НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

ЧӨДӨР ХАРАА...

Э.Энхтуяа     Нийтлэгч
1 сарын өмнө /2017-09-01 15:48:35 GMT +8 / | 1480 удаа уншсан

Одоогийн Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу бидний нэрлэж заншиснаар ЗҮҮНХАРАА сумыг Чөдөр хараа хэмээн нэрийдсэн нь...

Зүүнхараа сумын түүх гарвал:

Мандал сумын нутаг бол МЭ-III, МЭ-I зуун хүртэл Хүннү Гүрэн улсын төв хэсгийн хойд зах, МЭ I-III зууны дунд үед Дорнод Хүннүгийн баруун хойт зах, МЭ-IY зууны үед Жужаан Гүрний төв хэсгийн баруун хойд зах, 550-900-гаад оны сүүл хүртэл Түрэг, Уйгар, Хиргис зэрэг томоохон аймгийн төв хэсгийн хойт зах, 1000-1100-гаад оны эхэн хүртэл зүүн хойт хэсэг нь Тайжууд, хойт баруун хэсэг нь Мэргэд, баруун өмнө хэсэг нь Хэрэйд улс аймгуудад харьяалагдаж байжээ.
Их Монгол улс байгуулагдахын өмнө /1000-1100 он хүртэл/ үед зүүн хэсэг нь Хамаг Монгол, зүүн хойт хэсэг нь Тайжууд, баруун хойд хэсэг нь Мэргэд, баруун өмнө хэсэг нь Хэрэйдийн харьяанд байснаа 1203 онд Хэрэйдийн төр мөхөж, Их Монгол улсын төв хэсэг хойт зах, Монгол их гүрний задралын үед Дөчин түмэн Монголын баруун хойт хэсгийн өмнөд зах байжээ.1913 онд их эзэн Чингис хааны 2.-р үе болох Наваанюндэнг 5 настай байхад хошууны засаг ноёнд өргөмжилжээ.Баатар вангийн хошууны нутаг дэвсгэр нь Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн сумдыг хамарсан өргөн уудам нутагтай байжээ. Баатар вангийн хошууны үндсэн үйлдвэрлэл нь Мал аж ахуй, газар тариалан, алт байв.
1924 онд Ардын засгийн газрын 1924 оны  68-р тогтоолоор Баатар вангийн хошууны Мандал хэмээх сум байгуулагджээ. Түүхийн сурвалжаас үзэхэд Мандал сум Монгол оронд газар тариалан, гурилын үйлдвэр, мал аж ахуй хөгжүүлэх, шинэ дэвшилтэт арга технологийг нэвтрүүлэх түшиц газар байв.  

Өнөөгийн Мандал сум
 

Өдгөө Мандал сум нь засаг захиргааны нэгжийн хувьд 9 багтай /үүнээс 2 баг нь тосгоны статустай/  , МУ-ын аймгийн төвөөс алслагдсан хамгийн том сум болсон. Нийт 484373 га газар нутагтай, нэг хавтгай дөрвөлжин метр квадратад 5,3 хүн ногддог.  Тус суманд Төмөр замчдын 1-р баг, Ширхэнцэгийн 2-р баг, Баянсуудалын 3-р баг, Хэрх 4-р баг /тосгон/, Түнхэл 5-р баг /тосгон/, Баянхангайн 6-р баг, Минжийн хангайн 7-р баг, Тарнийн 8-р баг ,Баян-Арцатын 9-р  багийн нийт  7382 өрхөд 25693 хүн ам бүртгэгдсэн нь аймгийн нийт хүн амын 24,41%-ийг эзэлж байна. 
Мандал сум нь аймгийн төвөөс зүүн   урд 220 км зайд, Улаанбаатар хотоос 170 км зайд тус тус оршино. Өмнө болон баруун өмнөд талаараа Төв аймгийн Бор нуур,Батсүмбэр сум,  баруун болон баруун хойд талаараа Сэлэнгэ аймгийн Баянгол, Ерөө сумуудтай тус тус хил залган оршдог. Улсын нийслэл Улаанбаатар хот  болон Дархан, Сэлэнгэ аймгууд, Оросын Холбооны Улстай  олон улсын төмөр зам, авто замаар холбогдсон дэд бүтэц сайн хөгжсөн сум юм. .
Сумын хэмжээнд нийт 438 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээрийн 47 нь төсөвт байгууллагад 1600 ажилтан Төмөр замын салбарт 14 байгууллага, 1400 гаруй ажилтан ажиллаж байна. Нэг нь Орон нутгийн өмчит, 25 нь хоршоо, 35 нь ББН, 30 нь ЗБН, 19 нь ТББ  юм. Эдийн засгийн голлох салбарууд нь дээд зэргийн спирт, архи, талх, нарийн боов, гурил зэрэг хүнсний үйлдвэрлэл, шахмал түлш, банз, дүнз, тоосго зэрэгбарилгын материал үйлдвэрлэл, ашигт малтмал олборлолт, газар тариалан, мал аж ахуй зэрэг юм. Төмөр замын мод боловсруулах үйлдвэр, СББХК нь тус сумын үйлдвэрлэлийн голлох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Түүнчлэн хоёр телевиз ажилладаг бөгөөд нутгийн иргэд сумандаа болж буй мэдээ мэдээллийг өөрийн телевизээр хүлээн авдаг байна.
Үүнээс үзэхэд Мандал сум нь Монгол улсын нийт сумдуудаас илүү хөгжил сайтай дээр нь газар зүйн байршил болон түүхийн үнэт өв соёлтой юм. Тус сумын хөгжилд түлхэц өгч суурин болоход нөлөөлсөн чухал гарц бол төмөр зам. Анх энэхүү төмөр замыг барих ажилд оролцож байсан Орос, хувьсгалаас өмнө суурьшисан хятад иргэд энэхүү нутагт суурьшин амьдрах болсон нь Чөдөр хараа хэмээн нэрийдэх анхны шалтгаан болсон гэхэд илүүдэхгүй. 
Мөн Мандал суманд 1937 онд 0413-р хорих анги байгуулагдсан. Тэрхүү хорих ангид хоригдож байсан ихэнх хоригдолууд суллагдсаныхаа дараа Мандал суманд нутагшиж, мал маллан газар тариалан эрхлэж амьдарснаар суурин газар  болох эхлэл тавигдсан. Мөн Спирт бал бурам компани байгуулагдаад олон ажилчид томилолтоор ирж байсан. Дээд хугацаа нь л гурван сар болдог байсан бөгөөд томилогдож ирсэн залуу буцалгүй Чөдөр хараадаа чөдөрлөгдөн эхнэр хүүхэдтэй болон амьдарч буй бодит түүх ч бий.  Иймд уугуул Мандал сумын иргэн гэж бараг байдаггүй. Одоо ч мөн адил жилдээ 1200 гаруй иргэн шилжин ирдэг бөгөөд ихэнхдээ баруун аймгийн иргэд байдаг байна. Чөдөр гэдэг үгийн утгыг уншигч та өөрөө мэдэж байгаа биз ээ. Чөдөрлөгдөж үлдээд байгаагийн гол шалтгаан бол Байгаль, газар зүйн онцлог гэж үзэж байна. Мандал сум Хан Хэнтийн нурууны салбар уул болох далайн түвшингээс 1000-2228.0 метр өргөгдсөн ой хээрийн бүсэд багтдаг. Тахилт, Урт, Тарвагат, Ноён, Хараа, Түнхэлийн хөх нуруу, Ширээ хошуу, Чивээ,Улааншавар, Матах, Мөнгөлөг, Хараагийн зэрэг 16 нуруугаар хүрээлэгдсэн 150 гаруй уултай,  Хараа, Ерөө, Чулуут, Түнхэл гэсэн томоохон голтой, 120 гол горхитой, 136 булаг шандтай, түүх соёлын дурсгалт 160 гаруй булш хирэгсүүртэй сум юм.
Улаанбаатар хотоос 174 км-ын зайд оршдог, төв замтай 45 км сайжруулсан шороон замаар холбогдсон. Нийслэл хотдоо ойр аж ахуй, үйлдвэрлэл, газар тариалан аль аль нь зэрэг хөгжсөн өгөөжтэй нутаг аж.  
Түүнчлэн сумын иргэд их хөдөлмөрч ажилсаг гэдгээрээ алдартай ба найрсаг зантай хүмүүс олонтаа. Тэрээр иргэдийн амжиргааны түвшин доогуур айл өрх бараг байхгүй. Дундаж түвшиний айл өрх олон байгаа нь айл бүр хашаандаа газар тариалан эрхэлдэг, гахай шувуу тэжээдэгтэй холбоотой юм. Нэг үгээр хэлэхэд Мандал суманд амьдардаг хүн өөрөө л хичээж хөдөлмөрлөж чадваас амьдрал залгуулах гол цөм болж өгөх юм. Сэтгүүлч миний бие өөрөө чөдөрлөгдөн үлдэж, энэхүү нутгийн сайхан бүхнийг сэтгэлдээ шингээн хүндэтгэн байдгийн тод жишээ учраас нутгийн сайхныг үгээр илэрхийлэхийн аргагүй гэдгийг нийтлэлийнхээ төгсгөлд дурьдмаар санагдлаа.

Нэмж дурдахад:

Түүхэн дурсгалт газрууд:
Гурван найзын агуй: Хэрх тосгоны уугуул иргэн Монгол киноны нэрт зүтгэлтэн, кино найруулагч  Д.Дашдорж санаачлан  “Гурван найз” киноны ихэнх зургийг авсан түүхэн газар юм. Гурван найзын агуй нь Хэрх тосгоноос 3.5 км, Хэрх уулын урд өвөрт оршино. Зүүн хараагийн сангийн аж ахуйн (өнөөгийн Хэрх тосгон)зүүн урд талд байрладаг.
Хэрх уул: Хэрх уулын хормойд 1926 онд Хэрхийн хийд гэж хийд байрлаж байсан байна. Энэхүү хийдийн шавилан суугч лам нарыг  хэлмэгдүүлэлтийн үед  хоморголон устгаж ганц лам үлдсэн нь бясалгал хийж байгаад бурхан болсон байна. 1926-1927 онд үйл ажиллагаа нь зогсжээ. Хэрх тосгонд орших энэхүү уул нь түүх соёлын дурсгалт 4 агуйтай томоохон уул юм.

Хараагийн алдарт Ноён уул
Хараа нутаг тэр дундаа алдарт Ноён уул нь 40 гаруй мянган га газар нутгийг хамран оршдог бөгөөд Хүннүгийн түүх соёлыг хадгалсан эртний түүх дурсгалт өвөөс гадна алт эрдэнэсийн баялаг ордтой үнэлж баршгүй эрдэнэсийн сан билээ. МЭӨ III-I зууны үед төв азийн элгэнд анх удаа төрт ёсны улс байгуулсан Хүннү гүрний эзэн хаан Шанью нь орд өргөөгөө Ноён уулыг сонгон байрлуулж байжээ.
Ус ургамал жигдэрсэн, цаг уурын таатай нөхцөлтэй, байгалийн ан амьтан, алт эрдэнэс бүрдсэн Хараа нутгийн Ноён уул өнө эрт цагаас тэнгэрийн тахилгатай, онгон дагшин хайрхан байж, мөргөлийн дацан, Баатар вангийн тахилгат овоотой байсан бөгөөд энэ сайхан ариун дагшин хайрхан уулаас монголын төр шашны тэргүүн их Богдын соёрхолоор Мигжид Жансайраг бурхны дуганын багананд хэрэглэх модыг сонгон авч байсныг сурвалж бичигт тэмдэглэн үлдээжээ.
Ноён уул нь Булагтай, Гачуурт, Аргант, Арцат, Баянгол, Улаан билүүт, Хөх билүүт голуудтай, Тахилгат, Билүүт, Хүрэлтогоот, Ажнай, Баянгол, Нурамт, Болио, Гачуурт зэрэг уул нуруугаар хүрээлэгдсэн бөгөөд ам бүрээс нь ундрах булаг шанд, гол горхитой, баавгайн чих, алтан товч, азийн хөтөг өвс, шудаг, хөх шар дэгд, егүүшин, сөд, бамбай, бажууна зэрэг зарим ховор эмийн ургамлууд ургадаг бөгөөд Хүрэлтогоотод нь 103.0 кг жинтэй солир унасан байдаг зэргээс харахад дээрх тогтоцуудыг түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой байна. 
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.