НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Тэсрэх бөмбөгийг аюулгүй болгохын тулд Франкфуртаас 70 мянган хүнийг нүүлгэн шилжүүлнэ

ner.mn     Нийтлэгч
1 сарын өмнө /2017-09-01 14:53:26 GMT +8 / | 409 удаа уншсан

Дэлхийн II дайны үеийн дэлбэрээгүй тэсрэх бөмбөгийг аюулгүй болгох ажиллагаа явуулахын тулд Германы цагдаа нар энэ ням гарагт Франкфурт хотын 70 мянга орчим оршин суугчийг орон гэрээс нь нүүлгэн шилжүүлэх гэж байна.
Энэ нь уг дайнаас хойш Германд явуулах гэж буй тэсрэх бөмбөг аюулгүй болгох хамгийн томоохон ажиллагаануудын нэг болох нь ээ.
Британийн армийн хаяж байсан 1.4 тн жинтэй, хотыг бараг бүхэлд нь газрын хөрснөөс арчин хаях хүчин чадалтай энэ бөмбөгийг саяхан Гётегийн нэрэмжит Франкфуртын их сургуулиас холгүй орших газраас олж илрүүлсэн гэнэ.
Тус их сургууль, төв банк болон эмнэлгүүдийн ажилтнуудыг ч нүүлгэн шилжүүлэх аж.
Дайны үеийн дэлбэрээгүй тэсрэх бөмбөгүүд Германаас байнга олддог юм.
Ийм тэсрэх бөмбөгүүдийн хугацаа нь дуусч, тэсрэх бодисууд задран оршин суугчдад аюул учруулж болзошгүй гэж Германы эрх баригчид санаа зовниж байна.
Мөн энэ бямба гарагт Германы баруун нутгийн Кобленц хотоос тэсрэх бөмбөгийг аюулгүй болгохын тулд 20 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байна.
Өнгөрсөн тавдугаар сард дайны үеийн гурван тэсрэх бөмбөгийг аюулгүй болгохын тулд Ханновер хотоос 50 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлж байсан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.