НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Капиталын үйлдвэрлэл хөгжлийн гарц

В.Хадхүү     Нийтлэгч
2 жилийн өмнө /2017-10-27 12:09:45 GMT +8 / | 3808 удаа уншсан

Капиталист үйлдвэрлэгч үйлчлүүлэгчиддээ сайн үйлчилгээ үзүүлж өрсөлдөгч нараасаа хямд боломжийн үнэ санал болгож чадахгүй бол бизнесээ алдах болно. Капиталистын амжилтын үндэс нь дан ганц үйлдвэрлэл биш, бүтээгдэхүүний үнийн бодлого юм. Капиталист нь хаан ба феодалын (феодалын нийгмийн эзэд) адил өөрийн хөрөнгийг үрэн таран хийх эрхтэй боловч, өөрсдийнх нь албат болох (нөгөө талаасаа эзэд нь болох) хэрэглэгчдийнхээ дэмжлэгээр л хаан сэнтийгээ хамгаалж чадах цорын ганц боломжтой. 
Өөрөөр хэлбэл, баялаг бүтээгчид, үйлдвэрлэгчид өөрийн нийгмээ маш нарийн зөв мэдэрдэг байх шаардлагатай. Капитализмаас өмнөх бүх түүхэн үед ядууст зориулсан хоол хүнс, хувцас хэрэгсэл, наргиан цэнгээний хэрэгсэл, бүр “ном, сурах бичиг” үйлдвэрлээд ч амжилтанд хүрч байсангүй. Учир нь нийгмийн ядуу дорой масс тэдэнд зориулж хийсэн бүтээсэн зүйлсийг хүлээн авах, хэрэглэх боломж, чадамж байсангүй. Тэгэхээр ийм зүйлс үйлдвэрлэсэн  нь хэнд ч хэрэгцээгүй байсаар үнэ цэнээ алдах эрсдэл бараг 100 хувь байж. Юу ч үйлдвэрлэсэн, ялангуяа ядууст зориулан үйлдвэрлэсэн бол зориулалтын бүлэг нь үйлдвэрлэсэн юмыг нь худалдан авч чадахгүйн учир тэр үйлдвэрлэл амжилт олдоггүй байв. Иймийн тул зөвхөн чадвартай баян чинээлэг, худалдан авагчдад зориулсан сайн чанарын, элит бүтээгдэхүүний үйлдвэрлэл л хөгжсөн байдаг юм. 
Феодлын харилцааны үед үйлдвэрлэл “сайн чанарын, цөөн тооны, жинхэнэ ур чадвар шингэсэн” үйлдвэрлэлийг цөөн тооны хүмүүс эрхэлж амжилт олж байсны  шалтгаан нь маш энгийн, бүтээгдэхүүн нь худалдан авах чадвартай нийгмийн бүлэгт зориулагдаж байж. Үүнийг үйлдвэрлэхэд шаталтгүй, цөөн боловч баячууд гарцаагүй авч хэрэглэх болно. Миний үйлдвэрлэл жижиг хэмжээтэй боловч, найдвартай, үүнээс илүү эрсдэл хийх хэрэггүй. Ард түмний ихэнх масс нь нэн ядуу зүдүү бөгөөд хүссэнээ авч хэрэглэх боломжгүй  тийм түүхэн үе лав л 2-5 мянган жил үргэлжилсэн байх юм. Ядууст “боломж хаалттай” байв. Зах зээлийн харилцааг хөгжүүлж, капиталын үйлдвэрлэлийг чөлөөлж чадаагүй улс орнуудад одоо ч энэ гамшиг хадгалагдсаар байгаа нь нэн харамсалтай. Харин капитализм хөгжихийн зэрэгцээгээр энэ хандлага эрс өөрчлөгджээ. 
Ийм нэн эмзэг, бараг яах ч аргагүй нийгмийн ялгарлыг өөрчилж, хүмүүс адилхан эрхтэй, та хөрөнгөтөн юмуу эсвэл ажилчин байхаас үл хамааран бүхнийг эдлэх, ялангуяа эрх чөлөөг эдлэх боломжтой гэдгийг нийгэмд харуулсан хүмүүс нь капиталистууд ажээ. Капиталистууд  үүнийг гарцаагүй хийх албан шаардлага нь дор өгүүлэх гурван амин чухал хүчин зүйлээс хамаарсан байна. 
Капитализм үүсэн хөгжсөн эх газар нь Европ юм. Европын хүн амын ихэнх нь тариан талбайд ажилладаг,  тэндээс (газрын үр шимээр) амьдралаа залгуулдаг байж л дээ. Гэтэл хөдөөгийн хүн ам нэмэгдэхийн хэрээр тариан талбайд ажиллах хүмүүсийн тоо илүүдэээд эхэлжээ. Үүнд нийгмийн дэвшлийн дараагийн үе шат заавал нөлөөлсөн байдаг. Одоогоос 200 жилийн өмнөөс, яг л энэ үетэй давхцан хүн төрөлхтний түүхэнд шинжлэх ухааны хөгжил маш эрчимтэй дэлгэрсэн байдаг. Сургууль, эмнэлгийн тогтолцоо харьцангуй сайжирч, үүнтэй холбоотойгоор хүн амын боловсрол, эрүүл мэндийн хандлага, магадгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ арай шинэлэг, дэвшилтэт хэлбэрт шилжсэн байна. Хүний наслалт өндөрсөж, төрөлт нэмэгдэж, айл өрхийн хүүхдийн тоо өсөх хандлага нэгэн жигд нэмэгджээ. Тариачны гэр бүл ч олон хүүхэд төрүүлж эрүүл саруул өсгөх боломж бүрдсэн гэсэн үг л дээ. Ийнхүү нийгмийн дүр төрх өөрчлөгдөхийн хэрээр хүн амын илүүдэл үүсээд эхэлсэн. Газар бол хэзээ ч өсөн нэмэгдэх боломжгүй юм. Үүнээс өмнөх түүхэн үед, тухайлбал Европт бүх үржил шимтэй газар нэгэнт дуусаж, бүгд газрын эздийн эзэмшилд шилжсэн байж. Хятад, Энэтхэг, Ойрхи ба дундад дорнод, Япон, Оросын хувьд ч бараг ижил түвшинд байв. Газар эсвэл эдлэн өвлөөгүй “шоовдорлогдсон” хүмүүст хийх ажил ховор, бас уламжлалт боловсруулах үйлдвэрт ажиллах боломж үгүйгээс, яах ч аргагүй нийгмийн пролетариуд ихээр үүсч тэдгээр нь нэн ядуу, зөвхөн төрийн дэмжлэгээр л амьдрахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсчээ. Монгол хүмүүсийн хувьд ийм ядуу буурай байдал одоогоос өмнөх бүх түүхэн үеийн туршид хэзээ ч үүсч байгаагүй бөгөөд, өнөөдөр ч үндсэн утгаараа үүсээгүй байгаа хэдий ч энэ нь капиталист үйлдвэрлэлд хориг саад болохгүй л дээ. 
Европт, тухайлбал Англи Нидерланд зэрэг улс орнуудад нийгэмд илүүдэл  ажил орлогогүй ядуусын тоо чинээндээ тултал нэмэгдсэн нь нийгмийн хуучин тогтолцоог хадгалж үлдэх боломжгүй болгож, ард иргэдийн амьжиргаанд бодитой аюул занал учруулах болжээ. Үүнээс дутахгүй бас нэг аюул нь түүхий эд материалын дутагдал болдог байна. Өөрөөр хэлбэл хүн амынхаа хүнсний болон ахуйн хэрэгцээг улс орны төрийн тогтолцоо нь хангаж чадахгүйд хүрдэг байна. Энэ нь эрх баригч язгууртнуудыг мухардалд оруулдаг аж. Язгууртнууд төрийн эрхэнд морилж, ард түмнээс дэмжлэг авснаар эрх мэдлээ үргэлжлүүлж чадна. Ард түмний дэмжлэг авч чадахгүй бол эрх мэдлээ мөн адил алдах хувь заяатай юм. 
Нийгмийн ноцтой байдал үүссэн энэ үеэс Европт орчин үеийн капитализмын үндэс суурь тавигджээ. Мөнөөх “шоовдорлогдсон” хүмүүс буюу ядуусын дундаас бусдыгаа уриалан ямар нэг зүйл боловсруулж, үйлдвэрлэх багахан цех ажиллуулах санаачилга гардаг байна. Энэ нь тухайн үеийнхээ иннноваци байдаг байна. Эдгээр шинийг санаачилгачид ихэс дээдэст зориулсан үнэтэй бараа биш, харин хүн бүрийн хэрэгцээг хангах хямд бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлдэг байна. Үүнийг капиталист үйлдвэрлэлийн үндсэн зарчим болох “бөөний үйлдвэрлэл” гэж нэрлэдэг. Энэ нь массын хэрэгцээг хангах бөөний үйлдвэрлэл бөгөөд энэ бөөний үйлдвэрлэл эрчээ авсаар шинэ “том” капиталистыг төрүүлдэг байна. Нэн сонирхолтой нь арай бэл бэнчинтэй хүмүүст зориулсан тансаг бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэгчид том бизнесийн хүрээлэлд хэзээ ч амжилттай ажиллаж чаддаггүй байна.
Өнөөдөр том үйлдвэрүүдэд ажиллаж байгаа хүмүүс л тэр үйлдвэрийнхээ бүтээгдэхүүний гол хэрэглэгчид болж байна. Угтаа энэ л үйлдвэрлэлийн капиталист зарчим хийгээд хуучин үеийн феодал маягийн зарчим хоёрын гол ялгаа ажээ. Хүмүүс үйлдвэрлэгч болон том бизнесийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчийн хооронд ялгаа бий хэмээн эндүүрдэг. Жишээлбэл сүүлийн үед Америкийн болон Монголын их дэлгүүрүүдэд ялгаагүй “ямагт хэрэглэгчийн зөв”, “хэрэглэгч та хаан” гэх уриа үргэлж тааралдах болсон. Энэ юуг харуулж байна гэхээр хэрэглэгч та бол энэ их дэлгүүрт зарж байгаа бүтээгдэхүүний үйлдвэрлэгч нь өөрөө мөн гэдгийг харуулж байгаа юм. Тэгэхээр бид капиталист нийгмийг бүтээн буй болгогчийн хувьд үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлж, өөрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өөрөө хэрэглэгчид нь болж чадсан тэр үед л эх орныхоо, баялгийнхаа жинхэнэ эзэд нь байж, аз жаргалтай амьдрах нөхцөл бүрдэнэ гэсэн үг. Энэ тогтолцоо америкт яг биеллээ олсон байна. Харин Монголд бид арай л үүний үндсэн утггыг нь биелүүлж чадахгүй байна. Том бизнесийн эрх мэдэл, хүч хэмжээлшгүй их гэж бодож байгаа бол эндүүрэл юм. Том бизнесүүд бүтээгдэхүүнийг нь худалдан авч байгаа буянтнуудын хүчинд л оршин тогтнож байгаагаас хойш хэрэглэгчдээ алдах юм бол өөрийн эрх мэдэл, нөлөөг хамт алдах болно.
Хүмүүс, худалдан авагчид “бүтээгдэхүүний үнийг” хамгийн зөв тогтоох боломж нь зөвхөн зах зээлийн нийгэмд л байдаг. Үүний цорын ганц боломж нь хүмүүс хамгийн боломжийн бөгөөд хямд үнэтэйг нь яг сонгож худалдан авдаг. Сайн чанартай бөгөөд үүнээс илүү хямд бүтээгдэхүүн хаана ч байхгүй бол түүнийг хэрэглэгчид заавал авдаг. Харин чанар муу бөгөөд өндөр үнэтэй бол хүмүүс авдаггүй. Тэгэхээр капиталист тогтолцооны амин хүнс нь хамгийн бага үнээр бүтээгдэхүүнээ борлуулах явдал юм. Таны барааг хүмүүс авахгүй бол тэр нь үнэ нь өндөр буюу, борлогдох шалгуурыг хангахгүй байна л гэсэн үг. Энэ нь ганцхан өргөн хэрэглээний бараан дээр ч биш өвөрмөц хэрэглээний бараан дээр ч тусгалаа олно. Үйлдвэрлэгч зах зээлээ сайтар судалсны үндсэн дээр өөрийнхөө бүтээгдэхүүний байж болох хамгийн бага үнийг тухай бүрд нь шинэчлэн тогтоох ёстой. Бүтээгдэхүүний дээд үнэ нь хэзээ ч ач холбогдолтой байж, үйлдвэрлэгч эзэндээ ашиг өгдөггүй. Зүгээр л түүнийг чинь хүмүүс авахгүй гэсэн үг. Гэтэл феодлын маягийн үзэл баримтлалтай төр ноёрхож байгаа үед үйлдвэрлэлийн хэмжээ болон төрлийг төрөөс зохицуулах оролдлого хийж, төрийн үзэмжээр зах зээлийн үед нэн ашигтай зарим бизнесийг шахах, дэмжихгүй байх оролдлого хийдэг аж. Үнийн зохицуулалт хийх оролдлого ч үүнд хамаарна.
Үйлдвэрлэгчид (капиталистууд)  үйлдвэрлэсэн бүхнээ өөртөө хэрэглэж чадахгүй. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэгч ихээхэн ашиг олж, хөрөнгө хуримтлуулсан бол түүнийгээ бүгдийг нь өөрийн биед шингээх ямарч боломж байхгүй. Олсон орлогоороо хуримтлал үүсгээд, үүсгэсэн хуримтлалаа дараагийн бүтээгдэхүүнийг, шинэ  их бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд зориулан хөрөнгө оруулалт хийдэг.  Шинээр хийсэн хөрөнгө оруулалт нь улам их бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зарцуулагдах бөгөөд, ингэснээр бүтээгдэхүүний хүртээмж хүмүүст хүрч улмаар бүтээгдэхүүний үнэ хямдрахад л хүргэнэ.  Бизнес эрхлэгч нэмж олсон хөрөнгөөрөө, шинээр ажилчин хөлсөлнө, шинэ түүхий эд материал худалдан авна. Ингэснээр шинэ ажилтанг цалинтай болгох, түүхий эдийн үнийг нэмэгдүүлэх зэрэг сайн үйл хэрэг бүтээнэ. Бизнес эрхлэгч энэ эргэлтээс ашиг олохоос хамаагүй өмнө, ажилгүй байгаад ажилд орсон ажилчин, түүхий эд үйлдвэрлэгч фермер, цалин хөлс авч буй хүн бүр тэр нэмэлт хуримтлалын үр ашгийг хүртэнэ гэсэн үг. Бизнес эрхлэгч хуримтлалаасаа ашиг олох эсэх нь зах зээлийн цаашдын байдал, түүний хандлагыг зөвөөр таамаглаж чадах өөрийнх нь чадвараас л хамаарна. Харин ажилчид болон түүхий эд үйлдвэрлэгчид ашгаа тэр дариуд нь авах болно.
Капиталист үйлдвэрлэгчийн “цалингийн бодлого” угтаа хүн төрөлхтний хөгжлийг, хүн амын бодит өсөлтийг хангах түүхэн нөхцөл болдог байна. Энэ нь ажилчдын цалинг хамгийн зөв үндэслэлтэйгээр нэмэгдүүлнэ гэсэн үг аж. Үйлдвэрлэгчид аль болох хуримтлал үүсгэж, бизнестээ хөрөнгө оруулах хэрээр, үр дүнг нь хүртсэн олон хүмүүст шинэ хуримтлал буй болох, ингэснээр шинэ үйлдвэрлэгчид буй болох, шинэ ажлын байр буй болж, ажилтай орлоготой ажилчдын амьдралын нөхцөл сайжран, улмаар хүн амын өсөлт хурдтайгаар нэмэгддэг байна.  Үүнийг капитализм зүй ёсоороо хөгжсөн, Англи АНУ, баруун Европ төдийгүй бидний хөрш Орос ба Хятадын жишээ батлах аж. Марксист болон бусад харгис онолууд үүнийг буруугаар тайлбарласан нь буй.
Хамгийн гол зүйл бол амьжиргааны түвшин өндөр байх эсэх нь капиталын нийлүүлэлтээс л хамаардгийг ойлгох хэрэгтэй. Хүн ам өсөхийн хэрээр капиталын нийлүүлэлтийг адил хэмжээнд ихэсгэх нөхцөлийг төрөөс бүрдүүлэх ёстой юм. Капиталын нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бараг цорын ганц эх сурвалж нь үйлдвэржүүлэлт ажээ. Социалист маягийн сайхан арга хэмжээ авч хүн амын өсөлтийг түр зуур нэмэгдүүлж болох хэдий ч хамгийн гол зүйл болох капиталын нийлүүлэлтийг үүнтэй пропорцоор өсгөж чадахгүй бол, хүн амын механик хэт өсөлтийг буй болгож, ажилгүйдэл, ядуурлыг нэмэгдүүлэн улс орны хөгжлийг ноцтойгорр гажуудуулахад хүргэнэ. Хүн амын нэгж өсөлттэй зөв харьцаатайгаар, хөрөнгө оруулалтын хэмжээг өсгөж чадвал улс орны хөгжил хурдасдаг байна. Үүнийг Монгол Улсын төрийн механизм зөв мэдэрч үйлдвэрлэлийг, капиталын үйлдвэрлэлийг бүх талаар дэмжих шаардлагатай байна.
Ерөнхий  зарчмаараа хүн ядуу төрсөн бол ядуугаараа л амьдарсаар дуусах, харин хөрөнгө чинээтэй айлд хүү болон төрсөн бол чинээлэг хангалуун амьдарсаар л үхэх хувь заяа, зураг төөрөг хүн төрөлхтний нийтлэг  “амьдралын мөрдлөгө” байсан нь одоогоос 200-300 жилийн өмнөх цаг үед хамаарч, тухайлбал феодлын нийгмийн жинхэнэ дүр зураг байлаа. Одоо ч зарим оронд энэ хэвшил байсаар л байгаа юм.   Бид монголчууд ийм бурангуй цаг үеийг ардаа орхисон гэж бодож байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.