НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Х.Лхагвасүрэн: Монгол эр хүн, морь хоёр унаж л байдаг, эргээд босдог

Б.Алтанхуяг     Нийтлэгч
3 сарын өмнө /2017-09-01 15:18:32 GMT +8 / | 2038 удаа уншсан

 

“Монгол Шилтгээн”-д гурав хоног үргэлжилсэн “Play time” амьд хөгжмийн наадмын тайзнаа гарсан сүүлчийн хамтлаг нь Монголын рок хөгжмийн ертөнцийн амьд домог болсон “Харанга” байв. Тэд өдгөө “харанга” дэлдэж, уран бүтээлээ туурвиж, олон мянган сонсогч фенүүдийнхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн хэвээр...Тэднийг тайзнаас буусны дараа “Ядаж ганц “селфи” хийчих юмсан” гэсэн охид, хөвгүүд хажуугаар зөрнө. Харин надад домог болтлоо хүндлэгдэж, хайрлагдсан энэ дуучинтай тайзны ард талд хоромхон зуур хөөрөлдөх боломж тохиосон юм. 

 Тайзан дээрээс л харж сайн дуучин, буруу зам руу орсон хэдий ч буцаад өндийж чадсан тэнгэрлэг нэгэн гэдгийг нь мэдэхээс бус өөрөө ямаршуухан ертөнцтэй, зан ааштай хүн бол гэдгийг нь огтхон ч мэдэхгүй би бээр дектафоноос өөр барьсан зүйлгүй өмнө нь зогсч байлаа. 
Энэ хүний намтар цадиг тийм ч гэгээлэг дурсамжуудаар дүүрэн бус гэдгийг нь мэдэх хийгээд ярих зүйл өчнөөн байсан боловч цээжин дотроо хадгалаад зэхчихсэн асуултаа өмнө нь очоод мартчих шахсан юм. Үнэндээ дөнгөж саяхан тайзан дээр дуулж асан “Шүүдэр цэцэг” дууных нь аялгуу чихэнд эгшиглэнэ. Сэтгэлд хүртэл дуулна, сэтгэлээсээ дуулна гэдэг нь л энэ байхдаа хэмээн сэтгэж амжлаа. 
Магадгүй Х.Лхагвасүрэн ах удаан гараагүй тайзан дээрээ дуулж, сэтгэл нь илт хөдөлсөн учраас гартаа цаас, харандаа ч үгүй, асуултуудаа цээжиндээ хадгалаад, үнэмлэхээ бариад гүйж очсон надад эргэлзэхгүйгээр уриалгахан зөвшөөрсөн байх. Ямартаа ч “цөөхөн хэдхэн асуулт байна” гэж хэлчихээд машин дотор нь нэлээдгүй удаан хуучилж суусан тэр мөчийн догдлол, сэтгэл доторх үгсийнх нь чимээг “Нээлттэй хаалга”-ны үнэнч уншигч та бүхэнд хүргэж байна. 


-“Ээжийгээ хайрладаг шигээ энэ урлагт би хайртай” гэж та хэлсэн. Ямар ч нөхцөлд та дуу хөгжмөө орхихгүй гэх хатуу зарчим баримталсан шиг санагддаг шүү?
-Дуу хуур байсан болохоор л би гэдэг хүн “Харанга”-аар овоглож, ард түмэн, гэр бүлтэйгээ эх орноо зүрхэндээ багтаагаад амьд явж байгаа шүү дээ. Гол зорилго минь ард түмэндээ олон сайхан үг, аялгуутай дуу хүртээх л байсан. Одоо ч хэвээрээ байна. Тиймээс үрээ хайрлах ээжийн хайр, ээжийгээ гэх үрийн хайртай зүйрлэсэн юм.
-Гэхдээ таныг амь амьдралаа болгож, зөвхөн дуулахын төлөө оршиж буй хүн шиг байдаггүй гэх юм билээ?
-Мэдээж хүн ар гэр, ахуй амьдралаа нэн түрүүнд тавина. Харин би бол хоёуланг нь нэн түрүүнд тавьдаг. Гэхдээ хооронд нь хольж хутгадаггүй юм. Уран бүтээлийнхээ ажлыг тусад нь хийж, шүлгээ бичиж, дуугаа дуулж, хөдөлмөрлөх цагтаа хөдөлмөрлөдөг. Үүнийг ер нь нэгдмэл ойлголт болгож болохгүй. Урлагийн төлөө зүрх сэтгэлээ зориулж болох ч, бүхий л үйлдлээ “урлаг” хэмээх зүйлээр хориулж болохгүй. Би үүнийг сайн мэддэг хүн. Гэтэл энэ бодлоосоо урвах маш том шалтгаан байна. Учир нь би дуулахын тулд төрсөн. Ард түмэн минь намайг дуучин л гэж хардаг, хайрладаг. Би тэдний хайрыг мэдрээд байдаг юм. Тиймээс хувийн амьдралаа золиослоод ч болов дуулах хэрэгтэй. Учир нь би ард түмэндээ өртэй юм.
-Багаасаа л дуулах дуртай байсан уу. Ер нь яагаад заавал рок гэж...
-Бусдын л жишгээр бага насаа өнгөрөөсөн дөө. Илүү ч, дутуу ч, онц гойд ч юм байгаагүй. Түлээгээ хөрөөдөж, ус зөөж, худагт дугаарлаж зогсдог, хашаа давж гүйдэг хүүхэд байсан. Гэхдээ надад өдрийн тэн хагасыг нь тоглож өнгөрөөдөг цаг зав байгаагүй. Ээж, хоёр дүүтэйгээ амьдардаг байсан болохоор л өрхийн тэргүүний үүрэг гүйцэтгэх шаардлага гарсан. Харин ном их уншдаг байсан даа. Тиймдээ тухайн үеийнхээ хүүхдүүдээс илүү том хүний үзэл бодол балчир оюунд минь төлөвшчихсөн байсан. Гуравдугаар ангид байхдаа үлээвэр хөгжимтэй дуулж, тавдугаар ангиасаа бөмбөр тоглосон. Тэгээд үеийнхээ томчуудтай нийлж шинэ жилийн үдэшлэг, арга хэмжээн дээр дуулж явлаа. Ингэж явсаар "Харанга"-ынханд тоогдож, энэ хамтлагт орсон. Би тэр үед 16 настай байсан. Харин рокын хувьд бол анхнаасаа миний ертөнц бүхэлдээ “рок” байсан. Рок хөгжим сонсдог, бүр ойлгож, гүнд нь хүрч сонсдог залуус багаасаа хүнд хэцүү амьдралыг туулсан, түүнийгээ сөрөөд босч чадсан байдаг. Би ч багадаа өрхийн тэргүүний үүрэг гүйцэтгэдэг байсан гэж ярьсан шүү дээ, үүнтэй адилхан. Хүнд хэцүү зүйлүүд миний амьдрал нэлээд тохиолдож байсныг уншигчид мэдэж байгаа байлгүй. Тийм сайхан “цагаан” намтартай хүн биш шүү дээ. Гэхдээ би боссон, ард түмэндээ хайрлагдаж чадсан. 
-Таныг 16 настай байх үесд бүгд “Битлз” гээд хошуурдаг байсан. Гэтэл та тэр домог болсон хамтлагийг огтхон ч сонирхож, шимтэн сонсч байгаагүй гэх юм. Яагаад тэр вэ?
-Тэд бол хайрын тухай л дуулдаг. Хайр мэдээж олон янз ч гэлээ тэд нэг л төрлийнхийг нь буюу эр, эмийн хайр сэтгэлийн тухай дуулдаг. Тэгээд л би сонсдоггүй байсан юм. Хүмүүст чих мялаах хоосон, нялуун аялгуу хэрэггүй. Гэхдээ Битлзыг хэлсэн биш шүү, нийтэд нь ярьж байна. Сонсогчид үнэнийг мэдэх хэрэгтэй. Харин рок үнэнийг дэлгэн үзүүлж чаддаг. 
-Хайр сэтгэлийн тухай сэдвээс хол байхийг хичээдэг хэрэг үү. Эсвэл энэ тал дээр гашуун дурдатгал байдаг уу?

-Энэ сэдвээс хэн ч холдож чадахгүй. Тэр тусмаа урлагийн хүмүүс бол бүр үгүй. Хамгийн гол нь эх орон, ээж аав, амьдралын тухай өргөн хүрээнд дуулдаг хамтлагууд надад таалагддаг. Жишээ нь манай “Соёл эрдэнэ” байна. Тиймээс бид ч бас хамтлагаараа өргөн хүрээтэйгээр дуулахыг хичээдэг. “Битлз” домог, бид ч бас эх орондоо домог. Үүнийг би өөртөө итгэлтэй хэлж чадна. 
-Монголчууд ер нь таны жинхэнэ сонсогч байж чаддаг уу. Сонсогчид таны тухай элдэв цуурхал ярьж, эсвэл сайн дуучин гэдгээс өөр зүйл бараг мэддэггүй бололтой байдаг шүү?
-Намайг дуучин гэдгийг л мэдэж байвал болоо. Ярих тал дээр бол ам нь чилэхгүй байвал бурж л байг, надад хамаатай зүйл биш. Учир нь тэд ярьдаг ч гэлээ “Харанга”-ын дуунуудыг сонсдог нь үнэн. Би хэн нэгэнд таалагдаж, тэдэнд нийцүүлж амьдрахыг үнэхээр хүсдэггүй. Тэгэх юм бол хүн байхын утга учир гэж үгүй болно. 
-Хүн байхын утга учир нь юунд оршдог гэж боддог вэ?
-Би буруу замаар алхаж ч явсан удаатай. Гэхдээ зөв замаа олсон. Миний амьдрал надад жаргал өгдөг. Би өөрийнхөөрөө, эрх чөлөөтэйгөөр уран бүтээлээ туурвиж, дуугаа дуулж байна. Бусдад таалагдах гэж, хүмүүст үлгэр дууриалал болохсон гэх хүсэлгүйгээр яг өөрөөрөө байгаа минь л энэ амьдралыг утга учиртай болгодог. Бүхий л сэтгэл зүрхээ дуулж байгаа дуундаа өгч, үнэнч шударгаар хүмүүсийг баярлуулна гэдэг миний хүн болж төрсний утга учир. Өөр юу ч байхгүй. 
-Дуулахын тулд өөрийн бие сэтгэл, амьдралаа зориулна гэдэг хувь хүний талаас авч үзэхэд хэтэрхий хайран биш үү. Танд хүүхдүүд чинь байгаа, ядаж амьдралынхаа талыг тэдэндээ зориулахыг хичээдэггүй гэж үү?
-Мэдээж хичээлгүй яахав. Огтхон ч ярилцдаггүй, тоодоггүй эцэг хүн би биш л дээ. Хамгийн гол нь тэд өөрсдөө амьдралд хөлөө олж, алхах замаа сонгох хэрэгтэй. Харин би зөвлөхөөсөө илүү юмны учрыг ойлгуулж, хамт л байвал болох нь тэр. Түүнээс бурхад шиг зааж зөвлөх эрх надад байхгүй. Тэгээд ч би аав шиг сайн аав байж чадаагүйгээ хүлээн зөвшөөрнө. Гэхдээ би хайрлаж явдаг, тэд ч үүнийг мэдэж байгаа. Хамгийн гол нь би ахуйдаа хүлэгдчихвэл дуулж чадахаа больчихно. Тоглолтын өмнө гэнэт хувийн асуудал гараад ирвэл би шал өөр хүн болчихдог. Дуулж чадахаа байчихдаг. Дууллаа ч гэсэн хоолой минь тэс өөр сонсогдоод, тайван байж чаддаггүй юм. Уг нь би тайзан дээр гараад, монголчууд уухайлан хашгирахыг сонсохоороо л жаргалтай болчихдог хүн. Гэтэл тэр мэдрэмжийг ерөөсөө хүртэж чадахаа больчихдог болохоор аль ч цаг мөчид уран бүтээлдээ л анхаарал хандуулдаг юм. 
-Сүүлийн үед “Харанга” мөнгө олохын тулд дуулдаг болчихоод  байна гэж шүүмжлэх хүмүүсийн хандлага ихэссэн. Та үүн дээр юу хэлэх вэ?
-Би мөнгө олохын тулд дуулдаггүй. Үнэн нь тэр. Урлагаар бизнес хийнэ, хоолойгоо зарна гэдэг чинь миний ухаан хүрэхээргүй том асуудал. Энд тэнд “халтуур” хийж дуулахын хувьд бол амьдралын шаардлага тийм байдаг. Тэглээ гээд хагартлаа баяжчихгүй, өөрийгөө тэжээгээд л явна. Би дуугаараа дамжуулж дотоод сэтгэлээ дэлгэж, зөвхөн аялгуугаар урсч хүмүүст хүрдэг тэр нандин хайрыг мэдрүүлэхийг хичээдэг. Намайг дуулахаа больчихвол хүмүүс үгүйлнэ. “Энэ Лхагваа хааччихав аа, яагаад дуулахгүй байна” гэсэн асуулт тэдний толгойд эргэлдэнэ гэдгийг би мэдэж байна. Бусдыг баярлуулж дуулна гэдэг сайхан, түүнээс мөнгөгүй ядуу явах нь тийм гутамшигтай зүйл биш. Хүн хүнээрээ байж, өөрийн хийхийг хүсдэг зүйлээсээ урвахгүй байхад болно. Би дуучин хүн болохоор мөнгө өгсөн ч дуулна, өгөөгүй ч дуулна. Түүнээс мөнгө харж, хайж дуулдаг хүн биш. Учир нь миний хоолой тэнгэрээс өгсөн хишиг. Тиймээс ард түмний өмч гэсэн үг.
-Энэ жил “Play time”-ийн тайзан дээр олон жилийн дараа “Харанга” хамтлаг гарч ирсэн нь наадмын нэг онцлог байлаа шүү дээ. Сонсогчидтойгоо амьд хөгжмийн наадмын тайзан дээрээс уулзахад ямар мэдрэмж төрж байна вэ?
-Мэдээж сайхан байна. Олон жилийн өмнө урт савхиа өмсчихөөд “Play time”-ийг зорьж явснаа хааяахан санахад сайхан байдаг. Өмнө нь талбай дээр бас дуулсан. Гэхдээ энэ тайзны урд зогсч буй хүмүүс л миний жинхэнэ сонсогчид мэт санагддаг. Магадгүй “Харанга” хамтлагийг шүтдэг, орондоо орох бүртээ орой болгон Лхагваагийн дууг сонсдог 100 хүн лав байгаа гэдэгт би итгэж байна. Микрофоноо тайз руу чиглүүлэхэд л энэ олон залуус дуу бүрийг минь, дахилттай нь мэдээд даган дуулж байна. Үүнээс өөрөөр аз жаргалыг яаж мэдрэх билээ дээ. Би энэ тайзан яг өөрийнхөөрөө байж, эрх чөлөөгөө бүрэн эдэлж чадлаа. 
-“Үзэсгэлэнт минь” гээд л дуулаад эхэлвэл би сонсохгүйгээр шууд явна даа гэж бодож байлаа шүү?
-Б.Лхагвасүрэн гуай үгийг нь бичсэн, их сайхан дуу болсон гэж боддог шүү. Чи дургүй хэрэг үү?
-Үгүй ээ, би сонсч байсан. Гэхдээ энэ наадмын тайзан дээрээс тэгж дуулах нь зүйд жаахан нийцэхгүй юм шиг санагдаад байсан. 
-Тийм ч тал бий. Гэхдээ энэ наадам дан ганц хүнд рокоор амьсгалдаггүй. Нэр нь амьд хөгжмийн наадам шүү дээ. Тиймээс “Үзэсгэлэнт минь” дууг сонсогчид дуулуулъя гэсэн хүсэлтэй байвал би шууд дуулна. Гэхдээ хуучны дуунуудаасаа ихэвчлэн сонгож дууллаа. Нүүрний эгнээний залуусын “Харанга бол домог” гэж хашгирах нь “уухай” гэх шиг сайхан сонсогдож билээ. 
-Харанга бол рок хамтлаг биш. Ямар ч рок гэхээр зүйл байдаггүй, ихэнх уран бүтээл нь зохиолын дуутай төстэй гэж шүүмжлэх хүмүүс байдаг. Та юу гэж бодож байна даа?
-Би ер нь иймэрхүү дэл сул яриа дотроо агуулсан, шүүмжлэлийг тоож хардаггүй, тогтож уншдаггүй хүн. Хүмүүс ярьж л байг, бид юм аа чимээгүйхэн хийгээд явна. Бид амьд хөгжмийн хамтлаг гэдгээ хэдийн зарлаад баталчихсан шүү дээ. Гэтэл хүмүүс дөнгөж гарч ирж буй дулимагхан мэдлэгтэй, залуухан хамтлагийг шүүмжилж байгаа юм шиг жаахан зүйлүүд ярьдаг. Би үүнийг нь үнэхээр тоодоггүй. 
-Шүүмжлэлийг ер нь хэр хүлээж авдаг вэ?
-Мэдээж хүн төгс биш учраас шүүмжлүүлэх зүйл зөндөө гарна. Миний буруу байвал хүлээж авна, миний зөв байвал тоохгүй орхино. Би өөрийнхөө ертөнцөд, өөрийн хуулиар амьдрах дуртай. Яг зөв зохистой хууль баталчихсан бол би дагаж мөрддөг. Харин тэр хууль нь миний эрх чөлөөнд харшилвал би зөрчиж орхидог. Яг л үүн шигээ шүүмжлэлд ханддаг даа. 
-Өмнө нь та буруу зам руу нэлээдгүй хальтирсан. Бүр хүндэрсэн ч гэж хэлж болно. Та “аавын хаалга” татаж ороод, тэр мухар, чийгтэй өрөөнд ороход хамгийн түрүүнд юу бодогдсон бэ?
-Магадгүй надад тэр өрөө их тус болсон. Би олон ном уншсан, хит дуунуудынхаа зарим шүлгийн санааг бас олсон. Гэхдээ бий тийм газар орсон доо гэмшдэг хэдий ч эргээд босч чадсандаа сэтгэл хангалуун байдаг. Нээрэн шүлэг ч яг биш шүү, дууны үг л гэх юм даа. Яруу найраг өөрөө их ондоо, мань мэт нь толгой холбоод болгочих зүйл биш санагддаг. За даа, өөр зүйл яриад яахав дээ, өнгөрсөнд үлдсэн муу муухайг эргэн санахгүйг хичээдэг. 
-“Харанга” хамтлаг эсвэл “Хар сарнай”-гийн Амараа тайзан дээр гарахад үзэгчид огшиж, омогшиж байгаа нь шууд мэдрэгддэг. Яаж тийм бадрангуй байж чаддаг юм бол гэж хааяа гайхдаг шүү. Нэг тийм цээж ээ дэлдэж омогшмоор, монгол хүн гэдгээрээ өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрдөг. Та ч мөн тайзан дээр гарахдаа энэ сонин урсгал цээж рүү чинь өгсч ирэхийг мэдэрдэг үү?
-Би хүмүүст хэлдэг юм. Надад дуу дуулах нь бөөлөхтэй л ижил санагддаг. Онгод орж хөглөгдсөн үед миний хоолой цуцашгүй болдог. Түүнтэй л адилхан хөх тэнгэрээс бэлэглэсэн, бидний сэтгэл зүрхэнд оршдог зүйл босч ирсэн хэрэг гэж боддог. Гишгэхэд өт хүртэл арвалздаг гэдэг шиг эх орноо хайрлах сэтгэлийг нь сэргээж, бахархал төрүүлсэн дууг эгшиглүүлээд өгөхөөр хүн чинь омогшихгүй яах вэ дээ. Тамирчин хүн медалийн тавцан дээр зогсоод төрийн дууллаа эгшиглэхийг сонсохдоо нулимс нь өөрийн эрхгүй урсдаг. Яг үүнтэй адилхан зүйл. 
-Таныг нээрэн зураг зурдаг гэж сонссон?
-Нэгдүгээрт би зураач хүн биш дуучин. Хоёрдугаарт зурдаггүй хүний хажууд бол бийр, харандаа бариад зурчихдаг л юм. Гэхдээ би дажгүйхэн зураач бус дандаа ард түмнийхээ зүрхэнд хүрсэн дууны эзэн байх ёстойгоо сайн мэддэг.
-Та ард түмэн гэж их ярих юм аа. Ер нь энэ хоёр үгээр бүхэл бүтэн улс гүрэн илэрхийлэгддэг. Ард түмэн гэх ойлголтын талаар яриач?
-Ард түмэн гэдэг агуу. Тэд улс эх орныхоо хөгжил, тусгаар тогтнол, амь амьсгалыг нь бүтээж байдаг. Тэд байхгүй бол улс байхгүй. Энгийнээр “Харанга” хамтлаг, би ч оршин тогтнохгүй. Ард түмний хүсэл биелсээр ирсэн, цаашдаа улс гүрэн маань улам ихээр хөгжинө гэдэгт би огт эргэлздэггүй. За, ах нь ингээд явъя. Манайхан намайг хүлээгээд байна. 
-Уучлаарай, дахиад нэг зүйл асуучихъя. Өнгөрсөн жил наадмын нээлт дээр “Толин хул” дуулж байгаад морьтойгоо цуг унасан шүү дээ. Наадамчин олныхоо өмнө ойчоод босоход ямар санагдаж байсан бэ?
-Би огтхон ч ичиж, сандраагүй. Буцаж босоод, мориндоо мордоход цэнгэлдэх дүүрэн үзэгчид уухайлж, намайг дэмжин хашгиралдаж байсан. Гол нь би мориноосоо унаагүй, морьтойгоо цуг унасанд хамаг учир байгаа юм. Монгол эр хүн, морь хоёр унаж л байдаг, эргээд босдог. Чингис хаан ч мортойгоо унаж явсан. Эргэж босоод эзэнт гүрнийг байгуулсан түүхтэй биз дээ. 
-За баярлалаа, танд уран бүтээлийн амжилт хүсье.

Зарим нэг зүйлсийг асууж амжаагүй тул “баярлалаа” гэж хэлчихээд дурамжхан эргэв. Гэхдээ энэ хүн надтай ярилцсан нь хамгийн чухал, би түүнээс асуулт асуусан, тэр хариулсан. Бүхэл бүтэн нэгэн үеийнхний амьд шүтээн болсон “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнтэй ийн хуучиллаа. 
Сэтгэл уярааж, тэгснээ гэнэтхэн сэгсэрч орхидог “Замд гаръя”, “Тэнгэрлэг андууд”, “Шүүдэр цэцэг, “Амьдрал”, “Үгүйлэн санана”, “Чи минь”, “Толин хул” зэрэг хит дуунуудын эзэн. “Монгол эр хүн, морь хоёр унаж л байдаг, эргээд босдог” гэх энэ үгсээр нь бидний ярилцлага өндөрлөх учиртай байсан ч юм бил үү. Тэр өөрөө амьдралд ингэж тэмүүлдэг, урлагийг ээж шигээ хайрлаж чаддаг болохоор нь ард түмэн түүнийг “хайрлаж, хүндэлдэг” биз ээ. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.