НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Б.Батбаярт: ХӨГЖЛИЙН БАНК ХӨГЖЛИЙГ ХӨТӨЛДӨГ БАНК БАЙХ УЧИРТАЙ

Х.Бүрэнтогтох     Нийтлэгч
1 жилийн өмнө /2017-12-04 16:59:25 GMT +8 / | 25888 удаа уншсан

Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Балганы Батбаяр “Open door” сонины энэ удаагийн зочиноор уригдлаа. Бид зөвхөн банк, санхүүгийн талаарх яриагаар хил хязгаар тавилгүй санал бодлоо чөлөөтэй солилцсонд ноён Б.Батбаярт Уншигч олныхоо өмнөөс талархаж байна.

-Танай банкыг би Хөгжлийн банк л гээд байдгаас Монгол улсын хөгжлийн банк гэж өргөн утгаар нь тусгаж байсангүй. Мань мэтийн молхи толхи ойлголттой хүмүүс байдаг л байх. Тэгэхээр ярилцлагаа арай өндрөөс эхэлье гэж бодлоо. Монгол Улсын эдийн засгийн өсөлт хасахаас нэмэх рүү бүр 5.3 хувьд хүрлээ. Ноён захирал Та Сангийн яам, Хөгжлийн банк гээд эдийн засгийн түлхүүр болсон байгууллагад хариуцлагатай ажилд байсан, байгаа хүний хувьд өөрийн тайлбарыг хэлэх үү?
-Эдийн засгийн уналт саарч эерэг үзүүлэлт гарч эхэлсэн нь бодлогын чиглэлд хоёр үндсэн арга хэмжээ авсны үр дүн гэж бодож байна. Нэгд, санхүүгийн салбарын бодлогын арга хэмжээнд томоохон өөрчлөлт хийсэн. Мөнгөний бодлого чангарч эхэлсэн. Энэ нь өнгөрсөн хугацаанд эдийн засагт хэвлэсэн ихээхэн мөнгөнд суурилсан их хөөсийг хэвийн хэмжээнд нь оруулахад чиглэсэн бодлогын арга хэмжээнүүдийг авсан. Хоёрт, төсвийн бодлого, мөнгөний бодлогоо уялдуулж дунд хугацаанд төсвийн сахилга батыг сайжруулсан. Эдгээр багц арга хэмжээнүүд нь доошоо хасах руу живж байсан суурийг хатууруулаад нэлээн бат бэх суурь болгож өгсөн гэж үзэж байна. Дунд хугацаанд Монгол Улсын баримтлах санхүү, эдийн засгийн бодлого тодорхой болж, эдийн засгийн суурь засагдаад ирэхэд энэ эерэг үзүүлэлтийг дагаад гадаад түншүүд, гадны хөрөнгө оруулалт нэмэгдэх хандлагатай болсон. Өөрөөр хэлбэл гадныхан Монголд хуучин шигээ сул мөнгөний бодлого, мөн валютын ханшийн эрсдэлд ороод оруулсан хөрөнгө оруулалтын ашиг маань ууршаад алга болчих вий гэсэн айдас болгоомжлол алга болж байна. Нөгөө талаас гадаад хүчин зүйл буюу манай экспортын голлох нэрийн бүтээгдэхүүний үнэ өссөн. Энэ хоёр хүчин зүйлийн нийлбэр дүн эерэг үр дагаврыг авчирч байна. Гэхдээ бид хөгжлийн стартегиа төлөвлөхдөө гадна талын хүчин зүйлийг урт хугацаанд тогтвортой байна гэж андуурч болохгүй. Үнийн өсөлт бууралт бол савалгаатай байдаг. Иймээс гадна талын ямар хүчин зүйлүүд өөрчлөгдөж, өсч буурах вэ гэдгээ тодорхойлоод дотооддоо мөчлөгийг сөрсөн сөрөг арга хэмжээгээ аваад хэрэгжүүлээд явах ёстой. Өөрөөр хэлбэл ОУВС-ийн хөтөлбөртэй уялдуулж валютын гадагшаа урсах урсгал, өрийн дарамтыг тогтворжуулах арга хэмжээг үргэлжлүүлэх хэрэгтэй. 
-Ноён захиралаа, 2017 онд Монгол Улсын өр зээлийн эргэн төлөлтөнд Хөгжлийн банк үүрэгтэй оролцсон гэж боддог. 2017 онд хөрөнгийн зах зээл дээрээс санхүүжилт босгосон нь 2021 он хүртэл айлтгүй болох нь гэж дуулдана. Өөрөөр хэлбэл гадаад төлбөрийн эргэн төлөлтийн дефолтын эрсдлээс гарах нөхцөл гарлаа гэсэн. Энэ талаар Та тайлбар өгөхгүй юу?
-Манай банкны хувьд улсын өмнө тулгараад байсан гадаад зээлийн төлөлтийг хийхэд Засгийн газар, Монголбанкнаас хийсэн арга хэмжээг бүрэн дэмжин ажилласан. Банкны зүгээс энэ онд нийт 324 сая ам.долларыг гадагшаа төлсөн. Оны хамгийн эхэнд төлөгдөх байсан төлбөрийг амжилттай зохион байгуулж чадсан учраас гадаад зах зээл дээрх Монголын эдийн засагт итгэх итгэлийг сэргээж чадсан. Энэ хэмжээгээр эх үүсвэрийн өртөг буурч байна. Ганцхан жилийн өмнө зээлжих зэрэглэл өнөөгийнхөөс хоёр шатлалаар өндөр буюу "Б2" байхад 2016 оны 4 дүгээр сард 10.87 хувьтай босгож байсан бондын хүү өнөөдөр 5.69 хувь болж буурсан нь Монгол Улс дефолтын эрсдэлээсээ гарсныг олон улсад хүлээн зөвшөөрсөн үзүүлэлт болж байна. 
-Та Сангийн яаманд хариуцлагатай алба олон жил хашсан хүн. Тэгэхээр Монгол Улсын эдийн засгийн том зургыг харж байсан байж таараа. Манай эдийн засаг яаж хөөсрөөд байсан юм. Мэргэжлийн бус бидэнд ойлгогдохоор хэлж өгнө үү?
-Энгийн жишээгээр тайлбарлахыг хичээе. Эдийн засаг өөрийнхөө шингээж чадах хэмжээнээсээ илүү мөнгөний эргэлт, төсвийн тэлэлт бий болгоход хөөсөрнө. Айл өрх, хувь хүн ч гэсэн энгийн хэрэгцээнээсээ илүү их мөнгөтэй болбол түүнийгээ урьдчилан төлөвлөөгүй элдэв хэрэгтэй, хэрэггүй юманд учир зүггүй зардаг шүү дээ. Үүнийгээ дагаад эдийн засагт байгаа бараа, үйлчилгээний үнэ өсөхөд хүрдэг нь таны асуугаад байгаа хөөс юм. 
-Шунал, хэрэглээ хоёрт хязгаар байхгүй гэдэг шиг?

-Тэрийг хэлж мэдэхгүй байна. Гэнэт том хэмжээний зээл аваад их мөнгөтэй болоход өмнө нь орлогын түвшин дунд юм уу, хэвийн хэмжээнд байхад зарцуулдаггүй байсан юмандаа маш их хэмжээний мөнгө оруулж эхэлдэг. Тухайлбал тансаг хэрэглээний бараа ч юм уу, ихээхэн өндөр өртөгтэй арга хэмжээнүүд эхлүүлэх зэргээр шаардлагагүй хэрэглээг бий болгож эхэлдэг. Үүнээс шалтгаалан эдийн засагт хөөс үүснэ. Тэгээд мөнгө, зээлийн хүү өндөр өртөгтэй болох буюу хомсдоод ирэхээр хөөсрөлт дээд түвшиндээ хүрдэг. Том утгаараа манай улсын эдийн засаг өөрийнхөө нөөц боломжийг зохисгүй буюу хэтрүүлж тооцсон. Тухайлбал улсад нэн тэргүүнд шаардлагагүй буюу хэрэгцээнээс хэтэрсэн хөрөнгө оруулалтыг хийж эхэлсэн. 
-Жишээ нь?
-За нэг л жишээ. Зам тавилаа гэж бодоход жилдээ тавих замын хэмжээ, хүч бололцоо хязгаарлагдмал байхад илүү зам хүчлэн тавихад наад зах нь тэр хиймэл хэрэгцээг дагаад түүхий эд, бараа материалын үнэ өсдөг. 
-Арчилгаа үйлчилгээний зардал ч бас өснө?
-Өснө. Иймээс бүтээн байгуулалтыг дотоодынхоо хүч бололцоогоор хийж чадах уу гэдэг чухал ойлголт. Хэрэв гадаад эх үүсвэрээр, гадны материалаар замаа бариулбал тэр хэмжээгээр валютаа гадагш алдаж байна. Бараа материал гаднаас бодит бололцооноосоо их хэмжээгээр татаж байна гэдэг бас гадагшлах валютын урсгалыг эрс дэмжиж байна гэсэн үг. Хүн харахад бүтээн байгуулалт хийгээд байгаа боловч цаад утгаараа шууд улсын төсөвт болон гадаад валютын нөөцөд учирч байгаа дарамт, сөрөг нөлөөг нь тооцох хэрэгтэй.
-Та бол хэдий залуу хүн боловч насаараа улсын төсөв, төсвийн балансын эргэн тойронд ажилласан хүн. Нэг мэргэн хүн “Амьдрал илүү ч үгүй, дутуу ч үгүй балансаа л барьж байвал сонгодог амьдрал” гэж хэлсэн байдаг. Энэ утгаар нь дээрх жишээг ойлгож болох нь ээ дээ?
-За ер нь “Дутуугаа нөхөх, дундуураа дүүргэх” гэж ардын сайхан үг бий. Ийм л баланс барьж байвал сайн. Дундуураа дүүргэж байна гээд сагуулж болохгүй шүү дээ. Тиймээс хөөснөөс бүтсэн бүтээн байгуулалт хоёр давхар аюулыг авчирдаг. Нэгдүгээрт, төсвийн алдагдлыг нэмэгдүүлнэ. Өөрийнхөө олж чадаж байгаа мөнгөнөөс илүү хэмжээгээр мөнгө зарцуулаад байгаа учраас. Нөгөө талаас гадаад валютын нөөцийг ихээхэн хэмжээгээр гадагшлуулдаг. Хэрэв энэ хөрөнгөө дотооддоо түүхий эд, газрын тос боловсруулах үйлдвэрт зориулсан бол түүнийг дагаад гадаад валютын гадагшлах урсгал буурах, зарцуулсан хөрөнгө гадны бус дотоодын эдийн засгаа бүрэн дэмжих бололцоо байсан.
-Эсвэл манайхан шиг бүтээн байгуулалтаа эргэж мөддөө төлөгдөхгүй өр зээлээр хийгээд байвал бүр хэцүү еэ?
-Өр зээл бол ямар нэг хэмжээгээр төлөгдөнө. Хоёрдугаарт, энэ арга хэмжээний дүнд валютын алдагдал, гадаад худалдааны баланс алдагдаж байгаа юм. Энэ бүтээн байгуулалтыг хийх суурь тоног төхөөрөмж, машин техник манайд үйлдвэрлэдэггүй болохоор тэр бүхнийг импортлох болдог. Түүхий эд, зарим тохиолдолд ажиллах хүч гээд бүгдийг нь авч байгаа юм. Тэгэхээр энэ мөнгө чинь Монгол Улсын иргэний хармаагаар дамжаад монгол хүнд ашгаа өгөөд явахаас илүүгээр гадна импортыг, гадны ажиллах хүчнийг автоматаар 100 хувь дэмжээд явчихаар валютын хомсдолд улс орны эдийн засгийг авчирдаг. Ингэж төлбөрийн балансын алдагдал нэмэгдэнэ. Төсөв, мөнгөний бодлого талдаа аль алинд нь алдагдал авчирна. Ингэхээр Монгол Улсын эдийн засагт оруулж байгаа хөрөнгө оруулалт нь дотооддоо биш цэвэр гадныхныг дэмжсэн хөрөнгө оруулалт болж хувирдаг. 
-Хөрөнгө оруулалт хийх нь буруудах тал бас байна аа?
-Ингэж мушгин гуйвуулж ойлгож болохгүй. Хөрөнгө оруулалт хийх нь маш зөв. Гэхдээ хөрөнгө оруулалт маань үр ашиг авчрах сонголттой байх ёстой гэдэг талаар Та бид ярьлаа. Наад зах нь энэ хөрөнгө оруулалтын хэдэн хувь нь Монголд үлдэх юм бэ? Хичнээн ажлын байр бий болгох юм? Манай орлогыг хэрхэн сайжруулах юм бэ? Бид энэ хөрөнгө оруулалтаас дотооддоо хэдий хэмжээг нь шингээж чадах юм бэ? гэхчилэн хэдэн асуултанд эерэг хариу өгсөн байх ёстой. Ингэж хөрөнгө оруулалтын арга хэмжээгээ зөв сонгож, зохион байгуулна. Энэ зарчим алдагдсанаас хөөс бий болж байгаа хэрэг. Энэ хөөс чинь цаагуураа зөвхөн эдийн засгийн биш нийгмийн маш хортой үр дагавартай. Энэ хөөсөнд тулгуурлаж дотоодын үйлдвэрлэгчид бизнес төлөвлөгөө, ажил үйлчилгээгээ залдаг. Гэтэл тэр хөөс нь хагарахад дотоодын эрэлт хэрэгцээ нь байхгүй болж олон хүн ядуурах, ажлын байргүй болох, дампуурах аюулыг дууддаг.
-Өнөөдөр ч гурван хүний нэг нь ядуу байна гээд байна л даа. Урд хөөстэй явсан он жилүүдийг бодвол муудсан үзүүлэлт бололтой. 
-Жишээ нь орон сууцан дээр гэхэд эцсийн дүндээ худалдан авагч байна уу, түүнийг зээлээр төлөөд авах орлоготой хүмүүс байна уу гэдгээр л хэмжигдэнэ. Гэтэл цалин нь бага, эсвэл арилжааны банк тухайн этгээдэд орлого нь эргэлзээтэй байхад их хэмжээний  10, 20 жилийн хугацаатай хямдхан зээл гаргавал энэ түр зуурын хиймэл хэрэгцээг дагаад их хэмжээний барилга баригдчихдаг. 
-2007, 2008 онд ч бил үү, АНУ-д хүртэл ипотекийн зээлээс үүдэлтэй маш том хямрал үүссэн. Иймэрхүү юм болох тухай яриа юу?
-Энгийн үгээр тайлбарлъя. Зээлийн систем нь тогтвортой байгаад орон сууц нь иргэдийнхээ орлогод таарсан эрэлт хэрэгцээг хангаж байвал сайн зах зээл. Гэтэл өндөр үнэтэй байрыг хямдхан санхүүжилтийн эх үүсвэрээр босгоход иргэд байр нь үнэтэй ч хямдхан зээлэнд нь болж авдаг. Энэ бол системийн гажуудал гэж би хувь хүнийхээ хувьд үздэг. Эндээс хэн хожих вэ? Нэгд, өндөр үнэтэй байр борлуулж байгаа хүн. Хоёрт, хямдхан зээлийн санхүүжилтийн татаасыг шууд бусаар төлж байгаа татвар төлөгч хоёр л хохироод үлдэнэ. Нийт эдийн засаг эрүүл бус замаар явна. 
-Буруу замаар явбал буцахдаа будаа тээнэ гэдэг л болох юм байна л даа. Хөгжлийн банк тэгвэл зөв хөрөнгө оруулалт, үр ашигтай ажиллахыг урдаа барьж байгаа юм шиг санагдлаа. Энэ чиглэлээр Таныг ирснээс хойш хийгдсэн ажил юу байна? Тоймлохгүй юу?
-Банкны маань гол зорилго бол тодорхой. Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулах, тус дэмээ өгөх. Экспортыг дэмжих. Импортыг орлуулах үр ашигтай том төслүүдийг санхүүжүүлэх, Ажлын байр бий болгох. Монгол улсын одоогийн байгаа санхүүгийн системд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, банк, банк бус санхүүгийн байгууллагуудтай өрсөлдөлгүйгээр тэднийг дэмжин, үйл ажиллагаа уялдуулан явуулах. Одоо санхүүгийн зах зээл дээр шаардлагатай байгаа эх үүсвэрийг олж ирэх. Хамтын зээл буюу хамтын хөрөнгө оруулалтаар төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх ажлыг эхлүүлэх зэрэг зорилготой. Энэ зорилго, агуулгаа гүйцэлдүүлэхээр өнгөрсөн хугацаанд гарсан гажуудлыг засч залруулах, зөв зүгт чиглүүлэхээс ажлаа эхэлсэн.
-Хөгжлийн банк ашгийн төлөө байгууллага байх уу?
-Тийм. Ашгийн төлөө ажиллах, Монгол улсын хөгжүүлэх зорилгыг уялдуулан хэрэгжүүлэхийн төлөө байгууллага. Зарим арилжааны банк шиг зөвхөн ашиг бодохгүй шүү дээ. Цаад зорилго, наад зорилт нь өөр учир. Мөн Монгол улсад алс хэтдээ хэрэгтэй гацаатай байгаа төслүүдийг үр ашигтайгаар хөдөлгөх. Тэр төслийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулна. Тэгж л байж, экспорт өснө. Импортыг орлуулна. Шинэ ажлын байр бий болно.
-Та арилжааны банктай өрсөлдөхгүй гэл ээ?
-Хөгжлийн банк бол өнөөгийн эдийн засаг, санхүүгийн системийн дутууг нөхөх, үүсч бий болсон санхүүгийн тогтолцоог дэмжиж ажиллах зориулалтаар үүсгэн байгуулагдсан. Тийм учраас санхүүгийн системд үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкуудтай шууд өрсөлдөхгүй. Харин улсын хөрөнгө оруулалтын бодлого, улсын хөгжилд нийцтэй хөтөлбөр, арга хэмжээг үр ашгийг нь харгалзан санхүүжүүлнэ ээ гэсэн үг. Тэгэхдээ эргэн төлөгдөх төслүүдийг хамтын санхүүжилтээр авч явах, амьдруулахыг зорьж байна.
-Хамтын санхүүжилт гэдэг нь Та гадаадын санхүүжилтийг татан оролцуулахаа хэлж байна уу? 
-Эрсдэлээ Хөгжлийн банк 100 хувь үүрэхгүй гэсэн санаа. Хамтын санхүүжүүлэгч нь дотоод гадаадын банк санхүүгийн байгууллага байж болно. Эсвэл хөрөнгө оруулагч өөрөө байж болно. 
-Ямар нэг агаарын юм санхүүжүүлэхгүй гэсэн үг юм аа даа?
-Ер нь хувь хүн, банк санхүүгийн байгууллага хамтран ашиг эрсдэлээ хуваалцаж байгаа тохиолдолд уг төсөл ашигтай байх магадлал нь нэмэгддэг. 
-Ашгаа ч хуваах нь, хариуцлагаа ч хуваах нь. Хамтын санхүүжилтэнд гадныхныг татан оролцуулна биз?
-Монгол Улсад валютын нөөц хангалтгүй байна. Иймд ялангуяа дунд хугацааны санхүүжилтын арга хэмжээн дээр гадны хөрөнгө оруулалтыг татан оролцуулж ажиллана. Гадаад улсын банкны 15 хүртэлх хувийн эрсдэлийг өөртөө аваад үлдсэн 85 хувийг нь тэднээр даалгаад хамтран ажиллах талаар олон төсөл дээр судалгаа хийж байна. Амжилттай явах төсөл нь гадаад худалдааны төслүүд байна. Жишээ нь ОХУ-ын эксим банкнаас ХАА-н тоног төхөөрөмж шинэчлэхэд санхүүжүүлэх арга хэмжээг хамтран хэрэгжүүлж эхэлсэн. Ингэж ОХУ-ын тоног төхөөрөмж хөнгөлөлттэй зээлээр манай тариаланчдад очиж байх жишээтэй. Энэ схемийг ашиглан бусад гадаад худалдаа, хөрөнгө оруулалттай улсын гадаад худалдаа, хөгжлийн банкуудтай хамтран ажиллана.
-Өөрөөр хэлбэл Росэксимбанктай эрсдэлээ хувааж байна гэсэн үг. Гэхдээ ОХУ-ын ХАА-н тоног төхөөрөмжөө борлуулах ашиг сонирхолтой давхцуулж байгаа хэрэг юм байна.
-Ер нь харилцан ашиг сонирхолыг өдөөж цаашдаа ХАА салбараас гадна Уул уурхай, хүнд болон хөнгөн үйлдвэрийн салбарт ч энэ чиглэлээр ажиллана гэж төлөвлөж байгаа. Химийн болон бусад боловсруулах салбарт ч иймэрхүү  инструментүүдийг түлхүү ашиглъя гэж төлөвлөж байгаа. Хөгжлийн банк Монгол орны хөгжлийг хөтлөх, эдийн засгийг өсгөх бололцоот бүх л хөтөлбөрийг хөтөлж дэмжих учиртай.  Энд бол ямар нэгэн алагчлал байхгүй. Гагцхүү үр ашигтай байх л ганцхан зарчимтай. Хамгийн гол нь дотоодын бараа үйлчилгээ, хүний нөөцийг түлхүү ашиглаж, оролцуулсан байх нь нэн чухал.
-Зарим хэт оптимист гэмээр нөхдүүд дэлхий дээр сул мөнгө шиг их юм алгаа. Түүнийг татах нь чухал байнаа гэхчилэн ярьдаг л даа. Чухам энэ үнэнүү? Ямар байдаг юм бол?
-Мөнгө их байгаа гэдэгтэй санал нэг байна. Гэхдээ гадны мөнгө бол өөрөө үр өгөөж авах гэж орж ирдэг. Иймээс үр өгөөжөө өгөх төслүүд нь бэлэн байна уу, үгүй юу гэдгийг бодох хэрэгтэй, нэгд. Хоёрт нь, гадны хөрөнгө оруулалт, санхүүжилтыг оруулж ирэх тэр механизм нь бэлэн байна уу, үгүй юу гэдгийг бас тооцох хэрэгтэй. Засгийн газрын, Хөгжлийн банкны бондоор эсвэл үнэт цаасаар дамжуулаад хөрөнгө оруулалт байна.  Эсвэл тухайн төсөлд хамтран санхүүжүүлэгчээр орж байгаа хөрөнгө оруулагчид байна. Гэхдээ энэ мөнгө бол үнэгүй мөнгө биш. Тодорхой хэмжээний эрсдэл хүлээгээд өгөөжөө авъя л гэж орж ирж байгаа.Иймд төсөл нь бэлэн байх ёстой, хөрөнгө оруулах инструмент, хэрэгсэл нь бэлэн байх ёстой.  Манай банк хөрөнгө оруулагчийн төслийн хугацаа, хэмжээ, үр ашиг, эрсдлийнх нь түвшинг гаргаад хамтарсан хөрөнгө оруулагч оруулж ирэх нь л бидний үйл ажиллагааны нэг хэсэг юм. Хөрөнгөө 5, 10 жилийн урт хугацааны төсөлд оруулаад үр ашгаа ногдол ашгаар хүртэх хүсэлтэй хөрөнгө оруулагч байж болно. Тэрийгээ хувьцаа маягаар хөрөнгө оруулахаар байж болно. Эсвэл богино хугацааны худалдааны санхүүжилтээр хөрөнгө оруулах хүсэлтэй хүн байж болно. Хөрөнгө оруулагч бүр янз бүрийн сонирхол, эрсдэл хүлээх чадвартай байдаг. Энэ мэдрэмж, эрэлтэд нь таарсан санхүүжилт, хөрөнгө оруулалтыг оруулж ирэхийн төлөө л бид ажилж байгаа.
-Импортыг орлох бүтээгдхүүнийг дэмжинэ гэж байна. Намайг БХБЯ-нд байхад 2006,2008 онд Монголд цементийн хэрэглээний буум болсон. Улаанбаатараар дүүрэн өргөгч цамхаг. Гэтэл цемент олддоггүй. Оруулж ирэх вагоны тэвш нь хүрэлцдэггүй. Эрээн,Замын Үүд бөөн оочер. Барилгын сезон зуны сар гурав. Тэр үед Монголын цементийн хэрэгцээ 2 сая тонн байсан. Хөтөл 500 мянгыг л гаргадаг байв. Одоо цементийн хэрэгцээ 3 сая. Танай банкны оролцоотойгоор ч байх цементээ хангах үйлдвэрүүдтэй болсон. Импортоо бүрэн орлуулж чадав уу?
-Цементийн зах зээл өөрийн онцлогтой. Манай улсын хувьд төвийн бүсдээ 100 хувь монгол цементээр хангах боломж бүрдсэн. Дорноговь, Төв аймаг, Дархан, Сэлэнгийн бүс нутагт тус бүр 1 сая тоннын хүчин чадалтай 4 үйлдвэр байна. 110-140 мянган төгрөгийн өртөгтэйгээр цементээ үйлдвэрлэж байна. Цемент бол овор хэмжээ ихтэй, тээвэрлэх өртөг өндөртэй бүтээгдхүүн. Гэтэл Баянхонгороос цааш Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий гэхчилэн яваад бүтээн байгуулалт хийе гэж бодъё. Улаанбаатараас 140 мянган төгрөгөөр авсан цемент маань тийшээ очиход 280 мянган төгрөгийн өртөгтэй болж байх жишээтэй. Тэгэхээр тухайн аймаг хил залгаа улс орныхоо цементийг хэрэглэх хэрэгцээ шаардлага бий болно. Үнийн хувьд тээвэр бусад зардал нь ороод  тухайн аймагт ойр дөт цементтэй өрсөлдөх чадваргүй гэсэн үг. Дотооддоо цементийн үйлдвэр барьсан нь сайн. Гэвч газар зүйн байрлалын хувьд оновчтой төлөвлөөгүй учраас импортоо бүрэн орлох бүтээгдхүүний хэмжээнд хүрч чадахгүй байгаа биз дээ. Тэгэхээр 500 мянган тонны хүчин чадалтай үйлдвэр баруун бүсэд, 500 мянган тонныхыг зүүн бүсэд барьсан бол гаднаас оруулж ирэх цементтэй үнэ өртөгийн хувьд өрсөлдөх байжээ гэж хувьдаа би боддог. Хөгжлийн төлөө үйлдвэрлэх хүчнийг бий болгох нэг ойлголт. Гэхдээ үйлдвэрлэл нь эдийн засаг, нийгмийн байдал, газар зүйн байршил гээд олон параметрийг давхар тооцож, оновчтой сонгож байж хөгжүүлэх хэрэгтэй юм аа гэдэг нь эндээс харагдаж байна шүү дээ. Ингэж байж нийлмэл утгаараа аливаа төсөл бүрэн үр өгөөжөө өгнө. Иймд бид Монгол улсын хөгжлийг дэмжихдээ том зургаар нь харж, аль бүс нутагт ямар үйлвэрийг барих вэ гэдгийг оновчтой төлөвлөж, сонгох нь чухал.
-Төлөвлөгөө муу хийгдсэн гэсэн үг үү?
-Төлөвлөгөө муу гэхээсээ энэ шийдвэрийг гаргасан хүмүүс боломж бололцоогоо дутуу харсан гэж үзэж байна. Нэг дор нэг төрлийн бүтээгдхүүн үйлдвэрлэх олон үйлдвэр бариад байвал бараа бүтээгдхүүн нь үнэгүйдэх бас нэг аюул бий шүү дээ. 
-Хөгжлийн гол түлхэх хүч нь эрчим хүч. Жишээ нь бид БНХАУ-д нүүрс нийлүүлэх тухай л ярьдаг. Уг нь эцэстээ тэдэнд цахилгаан энерги л хэрэгтэй байгаа шүү дээ. Бид том станц бариад энерги нийлүүлбэл үр өгөөж ихтэй байх юм биш үү? Хятад улсыг түүхий нүүрс түллээ гэж Дэлхийн байгаль орчны байгууллагуудаас ч их шүүмжилдэг. 5 дугаар станц барих тухай 20 жил ярьлаа. Таны бодол?
-Улс орон хөгжлийн төлөвлөгөөгүй урсгалаараа яваад хөгжихгүй гэж би хувьдаа боддог. 
-Ноён Батбаяр бид чинь төлөвлөгөөт эдийн засгаа одоо их багагүй шүүмжилдэг шүү дээ?
-Би өөрийнхөө бодлыг гүйцээгээд хэлчихье. Бид захиргаадалтын төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас татгалзсан. Харин зах зээлийн баримжаатай хөгжлийн стратегийн төлөвлөгөөнөөс татгалзах ёсгүй. Татгалзаж болох ч үгүй. Хувь хүн ч, айл өрх ч, аж ахуйн нэгж ч, улс гүрэн ч төлөвлөгөөтэй. Хэрэв тэгэхгүй бол ирээдүй рүүгээ харахгүй зөвхөн өнөөдрөөрөө амьдарсан харлаган байдалд орно. Том зургаараа улс орон олж байгаа орлогоо зөв зарцуулах ёстой. Стартегийн бүтээгдэхүүндээ аль болох нэмүү өртөг шингээх ёстой. Энэ төлөвлөгөө нь дотоодынхоо зах зээлд зөв сигнал өгөөд аж ахуйн нэгж нь тэр алсын стартегид зохицуулж өрсөлдөх чадвараа дээшлүүлж, үйлчилгээ, үйл ажиллагаа, үйлдвэрлэлээ тэлж, хөрөнгө оруулалтаа баримжаалж явна биз дээ. Улс орон хөгжихийн суурь нөхцөл нь найдвартай, хүртээмжтэй эрчим хүч байх ёстой. Эрчим хүч эдийн засгийн хөгжлөө дагуулж, чирж явдаг. Гэтэл манайх гадагшаа нүүрс экспортолдог атлаа дотоодын эрчим хүчээ 100 хувь хангаж чадахгүй байгаа. Импортоор эрчим хүч хойд урд аль аль хөршөөсөө авч байна. Энэ утгаараа шинэ эх үүсвэр барих шаардлагатай. Улс ч үүнийг дэмждэг гэж ойлгож байгаа. Монгол Улс 200-300 МВт эрчим хүч гаднаас авч байгаа тул үүнийг эхний ээлжинд нөхөх нь чухал. Мөн цаашид өсөх суурь нөхцлийг хангасан үйлдвэрлэлийн потенциалыг бий болгох ёстой. Өөрөөр хэлбэл эрчим хүчний үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлтийн нөөцтэй байх ёстой. 
-Танд баярлалаа. Бид дахин ярилцах байх аа.
-Би бэлэн.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.