НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

ЙОХАН ГАЛЬТУГ: ЯМАРЧ БАЙСАН БИД КАПИТАЛИЗМЫН АЛЬТЕРНАТИВЫГ ОЛОХ БОЛНО

Г.Төртогтох     Нийтлэгч
1 жилийн өмнө /2017-12-12 16:12:17 GMT +8 / | 2413 удаа уншсан

 

Саяхан Октябрийн хувьсгалын зуун жилийн ой ихэд даруухан болж өнгөрөв. Гэвч энэ хувьсгалын талаар  дүгнэлтүүд үргэлжилсээр байна. Ямарч байсан энэ хувьсгал дэлхийн түүхэнд болсон аугаа үйл явдлуудын нэг байсан бөгөөд түүний үзэл санаа хүн төрөлхтөнд хөгжлийн нэг шинэ загварыг мэдрүүлсэн гэдэгтэй олон хүн санал нийлж байна. Норвеги улсын математикч, нийгэм судлаач, зөрчлийн анализ ба зохицуулалтын салбарын мэргэжилтэн, “Transcend”-энх тайван, хөгжил ба хүрээлэн буй орчин сүлжээг үүсгэн байгуулагч бөгөөд удирдагч Йохан Гальтуг Октябрийн хувьсгалын үр дагаварын талаар сэтгүүлчдэд ярьжээ. Неомарксизмын амьд сонгодог, нийгэм судлаач энэ хүн, Берлиний хана нурахыг, /дагаад ЗХУ/ 1980 онд урьдчилан хэлж байсан, харин 2020 он гэхэд “АНУ-ын импер” унахыг, 2009 онд хэлж байсан аж. Тэрээр Октябрийн хувьсгалын сургамж, зүүн үзлийн хувь заяа, Трампын “супермаркетийн хувьсгалын” ирээдүйн талаар хэрхэн бодож, эрэгцүүлснийг  бид дор нийтэлж байна.

-2017 он  бол Оросын хувьсгалын ойн жил. Өнөөдөр болж байгаа бүхэн энэ хувьсгалын тухай эргэцүүлэн бодох шаардлага бий болгож байна уу? Эсвэл эсрэгээр ингэж эргэцүүлэн бодохгүйгээр өнөөдөр дэлхийд юу болж байгааг бүрэн ойлгож чадахгүй юу?
-Мөн чанараараа энэ асуулт түүхийг диалектик үүднээс ухаж ойлгох тухай буюу юу анхдагч вэ? Өнгөрсөн түүхийн сургамжид хандахыг шахан тулгасан өнөөдрийн бодит байдал уу, эсвэл орчин үеэ дүгнэх боломж олгож буй өнгөрсөн үеийн тухай эрэгцүүлэл үү? гэсэн асуудал юм. Миний хувьд хоёулаа чухал гэж бодож байна. Оросын хувьсгалын мөн чанар нь хамтарсан, уялдуулан зохицуулсан хүчээр капитализм хэмээгч мангасаас салах гэсэн оролдлого байсан бөгөөд энэ нь түүнийг дэлхийн түүхийн хамгийн гол үйл явдлын нэг болгосон учир түүнийг эргэж судлах зайлшгүй нөхцөл бүрдэж байна. Капитализм зүйрлэшгүй бүтээлч болохыг өнөөдөр бид харж байна. Тэр манай амьдралыг өөрчлөх, бас аугаа тэгш бус байдлыг үйлдвэрлэх чадвартай. Марксын урьдчилан хэлсэн шиг, капитализм доод хэсгийг үгүйрэл, ядуурал руу түлхэж байна. Маркс юуг урьдчилан хэлж чадаагүй вэ? Энэ бол Оросын хувьсгалд дэлхийн бусад хэсэг ямар реакц үзүүлэх вэ гэдгийг хэлж чадаагүй юм. Энд л бид анхаарлаа төвлөрүүлэх ёстой. Оросын хувьсгал дэлхийн түүхэнд онцгой чухал үйл явдал байсан нь тэрээр хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлсэн тухайд биш, тэнд бүтсэн ч юм бий, бүтээгүй ч юм бий, хамгийн гол амжилт гэвэл энэ хувьсгал капитализмыг шууд, бодитоор өдөөн дуудсан явдал юм. Хэдийгээр 100 жил өнгөрсөн ч гэсэн бид энэ асуудлыг өнөөдөр хүртэл шийдэж чадаагүй л байна. Гэхдээ энэ дуудлага одоо ч байсаар байгаа билээ. Эрт орой хэзээ нэгэн цагт бид капитализмын эсрэг хувилбарыг олох л болно. Үүний зэрэгцээ, буулт, зөвшилцөл дээр үлдсэн, үүнийгээ “бүх нийтээрээ чинээлэг улс”, “социаль ардчилал” эсвэл Германд “нийгмийн социаль капитализм” гэх зэргээр тодорхойлдог орнуудын хувьд Оросын хувьсгал нь дэлхийг өөрчилөн байгуулах арга болох тухайдаа хараажаар, хэт радикал байв. Өөрөөр хэлбэл хувьсгал дэлхий дахинд асар их нөлөө үзүүлсэн, харин түүнд хувь нэмэр оруулсан, бүтээгчдийнх нь тухайд гэвэл ингэж үзэх шаардлага огт байхгүй билээ.
-Оросын хувьсгалын бүх сургамжийг судалсан гэж үзэж болох уу? Бидний мэдэхгүй, бүрэн төгс ойлгоогүй  өөр зүйл бий юу?
-Хувьсгал гэдэг үгэнд хоёр утга бий. Нэгдүгээр нь-одоо оршиж байгаа дэглэмийг хөлөөс толгой хүртэл эргүүлэх эргэлт, "хэн ч биш байсан нэгэн, бүхнийг мэддэг хүн болж", харин өчигдрийн засаглагчид юу ч биш болох ёстой. Мэдээж хэрэг, засаглагчдад энэ явдал таалагдахгүй. Хоёр дахь утга, үзэл санаа гэвэл тэмцэж авсан төрийг системийн байгууллагынх нь хувьд бүрэн эзэмших явдал. Амин чухал өөрчлөлт хийхэд хүргэсэн тухайн үеийн хэрэгцээ, шаардлагын бүхий л хүчин чадлыг ухамсарлах хэрэгтэй. Оросын хувьсгал "төрийг эзэмших" үзэл санаагаа хэрэгжүүлэн / большевикууд засгийн эрхийг маш амархан авсан нь төр ямаршуухан байдалтай оршиж байсныг харуулж байна / засаглалын шинэ системийг  буюу хүсч байсан эдийн засгийн бүтэцдээ тохирсон, "төрийн капитализм" гэж заримдаа нэрлэдэг, төрийн эдийн засгийг бүтээсэн юм. Үүнтэй холбогдуулан хэлэхэд, меньшевикуудын эдийн засгийн хөтөлбөр хоршоолол байгуулахад онцгой анхаарал хандуулж байв. Энэ хөтөлбөрийн хүрээнд нийгмийн хамгийн дарлагдсан доод хэсэг арай илүү давуу байдал олж авах боломжтой болох байсан юм. Социаль суурь өөрчлөлт дэлхийн олон хэсэгт  одоо ч шаардлагатай хэвээр байгаа бөгөөд “большевик-меньшевик” хоёроос би меньшевикийг сонгохсон.
-За, Оросын хувьсгал "төрийг эзэмшлээ". Гэвч эцсийн эцэст чөлөөт зах зээл “хувьсгалыг эзэмдсэн” хэрэг болоогүй юу? Че Геварын хөрөгтэй майк, Лениний хөрөг зурагтай матрешки /модон хүүхэлдэй/, холливудын блокбастерууд... зах зээл хувьсгалыг арилжаа болгосон юм биш үү?
-Таны туйлын зөв. Энэ бүхэн-“хувьсгал” гэдэг үгнээс айхаасаа салах гэсэн оролдлого.  Үзэл санааг гэм хоргүй, аюулгүй болгох эрмэлзэл. Энэ бол “хувьсгалыг эзэмших” гэсэн жинхэнэ ухамсартай, чиглэл зорилготой оролдлого мөн. Дашрамд хэлэхэд, “хувьсгал” гэдэг үгийг маргаан мэтгэлзээнээс хасч, түүнийг “нийгмийн суурь өөрчлөлт”-ийн тухай хэлэлцүүлэгээр орлуулах хүслээс энэ бүхэн төрж буй юм. Зүүнийхэн хүртэл, дэлхийн бусад хэсгийн адил “хувьсгал “ гэдэг үгнээс урьдын адил айсаар байна. Тэд Францын болон Оросын хувьсгалыг дагалдан гарсан эмгэнэлт байдалд хэтэрхий автагдаад байна. Уг нь Хятадын хувьсгалын туршлагыг анхааралтай үзэж тунгаавал хэрэгтэйсэн. Харамсалтай нь энд одоо цаг алга. Зүүнийхэн, Өрнийн энэ туршлагыг эзэмшээгүй, ойлгоо ч үгүй л байна. Коммунист намын үүргийг хэтрүүлж үнэлэх хэрэггүй. Хувьсгалт хөдөлгөөнд, хувьсгалын үзэгдэлд маш олон хүчин зүйл үйлчилдэг, гэвч өрнө бүхэлдээ урьдын адил өөрсдийгөө “коммунист хувьсгалтай” андуурсаар байна. Парисын коммуныг хүндэтгэн түүнийг “коммунальный” гэж нэрлэгтүн, тэгвэл бүгдэд амар болно. Коммун бол коммунизм биш, огт өөр юм. 
-Энэ айдсыг Оросын хувьсгалын эргэн тойронд бий болсон ерөнхий үлгэр домгийн нэг хэсэг гэмээр. Өрнийг боолчлохыг санаархагч "цусанд дуртай комми"-ийн тухай түүх өнөөдөр интернетээр дамжуулан сонгууль будилиантуулж буй Оросын тухай, ЗХУ сэргэж байгаа тухай, түүх болон эргэн төрж байгаа мэт танд санагдахгүй байна уу?
-Үгүй ээ, энэ бол тэр домог огт биш. Большевик хувьсгалтай  олон домог холбоотой, гэвч ЗХУ болон, түүнийг 1922 онд байгуулсан нь бодит юм. Тиймээ, бодит байдал зөрчилтэй, үүнээс болоод Оросын хувьсгал бүх талаасаа эргэлзээ, шүүмжлэлд өртөж ирсэн. Харин ЗХУ байгуулагдсан тухай ярихад, энд ямар ч домог байхгүй-энэ бол үнэн бөгөөд нааштай бодит байдал мөн. Домог болон хувьсгалын өмнө айх түүхэн айдасын эх үүсвэрийг Францаас эрж хайх хэрэгтэй. Францын аугаа их хувьсгалын загвар сүйрэл болсон юм. “хувьсгал “ гэдэг үг чухамдаа тэртээх үйл явдлын залгамжлал гэдэгтээ биш, харин 1917 онд Оросууд Францын туршлагыг бүхлээр нь бүрэн давтах ёстой гэж үзсэнд байгаа юм. Тэд үндсэндээ энэ туршлагыг хуулбарласан билээ. Ерөнхийдөө, оросууд францчуудаас олон зүйл авсан.  Москвагийн гол таван вокзалыг аваад үз. Энэ нь парисын таван вокзалын хуулбар. Францын хувьсгал терророор төгссөнийг Оросууд хэвийн, зүй ёсоор болох зүйл, хөгжлийн зүй ёсны зам гэж үзсэн. Энэ бол хүчирхийлэлийн шалтгаан-үр дагаварын гинжин холбоосоор олон жилийн өмнөөс тодорхойлогдсон сүйрэл байлаа. ЗХУ-аас айх тухайд гэвэл, би энэ асуултын хариуг бүр 1953 онд олсон юм. Тэр үед манай Норвегийн оюутны төлөөлөгчид СССР-т зочлохоор зүглэсэн билээ. Энэ бол миний амьдралын хамгийн чухал туршлагын нэг байв. Би оюутны толгойлогч, олон улстай харилцах Үндэсний холбооны даргын орлогч байсан учир төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтав. СССР-т байсан гурван долоо хоног миний амьдралыг эргүүлсэн юм. Намайг буцаж ирсний дараа ойр тойрныхон маань миний юу мэдсэнийг маш их сонирхож байлаа. Хоёр зүйлийг мэдэж авлаа гэж би тэдэнд хариулсан. Нэгдүгээрт-ЗХУ-дахь диктатурын тухай ярианы ихэнхи хэсэг үнэн байна. Гэвч хоёрдугаарт – Оросууд дайныг хүсэхгүй байна. Хэрэв та нар СССР-ээс хамгаалагдахыг хүсч байгаа бол маш сайн онош нь-социал- демократ юм байна гэсэн.
-Таны дурьдсан тэр түүхэн хүчирхийлэлийн гинж нэг мөр нөхцөлдсөн, тийм шув шулуун зүйл байжээ гэж үзэж болох уу? 
-Францын хувьсгал Наполеоноор төгссөнийг бид мэднэ. Тэр 1807 онд хувьсгалын дараах эмх замбараагүй байдлыг тодорхой хэмжээнд цэгцэлсэн, ингэснээр капитализм хөгжих нөхцлийг бий болгосон юм. Гэвч тэр ингээд зогссонгүй, харин өөрийгөө хэт шүтэн хайрлагч, бүгдээс эмээн хардагч, сэтгэцийн эмгэгт автсан диктатор болон хувирч Испаний дараа нь Оросын эсрэг дайн дэгдээсэн юм. Наполеон нэг ёсондоо сүйрлийн түүхэн чиг хандлага /тренд/ тогтоосон бөгөөд энэ хүрээнд Орост довтолсон түүний мөрөөр Гитлер орсон билээ. Энэ бас л сүйрэл байв. Өрний үзэл санааны үүднээс  бол Наполеоны хийсэн бүхэн хэвийн зүйл болсон. Харин Оросын зүгээс  ямар нэг утгаар бас тийм. Өрнөөс дайралт ирнэ гэдэг санаанд Орос  дасч, бүр түүнийг хүлээдэг болсон. Энэ чиг хандлага 1918-1922 онд  Баруунаас Орос руу хийсэн интервенцид багтах юм. Гитлер ЗХУ-ыг устгахын төлөө гэхээсээ илүү, “ Та нар чадаагүй, харин би чадлаа” гэдгээ Францчуудад нотлохын тулд түүн лүү халдаж довтолсон гэж бодогдоно. Гитлер ертөнц дээр, Францыг бүхнээс илүү үзэн яддаг байсан. Энэ нь Франц-Германы хоорондох байнгын дайнаас, дэлхийн нэгдүгээр дайнд ялагдсанаас, бас Францаас Германд учруулсан зовлонгоос болж тэр шүү дээ. Гол буруутан нь аристократууд, ялангуяа кайзер Вильгельм гэдэгтэй Гитлер санал нийлж байлаа. Гэвч Франц улс Германыг шийтгэхийн тулд Англитай идэвхитэй холбоотон болж, түүний эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авч байсныг тэр хэзээч уучилж чадахгүй байв. Ямар ч тохиолдолд энэ бол тэнэг хэрэг.
-Таны дээр хэлснээс хүчирхийлэл бол хувьсгалын дотоод шалтгаан нь юм гэж болох уу?
-Та мэдэж байна уу. Бид өөрийгөө Гандигийн дагагч гэж үздэг. Би хүчирхийлэлгүй хувьсгалд итгэдэг. Гандийн оюун санааны дагуух хувьсгал нь нийгмийн суурь өөрчлөлтийн хувьд илүү “хувьсгалч” байж болох юм. Ийм хувьсгал нь нийгэм дэх янз бүрийн ангиудыг, үндэстэн, улсуудыг зааглан хувааж буй ангалыг гэтлэн давахад чиглэсэн өөрчлөлт хийх боломж олгоно. Хувьсгалын энэ хэлбэр нь “антигонист” гэж нэрлэгдэгсэдтэй хамтран ажиллах боломж олгоно. Тэгвэл хүчирхийлэлийн хувьсгал ийм боломж өгөхгүй, аллага үйлдэнэ Оросын хувьсгалын айлгаж буй гол зүйл бол түүний хүчирхийлэлийн түвшин юм. Гэхдээ үүний хажуугаар, нэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй. / энэ бол суурь ойлголт /. Большевик хувьсгал болоогүй бол социал-демократ, “бүх нийтээр чинээлэг улс" эсвэл немцийн “социаль капитализм” аль нь ч бий болохгүй байсан юм.
-Оросын хувьсгалыг үндэслэсэн, түүгээр тунхаглагдсан үзэл санаа өнөөдөр ч амьд хэрэг үү?  Энэ нь аль хэр үр дүнтэй юм бэ? эсвэл “Түүхийн төгсгөл” тайлбарлагдаж, хэрэгжиж амжилгүй оршуулагдчихав уу?
-Мэдээж тэр амьд. Тэдний нэг, суурь үзлийн тухай бид хэдүйнээ ярилцсан. Энэ бол капитализмд хандсан системийн дуудлага. Большевик хувьсгалын үндэс болсон үзэл санаа юм. Тэр яаж эхлэв. Марксист онолоор зэвсэглэсэн, эсвэл тэр үед онолыг тайлбарлан ойлгуулснаар хүлээн авсан ажилчин анги, аж үйлдвэрийн ажилчид засгийн эрхэнд гарч ирэв. Энэ бол маш хурдан олсон, асар их амжилт байсан юм. Большевик хувьсгалын өөр нэг хүчирхэг санаа бол тав, таван жилийн төлөвлөгөө. Энэ санаа нь” хэрэв чи шаардлагатай эр зоригийг эзэмшвээс, хүн амын хамгийн ядуу, гуйлгачин давхаргын амьдралын түвшинг хамгийн багадаа таван жил, цаашлаад арван жилийн дотор дээш татаж чадах тийм төрийг зохион байгуулж чадна” гэдгийг ойлгуулахад асар хүчтэй нөлөө үзүүлсэн юм.Энэ туршлагыг Скандинавын орнууд бас Коминтернд орсон европын бүх коммунист ажилчны намууд хамгийн түрүүнд хүлээж авсан билээ. Тэд таван жилийн төлөвлөнөөний энэ урам зоригийг улс төрийн болон эдийн засгийн амьдралд нэвтрүүлсэн юм. 15-16 орны ард түмнээс холбооны улс байгуулсан нь ёстой л гайхамшиг. Хаант засгийн үед ингэх ямар ч боломжгүй гэж би боддог. Мэдээж, большевикууд ямар нэг утгаар, Францын туршлагыг дууриаж хаанаа цаазалсан, үр дүнд нь харин СССР төр улс байгуулах шинэ туршлага болсон бол Франц тээр ард хоцорсон юм. Бретани ба Норманди, Хойд Франц ба Парисын бүс, Бордо ба Окситани, Өмнөд Франц буюу Францын холбоо Москва болон Петроградаас бүгдийг удирдахыг оролдсон большевикуудын учир утгагүй үзэл санаанаас татгалзсан нь ЗХУ-аас суралцсан хэрэг юм. Үүн дээр нэмээд, өнөөдрийн Баварын харьцангуй автономи байдал гарал үүслийн хувьд ЗХУ-ын ач тус гэж хэлж болно. Баварт маш богино хугацаанд боловч Баварын Зөвлөлт Найрамдах Улс оршин тогтносон билээ. Энэ нь Берлинээс, Пруссээс автономи эрх олж авах арга байсан юм. Хэрэв зүүн сэтгэгчдийн тухай ярих бол дэлхийн дайнуудын хооронд гадаад хэргийн сайд байсан Максим Литвиновыг би дурдмаар байна. Энх тайвнаар зэрэгцэн орших, энх тайвнаар идэвхитэй зэрэгцэн орших үзэл санаа түүнд хамаарна. Энэ бол хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн далайцтай үзэл мөн. Литвинов энх тайвнаар идэвхитэй зэрэгцэн орших тухай ярьж янз бүрийн орнууд харилцан ажиллаж худалдааг идэвхитэй явуулахыг хүсч байв. Тийм ч юм болсон. Энэ талаар  хамгийн ажил хэрэгч орон Финлянд байв. Тэрээр СССР-тэй болон бусад орнуудтай худалдааны харилцаа тогтооход тус болсон юм.
-Зүүний үзэл санаанд бүтээлч чадавхи үлдсэн үү? Тэд нийгмийг бүхэлд нь ялангуяа оюунлаг хэсгийг дайчилж чадах уу?
-Большевикуудын төр улсыг зохион байгуулах үзэл санааг бүх нийтээ чинээлэг  улс болох ба социал-демократ үзэл санаа болгон боловсруулсан туршлага танд хангалтгүй санагдаж байна уу?  Энэ үзэл баримтлалыг коминтернийг бүрдүүлсэн тэр нам, улс төрийн төлөөлөлүүд амьдралд хэрэгжүүлсэн юм. Тиймээ, тэнд болж байсан үйл явдлаас тэд маш их айж байсан, коминтеринд үлдсэн намууд сонгуульд ялах ирээдүй байхгүйг ч сайн ойлгож байсан. Гэвч улс төрийн талбарын нэг үзүүрт большевик хувьсгалын хэт радикализм, нөгөө талд нь онцгой харгис фашист капитализм оршиж байв.Эндээс л баруун европын социал-демократ үндэсийг хайх хэрэгтэй. Хамгийн доод хэсэгт баталгаатай мөрийн хөтөлбөр, баталгаатай минимум байлаа.Бид хүмүүст баялаг хуримтуулах боломж олгосон, тэгэхдээ түүний өсөлтийг, хэт баян хүмүүс бий болж буйг хянаж чадаагүй. Гэхдээ энэ чухал биш.Баталгаатай минимумын түвшинг дээш татах нь хамгийн чухал. ЗХУ-д үүнийг бүгдээс илүү сайн хийж чадсан юм. Дэлхийд хоёр үндсэн үнэт зүйлс оршдог гэж Маркс үзэж байсан юм. Энэ бол байгаль, хүрээлэн буй орчин /үүнийг тэр газар гэж нэрлэсэн / ба хүний хөдөлмөр. Энэ маш мэргэн ажиглалт. Хэрэв Оросын хувьсгал бүр эхнээсээ энэ хоёр үнэт зүйлсэд тулгуурласан бол, тэднийг хадгалж, хамгаалж, төрийн удирдах үүрэгт тэгж их ач холбогдол өгөлгүй, хүнийг эрхэмлэн хүндэтгэж хандсан бол илүү их амжилттай байх байсан гэж би боддог юм. ЗХУ түүхэн ялагдал хүлээсэн, мухардалд орсон гэж өнөөдөр олон хүн үзэж байгаач  би харин амжилттай байсан гэж боддог. Цаг хугацааны явцад, магадгүй нилээд ойрын үед энэ загвар ахиад чухал болж, ЗХУ дахин нийлж нэгдэнэ.
-Либерал болон зүүн үзлийн хооронд өнөөдөр зөрчил байна уу? Үзэл санаа эсрэгцэн зогсох шугам одоо өөр хаана байна?
-Социал-демократ болон бүх нийтээр чинээлэг улсын үзэл санаа хөгжих хүрээнд энэ зөрчил аажмаар алга болж байна. Би дахиад хэлье. Хэрэв большевик хувьсгал болоогүй бол Скандинавын орнуудад ийм үзэл санаа бий болохгүй байсан, эсвэл бүр их хожим үүсч мэдэх байсан биз. Өөр илүү чухал нь таван жилийн төлөвлөгөө бий болохгүй байхсан.
-Зүүний үзэлд ямар ирээдүй байна, цаашид яаж хөгжих бол?

-Төр болон зах зээл, нийтийн болон хувийн өмчийн аль нь вэ гэсэн хуурмаг ойлголтын хавханд бид их удаан байлаа. Энэ хуурмаг сонголтод зүүн үзэл санаа төөрөлдсөн юм. Улсын үйлдвэрлэлийн үзэл баримтлал, “дунд хугацааны төлөвлөлт”, ямар нэгэн зөвшил, тохиролцоо хайх талаар бид юу ч ойлгоогүй ирсэн. Миний бодоход зүүн үзэл санаа миний дээр хэлсэн хоёр үнэт зүйлс-байгаль, хүрээлэн буй орчин болон хөдөлмөр, хүний эрхэм чанарыг хүндэтгэхэд анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Баталгаат доод түвшинг дээшлүүлэх үүднээс эдгээрийн аль аль нь чухал. Гэхдээ анхаарлаа дээд түвшинийхнийг хязгаарлахад биш, хамгийн доод түвшинийхнийг дээш татахад төвлөрүүлэх хэрэгтэй юм. Капитализмын альтернатив нь эдийн засгийн болон бүх нийгмийн зохион байгуулалтын доод, суурь хэлбэр болох хоршоололд үндэслэх ёстой. Хоршоололд удирдлагыг бүх оролцогчид эв найртай гүйцэтгэдэг, толгойлогч нь жил, хагас жилд солигддог гэх мэт. Ийм системийн элемент ЗХУ-д, хамтрал, сангийн аж ахуйнуудад ямар нэг хэлбэрээр хэрэгжиж байсан. Эхнийхэд нь өмч болон удирдлага ерөнхийдөө хамт олонд, хоёр дахь тохиолдолд-төрд байв. Өнөөдөр социалист, социал- демократ болон капиталист элемент хосолсон олон ургальч нийгмийг би бүрнээ танилцуулж чадна. Капитализмын нааштай талуудад бид нээлттэй байх нь чухал. Ийм талуудын нэг нь-өөрийн үйлдвэрийг дуртай газраа байгуулах боломж юм. Энэ нь газар /нөөц/, хөдөлмөр, хөрөнгө, технологи, зохион байгуулалтыг нэг дор төвлөрүүлэх зорилго бүхий, санаачлага, овсгоотой хүмүүсийн хувьд сонирхол татсан эд. Зүүнийхнийг байгууллага нь муу, хөдөлмөрийг зохион байгуулж чаддаггүй гэж буруутгадаг. Би бол үүнтэй маргана. Хэрэв танд газар, хөдөлмөр, хөрөнгө байгаа бол, бурхан өршөөг, энэ гурван зүйлд анхаарлаа тэнцүү хандуул л даа. Зөвхөн хөрөнгөнд бүү найд. Түүнд засаглалын зарим нэг сэжим л өг. Харин байгал, хүрээлэн буй орчинд л илүү анхаар. Тэдгээрт хүндэтгэлтэй хандахгүй бол тэд биднийг шийтгэх болно. Байгалийн сүйрэл, газар хөдлөлт, галт уулын хайлмаг, үер ус гэх мэт нь хүрээлэх орчиндоо буруу хандсаны гамшиг, дагавар мөн. Өнөөдөр ихэнх тохиолдолд дээд удирдлага, СЕО менежерийг, тэр нь ажилчдыг дарамталж, үр бүтээлийг шавхан авч байна. Тэд бүгд л нэмүү өртөг үйлдвэрлэхийн тулд нэгдэцгээж, заримдаа үүнийг  луйвраар хийж байна. Ерөнхий захирлын үүрэг бол энэ дарамтлалын үр дүнд бий болсон эдийн засгийн илүүдлийг зөвлөл /советь/ гэж нэрлэгддэг удирдлагууддаа өгөх явдал юм. Ийм л инээдэмтэй. Ивээн тэтгэгчдийн зөвлөл гэдэг нь үйлдвэрийг “асрамжлагч”, итгэл хүлээсэн хүмүүс. Зөвлөл бол  хөрөнгө оруулагчдын хурал бөгөөд тэдний гол зорилго, өөрсдийн мөнгийг өсгөж авах явдал юм. Гэтэл энэ мөнгийг худалдан авагчдыг хуурах, ажилчдыг мэхлэх, мөлжих замаар олох бөгөөд ерөнхий захирал тэр мөнгийг “асрамжлагчдын зөвлөлд"-д гардуулах ёстой. Энэ бол хэрхэвч хүлээн зөвшөөрөмгүй зүйл! Үйлдвэрлэгдсэн үнэт зүйлсийн илүү их нь бүтээгдсэн тэр газартаа үлдэх ёстой. Хоршооллын системд бол үйлдвэрлэгдсэн нэмэлт үнэт зүйлсийн ихэнх хэсэг нь хоршооны мэдэлд үлдэнэ. Чухамдаа үүнээсээ болоод тэд хоршоололоос айгаад байгаа юм. Хоршооллын системд илүү их мөнгө болон засаглах эрх доод түвшинд төвлөрдөг юм. Зүүн үзэл санаа энэ чиглэлд урагшилна гэдэгт би найдаж байна.
-Ахиад хувьсгал руу эргэе. АНУ-д одоо юу болоод байна вэ? Хувьсгал мөн үү? Ноён Трамп–хувьсгалч уу, хувьсгалын эсэргүү юу?
-Трамп гэгч үзэгдэлд хоёр тал бий гэж бодож байна. Нэгдүгээрт-илэрхий аутизмын эмгэгийн тохиолдол. Үүнийг би шүүх дээр давтахад бэлэн байна. Тэр цагаан ордонд орсоноор цагаан ордныг хий судлалын салбар болголоо. Америкчууд сэтгэцийн өвчтөнг ерөнхийлөгчөөр сонгосон нь энэ оронд нийгмийн ноцтой асуудал тулгарсныг гэрчилж байна. Үүний зэрэгцээ ноён Трампын зарим нэг чанар, чадварыг би үгүйсгэхгүй. Тэр тууштай, түүний хөтөлбөр хоёр чиглэлтэй гэж болно: “Түүнд хүсч буй хөрөнгийг өг”, “Цэргийнхэнд хүсч байгааг нь өг”. Тэр мэдээж “ коммунизмын эсрэг хувьсгалыг” хүсэхгүй, харин “суперкапиталист хувьсгал”-ыг хүсч байгаа. Капитализмыг, бүхий л хязгаарлалтаас чөлөөлөх, “цэвэр капитализм”, үнэмлэхүй чөлөөт зах зээлийг хүсч байгаа юм. Энэ утгаар тэр-пурист, зах зээлийн суурь үзэлтэн мөн. Тэр армид үнэмлэхүй итгэдэг бөгөөд тэд л хаана, хэзээ цэргээр оролцох, ямар хэлбэрээр, ямар хүрээгээр оролцох ёстойг мэднэ гэж үздэг. Трамп “супермаркетуудад эрх чөлөө”, “Пентагонд эрх чөлөө”-г шаардаж байна. Үүний зэрэгцээ тэр генералуудыг түүний нэг санаатан арай шударга, цэргийнхэн ямар ч гэсэн өөрөөс нь хэрсүү ухаалаг гэж бодож байна. Харин тэрбумтанууд хэрсүү ухаалаг гэдэгт би итгэхгүй. Тэд Трампын адил хандлагыг л номлоно.Тэд татварын схемийг ашиглах, мөнгө хуримтуулах, санхүүгийн ашиг хонжоо хайх талаар хязгааргүй боломж эдэлдэг. Энэ ашиг хонжоо нь үнэт зүйл бүтээхгүй, түүнд багтсан үнэт зүйл нойль болох бөгөөд санхүүгийн сүйрэлд хүргэнэ. Энэ л Америкийн эдийн засаг 2020 онд юм уу цаад тал нь 2025 он гэхэд сүйрэх нөхцлийг бүрдүүлэх хүчин зүйл болно. Үүн дээр санхүүгийн /Трамп энэ талд ажилладаг/ ба хөрөнгө оруулалтын эдийн засгийн хоорондох балансын хүчтэй алдагдал нэрмээс болно. Хэрэг чухамдаа, эдийн засгийн аль нэг сектор үнэмлэхүй хэмжээнд байхад биш харин тэдний харьцаанд байгаа юм. Эдийн засагт санхүүгийн секторын хүрээ бодит секторынхоос 15-20 дахин давуу байна. Сэтгэцийн болон эдийн засгийн энэ хүчин зүйлсийг хамруулаад би нилээд итгэлтэйгээр дараах зүйлийг урьдчилан хэлж чадна: Ерөнхийлөгч үүргээ гүйцэтгэх чадамжгүй болсон, эсвэл биеийн болон оюуны чадавхи доройтсоны улмаас албаа орхиж болно гэж тодорхойлсон Үндсэн хуулийн нэмэлт 25-р зүйл тун удахгүй, бүр 2020 оноос өмнө АНУ-д хэрэгжихийг бид харна. Би өгүүлбэрийг цээжээр санахгүй байна гэвч утга нь зөв юм.
-2020 онд Америкийн импер нурна гэж таны нилээд дээр үед хэлсэн тэр чиглэлээр үйл явдал өрнөж байгаа болж таарах нь ээ?
-Туйлын үнэн, гэвч бүх юм илүү төвөгтэй замаар явж байна. Бараг 10 жилийн өмнө энэ төлөвийг хэлэхдээ би юу гэж бодож байсныг тодорхой болгох нь чухал. АНУ цаашид хүчирхийлэл үйлдэж чадахгүй гэж би хэлээгүй. Тэд “ хараат” болон тэдний үйлчилгээнээс татгалзагч улсуудыг өөрийн үйлдэлд дуудан оруулах боломж олгодог империйн бүх давуу талаа ашиглаж үүнийг хийж байна. Гэвч АНУ хараат улсуудаа алдсаар байна. Хэрэг дээрээ түүнд зөвхөн Их Британи, Дани, Норвеги гэсэн бүрэн хараат гурван улс л үлдэж. Тэд дайнд хамгийн идэвхитэй оролцож Ливийг бөмбөгдсөн. Харин энэ үеэр бусад орнууд тэр компанид идэвхитэй оролцохоос татгалзсан юм. 
-Глобаль хувьсгалын нөхцөл бүрдлээ гэж хэлж болох уу? Манлайлагчдын доройтол, тусгаар тогтнолын  үзэл баримтлалын сарнинал, Исламын түрэмгийлэл, эдийн засгийн онол дахь зогсонги байдал-энэ бүхэн “их шуурга”-ны шинж тэмдэг мөн үү?
-Би өөр зүйлийн тухай ярихыг илүүд үзнэ. Оросын хувьсгал нэгэн суурь зорилтыг шийдвэрлэж чадаагүй юм. Капитализмыг яах вэ гэдэг асуудал үлдсэн. Би дахин хэлье, зүүнийхэн өөрийн “гэрийн даалгавар”-ыг муу биелүүлсэн эсвэл / Юу ч хийгээгүй /. Асуулт газар / байгалийн нөөц /, хөдөлмөр, хөрөнгийн шударга хувиарлалтын тухай юм. Хөдөлмөрийн эрхэм чанарт хүндэтгэлтэй хандах хэрэгтэй, харин хөрөнгийг хуваах хэрэггүй. Газар, хөдөлмөр, хөрөнгийн хооронд шударга хувиарлалт л байх ёстой. Нийгмийн болон хувийн өмч, улсын ба хувийн үйлдвэр хоорондын зөрчлийн талаарх догматик ойлголтоос салах хэрэгтэй. Би энгийн жишээ хэлье. Шуудангийн үйлчилгээ төрийн байх хэрэгтэй юу? Хувийн байх хэрэгтэй юу? Товчхоноор хүмүүсийн хэрэгцээг аль илүү хангаж байгаа нь л хэрэгтэй. Хэрэв танайх Норвеги шиг  нутаг дэвсгэр уудам, хүн ам цөөтэй бол түүнийг улсын мэдэлд өг. Учир нь хүн ам цөөтэй районд шууданг нэг газраас нөгөөд хүргэхэд цаг их шаардах ч зардлаа нөхөхгүй. Яахав, улс түүнийг зохион байгуулаг. Дараа нь нөхцөл байдлыг сайн судлаад энэ салбарыг зах зээлийн харилцаанд оруулж болно. Тэр ч байтугай, шуудангийн алба улс орны нэг хэсэгт улсын, нөгөө хэсэгт хувийн мэдэлд байж болох юм. Прагматик, уян хатан байх хэрэгтэй. Үйлдвэр улсад байна уу хувьд байна уу гэдэгт асуудал байгаа юм биш, хүмүүст ямар үйлдвэр илүү сайн үйлчилж байна вэ гэдэгт л байгаа юм. Бид энэ чиглэлд урагшилна гэж би бодож байна. 
 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.