НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Тагнуулчдын радио гэж үү?

П.Соёлдэлгэр     Нийтлэгч
10 сарын өмнө /2017-10-27 12:18:58 GMT +8 / | 1753 удаа уншсан

Энэ радио станц 1982 оноос богино долгионоор хачин “нэвтрүүлэг”-ээ цацаж эхэлсэн гэдэг. Харин тус станцаас эфирт сонсогддог утга учиргүй тоо, үсэг, орос үг, дүнгэнэсэн этгээд чимээ хэнд зориулагдсаныг нь таахад бэрх. “Би Би Си” радиогийн сэтгүүлч Зарайя Хорветт энэ оньсого шиг “нэвтрүүлэг”-ийн учрыг тайлахыг зорин ажиллаж байна. Ладог нуур Финийн буланг заагладаг хүзүүвчийн дунд хавьд, тэндхийн нуур, намаг хоёрын хооронд зэвэрсэн том төмөр хаалга, тэрний ар талд бас нэлээн хэдэн радио антенийн цамхаг, чулуун ханаар хүрээлэгдсэн эзэнгүй хаягдсан хуучин барилга байдаг аж. 

Энэхүү ёозгүй харагдах газраас хэнд хамаарагдах нь үл мэдэгдэх “МДЖБ” гэсэн үсэг бүхий дуудлагын дохиотой, сонирхогчдын дунд “Дүнгэнүүр” гэж нэрлэгддэг радио станц нэвтрүүлгээ нэг удаа дамжуулж байсан гэж Британийн сэтгүүлч таамагласан байна.  
Харин 2015 оны арванхоёрдугаар сарын 28-наас энэ нууц станцын дуудлагын дохионы үсэг “ЖУОЗ” болж өөрчлөгджээ. Сүүлийн 35 жилийн турш, долоон хоногийн долоон өдөр, хоногийн 24 цаг эфирт нэгэн хэмийн дохио үе үе тасалдан дүнгэнэсээр байна. Долоо хоногт ганц хоёр удаа эрэгтэй эсвэл эмэгтэй хүний хоолойгоор жишээ нь, “үр тариа”, “тусгаарлагч”, “жижиг хайс” гэж уншдаг. Ингээд л гүйцээ. 
 Радиогийн 4625 кГц-ийн долгион дээр таарсан хэн боловч дэлхийн аль ч өнцөг булан бүрт энэ хачирхалтай нэвтрүүлгийг сонсож болно. Энэ станцыг хуйвалдагчдийн онолыг сонирхогчдод зориулан байгуулсан гэлтэй. Сонирхогчдын хувьд уг радио зүгээр л “Дүнгэнүүр” юм. Тэрнийг сонссон олон хүн нэвтрүүлгийн утга нь ямар ч ойлгомжгүй байгааг хүлээн зөвшөөрчээ.  Гэхдээ “Дүнгэнүүр” дэлхийгээр нэг тарсан оросын туршуулуудын мэдэлд байдаг гэж зарим мэргэжилтэн үздэг хэдий ч одоогоор баттай нотолгоо байхгүй байна. “Дүнгэнүүр” хэзээ ч дараалсан урт тоо нэвтрүүлдэггүй. Тэгээд “Дүнгэнүүр” юун тухай дүнгэнэж байгаа хэрэг вэ? Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, энэ байнга дүнгэнэж байгаа дуу чимээ нь өөр хэн нэгэн ашиглахгүй байхад зориулан “Энэ бол миний давтамж, энэ бол миний давтамж”гэж удаа дараа хэлж буй үг байж магадгүй юм. 
Ямар нэг хямралын үед жишээ нь, Орос руу хэн нэгэн халдвал “Дүнгэнүүр” нь шууд л богино долгионы радио станц болж хувирна. Тэр үед дэлхий дахины тагнуулын сүлжээнд улс орны алслагдсан өнцөг булан бүрийн цэргийн анги нэгтгэлд тулаанд бэлэн байх үүрэг  өгснийг радио дамжуулах болно. 
“Дүнгэнүүр”-ийг энэ зорилгоор туршиж эхэлсэн байж магад гэж  Зарайя Хорветт таамагласан байна. 2013 онд “Тушаал 135  буюу цэргийн хээрийн сургуулийн түгшүүр” зарласныг МДЖБ дамжуулсан”гэж  Британийн радио сонирхогч Марис Голдманис хэлжээ. Гэхдээ түүнийг буруу ойлгосон ч байж  болохыг үгүйсгэх аргагүй.  Балтийн тэнгис хавийн радио сонирхогчид “Дүнгэнүүр”-ийг байнга ажиглаж байдаг. 
Магадгүй, сонирхогчид оньсого мэт радио станцын нууцыг тайлах ч юм бил үү. Хэрэв “Дүнгэнүүр” үнэхээр тусгай зориулалттай бол тэрний дүнгэнэх дуу хэзээ ч битгий тасраасай билээ. 

“Дүнгэнүүр” оросуудад хамаатай юу

 Харь гаригийн гийчид эх дэлхийд ирсэн, нисдэг таваг үзэгдсэн гэх мэтийн мэдээлэлд хайхарамжгүй ханддаг судлаачид “оюун ухаант ах дүү нар”-тайгаа холбоо тогтоох гэж дохио сансраас ирүүлэх нь байж боломгүй зүйл гэж үздэггүй. 
Тэдний зарим нь  харь гаригтай холбогдсон хүмүүс дээрх радио станц харь гаригээс ирүүлсэн дохиог дамжуулж байж болох юм гэсэн таамаглал гаргажээ. “Тоо томшгүй олон гариг эрхэсийн зүгээс илгээсэн дохио агаар мандлын уудам орон зайд тархаж байгааг үгүйсгэх аргагүй. Агаарын долгионоор тархсан тэр дохиог учир нь үл мэдэгдэх радио станц дамжуулж байгаа нь юу л бол. Юутай ч, тус радио станцын давтамж оросуудад хамаарагддаг гэсэн баттай нотолгоо алга. 
Гагцхүү “Дүнгэнүүр” цаашид хэчнээн жил дүнгэнэхийг ажиглах хэрэгтэй болж байна” гэж Лондоны Сити Их сургуулийн цахим холбооны асуудал эрхэлсэн мэргэжилтэн Дэвид Стапплз хэлжээ. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.