НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

АВЛИГА ба түүний эгч дүүс

В.Хадхүү     Нийтлэгч
1 жилийн өмнө /2017-12-12 14:40:16 GMT +8 / | 1897 удаа уншсан

Харилцан шүтэлцээтэй, шудрага бус орлогын эх сурвалж бүрдүүлэх дараах үзэгдэлүүд бүгд хоорондоо холбоотой гэж бодож байна. 

Дээрэм:

Энэ төрлийн гэмт хэргийг ихэвчлэн дээрэмчид хэмээх бүлэглэсэн этгээдүүд хийдэг. Дайн байлдаан үүсгэн, өөрөөсөө хүч чадал султай жижиг буурай улс орныг, овог үндэстнийг, үндэсний цөөнхийг, хот тосгодыг цөлмөн дээрэмдэх нь хүн төрөлхтөний түүхэнд олон удаа давтагдаж, хэдэн мянган жил үргэлжилсэн аюултай гамшиг байсан. Дайнд ялагч нь хэмжээгүй эрхтэйгээр дээрэмддэн хөрөнгөждөг уламжлалтай.  Хүн ардыг нь алж хядах, эд баялаг, газар нутгийг нь булаан эзлэх түрэмгий халдлага нь хүн төрөлхтөний эсрэг хамгийн том гэмт хэрэг юм. Дайн байлдааны бус замаар гэмт бүлэглэлүүд үгсэн хуйвалдаж, заримдаа зэвсэглэн довтолж дээрмийн гэмт хэрэг өдүүлдэг боловч, энэ төрлийн гэмт хэрэгтэй төрийн зүгээс тэмцэл явуулдаг учир түр зуурын шинжтэй байдаг. Альч нийгэмд ганц нэг зальхай этгээд элдвийн заль мэх хэрэглэн бусдыг дээрэмдэх үйлдэл гарна. Ихээхэн хэмжээний хөрөнгө хуримтлуулсан ч түүнийгээ эргэлтэнд оруулаагүй хав дарсан аж ахуйн нэгж, банк санхүүгийн байгууллагууд, гэр бүл, хувь хүн дээрмийн халдлагад өртдөг. Монгол Улсад гарсан бидний мэдэх хамгийн тод томруун дээрмийн хэрэг нь 1930-аад оны их хэлмэгдүүлэлт болох байх. Монгол Улсад өрнөсөн энэ гашуун үнэн хуучраагүй түүх билээ. Гэмт хэргийг үйлдэгч нь Монгол Улсын социалист төр, удирдагч нь МАХН байсан. Коммунист интернационализм, ЗХУ-ын коммунист нам энэ гэмт хэргийн захиалагч, зааварлагч, гол ивээн тэтгэгч хүч нь болсон нь мэдээж. Хар феодалууд гэх Монголын элит цагаан ястанууд эзэн Чингис хааны удмынхан, шар феодалууд гэх буддын шашныг Монголд түгээн дэлгэрүүлж хөрөнгөжсөн  лам нар, үндэсний эрх чөлөөний хувьсгалаар шинэ төрсөн чинээлэг ардууд (тэднийг хөрөнгөтөн гэж үзсэн), интернациональд үнэнч бус сэхээтнүүд, улс төрийн хувьд социализмыг үл дэмжигсэд, оросын улаан коммунизмаас зугатан монголд орж ирсэн буриадууд ба оросжсон Европчууд, түүнчлэн чөлөөт худалдаачид энэ дээрэмд өртсөн юм. Энэ дээрмийн ажиллагаагаар хэлмэгдэгсдийг хомроголон цаазлан хороож, эд хөрөнгийг нь хураан авч, тэдгээрийг дахин сэргэхгүй болтол нь үндэсээр нь устгасан юм. 
Би энэ нийтлэлдээ дээрмийн талаар дэлгэрэнгүй өгүүлэх зорилго тавиагүй. Дээрэм нь нийтлэг утгаараа авлигатай холбоотой бөгөөд магадгүй авлигын түүхэн эх сурвалж нь дээрэмтэй агаар нэгэн гэдгийг л учир холбогдлын шалтгаанаар цөхөн тэмдэглэхийг хүссэн юм. Хүн төрөлхтөний хөгжил дэвшлийн өнөө үед дээрмийн гэмт хэрэг ихээхэн жигшигдэн, хөгжингүй нийгэм бүхэлдээ үзэн ядахын учир, дээрмийн эсрэг эв санааны нэгдэл улам эрчимжихийн хэрээр бараг л хязгаарлагдаад байгаа хэдий ч ул мөргүй арилаагүй байна. Авлигач төрийн механизм, авлигач эрх баригчид, авлигач улс төрийн хүчин бүлэглэлүүд дээрмийн гэмт хэрэг өдүүлэх магадлалтай хэвээр байгаа нь л сэтгэл түгшээж байна. Эрдэнэтийн уулын баяжуулах  үйлдвэрийн 49 хувийг наашаа харсан Банкнаас зээл аван Монголын хувийн компаниудын нэгдэл худалдан авсныг буруу хэмээн муйхарлаж төрийн мэдэлд хураан авах ахул энэ нэн шинэ дээрэм болох л байх. 
Дунд сургуулийн ахлах ангид эхлээд улмаар их дээд сургуулийн бага курсын оюутан байх үедээ ганцаараа болон бүлэглэн үйлддэг овгорууд, атамануудын бэсрэг дээрмийн хэрэг манай нийгэмд амь бөхтэй үргэлжилсээр байгааг  төрийн болон хууль хүчний байгууллагууд, сургууль эцэг эхийн хамтарсан хүчин чармайлтаар эрт илрүүлэн таслан зогсоож болмоор санагддаг. Үүнийг таслан зогсоож эс чадваас хулиганууд улам улам даварсаар, гэмт үйлдэл нь даамжирсаар хожмын хулгайч, луйварчид, рекетүүд, хүний наймаачид, террористууд ч төрөн гарах магадлалтай нь сэтгэл түгшээнэ. 

Луйвар:

Дээрмийн дараа орох томоохон хэмжээний бусдын эд хөрөнгийг шударга бус замаар эзэгнэх гэмт хэрэг. Өмч хөрөнгийг, эрх мэдлийг, магадгүй эрдэнэт хүний амь насыг хөнөөх, бие болон сэтгэлийг шудрага бус замаар эзэгнэхийг луйвар гэж үзэж болох байх. Луйвар нь цар хүрээ, эзэмшлийн хэмжээ, үргэлжлэн явагдах цаг хугацаа, гэмт этгээдүүдийн зохион байгуулалт, гэмт үйлдлийн давтамжаараа мөш өргөн хүрээтэй бөгөөд төсөөлөхийн аргагүй юм. Дэлхий дахины шударга хүн төрөлхтөн луйварын гэмт хэргийг жигшин зэвүүцдэг л дээ. Нийгмийн хэмжээнд төрийн байгууллагууд энэ төрлийн гэмт хэргээс ард түмнээ хамгаалах үүрэг хүлээсэн байдаг. Тухайн улсад луйварын гэмт хэрэг түгээмэл байх нь муу төртэйг харуулах жишээ болдог. Олон улсын террорист байгууллагууд, банк санхүүгийн бүлэглэлүүд, үндэстэн дамжсан корпорацууд луйврын гэмт хэргийг өөгшүүлэгчид, санаачлагчид төдийгүй гардан гүйцэтгэгчид юм. Муу төр гадаадын луйварчдад улс орны өмч, баялагийг луйвардуулж, ард түмнээ луйварын золиос болгох хандлагатай. Хэсэг бүлэг этгээдүүд үгсэн хуйвалдаж төрийн болон ард түмний өмч хөрөнгийг зүй бус аргаар эзэмших, үрэн таран хийх үзэгдэл түгээмэл байгаа нь жинхэнэ утгаараа луйварын гэмт хэрэг болно. Харамсалтай нь Монгол Улсын нэн шинэхэн түүхэнд луйварын үйл ажиллагаанд төрийн түшээд, үндэсний эрх ашгийг уландаа гишгэсэн нам эвсэл, холбоод оролцож байгаа нь нууц биш бөгөөд энэ хэрэгт холбогдогсод нь авилгачид байгаа юм. Авлига луйвар хоёр нэн их сүжирсэн холбоотой бөгөөд голдуу авлигад үл ханасан шунахай этгээдүүд авлигаас илүү бөөн цул хөрөнгө орлого олох боломжтой луйварын гэмт хэргийг үүсгэн байх бололтой. 

Хулгай: 

Шударга бус, амар хялбар замаар бусдын эд хөрөнгө, үнэт зүйлсийг сэм авах бүх төрлийн гэмт хэрэг нь хулгай болой. Хулгайг “хулгайч” гэдэг нэртэй гэмт этгээд юмуу, бүлэг этгээдүүд үйлдддэг. Монголын ард түмэн эрт дээр үеэс хулгайн гэмт хэргийг үзэн ядаж ирсэн бөгөөд одоогоос ганцхан зуун жилийн өмнө жирийн ардын дунд хулгай гэдэг үзэгдлийг төсөөлдөггүй байжээ. Хөдөөний малчин ардын гэр ба хөрөнгө мал нь ямарч цоож цуурга, хамгаалалтгүй шахам явж байж. Хулгайн гэмт хэргийг шүүх, цээрлүүлэх маш хатуу хууль цаазыг сахиулж байсан уламжлалтай. Социализмын 70 жилийн түүхэн үед хулгайн гэмт хэрэг  хүн амын нэгээхэн хэсгийн амжиргааны хэрэгсэл болон төлөвшжээ. Тэр үед хулгай цэцэглэн хөгжиж байсан хэдий ч авилгын сүлжээ үүсээгүй байсан байна. Хулгай болон хулгайч нар ихээхэн төрөлжиж, арга барил нь нарийсч, төлөвлөгөөтэй, зохион байгуулалттай, баригдсан үед арыг нь даах төлөөлөлтэй болж ирсэн байна. Хулгайч нарт боломж олдвол дээд зэргийн авилгач болон хувирч байна. Тиймээс ард түмэн авлигачдыг “хулгайч нар” хэмээн дуудаж байгаа нь цаад утгаараа зөв юм. Авлига, хулгай хоёр оонын хоёр эвэр адил ижилсэн, нэгэн адил бусдыг хохироох хар мөр татуулан оршсоор байна. Жирийн иргэд, хөдөлмөрчин ард түмэнд хулгай болон авилгын талаар тодорхой мэдлэг, мэдээлэл үгүй бөгөөд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон хойноо л түүний аюул хохирлыг дэнслэх аж. Хулгайч нар удам дамжих, бие биедээ мэргэшлээ өвлүүлэх хандлага байдаг байна. Өнөөдрийн жижиг халаасны хулгайч маргаашийн мэргэшсэн авлигач улмаар луйварчин, бүр цаашлаад дээрмийн бүлгийн зохион байгуулагч болох магадлал харагдаад байгаа нь нэн аюултай юм. Хүн ардаа сэрэмжлэгтүн, төр засаг маань хулгайн гэмт хэргийн эсрэг эрс тууштай арга хэмжээ авагтун гэж л уриалмаар байна. Би дээр өгүүлсний нэгэн адил хулгайн талаар дэлгэрэнгүй өгүүлэхийг хүсээгүй бөгөөд хулгай нь авлигачдын суурь хүмүүжлийн анхан шатны дамжаа ажээ гэдгийг л өгүүлэхийг хүсээд байгаа юм.

Авлига:

Түшмэлүүд (төвийн болон орон нутгийн төрийн захиргааны байгууллагууд, төрийн бус олон нийтийн байгууллага сангууд, хандивын, сайн санааны болон олон улсын байгууллага, хувийн эзэмшилтэй бөгөөд хөрөнгө санхүүгийн өндөр чадавхитай ААН нэгж, мэргэжлийн холбоо нийгэмлэгүүдэд төдийгүй их, дээд, дунд сургууль, цэцэрлэг, эмнэлэг, үйлдвэр, театр, цагдаа хүчний байгууллагууд ажиллаж байгаа бага, дунд ба дээгүүр тушаалын албан хаагчид)  гол авилгачид юм. 
Харин авлигачдын гарыг цайлгаж, хөрөнгөжүүлэгчид нь бараг бүх ард түмэн болоод байна.  Эхэндээ бизнесменүүд, өөр төрлийн албан тушаалтнууд, жижиг үйлдвэрлэл эрхлэгчид, төрийн захиргаанаас төрөл бүрийн зөвшөөрөл авагчид авилгын өргөл барьц өгөгчид байсан бол сүүлдээ түшмэлийн гарыг цайлгахгүй бол ямарч ажил үйлчилгээ боломжгүй болон хувирчээ. Бага тушаалын түшмэл нь дунд шатныхдаа, дунд түшмэл нь том түшмэлдээ, томоохон түшмэл нь нам, улс төрийн хүчиндээ хээл хахууль  өгөх замаар Монголын нийгмийн амьдрал хэр буртагт хөвж  байгаа нь цаашид энэ хэвээрээ үргэлжлэх боломжгүй хэмжээнд хүрчээ. Хүн бүрийн хамгийн их жигшил зэвүүцлийг төрүүлж, нийгмийг хамгийн их муухай харагдуулж байна хэмээн эгдүүцэж байгаа үзэгдэл нь авлига л даа. Авлигыг их бага хэмээн ялгаварлах боломжгүй хийгээд, манай нийгэмд албан тушаал, байр суурийн давуу байдлаа ашиглан хамгийн ихээр цэцэглүүлж байгаа гэмт хэрэг нь авилгын үзэгдэл юм. Өөрөөр хэлбэл бүрэн хөдөлмөрийн чадвартай хийгээд, авлигаас бусад хэлбэрүүд болох гуйлга, хулгай дээрэм алийг нь ч хэрэглэх шаардлагагүй (зарим нь бүр үзэн ядаж, жигшин зэвүүцдэгч байх) хүмүүс авлига авахын хойноос тэмүүлж, авлига авах боломжтой байр суурь албан тушаалын хойноос хөөцөлдөж байгаа нь нэн жигшүүртэй үзэгдэл гэж ойлгогдоно. Энэ нь бас  яг ч тийм бус юм байна. Авлигын цаана гуйлгын хандлага, луйварын мэдэгдэхүйц элемент явж байдаг. Авлига нь том хэмжээний хулгай, хөдөлмөрөөрөө орлогоо бүрдүүлэгчдээс маш муухай аргаар хулгайлж байгаа хэлбэр мөн байна. 
Авлигад гэмт хэргийн чанартай бүх үйлдлүүд хам оршиж байдаг. Үүнийг улс нийгмээрээ, нийгмийн бүхий л давхаргын төлөөлөл харж, амталж, мэдэрч байна. Гэвч авлигыг багасгах, арилгах мэдэгдэхүйц алхам аль ч шатанд өрнөхгүй байна. Хүн бүр шүүмжилж (жигшин зэвүүцээд байгаа ч юм шиг) байгаа боловч түүний эсрэг  эрс тэмцэх, авлигыг хязгаарлах, авлигаас татгалзах эрмэлзлэл санал санаачилга бараг гарахгүй байна. Авлига, өглөг, гуйлга гэсэн өөр өөр хэлбэртэй нийгмийг доройтуулдаг ойлголтууд сүлэлдэж, бүгд ямар нэгэн хэлбэрээр хоорондоо холбогдож улмаар бие биесээ тэтгэн нийгэмд амь бөхтэйгээр зууралдаж улмаар цэцэглэн хөгжсөөр байна. Хамгийн аймшигтай, авлига амь бөхтэй оршин тогтноох нөхцөл нь бид бүгдээрээ их бага ямар нэгэн хэлбэрээр дээрх авлигын элементүүдийг бүхэлд нь үзэн ядах, эсэргүүцэх сэтгэл зүйгүй бүгдийг нь бус гэхэд заримыг нь жирийн үзэгдэл мэтээр ойлгодог, заримд нь татагдан ордог, эсвэл тэдгээрийг байх л ёстой үзэгдэл мэтээр ойлгодогт гол гамшиг нь оршиж байж мэдэх юм. 
1990 оны ардчилсан хувьсгалаас хойш авлига маш хүчтэй, эрчимтэй хөгжсөн гэж хэлж болно. Ардчилалын зарчмуудаар хүний эрх эрх чөлөө чөлөөтй тавигдсан хийгээд үүнтэй зэрэгцэн нийгмийн дэвшлийг буруу зүйлд, хувийн эрх ашигтаа хэрэглэгчид төрөн гарч энэ нь авилгын цэцэглэлтийг дэмжсэн гэдэгтэй санал нэгдэх байх. Эндээс тендерийн 10 хувь, банкны зээлийн 1 хувь, зөвшөөрлийн 5 сая, төрийн байгууллагад ажилд ороход байгууллага бүрийн ханш гэх мэтээр авилгын сүлжээний бичигдээгүй хуулиуд мөрдөгдөж эхэлсэн байна. Сүүлдээ төрийн албыг нэг бүрчлэн ханш тогтоож сонгуульд 60 тэрбум төгрөгийн санхүүжилт босгосон нь өргөл барьцын хамгийн тод томруун оргил жишээ болсон. 
Монгол Улсад төрийн өмчтэй бүх албан байгууллагуудын худалдан авалтыг тендерээр шийдвэрлэх болсон нь тендерийн шалгаруулалтанд эрх мэдэлтнүүд жигшүүртэйгээр оролцож, авилгыг цэцэглэн хөгжүүлэх үндэс суурь болсон. Тендерийн үнийн дүнгийн 10 хувь бараг л албан ёсны шалгуур үзүүлэлт болж хувирчээ. Эрүүл мэндийн салбарын, тендерийн хороогоор үнэлэгдэх тендерийг танай компанид авч өгье гэж боловсролын сайд төлөөний хүмүүсээрээ дамжуулан санал ирүүлж байгаа нь авлигыг бүлэглэсэн хулгайч нар үйлдэж байгааг харуулна. Ийм хэлбэрээр энгийнээс нарийссан гинжин урвалаар авлига хөгжөөд байна. Төрийн өмчтэй аж ахуйн нэгжүүдэд тулгадаг шахааны бизнес гэгчийн цаана бас л авилгын томоохон сүлжээ ажиллаж байдаг. Энэ тохиолдолд авлигын сүлжээнд оролцогчийн тоо нэмэгдэж хоёр гурван дамжлага дамжсан авлига явагддаг нь нууц биш. Цэцэрлэгт бага насны хүүхдээ оруулахад олон хүнээр дамжсан авлига үйлдэгдэнэ, сургуульд багшаар, эмнэлэгт эмчээр ажилд орохын тулд танилаараа дамжуулан түшмэлүүдэд авлига заавал өгнө. Бүгд тодорхой ханштай болсон сураг дуулддаг. Банкнаас зээл авахын тулд банкинд 1 хувь, зуучлагчид 10 хувь хүртэл өгч үлдсэн жаахнаар нь бизнесээ босгоно. “Өгдөг авдаг” дээр нь асуудал байхгүй шүү гэсэн хэллэгээс хэнч татгалздаггүй болчихжээ. Авлига улам нэмэгдэхийн хэрээр ард түмэн ядуурч, ААН-үүд зээлийн, өрийн дарамтанд улам улам өртсөөр байна.     

Өглөг, өргөл барьц, хээл хахууль:

Гэмт хэргийн шинжгүй үйлдэд нь өглөгийн зарим хэлбэр байж магад. Гэтэл хээл хахууль өгөгчгүй бол авлига авагч хаанаас төрөх билээ. Тэгэхээр өглөгч нь, сайн санааны бус, ариун цагаан бус өглөг нь авилгыг дэмжин дэлгэрүүлэгч хүчин зүйл болж байгаа нь нэн харамсалтай. Өглөгийг сайн санааны (орлогын чадваргүйд өгөх өглөг) өөрийнхөө хар амиа бодсон муу өглөг (авилгачдыг дэмжин хөхүүлэх хахууль) гэж ангилаад, үүнтэй зэрэгцүүлэн муу өглөгийг гэмт хэрэгт хамруулах нь зүйн хэрэг. Хээл хахуулыг таслан зогсоох нь авлигатай тэмцэх маш том алхам байх болно.  
Энэ нь хэмт хэргийн хувьд маш эгзэгтэй ойлголт боловч яах аргагүй авилгыг ивээн тэтгэж, цэцэглүүлэх хүчин зүйл юм. Мухар сүсгийн улмаас, шарын шашны зан үйлийн дагуу өргөл барьц өгөх асуудал монголд нэн түгээмэл байсан. Эд хөрөнгөтэй, эрх мэдэлтэй баяд ноёд шашин бурханд сайтар сүсэглэж буян ном их үйлдсэний учир баян тарган, сайн сайхан амьдарч байна гэж шар феодалууд ард түмэнд хуурамч ойлголт өгч байж. Энэ нь үнэн чанартаа сүжигтэн олноос өргөл барьц их авахын нарийн ухаан болой. Зах зээлийн нийгэм хөгжиж, хүмүүс өөрийн хичээл зүтгэл итгэл үнэмшил хөдөлмөрч шудрага байдлаараа өөрсдийн аж ахуй амьжиргаагаа авч явах болсонтой зэрэгцээд, басхүү амар хялбараар өөрийн өмч хөрөнгөө нэмэгдүүлэх, ингэхдээ аваилгач түшмэлд өргөл барьц өгөх замаар бусдаас давуу тал олж авах хандлага гараад иржээ. Ийнхүү Монголын нийгэмд ганц нэг шударга бус бизнес төрж эхэлсэн зүй бус үзэгдлийг авлигач түшмэлүүд овжноор ашиглан, өргөл барьцыг бүх нийтээс шаардаж, өргөлгүй бол ажил бизнес нь зогсож, аж ахуй нь сүйрнэ гэсэн бусармаг ёс суртлыг хэвшил болгон хувиргасан юм
Өглөгийн нөхцөл байдал адилгүй бөгөөд энэ талаар хүмүүсийн бодол санаа өөр өөр л байх. Мэдээж ах дүү ойр дотнын садан хамаатан анд нөхөд тусламж дэмжлэг хэрэгтэй хэн нэгэнд өглөг хэрэгтэй л дээ.  Үүнийг эрүүл саруул сэтгэлгээгээр бодож үзэхэд нийгмийн болон төрийн хэрэгслээр зохицуулах боломж харагдахгүй байна. Өглөгийн бүх үйлдлийг ил тод (шилэн) болгон бүртгэлжүүлэх нь зарим талаар тустай байж болох юм. Нөгөө талаар бусдын халамж шаардлагатай нийгмийн эмзэг бүлгийг төрийн хараа хяналтанд бүрэн авч, тэдгээрийн амьдралын баталгааг төр хариуцаж чадсан тэр цагт өглөгийн сэтгэл зүйг мартаж, ингэснээрээ авилгыг таслан зогсоох чиглэлд томоохон алхам хийх боломж бүрдэж мэдэх юм. Өглөг нь авилга хөгжих нэгэн хүчин зүйл бөгөөд түүнийг бүх боломжоор хязгаарлах ёстой гэсэн утгаар л үүнийг илэрхийлж байгаа юм. Нийгмийн ядуу буурай хэсэгт сайн санааны тусламж дэмжлэгийн гараа харамгүй сунгадаг хэдэн мянган буянтнууд болон, буяны байгууллагуудын ариун цагаан үйлдэл хүсэл эрмэлзлэлийг хааж боогдуулах санаа агуулаагүй гэдгээ хэлэхийг хүсч байна. 

Гуйлга:

Гуйлгачин, гуйлга гэдэг ойлголтыг олон талаас нь тайлбарлах хэрэггүй биз ээ. Тэгэхээр гуйлгыг нийгмийн хүрээнээс арилгаж чадсан тохиолдолд авилгыг эрс багасгах боломжтой л гэж хэлэхийг хүсч байна. Хөдөлмөрийн чадваргүй иргэдийг төрөөс бүртгэн зохион байгуулалттайгаар амжиргааг нь дэмжих, хөдөлмөрийн чадвартай хүн бүрийг ажил албан тушаалаар хангах замаар гуйлгын гутамшигийг амсуулахгүй байж чадвал энэ үзэгдлийг таслахад дорвитой алхам болох байх. 
Өнөөдрийн гуйлгачин, маргаашийн хулгайч, боломж таарвал луйварчин, бүр цаашлаад авлигач болох гинжин холбоо оршсоор байгаад л сэтгэл түгшинэ. Хүн амын дунд гуйлгачид байгаа нь муу төрийн үзүүлэлт хэдий ч үүнийг засах боломж бараг л байх шиг санагддаг. Харин хүн ардын дунд гуйлгачин сэтгэлгээ яваад байх нь ноцтой асуудал байх. Монголчууд хэзээ ч гуйлгачин байхааргүй ард түмэн боловч, гуйлгачин сэтгэлгээтэй нийгмийн хэсэг байгаад байгаа нь л санаа зовмоор. Гулгачинг “Тунгалаг тамир” романы Буян чавганцын  дүрээр л ойлгодог. Тэр хөөрхий Заяын хүрээний хүрдний дэргэд гуйлга гуйн суусаар өлбөрч  үхдэг билээ.  Хэдэн жилийн өмнө төв шуудангийн өмнө  нэгэн ядарсан эх нярай хүүхдээ тэврэн, хажуудаа бяцхан хүү суулгачихсан гуйлга гуйж байхтай тааралдсан. Түүний хувцас ноорхой, биеийн ил хэсэг нэн туранхай хоёр гар, эрүү, хүзүүний яс нь товойн харагдаж, нүд нь сүүмийж, уруул нь омголтсон байж билээ. Тэр л миний үзсэн цорын ганц Монгол гуйлгачин мөн. Улаанбаатарын хогийн сав ухаж траншейнд амьдрагч хэдэн зуун эрчүүд, “ахаа ганц юм авах гэсийм 1000 төгрөг өгчих”, “ахаа хөөрөг, мөнгөн аяга, манетан ээмэг хямдхан авчих, дүү нь аргагүйдээд”, “гэрт хүүхэд, хөгшин ээж идэх юмгүй үлдсэн би биеэ үнэлье гэх тарган хүүхнүүд”  зэрэг золбингууд бүгд гуйлгачин биш. Тэд бол арчаагүй залхуучууд, арга зальтай хулгайчууд, луйварчид, тэднийг өрөвдөж улаан мөнгө ч өгөх шаардлагагүй харин ч баривчлаж албадан хөдөлмөр эрхлүүлэх хэрэгтэй.
Гуйлга гуйх нь тийм жигшүүртэй зүйл биш гэж зарим хүн үздэг байж мэдэх юм. Ямар худлаа хэлж, хулгай хийсэн биш, буянтны буянаар амьдарч байна гэж одоо үед олон залхуучууд хэлж чадах байх. Гэвч энэ нь нийгмийн сэтгэл зүйд маш муу үзэгдэл, үйл явдал юм. Авлига авагч нь ер нь бол гуйлгын чанартай атлаа, өөрийнхөө байр суурь эрх мэдлийг борлуулах гуйлга гуйж тэр гуйлгаа өндөр үнэ хүргэж байгаа хэрэг. Гуйлгачин (луйварчин) хандлага үүнд гаршсан эдгээдийн сэтгэлгээнээс хэзээ ч арилдаггүй юм билээ. ЗХУ-д оюутан байхад нэг танил маань ар гэрийн гачигдлаар яаралтай гэртээ харих болоод, эргэж ирмэгцээ өгнө гэж гуйсаар 20 рубль зээлэв. Тэгээд буцааж өгсөнгүй. Хэд хэдэн удаа шаардахад янз бүрийн шалтгаан хэлсээр луйвардчихлаа. Түүнээс хойш бараг танихаа байгаад удсан юм. 40 жилийн дараа гудманд тааралдаад таниад сүйд боллоо. Салж явах гэтэл “найз нь хорт хавдартай болсон, чи надад мөнгө өгөөч” гэж авдаг байгаа. Энд өгүүлэх эдгээр ойлголтууд бүгд өөр өөр утгатай, өөр өөр зорилготой, өөр өөр шинж чанартай үйлдлүүд боловч  Монголын нийгэмд тархсан, нутагшсан түгээмэл үзэгдэл болоод байна. Бусад улс орнууд, хөгжлийн өөр өөр шатанд яваа нийгэмд ч эдгээр үйлдлүүд их бага хэмжээгээр оршсоор бөгөөд тэр нь хүн амын төлөвшил, төрийн бодлого, улс орны эдийн засгийн чадамжтай зарим талаараа хамааралтай бололтой. Эдгээр нь бүгд харилцан шүтэлцээтэй, нэг нь нөгөөгөө дэмждэг, нэг нь нөгөөгөөсөө хамааралтай, хамт үйлдэгддэг гэмт хэргүүд (ихэнх нь гэмт хэрэг) аж. Эдгээрийг өөгшүүлэн хөхүүлэх ямарч үндэслэлгүй юм. Хүмүүсийн сэтгэл зүй амьдралын хэв уламжлалтай хамааралтай боловч бүгд хэн нэгний амар хялбараар, өөрийн хүч хөдөлмөрөөр бус өөр замаар орлого олох сэдэлтэй холбоотойгоор гарч ирж байна. Ингэснээрээ хувь хүнийг ажил хөдлөлмөрөөс хойргоших, хөлсөө дуслуулж, хүчээ гарган байж амьдралын баталгаагаа бүрдүүлэх ёстой нийгмийн хариуцлагаас ухраах гэмтэй гэдэг нь тодорхой. 
Монгол Улсын төрийн эрхийг барьж байгаа нам хүчнүүд, эвсэл холбоод, мэргэжлийн байгууллагууд Монголд нүүрлээд байгаа авлигын асар нарийн торон сүлжээг таслан зогсоох боломж байна уу? Авлигыг таслан зогсоохын тулд дээр өгүүлсэн гуйлга, хээл хахууль, хулгай луйвар, дээрэмийн хэргүүдийг бүгдийг нь нэг бүрчлэн үндэс язгуураар нь таслан зогсоох замаар амжилтанд хүрэх боломж харагдаж байна. Хэдэн жилийн өмнө АН-ын санаачилгаар байгуулж өнөө хэр үйл ажиллагаа явуулсаар байгаа Монгол Улсын авлигатай тэмцэх газар авлигын ялзарсан хөрс суурийг эргүүлэх нь битгий хэл өнгөц өөрчлөлт хийж хөгцний ургалтыг сааруулж чадахгүй байна л гэж хэлмээр санагддаг. Өнөөгийн энэ нөхцөл байдалд авлигатай тэмцэнэ гэдэг нэг жижигхэн агентлагийн хэмжээнд шийдвэрлэх асуудал биш гэдэг нь тодорхой. 
Төрийн бодлогыг авлигын эсрэг чиглүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, УИХ-ын дарга Миеэгомбын Энхболд, Монгол Улсын шинэ Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх, УИХ-ын гишүүд болон МАН-ын (65 суудалтай) олонхид улс орноо авлигаас салгаж,  түмнээ өргүй, гуйлгагүй амар амгалан амьдруулж, хөгжлийн замд хөтөлнө гэж итгэж байна. Авлигатай тэмцэх, магадгүй авлигын үндэс суурийг бага багаар зайлуулсаар хүн ардынхаа сэтгэл зүй, нийгмийн хэвшлээс бүрмөсөн арилгаж чадах хамгийн том хүчин нь ТА бид бүгдээрээ Монголын ард түмэн л байхаа хэмээн үүнийг уншигч эрхэм таньд сануулан, энэ тэмцэлд та бүхнийг уриалах байна. Нэг ч түшмэлд авлига “өгөхгүй” байж, авлигын сэдэл бүрийг юуны өмнө ард түмэндээ МЭДЭЭЛЬЕ л дээ. Луйварт автахгүй, хуурамч гуйлгачдыг өөгшүүлэхгүй байж ТА бид чадна биз дээ. Бидэнд хэвлэл мэдээллийн хүчирхэг зэвсэг хэрэгсэл байна шүү...
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.