НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Би санамсаргүй од шүүрсэн хүн

П.Соёлдэлгэр     Нийтлэгч
8 сарын өмнө /2017-10-27 11:49:40 GMT +8 / | 1483 удаа уншсан

Том Хэнкс... Тэрээр 80 гаруй кинонд тоглосоны зэрэгцээ “Оскар”-ын шагнал хоёр удаа хүртсэн Холливудын хамгийн их орлоготой жүжигчний нэг. Түүнийг бусдыг өөртөө татах чадвартай , алиа наргианч нээлтэй, сэтгүүлчдэд тун найрсаг ханддаг хүн гэдэг. Том Хэнкс энэ удаа “BBC Radio 3”-ын  сурвалжлагчтай уулзаж ярилцжээ. 

-Энэ 2017 оны сүүлээр дэлхийн нээлтээ хийх “Сонины ажилтнууд” кинонд  Мэрил Стриптэй цуг та тоглож байгаа.  Манай “BBC”радио энэ тухай мэдээгээ “Хаан хатан хоёрын хоршил” гэж гарчигласан байсан. 
-“Хаан” гэж намайг тодорхойлох нь оносон зүйл биш. Харин Мэрил Стрип бол орчин үеийн аугаа жүжигчний нэг яах аргагүй мөн тул түүнд “хатан хаан” гэсэн тодотгол тохирно. Гайхамшигтай сайн жүжигчин... Түүнтэй анх удаа хамт кинонд тоглох гэж байна. 
-Гэхдээ л таныг энэ цагийн алдартай жүжигчин гэдэг. Энэ үг танд таатай сонсогддог уу?  
-Тэгэлгүй яахав/ инээв/. Хэвлэл мэдээллийнхэн, кино шүүмжлэгч нараас ийм үг сонсоход таатай байдаг, гэхдээ би хүсэл мөрөөдлийнхөө дагуу л ажлаа хийж яваа хүн шүү дээ. Хэзээ нэгэн цагт над руу хүн утасдахдаа байж, би улаан тоотой чек хүлээж авахаа больж магадгүй юм. Одоо би 60 гарсан хүн, 40 жил кинонд тоглолоо, би өдөр ирэх тутам амжилт олж байна. Хэрэв намайг 20 настай байхад хэн нэгэн хүн маш хатуу шаардлагатай найруулагч Рон Ховард шиг хүнтэй тав удаа хамтарч ажилла гэсэн бол би үгүй гэж хэлэх байсан болов уу... Стивен Спилбергтэй ч гэсэн цуг ажиллахыг хүсэхгүй л байсан байх... Яагаад гэвэл, тэгэхэд тэнэг ч гэмээр гэнэн, ямар найруулагч жүжигчнийг хөгжүүлж чаддаг вэ гэдгийг ойлгодоггүй байж...Харин би санамсаргүй тэнгэрээс “азын од” шүүрсэн хүн. Надад Холливудын хамгийн шилдэг найруулагч нартай ажиллах боломж удаа дараа олдсон.
-Таныг Стивен Спилбергийн кинонд дөрвөн удаа тоглосныг мэднэ... 
-Стивен Спилбергийн тухайд гэвэл олон жилийн нөхөрлөл биднийг холбож байна. Хөрш зэргэлдээ амьдардаг тул эхнэрүүд маань найзууд болсон, хүүхдүүд минь ч хамтдаа өслөө. Бидэнд ярианы сэдэв байнга олдож ирсэн. Гэхдээ Стивенийг намайг кинондоо тоглуулах санал тавих болов уу гэж дотроо боддог байлаа. Удаан хүлээсэн. Тэр дөнгөж 1997 онд сая нэг юм “Цэрэг Райаныг аварсан нь” кинондоо намайг тоглуулсан. Гэхдээ нэлээн инээдтэй юм болсон л доо. Энэ киноны эх зохиол бид хоёрт зэрэг ирсэн. Өөрөөр хэлбэл, Роберт Родэт зохиолоо бидэнд нэг өдөр зэрэг явуулж л дээ. Би зохиолыг уншиж дуусангуутаа Стивен рүү утасдсан. Харин Стивен над руу ярьсан. Одоо тэр бид хоёр бие биен рүүгээ зэрэг утасдсан гэж ярьдаг юм. Би түүнд техникийн хувьд энэ нь боломжгүй зүйл гэж тайлбарласаар байгаад бүр залхаж орхиж... /инээв/  Гэхдээ хамгийн гол нь энэ киног хамтдаа хийе гэж шийдсэн явдал юм.
-Спилбергийн “Тагнуулчийн гүүр” кинонд та  Америкийн тусгай албаныханд баригдсан зөвлөлтийн тагнуулч Рудольф Абелийг өмгөөлж буй даруухан хуульч Донованы дүрд тоглосон. Тэр тантай их төстэй, мэдээж гаднах төрх нь биш л дээ, зан араншингийн хувьд, уужуу тайван , шударга үнэн ялан мандана гэдэгт итгэлтэй байдаг хүн. Яг л Том Хэнкс тан шиг...
-Баярлалаа, та намайг хэтрүүлэн үнэлж байна. Донован сонирхолтой, зоригтой хүн гэдэг нь үнэн. Хүйтэн дайны үед Америкт Оросын тагнуулыг  өмгөөлж байгаа хэн боловч зөөлөнөөр хэлэхэд, тийм ч сайхан харагддаггүй байсан. Донованы гэрт дайран орж түүнийг золтой л буудчихаагүй, үзэн ядалт, уур хилэнгээр дүүрэн захидал түүнд ирүүлдэг, “Яагаад оросуудад туслаад байгаа юм бэ”гэсэн асуулт олон хүнийг тайван бус байлгадаг байсан. Ер нь бол бодит хүний ялангуяа, одоо амьд сэрүүн байгаа бол  дүрийг бүтээх нь жүжигчинд маш хэцүү байдаг. Харин миний баатар энэ хорвоогоос аль хэдийнэ явчихсан байсан. Түүний дүрийг уран сайхны аргаар бүтээх явцдаа  намтрыг нь бид хэтэрхий мушгин гуйвуулаагүй гэдэгт найдаж байна. Миний гадна төрх түүнтэй төсгүй гэдэг нь үнэн. 
-Та тагнуулч болохыг хүсдэг байв уу, жишээ нь  хүүхэд байхдаа...
-Жеймс Бондын тухай алдартай цуврал гарч эхлэхэд би хүүхэд байлаа. Тэгэхэд миний үеийн эрэгтэй хүүхдүүд ихэнх нь тагнуулч болж тоглодог байсан болов уу. Би багадаа Барби хүүхэлдэйг үйлдвэрлэдэг пүүсээс худалдаанд гаргасан, тусгай дуу намсгагчтай тоглоомын гар буу, камер гээд  “тагнуулч хүнд зориулсан тусгай цуглуулга”-тай хуванцар чемодантай байсан. Харин камер нь бол ажилладаг байсан юм. Камерыг хальсаар цэнэглэн, очсон газрынхаа ширээний ойролцоо чемоданаа тавиад тусгай товчлуурыг дарахад тэр нь зураг авч эхэлнэ. Их гоё санагддаг байсан./инээв/
-“Тагнуулчийн гүүр” кинонд  харилцан яриагүй хэсэг олон удаа гардаг ч  байдал улам хурцдаж байгааг Спилберг хөгжим, дуу чимээ зэргийг ашиглан уран сайхны сонгодог аргаар сонирхолтой харуулсан...
-Үнэхээр бахархмаар... Эцэс төсгөлгүй дэмий яриагаар биш, нүдний харц, нүүрний хувиралаар агшин бүрийг илэрхийлнэ гэдэг жүжигчин хүнд олдож болох хамгийн “амттай зууш”. Миний мэдэж байгаагаар, зарим нөхөд маань иймэрхүү зүйлд дургүй. Харилцан ярих үеэр камер чиний зургийг ойроос татаж авдаг. Олон жүжигчинд энэ нь зайлшгүй хэрэгтэй байдаг л даа. 
-Танай хөрш Стивен Спилберг та хоёр киноноос гадна  түүхэн зохиол унших дуртай байдаг гэсэн...
-Биднийг олон зүйл нэгтгэдэг. Бид хоёулаа түүхэн зохиолгүйгээр байж чаддаггүй. Би оройдоо 1400 хуудастай нүсэр том ном орондоо авч ороод уншдаг. Түүхийн ном унших нь миний завтай үедээ хийдэг зугаатай, сонирхолтой “ажил”. Ер нь  уран сайхны бүтээлээс илүү баримтат зохиол надад таалагддаг. Дунд сургуулийнхаа багшийн ачаар би дэлхий ертөнцийг сонирхдог болж, хэн юу хийв гэсэн асуултын хариуг эрэн хайж эхэлсэн.  Үүний хариуг олохын тулд  түүх сонирхох болсон. Үүний зэрэгцээ 14 настай байхдаа Трумэн Капотегийн “Хүйтэн цуст аллага” гэсэн уншсан юм. Энэ роман бодиттой болсон үйл явдлын тухай өгүүлсэн байсан. Энэ нь бас баримтат зохиол сонирхоход минь нөлөөлсөн. Гэхдээ номын зохиогч хэн бэ гэдэг нь надад  чухал байдаг. Тухайлбал, ЗХУ-ын түүхийн талаар америк хүний бичсэн ном уншдаггүй. Орос хүн энэ талаар  юу гэж бичсэн нь илүү сонин санагдах жишээтэй. 
-Ингэхэд та “Цэрэг Райаныг аварсан нь” киноны  эх зохиолыг уншингуутаа л уг бүтээлийг сонирхсон  шигээ “Форрест Гамп”-т тоглохоор шууд шийдсэн гэдэг. Тэр ч байтугай, энэ киног тодорхой хэмжээгээр санхүүжүүлсэн гэж сонссон юм байна. 
-Тийм юм болсон. Нэг л өдөр студи төсөл хэрэгжүүлэх ажлаа хаахаар шийдэж, киноны зураг авалтыг зогоосон. Найруулагч Роберт Земекис манай гэрт ирээд “Тэд бидэнд Гамп улс орноороо хөндлөн гулдгүй гүйж байгаа томоохон хэсгийн зургийг авахад зориулж мөнгө өгөхөөс татгалзаж байна. Энэ хэсэг байхгүй бол кино хийх ч хэрэггүй. Тийм учраас цаашдаа зураг авах шаардлагагүй гэж үзлээ” гэж хэллээ. Миний хувьд, энэ байдлаас гарах ганц л гарц байсан. Найруулагчийн яриад байгаа тэр томоохон хэсгийн зургийг авахад би хувиасаа мөнгө гаргах... Энэ бодлоо түүнд хэлэхэд, Роберт “Тэгвэл студи биднийг тайван орхиж, ажлаа хэвийн үргэлжлүүлэхийн тулд зардлаа хувааж гаргая” гэсэн санал тавьсан. Би ч зөвшөөрсөн. Бид тохиролцож чадсаны ачаар “Форрест Гамп” дэлгэцэнд гарсан.  
-“Тагнуулчийн гүүр”-ийн таны Донован ЗХУ-ын нутаг дэвсгэр унасан онгоцны нисэгч Фрэнсис Гэри Пауэрсийг тагнуулч Абелиэр солих боломжгүй зүйлийг  бараг зохицуулж чадсан жинхэнэ хэлэлцэн тохиролцогч..Ингэснээрээ Донован зөвхөн даруухан өмгөөлөгч төдийгүй сайн дипломатч гэдгээ харуулсан. Та хэлэлцэн тохиролцож чаддаг урлагт яаж суралцсан вэ? 
-За юу гэж дээ. Би бусадтай адил хэлэлцэн тохиролцож чаддаг хүн биш, үүнийг бүгд, миний хүүхдүүд ч мэдэж байгаа. Зах дээр очоод юмны үнэ ч буулгаж чаддаггүй хүн. Миний хувьд наймаалцана гэдэг харь гариг дээр очсонтой адил зүйл. Энэ бол миний мэдэхгүй “хэл”. 
-Дэн Брауны зохиолоор хийсэн киноны Роберт Лонгдоны дүрд тоглоход ямар байсан бэ? 
-Дэн Браун номондоо олон зохиомол зүйл оруулсан байсан. Жишээ нь, Флоренцид байдаг Палаццо Веккьо ордоны 500-гын танхимын тааз зураг зурсан зотонгоос бүтсэн гэсэн байсан. Үнэн хэрэгтээ энэ нь модон тааз байсан юм. Тэгээд энэ тухай Рон Хорвардад хэлтэл тэр, “үүнд анхаарах хэрэггүй. Дэвид бүгдийг засаад бичихнэ” гэсэн. Би “Энэ Дэн Браун уу, үргэлж байхгүй юмыг зохион гаргаж байх юм” гэж үглэсэн. Ингэхэд номон дээр сайхан харагдаж байгаа юм бүхэн дэлгэцэн дээр аятайхан харагдаад байдаггүй шүү дээ. Миний Роберт Лонгдон профессор бол бас л Дэн Брауны бодж олсон зохиомол дүр. Гэхдээ сонирхолтой, ухаантай хүний дүр.
-Таны үс нэг үе хурдан цайсан... Арай профессор Роберт Лонгдоноос болоогүй биз дээ...
-Үгүй, үгүй. Нисэж явсан галуун сүрэг дайрсны улмаас онгоцны хөдөлгүүр гэмтсэн хэдий ч туршлагатай сайн нисэгч Чесли Салленбергерийн ачаар онгоц бүрэн бүтэн газардаж, зорчигчид эсэн мэнд үлдсэн явдлыг санаж байна уу. 2009 онд болсон энэ явдлын тухай өнгөрсөн жил Клинт Иствудын хийсэн "Салли" кинонд тоглохдоо үсээ будсан юм. Нисэгч Чесли Салленбергер буурал үстэй хүн. Түүнтэй уулзаж байсан. Даруухан, сайхан хүн. Түүний онгоцтой таарсан галуун сүрэг Канадынх юм билээ. Канадын хамтлаг түүнд дуу хүртэл зориулж бичсэн. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.