НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Хэлмэгдсэнийг нь бодохоор сэтгэл сэмэрдэг юм...

ner.mn     Нийтлэгч
3 сарын өмнө /2017-09-01 14:41:49 GMT +8 / | 556 удаа уншсан

Б.Долгион Урлагийн гавьяат зүтгэлтэн

Манай гэр бүл намайг бага байхад Москвад амьдардаг байв. Би 7 настай хүүхэд байсан тул аливаа юмны нарийн учрыг нь мэддэггүй байв. Нэг зун л галт тэргэнд суугаад аав ээж дүү нартайгаа олон хоног явж явж Москва хотноо очсоныг санадаг юм. Тэр үед Москвад очно гэдэг бол өдгөө Нью-Йорк, Парис, Лондонд очсонтой адил ач холбогдолтой байсан юмуу даа. Би одоо хэрнээ тэр хэдэн жилийн хүүхэд насны аз жаргалтай дурсамжаараа дүүрэн амьдардаг. Тэгэхэд орос хэл сурсан, өртөнцийг үзэх үзэл маань бүрэлдэж эхэлсэн. Хөгжмийн сонирхол, мэдрэмжийн суурь тавигдсан гэхэд болно.
Миний аав Чадраавалын Балчинжав гэж маш олон талын авьяас билигтэй, гоё дуулдаг, шүлэг бичдэг, өвөрмөц сэтгэлгээтэй нэгэн байсан аж. Тийм ч учраас тэр үеийн удирдлагын анхаарлыг татаж хожим намтрыг нь хөөгөөд үзэхэд огцом өсөлттэй карьер буюу ажил албаны хувьд хурдацтай өсөж явсан нь харагддаг. Гэхдээ би энд хүүхэд насныхаа аз жаргал, аавынхаа амьдралын тухай дэлгэрэнгүй ярих гээгүй өөр нэгэн эмзэг сэдвийг хөндөе гэж бодсон юм.
Бага балчир байхад манай гэрт хүн их цуглардаг байсан санагддаг. С.Эрдэнэ, Ц.Гайтав, Д.Найманжин, Т.Содномдаржаа, Зэнээмэдэр, М.Чойжил, Ж.Бадраа, Л.Хуушаан, Г.Хайдав, Долгор эмч, Ж.Шагдар, Ж.Аминдаваа гэх мэтчилэн тухайн үедээ ид залуу насандаа шуугиулж явсан, хожим монголчууд бидний бахархал болсон том сэхээтнүүд байлаа. Тэр үед хотынхон орон сууцны 2-3 өрөөнд амьдардаг. Цуглахдаа голдуу том өрөөнд сууцгаана. Хүүхдүүд биднийг нөгөө өрөөнд хашиж тоглуулна. Томчууд ярьж хөөрөлдөнө, “зуу" татна, бүжиг, дуу, хуур болно. Би их сониучхан хүүхэд байсан. Тэдний яриаг сонсоно. Сайн ойлгохгүй л дээ. Гэхдээ Чингис гэж том жанжин байсан, тулаанд гарамгай дайтдаг байсан гэх зэргээр бага балчир хүүхдийн тархиараа тусгаж авна. Мөн томчуудын дуулдаг дуу, бүжиг одоо ч нүдэнд харагдаж, чихэнд сонсогддог.
Эргээд Москва дахь амьдрал руугаа очъё. Аав маань Зөвлөлтийн радиогоор “Москвагаас ярьж байна” нэвтрүүлгийн монгол хэлний хувилбарын ерөнхий редактораар томилогдон очсон байсан нь энэ юм билээ. Манайх Таганкийн метроны дэргэд “Народная" гэдэг гудамжинд Сталины байшингууд гэж байдагдаа нэгэн том байрны 3 өрөө сууцанд амьдардаг байв. Аав өглөө радио руу, би дүү нартайгаа ээжийгээ дагаад Монголын элчин сайдын яамны ойролцоох сургууль цэцэрлэгтээ явдаг. Ээж маань элчин сайдын яаманд ажилладаг байсан тул хичээлээ тараад ээж дээрээ очиж өдрийн талыг яамны байранд өнгөрөөдөг байв. Хагас бүтэн сайныг амьдардаг байрандаа орос хүүхдүүдтэй тоглож өнжинө.
Нэг удаа дүү Оргил бид хоёр бургасаар сэлэм маягийн юм хийчэхээд нэг орос хүүхэдтэй “байлдаж” тоглож байгаад хамрыг нь гэмтээчдэг юм. Бөөн юм болсон санагддаг. "Муусайн татар монголын гөлөгнүүд хүүхдийг маань гэмтээлээ” гээд л орос авгай орилоод аав маань гарч ирж баахан уучлалт гуйж байж асуудлыг намжааж билээ. Гэхдээ тэр үед оросууд гадныханд арай өөрөөр ханддаг байсан. Одоо цагийг бодвол илүү хүндэтгэлтэй. Хожим хойно энэ явдал өөр утга учраар яригдана гэдгийг аав маань ердөө ч бодоогүй байсан тухайгаа сүүлд надад тайлбарласан ажээ.
Манай Москвагийн байрны том өрөөний хананд чамин жаазанд хийчихсэн Чингисийн хөрөг өлгөөстэй байдаг байлаа. Нэг их гоё алталсан, ил захидлаас арай том хэмжээтэй байсан санагдана. Нэг орой унтаж байсан чинь манай хаалгыг чанга тогшсоор хоёр монгол хүн орж ирдэг юм. Оргил, Энхриймаа бид гурав сэрээд том өрөөндөө гүйгээд ортол аав маань “хүүхдүүд ээ унтацгаа, унтацгаа" гээд нөгөө хоёр хүнтэй гал тогооны өрөөнд хаалгыг нь хааж байгаад нилээд ярьдаг юм. Үе үе аавын дуу чангараад л нэг тийм хэрүүл маягийн ч юм шиг сонсогдсон. Ээж маань биднийгээ бүүвэйлж бид ч хүүхэд байсан юм чинь унтаад өгсөн.
Өглөө нь босоод хамгийн түрүүнд нүдэнд туссан юм юу гэвэл өнөөх Чингисийн зураг ханан дээрээс алга болсон байв. Ааваас асуутал тодорхой юм хэлэлгүй бөөрөнхийлөөд өнгөрсөн. Би ч тэгээд мартсан. Хэд хоногоос аав ээж маань учир зүггүй юм хумаа баглаад уналаа. Асуутал Монгол руугаа буцнаа гэдэг байна шүү. Нарийн учир мэдэхгүй хүүхдүүд бид хөөрцөглөөд л.
Тэгээд л удалгүй Монголын зүг хөдөлсөн дөө. Хожим хойно миний ээжийн ах гадаад тагнуулын дарга агсан Б.Вандан гэж НАХЯ-ны хурандаа байсан. Бас л ‘‘асуудалд" орчихсон, нэг хэсэг ажилгүй байдаг байсныг санадаг юм. Сүүлд сонсохнээ "Хятад болохоо байхнээ. Нэг л биш" гэх маягийн мэдээллийг Цэдэнбалд өгснөөр ажлаасаа хусуулсан аж. Монгол, Хятадын найрамдлыг үгүйсгэлээ гэсэн нэрийдлээр нагац ахыг ийнхүү чөлөөлжээ. Тэр нь Хятадад соёлын хувьсгал дуншиж байсныг тагнуулч ах маань арай л эрт харж л дээ. Сүүлд нь тэгээд зөв байсан нь нотлогдсон л доо.
Нагац ах дүүгийнх нь хүүхэд байсан тул намайг нэг ёсондоо цэргийн дарга болгочих буюу өөрийнхөө замналаар явуулах санаатай байснаа нуудаггүй байв. Ээжийн маань бас нэг ах нь Аюуш гэж цэргийн дарга, 1930-аад оны сүүлээр Жанжин штабт өндөр алба хашиж байсан нэгэн "Эмка" машинтайгаа хуучин Ленин клубын тэнд осолд орж нас барсан түүхтэй. Вандан ахын яриагаар их сэжигтэй явдал болсон гэдэг. Эд нарын уламжлалаар намайг цэргийн хүн болгох гэж оролдоод бүтээгүй юм даа. Би бол аавынхаа генээр нийгмийн ухааны чиглэлийн сэтгүүлч, урлагийн хүн болсон аж.
Яагаад би энэ тухай яриад байна гэхээр аав маань Вандан ахад, бүр цаашилбал энэ системийн хүмүүст, Дотоод яамныхан гэхээр тааламжгүй ханддаг байсныг би том болоод ухаан суугаад анзаарах болсон. Тэгээд яагаад ингэдэг юм бол гэж их боддог байлаа. Адиа маань (Вандан ахыг бид ингэж авгайлдаг) гэнэт ажилгүй болсныг би бас аав ээжийн учир битүүлэг ярианаас санаандгүй мэдсэн л дээ. Тэгээд нэг удаа Адиа-г нилээд халамцуу байхад нь баахан юм асууж манай гэр бүлийн нууцын түлхүүрийг олсон юм. Адиа маань намайг дэргэдээ суулгаж байгаад ярьж гарав аа. Би тэгэхэд 14 настай хүүхэд байв. Аав яагаад Дотоод яамныхан гэхээр дургүй байдаг юм бэ гэж асуухад “Аргагүй ш дээ аав чинь улс төрийн хэлмэгдэлд өртсөн байхгүй юу” гээд яриагаа эхэлсэн аж.
1950-аад оны сүүлээр Улс төрийн товчоо нэгэн сонин явуулга өрнүүлсэн байдаг юм. Одоо бодоход маш увайгүй үйл ажиллагаа. Сэхээтнүүд улс орныхоо хөгжлийн талаар юу бодож санаж явдгийг нь сонсоё хэмээн дарга нар албан газруудаар хуваарилагдан явж л дээ. Аав тэгэхэд МХЗЭ-ийн Төв хорооны лекторын товчоонд ажилладаг байсан ба нэгдүгээр нарийн бичгийн даргаар нь Дангаасүрэн гуай ажиллаж байж. Одоо энэ Их хурлын гишүүн асан Энхбатын аав л даа. МХЗЭ-ийн Төв хороонд МАХН-ын ТХ-ны нарийн бичгийн дарга асан Д.Самдан хуваарилагдан очсон байдаг.
Дангаасүрэн гуай маш ухаантай, боловсролтой хүн байсан тул улс эх орныхоо хөгжлийн төлөө тод утга санаа бүхий айхтар шүүмжлэлтэй үгээ хэлсний дараа үсгийн дарааллаар Балчинжав үг хэлэх болж. Аав маань товчхон ярьсан байдаг. Гол санаа нь Монгол Улс маань дан ганц ЗХУ-тай бус өөр улс оронтой худалдаа эдийн засгийн харилцааг тогтоож хөгжүүлж болдоггүй юм уу л гэсэн санаа бүхий үг хэлж л дээ. Ингэснээр хар дансанд бүртгэгдэж “Сэхээтний төөрөгдөл" хэмээх хэрэгт холбогдсон түүхтэй аж. Муухай байгаа юм шүү. Та нар бодож санаж буйгаа чөлөөтэй хэл гэчихээд эргүүлээд шийтгэж байдаг. Ёстой жудаггүй юм болсон. Аав маань ийнхүү сэтгэл санааны хувьд эхний цохилтоо авсан аж.
Тэр үед Дарамын Төмөр-Очир гэж том улс төрийн зүтгэлтэн байсан. Сүүлд Дарханд цөллөгөнд байхдаа аймшигтайгаар алуулсан түүх буй. Маш сэжигтэй хэрэг. Аав маань нэгэн үе Төмөр-Очир гуайн багт ажилласан. Тодруулбал түүний толгойлж байсан Намын түүхийн институтэд эрдэм шинжилгээний ажилтан байв. Төмөр-Очир гуай хэр баргийн хүнийг тоож ажилд авдаггүй, маш өндөр болзол тавьдаг байсан хэмээн аавын маань унаган багын найз Магсарын Чойжил надад хожим ярьсан юм.
Москвад болсон тэр явдал руу эргээд ороход "Төмөр-Очирын хэрэг” гэгчтэй холбоотой юм билээ. Чингисийн 800 жилийн ойг тэмдэглэснээр энэ хэрэг мандсан. Төмөр-Очир гуайн санаачилгаар, шууд удирдлагынх нь дор аугаа их хааныгаа ил тод сурталчилж, монголчуудын сэтгэлийн гүнд дүрэлзэж байсан үндэсний үзэл санааг сэргээж өгсөн ач холбогдолтой. Москвад энэ нь ер таалагдаагүй, тэндээс "лантуу” бууж Цэдэнбалд ч гол өрсөлдөгчөө буулган авах сайхан шалтгаан гарсан бололтой. Ийнхүү аав маань Төмөр-Очирын удирдлагад ажиллаж байсны хувьд "хамсаатан” нь болж тэр шөнө манай гэрт хоёр этгээд ирж маргааш өглөө нь Чингисийн зураг ханан дээрээс алга болж бид яаран сандран Москвагаас буцсаны учир нь ийнхүү хожим тайлагдсан ажээ. Тэр ч бүү хэл аавын талаархи мэдээлэлд нь хүүхдүүд нь ч гэсэн буруу хүмүүжилтэй Чингис хаан сэлмээрээ ингэж цавчдаг байсан хэмээн орос хүүхдийн толгойг хага цохисон гэж хүртэл бичсэн байдаг нь одоо цагт туйлын гэнэн, тэнэг ч юм шиг, тэр хэрээрээ гунигтай мэт санагдана.
Монголд ирснээс хойш манай гэрээр бужигнадаг байсан аавын найз нөхдүүд эрс цөөрч зарим хүмүүс огт үзэгдэхээ больж, ээжээс дуулахнээ "нүүрээ буруулсан" бололтой юм билээ. Гэхдээ аав маань ганцаардаагүй, үнэнч найз нар нь насан туршид нь хамт байсан. Зэнэмэдэр буюу Соёолон ах, Жамцын Бадраа, хуучнаасаа Магсарын Чойжил, Л.Хуушаан, Ц.Хасбаатар. Энэ жинхэнэ нөхрийн чанар жудаг бус уу...
Хөдөө цөллөгдөх гэж байхад нь одоо энэ Лу.Болдын аав С.Лувсанвандан гуай тусалж хотод үлдээж байсан удаатай гэж нас барахынхаа өмнөхөн зургийн альбом үзэж суухдаа аав надад аминчлан ярьж билээ. Москвагаас ирснээс хойш аав маань Геологийн яаманд тасгийн даргаар ажиллаж байснаа, гэнэт Пионерийн ордны орлогч захирал болоод л, Зөвлөлтийн Шинжлэх ухаан соёлын ордны захирлын туслах байснаа, “ЗХУ” сэтгүүлийн монгол редакцийн хариуцлагатай нарийн бичгийн даргаар томилогдоод л... Тэндээс тэтгэвэртээ суусан даа. Хурандаа нагац ахын маань тайлбарласнаар энэ хэрэгт холбогдсон хүмүүсийг яам тусгай газрын хэлтсийн даргаас дээш албан тушаалд томилж болохгүй гэсэн нууц тогтоол байсан юм билээ. Энэ асуудал үр хүүхдүүдэд нь бас хамаарагдав. Би бээр Москва дахь ОУ-ын харилцааны дээд сургуульд суралцах хүсэлтэй өргөдөл өгсөн авч хасагдаж МУИС-ийн хуулийн ангид шалгалт өгөх болж сайн өгсөн авч бас тэнцэхгүйд хүрч улмаар эцсийн дүнд хурандаа нагацынхаа ятгалгаар Цэргийн ерөнхий дээд сургуульд улс төрийн ангид элсэж хоёр жил болоод хасагдсан даа. Адиа маань ч хорвоогоос хальж цэргийн дарга болох маань худлаа болсон юм. Өөрийнхөө муугаас болчихоод одоо янз бүрийн тайлбар тоочоод гэх болов уу. Тэгсэн ч гээд би нээх ч муу явсангүй дээ. Мөнчигрөөрөө өдий зэрэгт хүрч өнөөдөр хүний дор орсонгүй, хүний дээр гарсангуй, аав ээжийнхээ нэр хүндийг ямар ч байсан хөсөрдүүлсэнгүй хорвоогийн тоосыг хөдөлгөж явна даа. Миний дүү нар ч мөн ялгаагүй, зөв амьдардаг.
Нагацынхаа ярьж өгсний дараахан би сэтгэлээ барьж чадахгүй ааваас энэ тухай асуудаг юм. Шилжилтийн насандаа явсан хүү би маш том цохилт авсан байв. "Энэ бол үнэн, гэхдээ аав нь та бүхэндээ энэ тухай ярихыг ерөөсөө хүсдэггүй. Энэ бол миний л зовлон жаргал. Энэ сэдэв манай гэрт хаалттай байх ёстой, дүү нартаа битгий яриарай” гэснээр дахиж хөндөөгүй. Нэг ёсны манай гэр бүлийн хувьд “табу” буюу хориотой зүйл байв. Үнэнээ хэлэхэд миний хувьд аавынхаа төлөө сэтгэл шаналж, хямарч тухайн цагийн нам засгийг үзэн ядаж явсныг нуух юун. Аав маань гаднаа зүгээр юм шиг байх авч хичнээн их сэтгэл санаагаар унаж явсныг бодохоос зэвүүцэл төрдөг байсан.
1990 онд нэг өдөр “Хөдөлмөр" сонины эрхлэгч Жамбалдорж агсан над руу утасддаг юм. Өнөөдрийн манай сонины дугаарыг үзээрэй. Цагаатгагсдын нэрс гарсан, аавын чинь нэр үсгийн дарааллаар нилээд дээгүүр байгаа гэж дуулгадаг юм. Би нөгөө сониноо бариад аав дээрээ очиж баяр хүргэж, аав маань мөн л "миний хүү яахав ээ битгий их ач холбогдол өг, цаг тухайн байдал ийм л байсан юм, одоо бүх юм дажгүй” гээд л өнгөрч билээ.
Очирбат, Түдэвийн сонгуулийн дүн гардаг өдөр аав дээрээ очиж "Таныг хэлмэгдүүлсэн нам чинь ялагдлаа шүү дээ” гэсэн чинь нээх уурлаж билээ. “Нам даа биш ээ тэр үеийн намын тодорхой удирдлагад л асуудал байсан юм шүү. Чи намыг ингэж хэлэх хэн юм, юу юм” гэж айхгар загнаж гарав. “Би тоглосон юм ааваа" гээд тайвшруулж билээ. Би үнэхээр тэгэхэд явуулж байхгүй юу даа муу аавыгаа. Хожим нас барснаас нь хойно Улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны дарга Дашнамжил гуай гэдэг хөгшин над руу холбоо барьж "Сэхээтний төөрөгдөл”-ийн тухай бид үнэн мөнөөр нь бичиж ном гаргалаа. Аавын чинь тухай байгаа. Тэр хүмүүсийг болон ар гэрийнхнийг нь цуглуулж уулзалт зохион байгуулах гэж буй тул хүрэлцэн ирнэ үү” гэв. Би ч очиж хөөрхий хөгшин буурлуудын өмнө үг хэлж билээ. Бас ч үгүй жаахан хандив өргөсөн. Аав маань бурханы орноос хараад баярлах болов уу гэж бодоод тэр.
“Балчиан чи байрны асуудал байвал хөөцөлдөж авч болно шүү дээ" гэсэн чинь "Би ямар байр авах гэж энэ асуудалд орсон юм уу” гээд хаалга саваад гараад одсон хүн шүү дээ аав чинь" гэж Дашнамжил гуай надад ярьсан юм. “Чи байр хөөцөлдөхгүй юм уу” гэхэд нь “Яалаа” гэж дээ аав маань тэгсэн юм бол би юу гэж тэрнийг нь зөрчихөв дээ” гээд л өнгөрсөн. Миний аав гэж ийм л ёс жудагтай хүн байсан. Би энд зөвхөн нэг талыг нь дэлгэлээ. Шүлэг бичдэг, гоё дуулдаг, хэвлэн нийтлэх эрх чөлөөг нь хязгаарлаагүй бол нэг бус шүлгийн түүвэр гаргах байсан. Ер нь эгэл даруу, шудрага, олон талын авьяастай, гайхамшигтай хүн байсан. Амьсгалаа хураатал эх орныхоо төлөө зүтгэсэн. Хөөрхийдөө хүний урманд нэг ч медаль авч үзээгүй хорвоогоос хальсанд хүү би гомдолтой байдаг. Энэ бол увайгүй, жудаггүй муухай хэлмэгдүүлэл байсан. Би ч гэсэн тийм л байхыг хичээдэг. Энэ тухай чи сүүлийн үед яриад байх боллоо гэж миний ойрын нэг хүн шүүмжлэх аястай надад хэллээ. Тэр хүний хувьд бас зөв ч юм шиг. Аавын ясыг өндөлзүүлээд яах вэ гэсэндээ л тэр. Би одоо бол нээх ярихгүй гэж боддог. Хүн дотроо бодож санаж явснаа ярьж, сэтгэлээ онгойлгох гэж байдаг даа. Ийм юм дахин бүү давтагдаасай билээ... Өдгөө энэ намчирхаж талцаж, бие биенийгээ үзэн ядаж өшөө авч буй үйл явц бол улс төрийн хэлмэгдэл үргэлжилсээр л байгаагийн илрэл гэж би хувьдаа үздэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.