НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

ДОНОР нь бэлэглэх гэсэн утгатай ЛАТИН ҮГ “ДОНО”-гоос гаралтай

Б.Ерэнтэй     Нийтлэгч
1 жилийн өмнө /2017-10-27 12:31:10 GMT +8 / | 3664 удаа уншсан

Австричуудын мөнгөн тэмдэгт нь еврод шилжихээс өмнө буюу 2002 оны хоёрдугаар сарын 28 хүртэл гүйлгээнд хэрэглэж байсан 1000 шиллингийн дэвсгэр дээр тухайн орны иргэдийн төдийгүй хүн төрөлхтөний бахархал болсон суут эрдэмтний хөрөг, түүний агуу нээлтийг илэрхийлсэн зураг бий. Энэ эрхэм бол 1930 оны Нобелийн шагналыг физиологи, анагаахын шинжлэх ухааны салбарт хүртсэн Австрийн биологич Карл Ландшеймар (1868-1943). Тэрбээр дөрвөн бүлгийн цус байдгийг тогтоосноор цус сэлбэх эмчилгээ зөв гольдорлоор эрсдэлгүй үр дүнтэй болох асуудлыг 100 хувь шийдсэн юм. Сайхь эрдэмтний агуу нээлтээр хүн төрөлхтөн мэдсэн зүйл нь: -Донорын цусны хүчилтөрөгч зөөгч улаан эсийн гадаргад байрлах химийн нэгдэл-“эсрэг төрөгч” нь өвчтөний цустай дархлааны урвал үүсгээгүй нөхцөлд л цус юүлэх нь ямар ч эрсдэл аюулгүй, сайн үр дүнд хүрнэ. А, В гэсэн хоёр төрлийн “эс төрөгч” байдаг. Эдгээр “эс төрөгч”-өөс үндэслэн хүний цусыг А. В, АВ, 0 (аль нь ч байхгүй) гэж дөрөв ангилж болно.
-А бүлгийн цусыг А “эсрэг төрөгч”-ийн эсрэг нь эсрэг бие агуулсан В болон 0 бүлгийн цустай өвчтөнд хийж болохгүй. /Ярианы хэлэнд 2-р бүлгийн цустай хүн/
-В бүлгийн цусыг А болон 0 бүлгийн цустай өвчтөнд хийж болохгүй. Учир нь эдгээр бүлгийн цусанд В “эсрэг төрөгч”-ийн эсрэг нь эсрэг бие агуулагддаг. /Ярианы хэлэнд 3-р бүлгийн цустай хүн/
-АВ бүлгийн цусыг зөвхөн А ба В “эсрэг төрөгч”-ийн эсрэг нь эсрэг бие агуулаагүй цустай өвчтөн буюу ижил АВ цусны бүлэгтэй өвчтөнд юүлж болно. /Ярианы хэлэнд 4-р бүлгийн цустай хүн/
-0 бүлгийн цусыг бусад аль ч бүлгийн цустай хүнд юүлэхэд дархлааны урвал үүсэхгүй таардаг. /Ярианы хэлэнд 1-р бүлгийн цустай хүн/
Карл Ландшеймарын нээлт 1900 онд гарснаас зургаан жилийн дараа анагаахын шинжлэх ухаанд цусны бүлгийг тогтоож цус сэлбэдэг олон улсын стандарт журам тогтсон бөгөөд Дэлхийн I дайны жил 1914-1918 онд нөхцөл байдлаас үүдэж цус сэлбэх, цусан бүтээгдэхүүнийг удаан хугацаагаар хадгалах арга хөгжиж шинэ шатанд гарсан байна.
Дашрамд сонирхуулахад цус юүлэх буюу одоогийн бидний хэллэгээр цусны донорын үйл ажиллагааг эрт дээр цагт ч эрхэлж байсны анхны баримт нь, мэдэгдэж байгаа эх сурвалжаас харахад МЭӨ үед хамаардаг. Донор нь бэлэглэх гэсэн утгатай латин үйл үг “доно”-гоос гаралтай билээ. Эртний Ромын яруу найрагч Овиди Назонын “Метаморфоз”(хувирал) туульсад насанд дарагдсан Пелид өөрийн цусаа гаргаж, оронд нь залуу хүний цус сэлбэн залуужих талаарх зөвлөгөө хэлсэн шүлэглэсэн мөр бий. Анагаахын эцэг гэгддэг Гиппорат (460-377 МЭӨ) өвчтөнүүдэд эрүүл хүний цус уухыг зөвлөдөг байжээ. Эртний Ромын язгууртнууд тулаанд алагдсан мэсчин боолуудын цусыг ууж залуужих туршилт хийж байсан түүхтэй.
Дундад зуунд ч донорын цусаар өвчтөн эмчлэх оролдлого үргэлжилж байлаа. Үүний жишээнд XY зуунд Ромын пап YIII Иннокентийн амь насыг аврахаар гурван жаал хүүгийн цусаар бэлдмэл хийж хэрэглэж үзжээ. Гэсэн ч энэ оролдлого үр дүнд хүрээгүй. Английн эрдэмтэн Ричард Лоуер (1631-1691) нохойны венийн судсанд дарс, шар айраг, сүү хийж амьд үлдэх эсэхийг нь 1666 онд анхлан туршиж үзжээ. Туршилт амжилттай болсны дараа нэг нохойг зориуд шархлуулж цусыг нь гоожуулсан байна. Цусаа дуусч үхэтхийн унасан уг нохойнд хоёр дахь нохойны артерийн судаснаас ханасан цус сэлбэж амьд үлдээн хөл дээр нь босгож чаджээ. Тэрбээр энэ туршилтаа шиинжлэх ухааны нээлт гэж үзэж, түүгээр ч зогсохгүй Лондон хотноо Эзэн хааны нийгэмлэгийн танхимд илтгэл тавьж байв. Ричард Лоуерын туршилтын үр дүн Европ дахиныг шуугиулан олон эрдэмтний хорхойг хөдөлгөж эхэллээ. 1667 онд Английн Самуэль Пипе гэдэг эмч хонины цусыг донор болгон хийлгэх хүн хайсан зарлал гаргав. Төд удалгүй 20 шиллингийн төлбөр аваад туршилтад орох хүн ч олдлоо. (Хонины цусаар донордуулсан туршилтын үр дүн нууц хэвээр үлдсэн).
Ричард Лоуерийн “нээлт”-ийн дуулианд хөтлөгдсөн Францын нэртэй философич, математикч Жак-Батист Дени мэргэжлээ сольж донорын сэдэвт оюун ухаан сорилоо. Тэрбээр амьтан дээр цус хийх нэлээд хэдэн туршилт явуулж дадлагажсаны эцэст мэс засалч Эффезерийн хамтаар 1667 оны зургадугаар сарын 15-нд Парис хотноо хүнд өвчтэй арванзургаан настай хөвгүүнд хурганы 250 миллилитр цус хийв. Тохиолдлоор байж магадгүй, ямар ч болов сайхь хүүгийн өвчин илааршжээ.
Анхны туршилтдаа урамшсан Жак-Батист Дени сэтгэцийн өвчтэй Антон Моруа гэдэг эрд тугалын цус хийж донордоод хэрэгт орсон. Өвчтөн нас барснаар, эхнэр нь эрдэмтнийг шүүхэд өгч, улмаар Францын парламент түүнийг амьтны цусаар донордон өвчтөнийг эмчлэхийг нь бүрмөсөн хориглолоо. Тухайн үед иймэрхүү амьтны цусаар донордсон эмчилгээг Франц, Англи, Итали, Германд нийтдээ 20 удаа хийсэн байдаг.
Дээр дурдсан бүтэлгүй оролдлогуудаас хойш эмчилгээнийн цус юүлж донордох арга мартагдсан байна. Харин энэ цагаас 150-иад жилийн дараа Английн эмч Жеймс Блендель донорыг сэргээж, 1818 онд ходоодны хорт хавдартай өвчтөнд анх удаа хүний цус сэлбэсэн. Өвчтөн 56 цагийн дараа талийгаач болжээ. Харин эмч маань амаржаад төрсний хүндрэлээс болж их хэмжээгээр цус алдсан эхэд хүний цус сэлбэсэн нь амжилттай болжээ. Жеймс Блендель донорын цус хийсний дараа өвчтөн эмэгтэйд илэрч байсан зовиурыг цусан дахь агаарын бохирдол, хамгийн чухал нь ҮЛ НИЙЦСЭН ЦУСТАЙ холбон тайлбарлажээ.
Түүний таамаглал болох үл нийцсэн цусны тухай ойлголтыг шинжлэх ухааны төвшинд, нээлт болгож гаргаж ирсэн суут эрдэмтэн нь Карл Ландшейм болохыг нийтлэлийнхээ эхэнд өгүүлснийг уншигчдадаа дахин сануулъя.
Нэмж бас хэлэхэд бидний монголчуудаас цөөн бус хүн “Би Бөртэ чонын удамтай билээ” гэж омогшоод Гуа маралын төрөл зүйл-бор гөрөөс, хар сүүлт, цагаан зээрийн түүхий цус ууж хаврын ядаргаагаа тайлдаг зуршил нь Жеймс Бленделиэс өмнөх үеийн амьтны цусаар донордсон жишээтэй агаар нэгэн байх чинь юу вэ?
Карл Ландшейм хүмүүс бидний цусны найрлага, ааш авирыг тогтоож өгсний ачаар цусны донорын эмчилгээ асар үнэ цэнтэй болсныг хэлэх юун. Их эрдэмтний ачийг өнө мөнхөд санан дурсахын үүднээс дэлхий даяараа түүний төрсөн өдөр-зургадугаар сарын 14-нийг тохиолдуулан жил бүр “Дэлхийн Цусны донорын өдөр”-ийг тэмдэглэдэг .
Манай мэргэжлийн байгууллага болох ЦССҮТ нь анх 1956 оны нэгдүгээр сарын 20-нд Цус сольж эмчлэх газар нэртэйгээр үүдээ нээж, дараа нь 1962 оны төгсгөлөөр Цус сэлбэх төв станц болон өргөжсөн бөгөөд 1994 оноос одоогийн нэр хаягтай болсон газар. Манай улсын хэмжээнд сүүлийн 10 жилд донорын тоо болон цус, цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ хоёр дахин өссөн сайн үзүүлэлт байгаа. Хэрвээ Та 17-60 настай, 45 кг-аас дээш жинтэй, ямар нэгэн хүндрүүлэх нөхцөлийн хэмжээний өвчин эмгэггүй бол тус төв, түүний харьяа газруудад хандан цусны донор болж буянтай үйлсэд нэгдэж болох юм шүү.
Харин цусаа өгөөд мөнгө авдаг байсан социализмын үеийн дүрэм, журам 1994 оноор тасалбар болсон гэдгийг хэлье.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.