НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

ДУНДЧУУДЫГ ТҮШИН ХӨГЖИХ ХӨГЖЛИЙН ХАНДЛАГА ба МОНГОЛ

Б.Энхмандах     Нийтлэгч
12 өдрийн өмнө /2017-10-06 13:14:01 GMT +8 / | 679 удаа уншсан

НЭГ. ДУНДАЖ АНГИ БА ДЭЛХИЙ ДАХИН

“Дундаж анги” гэдэг нэр томъёог Европын аж үйлдвэржүүлэлтийн ид үед буюу 1745 онд Английн эдийн засагч Джеймс Брэдшоу хэрэглэж, тариаланчид болон баячуудын завсрын нийгмийн бүлгийг “дундчууд” хэмээн нэрлэх болсон байдаг. 
Эхэндээ Англи, Францад хөрөнгөтөн анги нь дундчуудын байдлаар худалдааны хүрээнд бүрэлдэж, улмаар аж үйлдвэржилтийн хөгжлийн хэрээр капиталын хуримтлал нэмэгдсэнээр сурвалжит баячуудтай өрсөлдөхүйц чинээлэг баячууд буюу капиталистууд бий болоход хүрснийг та бид мэдэж байгаа. Харин ХХ зууны эхнээс “дундаж анги” гэдэгт ажилчин ангиас салж, тусдаа нийгмийн бүлэг болж төлөвшсөн албан хаагчид, мэргэжилтнүүд, мененжерүүдээс бүрэлдсэн, хувийн өмчит хөрөнгөтнүүдээс ялгарах хөлсний ажилтнууд, жижиг бизнес эрхлэгчдийг нэрлэх болсон бөгөөд энэхүү бүлгийн гол онцлог нь оюунлаг, боловсролтой хүний капиталыг бүрэлдүүлж байдагт орших болсон байна. Улмаар банк, даатгал, хөрөнгийн зах зээл гэх мэт санхүүгийн капитализм хөгжихийн хирээр хөлсний хөдөлмөрийн дээд давхарга, мэрэгшсэн эдийн засгийн удирдагчид, “цагаан захтнууд”-ын бүхэл бүтэн арми бий болсон нь нийгмийн дундаж ангийн хүрээг эрс нэмэгдүүлсэн байдаг. 
ХХ Зууны хоёрдугаар хагаст социологийн шинжлэх ухаанд бас “дундаж ангийн дээд давхарга” гэдэг нэр томъёо хэрэглэгдэх болсон. Дундаж ангийн дээд давхарга гэдгийг хэрхэн ойлгох талаар маргаантай байдаг хэдий ч энэ давхарга нь дундаж ангийн олонхитой харьцуулахад харьцангуй өндөр түвшинтэй нийгмийн бүлэг бөгөөд дундаж ангийн доодчуудаас дээд давхаргын ялгарах онцлог нь “Дээд боловсрол” байдаг гэж социологич Макс Вебер тодорхойлосон байдаг. Эдийн засгийн Хамтын ажиллагаа, Хөгжлийн Байгууллага (OECD)-ын дүгнэлтээр 2010 оны байдлаар дэлхий дээр нийт 1,8 тэрбум хүн ерөнхийдөө дундаж ангид хамрагдах болсон байна. Тэдний дотор 1 тэрбум насанд хүрэгчид нь 10000-100000 ам.долларын хөрөнгөтэй дундчууд болсон. Үүнийг “Credit Suisse” банкны 2014 оны баялгийн тайланд дахин нотолсон байна. Мөн 2011 онд “Pew” судалгааны Төвийн явуулсан судалгаагаар Дэлхийн хүн амын 16 хувь нь дунд болон дундаас дээд орлоготой болсон дүн гарчээ. Дундаж ангийн байдлыг хөгжингүй болон хөгжиж буй зарим орнуудаар ялгавартайгаар авч үзэж болох юм. 
Тухайлбал, “Экономист” сэтгүүлийн тодорхойлж байгаагаар өнөөдөр АНУ-д дундаж анги хүн амын 45 хувийг бүрэлдүүлж байдаг байна. Америкийн дундаж ангийн дээд давхаргыг мөн орлого, боловсрол, ажил эрхлэлтийн байдлаар нь тодорхойлдог бөгөөд эдгээрт юуны өмнө дундаас дээш орлоготой, харьцангуй бие даасан ажил эрхлэдэг, боловсролын түвшингээрээ тэргүүлдэг, өрхийн орлого нь 100000 ам.долларыг давдаг бодлого боловсруулагчид, хуульчид, эмч нар, сэтгэл зүйчид, мэргэшсэн нягтлан бодогчид, эм зүйчид, инженерүүд, хот байгуулалтын мэргэжилтэн, архитекторууд, их, дээд сургуулийн багш, судлаачид, төрийн албан хаагчид гэх мэт “цагаан захт” мэргэжилтнүүдийг хамааруулдаг байна. 
АНУ-ын социологчдын судалгаагаар нийт хүн амын 15 хувь нь дундаж ангийн дээд давхаргад хамаарч байгаа бөгөөд орлогын хувьд эдгээр нь хувь хүний орлого 62500 ам.доллар, өрхийн орлого нь зургаан оронтой тоотой байдаг байна. Тухайлбал, сувилагч-бага эмч хоёр хүн тус бүр 55000 ам.долларын орлоготой байхад ганцхан өмгөөлөгч жилд 95000 ам.долларын орлоготой байх жишээтэй. Ер нь Америкт дундаж ангийн нэг өрх 46000-62500 ам.долларын орлоготой байдаг боловч амьдарч буй муж, хот, дүүрэг зэргээс хамаарч бодит орлого нь өөр өөр байдаг талтай юм байна. 
Барууны орнуудын туршлагаас харахад Засгийн газрыг хариуцлагатай болгоход нөлөөлж чаддаг, татвараа төлснөөр нийгмийн суурь үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулдаг эдийн засгийн хувьд хүчирхэг дундаж давхаргатай байж чадвал тэдний нөлөөн дор ядуучууд хүртэл хувь хишиг хүртэх боломжтой болдог аж. Эдийн засаг тогтвортой байж чадсанаар дундаж давхаргын нийт хүн амд эзлэх хувийг нэмэгдүүлэх боломж бүрддэг байна. Дундаж давхаргаа хамгийн их судалсан АНУ-д ажил эрхлэлтийн түвшинд онцгой анхаарч, эдийн засаг дахь төрийн оролцоог багасгаж, жижиг, дунд бизнесийг дэмжиж, хөдөлмөр эрхлэх боломжийг нь нэмэгдүүлэхийн тулд хөдөлмөрийн насныхныг дэмжсэн идэвхтэй бодлого явуулдаг байна. Судалгаагаар тус улсын жижиг бизнес эрхлэгчдийн 97 хувь нь дундаж давхаргадаа хамаардаг байна. АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама бүрэн эрхийнхээ хугацаанд дундаж давхаргаа дэмжих “Medicaid” зэрэг нийгмийн чиг хандлагатай хөтөлбөрүүд эхлүүлсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд дундчуудад чиглэсэн татварын хөнгөлөлт, нийгмийн баталгаа, эрх зүйн орчныг сайжруулж, коллежийн төлбөр болон хоёулаа хөдөлмөр эрхэлдэг гэр бүлийн аль нэг гишүүн, хүүхэд харах үйлчилгээ зэргийг орлогын албан татвараас чөлөөлөх бодлого баримталжээ. Мөн хувийн хэвшлийг ажилчдадаа цалинтай чөлөө, эмнэлгийн магадлагаа олгох, цалингийн доод хэмжээг өсгөх боломжийг дэмжсэн нь үр дүнгээ өгч эхэлсэн. Харамсалтай нь АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Дональд Трамп энэхүү бодлогыг эрс эсэргүүцэж, шийдвэрүүдийг цуцалсан билээ. 
Нийгмийн дундаж ангийн дээд давхаргынхан орлого, боловсрол, ажлын байрны давуу талтай, орлого, эдийн засгийн чадавхийн хувьд нийт дундчууд дотроо илүү хамгаалагдсан байдгаас гадна тэд олон нийтийн санаа бодолд ноёлох нөлөөллийг үзүүлддэг нийгмийн нөлөөллийн онцлогыг мартаж болохгүй. Үүнийг АНУ-ын дундаж ангийн дээд давхаргынхан голчилон “Энхтайвнын төлөө хөдөлгөөн”, “Хүрээлэн буй орчныг хамгаалах хөдөлгөөн”, “Тамхины эсрэг хөдөлгөөн” гэх мэт олон нийтийн хөдөлгөөнүүдийн тэргүүн эгнээнд явдаг бүлэг болж буй байдлаас харж болно. 
Ер нь дундаж давхарга бол аливаа улс орны эдийн засгийн хөдөлгөгч хүч төдийгүй улс төрийн болон нийгмийн амьдралд нөлөөлөгч хамгийн том сонирхлын бүлэг юм. Хүн амын доторх бусад бүлгийнхэнтэй харьцуулахад тэд өндөр боловсролтой, мэргэжлийн сайн ур чадвартай, эдийн засгийн болоод нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцогчдын дийлэнх хэсгийг дундчууд төлөөлдөг байна. Ийм учраас улс төрчид, засгийн эрх баригчид өөрсдийн боловсруулан хэрэгжүүлэх бодлого чиглэл, хөтөлбөрийг тэдэнд зориулан, тэдний эрх ашиг сонирхолд зохицуулан гаргахыг эрмэлздэг. Их Британид дундаж ангийн дээд давхаргынхны байдал Америкаас бага зэрэг ялгаатай. Өндөр орлогодоо тулгуурлан өндөр боловсрол эзэмшсэн уламжлалт хандлага энд давамгайлдаг. Энд бас уламжлалт соёлын харилцаа, тэр байтугай хэл, яриа хүртэл анги, бүлгийн ялгаварлалд давамгайлах нөлөөтэй байдаг байна. Тухайлбал, Лондонгийн баян хорооллууд, Зүүн Өмнөд Английн ханлигуудад  дундаж ангийн дээд давхаргынхан давамгай амьдардаг байна. Энэ бүлгийн хүүхдүүд жилдээ 33 мянга орчим фунт стерлинг төлдөг Британийн нөлөө бүхий дунд, ахлах сургуулиудад суралцаж, улмаар нэр хүндтэй Их сургуулиудыг төгсдөг байна. Бусад талаар Америкийн дундчуудаас их ялгарахгүй байна. Тэгвэл дундаж ангийн байдал хөгжиж буй орнуудад ямар байдалтай байгааг авч үзье. Оросын Холбооны Улсын Шинжлэх Ухааны Академийн 2015 онд хийсэн судалгаанаас үзэхэд Оросын хүн амын 15 хувь нь баттай “дундаж анги”-д хамаарч байгаа бөгөөд тэдгээрийг хүрээлээд 25 орчим хувь нь дундчуудын доод заагыг бүрдүүлж байдаг байна. 
Харин БНХАУ-ын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн судалгаагаар 2003 оны байдлаар Хятадын хүн амын 19 хувь нь 18000-36000 ам.долларын орлоготой дундаж ангид хамаарагдаж эхэлсэн бол тэдний цар хүрээ улам өсссөөр байна. Броокинг Институтийн судалгаагаар 2009 онд БНХАУ-ын дундаж давхаргын хүн амын хэрэглээ дэлхийн нийт хэрэглээний 4 хувийг эзэлдэг байсан бол 2020 он гэхэд 13 хувь, 2030 онд 18 хувь хүрэх тооцоо гаргажээ.  Харин Дундаж ангийг судлах Германы Хүрээлэнгийн 2014 онд Энэтхэгт хийсэн судалгаанаас харахад Энэтхэгийн хүн амын 8 хувь нь дундаж ангид хамаарч байгаа юм байна. 
Тэгвэл “Стандарт Банк”-наас Ангол, Эфиопия, Гана, Кения, Мозамбик, Нигери, Судан, Өмнөд Судан, Танзан, Уганда и Замби болон ӨАБНУ зэрэг Африкийн 11 орны 15,3 сая өрхийн аж ахуйн хэмжээнд 2014 онд хийсэн судалгаанаас үзэхэд Өмнөд Африкийн эдгээр орны хүн амын 10-20 хувь нь дундаж ангид хамаарч байгаа юм байна. Мөн онд Германы хөгжлийн хүрээлэнгийн хийсэн судалгаагаар Сахараас урдуур орших эдгээр орнуудад 1990-2010 оны хооронд дундаж ангийн тоо 14 саяас 31 сая болж өссөн дүн харагдаж байна. 
Гэхдээ шалгуур үзүүлэлт нь орон бүрт харилцан адилгүй байснаас гадна дундаж африкчууд өдөрт 10-20 ам.долларын буюу жилдээ 3500-7500 ам.долларын орлоготой байдаг ажээ. Ийм орлоготой дундчуудын тоо 2004 онд 4,4 хувь байсан бол 2014 онд 6,2 хувь болж өссөн дүн гарчээ. Эдгээр дотроо хамгийн эрчтэй хөнжиж буй ӨАБНУ-ын хүн амын 21,3 хувь нь дундчууд болсон байна. 
Судалгаанаас харахад Латин Америкийн улс орнуудад бараг 300 сая “дундаж давхаргынхан” амьдарч байгаа нь Хятад болон Энэтхэгийн дундаж давхаргынхныг нийлүүлснээс ч их болж байгаа ажээ. Энэ тивд сүүлийн 20 гаруй жилд дундаж давхаргынхан бараг 2 дахин өсчээ. Латин Америкийн орнуудын хувьд тэд эдийн засгийг хөдөлгөгч хүч болох дундчуудыг дэмжихийн зэрэгцээ гадаадын хөрөнгө оруулалтыг, тэр дундаа бизнес эрхлэгчдийг татах зөв зүйтэй бодлого явуулж байгаа нь энэхүү өсөлтийг хангахад хүргэжээ.
Дээрхи цөөн тооны жишээнд дүн шинжилгээ хийж үзэхэд хөгжиж байгаа улс орнуудын засгийн газраас дундаж давхаргад зориулан хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээнүүд ижил төстэй байна.  Эдийн засгийн өсөлт ба орлогын хуваарилалт нь дундаж давхаргын өсөлтийн гол түлхүүр болдог. Эдийн засгийн өсөлтийн түвшин ба дундаж давхаргын өсөлтийн хэмжээ хооронд эерэг хамааралтай аж. Мөн орлогын тэгш бус байдал буурч буй орнуудад дундаж давхаргын байр суурь өсөн нэмэгдэж байгаа нь ажиглагдаж байна. Дундаж давхарга нь улс орон бүрт бол эдийн засгийг тогтворжуулагч төдийгүй дотоодын хэрэглээг өсөн нэмэгдүүлэхэд гол хөдөлгөгч хүч нь болж байдаг. Дундаж давхаргынханд макро эдийн засгийн тогтвортой орчин маш чухал гэж хэлж болно. Мөн дундаж давхарга өсөхийн хэрээр татварын орлого нэмэгдэж улмаар нийгмийн суурь үйлчилгээнүүдэд зарцуулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, үйлчилгээний чанар, хүртээмж ч дээшилнэ. 
Тиймээс аль ч улс оронд дундаж давхарга макро эдийн засгийн тогтвортой орчноос ихээхэн хамааралтай байдаг. Эдийн засгийн тогтворгүй байдал тухайлбал, төсвийн алдагдал, мөнгөний муу бодлого, тогтвортой бус бодлого, хөтөлбөрүүд, мөнгөний ханшийн уналт зэрэг нь импорт, инфляцийг нэмэгдүүлж улмаар дундаж давхаргын төлөвшилд сөргөөр нөлөөлөх болно. 

ХОЁР. ДУНДАЖ ДАВХАРГЫГ ТОДОРХОЙЛОХ АРГА ЗҮЙН АСУУДАЛД 

Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд нэгэнт дур зоргоор нь хөгжүүлчихсэн чөлөөт зах зээлийнхээ хамгийн гол ололтой тал болох өрсөлдөөнт чанарыг улам бэхжүүлэхийн зэрэгцээ төрийн зохицуулалтыг зөв зохистой ашиглах нь манай нийгмийн цаашдын хөгжлийн хамгийн гол арга зам болно.
Ингэхдээ Нордик буюу Умардын загварын нийгмийн хамгааллын давуу тал дээр илүүтэй тулгуурлах нь зүйтэй санагддаг. Түүнчилэн, Азийн орнуудын төрийн зохицуулалтын давуу талаас зохистой суралцвал зохино. Миний бие судлаач хүний хувьд 2013 онд бичсэн “Нийгмийн хөгжлийн загварын тухай” бяцхан товхимолдоо Монголын хөгжлийн загварын талаарх өөрийн төсөөллийг дэвшүүлсэн байгаа.

Тухайлбал, Бүх нийтэд хүртээмжтэй нийгмийн цогц хамгаалалтад тулгуурлан нийгмийн дундаж давхарга давамгайласан нийгмийн бүтцийг бүрдүүлж, нэгдмэл үндэстэн бүхий жижиг орнуудын хувьд нийгмийн бүтцэд 80-90 хувь нь дундчууд давамгайласан нийгмийн жигд тогтолцоог хангасан байхыг нийгмийн гол зорилтуудын нэг хэмээн тодорхойлсон билээ. Аливаа улс оронд дундчууд нь тухайн орны эдийн засгийн хөгжил, дэвшлийг хангагч нийгмийн гол бааз суурь байж, тэдний нийгэмд эзлэх байр суурийн тэлэлт, эдийн засгийн чадавхийн өсөлтөөс үндэсний хөрөнгө оруулалтын чадавхи, улсын төсвийн байдал, төрөөс авч хэрэгжүүлэх нийгмийн бодлогын хэрэгжилт ихээхэн хамаарч байдаг.
Энэ үүднээс Монголын нийгэм дэх дундчуудын өнөөгийн байдлын талаар хийгдсэн судалгаа, шинэжилгээний зарим ажлын талаар мэдээлэл цуглуулж, аль болох нэгтгэн авч үзэж, дүн шинжилгээ хийхийг оролдлоо.
Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд энэ чиглэлээр хийсэн томоохон судалгааны нэг нь 2003 онд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс санхүүжүүлэн хэрэгжүүлсэн “Дунд орлоготой хүмүүсийг эмзэг бүлгийн эгнээнд орохоос урьдчилан сэргийлэх талаарх судалгаа” сэдэвт төсөл байв. Энэ судалгаа нь Монголд дундаж анги гэж хэнийг тооцох, түүнийг ямар шалгуураар илэрхийлэх, тэд нийгэмд ямар үүрэг оролцоотой байгаа, хэрхэн төлөвшиж байна вэ, дунд орлогтныг тодорхойлох аргачлалын асуудал зэргийг нилээд өргөн хүрээнд  судалсан байна. 
Уг судалгааг Улаанбаатар хот болон таван бүс нутгийг төлөөлүүлсэн 5 аймагт нийт 2500 айл өрхийн 10500 хүнийг хамруулан явуулжээ.
Судалгаанд оролцсон Шинжлэх ухаан, Технологийн Их Сургуулийн багш судлаач Т.Нарантуяа “Дундаж амьжиргаатай өрхийн гишүүд нийгмийн цөм болдог” өгүүлэлдээ “Дундаж иргэн”, “Дундаж амьжаргаатай өрх”, “Дундаж анги” гэсэн гурван тогтвортой ухагдахуун байгааг тэмдэглээд энэ гурвын харилцан хамаарал, агуулгыг нарийн нягт шинжлэх нь нийгмийн судлаачдын төдийгүй шийдвэр гаргагчид, улстөрчдөд нэн хамаааралтай асуудал болохыг тэмдэглэсэн байна. 
Ингэхдээ, дэлхий нийтээр хийгдэж буй хүн амын тооллого, статистик бүртгэлийн үндсэн нэгж нь өрх айл болж, манайд улсад ч төр, засгийн бодлогын чиглэлүүд дундаж өрхүүдэд чиглэсэн хандлагатай болж байгааг онцлосон байдаг. “Харин эдийн засаг, улс төрийн шилжилт, хөдөлгөөний ноён нуруу, гол цөм болж байдаг дундаж ангийн тухай ухагдахуун нь Барууны зах зээл хөгжсөн орнуудад их яригддаг бололтой юм билээ” гээд “дундаж давхарга гэдэг барууны зах зээл хөгжсөн оронд яригддаг дундаж ангитай давхцах албагүй байж мэднэ. Гэхдээ миний ухварлаж буйгаар бол дундаж анги нь дундаж давхаргадаа ядаж багтаж таарах буй заа.” гэжээ. 
Үүнээс үзэхэд нийгэмд гүйцэтгэх үүргийг нь ангич үзлийн байр суурианаас авч үзэж, өмчийн харилцаатай нь уялдуулан улс төр, эдийн засгийн үүрэг хүрээгээр нь “Дундаж анги” гэж ангилах марксист ойлголт, нийгмийн ардчилсан тогтолцооны нөхцөлд өмчлөлийн байдлаас үл хамааран нийгэм, эдийн засагт гүйцэтгэх үүрэг нь өсөн нэмэгдэж буй ангийн ойлголтоос ангид “Дундаж давхарга” гэсэн ойлголт хоёрыг ялган салгах шаардлага зүй ёсоор гарч байгаа юм. 
Хөгжингүй орнуудад дундаж давхаргыг бүрдүүлэгчид нь бусадтай харьцуулахад харьцангуй өндөр боловсрол, мэдлэг мэдээлэлтэй, тэр хэрээр хөдөлмөрийн бүтээмж өндөртэй, мөн тэр хэрээрээ ологын хэмжээ өндөр байдаг тул хэрэглээний зах зээлийн бүтэц, мөн чанарыг тодорхойлдог нийгмийн гол хэсэг нь байдаг. Өөрөөр хэлбэл, хүн амд дундаж давхарга нь нийгмийн нийт бүтээгдэхүүнд тэдний оруулж буй тэдний хувь оролцоотой дүйцэхүйц хэмжээгээр нийгмийн бүтцийг тогтворжуулахад чухал үүрэгтэй байдаг. Тиймээс ч дундчууд нь бүхэлдээ нийгмийн дотор улс төрийн тогтвортой байдал болон  хувь хүний эрх, эрх чөлөөний гол баталгаа болж байдаг гэж үздэг. Тиймээс судалгааны арга зүйн хувьд цаашид бид “Дундаж давхарга” гэдэг ойлголтыг илүүтэй хэрэглэх нь зүйтэй санагдана. 
Судлаач маань энэ үүднээс асуудлыг авч үзэж, “Дундаж давхарга /цаашид дундаж амьжиргаатай өрхийг бүлгийнх хувьд ингэж нэрлэе/ бол нийгмийн янз бүрийн бүлгүүдийн нийгэм эдийн засаг, сэтгэл зүйн тодорхой нэгдэл мөн” хэмээн тодорхойлосон нь зүйтэй болсон санагдаж байна. Монголын нийгмийн дундаж давхаргын талаар хийгдсэн дараагийн томоохон судалгаа бол 2014 онд хийсэн “Дунд орлоготой орны дундаж орлоготой хүн амын бүлгийн шинжилгээ: Монгол Улсын жишээ” судалгаа юм. Энэхүү судалгаа нь дундаж давхаргын асуудлыг хөгжлийн эдийн засгийн сэтгэлгээний хүрээнд тодорхойлон авч үзсэн байдаг. Тэд Монгол Улсын хувьд дундаж давхаргыг тодорхойлсон судалгаа, тэдний нийгэм-эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмэр тодорхой бус байгаа гэж үзээд, дунд орлоготой орны дундаж орлоготой хүн амын бүлгийн шинжилгээ судалгааны ажлыг хийсэн хэмээн судалгааныхаа зорилгыг тодорхойлсон байна. Гэхдээ энэ судалгааны ажил нь Монголын нийгмийн дундаж давхаргыг тодорхойлох аргачлалын санал дэвшүүлж, Дундаж давхаргыг тодорхойлох талаар улс орнуудын туршлага, асуудлын судлагдсан байдлыг тоймлон авч үзэж, өөрсдийн судалгааны ажлын арга зүйн ерөнхий чиглэл гаргасан нь онол-арга зүйн чухал ач холбогдолтой ажил болсон байна. 
Судалгаанд оролцогсдын хийсэн дүгнэлтээс үзэхэд дэлхий нийтэд дундаж давхаргыг тодорхойлсон албан ёсны нэгдсэн тодорхойлолт, хэмжүүр одоог хүртэл байхгүй, хөгжингүй болон хөгжиж буй орнуудын хувьд дундаж давхаргыг тодорхойлох орлогын хэмжүүр харилцан адилгүй, улс орон бүр өөр өөрийн онцлогийг тусгасан байдлаар дундаж давхаргаа тодорхойлж иржээ.
Ер нь бол дундаж давхаргыг тодорхойлох гол хэмжүүр нь “Орлогын түвшин” гэдэг ойлголт болж байгааг уг судалгаанд ашигласан арга зүйн материалуудаас харж болохоор байгаа юм. Тухайлбал, 2008-2010 онуудад хөгжиж байгаа орнуудын тоо мэдээлэлд шинжилгээ хийсэн АНУ-ын Глобал Хөгжлийн Төвөөс нэг хүнд ногдох өдрийн орлого нь дор хаяж 10 ам.доллар (2005 оны үнээр) эсвэл тухайн улсын орлогын тархалтын 95-р персентайл, түүнээс доогуур байхын бол дэлхийн улс орнуудын хувьд “Дундаж давхарга буюу Middle Class”-д тооцогдоно гэж үзсэнийг жишээ болгон авсан байна. Мөн Дэлхийн банкны 2012 онд тодорхойлсноор нэг хүнд ногдох орлогын доод утга өдөрт 10 ам.доллар байвал дундаж давхаргад орно гэж үзсэн байна.
Гэхдээ эдгээрээс өөр хэмжүүрээр тодорхойлодог судлаачид ч байдаг байна. “Дунд орлоготой орны дундаж орлоготой хүн амын бүлгийн шинжилгээ: Монгол Улсын жишээ” судалгаанд ашигласан материалаас үзэхэд, Их Британийн Эдийн засгийн бодлого судалгааны Төвийн Банержий, Дафло (Banerjee, Abhijit, Esther Dufl) нар “хөгжиж буй орнуудын хувьд өдөрт 2-10 ам.долларын орлоготой бол дундаж давхаргад хамаарна” гэж үзсэн байхад Дэлхийн Банкны судлаач Раваллион (Ravallion) “хөгжиж буй орнуудын хувьд дундаж давхаргад өдөрт 2-13 ам.долларын орлоготой иргэдийг багтааж” болохыг тодорхойлосон байна. 
Гэтэл Карл Заммит-Маемпал (Karl Zammit-Maempal) хөгжиж буй орнуудын тухайлбал, Латин Америкийн орнуудын хувьд өдөрт 6-30 ам.долларын орлоготой (өдөрт 6-10 ам.доллар бол шинээр дундаж давхаргад орж буй иргэд, 10-30 ам.доллар бол аль хэдийнээ дундаж давхаргад байгаа), харин өндөр хөгжилтэй орнуудын хувьд өдөрт дор хаяж 30 ам.долларын орлоготой байвал дундаж давхарга гэж үзнэ гэдэг дүгнэлтээ 2014 онд хийсэн байна. Зарим судлаачид нэг хүнд ногдох орлого гэхээсээ илүүтэй “өрхийн нийт дундаж орлогын хэмжээ, орлогын тархалт”-аас хамааруулан дундаж давхаргыг тодорхойлно гэж үздэг байна. Тухайлбал, Крайг К.Елвелл (Craig K.Elwell) -ын 2012 оны “АНУ-ын өрхүүдийн орлогын тархалт ба дундаж давхаргын талаарх судалгаа”-наас үзэхэд “дундаж давхарга гэдэгт орлогын тархалтын дунд бүлгийнхэн”-ийг хамруулах бөгөөд үүнийг абсолют болоод харьцангуй орлогын түвшингээр үнэлж болно гэж үзсэн байна. Түүний судалснаар абсолют орлогоор дундаж давхаргыг тодорхойлох нь маш явцуу ойлголт бөгөөд өрхийн орлого 39,736 -64,553 ам.доллар бол дундаж давхарга гэж үзэж болох бөгөөд харьцангуй талаас авч үзвэл, өөрсдийн абсолют орлогыг бусдынхтай харьцуулж өөрөө хэр сэтгэл ханамжтай байгаа байдлаар давхар илэрхийлэгдэнэ гэж үзжээ. 
Мөн онуудад АНУ-д хийсэн судалгаанд дундаж давхаргыг хүмүүсээр өөрсдөөр нь тодорхойлуулжээ. Өөрөөр хэлбэл, судалгаанд оролцогчдод “Та бага, дунд, дээд давхаргын алинд нь хамаарах вэ?” гэсэн асуулт тавьж, дундаж давхаргын хүн мөн эсэхийг өөрсдөөр нь тодорхойлуулжээ. Судалгаанд 2508 хүн хамруулсан бөгөөд тэдний 1287 буюу 51.3 хувь нь өөрсдийгөө “Дундаж давхарга” гэж үнэлсэн байна. Судалгаанд хамрагдсан хүмүүсийг орлогын тархалтын 4 бүлэгт хуваан авч үзэхэд өрхийн жилийн орлого 50,000-99,999 ам.доллар бүлэгт хамаарагдаж байгаа хүмүүсийн 65 хувь, 30,000-49,999 ам.долларт хамрагдах хүмүүсийн 51 хувь өөрсдийгөө дундаж давхаргынхан гэж үнэлсэн байна. 
Эдгээрээс гадна дундаж давхаргыг орлогын тархалтаас хамааруулан тодорхойлохоос гадна тэдний үндсэн шинжийг тодорхойлсон олон судалгааны ажлууд байгааг Монголын жишээн дээрх судалгааны арга зүйдээ ашигласан нь сайшаалтай. Тухайлбал, Арабын орнуудыг ихэвчилэн судалсан Нарен Прасад (Naren Prasad) дундаж давхаргынхныг ихэвчлэн орлогын түвшин, хэрэглээний хэв маяг, ажил мэргэжил, боловсролын түвшин, ажил эрхлэлтийн байдал, соёл зэрэг олон шинж байдлаар нь тодорхойлж болох саналыг дэвшүүлсэн байдаг. Харин Хятад улсын хувьд дундаж давхаргынхны үндсэн шинжийг тодорхойлохдоо тэдний сэтгэл ханамжийг жишээлбэл, өрхийн санхүүгийн байдал, орон сууц, ажил эрхлэлт, амьдралын нийт сэтгэл ханамжийн түвшинг хүмүүсээр өөрсдөөр нь тодорхойлуулж, эдгээр хүчин зүйлсээр тэдний үндсэн шинжийг бүрэн тодорхойлж болно гэдгийг Сингапурын Үндэсний Их сургуулийн Зүүн Ази судлалын Сургуулийн судлаач Ян Жин (Yang Jing) цохон тэмдэглэсэн байна. Энэ бүхний эцэст, “Дунд орлоготой орны дундаж орлоготой хүн амын бүлгийн шинжилгээ: Монгол Улсын жишээ” судалгааны багийнхан Монголын “Дундаж давхарга”-ыг тодорхойлохдоо нэг хүнд ногдох орлогын түвшний доод босгыг 6-10 ам.доллар, дээд босго 30 ам.доллар орчимд, харин орлогын тархалтаар тодорхойлохдоо орлогын тархалтын гурав дахь кюнтайл эсвэл 95-р персентайлаас доогуур байгаа тохиолдол зэргээр авч үзсэн байна. Мөн орлого болон амьдралдаа сэтгэл ханамжтай байдал гэх мэт хүмүүсийн өөрсдийн үнэлэмжийг дундаж давхаргыг тодорхойлохдоо ашигласан байна. 
Олон улсын туршлага дээр тулгуурлан Монгол Улсын дундаж давхаргыг орлогын абсолют хэмжээ, орлогын тархалтын бүлэг болон иргэдийн өөрсдийн үнэлэмжээр нь тодорхойлох арга зүй ийнхүү бүрэлдсэн байна. Иймд өнгөрсөн онд УИХ-аар батлагдсан “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” урт хугацааны бодлогын баримт бичгийн “Ядуурлын бүх төрлийг эцэс болгох, нийгмийн бүтэцэд дундаж давхаргын хүн амд эзлэх хувийн жинг 80 хувьд хүргэх” нийгмийн салбарын гол зорилтыг хэрэгжүүлэх судалгааны арга зүй нь үндсэндээ бэлэн гэж үзэж болно. 
Гэхдээ Монголын нийгмийн бүтцийн нэг өвөрмөц бүлэг болох малчдын хөдөлмөр эрхлэлтийн онцлог, МАА-н салбарын хөгжлийн өнөөгийн түвшин, хөдөөгийн хүн амын орлогын төрөл, хэмжээ, түвшинг тогтооход оршиж буй хүндрэл бэрхшээл болон хувиараа бизнес эрхлэгчдийн орлогыг тодорхой бус байдал, тэдгээрийг ил тод болгох арга зам, хөшүүрэг бий болгох зэрэг Монголын өөрийн гэсэн онцлогтой цөөнгүй хүчин зүйлүүдийг тооцох шаардлага зүй ёсоор гарч ирж байна. 
Үүнтэй уялдуулан дундаж давхаргыг тодорхойлох аргачлалаа боловсронгуй болгох нь судлаачдын ээлжит зорилт байх бол нийгмийн салбар дахь урт, дунд хугацааны төрийн бодлогын баримт бичгээ төлөвлөж, хэрэгжүүлж, хэвшүүлэх нь улстөрчдийн үүрэг хариуцлага байх болно. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.