НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

ВАЖРА буюу БУРХДЫН ЗЭВСЭГ

Б.Сүхбаатар     Нийтлэгч
1 сарын өмнө /2017-09-01 14:50:04 GMT +8 / | 673 удаа уншсан

 

Сүүлийн үед палеоконтактын онол нь өөрийнхөө талаар улам чангаар залан тунхаглах болж, нэгэн цагт манай гариг дээр өндөр технологиуд хэдийнэ оршин тогтнож байсны шинэ шинэ нотолгооууд олдсоор байна. Эртний хана туурган дээрх усан будгийн болон хадан дээрх зургууд дээр дүрслэгдсэн зураг дүрсүүд нь үнэн хэрэг дээрээ сансрын хөлгүүд болон нисэх онгоцнууд юм байна гэсэн дүгнэлтэнд эрдэмтэд хүрч байгаа ажээ... Өнгөрсөн үеийн ийм нууцлаг зүйлүүдийн нэг нь важра гэх хачирхалтай зүйлүүд бөгөөд эдгээр нь мянга мянган жилийн дотор устаж алга болсон палеоконтактын нотолгоонуудаас ялгаатай нь анхны хэлбэр төрхөөрөө манай өнөөдрийг хүрч ирсэн байна.

Астравидья бол бурханлаг шинжлэх ухаан

Сонирхолтой нь бүр өнгөрсөн зуунд гэхэд л тэртээх эрт дээр үеийн супер хүчирхэг зэвсгүүдийн сэдвийг судлаачид идэвхтэй нийтэлж, түүний дотор ЗХУ-д ч нийтэлж байв. Түүгээр ч зогсохгүй, тэр үед нэрлэж байснаар нь палеовизитийн судалгааны түүх Оросод, тэгэхдээ бүр XX зууны эхэнд эхэлсэн гэдэг ба гэхдээ энэ нь бие даасан нийтлэлийн сэдэв юм.
Харин 1978 онд "Молодая гвардия" хэвлэлийн газраас хэвлүүлсэн "Зуунуудын нууц" эмхэтгэлд инженер Владимир Рубцовын "Аставидья - домог уу, эсвэл бодит зүйл үү?" өгүүлэл нийтлэгджээ (астравидья гэдэг нь эртний энэтхэгийн "Махабхарата" туульсад бурхдын элдэв зэвсгийг эзэмших ухаан юм).
Уг өгүүлэлдээ зохиогч "Археологийн зарим олдворууд нь манай алс холын өвөг дээдэс зөвхөн илд сэлэм, нум сумаар байлдаад байгаагүй юм байна гэсэн санаа дэвшүүлэх боломж олгож байна. Яагаад Хеттсийн төр улсын нийслэл хот Хаттусасын нуранги, балгас нь гал түймрийн үед байдгаас илүү ихээр хайлсан байна вэ?
Ирландын Дундалк болон Экосс цайзын боржин хатван дээгүүр ямар нэгэн хачирхалтай хайлалтын ул мөр яагаад илэрхий байна?" гэх мэтийн асуултуудыг тавьсан байна. 
Цааш нь Владимир Рубцов "Иймэрхүү хайлалтын шалтгаан нь өнөөг хүртэл оньсого хэвээр байгаа бөгөөд үүний хамт "цахилгааны" тайлбар (асар том аянга цахилгаан) нь итгэл төрүүлэхгүй байгаа юм. Дэлхийн аман зохиолд агуулагдаж байдаг "ер бусын", "тэнгэрийн", "хэт хүчирхэг" зэвсгүүдийн тухай олон тоотой дурдсан байдаг явдалд анхаарлаа хандуулах нь зүйтэй байж ч болох юм даа? Ер нь бол ийм маягийн хамгийн сонирхолтой, бас системчлэгдсэн мэдээлэл эртний энэтхэгийн утга зохиолд агуулагдаж байдаг билээ. 
Жишээ нь, брахмаширас зэвсгийг хэрэглэж буй тухай "Махабхарата"-д хэрхэн дүрсэлснийг үзье;
...Тэгэхэд Рама аймшигтай, үхэл тээгч
Асар хүчтэй сумыг тавихад...
Эгшин зуур Рамагийн тавьсан асар хол нисэх сум...
Тэрхүү хүчирхэг ракшасыг асар их дөлөөр бүрхэв.
Хөллөсөн морь, сүйх тэрэгнийхээ хамт
Тэрхүү галд бүрэн автав...
Тэгээд таван үндсэн бодисод болон тарж бутрав...
Түүний яс, мах, цус нь хэдийнээ тогтохоо больж,
Тэдний зэвсэг нь шатав... Тиймээс бүр үнс ч үгүй болжээ.
Энд үр "атомын" тайлбар ч шаардлагагүй. Наполмын үйлдэл, нөлөөг мэдэх хүмүүсийн хувьд ийм дүрслэл нь яагаад ч уран сэтгэлт гэж санагдахгүй. Гэхдээ, эртний Энэтхэгт наполм байна гэж үү?" хэмээх дээрх санааг дээрх санааг дэвшүүлж байгаа юм.
Цааш нь зохиогч "Махабхарата"-д дурдагдаж буй элдэв төрлийн зэвсгүүдийн талаар дэлгэрэнгүй задлан үзэж буйн дотор радио идэвхтэй гэдэг нь илэрхий байгаа брахмаданду, брахмаширас зэрэг супер хүчирхэг зэвсгүүдийг авч үздэг ба тэд нь хэд хэдэн үе удмынх нь туршид эмэгтэйчүүдийн хэвлий дэх үр хөврөлүүдийг алж устган, хүмүүсийг гэмтээдэг байна. Гэхдээ бид энд Владими Рубцовын урдах төдийн өнгөрсөн важра хэмээх зөвхөн нэг зэвсгийнх нь тухай л авч үзье.

Аянгын ниргэлт

Важра нь санскритээр "аянга ниргэх", "алмааз" (очир эрдэнэ) гэх мэт хэд хэдэн утга агуулгатай. Түвдэд түүнийг дорже, Японд - конгосё, Хятадад - зиньгаси, Монголд - очир гэдэг. Энэ бол индуизм, буддизм, болон жайнизмд мөргөл ёслолын маш чухал хэрэглэгдэхүүн болно. Важра нь христийн шашныхны загалмай, лалын шашныхны хавирган сар шиг л шүтээн бэлгэдэл нь юм. Өнөөг хүртэл важраг шашны элдэв ёслолд ашигладаг бөгөөд Будда түүнийг барьсан байгаагаар ихэвчлэн дүрслэгдэнэ. Буддын шашинд важраяна гэдэг чиглэл ч байдаг. (Энд Буддаг бүр Важрасатва ч гэж нэрлэнэ). Йогд важрасана хэмээн нэрлэгддэг биеийн байрлал байдаг ба энэ нь бие цогцсыг очир эрдэнэ (алмааз) шиг хатуу чийрэг болгох гэсэн утгатай.
Энэтхэгийн домог үлгэрүүдэд важра нь Индра бурхны мадаггүй алж чаддаг хүчирхэг зэвсэг юм. Үүний хамт тэрээр яг л очир эрдэнэ шиг ямар ч нөхцөлд бүрэн бүтэн үлддэг ба бүхнийг эвдэн сүйтгэсэн ч өөр дээр нь шалбархай ч үлддэггүй гэдэг. Индра бурхан нь Энэтхэгийн үлгэр домогт бүх бурхдын тэргүүн бөгөөд аянга, цахилгааны бурхан, "хорвоо ертөнцийн хаан" гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Тэрээр хэрэм, цайзыг нураан сүйтгэхээс гадна важрагийн тусламжтайгаар цаг агаарыг захирч бас голын гольдрилыг өөрчилж, хад асгыг дэлбэлэх чадвартай...

Боднатхийн уур

Важра нь янз бүрийн дүрслэлүүдэд зэс, алт, төмөр, хад асгаар хийсэн мэт бат нягт гэсэн тодотголуудтай байдаг. Тэр дөрөв, эсвэл зуун өнцөгтэй, мянган шүдтэй бөгөөд заримдаа зээрэнцэг хэлбэртэй байдаг хэдий ч ихэвчлэн солбисон багц цахилгааны хэлбэртэй буюу загалмай дүрстэй байдаг.
Важрагийн дүрс нь Энэтхэгийн хамгийн эртний дурсгалууд дээр байдаг. Гэхдээ хамгийн сонирхолтой нь иймэрхүү зүйлүүд бусад орнуудын соёлын дурсгалууд дээр бурхдын гол шинж тэмдэг болон дүрслэгдсэн байдаг.
Жишээ нь, эртний Грекийн ханын зургууд дээрх Зевс нь гартаа важраг барьсан байгаа илэрхий харагддаг. Харин бид, энэхүү аянга эзэмшигч маань цахилгааныг чадварлагаар шидэж чаддаг хүчирхэг зэвсгийг эзэмшдэг байснаас гадна бас цаг уурыг чадварлагаар удирдан залдаг байсныг мэддэг билээ. Тэгэхээр энэ нууцлаг зэвсгүүд нь манай гаригийн янз бүрийн хэсгүүдэд бүр эрт цагт ч байсан байж таарч байна.
Гэхдээ важра нь манай өнөөгийн цаг үед ч өргөнөөр хэрэглэгддэг. Энэ бол дорно зүгийн шашнуудын шүтээн болсон зүйл гэдгийг дээр нэгэнт хэлсэн болохоор үүнийг өнөөдөр ч гэсэн үйлдвэрлэдэг бөгөөд бүр эртнийх нь дүрс хэлбэр, дэг жаягаар нь бүтээдэг ажээ. Түүгээр ч зогсохгүй эрт дээр үеэс үлдэж хоцорсон хэд хэдэн важра байдаг. Жишээ нь Балбад манай эриний VI зуунд баригдсан Боднатхийн сүмийн цогцолбор бий. Цогцолборын төвд буддын уур гэгч зүйл байдаг. Дашрамд дурдахад энэ бол бас нэгэн нууцлаг шүтээний байгууламж бөгөөд сансрын хөлгийг ихээр санагдуулсан орой бүхий зөв хэлбэрийн хагас бөмбөрцөг болно. Үүний дэргэд асар том важра байх ба болон тооны мөргөлчдийн шүтээн, мөргөлийн обьект юм.
Түүнчлэн нутгийн лам нарын нотолж буйгаар бурхад уг важраг багаж хэрэгсэл болгон ашиглаж байсан бөгөөд чулууг зүсэж сүм дуган болон өөр бусад аварга байгууламжуудыг барихад зориулан блок бэлтгэдэг байсан гэнэ.

Нууц тарни

Паранормаль үзэгдлийн судлаачид важра нь Дорно дахины эртний шашны санваартнуудын нууцлан хадгалж байсан нууц тарнийн тусламжтайгаар "идэвхжүүлсний" дараа ажиллаж эхэлдэг хэмээн үздэг. Гэсэн ч одоогоор өнгөрсөн үеийн нууцлаг зэвсгийг хэн ч ажиллуулж чадаагүй л байна. Гэвч алдарт Никола Тесла бүр 1896 онд өөрийнхөө нууцлаг резонансный цахилгаан үүсгүүрээ (буюу Теслагийн дамараа) бүтээсэн бөгөөд тэр нь ямар ч тарнигүйгээр ажиллаж, хэдэн сая вольтын хүчдэлийг үүсгэж аянга цахилгааныг ёстой шидэж байжээ. Тийм болохоор важра нь маш өндөр хүчин чадалтай резонансны цахилгаан үүсгүүр байжээ гэсэн таамгийг дэвшүүлж болох юм.
Важранууд нь торсионы оронтой холбоотой гэсэн үзэл ч байдаг. Энэ нэр томьёог бүр 1922 онд Францын эрдэмтэн Эли Картан хэрэглээнд оруулсан бөгөөд энэ нь орон зайг эргэлдүүлснээр бий болдог таамгийн физик оронг нэрлэж байгаа юм. Хожим нь торсионы орон нь физикийн хамгийн маргаантай асуудлын нэг болжээ. Үүнийг албан ёсоор хүлээн зөвшөөрөхгүй байсны нэг шалтгаан нь торсионы онолыг баримтлагчид хүн болон түүний оюун санаа нь торсионы орныг цахилгаан орон болгож, түүнийг удирдаж чадна хэмээн нотолж байсантай олон талаар холбоотой юм.
Хэрэв важра нь техникийн хөгжлийнхөө төвшнөөр биднээс хол түрүүлсэн (тэд чинь одоогоор бид очиж чадаагүй байгаа алс холын гаригаас ирсэн шүү дээ) эртний бурхадын зэвсэг юм бол тэдгээр нууцлаг бурхад маань торсионы орныг удирдаж чаддаг байсан байж таарч байна (дорнын нууцлаг тарнийг санацгаая).
Дашрамд дурдахад эгэл бөөмсийн торсионы орны схем нь өөрийнхөө бүтцээр важраг гайхалтай санагдуулна, өөрсдөө хар л даа...
Хэн нэг нь хэзээ нэгэн цагт важраг идэвхжүүлж магадгүй л юм. Одоохондоо манай нийгэм үүнд бэлэн биш байна, хэрэв ийм аюултай догшин зэвсэг ёс суртахууны хувьд зохисгүй хүний гарт орвол юу болох бол гэдгийг төсөөлөхөд ч аймшигтай. Дээрх "Махабхартад" эртний бурхад;
Аржуна, Аржуна, гайхамшигт зэвсгээ бүү хэрэглээч!
Түүнийг чинь хэзээ ч зорилгогүй ашиглаж болохгүй шүү дээ.
Байгаа ч гэсэн зайлшгүй хэрэгтэй биш бол устгах хэрэггүй дээ...
Энэ зэвсгийг хэтрүүлэн хэрэглэвээс аймшигт гай зовлон тохиолдоно шүү!.. хэмээн сануулж байсан шүү дээ.
Хүн төрөлхтөн одоохондоо дайн мөргөлдөөнгүйгээр, энх тайвнаар амьдарч сураагүй байгаа болохоор "аймшигт гай зовлон" тарих чадалтай бурхадын зэвсгийг удирдах талаар ярих эрт байнаа.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.