НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Ж.Эрдэнэбаатар: Цэргийн байгууллага хүмүүжлийн том үр өгөөжийг нийгэмд өгдөг

Х.Бүрэнтогтох     Нийтлэгч
9 сарын өмнө /2017-12-12 16:06:25 GMT +8 / | 13315 удаа уншсан

 

“Open door” сонины “VIPERSON”-ны өнөөдрийн зочин. Авто тээврийн үндэсний төвийн тэргүүн дэд дарга Ж.Эрдэнэбаатарыг урилаа. Ж.Эрдэнэбаатар бол Монголын төрд 18-тайгаасаа тангараг өргөж зүтгэсэн бэлтгэл хурандаа хүн. Тэрбээр цэргийн албанаас чөлөөлөгдөөд 1990-ээд оноос хойш ч тасралтгүй төрдөө зүтгэж байгаа нэгэн билээ. Том албаны хүн гэхээсээ илүүтэйгээр Жамбалын Эрдэнэбаатар гэдэг бие персонтой илэн далангүй ярьсан нь сонирхолтой болсон болов уу гэж найдна.

-Таныг би чамгүй эртнээс мэднэ л дээ. Та 1990 оноос ч өмнө Хилийн  ба дотоодын цэргийн удирдах газрын (ХДЦУГ) Улс төрийн хэлтсийн дарга байсан. Тийм хариуцлагатай том ажилд 26, 27 настай томилогдсон байх. “Хурандаагийн мест”-тэй ажил гэж цэргийнхэн ярьдаг шүү дээ. Тэр үед хурандаа цол гэдэг их хол байсан. ХЦУГ чухамхүү өндөрт байв. Таныг томилсон томилгоо үзэгдэл шахуу юм байв. Ер нь улс төрийн байгууллага нь чухамдаа юу байв?
-Манайхан нэг юмыг их андуурдаг юм. Цэргийн Улс төрийн байгууллага гэдэг цэргийн албан хаагчдын соёл, хүмүүжлийг тэргүүнд тавьдаг юм. Энд чинь биеэ авч явах ёс, харилцааны соёл, хүний зөв төлөвшлөөс эхлээд эх оронч үзлийг бүрэлдүүлэх гээд маш олон ойлголт орно. Нам эвлэлийн ажил нь бас тусдаа зэрэгцээ явна шүү дээ. Аль ч үед цэргийн албан хаагчийн ёс суртахуун, хүмүүжил гэдэг маш чухал. Үгүй бол цэрэг гэж ярих хэрэггүй. Тэнд чинь түмэн аавын хүүхэд түжигнэдэг газар. Хэрвээ хүмүүжил, ёс суртахуун, эх оронч үзлийг суулгахгүй бол хаос л болно шүү дээ.
-Дээрэмчдийн бүлэглэл шиг ч юм уу, партизаны отряд шиг ч юм уу, орчин үеэр бол террорист бүлэглэл ч гэдэг юм уу?
-Тэгж хүндрүүлээд яах вэ?(инээв.) Таны яриад байгаа хүмүүс ч гэсэн өөрийн номлолтой. Аливаа хүмүүсийн бөөгнөрөл бүгд хүлээн зөвшөөрсөн хатуу үзэл санаагүй бол хаосын байдалд байдаг. Тэрнийг гармонид оруулахад дээд ёс суртахуун, өөрийн гэсэн туйлын үнэн, туг болгосон үзэл санаан дээрээ түшиглэсэн хүмүүжил чухал. Манайхан цэрэг, эх оронч хүмүүжил гэж ярьдаг  шүү дээ. Яагаад “цэргийн хүмүүжил”, “эх оронч” хүмүүжил гэж тусад нь ярихгүй байгаа юм. Энэ хоршоо үг гэхэд их юм хэлнэ дээ. Цэргийн хүн эх оронч байх нь зайлшгүй.
-За, уучлаарай. Ер нь Цэргийн улс төрийн байгууллагыг нам, эвлэлийн байгууллагатай хольж хутгаж шүүмжлэх нь бий. Үүнийг сэдрээх үүднээс тактикгүй асуулт асууж...
-Хольж хутгаж болохгүй л дээ. Хил дээр манаанд зогсож байгаа 18-тай хүү намын бодлого гээд л бодоод зогсох уу? Амьдрал дээр... Та юу гэж бодож байна? 
-Үгүй л дээ. (инээлдэв.)
-Тэнд бол хүн чанар, эх орондоо үнэнч байх асуудал яригдана. Хүмүүжил яригдана. Олон аавын хүүхэд цугларсан учраас олны дунд биеэ авч явах чадварын асуудал яригдана. Харилцааны соёл яригдана. Түүнээс намын программд ийм юм заасан учраас гээд бодож зогсох цэрэг  амьдрал дээр байх уу?
-Байхгүй л болов уу. 
-Тийм учраас цэрэг эх оронч үзлийг улс төржүүлж болохгүй. Энэ буруу ойлголт газар авч нэг хэсэг цэргийн амьдралд хортой нөлөөлсөн шүү дээ. Цэрэгт бол хүмүүжил, ёс зүй, ёс суртахууны ажлыг тасралтгүй байнга хийж байх ёстой. Эх орон энхийн цагт ч дайн байлдааны үед ч энэ үзэл санаан дээр тогтдог. Цэргийн албан хаагч, “Миний энэ алба хааж байгаа нь надад хэрэгтэй гэхээсээ илүү эх орон, аав ээж, ах дүү нарынхаа төлөө юм аа” гэж бодож, бахархаж албаа хаах ёстой. Энэ бол хүний хамгийн үнэ цэнтэй, нандин ариун бодол сэтгэлд тулгуурласан үзэл санаа.
-Цэргийн албыг ээлж өнгөрөөх биш Монгол Улсын иргэн төлөвших үүднээс хааж байх нь чухал гэж ойлголоо. Нээрэн миний мэдэх,  “Манай энэ хүү цэрэгт явж ирээд л чамбай болсон юм шүү” гэж ярьдаг байсан шүү. Одоо ч тийм байдаг болов уу?
-Монгол Улсын Ерөнхий сайд П.Жасрай гуайгаас асууж байсан. Ер нь цэргийн алба хэрэг байна уу? Энэ хүмүүсээр барилга бариулаад зам тавиулчихвал яасан юм бэ гэж. Тэгэхэд, “Цэргийн байгууллага гэдэг дайн байлдаан гэхээсээ илүү хүмүүжлийн байгууллага” гэж хэлж байсан юм.
-Цэргийн хүмүүжил гэдэг цаад утгаараа нийгэмд сайн сайхан юм авчирдаг. Монгол Улсын иргэн хүмүүс 18-25 насандаа зөв төлөвшинө гэдэг нийгэмд асар их хэрэгтэй нь мэдээж. Ер нь дүрсгүй хүмүүс цэргээс хүмүүжил олж байсан гэж ярьдаг даа.
-Үнэн. Дунд сургуульд завсардаад ч юм уу, ер нь буруу замаар орсон хүүхдийг эцэг эх нь, “За нэг цэрэгт явуулж л хүмүүжүүлж авъя даа” гэх тохиолдол бишгүй байлаа шүү дээ. Цэргийн алба гэдэг хүмүүжлийн алба гэдэг нь эндээс харагдаж байгаа биз?!  Миний цэрэг байсан хүмүүстэй 20, 30 жилийн дараа уулзахад л, “Цэрэгт олсон хүмүүжил, амьдралын хэв загвар маань л одоо болтол миний амьдралыг авч явж байна даа” гэж бахархан ярьдаг юм. Цэрэгт олсон хатуужил, хүмүүжил хүнийг “тугалган жад” шиг туйлбаргүй байхаас хамгаалдаг. Ямар ч ажил хийсэн цэрэгт байсан хүн арай илүү шүү. Энэ бол амьдрал дээр аль эртнээс нотлогдсон зүйл.
-Хатанбаатар Магсаржав жанжны үеэс л нотлогдсон байх, тийм үү?
-Түүнээс хамаагүй өмнөөс шүү. Миний хувьд ч гэсэн ялгаагүй. Би Москвад Цэргийн сургуульд таван жил сурсан. Тэр хүмүүжил намайг авч явж байгаа гэдэгт эргэлздэггүй.
-Цаг нь ирэхэд хулигаан хүн ч хувилгаан хүн болдог гэдэг дээ...
-Та надад хандаж хэлж байгаа бол би хулигаан ч байгаагүй. Бас хувилгаан ч болоогүй. (инээв.)
-Цэрэгт очсон дэггүй, дүрсгүй хүмүүс их зөв төлөвшдөг гэнэ лээ гэдэг утгаар л асуулаа...
-Янз бүрийн хүмүүжилтэй хүмүүс ирнэ шүү дээ. Тэдэнтэй чинь тасралтгүй сургалт хүмүүжлийн ажил явуулна. Гурван жилийн дараа аж амьдрал, айл гэрээ аваад явах чадвартай жинхэнэ эр хүн болоод халагдана шүү дээ. Цэргийн байгууллага бол хүмүүжлийн маш том үр өгөөжийг нийгэмд өгдөг гэдэг нь амьдралаар нотлогдсон эд.
-Энэ бол нийгэмдээ том хөрөнгө оруулалт юм даа.
-Хүн дэлхийг өргөж явдаг нь үнэн юм бол зөв хүмүүс сайхан дэлхийг байгуулна. 
-Одоо дэлхийн байдал нэлээн эгзэгтэй байх шиг байна. Гадаадын улс орнууд ч хүний хүчин зүйлийг бодитоор харахыг тэргүүн зэрэгт анхаарч байх шиг...
-Одоо жишээ нь Европын армиуд цэргийн албан хаагчдын ёс суртахуун, хүмүүжлийн асуудлыг нэгдүгээрт тавьж байна. Цэрэг, байлдааны арга тактик эзэмшихээс өмнө хүмүүжилтэй цэрэг амжилтын үндэс гэж үзэж байна. Эх орноо, хүн хүнээ хайрлах, хүндэтгэх үзэл бодол төлөвшинө гэдэг сайн дайчин байх, сайн хүн байх гол шинж гэж үзэж байна. НАТО-ын орнуудад цэргийн дотоод хүмүүжлийн асуудалд онцгой анхаарч байна. Ер нь та тэдгээр орнуудын киног үзэхэд л харагдаж байгаа биз дээ. Орос, Хятад мөн ялгаагүй. Манайд ч энэ талын юм хийгдэж эхэлсэн нь сайн хэрэг. Оросууд нэг хэсэг завсрын үед яг манайх шиг цэргийн сургалт хүмүүжлийг хаячихсан байсан шүү дээ. Одоо хүчтэй сэргээж байна. Эх орноо хамгаална гэдэг үзэл бодол бол орос цэргүүдэд нэвт шингэсэн гэж байна шүү. Хятад бол энэ тал дээр мундаг. Энэ бол зүгээр нэг дадлага практик хийгээд бий болдог үзэл санаа биш. Хүмүүжил сургалтын тасралтгүй үйл ажиллагааны үр дүн.
-Ер нь залуу хүнийг чадалтай хүчтэй болгоё гэвэл фитнест гурван сар явуулахад л шал өөр болно л доо. Хүнийг хүмүүжүүлж төлөвшүүлэхэд  ийм амар биш байх л даа.
-Хүн хуаранд ороод л хүмүүжчихдэг юм биш. Энд ирсний ач холбогдлыг тайлбарлаж ойлгуулах, эх орон гэдэг ямар нандин ойлголт байдаг вэ гэдгийг оюун тархинд нь суулгах хэрэгтэй. Юмны мөн чанарыг ухуулан таниулах явдал чинь өөрөө хүмүүжил байхгүй юу. Өглөө зургаан цагт босох, өдөр дөрвөн цагт амрах, орой 10 цагт унтах гэдэг бол амьдралын хэвшил. Дэг журмаар сурчихна. 
-Таныг цэрэг хүний сэтгэл зүйн инженерийн мэргэжилтэй хүн гэж би ойлгож байна. Тэр утгаараа орчин үеийн залуучуудын давуу тал сул тал таны үеийнхэнтэй харьцуулахад ямар болж вэ?
Цэргийн академийн нэг курсынхан. Зүүн гар талаас:  П.Хархүү, Ж.Эрдэнэбаатар, Г.Мягмаржав, Л.Пүрэвдорж, Х.Кумарзак, Ж.Намнансүрэн, Л.Болд, Д.Эрдэнэбаатар, Ж.Энхжаргал нар

Цэргийн академийн нэг курсынхан. Зүүн гар талаас: П.Хархүү, Ж.Эрдэнэбаатар, Г.Мягмаржав, Л.Пүрэвдорж, Х.Кумарзак, Ж.Намнансүрэн, Л.Болд, Д.Эрдэнэбаатар, Ж.Энхжаргал нар


-Орчин үеийн хөгжилтэйгээ уялдаад давуу тал олон байна аа. Мэдээллийн буумд автсан байна. Мөн чанарын талаас нь аваад үзвэл 30 жилийн өмнө байсан нэг цэрэг өнөөдрийн амьдрал дээр хий эргээд байгаа 10 залуугаас ч илүү байж магадгүй. Тэсвэр хатуужил, ажил хийх арга дүй, хариуцлага, хүн чанар, эх оронч үзэл бодол зэрэг олон параметрийг тооцоход шүү дээ. Одоо ачаалал даах чадвартай залуу хүн цөөрлөө. Өглөө зургаан цагт босоод л орой 10 цаг хүртэл тасралтгүй ажиллах юм бол түүртнэ дээ. Онцгой байдал, цэрэг, цагдаагийн албаны мундаг залуучууд байна аа, байна. Үгүйсгэхгүй. Тэгэхдээ хувьлах юм бол тоо, чанараар хуучнаа гүйцэхгүй байх. Эрдэм мэдлэгтэй, нийгмээ чирэлцээд явж байгаа сортоотой залуучуудыг ч үгүйсгэхгүй. Гэхдээ тэр үеийн цэргийн алба хаасан малчин залууг өнөөгийн малчин залуугийн байдалтай харьцуулахад бас нэг юм хэлнэ. Бидний үед өглөөний зургаан цагаас оройн 10 цаг хүртэл дадлага сургууль тасралтгүй адуу шиг тачигнаж байсан. Өнөөдөр мэдээллийн энэ үерт автаад манай залуучуудын зарим нь өөрөө мэдэхгүй буруу үзэл санаанд автсан байгаа. Хүмүүжилгүй байдлыг байдаг үзэгдэл гэж үздэг болсон байгаа. Энэ бол манай нийгмийн аюул. Энийг цэргийн байгууллагууд анхаарч залж залруулах бодлогыг өөртөө хүлээж авах ёстой. Өөр механизм тэр бүр харагдахгүй байна.
-Цэргийг мянган өдөр тэжээж нэг өдөр ашиглана гэдгээс өөр ойлголт юм аа. Нийгэмд өгөх өгөөж талаас нь асууж байна л даа?
-Насан туршийн суурь хүмүүжлийг энд л бий болгоно. Ер нь цэрэгт  сүрхий дэглэж, гүйлгэж алхуулдаг 30 дарга байснаас зөв нөлөө үзүүлдэг, зөв юм ярьдаг гурван дарга илүү ач холбогдолтой болсон цаг үе ирж байх шиг байна. Хүн жагсаагаад гүйлгэх бол цэрэгт хэн ч хийж чадах ажил. Энэ бол хэвшил. 
-Миний эхний асуулт хариултаа гүйцэд аваагүй л байна. Ярилцлага маань нэлээн гүнзгий, нийгмийн чанартай яваад байсан учраас тэр байх. Та ХЦУГ-ын Улс төрийн хэлтсийн даргын “хурандаагийн мест”-н дээр ямар хувь заяаны зургаар очив. Тэр үед 20 хэдтэй хүн тэгж өндөрт очих боломжгүй. Өдгөө манайхан дээр дооргүй яриад байдаг ч амьдралд хэрэгжүүлж чадахгүй байгаа “меритократ”-ын зарчмыг тэр үед хатуу барьдаг байсан даа?
-Тэр үед хэн ажлаа хийж чадна, тэр хүн нийгмийн гарал үүсэл, эд хөрөнгийн боломжоос үл хамаараад ахиж дэвшдэг бололцоо байсан. Ямар нэгэн арын хаалга, алагчлах үзэгдэл муу зүйл болохыг бүгд ямар ч гэсэн зөвшөөрдөг байсан. Би сургууль төгсөөд Хилийн заставт дэслэгч цолтой Намын комиссын даргаар очсон. Энэ бол цэвэр намын гишүүдийн хүмүүжил хариуцсан дарга. Тэгж байгаад Цэргийн академид яваад буцаж ирээд улс төрийн орлогч болсон.  Дараа нь ХЦУГ-ын газрын Улс төрийн газарт ахлах мэргэжилтнээр ирж байсан. Тэгээд тэр ахлах мэргэжилтнээсээ хэлтсийн дарга болсон. Меритократийн ямар зарчим би зөрчив?
-Зөрчөөгүй байна аа. Байж болох бүх л шат дамжлагыг дамжиж.
-Энэ бол тухайн үеийн боловсон хүчний ур чадварын зарчмаар явсан. Би ХЦУГ-ын нэг ч даргыг таньдаггүй байсан. Нэг ч удаа тийм ажил хийхсэн, ийм ажил чадна гэж хэлж байгаагүй. 
-Хэн нэгэн нөлөө бүхий хүнд намёк (битүү санал Х.Б) ч хэлж байгаагүй гэж үү?
-Удирдах газрын нэг ч дарга таньдаггүй байсан гэж танд хэлсэн байх аа. Цэргийн албан хаагчийн зарчим бол тайлбар тавьдаггүй байх. Хүсэл зорилгоос үл хамаараад “гүйцэтгэе” гэдэг л үг хэлнэ. Энэ бол зарчим. Боловсон хүчний дарга, хурандаа н.Энхболд гуай утсаар, “Таныг тийм ажилд томилсон. Долоо хоногийн дотор ирж ажлаа ав” л гэсэн.
-Хилийн цэргийн командлагч алдарт Арвай генерал байсан байх аа.
-Тийм. Улс төрийн газрын дарга, хошууч генерал Ж.Ишдорж байсан.
-Намайг сурагч байхад манай цэрэгжилтийн Батсүх багш Арвай генералын тухай домог шиг юм ярьдаг байлаа. Түүнийг Зөвлөлтөд цэргийн сургуульд байхад сургуулийнх нь ханан дээр, “Монголын Арвай шиг суралцъя” гэж бичсэн байсан гэж.
-Манай Хилийн цэрэгт үлгэр жишээ болсон офицерүүд олон бий. Фрунзегийн академид  Шавайн Арвай генералыг сурч байхад тийм юм болж байсан юм билээ. Үлгэр домог биш, үнэн явдал. Олон орны хөвгүүдээс онцгойрч гарна гэдэг ямар ч арын хаалгагүй шүү дээ. Арвай генерал үнэхээр сайн командлагч. Намайг цэргийн сургуульд явахад бүх курсантуудыг цуглуулж үүрэг өгч байсан. “Хүн ямар юм хийнэ, түүнийхээ үрийг өөрөө заавал хүртдэг. Сайн үйл хийвэл түүнийхээ үр шимийг хүртэнэ. Муу үйл хийвэл түүнийхээ гэм хорыг хүртэнэ” гэж хэлсэн нь одоо болтол надад бодогдож явдаг юм. Дөнгөж 18-тай хөвгүүдэд ийм үг хэлж байж дээ.
-Таныг Улаанбаатарт шилжиж ирэхэд танай байгууллага ямар нэртэй байв?
-Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газар(УАБХЕГ) гэж одоогийн тагнуулын байгууллагатай нэгдсэн байгууллага болсон байсан. 
-Нийгмийг Аюулаас хамгаалах яам татан буугдаад?
-Тийм. УАБХЕГ-ын нэгдүгээр орлогч дарга бөгөөд Хилийн цэргийн командлагч Ч.Сандр генерал болсон байв. Би Сандр генералын орлогч бөгөөд улс төрийн хэлтсийн даргаар томилогдсон юм. 
-Жамбал гуайн хүүхдүүдээс Монголын төрд зүтгэсэн бас нэг хүнийг би таньдаг байв. Таны ах Хатанбаатар гуай. Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга агсан хүн. Ахынхаа талаар яриач?
-Ах маань Сүхбаатар аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга, дарга, МАН-ын намын хорооны даргын алба хашиж байсан хүн. Насаараа Сүхбаатар аймгийн хүн ардын ажил амьдралын төлөө болохоос нь авахуулаад болохгүйг нь хүртэл болгох гэж мачийж явсан хүн дээ. Нам нь ялсан ч, ялагдсан ч хоёргүй сэтгэлээр зүтгэж байсан даа, хөөрхий. Одоо миний ахыг таньж мэддэг байсан хүмүүс “Сайн залуу байсан. Сайн дарга байсан. Юм бүтээх хүн байсан” гэж харамсан ярьдаг юм. Нэгэнт хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ахынхаа тухай ийм үг сонсохоор сэтгэл өегшдөг юм. Өөр ч юу хэлэх вэ дээ.
-Сайхан хүн байсаан. Хүнийг дээр доор гэж үздэггүй. Таны аав Жамбал гуай насаараа багш хийсэн хүн. Сүхбаатар аймгийн дунд сургууль төгссөн хүүхэд болгон  гараар нь орсон байх даа?
-Миний аав насаараа түүх, газар зүйн багш хийсэн. Одоо наян зургаан настай сайхан буурал байна. Аав минь түүхийн багш байсан болоод ч тэр үү, бид хилийн аймгийн хүмүүс болоод ч тэр үү, их л эх оронч үзэлтэй дээ, манайхан. Аавын гараар Сүхбаатар аймгийн 10 жилийн сургуулийн хүүхдүүд орсоон орсон. Тэр үед сэхээтэн ч ховор байсан. Нэр алдартай олон шавь байна. Нөгөө талаар ээж маань бас Сүхбаатар аймгийн сурагч багачуудад ааваас дутахгүй буян үйлдэж ирсэн хүн. Миний ээж Алтаннавч насаараа 10 жилийн дунд сургуулийн ахлах тогоочийн ажлыг хийсэн. Ээжийн минь гарын хоолыг Сүхбаатар аймгийн үе үеийн хүүхдүүд хүртэж хүн болцгоосон доо.
-Та багадаа ямар хүүхэд байв?
-Би онц сурлагатай хүүхэд байгаагүй. Тэгэхдээ муу сурлагатай байгаагүй. (инээлдэв.) Би аравдугаар анги төгсөхдөө хоёр зүйл бодож байсан. Нэгд, би цэргийн сургуульд явах хэрэгтэй юм байна. Хил хамгаалах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр бие бялдраа хөгжүүлэх хэрэгтэй гэж... Яагаад ийм бодол төрсөн бэ? гэхээр миний дээд талд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуульд яваад амралтаараа ирсэн курсантуудыг хараад гайхсан. Мань мэт шигээ нөхдүүд л жилийн өмнө явсан чинь тэд бие бялдар, сэтгэл зүй, биеэ авч яваа байдал, хүнтэй харилцаж ярих нь хүртэл суга өссөн байв. Ингээд ийшээ зүтгэсэн хэрэг.
-Цэргийн дэг журамд ороод ирэхээр бас эхний үед бас жаахан харамсана биз?
-Цэргийн сургуульд явах гээд карантинд сар гаруй нүдэгдээд ирэхэд хэцүү санагдаж байсан. Маш хүнд юм байна л гэж бодогдох. Москвад очоод энгийн байсан бид чинь бас л айхтар хатуу дэглэмд иржээ гэж бодогдож байсан. Өглөөний зургаан цагаас оройн 10 цаг хүртэл ёстой нэг адуу шиг л гүйдэг байлаа. Таван жил ингэж амьдарсан. Сүүлдээ энэ дэглэмээ бие организм нэхдэг болчихдог юм. Зун амралтаараа нутагтаа ирээд тэрийгээ үгүйлээд байх жишээтэй. Буцаж хурдхан шиг явж бэлтгэл сургуулиа хийх юмсан гэж санагддаг болтлоо тэр дэглэмдээ дасаж байгаа юм. Надад өнөөдөр бие бялдар, оюун санаа, зан төлөвшлийн хувьд сайн юм байгаа бол 80 хувь нь дээрх цэргийн амьдралтай холбоотой гэж боддог. Нэг жишээ хэлэхэд өдий олон жил болоход би өглөө найман цагаас орой босож үзээгүй. 
-Энэ чинь юу гэсэн үг вэ. Мань мэтийн хүн бол гайхаж балрах юм байна. Бүр дөчин жил үү?
-Өглөө найман цагаас хойш орондоо хэвтэж үзээгүй л гэсэн үг. Үүрээр таван цагт унтсан ч наймдаа л босно. Цэргээс олсон хэвшил. 
-Яг л 20, 30 жилийн дараа уулздаг командандаа байсан цэрэг шигээ үг хэлж байх шив дээ?
-Би тангараг өргөсөн мөнхийн цэрэг хүн шүү дээ.(таатай инээв.) Танай “Open door” сонин дээр “Би цэрэгт байхдаа” гэж цэрэг, эх оронч хүмүүжилд нийгмийн шинжтэй сурталчилгаа болсон сайн булан гарч байсан сүүлийн үед харагдахаа байж.

-Байгаа байгаа. Таны сануулгыг анхааралдаа авлаа. 
-Энэ бол сайн сайхны төлөө нийгмийн чанартай сурталчилгаа юм. Оросын хотуудад 90-ээд оны замбараагүй үеийн дараа Путин гарч ирснээр нийгмийн чанартай том том плакатууд их тавьдаг болсон шүү дээ. “Ээжийгээ хайрла! Ойрд ээжтэйгээ уулзсан уу?!”, “Хүн чанараа гээв!” гэдэг ч юмуу тайлбартай голд ормоор сайхан зургуудтай плакат. Энэ бол 21000 төгрөгөөс чухал. Ард түмэн зөв төлөвшсөн байхад мөнгө олох, зөв амьдрах механизм ажиллаж эхэлнэ. Би үүнд итгэдэг. 
-Та “Open door” сонины “Би цэрэг байлаа” буланг уншдаг гэж байна. Хамгийн сэтгэлд үлдсэн бичлэг нь хэн хэнийх байв? 
-Тулгамдаад тэр болгон бүгдийг нь сайн санахгүй байна. Тэр буланг чинь генерал Б.Билэгт санаачилсан гэж байсан. УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа гуайн “Хат сууж, хал үзсэн” нь гэж их хөөрхөн дурсамж байсан. Яг л цэргийн амьдрал ургаад ирэх шиг. Одоо энэ Шинжлэх ухаан,соёл, боловсролын дэд сайд Ё.Отгонбаярын “Хөлдүү кительтэй” гэж хөөрхөн нийтлэл байсан. Одоо чинь хүмүүс цэрэгт байснаараа, цэргийн амьдрал туулснаараа том жижиггүй бахархаж эхэлж байна. Ц.Элбэгдорж, У.Хүрэлсүх, Р.Амаржаргал, С.Баяр,  Ц.Мөнх-Оргил гээд томчуул цэргийн албаны талаар бахархалтай сайхан нийгэмд үлгэр болохуйц дохио сигнал өгдөгт би баярлаж явдаг.
-1990, 1991 онд орон даяар цэргийн албан хаагчдын амьдралд газар хөдөлж байгаа юм шиг өөрчлөлт орсон. 36,37 настай залуу ахлагч, офицерүүд тэтгэвэрт гарсан. Нийгэм, эдийн засгийн бүтцийн өөрчлөлтөнд орсон цэрэг армид гэнэтийн цохилт болсон байх. Таны хувьд юу болов?
-Нийгэм, эдийн засгийн олон юмны том дүгнэлтийг би хийгээд яах вэ. Хүмүүсийн амьдрал дээрдсэн доордсон, цочирдсон гээд олон юм бий. Энэ бол тусгай сэдэв. Өөрийн хэмжээнд нэг л дүгнэлт хийе. 1990 оноос өмнөх үед Хилийн цэргийн боловсон хүчин маш чадварлаг, өндөр түвшинд очсон байсан. Хилийн отрядыг Академийн боловсролтой хүн удирдана. Улс төрийн орлогч нь ч Академийн боловсролтой улс байсан. Ротын захирагч нар дээд боловсролтой, Цэргийн дээд сургууль төгссөн дарга нар. Заставын дарга мөн тийм түвшинд байна. Тэдний цэргийн боловсрол, чадавх, ёс суртахуун, хүмүүжил, ертөнцийг үзэх зөв үзэл ёстой нэг нэгэн биед цогцолсон боловсон хүчнүүд байсан. Энэ орчин үеийнхээ дээд кондецид хүрсэн шахуу систем байхгүй болсон. Гэтэл 1990-ээд оны бужигнааны дараа хэдхэн жил болоод ажиллаж байсан газраа очиж үзэхэд, “Энэ хүн яаж салаан дарга хийнэ ээ?!” гэж танхай балмад, үлгэргүй, ухаангүй байдлаараа хар дансанд орох шахуу байсан хүн л ангийн орлогч хийгээд явж байх жишээтэй. Ингэтлээ боловсон хүчний бодлого нурсан байв.
-Боловсон хүчний хомсдолд орж л дээ. Одоо ямар бол?
-Одоо эргээд сайн тал руугаа нөхөж байгаа байх л даа. Цэргийн нэг дунд шатны офицер бэлдэнэ гэдэг маш том хөрөнгө шүү дээ. Тэр олон боловсон хүчинг байхгүй болгоно гэдэг бариад тавьчихсан есөн давхар шинэ байшингуудыг зүгээр нураагаад байгаатай адил. 
-Та бид хоёр цэргийн албаны талаар сонирхолтой яриа өрнүүлээд би бүр таныг уруу татчих шиг боллоо. 
-Уруу татах юу байх вэ? Харин ч миний олон түмэнд дуулгах гэсэн дотор загтнуулж явдаг сэдэв хөндсөнд баярлалаа.
-Цэргийн албанаас чөлөөлөгдөөд ямар ажил хийв?
-Нийслэлийн Өмчийн харилцааны газар Төлөөллийн удирдлагын хэлтсийн даргын ажлыг есөн жил гаруй хийсэн. Би дөрөв дэх агентлагийн дэд даргаар ажиллаж байна. Ажилласан газар болгондоо Бурханы авралаар сайн ажилласан дүн авч байсан. Нэг ч удаа өдий олон жил болоход арга хэмжээ авахуулж, хэл үгэнд ороогүйдээ баярлаж явдаг юм. 
-Ямар ямар агентлагууд байх вэ?
-Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газрын дэд дарга, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд даргын албыг хашсан. Та бидний ярилцлагын гол сэдэв болсон Хилийн цэргийн дэд дарга. Одоо Монголын Үндэсний авто тээврийн төвийн тэргүүн дэд захирал гэсэн албыг хашиж байна. 
-Өнөөдөр иргэд нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал хоёрыг салгах, салгахгүйн талаар их ярьж байна. Энэ салбарт удирдах ажил хийж байсан хүний хувьд энэ тал дээр санаа бодол ямар байдаг вэ гэдгийг сонирхож байна?
-Үйлчилгээг сайжруулах, чиглэлийг нь тодорхой болгох, хүндээ ойртуулах үүднээс салгах нь зөв байх. Үйл ажиллагааг нь давхардуулахгүй, бүтэц нь боловсронгуй болно гэж бодож байна. Би НДЕГ-т ажиллаж байхдаа ч энэ хоёр даатгал тусдаа байвал яасан юм бэ гэсэн бодолтой байсан. Тэр бодол хэвээрээ. Доторх нарийн юмыг нь нарийвчилж яривал бас чи бидний дээр хилийн цэргийн тухай ярьдаг шиг урт яриа болно. (инээв.)
-Авто тээврийн Үндэсний Төв нэг чухал ажил хийлээ гэж хүмүүс ам сайтай байна. Хуучин чинь хөдөө гадаанаас ирсэн хөгшин хөвөө улс “Автобусны “литр”-ээ бичүүлж амжсангүй. Маргааш өглөө очиход байдаг байгаа” гээд л нэг том асуудал айл орноор болдог байлаа. Заримдаа өглөө очоод явах билет нь байхгүй хий ажил алдах жишээтэй. Одоо энэ асуудал нэг мөр шийдэгдсэн гэх юм?
-Үйлчилгээг иргэдэд ойртуулсан хэрэг. Энэ бол манай шинээр сэдэж хийж байгаа ажлын л нэг хэсэг. Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн  автовокзалуудаас билетээ авч болно. Мөн онлайнаар билетээ захиалж болж байна. ТҮЦ машинуудыг 19 цэгт тавихаар төлөвлөж байна. Туршилтыг нь хийгээд дууссан. Бид хүсэлтээ тавьсан хоёр компанитай хамтарч ажиллах гэрээ байгуулахаар судлаж байна. Ингэх юм бол иргэний үнэмлэхтэйгээ ТҮЦ машин дээр очоод л үйлчилгээ авах боломж нээгдэх юм. Иргэдийн хувьд маш их нерв, цаг хэмнэнэ. Энэ шинэ үйлчилгээг иргэд маш сайн ашиглаж эхэлсэн.
-Одоо дэд сайд, дэд дарга хэрэггүй гэж гадуур их шуугих болж. Ийм хориг ч төсөв төлөвлөгөөтэй холбогдоод УИХ дээр явагдаж байх шиг. Та олон орлогч, дэд даргын алба хашжээ. Энэ местэн дээр чухам юу бүтээж байв? 
-Хуучны ХДЦУГ(одоогийн ХХЕГ)- ын орлогч дарга байхдаа цэргийн сургалт хүмүүжлийн ажлыг шинэ шатанд гаргасан гэж боддог юм. Намайг энэ албыг хашиж байхад нийгэм маш их донсолгоотой байсан. 1990-ээд он... Тэр үед цэргийн газрын улс төрийн байгууллага хэрэггүй гэж дээр дооргүй ухвар мөчид ойлголттой болчихсон байлаа. Энэ ухамсрын байгууллага цэрэгт байхгүй бол юу болох вэ? Хөлсний цэрэгт ч үзэл санааны ажил явагддаг шүү дээ. Та бүхэн бэлхнээ харж л байна. Ардын цэрэг гэдэг чинь учиртай үг. Ард түмнээ хамгаална, ард чинь Монголын ард түмэн байгаа шүү гэсэн үг шүү дээ. Ард чинь аав ээж чинь, амраг хань чинь, үр хүүхэд чинь, ах дүү нар чинь байна гэсэн үг. Цаашилбал адуу мал чинь, газар шороо чинь байна гэсэн үг. Энэ чинь л эх орон гэсэн үг. Бүх юм үе үеэр боловсорч ирсэн утга учиртай. Тэр үед би байлдааны өмнөх байдал шиг сургалт хүмүүжлийг хийх цаг иржээ гэж дотроо ухамсарлаад энэ ажлыг шат дараатай, тасралтгүй явуулсан.
-Цэргийн сургалт хүмүүжилд байлдааны үеийнх, энх цагийнх гэж бас зааг ялгаа байна аа?
-Үе шатандаа тохируулж хийнэ. Цагийн байдал хүндэрсэн үед шал өөр. Миний үед цэргүүд Хятадын аюул гэхээсээ илүү цэрэг дотор цэргүүд бие биенээ алчих гээд байсан байхгүй юу. Оны ялгаа энэ тэр гээд балай юм газар аваад... Улс төрийн задрал хямрал болчихсон. Дарга хүнийг “түй” гэж нулимж болох юм байна аа гээд ухамсар муутай нь ойлгоц авчихсан. Хурандаа ч адилхан, хуучин цэрэг ч адилхан гээд. Тэр дотоод хямралыг цэргийн байгууллага тулдаа л барьж, дарж байв. Ер нь дээд талаасаа цэрэг, цэргийн албыг үгүйсгэж, үл тоомсорлоод ирэхээр цэргүүд ч зөнгөөрөө цэрэгт ач холбогдлоо өгч эхлэхээ больдог юм билээ. 88, 89, 90, 91 онд татагдсан цэргүүд чинь итгэл үнэмшил нь суларчихсан учраас тэр орон зайгаа танхайрал, анархизмаар нөхөх гэдэг болж эхлэхгүй юу. Цэргийн тэр тэнэглэлээс улс орныг аварсан авралын байгууллага бол Улс төрийн алба нь байсан юм. Штабын ажил бол цэргээ командалж, сургалт дадлагаа хийлгэнэ. Хүмүүжлийн асуудал бол тэдэнтэй 24 цаг тасралтгүй ажиллах шаардлагатай болно. Зөрчил шөнө, өдрийг ялгахгүй гарна шүү дээ. Энийг хаадаг, дардаг, зүг чигт нь оруулдаг нь манай байгууллага байсан.
-Бид мэддэггүй байснаас бас хэцүү байж. Энгийн амьдрал дээр л хямрал үүрлэчихсэн байсан юм чинь... Зарим хүмүүс огцом хүн дүрсээ алдаж байв даа...
-Үндэстэн хоорондын асуудал ч сэдрээд... Баян-Өлгий аймгийн Хилийн отрядод  казах, монголоороо хоёр хуваагдчихсан байв. Казах хүнээр удирдуулна, барина гээд бөөн будилаан. Би удирдлагын хүмүүстэйгээ очиж учир зүйг тайлбарлаж, үг хэлэнд нь оруулж байлаа. Хөдөлмөр халамжийн байгуулагад байхдаа гол зохион байгуулсан нэг чухал ажил бий. Ажлын хэсгийг нь удирдаж гардан зохион байгуулсан тэр ажил бол 21000 төгрөгийг зөв зохистой, хэл амгүй тараах. Хэл ам бараг гараагүй дээ. Энэ мөнгийг саадгүй хүргэх ажлын ард гарсан. НДЕГ-т ганцхан жил ажилласан учраас ярьж гайхуулаад байх юм алга. Миний ажиллаж байсан газруудаас хамгийн их ил харагдах бүтээлч ажилтай, их зууралдсан хэл ам, проблемтэй ажил бол Авто тээврийн үндэсний төвийн ажил байх шив дээ. (инээв.)
-Аа за...
-2017 онд бид гол хүчээ юунд зарцуулав гэвэл тээвэрлэлтийн менежментийг сайжруулья гэдэгт л голлов. Орчин үеийн тээвэр иргэн хүний хүсэл сонирхол, тав тухтай байдлыг хөтөлж явах ёстой. “Цаг цагаараа байдаггүй, цахилдаг ногооноороо байдаггүй” гэдэг шиг 50 жилийн өмнө ард иргэд маань 53 машины тэвшин дээр өвлийн хүйтэнд, зуны халуунд сэгсчүүлж явахдаа юм хэлдэггүй байлаа шүү дээ.
-100 жилийн өмнө зүгээр л морь, тэмээгээр Да хүрээ орох, Бээжин орохын тулд 10, 20 хоног, бүр сар явдаг байв.
-Урд хилээр Хятад руу бүх боомтуудаар манай эрдэс баялаг гарч байна. Түүнийг дандаа том оврын хүнд даацын машин тээвэрлэж байна. Энийг урд нь ерөөс зохицуулдаггүй байж. Тээвэр явж л байдаг. Дүнг нь авах төдий байж. Гашуун Сухайт дээр 1400-1500 тээврийн хэрэгслийг хоногт гаргаж байна. Энийг бид зохион байгуулсан. Намайг 2016 онд энэ ажилд ороход хил дээр 15 хоногт нэг удаа машин гаргадаг байсан. 2017 оны Чалкод төлөх өрийн төлбөрийг манай хүнд даацын тээвэр хийсэн. Энэ ажлын дараа манай байгууллагын хүмүүс шагнагдсан шүү дээ. Энэ ажлыг бид хамтраад зөв зохион байгууллаа гэж бодож байгаа юм. Хуучин 1400,1500 тээврийн хэрэгсэл хоногт гаргаж байсан бол одоо 400, 500-г л гаргаж байна.
-Энэ юунаас болов гээд бөөн буруутан хайсан эрэл хайгуул. Ялангуяа цахим ертөнцөөр дүүрэн...
-Хятадын тал хэлэхдээ: “Танайхан контрбандын бараа таваар гаргаж байгааг бид нягтлан шалгаж байна аа л” гэдэг. “ХКН-ын Их хурал болох гэж байна аа. Бид бас хамаагүй замбараагүй юм оруулж болохгүй байна аа. Хяналт шалгалтаа өндөрсөгнө өө” гэдэг ч юм уу шалтаг, шалтгаан хэлээд тээвэрлэлт буурсан.
-Сайн шалгавал өдөржингөө нэг машин ч шалгаж болно доо, аюулгүй бол? Танай Ерөнхийлөгч хойшоо л харьцана гэснээс боллоо ч гэх шиг цахим ертөнцөөр бурах юм...
-Үүнийг би мэдэхгүй шүү. Ер нь бол явган яриа зөндөөн. Эцэстээ нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдрээ онгоцоор л зөөж чадахгүйгээс хойш энэ асуудлыг нэг мөр болгох хэрэгтэй. Ямар ч гэсэн ойрын жилүүдэд авто тээврийн асуудал тэргүүн зэрэгт тавигдах байх. Бидний энэ авто тээврийн зохион байгуулалтыг зүйрлэх юм бол социализмын үед Ургацын комиссын дарга, дэслэгч генерал Жамъян гуай гэж байсан даа. Тэр үед ургац хураана гэж намаржин улс орон даяар сүрхий юм болдог байв. Дэлгэрнаран дарга бид чинь тэрэн шиг л бужигналаа шүү дээ. Тэр олон хүнд даацын тэрэгний сүр бараа гэж юу гэх вэ. “Шинэ юм гэдэг хуучин мартагдсан байсан сайн юмыг сэргээх ч” гэж ярьдаг. Нэг тиймэрхүү юм л манай байгууллагын үйл ажиллагааны хүрээнд боллоо. 
-Нүүрс тээвэрлэлт их бага байна гэдэг тээвэрлэлтийн талаасаа ямар ч асуудалгүй байна гэж ойлгож болох уу?
-Манай талаас проблем байхгүй. 1400, 1500 машин гаргахад асуудал үүсэхгүй.
-Одоо чинь 370, 380 машин гарч байгаа гэсэн энэ тоо үнэн үү?
-Дунджаар 500 машин л гарч байгаа. 
-Тэгвэл бас арай дээрдэж байгаа юм болов уу даа?
-Энэ бол бага байна. Одоо энэ мэдээ харъя. Гашуун сухайт 529 гарсан байна. Шивээ хүрэнгээр 438 гарсан байна. Хуучин нэг зуун хэд, хоёр зуу гардаг байсан овоо нэмэгдэж. Бичигтээр 120 гэх мэт.
-Сонирхолтой ярилцлага өгсөн Танд баярлалаа. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.