас харанхуйгаас гарч ирэн эгэл хүмүүсийн амьдралд орох болно. Тэд цаашдаа яах бол? Шинжлэх ухааны уран зөгнөлт “02” гэсэн энэ кинонд “Оскар”-ын шагналт жүжигчин Энн Хэтэуэй тоглоно. Түүнтэй цуг нэрт жүжигчин ,найруулагч, продюсер Мэттью Макконахи тоглох гэж байгааг саяхан “Холливуд репортёр” сэтгүүлд мэдээлжээ.  Алдартай хоёр жүжигчин өмнө нь  Кристофер Ноланы “Эрхэс хооронд” хамтдаа тоглосон юм. “02” киноны зураг авалт энэ намар эхэлнэ. Энн Хэтэуэй “ Би голдуу романтик, инээдмийн кинонд тоглож ирсэн. Харин одоо шинжлэх ухааны уран зөгнөлт дахиад тоглохоор болсон нь сонирхолтой санагдаж байна”гэж “Би Би Си” телевизийн Грэм Нортоны шоунд оролцохдоо хэлжээ.

 

-Сайн уу Энн, чи өнөөдөр үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна. Сүүлийн үед чамтай уулзахад хэцүү болжээ....

-Баярлалаа Грэм... Туршлагагүй ээж, айл гэрийн залуу эзэгтэй байна гэдэг тийм ч амар ажил биш бололтой.

-Чамайг таван жилийн өмнөхөө бодвол кинонд тоглох нь багассан гэх юм...

-Тийм ч байж магадгүй. Би анх жүжигчний мэргэжлийг сайн мэддэггүй, өдөр шөнөгүй ажиллаж, бүгдийг нэг дор хийхийг хүсдэг байлаа. Одоо бол бага ажиллах нь тийм ч муу зүйл биш гэдгийг ойлгосон. Жишээ нь, хүмүүс надаас залхахаас болгоомжилдог.  Найруулагчдын санал болгосон дүр жүжигчинд тохирохгүй үе гардаг. Тэгтэл мөнгөнөөс ч юм уу өөр ямар нэгэн шалтгаанаар олдсон дүр болгонд тоглоод байх  нь сүүлдээ дүрдээ гологдож магадгүй. Дүрдээ гологдох гэдэг үгийг би анх ааваасаа сонссон юм.  Манай аав намайг Их сургуульд ор гэж шаарддаг байсан.  Аав маань боловсрол хүний тархиийг эмх цэгцтэй болгож, аливаа зүйлийг гүйцэд тунгаан бодоход туслана. Чамайг сайхан дүр бүтээхэд боловсрол хэрэгтэй. Аз болж сайхан дүр чамд таарахад чи тэрэндээ гологдохгүйн тулд бүхнийг хийх ёстой гэж хэлж байсан. Би дүрдээ гологдохоос хамгийн их айдаг.

-Ямар ч дүр таарсан гайхалтай сайн бүтээдэг жүжигчин байдаг. Жишээ нь, Роберт Де Ниро байна. Тэр удахгүй манай шоунд оролцохоор ирнэ. Та хоёр “ Дадлагын ажилтан” кинонд хамт тоглож байсан...Түүнтэй цуг тоглоно гэдгээ анх сонсоод ямар санагдаж байв?

-Баярлах айх хоёр зэрэгцсэн. Тэр миний хайртай жүжигчдийн нэг. Хэзээнээс нааш хүндэтгэн биширч ирсэн хүмүүсийнхээ тоглолтын ур чадварыг дэргэдээс нь харна гэдэг том боломж. Энэ боломжийг зүгээр алдаж болохгүй. Де Нирогын тоглолтоос ямар нэг зүйл сурч авах нь чухал гэж бодогдож байсан. Ер нь бол би өөрөөсөө 20-оос 30 насаар ах хүмүүстэй нөхөрлөж, тэдний үгийг сонсох дуртай.  Роберт Де Ниро  ямар ч хүнд маш хүндэтгэлтэй ханддаг нь миний сэтгэлийг  их хөдөлгөсөн.

Чи өөрөө дадлагын ажилтан байж үзсэн үү?

-“Прада өмссөн чөтгөр” кинонд  тоглохын тулд дадлагын ажил хийж үзсэн. Дадлагын ажилтан хэрхэн туршлага  суух нь  ажиллаж байгаа газраас нь их шалтгаалдаг гэдгийг ойлгосон. Надад аз таарахад  дадлагын ажилтан байхдаа урлагийн сайхан бүтээл үзэж, сонирхолтой хүмүүстэй харилцах боломж олдсон. Бас алдартай хүмүүсийн номын санг цэгцлэх ажил хийсэн. Энэ нь гайхалтай  сонирхолтой ажил байсан.

-“Прада өмссөн чөтгөр”  ч хөгжилтэй кино шүү...

-Би чамд нэг түүх ярья. “Прада өмссөн чөтгөр” кинонд тоглохоор материал цуглуулж байхад одоо продюсер хийж байгаа хүн надад нэг сонин явдлын тухай ярьж өгсөн юм. Тэр продюсер залуудаа нэг алдартай жүжигчний хувийн туслахаар ажиллаж байжээ. Тэгээд нэг удаа жүжигчиндээ эмгэнэлтэй бишхэдий ч мөнгөний тухай тун таагүй мэдээ дуулгах хэрэг гарсан байна. Тэгтэл мөнөөх алдартан түүнийнүүрэн дундуур золтой цохиод авсангүй. Туслах залуу дунд сургуульд байхдаа боксоор хичээллэдэг байсныхаа ачаар түүний цохилтоос бултаж чадсан гэдэг. Гэхдээ түүний нүүрэнд хүйтэн “давалгаа” үсрэхийг мэдрэх шиг болжээ. Харин орой нь нөгөө алдартай жүжигчин туслахынхаа гэр рүү гоё машин, тансаг бэлэг сэлт явуулжээ. Туслах ньбэлгийг хүлээн аваад жүжигчинтэйгээ цаашид хамтран ажилласан байна.Жүжигчин буруу юм хийсэндээ уучлал гуйхын оронд зөвхөн бэлэг явуулж...

-Чи тэр туслахын оронд байсан бол бэлгийг нь авах байсан уу...

-Үгүй, авахгүй байх байсан. Хэрэв би тэр бэлгийг авсанбол нүүр рүү хаялсан хүйтэн “давалгаа”-г байнга мэдэрч явах байсан. Миний баримталдаг зарчмаар бол алдартай од туслахынхаа нүд рүү эгц харж байгаад чин сэтгэлээсээ уучлалт гуйх ёстой байсан. Мөнгөөр шударга явдлыг худалдаж авч болохгүй. Шударга бус явдлыг эд зүйлсээр нөхөн цагаатгаж чадахгүй. Би одоо амьдралд тохиолдсон сөрөг явдлын дараа эерэг зүйл гарч ирдэг, бүтэлгүйтэл сургамж болж, хохирол нь шинэ боломжийг нээж өгдөг гэдгийг ойлгосон.Британийн нэг шог зохиолч “Чамд тохиолдсон таагүй явдал чиний хувьд нааштай зүйл ч байж мэднэ” гэж хэлсэн байдаг. Загварын сэтгүүлийн ерөнхий редакторын туслахын дүрд тоглосноос хойш бараг арав гаруй жил өнгөрсөн байна.

-Энэ хугацаанд чи Холливудын алдартай жүжигчдийн эгнээнд орж чаджээ. Дахиад арван жил өнгөрвөл чи хэн болсон байхаа бодож үзсэн үү?

-10 жилийн дараа би одооныхоосоо илүү аз жаргалтай байх болно гэж найдаж байна. Гэхдээ энэ бүхэн зөвхөн надаас шалтгаалахгүй гэдгийг ойлгож байна. Домогт Жон Леннон “Таныг төлөвлөж байх зуур амьдрал чинь хажуугаар чинь жирэлзээд өнгөрнө” гэж хэлж байсан.Тийм учраас бид энгийн амьдрах ёстой. Үүний дараа юу тохиолдох бол гэж бодоод тооцоолоод байх хэрэггүй.

-Харин би чамайг арван жилийн дараа улам үзэсгэлэнтэй болно гэж бодож байна. Гоо үзэсгэлэн чинь амьдралд хэрэг болох үе гардаг  уу.

-Баярлалаа, сайхан үг хэлсэнд чинь/ инээв/. Миний нүүр хувирамтгай, арьс  нь зөөлөн гээд давуу тал бий л дээ. Энэ нь манай ажилд тустай байдаг.  Гоо үзэсгэлэнгийн хувьд бол,  энэ чинь нэг их хэрэгтэй зүйл биш байх аа. Үүнгүйгээр сая,сая хүн аз жаргалтай амьдарч болоод байна шүү дээ. Үзэсгэлэнтэй төрсөн хүн жаргалтай амьдарч болно л доо. Гэхдээ гоо үзэсгэлэнгийнхээ  ач тусаар бус...

-Гадаад төрхөндөө нэг их ач холбогдол өгдөггүй гэж хэлэх гээд байна уу...

-Өөрийнхөө юу? Ач холбогдол өгөлгүй яах вэ. Ямар ч эмэгтэй тэр дундаа жүжигчин хүн гадаад төрхөө анхаардаг. Гэхдээ гоо үзэсгэлэнгээс гадна өөр зэмсгийг амьдралдаа ашиглаж болно. Жишээ нь,тархиа... Толгойгоо сайн ашиглаж ажлуулах хэрэгтэй...

-Хүүхэд байхдаа толгойгоо ажлуулах хэрэгтэй гэдгийг ухаарч байв уу... Харин анх кинонд тоглоход ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-Би багадаа нэг удаа ижийгээ театрын тайзан дээр тоглож байхыг харсан. Тэр цагаас хойш жүжигчин болохоор  шийдсэн. Тэгээд гэрийнхэндээ кинонд юм уу театрт тоглож үзмээр байна гэхэд аав ээж хоёр минь ядаж ахлах ангид ортлоо хүлээж бай гэж хэлсэн. Би 13 настай байхдаа санамсаргүй нэг киноны олны хэсэгт тоглож үзсэн. Киноны найруулагч нь гудамжинд явж байсан хүүхдүүдийг оруулсан юм. 13 долоо хоног ажиллаад 50 долларын хөлс авсан.

-Тийм бага мөнгө үү. Чамд дутуу төлсөн байлгүй дээ...

-Сайн мэдэхгүй юм аа. Юутай ч маш их баярласанаа санаж байна. Мөнгөтэй болчихоод ээж рүү гээ утасдаад савхин өмд худалдаж авахаар шийдлээ гэж хэлсэн. Тэгэхэд ээж минь “Хонгор минь,чи ямар чухал шийдвэр гаргаа вэ” гэж тоглон хэлж билээ/инээв/ Тэр өмд одоо болтол миний хувцасны шүүгээнд байдаг . Дээрх явдлын дараа рекламанд тоглосон.

-Нэг үе жүжигчний мэргэжлээ орхих гэж байсан гэдэг...

-Үнэн. Жүжигчин болоод удаагүй байсан үе. “Гүнжийн өдрийн тэмдэглэл” кинонд тоглосныхоо дараа жүжигчний ур чадвараа ахиулж амжилт олов уу гэж өөрөө өөрөөсөө асуулаа.  Хариулт олдсонгүй. Тэгээд жүжигчин байхаа больдог ч юм бил үү гэж бодсон. Хэтэрхий залуу байсан болохоор кинонд тоглонгуутаа шууд л амжилтад хүрнэ гэж санасан байх. Харин аав минь кино урлаг бол хүссэн үедээ сонирхож ороод гараад явчихдаг дэлгүүр биш. Шийдвэрээ гарахын өмнө дахиад бодоод үз гэж хэлсэн.  Яг тэр үед Энг Ли намайг “Бөхтөр уул”кинонд тоглуулах санал гаргасан. Би за яахав тоглоё, тэгээд цаашид юу болохыг харая гэж бодсон. Дараа нь энэ киног Венецийн олон улсын наадмын үеэр үзүүллээ. Би өмнө нь киногоо бүхэлд нь үзээгүй байсан юм. Кино эхлэхийн өмнө би хүндэт үзэгчдэд зориулсан тусгай суудлаасаа босон, танхимаас гарч ариун цэврийн өрөө рүү гүйж ороод дотроос нь түгжчихсэн. Яагаад ч юм бэ, энэ кино намайг өөрчлөх юм шиг санагдаад байсан юмаа.  Бага зэрэг тайвшраад танхимд эргэж ортол миний тоглосон хэсэг дэлгэц дүүрэн гарч байлаа. Онцгой мэдрэмж төрсөн. Миний санаа амарч, бүх зүйл тодорхой боллоо. Жүжигчин хэвээрээ үлдвэл ертөнцийг өөрчилж чадах ийм кинонд тоглож болох юм гэж бодлоо.

-Кино урлаг дэлхий ертөнцийг сайн тийш нь өөрчлөхөд тусладаг гэдгийг ойлгосон хэрэг үү.

-Магадгүй. Үүнээс илүү намайг өөрөө өөрийгөө өөрчлөх  зам бол жүжигчин хэвээрээ үлдэх явдал юм гэдгийг ойлгуулсан. Уг нь би сайхан гэр бүлд төрж өссөн азтай хүн. Манай аав ээж хоёр 30 жил гаруй хамт амьдарч ах дүү бид гурвыг өсгөн хүмүүжүүлсэн. Хүүхдүүдийнхээ сонголтыг хүлээн зөвшөөрч, сонголтондоо тууштай байхыг зааж сургасан хүмүүс. Кино урлагт анх хөл тавьж байхдаа ганцаардаж байгаа юм шиг санагддаг байлаа. Одоо бол өөр. Дотоод дуу хоолойгоо сонсох юм уу шинэ дүрд бэлтгэж байхдаа хааяа ганцаараа байх шаардлага гардаг.

-Баярлалаа Энн. Манай шоуны зочид Роберт Де Нирогоос бусад нь бүгд ирчихэж. Чи тэрнийг айлгачихаагүй биз...

-Чи одоо болтол тэр яриаг мартаагүй байгаа юм уу. Яагаав намайг Роберт Де Ниро гоонь эрчүүдийн шоунд дуртай гэж хэлсэн гэсэн нэг тийм явган яриаг...

Чи зөв таалаа. Үнэхээр тэгж хэлсэн юм уу...

-Юу гэж дээ...Энэ чинь сэтгүүлчид миний ярьсныг буруу ойлгосноос үүдсэн зүйл...За харав уу, Роберт Де Ниро надаас айсангүй ороод ирлээ...

-Тийм байна, Энн би чамд бууж өгье /инээв/.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.